Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 143/ШШ2022/00240

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Б.Отгонсүрэн, З.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.А

Хариуцагч: И.А

27 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 06 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч И.Олонмөнх, иргэдийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* бид хоёр 2012 онд Улаанбаатар хотод танилцсан. Тухайн үед миний бие хувиараа бизнес эрхэлдэг байсан. ******* нь эхнэргүй, эрхэлсэн ажилгүй, том болсон 4 хүүхэдтэй гэдгээ хэлж нийлж амьдаръя гэсэн хүсэлт илэрхийлснээр бид 2 дотно харилцаатай болж 2012 оны 3-р сараас 2014 оны 4-р сар хүртэл хамтын амьдралтай явсан нь үнэн. ******* нь намайг нутаг руугаа авч явъя, тэндээ сайхан тохижиж амьдаръя, хэн хэнээ түшиж, би хотод байгаа хашаа байшингаа зараад Даланзадгадад хашаа газар авъя, чи наймаа бизнесээ эрхэлж орлого ашгаасаа хөрөнгө оруулалт хийж байшин сууц барихад тусал тэгээд хоёул өөрсдийн босгосон гэр оронтой болж айл шиг айл болъё чамайг гомдоохгүй сайхан хайрлаж амьдарна гэж хэлэхээр нь энэ хүсэл зоригийг нь хүлээн зөвшөөрч 2014.03.06-нд гэрлэлтээ бүртгүүлж Өмнөговьд ирсэн. ******* хотод байсан хашаа байшингаа 28 сая төгрөгөөр зарж тал хагасыг нь хүүхдүүддээ зарцуулж 7 сая төгрөгөөр Даланзадгад сумын ******* гудамжны 18 тоот хаягт хашаа газар худалдан авч 54 м талбай бүхий орон сууцны зориулалтай байшин барьж , хашаа газраа тохижуулсан. Бид хоёр 2015 оны 6-р сар хүртэл гэр бүл гэдэг статусаар амьдарсан. Эхний үед хэрүүл зөрчилгүй, би ажил бизнесээ эрхэлж мань эр нутаг усандаа сэтгэл амар , ууж идсэн шиг байшин сууц барихад тусалж зааварласан маягтай, би бизнесийн орлогоор олсон мөнгөөрөө барилгын материал болон шаардлагатай эд зүйл худалдан авч хоол хүнс хэрэглээг зохицуулдаг, байшинг хүүхдүүд барьж ийм байдалтай байсан. Гэтэл удалгүй 2015 оны хавраас эхлэн намайг урагш наймаанд явсан хойгуур ******* нь өөр эмэгтэйтэй эр эмийн холбоотой болж архи уух согтуурах нь ихсэж ийм үедээ намайг хэл амаар доромжлон ална хядна гэж заналхийлэн холд зайл хэмээн хөөж туух явдал олон удаа давтагдсанаар тухайн хүнтэй цаашид гэр бүлийн хүрээнд эхнэр хүний ёсоор амьдрах боломжгүй байдал үүсэж 2015 оны намар шүүхэд хандаж гэрлэлтээ цуцлуулсан. Ийнхүү гэрлэлтээ цуцлуулах үедээ өөрийн оруулсан хөрөнгийг дундын эд хөрөнгийг хуваалгах үндэслэлээр нэхэмжлэн шаардсан боловч шүүх Даланзадгад дахь хашаа, газрыг ******* хотод байсан хашаа байшингаа зарж худалдан авсан байна, одоо хуваалгах гэж байгаа байшин нь ҮХЭХ-ийн бүртгэлд бүртгэгдээгүй дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэл үүсээгүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангаагүй болно. ******* миний бие *******ын цаанаа өөр санаатай худал үгэнд итгэж түүнтэй амьдрах хугацаандаа өөрийн ажил бизнесийн орлогоор энэхүү нэхэмжлэлд хавсаргасан жагсаалт баримтын дагуу 2014.04.04-с гэрлэлт цуцлуулах хүртэл хугацаанд нийт 27 000 000 төгрөгийн дүн бүхий барилгын материал түүхий эд, эдлэл хогшил авч өгснийг ******* авч өөрийн эзэмшиж буй барилга байшиндаа хэрэглэсэн нь тоо зүсээрээ гэрч баримтаар нотлогдоно. Монгол улсын дээд шүүх дээрх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ: Нэхэмжлэгч нь Даланзадгад сумын 4-р багийн Дундсайханы 4-р гудамжны 18 тоотод барьсан барилгыг дундын эд хөрөнгө учраас ноогдох хэсэг 25 000 000 төгрөгийг авах эрхтэй уг барилгыг барихад 29.000.000 төгрөгийн зардал гаргасан тул 14.500.000 төгрөг буюу оруулсан мөнгөө гаргуулна гэсэн шаардлагыг давж заалдах шатны шүүх зөв тодорхойлсон боловч дундын эд хөрөнгө хуваалгах, оруулсан зардлаа буцаан авах хоёр өөр асуудлын талаар эрх зүйн зөрчилтэй дүгнэлт хийсэн, Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн барилгын материал худалдан авсан тээврийн болон, ажлын хөлс төлсөн, зээл авсан баримтууд нь эдгээр үйл баримтыг нотлохоос маргаж буй хашаа байшинг гэр бүлийн дундын хөрөнгө болохыг нотлохгүй гэж дүгнэсэн. Нөгөө талаар ******* миний бие *******ын байшинд зарцуулж алдсан хөрөнгөө буцааж гаргуулахаар шаардлагын агуулга, үндэслэл, дүнг зөвтгөж хэдийд ч буцаан шаардах эрхтэй болно. Энэхүү шаардлага нь урьд гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн дундын эд хөрөнгө хуваалгах шаардлагад хамаарахгүй, биеэ даасан тусдаа, бусдын эд хөрөнгийг үүргүйгээр үндэслэлгүй олж аван хөрөнгөжсөнөөс үүсэх эрх зүйн зохицуулалтаар үүсэх нэхэмжлэл болохыг тодруулж тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Дээрх хөрөнгө эд хогшил нь *******ын байшингийн бүтэц хийцэд болон түүний амьдрал ахуйд хэрэглэгдсэн одоо биет байдлаар нь шаардах боломжгүй тул хуулийн дагуу мөнгөөр нь шаардах үндэслэлтэй болно. ******* нь ийнхүү хуурч үндэслэлгүйгээр, үүрэггүйгээр 27.000.000 төгрөгөөр хөрөнгөжиж намайг хохироосон тул дээрх мөнгийг түүнээс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******тай эвлэрье гэж бодож байгаа. 