Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 560

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Д.О-н нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Мөст цэвэрлэг булаг” ХХКомпанид холбогдох
гэрээний үүргийн биелэлт буюу хөлсөөр ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 8.721.333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Ж.Ц би Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөст цэвэрлэг булаг” тээвэр зуучлалын ХХКомпанид хүнд даацын автомашины жолоочоор 2018 оны 01 сарын 22-ноос 03 сарын 04-нд хүртэлх хугацаанд ажилласан болно. Ингээд 2 сарын 14 рейсний мөнгө, ажлын хөлс 8.721.333 төгрөг болсон. Иймд Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Мөст цэвэрлэг булаг” ХХКомпаний захирал Б.Б-с миний ажлын хөлс болох 8.721.333 төгрөгийн цалинг гаргуулж өгнө үү. миний бие нь дараах хүсэлтийг гаргаж байна. Иргэний хэргийн нэхэмжлэлд нэхэмжлэгчээр Д.О-г оруулмаар байна. Д.О нь миний барьж байгаа машины эзэн нь мөн болно гэжээ.
Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж.Ц-н нэхэмжлэгч солих хүсэлттэй танилцлаа. 8224 ГАҮ дугаартай тээврийн хэрэгслийг Ц ах цалингаар барьж байсан. Энэ машин миний эзэмшил бөгөөд иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйлгүй гэжээ.
Нэхэмжлэгч Д.О-н өмгөөлөгч М.Э нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.О нь өөрийн эзэмшлийн машиынг Алтайн хүдэр ХХК-д үйл ажиллагаа явуулдаг Мөст цэвэрлэг булаг ХХК-д 2018 оны 01 дүгээр сар, 2 дугаар сар, 3 дугаар саруудад ажилласан. Бодит авах мөнгө нь 21.296.473 төгрөгөөс 17.584.892 төгрөг авсан. Үлдэгдэл 3.712.581 төгрөгийг авах ёстой. Тухайн үед 8 сая гаруй төгрөгийн ажлын хөлс нэхэмжилж байсан боловч шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөг өгсөн. Одоо 3.712.000 төгрөг гаргуулах хүсэлттэй байгаа. Өмгөөлөгчийн зүгээс аман яриагаар тохиролцсон гэж үзэж  байгаа. Иргэний хуулийн 42 дугаар зүйлд зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэсний дагуу хариуцагч Б-тай тохиролцсон. Өмгөөлөгчийн зүгээс үзэхэд ажил гүйцэтгэх гэрээгээр зохицуулагдах үндэслэлүүд байгаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр ажлын хөлс авахаар байгаа. 17.584.892 төгрөг авсан үлдэгдэл 3.712.581 төгрөгийг Мөст цэвэрлэг булаг ХХК-аас гаргуулж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргахдаа дээрх мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хүн амын орлогын албан татварын дэвтрээ өгвөл дээрх мөнгийг гаргаж өгнө гэж хэлдэг. Иймд 3.712.581 төгрөгийг Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Мөст цэвэрлэг ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Т.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ж.Ц нь манай компаниас 8.721.333 төгрөг гаргуулж авахыг хүсэж гомдол гаргасантай холбогдолтой материалыг миний бие 2018 оны 11 сарын 02-ны өдөр хүлээн авлаа. Өмнө нь утсаар мэдэгдэх үед ажил төрлийн байдлаас шалтгаалан очиж амжаагүйд хүлцэл өчье. Дараах тайлбарыг хүргүүлж байна. Ж.