Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 133/ШШ2023/00006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч: М.Б холбогдох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай

Гуравдагч этгээд: Р.А бие даасан шаардлагатай

Нэхэмжлэгч: Н.Б холбогдох үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.А, хариуцагч М.Б, түүний өмгөөлөгч М.Эбие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.А, түүний өмгөөлөгч Ж.Д нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн тэмдэглэл хөтлөв.

Тодорхойлох нь:

1. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000150 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат/4 дүгээр/ багийн 17 дугаар байрны 1 дүгээр орцын 07 тоот хаягт байршилтай, 16.9 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-өөс өөрт болон хүү Б.М, охин Б.А нарт ногдох хэсэг 20,000,000 төгрөг, “2019 оны жилийн эцсээр тоологдсон адуу 14 толгой, үхэр 2, хонь 82, ямаа 33 толгой, нийт 131 толгой мал”-аас өөрт болон хүү Б.М, охин Б.А нарт ногдох хэсэг 12,300,000 төгрөг, нийт 32,300,000 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл:Н.Б миний бие М.Б-тэй 2005 онд гэр бүл болж, 2 хүүхэд төрүүлсэн боловч байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байсан учир гэрлэлтээ 2022 оны 04 дүгээр сард шүүхээр цуцлуулсан.

Гэрлэлт цуцлах үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлүүлээгүй. Учир нь М.Б нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцыг хүүхдүүддээ шилжүүлж өгнө, та гурав амьдар гэсэн боловч 2022 оны 05 дугаар сард өөрийн авга ахын хүүхэд болох Р.А өмчлөлд шилжүүлсэн.

Р.А нь орон сууцыг чөлөөлж өг гэснээр миний бие тухайн орон сууцыг бусдад шилжүүлсэн учир дараах гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 17 дугаар байрны 1-7 тоотод байрлах 16.9 мкв талбайтай орон сууцыг 2014 онд Төрийн банкны ипотекийн зээл 30,000,000 төгрөгөөр авсан боловч М.Б нь 15,000,000 төгрөгөөр бусдад худалдсан байна.

Н.Б миний бие шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тухайн орон сууцны үнэлгээгээр тооцон өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг 20,000,000 төгрөгийг М.Б-с гаргуулна.

Бид 2019 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа. Манай гэр бүл 2019 оны жилийн эцсээр 131 толгой мал тоологдсон. Үүнд адуу 14 толгой, үхэр 2, хонь 82, ямаа 33 толгой байгааг 2022 оны 04 дүгээр сарын зах зээлийн ханшаар үнэлж, өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг 12,300,000 төгрөгийг М.Б-с нэхэмжилж байна.

3. Хариуцагчийн татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 17 дугаар байрны 1-7 тоотод байрлах 16.9 мкв талбайтай орон сууц нь М.Б миний хуваарьт хөрөнгө учир Н.Б-д хамааралгүй.

Учир нь М.Б миний бие 2013 онд өөрийн нэр дээр байсан хашаагаа худалдаж, орон сууцны зээлийг урьдчилгаа 9,000,000 төгрөгийг өгч, улмаар өөрөө 21,000,000 төгрөгийн зээлээр тухайн орон сууцыг худалдан авсан. Н.Б-р орон сууцны зээлийг нэг ч удаа төлүүлээгүй.

Гэрлэлт цуцлуулах шүүх хуралд Н.Б нь эд хөрөнгийн маргаан байхгүй гэхээр нь би бусдаас 8,600,000 төгрөгийг зээлж, өөрийн өмчлөлийн орон сууцны зээлээ хааж, улмаар Р.А-д худалдсан.

Н.Б бид хоёр 2019 онд хүүхдүүдийн хамт амьдарч байгаад 2020 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа нь үнэн.2020 оны зудад их мал үрэгдсэн болохыг Н.Б сайн мэдэж байгаа.

5. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Р.А миний бие 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр М.Б-с Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 17 дугаар байрны 1-7 тоотод байрлах 16.9 мкв талбайтай орон сууцыг 15,000,000 төгрөгөөр худалдан авсан.