27 000 000 төгрөгөө болъё. 17 000 000 сая төгрөгийг нь өгчих. Тэгээд эвлэрье гэсэн бодол санаа байна. Тэгээд өөрөө эвлэрэхгүй, шүүх мэднэ, шүүхэд өгсөн нотлох баримт нотолно гээд байдаг. Би эвлэрье гэсэн бодолтой байна...Хариуцагч тал зөвшөөрөхгүй байвал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... Урьд гурван шатны шүүхийн шийдвэр гээд байгаа шүү дээ. Тэр дээр төслийн зуух 1 200 000 төгрөгөөр үнэлсэн. Төслийн зуух шинээр тавигдсан. 1 800 000 төгрөг нь хужаагийн өр байсан. Тэр хужаагийн өрийг ******* төлж барагдуулсан. Дараагаар нь 400 000 мянган төгрөг өөрт нь байсан. Тэр нь болохоор өөрийнх нь авсан Toyota-10 машиных нь мотор цохисон. Тэр нь цохисон моторыг шүүх нийт 3 400 000 төгрөгийг гаргуулсан. Ийм учиртай юм. Тэгэхэд энэ хоёр хоёулаа худлаа ярьж байна. Би шударга хэлнэ. 1 800 000 төгрөг хужаагийн өр. Нэг хужаагийн өр байтугай нотлох баримтаараа Монгол, Хятадын Ши мон компани гээд компаниас ирсэн байгаа. Дараагаар нь Хас үнэлгээний компаниар үнэлүүлээд энэ үнэ зөв байна, үнэн зөв гаргасан юмыг яахаараа татгалзаад байдаг юм бэ?. Энэ аягүй сонирхолтой байна. 2012 оноос хойш энэ хүнтэй хамтран амьдраад 3, 4 жил болчихсон байна. Тэгвэл миний эд хөрөнгө, миний олж байсан орлого хаана, хэнд, юунд зарцуулагдаж байсан юм бэ?. Энэ аягүй сонин байна. Шүүх хуулийн дагуу үнэн зөв шийдэж өгнө. 25 000 000 төгрөгөөр хашаа, байшин зарсан гэж ярьж байгаа. Тэр 28 000 000 төгрөгөөр зарангуутаа ******* Хятадын сургуульд суралцаж байсан хүүхдэдээ 3 000 000 төгрөгийг шууд өгсөн. Энэ дээр байна. 25 000 000 сая төгрөг миний ганцхан өдрийн орлого биш шүү дээ. Өнөөдөр би хичээн наймаа хийж байсан ч гэсэн 25 000 000 төгрөгийг ганцхан өдөр олохгүй. Дээд тал нь нэг өдөрт 1 700 000 гэсэн ийм жаахан мөнгө олдог. Тийм учраас ******* худлаа ярьж байна. Ийм байж болохгүй ээ. Хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдэж өгөөч ээ гэж л хэлэх байна. Тэгээд Амгаланбаатарын  4 ширхэг пар, вакум цонх 4 ширхэг, 2 бүргэд хаалга оруулсан байгаа. Тэрийг нь би үгүйсгээгүй. Та бусдыг нь даагаарай гэж тохиролцсон байгаа. Амгаланбаатарын Сонинбаяр шүүх хуралд гэрчээр оролцоогүй. Биеэрээ оролцоогүй шүү дээ. Зүгээр гэрчийн мэдүүлэг гаргаж өгсөн болохоос бие нь оролцсон юм байхгүй шүү дээ. Би лав Амгаланбаатарын Сонинбаярыг гурван шатны шүүх хуралд оролцож байгааг нь мэдэхгүй юм байна. Тэгээд аягүй их худлаа ярьж байна. Ийм байж болохгүй. Тэртээ тэргүй 6:9 хэмжээтэй 54 метр квадрат тэгээд 38-ын хана бүр давхар явсан. Тэгэхээр 15 000 тоосго оролгүй яах вэ дээ. Тэгэхээр ******* жоохон үндэслэлтэй юм яриач ээ. Зөв зүйтэй юм яриач ээ. *******аа ингэж болохгүй ээ. Би холын хүн. Нэг ирэх гэж би 400 000-500 000 төгрөгөөр шатаж байна. Хуулийн дагуу шүүгч нар үнэн зөв шүүж өгөөч гэж хэлэх байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* хариуцагч *******ын хөрөнгөд 2014-2015 онд түүнтэй амьдарч байхдаа өөрийн хуваарьт хөрөнгөөсөө, үйл ажиллагаанаасаа олсон орлогоосоо 27 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалт болгож барилга барихад нь шаардлагатай зүйлүүдийг авч өгсөн гэж 27 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ 27 000 000 төгрөг ямар баримтаар нотлогддог вэ гэхээр данснаасаа мөнгө гардаг. Тодорхой хэмжээнд бэлэн зарлага өгөөд гардаг. Тэр бэлэн зарлагуудаараа юу авсан гэдгийг нэхэмжлэлийн хавсралт болох хүснэгтэлсэн тайлбарууд дээр гаргаж өгсөн байдаг. Тухайлбал, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хятад тоосго 22 500 ширхгийг 7 425 000 төгрөгөөр худалдан авч энэ барилгад оруулсан байдаг. Энэ тооцоо нь энэ барилгын 9:6 хэмжээтэй, 54 метр квадрат талбайтай байшингийн хана, пийшин дотор талын тасалгаа гэх мэтчилэн 38 зузаантайгаар өргөжсөн. 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 130 уут цементийг 1 300 000 төгрөгөөр авсан байдаг. 1 300 000 төгрөгийн зарлага нь хаан банкны 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 1 000 000 төгрөгийн зарлага гарсан байгаа. Энэ 1 000 000 төгрөгийг тоосго авсан гэж тайлбарладаг. Дараагийн дугаарт, 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 3 портер элс давсан байдаг. Энэний төлбөрт 450 000 төгрөг төлсөн байдаг. Үүний зарлага нь 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гүйлгээн дээр байдаг гэх мэтээр зарлагууд нь гарч ирдэг. Ийм учраас ******* үнэхээр 27 000 000 төгрөгийг өөрийнхөө гүйлгээ орлогоос гаргаж ******* барилгын материалд хэрэглэсэн байдаг. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж хариу тайлбараа гаргахдаа байшингийн барилгын бүх юмнуудыг би өөрөө тэр хотод байсан байшингаа 28 000 000 төгрөгөөр зараад, тэр мөнгөөрөө энэ байшинг барьсан гэж хэлдэг. Гэтэл хотод байсан хашаа байшингаа зарсан 28 000 000 төгрөгийг хүүхдүүддээ зарцуулсан, машин тэрэг авсан, хашаа газар авсан. Энэ их зарлага бүгд *******гийн дансаар гарсан байдаг. Энэ дээр нь тайлбараа гаргаад өгчихсөн. Тийм учраас 28 000 000 төгрөгөөр байшингийн тоосго, дээвэр, элс, тээврийн банз, хар цаас гэх мэт зүйлүүдийг авах тийм ямар ч боломж байхгүй. Тийм учраас энэ хөрөнгө өөрөө ургаад гараад ирдэг хөрөнгүүд биш. Заавал хаа нэг газраас худалдаж авна, тэрийг барьж байгуулна. *******т энэ мөнгөөрөө ингэж худалдаад авсан гэж гаргаж ирэх ямар ч баримт байхгүй. Энэ хөрөнгө бол *******гийн гаргасан зардлуудаар авсан болох нь тогтоогдож байна шүү дээ. ******* яг тэр бараа материалын эзэн рүү гэрээ хэлцэл хийгээд, эзэн рүү нь дансыг нь шилжүүлж дансаар мөнгийг нь шилжүүлээд гарсан зарлага байхгүй ч гэсэн тухайн үедээ *******т итгэж байсан байна. Тийм учраас мөнгөө гаргаж өгсөн байна. Тэгэхээр нэхэмжлэлд дурдаад байгаа тэр хөрөнгүүд нь энэ барилгад орсон байна гэдгийг шинжээчийн дүгнэлт давхар нотолж байгаа шүү дээ. Энэ чинь ямар нэгэн эх үүсвэргүйгээр бий болчихдог хөрөнгүүд биш шүү дээ. Тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулж байдаг. Тийм учраас бий болоход гарсан мөнгөнүүд *******гийн тухайн үеийн харилцах банкны зарлагууд нь дотор байгаа юм. Үүнийгээ ******* тайлбарлаж байдаг юм. Шүүх хурлын эхэнд энэ нөхцөл байдлуудыг *******т хэлж, эр хүний хоншоор зааж, хүн чанар гаргах байх гэсэн тэгсэнгүй. Тэгээд бид хоёр энэ байгаа нөхцөл байдлын хүрээнд шүүх дээр журмынхаа дагуу хэлэлцүүлээд, шүүхээр шийдвэрээ гаргуулъя гэж бодож байгаа. Нотлох баримтуудыг шинжлэн судлахад тулгаад шинжлэн судалъя гэж бодож байгаа гэв.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******гийн нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Энэ нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 03-р сарын 29-нд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд, 2016 оны 10-р сарын 11-нд Улсын Дээд шүүх хурлаар авч хэлэлцээд шүүхийн шийдвэр гарчихсан. /Шүүхийн шийдвэрийг хавсаргав./ энэ хугацаанд бүх нотлох баримтуудыг нь болон гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн 2 шатны шүүхээр ******* нь барилгын ажилд ямарч хөрөнгө оруулалт хийж материал авч байгаагүй нь нотлогдон шийдэгдсэн хэрэг тул энэхүү нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна. Бид төрт ёсоо дээдэлсэн шүүх засаглалтай улсад ажиллаж амьдарч шүүхийн шийдвэрийг даган биелүүлэх үүрэгтэй билээ. ******* нь анх хуурамч бичиг баримт бүрдүүлэн барилгын материалыг өөрөө авсан мэтээр шүүхийг хуурч мэхлэх гэж оролдсон нь нотлогдсон юм. 100 айл дахь барилгын материалын дэлгүүрүүдээс хуурамч падан авч өөрөө бөглөн өгсөн нь худалдан авсан он сар өдөр нь барилга барьж дууссанаас хойно авсан, материалын тоо ширхэг нэр төрөл нь худлаа байсан зэрэг нь илчлэгдсэн билээ. Хавтаст хэрэгт бүгд байгаа. Би 2014 онд Улаанбаатар хотын СХД-ийн 11-р хорооны 2-47 тоотын хашаа байшингаа 28,000,000 төгрөгөөр зарж тэр мөнгөөрөө Даланзадгад сумын Дунд сайхны 4- 18 тоотын хашааг худалдан авч өөрийн хөрөнгөөр манай хүү  нар 2014 оны 6-аас 7-р сард өөрийн хүч хөрөнгө хөдөлмөрөөр барьж босгосон нь үнэн билээ. УБ хотыс барилгын материалаа худалдан авсан баримт нь хавтаст хэрэгт байгаа билээ. Мөн тоосго, цемент зэргийг аймагт хувь хүний машин дээрээс худалдан авсан билээ. *******д манай байшинд хөрөнгө мөнгө оруулах тийм их мөнгө байх ч үгүй тэгэх ч хүн биш. Хархорин зах дээр жижигхэн лангуу түрээслэн ганц хоёрхон сая төгрөгийн эргэлтийн мөнгөтэй ажилладаг, айлын хашаа түрээслэн 5 ханатай гэрт өөрийн 2 хүүгийн хамт амьдарч байсан манайд ирэхдээ хэдэн хувцаснаас өөр хөрөнгө хогшилгүй л ирсэн хүн шүү дээ. Би өөрийн байшин зарсан мөнгөөрөө л хэдэн хүүхдүүдтэйгээ л хамтран барьсан байшин одоо тэр хашаа байшинд манай хүү  эхнэр хүүхэдтэйгээ, хашаанд нь гэр барьж манай хүү  эхнэртэйгээ хамт амьдарч байгаа юм. Олон жилийн турш улсад ажиллаж байсан мөнгөөрөө л босгож авсан ганц хөрөнгө надад үр хүүхдүүддээ үлдээх өөр хөрөнгө мөнгө гэж байхгүй. а байшинд удмыг минь залгах хүүхдүүд минь нутагтаа шилжин ирж өрх гэр бүлээ зохион амьдарч байгаа юм. Өөрийн ариун цагаан хөдөлмөрөөрөө босгож бүтээсэн бүхэн үнэ цэнэтэй байдаг болохоос хүний юманд шунаж хүнийг гүтгэн доромжилж луйвардан булааж авсан юм хүнд юм болохгүй байх. Миний хань 4 хүүхдийн минь эх ид хийж бүтээх идэрхэн насандаа хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлснээр 4 өнчин хүүхэдтэй үлдэн эднийгээ ажил амьдралын замд нь оруулж өгөх гэж зовж зүдэрч явахад намайг ашиглах гэсэн янз бүрийн хүмүүс таарч байхад тусалж дэмжин тус болж явах хүмүүс ч байх юм. Би 2 дээд сургуүль төгссөн олон жил ард түмний хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх ажлыг хийсээр тэтгэвэртээ гарсан жирийн нэгэн үнэнч шударга багш хүн. Би өөрийн болон бусдын хүүхдүүдийг зөв үнэнч шударга хүмүүжүүлэх гэж насаараа зүтгэж явсан хүн. Надад хүнийг хулхидах худлаа ярих хүмүүжил байхгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу *******д өгөхөөр шийдвэрлэгдсэн 3,400,000 төгрөгийг төлж барагдуулсан. Саяны өгсөн нэхэмжлэлд хавсаргасан