Ц нь 2018 оны 01 сарын 22-ны өдрөөс 2018 оны 03 сарын 04-ний өдөр хүртэл ажилласан гэж бичжээ. Гэтэл 8224 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Алтай сумын иргэн О гэдэг хүн утсаар холбогдож ажилд явуулсан ба тухайн үед манай компанитай хамтран ажиллах хөдөлмөрийн гэрээ хийлгүйгээр 03 сарын 21-ний өдөр хүртэл тээвэр хийжээ. Энэ хугацаанд НӨАТ суутгаад 21.296.473 төгрөгийн ажил хийж, үүнээс иргэн О-ын төрийн банкны 241800003245 тоот дансанд 5 удаагийн шилжүүлгээр 17.584.892 төгрөгийг нь төлсөн байна. Манай компани ажил олгогчийн хувьд НӨАТ, ХХОАТ зэргийг хариуцах үүрэгтэй. Энэ үүднээс хөдөлмөрийн гэрээ байгуулдаг боловч уг машины эзэн О нь гэрээ хийлгүйгээр мөнгөө авсаар байжээ. Татварын цэнхэр дэвтрээ өгч ХХОАТ-ын бичилт хийлгээд үлдэгдэл төлбөрөө авах байтал хэл амаар доромжилж айлган сүрдүүлж хууль цагдаагаар шалгуулж бариулна хэмээн айлгаж, фэйсбүүк олон нийтийн сүлжээгээр нэр төрийг чинь гутаана хэмээн дарамталж байсан нь ХХОАТ-ын бичилт хийлгэхгүй гэсэн явдал байсан. Иргэн Ж.Ц-д би ямар ч мөнгө өгөх учир байхгүй болно. Тэр хүн цалин мөнгөө машины эзэн болох О-с авах байх. Уг машины эзэн О бөгөөд тэр хүн надтай өөрөө ярьж ажилд оруулсан. Мөнгөө ч О авдаг нь манай санхүүгийн тодорхойлолт, банкны хуулга албан бичгээр баталгаажих юм гэжээ. 
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Ц нь Мөст цэвэрлэг булаг ХХКомпанид холбогдуулан цалин хөлс 8.721.333 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Ц нь машины өмчлөгч Д.О-г нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт ирүүлснийг тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 133/ШЗ2018/01837 дугаартай шүүгчийн захирамжаар хангаж, нэхэмжлэгчийг Д.О-р сольсон байна. 
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э нь шүүх хуралдаанд 03 дугаар сарын цалингийн тооцоо ирсэнтэй холбоотойгоор 3.712.581 төгрөгийг Мөст цэвэрлэг ХХКомпаниас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна. 
Хариуцагчийн төлөөлөгч Т.Б нь нэхэмжлэгч Д.О-г татварын цэнхэр дэвтрээ өгч ХХОАТ-ын бичилт хийлгээд ажлын хөлсний үлдэгдэл төлбөрөө авах боломжтой хэмээн мэтгэлцэж байна.
Хариуцагчийн төлөөлөгч Т.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Алтай сумын иргэн О гэдэг хүн утсаар холбогдож ажилд явуулсан ба тухайн үед манай компанитай хамтран ажиллах хөдөлмөрийн гэрээ хийлгүйгээр 03 сарын 21-ний өдөр хүртэл тээвэр хийжээ. Энэ хугацаанд НӨАТ суутгаад 21.296.473 төгрөгийн ажил хийж, үүнээс иргэн О-н төрийн банкны 241800003245 тоот дансанд 5 удаагийн шилжүүлгээр 17.584.892 төгрөгийг нь төлсөн. Манай компани ажил олгогчийн хувьд НӨАТ, ХХОАТ зэргийг хариуцах үүрэгтэй. Энэ үүднээс хөдөлмөрийн гэрээ байгуулдаг боловч уг машины эзэн О нь гэрээ хийлгүйгээр мөнгөө авсаар байжээ. Татварын цэнхэр дэвтрээ өгч ХХОАТ-ын бичилт хийлгээд үлдэгдэл төлбөрөө авах боломжтой..” хэмээн тайлбарлаж, төрийн банкны шилжүүлгийн баримтууд болон Мөст цэвэрлэг булаг ХХКомпаний санхүүгийн тодорхойлолтыг ирүүлжээ. 
