Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 03

 

Д.О нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 133/ШШ2018/00560 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багт оршин суух Тэмээчин овгийн Д О /РД: ДА73040114/ нэхэмжлэлтэй,

 Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Мөст цэвэрлэг булаг ХХ Компанид холбогдох гэрээний үүргийн биелэлт буюу хөлсөөр ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 8.721.333 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж овогтой Ц би Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мөст цэвэрлэг булаг тээвэр зуучлалын ХХКомпанид хүнд даацын автомашины жолоочоор 2018 оны 01 дүгээр сарын 22-ноос 03 дугаар сарын 4 хүртэлх хугацаанд ажилласан болно. Ингээд 2 сарын 14 рейсний мөнгө, ажлын хөлс 8.721.333 төгрөг болсон. Иймд Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Мөст цэвэрлэг булаг ХХКомпаний захирал Т.Б миний ажлын хөлс болох 8.721.333 төгрөгийн цалинг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч Ж овогтой Ц миний бие нь дараах хүсэлтийг гаргаж байна. Иргэний хэргийн нэхэмжлэлд нэхэмжлэгчээр Д овогтой О оруулмаар байна. Д овогтой О нь миний барьж байгаа машины эзэн нь мөн болно гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж.Ц нэхэмжлэгч солих хүсэлттэй танилцлаа. 8224 ГАҮ дугаартай тээврийн хэрэгслийг Ж.Ц ах цалингаар барьж байсан. Энэ машин миний эзэмшил бөгөөд иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйлгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.О өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.О нь өөрийн эзэмшлийн машиныг “Алтайн хүдэр” ХХК-д үйл ажиллагаа явуулдаг “Мөст цэвэрлэг булаг” ХХК-д 2018 оны 01 дүгээр сар, 2 дугаар сар, 3 дугаар саруудад ажилласан. Бодит авах мөнгө нь 21.296.473 төгрөгөөс 17.584.892 төгрөг авсан. Үлдэгдэл 3.712.581 төгрөгийг авах ёстой. Тухайн үед 8 сая гаруй төгрөгийн ажлын хөлс нэхэмжилж байсан боловч шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа буюу 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 3.000.000 төгрөг өгсөн. Одоо 3.712.000 төгрөг гаргуулах хүсэлттэй байгаа. Өмгөөлөгчийн зүгээс аман яриагаар тохиролцсон гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 42 дугаар зүйлд зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэсний дагуу хариуцагч Б.Б тохиролцсон. Өмгөөлөгчийн зүгээс үзэхэд ажил гүйцэтгэх гэрээгээр зохицуулагдах үндэслэлүүд байгаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр ажлын хөлс авахаар байгаа. 17.584.892 төгрөг авсан үлдэгдэл 3.712.581 төгрөгийг “Мөст цэвэрлэг булаг” ХХК-аас гаргуулж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргахдаа дээрх мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хүн амын орлогын албан татварын дэвтрээ өгвөл дээрх мөнгийг гаргаж өгнө гэж хэлдэг. Иймд 3.712.581 төгрөгийг Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Мөст цэвэрлэг булаг” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Т.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ж.Ц нь манай компаниас 8.721.333 төгрөг гаргуулж авахыг хүсэж гомдол гаргасантай холбогдолтой материалыг миний бие 2018 оны 11 сарын 02-ны өдөр хүлээн авлаа. Өмнө нь утсаар мэдэгдэх үед ажил төрлийн байдлаас шалтгаалан очиж амжаагүйд хүлцэл өчье. Дараах тайлбарыг хүргүүлж байна. Ж.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 4-ний өдөр хүртэл ажилласан гэж бичжээ. Гэтэл 8224 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Алтай сумын иргэн Д.О  гэдэг хүн утсаар холбогдож ажилд явуулсан ба тухайн үед манай компанитай хамтран ажиллах хөдөлмөрийн гэрээ хийлгүйгээр 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тээвэр хийжээ. Энэ хугацаанд НӨАТ суутгаад 21.296.473 төгрөгийн ажил хийж, үүнээс иргэн Д.О төрийн банкны 241800003245 тоот дансанд 5 удаагийн шилжүүлгээр 17.584.892 төгрөгийг нь төлсөн байна. Манай компани ажил олгогчийн хувьд НӨАТ, ХХОАТ зэргийг хариуцах үүрэгтэй. Энэ үүднээс хөдөлмөрийн гэрээ байгуулдаг боловч уг машины эзэн Д.О нь гэрээ хийлгүйгээр мөнгөө авсаар байжээ. Татварын цэнхэр дэвтрээ өгч ХХОАТ-ын бичилт хийлгээд үлдэгдэл төлбөрөө авах байтал хэл амаар доромжилж айлган сүрдүүлж хууль цагдаагаар шалгуулж бариулна хэмээн айлгаж, фэйсбүүк олон нийтийн сүлжээгээр нэр төрийг чинь гутаана хэмээн дарамталж байсан нь ХХОАТ-ын бичилт хийлгэхгүй гэсэн явдал байсан. Иргэн Ж.