баримт гэгч нь өөрийн гараар санаанд орсон болгоноо бичсэн, их хэмжээний мөнгө л салгаж авах гэсэн бодолдоо хөтлөгдөж худлаа юм бичсэн нь инээд хүрмээр юм байна. Тэр нь ямар ч нотлох баримт болох үндэслэлгүй зүйл юм гэж үзэж байна. Ариунтуяа нь хууль шүүхийнхний ажлыг удаа дараа хүндрүүлж чирэгдэл учруулж худлаа бичиг баримт бүрдүүлэн явуулж хүн гүтгэж байсан олон үйлдлүүдийг би мэднэ. Өөрийнхөө болон миний өмгөөлөгчийг хуйвалдсан авлига авсан гэж болон шүүгч нарыг хүртэл шүүгчийн ёс зүйн хороонд өгч нэр төрд нь халдаж маш их ажил удаж удаа дараа улайран хөөцөлдөж байсан. Намайг цагдаад олон удаа худлаа мэдээлэл өгч намайг зоддог энэ хүнийг барь хорь гэж гүтгэн нэр төрд минь халдан гутааж байсан ч үнэн юм үнэнээрээ бүгд гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон юмаа. Ийм л хачин увайгүй үйлдлүүдийг удаа дараалан гаргаж намайг эд материалын болон сэтгэл санааны хохиролд учруулж байна. Шүүх цагдаад худал мэдээлэл өгсөн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хүн гүтгэсэн доромжилсон зэрэг нь бүгд хуулийн хүрээнд зохих ял шийтгэлтэй байдаг гэдгийг эрхбиш энэ хүн мэдмээр юм гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эд мөрийн баримттай ярья гэж бодож байна. *******гийн өмнөх шүүх хуралдаанууд дээр гаргаж өгч байсан 28 000 000 төгрөгөөр ийм, ийм материалууд авч байсан гэсэн баримтуудыг бариад зогсож байна. Тэгвэл сүүлд гаргаж өгсөн баримтууд энэ хоёр хоорондоо асар зөрүүтэй. Үнэхээр үнэн юмны төлөө хөөцөлдөөд үнэн юм яриад яваа бол ядаад хэдэн тоосго авч барьсан, хэдэн төгрөг болсон, хэдэн блок авсан юм гэдгийг нь үнэн гаргачих. Дандаа зөрүүтэй, худлаа юм хийж өгдөг. Энд 22 500 тоосго ороогүй. 4 500 тоосго орсон гэсэн өөрийнх нь шүүхэд гаргаж өгсөн баримт нь энэ байж байн. Өөрийнх нь гарын үсэгтэй. Одоо энэ гаргаж өгч байгаа баримт нь тооны хол зөрүүтэй. 4 500 тоосго гэж байснаа яагаад энд 22 500 болчихдог юм бэ?. Яагаад дандаа худлаа хуурамч мэдээлэл өгч үүнийгээ эд мөрийн баримт гэж явдаг юм бэ?. Өмнөх шүүх хуралдаан дээр би энэ материалуудыг бүгдийг нь өөрөө авсан юм гээд баахан барилгын материалын дэлгүүрүүдээр судлаад бичээд өгчихсөн, бүгд худлаа, хуурамч мэдээлэл байсан. Шүүхийг хуурч мэхлэх гэж хүнд итгүүлээд нэг их мөнгө төгрөг энэ хүний байшинд нь өгчихсөн юм байна. ******* энэ хүүхний мөнгийг нь өгөхгүй хохироож яваад байгаа юм байна гэж хүнд ойлгогдохоор дахин дахин ингэж явж байгаа нь маш их болчимгүй, худал хуурмаг зүйл байна. Өөрийнх нь гаргаж өгсөн хэдхэн баримт дээр түшиглээд хэлчихье. Миний хувьд цементээ өөрөө мөнгийг нь төлөөд авсан. Тоосгоо өөрөө гаргаж авсан гээд бичээтэй байж байгаа юм. Тэгтэл одоо болохлоор би гаргаж авсан гэх юм. Анх 2012 оны 06 дугаар сард бид хоёр танилцаад 2014 оны 03 дугаар сард баталгаа хийлгээд 2014 оныхоо 04 дүгээр сард Өмнөговьд нүүж ирээд, хашаа аваад тэгээд байшин барьж эхэлсэн. Тэгэхэд Сонинбаяр өөрөө барилгын компанийн борлуулалтын менежер хийж байсан. Би тоосго, сайр, цемент гээд ойр зуурын хэрэгцээнийх нь юмнуудыг аваад гол юмнуудыг нь эндээс нь татаж авчхаад үлдсэн нарийн материалуудыг хотоос манай хүү өөрөө компаниасаа аваад тэр компанийнхаа зээлээр аваад бүх падан бичгийг нь хийлгээд над руу явуулсан байна лээ. Энэ нь өмнөх шүүх хурлын баримт дээр бүгд байгаа. ******* өмнөх шүүх хуралдаанууд дээр 2016 оны шүүх хуралдаанд гаргасан шийдвэрийн дагуу би энэ хүнд төлөх ёстой тэр нэхэмжилсэн нам даралтын зуух зэрэг зүйлүүдийг нэхэмжлээд тэрний 3 000 000 төгрөгийг төлөх ёстой байсан. Энэ мөнгийг төлөөд өгчихсөн байгаа. Тэгэхээр энэ хүнээс би үнэхээр материал гаргуулаад байшиндаа оруулсан бол би өөрөө багш хүн. Хоёр дээд сургууль төгссөн. Би үр хүүхдүүд, шавь нарыгаа үнэнч шударга байхын төлөө байнга ярьж байдаг хүн. Манай гэр бүлийн хувьд багш байж байгаад бурхан болсон. Тийм учраас би хүнээс нэг төгрөг зээлсэн бол буцаад тэрийгээ заавал өгч байж нойртой хонодог. Энэ үүднээс төдий их хэмжээний мөнгө гаргуулаад байшиндаа барьчихсан байсан бол би өдийд ингээд зогсож байхгүй. Надад нэр төр гэж байх ёстой. Би хэзээ ч тийм зүйл хийх хүн биш. Би багшийн ажлаа хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Би хэзээ ч худлаа баримт бүрдүүлж хүний мууг үзэх гэж гүйхгүй. Энэ хүн юу гэж бодсон бэ гэхээр энэ хүний байшинг нь заруулчихъя, дахиад байшин барина. Тэгэхээр нь хоёулаа батлуулчихсан юм чинь мөнгийг нь хувааж авна гэсэн ийм л бодлоготой, зорилготой байсан. 03 дугаар сард батлуулаад 07 дугаар сард хамаг юмаа аваад миний ажнай талбай дээр зураг зураад олсон 600 000 гаруй төгрөг байсан. Миний нэг ч мөнгө үлдээгүй, надад ч хэлээгүй хамаг юмаа аваад Улаанбаатарт нүүгээд явсан байсан. Бид хоёр муудалцаагүй. Урд өдөр нь наадам болоод сайхан байсан. Тэгээд ерөөсөө яагаа ч үгүй байж байсан. Тэгэхээр зорилго нь ойлгомжтой. Одоо надаас мөнгө салгаж авах зорилготой байгаа. Тэр зорилгоо биелүүлэх гэж өнөөдрийг хүртэл тэмцэж яваа. Яг үнэн цагаан нь ийм байна гээд хэлчихье. Өмгөөлөгчөө шүүхийн материалуудыг маш сайн эргэж уншаарай. Өмгөөлөгч танд үүнийг хэлье гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч И.Олонмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд *******гийн нэхэмжлэлтэй, *******т хариуцагдах хэрэгт 2015 оноос хойш явж байгаа. 2014 онд хэрэг суудал авсан. Ингээд 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн анхан шатны шүүхийн 143 дугаар шийдвэр гарсан байна лээ. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэр явсаар байгаад дээд шүүх дээр очиж хэлэлцэгдээд Монгол улсын дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01017 тоот хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн хуралдааны тогтоолоор баталгаажаад ирсэн байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр анхан шатны шүүх дээр гаргасан нэхэмжлэл мөн асуудал нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр мөн Улсын дээд шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17 тоот тогтоолоор баталгаажсан байгаа. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөлийн талаар би тайлбарлаж хэлье гэж бодож байна. Ингэхлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл байна. Энэ бол нэхэмжлэлд дурдсан зүйл, зохигчийн, гэм буруугийн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол дахин нэхэмжлэлийг хүлээж авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй болчхож байгаа юм. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл байна гэж үзэж байгаа юм. Яагаад үүнийг ярьж байна вэ гэхээр нэхэмжлэгч ******* ямар маргаан, ямар зүйлийн талаар маргаж мэтгэлцэж байгаа юм бол гэсэн чинь өмнө нь анхан шатны шүүхийн шийдвэр буюу Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ маргааны үндэслэл нь энэ дээр явагдаж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь энэ байгаа нь харагдаж байна. Тийм учраас энэ хэрэг нь өөрөөр хэлбэл, 2016 онд шийдэгдсэн шийдвэрээр гэрлэлтийн баталгаатай байсан. Тэр баталгааг нь салгасан. Дээр нь хамтын амьдралын дундын өмчлөлийн 25 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа. Энэ шийдвэр дээр дээд шүүхээс 600 000 төгрөгийг нэмж олгоод нийтдээ 3 400 000 төгрөгөөр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулаад давж заалдах шатны магадлалыг бүхэлд нь хүчингүй болгоод анхан шатны шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтын 2 дахь заалтыг нэгтгээд 3 400 000 төгрөгийг гаргуулж *******д олгохоор эцсийн шийдвэр нь ингэж гарсан. Энэ хүмүүсийн хоорондын маргааны гол үндэслэл нь юу вэ? гэхээр ******* ярьж байна. Өмгөөлөгч нь ч гэсэн тайлбар хэлж байна. *******гийн банкны хуулга хавтаст хэрэгт авагдаж өгсөн байна. Төдөн сарын төдний өдөр, тэдэн төгрөг гарсан гээд биччихсэн байдаг. Тэр нь яг юунд зарцуулагдсан нь банкны хуулгаар тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлдээ 27 000 000 төгрөг нэхэмжилж байгаа юм. 2021 оны 05 дугаар сард гаргасан нэхэмжлэлдээ тэгсэн байдаг. Гэтэл энэ нэхэмжлэлээс 27 000 000 төгрөг миний данснаас гараад энэ байшинд орсон юм, оролцуулаад авсан юм гэх үндэслэл нь бусад нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгааг анхаарах ёстой. Тэгэхээр нотлогдож байгаа үндэслэл нөхцөл байдал хараахан алга байна. Иргэн хүн бүгдээрээ аль нэгэн банкны харилцагч байдаг. Өдөр тутамдаа гүйлгээ авдаг. Барилгын материал буюу өөр албан байгууллага руу мөнгө шилжүүлсэн бол тийм юмны үнэ гээд шилжүүлсэн баримтууд байвал нотлох баримтын шаардлага хангах үндэслэл болох юм. Гэхдээ сая өмгөөлөгчийнх нь ярьж байгаагаар голомт банкнаас 04 дүгээр сарын 19-ний өдөр 450 000 төгрөг авсан. Энэ авсан мөнгөө жишээ нь сайр авсан юм гээд тайлбарлачихвал хэг ч тайлбарлана. Гэтэл 04 дүгээр сарын 19-ний өдөр *******гийн данснаас сайрын мөнгө гээд тэр хүний данс руу орсон байх юм бол үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой. Гэтэл тийм зүйл байхгүй байгаа учраас бид хуулийн шаардлагыг хангасан үйлчилгээг хариуцагч, нэхэмжлэгч талдаа, өөрсдийнхөө үйлчлүүлэгч нартаа үзүүлэх ёстой байдаг. Тэгэхээр энэ үндэслэлээр *******гийн нэхэмжилж байгаа 27 000 000 төгрөгийг энэ барилгад оруулсан байна гэдэг үндэслэл *******гийн өөрийнх нь данснаас гарсан хуулга бүрэн нотлохгүй байгаа гэдгийг тайлбарлаж хэлье. Түрүүн жишээ дурдсан байгаа. Хэрвээ өөрийнхөө данснаас бэлэн мөнгө аваад тэр хүнд бэлэн мөнгө өгсөн байх юм бол тэр сайр зөөж ирсэн жолоочоос тийм номертой, тийм дугаартай машинаар төдөн тонн сайр буулгалаа, төдөн тонн цемент авлаа гэсэн гарын үсэг, регистрийн дугаар, татвар төлөгчийн гэрчилгээ, нөат-ын дугаар байх юм бол энэ нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх боломж байсан юм. Гэтэл тийм зүйл байхгүй байна. Нэгэнт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Дундсайханы 4 дүгээр гудамжны 18 тоотод барьсан барилгын талаар маргаж байгаа учраас өмнөх шүүх хуралдаан дээр бүх нотлох баримтууд нь гаргаад ирчихсэн байдаг. Энэ дээр нэг зүйл нэмж хэлье. Өмнөх 2016 оны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хэргийн явцад болбол ******* би бүх материалыг авсан, Улаанбаатар хотоос тэгж тээвэрлэж ирсэн, үнэт материалууд ингээд ингэж байсан. Гэтэл энэ асуудлууд нь анхан шатны шүүх хуралдаан дээр Сонинбаяр гэдэг хүнийг би гэртээ дуудаж оролцуулж ирсэн. Энэ хүн бол Х.