Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 203/МА2023/00005

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 10 өдөр Дугаар 203/МА2023/00005 Даланзадгад сум

 

 

 

 

Т.Тэмүүжингийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймаг дахь

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт

хариуцагдах иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 143/ШШ2022/00501 дугаар шийдвэртэй,

Т.Тэмүүжингийн нэхэмжлэлтэй,

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцагдах,

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэрэгжүүлж байгаа Их говийн ундрага ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Тэмүүжингийн хувийн хөрөнгөөс 71711771 төгрөг гаргуулах ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг зөрчсөн болохыг тогтоолгох, тус газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 19160256/03 дугаартай төлбөр төлөгчийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамсран, М.Бат-Эрдэнэ нарын давж заалдах гомдлоор 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамсран, М.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн шаардлага:

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэрэгжүүлж байгаа Их говийн ундрага ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Тэмүүжиний хувийн хөрөнгөөс 71 711 771 төгрөг гаргуулах ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг зөрчсөн болохыг тогтоолгох, тус газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 19160256/03 дугаартай төлбөр төлөгчийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай

 

2.    Нэхэмжлэлийн үндэслэл:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу Их говийн ундарга ХХК-аас 71711771 төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Татварын хэлтэст олгуулах ажиллагааг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариуцан гүйцэтгэж байгаа. Дээрх ажиллагааны явцад Их говийн ундарга ХХК-н улсын бүртгэлийн өөрчлөлт, компанийн арилжааны банк дахь харилцах дансанд хязгаарлалт тогтоогоод байгаа. Их говийн ундрага ХХК өөртөө ямар нэгэн өмчгүй, харилцах дансанд мөнгөн хөрөнгөгүй. Үүсгэн байгуулах баримт бичигт хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 2500000 төгрөг гэж улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн байдаг.

Компанийн нийт хувьцааг Т.Тэмүүжин дангаар эзэмшдэг боловч тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд оролцож түүний үйл ажиллагаанаас ашиг олж байгаагүй.

Гэтэл Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Их говийн ундрага ХХК-ийн бусдад төлөх төлбөр 71711771 төгрөгийг өөрийн хувийн хөрөнгөөс төлөхийг шаардаж Т.Тэмүүжингийн арилжааны банк дахь харилцах болон хадгаламжийн дансанд 71711771 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр зарлагын гүйлгээг хязгаарласан.

Мөн Т.Тэмүүжингийн өмчлөлийн Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 2 дугаар баг, Хан-Уул 1-16 тоотод байрлах хөдлөх хөрөнгийн Г-1105000358 дугаартай газар, Ү-1105001398 дугаартай байшинг 71711771 төгрөгийн төлбөр гаргуулах зорилготойгоор 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор битүүмжилсэн.

Т.Тэмүүжингийн банкнууд дахь данс, үл хөдлөх хөрөнгүүдээс төлбөр гаргуулах ажиллагааны бүхий л баримтуудад түүнээс гаргуулах төлбөрийн хэмжээг 71711771 төгрөг гэж бичиж байгаа. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан. Үүний дагуу Т.Тэмүүжингийн хувийн хөрөнгөөс гаргуулах төлбөрийн хэмжээ нь үүсгэн байгуулах баримт бичигт заасан хувь нийлүүлсэн хөрөнгө болох 2500000 төгрөгөөс давах учиргүй тухай шийдвэр гүйцэтгэгчид удаа дараа тайлбарлаж ирсэн.

Гэвч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Т.Тэмүүжингийн хөрөнгөөс 71711771 төгрөг гаргуулах зорилго бүхий ажиллагааг хэрэгжүүлсээр байна. Т.Тэмүүжингийн хувийн хөрөнгө нь Их говийн ундрага ХХК-ийн хөрөнгөтэй зааглагдаагүй гэх тайлбарыг шийдвэр гүйцэтгэгчээс өгдөг боловч энэ талаарх үндэслэл бүхий баримтгүй. Урьд өмнө нь энэ талаарх нэхэмжлэлийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан боловч давж заалдах шатны шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.