Ц би ямар ч мөнгө өгөх учир байхгүй болно. Тэр хүн цалин мөнгөө машины эзэн болох Д.О авах байх. Уг машины эзэн Д.О бөгөөд тэр хүн надтай өөрөө ярьж ажилд оруулсан. Мөнгөө ч Д.Ор авдаг нь манай санхүүгийн тодорхойлолт, банкны хуулга албан бичгээр баталгаажих юм гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Мөст цэвэрлэг булаг” ХХ Компаниас ажлын хөлсний үлдэгдэл 1.953.092 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.759.489 төгрөгийг хэрэгсэхгүй болгож. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Мөст цэвэрлэг булаг” ХХ Компаниас 1.953.092 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46.199 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О олгож. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.От өмгөөлөгч М.Энхзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний үйлчлүүлэгч Ж.Ц нь Мөст цэвэрлэг булаг ХХК-с тээврийн хөлс 3.712 581 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 1.759.489 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч Д.О нь 0192964 дугаартай татварын тэвтэрт 2018 оны 01-12 сард дүүртэл үйл ажиллагааны орлогын албан татвараа төлсөн байхад давхардуулж суутгасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Д.О хөлсөөр ажилласан тооцооны үлдсэн 1.759.489 төгрөгийг “Мөст цэвэрлэг булаг” ХХК-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Б нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний үл таних иргэн Ж.Ц гэдэг хүн ямар ч үндэслэлгүйгээр 8.721.333 төгрөг надаас нэхэмжилж шүүхэд хандсан ба нэхэмжлэлийн хугацаанд нэхэмжлэгч нь Д.О болон өөрчлөгдөж шүүх хурлын үеэр нэхэмжлэл нь 3.711.581 төгрөг болон буурч байгаа нь тухайн хүмүүс шүүх хуулийн байгууллагад худал мэдээлэл гаргаж хуулийн байгууллагаар тоглоом хийж байна гэж үзэж байна. Д.О эзэмшлийн 8224 ГАҮ машин нь манай компанид гэрээ хийлгүйгээр ажиллаж нийт 37.125.00 төгрөгийн борлуулалт хийж авсан түлш, хоол хураамж, НӨАТ суутган 21.296.473 төгрөгийн ажлын хөлс авах байснаас 17.584.892 төгрөгийг иргэн Ж.О өгсөн. Гэхдээ гэрээ хийхийг удаа дараа шаардахад хөдөлмөрийн болон хамтран ажил гүйцэтгэх гэрээ хийлгүйгээр мөнгөө авч манай дотоод журмыг зөрчсөөр явжээ. Би ажил олгогчийн хувьд тухайн хүний НӨАТ, ХХОАТ зэргийг хуулиар хариуцан төлүүлэх үүрэгтэй. Гэрээ хийгдэггүй, татварын цэнхэр дэвтрийн дугаар өөрийнхөө регистр өгдөггүй тул ХХОАТ-ыг нь тайлагнах боломж байхгүй тул арга буюу борлуулалтын 10% болох /ХХОАТ/ 3.712.581 төгрөгийг төлөөгүй юм. Энэ хүн эрхээ эдэлж шүүхэд хандахын оронд үүргээ биелүүлж ХХОАТ-аа бичилт хийлгүүлэн мөнгөө авах байсан. Хэл амаар доромжлон давшилж татвараа тайлагнаагүй байгаа нь татвараас зугтсан оргодол байна. ХХОАТ-ыг нийт борлуулалтаас тооцдог хууль дүрэм журамтай атал анхан шатны шүүх нийт борлуулалтын 37.125.000 төгрөгнөөс биш зөвхөн Д. олгосон 17.584.892 төгрөгийн 10% болох 1.758.498 төгрөгийг ХХОАТ-т суутгах үндэстэй гэсэн шийдвэр гаргасан нь илт хууль зөрчсөн шийдвэр байна. Д.О 1.953.092 төгрөг гаргуулж өгөх нь зүйтэй гэсэн шийдвэр нь тухайн ажил олгогч байгууллагыг шүүх илтээр хохироох шийдвэр болжээ. Учир нь шүүхийн шийдвэрийн дагуу 1.953.092 төгрөгийг Д.О өгөөд татварын баримтаар давхар тэр хүний ХХОАТ төлөх шаардлага гарах тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мөст цэвэрлэг булаг” ХХ Компанид холбогдуулан ажлын хөлс 8.721.333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анх шүүхэд нэхэмжлэл гаргасан Ж.Ц нь “Мөст цэвэрлэг булаг” ХХК-д тээвэр хийсэн машины өмчлөгч Д.О нэхэмжлэгчээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 133/ШЗ2018/01837 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг сольсон байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...манай компанитай хамтран ажиллах хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, манайх ажил олгогчийн хувьд Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хувь хүний орлогын албан татвар зэргийг хариуцах үүрэгтэй. Татварын цэнхэр дэвтрээ өгч бичилт хийлгээгүй, хэл амаар доромжилж айлган сүрдүүлж хууль цагдаагаар шалгуулна, олон нийтийн сүлжээгээр нэр төрийг чинь гутаана хэмээн дарамталж байсан...” гэжээ.