Мөст цэвэрлэг булаг ХХКомпаний 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн санхүүгийн тодорхойлолтод 82-24 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2018 оны 01 дүгээр сард 3 рейс хийж 2.569.224 төгрөгийн, 2018 оны 02 дугаар сард 14 рейс хийж 13.711.581 төгрөгийн, 2018 оны 03 дугаар сард 6 рейс хийж 5.015.668 төгрөгийн, нийт 23 рейс 21.296.473 төгрөгийн ажлын хөлс авна гэжээ. Үүнээс О-н Төрийн банкны 241800003245 дугаарын дансанд 2018 оны 02 сарын 14-нд 1.380.000 төгрөг, 2018 оны 03 сарын 07-ны өдөр 1.069.224 төгрөг, 2018 оны 04 сарын 22-ны өдөр 5.135.668 төгрөг, 2018 оны 05 сарын 02-ны өдөр 7.000.000 төгрөг, 2018 оны 07 сарын 09-ний өдөр 3.000.000 төгрөг нийт 17.584.892 төгрөгийг шилжүүлсэн болох нь төрийн банкны 2018 оны 11 сарын 05-ны өдрийн 937 дугаартай албан бичиг болон тус банкны мемориалын баримтуудаар тогтоогдож байна. 
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Д.О нь 82-24 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэр хийх, хариуцагч Мөст цэвэрлэг булаг ХХКомпани нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээж, хариуцагч нь ажлын хөлсөнд 17.584.892 төгрөгийг шилжүүлсэн байх тул талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. 
82-24 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Д.О болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д.О нь гэрээний үүргийн биелэлт буюу ажлын хөлсний үлдэгдлээ гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Мөст цэвэрлэг булаг ХХКомпаний санхүүгийн тодорхойлолтоос тооцож үзэхэд нэхэмжлэгч Д.О нь нийт 23 рейс 21.296.473 төгрөгийн ажлын хөлс авахаас 2018 оны 02 сарын 14-нд 1.380.000 төгрөг, 2018 оны 03 сарын 07-ны өдөр 1.069.224 төгрөг, 2018 оны 04 сарын 22-ны өдөр 5.135.668 төгрөг, 2018 оны 05 сарын 02-ны өдөр 7.000.000 төгрөг, 2018 оны 07 сарын 09-ний өдөр 3.000.000 төгрөг нийт 17.584.892 төгрөгийг шилжүүлсэн тул хариуцагч Мөст цэвэрлэг булаг ХХКомпани нь нэхэмжлэгчид 3.711.581 төгрөгийн хөлс төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь ажлын хөлсний үлдэгдэл 3.711.581 төгрөг гэдэгтэй маргахгүй байна.
Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд 3.712.581 төгрөг гаргуулна хэмээн шаарджээ.
Хариуцагчийн төлөөлөгч Т.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Татварын цэнхэр дэвтрээ өгч ХХОАТ-ын бичилт хийлгээд үлдэгдэл төлбөрөө авах байтал хэл амаар доромжилж айлган сүрдүүлж хууль цагдаагаар шалгуулж бариулна хэмээн айлгаж, фэйсбүүк олон нийтийн сүлжээгээр нэр төрийг чинь гутаана хэмээн дарамталж байсан нь ХХОАТ-ын бичилт хийлгэхгүй гэсэн явдал байсан. Манай компани ажил олгогчийн хувьд НӨАТ, ХХОАТ зэргийг хариуцах үүрэгтэй...” хэмээн мэтгэлцэж байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлого олоогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсад оршин суугч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн дагуу албан татвар төлөгч байна.
Иймд нэхэмжлэгч нь Д.О нь тухайн татварын жилд олсон орлогоосоо хувь хүний орлогын албан татвар төлөх үүрэгтэй байна. 
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “...Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт болон гадаад улсад олсон орлогод албан татвар ногдуулна…”, 12 дугаар зүйлийн 12.2-д “...Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна...” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Д.О нь Мөст цэвэрлэг булаг ХХКомпанитай хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлсэн байх тул түүний олсон орлого нь үйл ажиллагааны орлогод хамаарна. 
Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар “...Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.1-12.1.3, 12.1.5-12.1.14, 12.1.17, 12.1.19-12.1.26-д заасан зардлыг хасч, 12.2, 12.3, 12.5-12.8-д заасан зарчмыг баримталж 13-15 дугаар зүйлийг дагаж мөрдөнө...” 18.2-д ”..Энэ хуулийн 18.1-д заасан хасагдах зардал баримтаар нотлогдоогүй бөгөөд тухайн үйл ажиллагаатай холбоогүй, түүнчлэн албан татвар төлөгч хувийн хэрэгцээндээ зарцуулсан бол албан татвар ногдох орлогоос хасахгүй...” гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар хуулийн 18.1-д заасан хасагдах зардал нь тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Хариуцагчийн төлөөлөгч Т.Б нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд “...Нийтдээ бохироор 37.125.000 төгрөгийн борлуулалт хийсэн байдаг. 2 сарын хугацаанд 10.508.790 төгрөгийн түлш хэрэглэсэн. 2.242.014 төгрөгийн нөат-ын төлбөр төлсөн. 491.000 төгрөг Мөст цэвэрлэг булагийн цайны газраас хоол идсэн. Цагаан байраас 231000 төгрөгийн хоол идсэн. Мөст цэвэрлэг булагаас 1.954.000 төгрөгийн хураамж авсан. Баяжмал асгалтын төлбөр 188000 төгрөг төлсөн...” гэж тайлбарлаж байх боловч дээрх тооцоотой холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь Д.О-г хувь хүний орлогын албан татвар төлөөгүй хэмээн маргаж байх боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу нийт бохироор 37.125.000 төгрөгийн борлуулалт хийсэн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Харин Мөст цэвэрлэг булаг ХХКомпаний 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн санхүүгийн тодорхойлолтод 82-24 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нийт 23 рейс 21.296.473 төгрөгийн ажлын хөлс авна, нийт 17.584.892 төгрөгийг шилжүүлсэн. 82-24 ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид олгох ажлын хөлсний дүн нь НӨАТатварт суутган тооцсон дүн бөгөөд ХХОАТатварын тооцоо болон ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн нөхцөлд үлдэх төлбөрийг барагдуулах журамтай болно гэдгээс үзэхэд Мөст цэвэрлэг булаг ХХКомпани нь Д.О-н данс руу 17.584.892 төгрөгийг шилжүүлэхдээ НӨАТатварыг суутгасан боловч хувь хүний орлогын албан татварыг суутгаагүй байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т “...энэ хуулийн 18, 19 дүгээр зүйл, 20.1.2-20.1.5-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож албан татвар ногдуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 0192964 дугаартай татварын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт 2018 оны 12 сарын 06-ны өдөр 2018 оны 01-12 сарын үйл ажиллагааны орлогоос 120.000 төгрөгийн татвар төлсөн бичилт хийгдсэн байх боловч энэ нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш үйл ажиллагааны орлогын албан татвар төлсөн байна. 
Иймд шүүх баримтаар тогтоогдож буй Д.О-н ажлын хөлсөнд авсан нийт 17.584.892 төгрөгөөс 10 хувиар тооцож 1.758.498 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт суутган авах нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 
Мөст цэвэрлэг булаг ХХКомпаний 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн санхүүгийн тодорхойлолтоос тооцож үзэхэд нэхэмжлэгч Д.О-н аваагүй ажлын хөлсний үлдэгдэл нь 3.711.581 төгрөг болж байх бөгөөд үүнээс хувь хүний орлогын албан татварт төлөх байсан 1.758.498 төгрөгийг суутгаж, нэхэмжлэгч Д.О-т 1.953.092 төгрөгийг Мөст цэвэрлэг булаг ХХКомпаниас гаргуулах нь үндэслэлтэй байна. 
Дээрх үндэслэлээр ажлын хөлсний үлдэгдэл 1.953.092 төгрөгийг хариуцагч Мөст цэвэрлэг булаг ХХКомпаниас гаргуулж нэхэмжлэгч Д.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.759.489 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мөст цэвэрлэг булаг ХХКомпаниас 1.953.092 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46.199 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-т олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Мөст цэвэрлэг булаг ХХКомпаниас ажлын хөлсний үлдэгдэл 1.953.092 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.759.489 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мөст цэвэрлэг булаг ХХКомпаниас 1.953.092 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46.199 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        

                         
ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