Иймд одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, Шийдвэр гүйцэтгэх газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт хандан гаргасан.

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Жамсран 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6/7 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч дэд хурандаа Р.Ариунчимэг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 3-2/1826 албан бичгээр гомдлоо шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн. 3-2/1826 дугаартай албан бичгийг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат би 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцсан.

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж хэрэгжүүлж байгаа Их Говийн ундрага ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Тэмүүжингийн хувийн хөрөнгөөс 71711771 төгрөг гаргуулах ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг зөрчсөн болохыг тогтоож, Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 19160256/03 дугаартай төлбөр төлөгчийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгоно уу гэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамсран шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 120/Ш32019/0123 дугаар шийдвэрээр "Их говийн ундрага ХХК-аас 71711771 төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэртэй гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч бүртгэлийн 19160256 дугаар олгон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Гүйцэтгэх баримт бичгийг харьяаллын дагуу 68 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл өгч хугацаа тогтоосон боловч биелүүлээгүй. Их говийн ундрага ХХК-ний нэр дээр хөрөнгө байгаа эсэхийг тодруулахаар Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 03/1220 дугаартай, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/41 дугаартай албан бичгүүдээр хандахад нэр дээр ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй гэсэн хариу ирсэн.

Тус газраас 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 19160256/03 дугаар тогтоолоор Төлбөр төлөгч Их говийн ундрага" ХХК-ний үүсгэн байгуулагч 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.Тэмүүжингийн Хаан, Хас, Төрийн, Голомт, Капитрон, Худалдаа хөгжлийн банкнуудад байрших харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг 71711771 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ, гэж, мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заасан.

Монгол улсын Дээд шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолд "Мөн хуулийн 9.5-д заасан компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэдэг нь компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдсэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан байх ёстой боловч ийнхүү зааглаагүй тохиолдолд Компанийн төлбөрийг барагдуулахад хувь нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлнө гэж ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд "Их говийн ундрага" ХХК-ний үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.Тэмүүжин Хаан банкнаас зээл авах зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн БГХ\201843565112 дугаартай барьцааны гэрээнд өөрийн хувийн хашаа байшин бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох Өмнөговь аймаг Даланзадгад сум 2-р баг Хан-Уул 1-16 тоотод байрлах хувийн сууц, гэр бүлийн зориулалттай газрын хамт барьцаанд тавихдаа зээлийн гэрээний 2.7.2-т "Барьцааны зүйл нь дундын өмчлөлийн хөрөнгө бөгөөд хөрөнгийг дараах этгээдүүд дундаа хамтран өмчилдөг болно гэсэн хэсэгт "Их говийн ундрага" /3612694/ ХХК гэж оруулан 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.Тэмүүжин нь тус барьцааны гэрээг ганцаараа баталгаажуулж гарын үсэг зурсан нь өөрийн эд хөрөнгийг зааглаагүй талаарх хөдөлшгүй нотлох баримт бөгөөд тус газарт Т.Тэмүүжин өөрийн эд хөрөнгө, компанийн эд хөрөнгө гэж заагласан талаарх нотлох баримт гаргаж ирүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэгч Т.Тэмүүжингийн Өмнөговь аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэрэгжүүлж байгаа Их Говийн ундрага ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Тэмүүжингийн хувийн хөрөнгөөс 71711771 төгрөг гаргуулах ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг тогтоож, нэхэмжлэлээс тус газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 19160256/03 дугаартай төлбөр төлөгчийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Тэмүүжингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Тэмүүжинд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамсран, М.Бат-Эрдэнэ нар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 120/Ш32019/0123 дугаар шийдвэрээр "Их говийн ундрага ХХК-аас 71,711,771 төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэртэй гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч бүртгэлийн 19160256 дугаар олгон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Гүйцэтгэх баримт бичгийг харьяаллын дагуу 68 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Дээрх ажиллагаатай холбоотойгоор Их говийн ундрага ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын Өмнөговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан уг нэхэмжлэлийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 501 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Уг асуудлаар "Их говийн ундрага ХХК-ний үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.Тэмүүжин нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба дээрх нэхэмжлэлийг Өмнөговь аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 331 дугаартай шийдвэрээр Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан ба нэхэмжлэгч Т.Тэмүүжин нь Их говийн ундрага ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох нь Улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байгаа бөгөөд түүний компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгч Т.Тэмүүжин нь Их говийн ундрага ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр өөрийн төлөөлөх эрх бүхий компанийн өр төлбөрийг давхар хариуцах үүрэгтэй, хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов гэж шийдвэрлэсэн. Нэг утга агуулга бүхий нэхэмжлэлийг шүүх өөр өөр шийдвэр гаргажээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 501 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэх заалтыг зөрчсөн гэжээ. Шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасан ажиллагааг хийхдээ хувьцаа эзэмшигчийн хүлээх хариуцлагын хувь, хэмжээ, хөрөнгийн өмчлөх эрхийн талаар дүгнэлт хийж хянах бүрэн боломжгүй бөгөөд нэхэмжлэгч Их говийн ундрага ХХК- ний 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.Тэмүүжин нь өөрийн өмчлөлийн зүйлийг хууль бусаар битүүмжилсэн, зөвхөн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэх үндэслэлээ нотлох үүрэгтэй.