 

Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын цалингийн тооцоо ирсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа 3.712.581 төгрөг болгож багасгажээ.

 

Ж.Ц нь нэхэмжлэгч Д.О эзэмшлийн 8224 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2018 оны 01 дүгээр сард 3 удаагийн рейс хийж 2.569.224 төгрөгийн, 2018 оны 02 дугаар сард 14 удаагийн рейс хийж 13.711.581 төгрөгийн, 2018 оны 03 дугаар сард 6 удаагийн рейс хийж 5.015.668 төгрөгийн нийт 23 удаагийн рейс хийж 21.296.473 төгрөгийн ажил хийж уг ажлын хөлс нь Д.О Төрийн банкин дахь 241800003245 дугаарын дансанд 2018 оны 02 дугаар сарын 14-нд 1.380.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 7-ны өдөр 1.069.224 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 22-ний өдөр 5.135.668 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 7.000.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 3.000.000 төгрөг нийт 17.584.892 төгрөгийг хариуцагч “Мөст цэвэрлэг булаг” ХХ Компаниас шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь ажлын хөлсний үлдэгдлээ гаргуулахаар шаардах эрхтэй байна гэж үзэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь татвар төлөгч учраас олсон орлогоосоо хувь хүний орлогын албан татвар төлөх үүрэгтэй байна. Энэ нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан “...тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамааруулна...” гэсэнд хамаарч байна.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар “...үйл ажиллагааны орлогод албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.1-12.1.3, 12.1.5-12.1.14, 12.1.17, 12.1.19-12.1.26-д заасан зардлыг хасч, 12.2, 12.3, 12.5-12.8-д заасан зарчмыг баримталж 13-15 дугаар зүйлийг дагаж мөрдөнө...”, 18.2 дахь хэсэгт заасан “...энэ хуулийн 18.1-д заасан хасагдах зардал баримтаар нотлогдоогүй бөгөөд тухайн үйл ажиллагаатай холбоогүй, түүнчлэн албан татвар төлөгч хувийн хэрэгцээндээ зарцуулсан бол албан татвар ногдох орлогоос хасахгүй...” гэж заасан байгаа бөгөөд хэрэгт цугларсан баримтаар хасагдах зардал нь тогтоогдохгүй байна.

 

Мөн хариуцагчийн төлөөлөгч нь нийтдээ хийсэн борлуулалт, уг хугацаанд хэрэглэсэн түлш, нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн, “Мөст цэвэрлэг булаг” ХХК-иас хураамж авсан, хоол идсэн, баяжмал асгалтын төлбөр төлсөн зэрэг үйл ажиллагаатай холбоотой тооцоо байгаа тухай тайлбарлаж байгаа хэдий ч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж буй үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг нотлох, түүнийгээ цуглуулж, гаргаж өгөх хуульд заасан эрх, үүргээ биелүүлээгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй Д.О ажлын хөлсөнд авсан нийт 17.584.892 төгрөгнөөс 10 хувиар тооцож 1.758.498 төгрөгийг Хувь хүний орлогын албан татварт суутган авах нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Д.О нь 0192964 дугаартай татварын дэвтэрт 2018 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал үйл ажиллагааны орлогын албан татвараа төлсөн байхад давхардуулан суутгасан гэж үзэж байна...” гэх гомдол нь нэхэмжлэгч өөрөө татварын тооцооны дэвтрээ өгч Хувь хүний орлогын албан татварын бичилт хийлгээгүйгээс 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 2018 оны 01-12 сарын үйл ажилланааны орлогоос 120.000 төгрөгийн татвар төлсөн бичилт хийгдсэн байгаа нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш үйл ажиллагааны орлогын албан татвар төлсөн байгаагаар давхардуулан суутгасан гэж үзэх боломжгүй юм. 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 133/ШШ2018/00560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагч Т.Б нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.000 төгрөг, хариуцагчийн төлсөн 46.199 төгрөгийг тус тус  улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.