Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 203/МА2022/00028

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 29 өдөр Дугаар 203/МА2022/00028 Даланзадгад сум

 

 

 

Х.*******гийн нэхэмжлэлтэй

И.*******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 143/ШШ2022/00240 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч И.*******т холбогдох

дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох 27,000,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгч Х.*******, хариуцагч И.*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч И.*******, хариуцагчийн өмгөөлөгч И.Олонмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

*******тай 2014 оны 3 дугаар сарын 06-нд гэрлэлтээ бүртгүүлж 2015 оны 6 дугаар сар хүртэл амьдарч 2015 оны намар шүүхэд хандаж гэрлэлтээ цуцлуулсан.

Гэрлэлтээ цуцлуулах үед өөрийн оруулсан хөрөнгийг дундын эд хөрөнгийг хуваалгах үндэслэлээр нэхэмжлэн шаардсан боловч шүүх Даланзадгад дахь хашаа, газрыг ******* хотод байсан хашаа байшингаа зарж худалдан авсан байна, одоо хуваалгах гэж байгаа байшин нь үндсэн хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэл үүсээгүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангаагүй.

Миний ажил бизнесийн орлогоор нэхэмжлэлд жагсаасан баримтын дагуу гэрлэлт цуцлуулах хүртэл нийт 27,000,000 төгрөгийн барилгын материал, түүхий эд, эдлэл хогшил авч өгснийг ******* авч эзэмшиж буй барилга байшиндаа хэрэглэсэн нь нотлогдоно.

Дээрх эд хогшил нь *******ын байшингийн бүтээц хийцэд болон түүний амьдрал ахуйд хэрэглэгдсэн одоо биет байдлаар нь шаардах боломжгүй тул хуулийн дагуу мөнгөөр шаардаж, 27, 000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Энэ нэхэмжлэлтэй хэргийн талаар 2015 оноос 2017 он хүртэл 3 шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж бүх нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн ******* нь барилгын ажилд ямар ч хөрөнгө оруулалт хийж материал авч байгаагүй нь нотлогдож шийдвэрлэгдсэн хэрэг тул энэхүү нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч И.*******аас 4,285,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид Х.*******д олгож, нэхэмжлэгчийн 22,715,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.*******аас 83,510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч И.*******ын давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Уг хэрэг нь 2015 оноос 2017 он хүртэл 3 шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж надаас 3.400.000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлүүлэхээр шийдвэрлэж, бусад мөнгийг нь хэрэгсэхгүй болгосон. Би 3.400.000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн учир энэ хэргийг дахин хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй.

Х.******* нь мөнгөний тооцоог 2015 онд гаргасан ба тухайн тооцооны зарлага нь 22.000.000 төгрөг болдог. Анхан шатны шүүх дүгнэхдээ 22.000.000 төгрөгөөс 4.285.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Байшин барихад гаргасан тоосго болон гол материалуудыг би хашаа байшингаа зарсан мөнгөнийхөө үлдэгдлээр авсан. Мөн газраа авсан. Х.******* нь 2016 онд шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлдээ И.******* өөрөө тухайн мөнгийг гаргаж өгсөн нь үнэн гэсэн өөрийнх нь гарын үсэгтэй мэдүүлэг байдаг. Тэр байшинг барихад шаардагдсан бусад материалуудыг манай хүү Улаанбаатар хотын Ган металл ХХК-д ажиллаж байхдаа тухайн компанийн захирлын тушаалаар гэрээ байгуулж авсан гэдгийг нотлох бүх баримтууд 2016 оны шүүх хурлын хавтас хэрэгт байдаг. Тухайн материалаас энэ хэрэгт хавсаргасан. Энэ бүх материалуудаар бид энэ байшинг барьсан. Энэ байшинг барихад нэхэмжлэгч талаас тухайн үед гаргасан мөнгө төгрөг байхгүй. Манай хүүхдүүд өөрсдийнхөө хүчээр барьсан.

******* элдэв, худлаа нотлох баримт бүрдүүлж их чирэгдэл учруулж байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 143/ШШ/2022/00240 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч И.Олонмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

И.*******ын 25.000.00 төгрөг Х.*******гийн дансанд шилжсэнээр эд хөрөнгө холилдсон гэж шүүх үзсэн. И.*******ын Улаанбаатар хотод байрлах хашаа байшингаа зараад Х.*******гийн данс руу мөнгийг нь шилжүүлсэн байдаг.

Х.Ариунзаяагийн дансанд орсон 25.000.000 төгрөг юунд зарцуулагдсан талаарх тооцоог хасаж тооцвол 11.800.000 төгрөг гарсан байдаг.

Үлдэгдэл мөнгө нь Х.*******гийн дансанд үлдсэн байдлаар харагдаж байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн нэг дэх заалт дээрээ И.*******аас 4,285,000 төгрөг гаргуулаад Х.*******д олгохоор шийдээд, үлдсэн нэхэмжлэлийн 22,725,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтаар тооцоод үзвэл Х.*******, И.******* нарын мөнгө холилдсон ч гэсэн И.*******ын оруулсан 25,000,000 төгрөгөөс илүү үлдсэн байдал харагдаад байхад Х.*******д И.*******аас нэмж 4,285,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ийм учраас энэ заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6. Нэхэмжлэгч Х.*******гийн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Тухайн байшинд 27.000.000 төгрөгийг зарцуулсан зарлага нь Хаан банк, Голомт банкны депозет хуулгаар тодорхой нотлогддог. Энэ мөнгөөр ямар материал эд, зүйл авч өгсөн, уг эд материал, хөрөнгө юунд хэрэглэгдсэнийг нэхэмжлэл түүний хавсралт, хүсэлтдээ тодорхой дурдсан.