Амгаланбаатарын төрсөн хүү нь байгаа. Энэ компанид ажилладаг. Энэ компаниасаа аав байшин барьж байгаа учраас энэ барилгын материалыг би ингэж ачиж ирсэн гээд шүүх хуралдаан дээр яригддаг. *******гийн өмнөх шүүх хурлын процессыг бас ярьж байна. Энэ дээр хариуцагч хариу тайлбар дээрээ өмнөх шүүх хуралдаан дээр Сонинбаярын гаргаж өгсөн компаниас гаргасан бичиг баримтуудыг нь бид нар гаргаж ирүүлсэн. Эхээр гаргаж ирсэн нотлох баримтыг хуулбарлаж энэ удаагийн хэрэгт өгсөн байгаа. Тэгэхээр энэ байдлаас аваад үзэхэд Сонинбаярын авч өгсөн барилгын компанийн зарлагын падаануудыг би гаргаж төлж авчирсан юм гэсэн байдлаар анхан шатны шүүх дээр ойлголттой явж байгаад бид нар гэрчээ өөрийн биеэр шүүх хуралд оролцуулаад ирсэн чинь Сонинбаяртай нүүр тулж уулзаад энэ бүх юмыг Сонинбаяр авч өгсөн юм. Энэ хүн өөрөө төлсөн гэдгийг ******* хэлсэн мэдүүлэг, тайлбар, тэмдэглэлийг хуулбарлуулан ирүүлчихсэн байгаа. Үүнийг нотлох баримт шинжлэн судлахдаа шинжлэн уншуулж судлуулж болно. Энэ байдлаар энэ асуудал шийдэгдчихсэн юм. Барилгад нийт хэдэн тоосго орсон бэ гэсэн асуудал яригдаад байдаг. Шинжээч томилоод дүгнэлт гаргуулсан байгаа. Тэр нь зөвхөн тухайн Дундсайханд баригдсан байгаа 6:9 хэмжээтэй байшинд хэдэн тоосго орсон юм бэ гэсэн чинь нимгэн тоосго 15 000 ширхэг орсон гэсэн тооцоо гаргаад ирүүлсэн байгаа. Гэтэл өнөөдөр нэхэмжлэлдээ 22 000 тоосго орсон гаргаад байдаг. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр хятад тоосго 15 000 ширхэг орсон гэсэн байгаа. Түрүүн ******* гуай өөрөө ярьсан байгаа. Өөр хэрэг дээр энэ хэрэг ч гэсэн хавтаст хэрэгт *******гийн гаргаж өгсөн нотлох баримт өөрийн гараар бичсэн гарын үсэг хэрэгт байж байгаа. Энэ дээр хуулбарлаад өгчихсөн байгаа. Өмнөх шүүх хурал дээр 4 500 ширхэг тоосго авсан гэсэн юм бичүүлээд нэхэмжилсэн. ******* тоосго, цементийн үнийг өөрөө төлсөн юм гэсэн бичиг мөн өмнөх хэрэг дээр гаргаад ирчихсэн байсныг бид хуулбарлуулаад хэрэгт өгчихсөн байгаа. Ийм нотлох баримт бас байгаа шүү. Тэгэхээр ер нь аливаа зүйл үнэн л байх хэрэгтэй. Нэг л үнэн байх ёстой шүү. Тэгэхээр ингэж нотлох баримтыг өөрт ашигтайгаар тайлбарлаж болохгүй юм. Өөрөөр хэлбэл, нэгэнт мэргэжлийн байгууллагуудын гаргасан үнэлгээ дээр өмнөх хэрэг дээр гаргаад ирчихсэн байгаа. Тийм учраас энэ нотлох баримтыг шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа юм. *******, ******* хоёрын хувьд тодорхой хугацаанд хамтран амьдарч байсан. Энэ тухай өөрсдөө хэлдэг. Гэрлэлтээ батлуулсан байдаг. 2012 оны 06 дугаар сард танилцаад 2014 оны 03 дугаар сард гэрлэлтээ батлуулсан байдаг. 2014 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотод ******* өөрийн 4 хүүхдийн нэр дээр байсан өвлийн байшинтай хашаа байшингаа 28 000 000 төгрөгөөр зараад ирсэн. Гэрлэлт батлуулаад хашаа байшин зарагдсан байгаа. Тэгээд дараагийн газар аваад, хашаа байшингаа барьж эхэлсэн ийм асуудлууд байдаг гэдгийг энэ хүмүүс хоёр талаасаа ойлгож, хүлээн зөвшөөрдөг байх гэдгийг хэлмээр байна. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд барьсан байшингийн талаар ******* 4 хүүтэй. 4 хүү нь бүгдээрээ барилгын мэргэжилтэй шахуу залуучууд байдаг. Ингээд өөрийн найзын хамт өөрөө энэ байшинг барьцгаасан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Сонинбаяр, Ганзориг нарын гэрчээр өгсөн мэдүүлэг ч гэсэн байгаа. Үүнийг хавтаст хэрэгт хуулбарлаад өгчихсөн учраас нотлох баримт шинжлэн судлахдаа яриад явчихъя. Ийм нотлох баримтаар, энэ үндэслэлээр, хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд хэн барьсан юм, хэн хөрөнгө оруулалт хийсэн юм, ямар баримт материалыг оруулж ирсэн юм, хэний мөнгөөр юу баригдсан юм гэдгээ хардаг. Харин байшин баригдаад дууссан үед дотор заслын хөшиг чүүл гэх мэт зүйл байгаа гэдгийг ******* хүлээн зөвшөөрдөг. Энэ дээр нийтдээ 2 100 000 төгрөгийн эд зүйл байгаа гэдгийг анхан шатны шүүхээр хэлсэн. Тэгээд үүнийг гаргаад анхан шатны шүүхээр тогтоогдсон. Мөн дээд шүүхээр тогтоогдсон мөнгөн дүнгүүд нийлээд 3 400 000 төгрөг байгаа. ******* шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоод шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлж барагдуулсан гэж тайлбарлаж байгаа. Энэ тал дээр хоёр тал маргах зүйл байхгүй байдаг юм байна. Тэгэхээр энэ асуудал бүрэн дүүрэн шийдэгдчихсэн. Тэгэхээр энэ асуудлыг дахин нэхэмжлэлийг хүлээж авч хэлэлцэх хууль зүйн үндэслэл байхгүй байгаа учраас нэгэнт хэлэлцэгдсэн хэргийг дахин шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр байгаа учраас өнөөдрийн шүүх хуралд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэв.

Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эд хөрөнгийн маргаантай асуудал нь удаа дараа шүүх хурлаар орж өнөөдрийг хүрчээ. Иргэдийн төлөөлөгч болон ирсэн иргэн ******* миний бие орлоо. Энэхүү асуудал нь үнэхээр маргаантай хэнийх нь зөв, хэний буруу болохыг үнэхээр шүүхэд хэцүү юм байна. Тиймээс шүүгч та нар минь мэргэн ухаанаар шударгаар шийдэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хх-2, *******гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-3, 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 118/012405 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-4, 2015 оны 10 сарын 31-ний өдрийн Хархорин худалдааны төвийн байцаагч  тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-5, 2015 оны 10 сарын 20-ны өдрийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-6, 2021 оны 05 сарын 08-ны 2021/37 дугаартай Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-7, 2016 оны 10 сарын 11-ний 001/хт2016/01017 дугаартай Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-8-11,  Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулганы нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2012.01.01-2014.12.31 хүртэл хх-12-18, Халтарын Ариунтуяагийн Голомт банкны  тоот дансны хуулганы нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2014.07.09-2021.04.06 хүртэл хх-19-21, Х.Баярмааг гэрчээр асуусан тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-22-23, 2015 оны 08 сарын 07-ны З.Оюуныг гэрчээр асуусан тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-24-25, 2015 оны 09 сарын 17-ны Ц.Энхтөрийн өргөдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-26-29, 2021 оны 05 сарын 15-ны *******гийн тодорхойлолтуудын хуулбар хх-30-33, Амгаланбаатарт оруулсан хөрөнгийн жагсаалт хүснэгтийн хуулбар хх-34-40, Амгаланбаатарт оруулсан нийт хөрөнгийн дүнгийн товьёг хх-41, 2017 оны 04 сарын 13-ны ТХҮ-217-22 дугаартай Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний тайлан хх- 42-57, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар хх-61, 2021 оны 07 сарын 05-ны *******ын хариу тайлбар хх-64-66, 2016 оны 03 сарын 29-ний  дугаартай Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-67-70, 2016 оны 10 сарын 11-ний 001/хт2016/01017 дугаартай Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын хуулбар хх-71-73, 2021 оны 08 сарын 02-ны *******гийн хүсэлт хх-74, Ц.Бат-Өлзий өмгөөлөгчийн үнэмлэхийн хуулбар хх-75, 2021 оны 09 сарын 03-ны *******ын хүсэлт хх-97, 2021 оны 09 сарын 02-ны *******гийн хүсэлт хх-98, 2021 оны 08 сарын 30-ны Ц.Бат-Өлзий өмгөөлөгчийн хүсэлт хх-99-100, 2021 оны 09 сарын 03-ны 05 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар хх-102, 2015 оны 07 сарын Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-108-120, 2015 оны 10 сарын 08-ны 01/254 дугаартай Monmetal construction LLC-ийн тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-121, 2015 оны 10 сарын 08-ны Тооцоо хүснэгтээр нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-122, 2014 оны 07 сарын 02-ны зарлагын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд хх-123-125, Монметал констракшин ХХК-ийн авлагын тооцооны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-126, 2014 оны 06 сарын 18-ны 01/97 дугаартай н захирлын тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-127, 2015 оны 09 сарын 09-ний Т.Ганзоригийг гэрчээр асуусан тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-128, 2015 оны 08 сарын 11-ний 15/226 дугаартай Капитрон банкны тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-129, 2014 оны 07 сарын 02-ны 3017/2014/151 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-130-131, 2015 оны 10 сарын 12-ны Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-132-136, 2015 оны 10 сарын 12-ны 1452 дугаартай Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-137-140, 2015 оны 06 сарын 26-ны 863 дугаартай Сум дундын 15 дугаар шүүхийн шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-141, Ичинхорлоогийн Амгаланбаатарын Хаан банкны 5033086643 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2014.01.01-2014.12.31 хүртэл хх-142-143, 2021 оны 09 сарын 20-ны *******гийн хүсэлт хх-158-159, 2021 оны 09 сарын 27-ны Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайханы 4-18 тоотод байрлах 54м2 талбайтай сууцны зориулалттай байранд үзлэг хийсэн тэмдэглэл хх-164-165, Саранцацралтын Урангоо, Баатархүүгийн Буянзаяагийн иргэний үнэмлэхийн хуулбар хх-166, ******* нь Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны Мандалын 2-47/7 тоот хашаа байшинг 28 сая төгрөгөөр зарж борлуулсан түүний зарцуулсан мөнгөний тооцооны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хх-169-170, 2021 оны 09 сарын 07-ны өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн хүсэлт хх-173-177, 2021 оны 10 сарын 18-ны *******ын хүсэлт хх-185-186, 2021 оны 10 сарын 18-ны 167 дугаартай өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн хүсэлт хх-190, 2021 оны 11 сарын 29-ний 3-356 дугаартай Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын хариу хүргүүлэх тухай хх-196, 2021 оны 12 сарын 24-ний өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн хүсэлт хх-190, 2022 оны 02 сарын 22-ны Ү-22/05 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан хх-204-214, 2022 оны 03 сарын 31-ний өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн хүсэлт хх-219-220, 2022 оны 04 сарын 01-ний *******гийн хүсэлт хх-221, 2022 оны 03 сарын 31-ний өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн хүсэлт хх-222, 2022 оны 04 сарын 18-ны өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн хүсэлт хх-228-231, 2015 оны 10 сарын 31-ний өдрийн Хархорин худалдааны төвийн байцаагч Н.