Үнийг нь 2 хуваан, бэлэн бусаар 8,400,000 төгрөгийг, бэлнээр 6,600,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өгч дуусгасан. Байгуулсан гэрээгээ нотариатаар гэрчлүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг надад шилжүүлсэн.

Би 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Н.Б руу залгаж, М.Б та хоёрын байрыг худалдаж авсан, хэзээ суллаж өгөх вэ гэж холбогдсон. Би 2020 оноос 2021 оны 02 дугаар сарыг дуустал Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байсан тул гэрлэлтээ цуцлуулсныг мэдээгүй. Тийм учраас орон сууцаа зарна гэхээр нь худалдаж авсан, одоо миний өмч болсон.

6. Бие даасан шаардлага: “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000150 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат/4 дүгээр/ багийн 17 дугаар байрны 1 дүгээр орцын 07 тоот хаягт байршилтай, 16.9 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийг чөлөөлүүлэх

7. Бие даасан шаардлагын үндэслэл: Р.А миний бие Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 17 дугаар байрны 1-7 тоотод байрлах 16.9 мкв талбайтай орон сууцыг Иргэний хуульд заасан журмаар М.Б-с худалдан авч, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй, шударга өмчлөгч.

Би байр чөлөөлж өгөхийг хүсэхэд чөлөөлөхгүй гэж байгаа нь миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа тул Н.Б-с дээрх орон сууцыг чөлөөлж өгнө үү.

8. Нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: М.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 17 дугаар байрны 1-7 тоотод байрлах 16.9 мкв талбайтай орон сууцыг зах зээлийн бус үнээр, тус байранд амьдардаг надад хэлэлгүйгээр өөрийн садан, төрлийн хүндээ худалдсан.

Бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг бүрэн авсны дараа уг байрыг суллаж өгөх боломжтой.

9. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ/2014.10.16 №173/47/

- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 133/ШШ2020/00202 дугаар шийдвэр

- Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 215/МА2022/00023 дугаар магадлал

- Төрсний гэрчилгээ/Б.М, Б.А/

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа/М.Б, Н.Б/

- Говь-Алтай аймгийн Тайшир сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01/275 дугаар албан бичиг

- Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/00864 дүгээр “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоол

10. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/М.Б/

- Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/Р.А/

- Газар худалдах, худалдан авах гэрээ/М.Б, Л.Б/

- Орон сууцны зээлийн гэрээ/2014.10.16 №173/47/

- Харилцах дансны хуулга/М.Б/

- Говь-Алтай аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарыг 06-ны өдрийн 236 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамж

- Тээврийн хэрэгслийн лавлагаа/Н.Б/

- Барьцаат зээлийн гэрээ/2021.03.10 №240000062118/

- Зээлийн дансны хуулга/М.Б/

- Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт/2020-2021/

11. Гуравдагч этгээд цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/Р.А/

- Депозит дансны хуулга/Р.А/

12. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- “Хаан банк” ХХК-ийн Говь-Алтай аймаг дахь салбарын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 491 дүгээр албан бичиг, депозит дансны хуулга/М.Б/

- “Төрийн банк” ХХК-ийн Говь-Алтай аймаг дахь салбарын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 41/483 дугаар албан бичиг, харилцах дансны хуулга/М.Б/

- “Төрийн банк” ХХК-ийн Говь-Алтай аймаг дахь салбарын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 41/482 дугаар албан бичиг, харилцах дансны хуулга/М.Б/

- “Говь-Алтай аймаг авто зам засвар, арчлалт”ТӨХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 82 дугаар албан бичиг

- “Говь-Алтай аймаг авто зам засвар, арчлалт” ТӨХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн Б/08 дугаар “Ажилд томилох тухай” тушаал

- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 736 дугаар албан бичиг, Ү-0518000150 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг

- “Төрийн банк” ХХК-ийн Говь-Алтай аймаг дахь салбарын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 41/540 дүгээр албан бичиг, харилцах дансны хуулга/Р.А/