Уг шийдвэр нь Их говийн ундрага ХХК-ний 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.Тэмүүжинг хариуцлага хүлээхгүй гэсэн үг биш. Өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ, мөн хүрэлцэхгүй тохиолдолд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан.

Монгол улсын Дээд шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолд компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэдэг нь компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдсэн, тайлан тэнцэлд тусгагдаж. түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан байх ёстой боловч ийнхүү зааглаагүй тохиолдолд Компанийн төлбөрийг барагдуулахад хувь нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлнө гэж ойлгоно" гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй.

Гэвч нэхэмжлэгч Т.Тэмүүжин нь Их говийн ундрага ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох нь Улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Дээрх нотлох баримтаа гүйцэтгэх баримт бичгийг үүсгэсэн өдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш битүүмжлэх, хураах ажиллагааны явцад гаргаж өгөх боломжтой байсан боловч өнөөдрийн байдлаар гаргаж өгөөгүй, энэ тухай төлбөр төлөгч Их говийн ундрага ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.Тэмүүжингээс удаа дараа шаардаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тайлбарлаж тэмдэглэлээр баталгаажуулсан болно.

Их говийн ундрага" ХХК-ний үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.Тэмүүжин Хаан банкнаас зээл авах зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн БГХ\201843565112 дугаар барьцааны гэрээнд өөрийн хувийн хашаа байшин бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох Өмнөговь аймаг Даланзадгад сум 2-р баг Хан- Уул 1-16 тоотод байрлах хувийн сууц, гэр бүлийн зориулалттай газрын хамт барьцаанд тавихдаа зээлийн гэрээний 2.7.2-д Барьцааны зүйл нь дундын өмчлөлийн хөрөнгө бөгөөд хөрөнгийг дараах этгээдүүд дундаа хамтран өмчилдөг болно гэсэн хэсэгт "Их говийн ундрага" /3612694/ ХХК гэж оруулан 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.Тэмүүжин нь тус барьцааны гэрээг ганцаараа баталгаажуулж гарын үсэг зурсан нь өөрийн эд хөрөнгийг зааглаагүй талаарх хөдөлшгүй нотлох баримт байсаар байтал шүүх дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт Зааглагдаагүй эд хөрөнгө гэж үзэхгүй гэж тайлбарласан байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 143/ШШ2022/00501 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэв.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат давж заалдах гомдолд ирүүлсэн хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түмэндэлгэрийн Тэмүүжин нь Их говийн ундрага ХХК-н 2 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт хувьцааг эзэмшдэг. Их Говийн ундрага ХХК нь Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу 71,711,771 төгрөгийн төлбөрийг бусдад төлөх үүрэг хүлээсэн. Шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэрэгжүүлж байгаа. Их говийн ундрага ХХК-нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс компанийн хувьцаа эзэмшигч Т.Тэмүүжингийн хувийн хөрөнгөөс 71,711,771 төгрөгийг гаргуулах чиглэлээр ажиллаж эхэлсэн. Төлбөр төлөгчийн Их Говийн ундрага ХХК-н өрийг хувьцаа эзэмшигч Т.Тэмүүжингийн хувийн хөрөнгөөс гаргуулахын тулд эрх зүйн үндэслэл буюу компани болоод хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь тодорхой зааглагдаагүй байх Компанийн тухай хуульд заасан нөхцөлийг шалгах шаардлагатай. Миний зүгээс компани болон хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь тодорхой зааглагдаагүй гэж үзсэн үндэслэл, нотлох баримтаа танилцуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шаардсан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд шүүгч дээрх үндэслэл болоод нотлох баримт байгаа эсэхийг хариуцагчаас асуусан. Хариуцагчийн төлөөлөгч нь компани, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх тодорхой зааглагдсан эсэх талаар ямар нэгэн ажиллагаа явуулаагүй, ийм ажиллагаа явуулах шаардлагагүй гэх байр суурь илэрхийлсэн, Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Компанийн тухай хуулийн 9.