Цогтбаярын тодорхойлолт, 2015 оны 10 сарын 20-ны өдрийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын тодорхойлолт, 2015 оны 09 сарын 09-ний Х.Баярмааг гэрчээр асуусан тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 08 сарын 07-ны З.Оюуныг гэрчээр асуусан тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, *******гийн тайлбар, 2021 оны 05 сарын 08-ны 21/37 дугаартай өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулж 27 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ...******* миний бие *******ын цаанаа өөр санаатай худал үгэнд итгэж түүнтэй амьдрах хугацаандаа өөрийн ажил бизнесийн орлогоор энэхүү нэхэмжлэлд хавсаргасан жагсаалт баримтын дагуу 2014.04.04-ний өдрөөс гэрлэлт цуцлуулах хүртэл хугацаанд нийт 27 000 000 төгрөгийн дүн бүхий барилгын материал түүхий эд, эдлэл хогшил авч өгснийг ******* авч өөрийн эзэмшиж буй барилга байшиндаа хэрэглэсэн нь тоо зүсээрээ гэрч баримтаар нотлогдоно... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан,

Хариуцагч ... Анх 2012 оны 06 дугаар сард бид хоёр танилцаад 2014 оны 03 дугаар сард баталгаа хийлгээд 2014 оныхоо 04 дүгээр сард Өмнөговьд нүүж ирээд, хашаа аваад тэгээд байшин барьж эхэлсэн. Тэгэхэд Сонинбаяр өөрөө барилгын компанийн борлуулалтын менежер хийж байсан. Би тоосго, сайр, цемент гээд ойр зуурын хэрэгцээнийх нь юмнуудыг аваад гол юмнуудыг нь эндээс нь татаж үлдсэн нарийн материалуудыг хотоос манай хүү өөрөө компаниасаа аваад тэр компанийнхаа зээлээр аваад бүх падан бичгийг нь хийлгээд над руу явуулсан байна билээ... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд зохигчид 2012 онд танилцаж улмаар 2014 оны 03 дугаар сард иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад албан ёсоор гэрлэлтээ батлуулж, хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 онд гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан ба зохигчид хамтран амьдарч байх хугацаанд буюу 2014 онд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 11-р хороо, 2-47 тоот *******ын өмчлөлийн хашаа байшинг 28 000 000 төгрөгөөр зарж, үүнээс 25 000 000 төгрөгийг 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр *******гийн ХААН банк ХХК-ийн 5025593518 дугаартай дансанд шилжүүлсэн нь талуудын тайлбараар нотлогдож, зохигчид энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно. Мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна. 119.3 дахь хэсэгт Энэ хуулийн 119.2-т заасны дагуу бий болсон эд хөрөнгийг өмчлөх эрхийн талаар маргаан гарвал эд хөрөнгө нийлэх, холилдохоос өмнө гол, эсхүл ихэнх хэсгийг өмчилж байсан шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нөгөө этгээд өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй боловч эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах эрхгүй гэж тус тус зааснаас үзэхэд 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр *******гийн дансанд *******ын 25 000 000 шилжүүлснээр зохигчдын эд хөрөнгө холилдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанд хариуцагч ... 03 дугаар сард батлуулаад 07 дугаар сард хамаг юмаа аваад миний Ажнай талбай дээр зураг зураад олсон 600 000 гаруй төгрөг байсан. Миний нэг ч мөнгө үлдээгүй, надад ч хэлээгүй хамаг юмаа аваад Улаанбаатарт нүүгээд явсан байсан. Бид хоёр муудалцаагүй. Урд өдөр нь наадам болоод сайхан байсан. Тэгээд ерөөсөө яагаа ч үгүй байж байсан... гэсэн тайлбар гаргасан ба зохигчид маргааны зүйл болох сууцны зориулалттай байшинг барьсан, нэхэмжлэгчийн явсан хугацааны талаар маргаагүй ба нэхэмжлэгч уг хугацаанд зарцуулсан зардлаа хариуцагчаас шаардах эрхтэй байх тул *******гийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-14-17/-аас 2014 оны 04 дүгээр сараас 2014 оны 07 дугаар сарын данснаас гарсан гүйлгээг тооцож, нэхэмжлэгчийн гаргасан тооцоо /хх-169-170/ -ноос хасаж тооцвол өөрөөр хэлбэл 2014.03.14 -нд 3 200 000 төгрөг хүүгийн сургалтын төлбөр, 2014.03.15 -нд 2 700 000 төгрөг БНХАУлсруу хамт явсан зардал, 2014.03.26 -нд 750 000 төгрөг машины урд шил, 2014.04.10 -нд 1 000 000 төгрөг *******ын хүү Батсүхэд тусдаа гарахад, 2014.04.17 -нд өөрийн хэрэглээнд авсан, мөн өдөр 300 000 төгрөг, 2014.04.19 -нд 3 300 000 төгрөг тоосго 6000 ш, цемент 3 тонн, 2014.04.14 -нд 300 000 төгрөг, 2014.04.15 -нд 250 000 төгрөг Дидиш антен зэргийг хасаж тооцвол 4 285 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч энэхүү асуудал нь үнэхээр маргаантай хэнийх нь зөв, хэний буруу болохыг үнэхээр шүүхэд хэцүү юм байна гэсэн дүгнэлт гаргасан ба иргэдийн төлөөлөгч зохигчдын гэм буруугийн талаар тодорхой дүгнэлт гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас 4 285 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид *******д олгож, нэхэмжлэгчийн 22 715 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 83 510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Л.УГТАХБАЯР  

               ШҮҮГЧИД                                   Б.ОТГОНСҮРЭН 

                                                            З.ГАНЧИМЭГ