*******аас 27,000,000 төгрөгөөс 18,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Үүнд: хаан банкны депозит дансны хуулганы орлого 15,180,500, Голомт банкны дансны орлого 1,110,000, Капитрон банкны хамтран зээлдэгчээр төлсөн 2,000,000 төгрөг.

Мөн авч өгсөн хөрөнгүүд И.*******ын байшинд тоо ширхгээрээ орсныг шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байдаг.

Харин хариуцагч талаас байшинг барьсан эх үүсвэр, зарлагаа үндэслэлтэй нотолж чадахгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн дүнгээс 4,285,000 төгрөгийг хангаж бусад төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхисныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Би давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаж өгөхдөө маруухан буруу гаргаж нэхэмжилсэн байдаг. 2012 оны 44,100,000 төгрөгөөс 27,000,000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Энэ мөнгөн дүнг би өөрөө нэхэмжлээгүй. Миний өмгөөлөгч нь хаанаас нь нэхэмжлэх үү гэсэн үндэслэл, ойлголтгүй учраас буруу нэхэмжилсэн байна.

Миний давж заалдах гомдол болон анхан шатны шүүхэд гаргасан гомдлуудыг дахин сайн хянаж үзээрэй. Өөрт байгаа нотлох баримтуудаа өгөөд дахин анхан шатны шүүхээр хянуулахыг хүсэж гомдол гаргасан.

Халуунд нь халж, хүйтэнд нь хүрч олон жил хийсэн наймааныхаа үр дүн ашгаараа би энэ хүнд сайхан байшин бариад өгсөн байна. Өнөөдөр би орох оронгүй, очих хаяагүй хүүхдүүдээрээ хэсээд, нүдээ бүлтэлзүүлээд явж байна гэв.

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 143/ШШ/2022/00240 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч, нэхэмжлэгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь  хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзлээ.

 

3. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч И.*******т холбогдуулан 27,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, шаардлагынхаа үндэслэлээ гэрлэлтээ бүртгүүлж хамтран амьдарч байх хугацаанд барьсан байшинд оруулсан хөрөнгө гэж заажээ.

Хариуцагч И.******* эс зөвшөөрч, уг маргааныг гэрлэлт цуцлах хэргийг шийдвэрлэхэд хамт шийдвэрлэгдсэн тул хариуцахгүй гэж маргажээ.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж, нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг бодиттой тогтоож чадаагүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Тухайлбал шүүх: 4.а. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн эрх зүйн үндэслэл болох Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-д заасан хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэх зохицуулалтыг маргаанд хамааралтай гэж үзэхдээ уг зохицуулалтын хуульд зааснаарэсхүл хэлцлийн үндсэн дээр аль нь дундын өмчийн эрх үүссэн үндэслэл болсныг тодорхойлоогүй,

4.б. Хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын хуулбар зэрэг нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт болох эсэхэд,

4.в. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэлтээ цуцлах үед гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаарх маргаанаа шийдвэрлүүлсэн гэж байгаа боловч нэхэмжлэгч нь энэ нэхэмжлэлийн шаардлага нь өмнөх маргаанд хамааралгүй, хариуцагч нь энэ асуудлыг шүүхээс шийдвэрлэгдсэн маргаан гэх тайлбар зэрэгт тус тус дүгнэлт хийгээгүй.

4.д. Маргааны зүйл болж буй хөрөнгийн үнийн зарим хэсгийг гаргуулж хэргийг шийдвэрлэсэн боловч ямар хувь хэмжээг баримталж тогтоосон нь тодорхойгүй байна.

 

5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрт нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг заагаагүй байх тул хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоож үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзнэ.

 

6. Эд хөрөнгийн маргаан ямар харилцаанаас үүссэн эсэхийг буюу гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагчдын дундын өмчийн маргаан, гэр бүлийн дундын өмчлөлийн маргаан эсэх, эсхүл хэлцлээр үүссэн өмчлөх эрхийн маргаан эсэхийг тодруулж, маргааны зүйлд талуудыг мэтгэлцүүлж хэргийг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангах үндэслэл болно.

 

7. Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдэх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй учир нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

8. Шийдвэрийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож байгаа тул нэхэмжлэгч, хариуцагч нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасан хэмжээгээр төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д Давж заалдах шатны шүүх зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон буюу өөрчилсөн тохиолдолд гомдол гаргагчаас тухайн шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тухайн шатны шүүгчийн захирамжаар буцаан олгоно гэж заасны дагуу буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 143/ШШ2022/00240 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Х.*******гийн 247,950 /хоёр зуун дөчин долоон мянга есөн зуун тавь/, хариуцагч И.*******ын 83,510 /наян гурван мянга таван зуун арав/ төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Л.НЯМДОРЖ