- “Хаан банк” ХХК-ийн Говь-Алтай аймаг дахь салбарын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 582 дугаар албан бичиг, депозит дансны хуулга/Р.А/

- “Хас банк” ХХК-ийн Говь-Алтай аймаг дахь салбарын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2/587 дугаар албан бичиг, харилцах дансны хуулга/Р.А/

- “Хаан банк” ХХК-ийн Говь-Алтай аймаг дахь салбарын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 587 дугаар албан бичиг, депозит дансны хуулга/Т.Э/

- Гэрч Д.С-н мэдүүлэг

- Говь-Алтай аймгийн Тайшир сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03/387 дугаар албан бичиг,“Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт”/2019/

- “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ТХХ822/5117 дугаар үнэлгээний тайлан

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 12дугаар сарын 22-ны өдрийн 3/330 дугаар албан бичиг, “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт”/2018/, Мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийн сарын мэдээ/2022.04/

Үндэслэх нь:

1. Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй шүүх дүгнэв.

2. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч М.Б-д холбогдуулан “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө” гэх үндэслэлээр  “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000150 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат/4 дүгээр/ багийн 17 дугаар байрны 1 дүгээр орцын 07 тоот хаягт байршилтай, 16.9 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-өөс өөрт болон Б.М, охин Б.А нарт ногдох хэсэг 20,000,000 төгрөг, “2019 оны жилийн эцсээр тоологдсон адуу 14 толгой, үхэр 2, хонь 82, ямаа 33 толгой, нийт 131 толгой мал”-аас өөрт болон хүү Б.М, охин Б.А нарт ногдох хэсэг 12,300,000 төгрөг, нийт 32,300,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.Б нь “Үл хөдлөх хөрөнгө нь гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө, мал ихээр зудад үрэгдсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Д.А нь нэхэмжлэгч Н.Б-д холбогдуулан “Өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан” гэх үндэслэлээр эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000150 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат/4 дүгээр/ багийн 17 дугаар байрны 1 дүгээр орцын 07 тоот хаягт байршилтай, 16.9 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Б нь “Үл хөдлөх хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг бүрэн аваагүй тул орон сууцыг чөлөөлөх боломжгүй” гэх үндэслэлээр бие даасан шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

4.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 133/ШШ2020/00202 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.Б болон хариуцагч М.Б нарын гэрлэлтийг цуцалж, 2006 оны 10 дугаар сарын 24ий өдөр төрсөн хүү Б.М, 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.А нарыг эх Н.Б-ын асрамжид үлдээжээ.

Уг шийдвэрийг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 215/МА2022/00023 дугаар магадлалаар хэвээр үлдээж, хариуцагч М.Б-н давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/00864 дүгээр “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч М.Б-н хяналтын гомдлыг хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.

Дээрх шүүхийн  шийдвэр, магадлал, тогтоолын хуулийн хүчин төгөлдөр байдлын талаар хэргийн оролцогч маргаагүй тул уг шийдвэрээр тогтоогдсон “зохигчийн гэрлэлт цуцлагдсан, хүүхдийг эхийн асрамжид үлдээсэн” үйл баримтыг дахин нотлохгүй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэжээ.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэжээ.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулах үедээ хуулийн дээрх заалтын дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах талаар бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлээгүй байна.

Харин гэрлэлтээ цуцлуулах үедээ зохигч нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн байр суурийг илэрхийлснийг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 133/ШШ2020/00202 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 7 дахь заалтад дурджээ.

Эд хөрөнгийн маргаангүйг дурдсан дээрх шүүхийн шийдвэр нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах зохигчийн эрхийг хязгаарлахгүй.  

Учир нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нь гэрлэлт цуцалсны эрх зүйн үр дагавар тул уг нэхэмжлэлийн шаардлагыг гэрлэлт цуцлах үедээ эсхүл цуцалсны дараа ч дахин гаргах боломжтой.

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүсэхгүй.

Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцоогүй, маргасан тохиолдолд уг маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ.

6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэжээ.

Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 736 дугаар албан бичгийн хавсралтаар зохигчийн маргаж буй “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000150 дугаарт бүртгэлтэй хувийн хэрэг”-ийн материалыг зохих журмын дагуу хуулбарлан нотлох баримтаар ирүүлжээ.

Уг хувийн хэргийн материалаас үзэхэд хариуцагч М.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат/4 дүгээр/ багийн 17 дугаар байрны 1 дүгээр орцын 07 тоот хаягт байршилтай, 16.9 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг өмчлөгч Р.Ц, Ц.Н нартай 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулжээ.

Энэхүү өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр дээрх орон сууцны өмчлөх эрх нь хариуцагч М.Б-д үүссэн болохыг баталгаажуулж, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 000241675 дугаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

Үүнээс үзэхэд дээрх орон сууц нь зохигчийн гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болжээ. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 228201002417 дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаанаас үзэхэд нэхэмжлэгч Н.Б болон хариуцагч М.Б нар нь 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, уг гэрлэлтийг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 133/ШШ2020/00202 дугаар шийдвэрээр цуцалжээ.

Уг хугацаанд зохигч нь гэрлэлтийн үндсэн дээрх гэр бүлийн харилцаатай, хамтран амьдарч 2006 онд хүү Б.Мягмардаш, 2013 онд охин Б.Арвин нарыг төрүүлж, өсгөжээ.

7. Хэдийгээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 17 дугаар байрны 1 дүгээр орцын 07 тоот хаягт байршилтай, 16.9 метр квадрат талбайтай, орон сууц нь хариуцагч М.Б-н нэр дээрх бүртгэгдсэн хэдий ч уг үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүд/нөхөр М.Б, эхнэр Н.Б, хүү Б.М, охин Б.А нар/-ийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй.

Учир нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараах хөрөнгө хамаарна”, 126.2.4 дэх хэсэгт “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэжээ.

Гэрлэлт цуцалсан анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараагаар буюу 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч М.Б нь гуравдагч этгээд Р.А-тэй дээрх орон сууцны өмчлөх эрхийг 15,000,000 төгрөгийн үнэтэйгээр худалдах, худалдах авах гэрээг бичгээр байгуулжээ.

Уг өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр орон сууцны өмчлөх эрх шилжиж, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гуравдагч этгээд Р.А-д 000904258 дугаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

Тухай орон сууц нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл дангаар хариуцагч М.Б-н нэр дээр бүртгэлтэй байсан нь тухай эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцохгүй байх эрх зүйн үндэслэл болохгүй.

8. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 17 дугаар байрны 1 дүгээр орцын 07 тоот хаягт байршилтай, 16.9 метр квадрат талбайтай, орон сууцыг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө гэж үзэх эрх зүйн үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдсонгүй.

Тодруулбал дээрх орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг өмнөх өмчлөгч Р.Ц, Ц.Н нартай хариуцагч М.Б дангаар байгуулсан хэдий ч гэрээний зүйлийн үнийн тодорхой хэсэг буюу 21,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг “Төрийн банк” ХХК-ийн Говь-Алтай аймаг дахь салбараас зээлсэн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 173/747 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” болон “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ” зэрэгт нэхэмжлэгч Н.Б нь хамтран үүрэг гүйцэтгүүлэгчээр гарын үсэг зурж, уг гэрээнээс үүсэх эрсдэл, хариуцлагыг гэрлэгчид хамтран хариуцах хүсэл зоригтой байжээ.

“Орон сууцны үнийн урьдчилгаа 9,000,000 төгрөгийг өмнөх өмчлөгч нарт төлсөн, орон сууцны зээл 21,000,000 төгрөгийг бүрэн төлсөн” гэх хариуцагч М.Б-н тайлбарыг нэхэмжлэгч Н.Б нь баримтаар үгүйсгээгүй ч боловч үүгээр уг орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй.

Учир нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дахь хэсэгт “Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ” гэжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагч М.Б-н нэр дээр бүртгэгдсэн орон сууцыг хамтран өмчлөх нэхэмжлэгч Н.Б-н эрхийг хязгаарлах боломжгүй.

9. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарыг 06-ны өдрийн 236 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамжийн хавсралтын 28 дахь заалтаар хариуцагч М.Б-д тус аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 10-16 тоот хаягт байршилтай, 629.3 мкв талбайтай газрыг өмчлүүлжээ.

“Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газар буюу хуваарьт хөрөнгөөр орон сууцны үнийн урьдчилгаа 9,000,000 төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн тул уг орон сууцыг хуваарьт хөрөнгө" гэх хариуцагчийн өмгөөлөгч М.Э-н тайлбарыг шүүх хүлээн авах эрх зүйн үндэслэлгүй.

Учир нь“Өмчлөлийн газраар орон сууцны үнийн урьдчилгааг төлөх мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн” гэх татгалзлын үндэслэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдсонгүй.

“Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000150 дугаарт бүртгэлтэй хувийн хэрэг”-т ч уг байдлыг гэрчилсэн баримтгүй байгааг дурдах нь зүйтэй.

Орон сууцны үнийн үлдэгдэл 21,000,000 төгрөг нь зохигчийн хамтран гарын үсэг зурж, “Төрийн банк” ХХК-ийн Говь-Алтай аймаг дахь салбартай байгуулсан “Орон сууцны зээлийн гэрээ”-ний эх үүсвэрээр төлөгдсөн байхад уг үл хөдлөх хөрөнгийг иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.6 дахь хэсэгт заасан “хуваарьт эд хөрөнгөөрөө олж авсан ... хөрөнгө” гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй.

10.Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцалсан бол гэрлэлт дуусгавар болдог.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлж, хуваах нь гэрлэгчид тусдаа амьдарсны бус гэрлэлт дуусгавар болсны эрх зүйн үр дагавар болно.

Зохигч нь гэрлэлтээ 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүхээр цуцлуулсан тул тухайн үеийн байдлаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваагдана.

Хариуцагч М.Б нь 2018 оны жилийн эцсээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багт мал тоолуулсан нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3/330 дугаар албан бичгээр, 2019-2021 онуудын жилийн эцсээр Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багт мал тоолуулсан нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01/275 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Дээрх албан бичгийн эх сурвалж болсон хариуцагч М.Б-н 2018-2021 онуудын “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт” иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаагаас гэрлэлт цуцлах үеийн байдлаар малын тоо, толгойг гэрчлэх баримт нь 2021 оны мал тооллогын баримт болно.

Учир нь хариуцагч М.Б-н нэр дээрх 2022 оны жилийн эцсээр мал тоологдоогүйг Говь-Алтай аймгийн Тайшир сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0131 дүгээр албан бичигт дурджээ.

Гэрлэгчид тусдаа амьдарч эхэлсэн хугацааг нэхэмжлэгч Н.Б нь “2019 оны 01 дүгээр сараас хойш” гэж, хариуцагч М.Б нь “2020 оны 10 дугаар сараас хойш” гэж зөрүүтэй тайлбарладаг ч тухайн үедээ зохигч нь гэрлэлтээ цуцлуулаагүй тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах малын тоог тодорхойлоход 2019, 2020 онуудын жилийн эцсийн мал тооллогын баримтад тулгуурлах эрх зүйн үндэслэлгүй.

Учир нь шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлдэг болно.

Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын 2021 оны баримтаас үзэхэд хариуцагч М.Б нь тухайн жилийн эцсээр адуу 3 толгой/хээлтүүлэгч-1, соёолон гүү-2/, ямаа 21 толгой/эр ишиг-1, эм ишиг-1, эр борлон-10, эм борлон-8/, нийт 24 толгой мал тоолуулжээ.

Уг малыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэх талаар зохигч маргаагүй, гэрлэснээс хойш хамтын амьдралын хугацаанд бий болсон байдлыг хариуцагч үгүйсгээгүй болно.