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хувьцаа эзэмшигчийн хувийн хөрөнгөөс компанийн өрийг барагдуулах ажиллагаа хийх тохиолдолд урьдаар заавал эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхүүд нь зааглагдсан эсэх талаар тодруулах ажиллагаа явуулах, нотлох баримт бүрдүүлсэн байх шаардлагатай.

Т.Тэмүүжин нь Их Говийн ундрага ХХК-н үйл ажиллагаанд оролцож байгаагүй, Тухайн компанийн үйл ажиллагаанаас олсон орлого ашгаас хувь хүртэж байсан тохиолдол байхгүй. Үр хүүхдээ насанд хүрээд ажил амьдралаа эхлүүлэх цагт нь эцэг эх нь хувь хөрөнгө тасдаж өгдөг, урьд үйл ажиллагааг нь явуулж байсан компаниа шилжүүлж өгдөг шинээр тогтсон заншлын шинж байдалтайгаар Т.Тэмүүжингийн гэр бүлээс түүнд Их Говийн ундрага ХХК-н хувьцааг шилжүүлж өгсөн байдаг. Хувьцааг нь шилжүүлэн авсан цагаас хойш ч тухайн компанийн үйл ажиллагаанд оролцоогүй. Энэ талаарх нотлох баримт болгож компанийн арилжааны банк дахь дансны хуулгыг хэрэгт хавсаргасан. Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаан нь Компанийн тухай хуулийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасныг хэрхэн тайлбарлаж хэрэглэх талаарх саналын зөрүүнээс үүдэлтэй. Анхан шатны шүүхийн зүгээс дээрх эрх зүйн үндэслэлүүдийг зөв, ойлгомжтой тайлбарлаж маргааныг бүрэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэвэл төлбөр төлөгдөх боломжгүй болно гэж үндэслэлээ тайлбарладаг. Гэвч Их Говийн ундрага ХХК шийдвэрт заасан төлбөрийг ирээдүйд төлөх чадвартай эсэх нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Татварын албанд төлөх ёстой төлбөрийг шаардаж байгаа тохиолдолд Шийдвэр гүйцэтгэх, Компанийн тухай хуульд заасан үндэслэл журмыг алгасаж, зөрчиж болно гэх давуу эрх олгосон зохицуулалт байхгүй. Хариуцагчийн удаа дараагийн тайлбарт байдаг Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бүх өрийг хувьцаа эзэмшигч хариуцах ёстой, хувьцаат компанийн өрийг хувьцаа эзэмшигч нь хариуцахдаа хувьцааныхаа үнээр хариуцах ёстой гэх хуульд заасан тодорхойлолт байхгүй. Татварын ерөнхий хуульд заасны дагуу хүний өөрийн оршин суудаг гэр, нэг орон байрыг татварын өрөнд хураан авдаггүй. Мөн хуульд заасан татварын өрийг барагдуулах журам Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагааны журам харилцан адилгүй зохицуулалтууд ихтэй. Энэ тохиолдолд ерөөс Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар татварын албадан өрийг гаргуулах ажиллагаа явуулсаар байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 501 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат нь хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэрэгжүүлж байгаа Их говийн ундрага ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Тэмүүжингийн хувийн хөрөнгөөс 71711771 төгрөг гаргуулах ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг зөрчсөн болохыг тогтоож, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 19160256/03 дугаартай төлбөр төлөгчийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хариуцагч тал тал эс зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат нь Их говийн ундрага ХХК-ийн бусдад төлөх 71 711 771 төгрөгийн төлбөрийг Т.Тэмүүжингийн хувийн хөрөнгөөс төлөхийг шаардаж, түүний арилжааны банк дахь харилцах болон хадгаламжийн дансанд дээрх үнийн дүнгийн хэмжээгээр зарлагын гүйлгээг хязгаарласан, мөн Т.Тэмүүжингийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн зэрэг хариуцагч байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан, хууль зөрчиж хэрэгжүүлж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байна.