Энэ тохиолдолд 2021 оны жилийн эцсээр тоологдсон адуу 3, ямаа 21, нийт 24 толгой малыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасны дагуу нөхөр М.Б, эхнэр Н.Б-, хүү Б.М, охин Б.А нарын нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй.

11. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг дараах тохиолдолд тодорхойлно”, 129.1.1 дэх хэсэгт “гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал” гэжээ.

Хуулийн дээрх заалтад дурдсан “гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарах” гэдэгт гэрлэлт цуцалж, иргэний бүртгэлд өөрчлөлт орох тохиолдол хамаарна.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 17 дугаар байрны 1 дүгээр орцын 07 тоот хаягт байршилтай, 16.9 метр квадрат талбайтай, орон сууц” болон “2021 оны жилийн эцсээр тоологдсон адуу 3 толгой, ямаа 21 толгой, нийт 24 толгой мал” зэрэг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох эрх зүйн үндэслэлтэй.

Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэж Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заажээ.

Иймд зохигчийн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хувааж, ногдох хэмжээг тогтоохдоо гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох хүү Б.М, охин Б.А нарыг оролцуулан, нийт гэр бүлийн гишүүн 4 хүнд адил хуваана.

12.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт “Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно” гэжээ.

Хуулийн дээрх заалтад дурдсан гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг өөрөөр тодорхойлох үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг өөрөөр тодорхойлох талаар зохигч маргаагүй болно.

13. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 133/ШЗ2022/01704 дүгээр шүүгчийн захирамжаар хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилж, зохигчийн маргаж буй гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцны зах зээлийн үнийг тогтоолгосон.

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ТХХ822/5117 дугаар үнэлгээний тайлангаар “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000150 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат/4 дүгээр/ багийн 17 дугаар байрны 1 дүгээр орцын 07 тоот хаягт байршилтай, 16.9 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийн үнийг 2022 оны байдлаар 29,803,295 төгрөгөөр тодорхойлжээ.

Уг эд хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгчийн хүсэлтээр гаргуулсан хэдий ч хариуцагч эсэргүүцээгүй, эд хөрөнгийн үнэлгээг бодит байдалд нийцсэн эсэх талаар хэргийн оролцогчоос маргаагүй, хуульд заасан үндэслэлээр нэмэлт, дахин шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаагүй болно.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат/4 дүгээр/ багийн 17 дугаар байрны 1 дүгээр орцын 07 тоот хаягт байршилтай, 16.9 метр квадрат талбайтай, орон сууцны 2022 оны үнэлгээг 29,803,295 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн тоонд хуваахад нэг гишүүнд ногдох хэсэг нь 7,450,823.75 төгрөг болно.

14. Зохигчийн гэрлэлт цуцлагдсан 2022 оны 04 дүгээр сарын байдлаар малын зах зээлийн үнэ, ханшийн статистик мэдээг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 133/ШЗ2022/01704 дүгээр шүүгчийн захирамжаар эрх бүхий байгууллагаас гаргуулсан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3/330 дугаар албан бичгээр 2022 оны 04 дүгээр сарын мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийн сарын мэдээг нотлох баримтаар ирүүлсэн.

Уг малын үнэ, ханшийн статистик мэдээг нэхэмжлэгч талын хүсэлтээр гаргуулсан хэдий ч хариуцагч эсэргүүцээгүй, тухайн мэдээнд тусгагдсан малын үнийг бодит байдалд нийцээгүй гэж хэргийн оролцогч маргаагүй болно.

Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын 2021 оны баримтад тусгагдсан адуу 3 толгой, ямаа 21 толгой, нийт 24 толгой малыг гэрлэлт цуцлах үеийн 2022 оны 04 дүгээр сарын малын үнээр тооцоход адуу-3,360,000 төгрөг, ямаа-1,740,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөгийг гэр бүлийн гишүүн 4 хүнд хуваахад нэг гишүүнд ногдох хэсэг нь1,275,000 төгрөг байна.

15. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно” гэжээ.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн хүү Б.М, охин Б.А нарыг эх Н.Баянжаргалын асрамжид үлдээсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг хариуцагч М.Б-с гаргуулахаар шаардах эрхтэй.

16. “Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно” гэж Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заажээ.

Хариуцагч М.Б нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууцыг анх худалдан авсан өртгөөс бага үнээр гуравдагч этгээд Р.А-д худалдаж, өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан шаардлагаа нэхэмжлэгч Н.Б нь уг эд хөрөнгийн үнээс ногдох хэсгийг гаргуулах агуулгаар өөрчилсөн болно.

Нэгэнт гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн орон сууцны өмчлөх эрхийн талаар нэхэмжлэгч маргаагүй тул уг эд хөрөнгийг зохигчийн хэн нэгний өмчлөлд  үлдээх боломжгүй. Харин уг эд хөрөнгийн үнээс ногдох хэсгийг тодорхойлж, гэр бүлийн гишүүнд хуваан олгох боломжтой.

17. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууцнаас нэхэмжлэгч болон хүүхдүүдэд ногдох хэсэг нь 22,532,471.25 төгрөг, малаас нэхэмжлэгч болон хүүхдүүдэд ногдох хэсэг нь 3,825,000 төгрөг, нийт 26,177,471.25 төгрөг болно.

Гэвч нэхэмжлэгч Н.Б нь шүүх хуралдааны үеэр хариуцагч М.Б-д холбогдох орон сууцнаас өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн үнийн дүнг 20,000,000 төгрөг гэж, малаас өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухайн нэхэмжлэлийн үнийн дүнг 12,300,000 төгрөг гэж тус тус тодруулсан болно.

Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох хэргийн оролцогчийн диспозитив эрхийг зөрчихгүйн үүднээс орон сууцны үнэлгээнээс гэр бүлийн гишүүн 3 хүнд ногдох хэсэг 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Харин малын үнэлгээнээс гэр бүлийн гишүүн 3 хүнд ногдох хэсэг 3,825,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,475,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

18. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтад дурдсан шаардах эрх нь “уг шаардлагыг гаргах бүхий этгээд нь өмчлөгч байх”, “шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь эзэмшигч байх”, “хариуцагч этгээд нь уг эд хөрөнгийг эзэмших эрхгүй байх” гэсэн урьдчилсан нөхцөлтэй.

Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн гарын үсэг, тэмдгээр албажсан 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн огноотой, 000904258 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлийн гэрчилгээ”-гээр “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000150 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат/4 дүгээр/ багийн 17 дугаар байрны 1 дүгээр орцын 07 тоот хаягт байршилтай, 16.9 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийн өмчлөгч нь гуравдагч этгээд Р.А байна.

Уг орон сууцыг нэхэмжлэгч Н.Б нь бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа, гуравдагч этгээд Р.А нь орон сууц чөлөөлөх шаардлагыг гаргаснаар нэхэмжлэгч Н.Б нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт зохигч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.Б нь амьдарч буй орон сууцныхаа өмчлөх эрхийн маргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, үнэлгээнээс нь ногдох хэсгийг гаргуулахаар тодруулсан шаардлага нь хангагдсан тул уг үл хөдлөх хөрөнгийг цаашид эзэмшиж, ашиглах боломжгүй.

Тодруулбал нэхэмжлэгч Н.Б-н орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа нь хууль ёсны боловч энэхүү шүүхийн шийдвэрээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгийн хувьд өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг хариуцагч М.Б-с гаргуулахаар болсон тул цаашид үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглах нь гуравдагч этгээд Р.А өмчлөх эрхийг зөрчихөөр байна.

Иймд гуравдагч этгээд Р.А бие даасан шаардлагыг хангаж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат/4 дүгээр/ багийн 17 дугаар байрны 1 дүгээр орцын 07 тоот хаягт байршилтай, 16.9 метр квадрат талбайтай, орон сууцыг нэхэмжлэгч Н.Б-н эзэмшлээс чөлөөлөх эрх зүйн үндэслэлтэй.

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан хариуцуулах тухай хуулийн дээрх заалт нь сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан хариуцуулахад нэг адил хамаарна.