Шүүх нэхэмжлэгч Т.Тэмүүжин нь Их говийн ундрага ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбараар тогтоогдож байна гэж дүгнэсэн.

Гэтэл уг баримтад Сосорбурамын Алтанцэцэг 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн тухай бичиглэлд шүүхээс хэрхэн дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байх ба хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдаагүй байна.

 

Талуудын маргааны үндэслэл болсон шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 19160256/03 дугаартай Төлбөр төлөгчийн арилжааны банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай тогтоол хэрэгт авагдаагүйгээс шүүх дүгнэлт өгөх, шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн атлаа ямар нотлох баримтад үндэслэн хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Их говийн ундрага ХХК-аас төлбөр гаргуулах ажиллагааны явцад Т.Тэмүүжингийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагааг явуулахдаа Компанийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний зэрэгцээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэснийг зөрчсөн байна.

Төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигч болох нэхэмжлэгчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэхийг тогтоосон эрх зүйн баримт бичиг хэрэгт авагдаагүй байх бөгөөд дээр дурдсанчлан нь Их говийн ундрага ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбараар Т.Тэмүүжин болох нь тогтоогдоогүй байхад шүүх хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээх тул тус газар нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн этгээдийн төлбөрт битүүмжилсэн нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн байна.

Ийнхүү анхан шатны шүүхээс хийсэн хариуцагч нь ...Ц.Тэмүүжингийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагааг явуулахдаа Компанийн тухай хуулийг зөрчсөн гэх дүгнэлтийн үндэслэл тодорхойгүй тухайлбал: Уг хуулийн аль заалтыг буруу хэрэглэсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ямар журмыг зөрчсөнийг заагаагүй, маргааны үйл баримт нь тодорхой тогтоогдоогүй байх тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

 

Төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигч болох нэхэмжлэгчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэхийг тогтоохоор шийдвэр гүйцэтгэгч зохих ажиллагааг явуулах үүрэгтэй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан, эсхүл зааглаагүй аль нь болохыг тогтоох ажиллагаа явагдаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7- д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 02-ны өдрийн 143/ШШ2022/00501 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА

 

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