Нэхэмжлэгч Н.Б-н нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөг, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,562 төгрөг, нийт 319,512 төгрөгийг, гуравдагч этгээд Р.А бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хангасан тул хариуцагч М.Б-с 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д, нэхэмжлэгч Н.Б-с 232,950 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Р.А-д тус тус олгов.

20. Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэгт “эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр”, 63.1.6 дахь хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр” тус тус нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно гэжээ.

Эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж буй хуулийн дээрх зохицуулалт нь эд хөрөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлага нэг адил хамаарна. 

Хэдийгээр гуравдагч этгээд нь нэхэмжлэгчид холбогдох бие даасан шаардлагаа орон сууц чөлөөлүүлэх гэж тодорхойлсон хэдий ч угтаа үл хөдлөх гаргуулах тухай шаардлага болно.

“Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ”-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат/4 дүгээр/ багийн 17 дугаар байрны 1 дүгээр орцын 07 тоот хаягт байршилтай, 16.9 метр квадрат талбайтай, орон сууцны үнийн дүн тусгагдаагүй байна.

Энэ тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах тухай дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамааруулж, эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж, зохих улсын тэмдэгтийн хураамжийг төлнө.

“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлангаар дээрх орон сууц нь 29,803,295 төгрөгөөр үнэлэгдсэн тул зохих улсын тэмдэгтийн хураамж 306,966 төгрөгөөс гуравдагч этгээд нь 232,950 төгрөгийг төлсөн, уг бие даасан шаардлага хангагдсан тул үлдэх улсын тэмдэгтийн хураамж 74,016 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, улсын орлого болгох эрх зүйн үндэслэлтэй.

Гэвч нэхэмжлэгч Н.Б нь гэрлэлт цуцалсны эрх зүйн дагавар болох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад зохих улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төлөх байтал улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,512 төгрөгийг төлжээ.

Улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 249,312 төгрөгөөс шүүхээс хангагдсан бие даасан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжаас үлдэгдэл 74,016 төгрөгийг хасаж, үлдэх 175,296 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгов.

21. “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0001158 дугаар бэлэн мөнгөний орлогын баримтаас үзэхэд орон сууцны үнэлгээний зардал 150,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Б төлжээ.

Уг зардлаа нэхэмжлэгч нь хариуцагчаар нөхөн төлүүлэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч зохигчид хуваарилан хариуцуулахгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч М.Б “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000150 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат/4 дүгээр/ багийн 17 дугаар байрны 1 дүгээр орцын 07 тоот хаягт байршилтай, 16.9 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-өөс гэр бүлийн гишүүн 3 хүнд ногдох хэсэг 20,000,000/хорин сая/ төгрөг, “2021 оны жилийн эцсээр тоологдсон адуу 3 толгой, ямаа 21 толгой, нийт 24 толгой мал”-аас гэр бүлийн гишүүн 3 хүнд ногдох хэсэг 3,825,000/гурван сая найман зуун хорин таван мянга/ төгрөг, нийт 23,825,000/хорин гурван сая найман зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,475,000/найман сая дөрвөн зуун далан таван мянга/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Х.А-н бие даасан шаардлагыг хангаж, “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000150 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат/4 дүгээр/ багийн 17 дугаар байрны 1 дүгээр орцын 07 тоот хаягт байршилтай, 16.9 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийг нэхэмжлэгч Н.Б-н эзэмшлээс чөлөөлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Б-н нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950/хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөг, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,562/жаран нэгэн мянга таван зуун жаран хоёр/ төгрөг, нийт 319,512/гурван зуун арван есөн мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг, гуравдагч этгээд Р.А бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950/хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 175,296/нэг зуун далан таван мянга хоёр зуун ерөн зургаа/ төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д, хариуцагч М.Б-с 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д, нэхэмжлэгч Н.Б-с 232,950/хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан гуравдагч этгээд Р.А-д тус тус олгосугай.

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

5. Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан энэхүү шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.МӨНХБАТ