Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 215/МА2023/00005

 

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ц.О, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2023/00006 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Оргил баг 17 байр 1- ... тоотод оршин суух, О овогт Н.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг, 6- ... тоотод оршин суух, Б овогт М.Б-д холбогдох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай

Гуравдагч этгээд: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 6- ... тоотод оршин суух, Б овгийн Р.А-ийн бие даасан шаардлагатай,

Үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.А, хариуцагч М.Б, түүний өмгөөлөгч М.Э, Ц.Э, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000150 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 17 дугаар байрны 1 дүгээр орцны ... тоот хаягт байршилтай, 16.9 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон хүү Б.М, охин Б.А нарт ногдох хэсэг 20,000,000 төгрөг, 2019 оны жилийн эцсээр тоологдсон адуу 14 толгой, үхэр 2, хонь 82, ямаа 33 толгой, нийт 131 толгой малаас өөрт болон хүү Б.М, охин Б.А нарт ногдох хэсэг 12,300,000 төгрөг, нийт 32,300,000 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Н.Б миний бие М.Б-тэй 2005 онд гэр бүл болж, 2 хүүхэд төрүүлсэн боловч байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байсан учир гэрлэлтээ 2022 оны 04 дүгээр сард шүүхээр цуцлуулсан.

Гэрлэлт цуцлах үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлүүлээгүй. Учир нь М.Б нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцыг хүүхдүүддээ шилжүүлж өгнө. Та гурав амьдар гэсэн. Уг орон сууцыг 2014 онд Төрийн банкны ипотекийн зээл 30,000,000 төгрөгөөр авсан. Гэвч М.Б нь 2022 оны 05 дугаар сард уг орон сууцыг өөрийн авга ахын хүүхэд болох Р.А-д  15,000,000 төгрөгөөр худалдсан байна.

Тиймээс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 17 дугаар байрны 1- ... тоотод байрлах 16.9 мкв талбайтай орон сууцны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээнээс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг 20,000,000 төгрөгийг М.Б-ээс гаргуулна.

Мөн бид 2019 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа. Манай гэр бүл 2019 оны жилийн эцсээр 131 толгой мал тоологдсон. Үүнд адуу 14 толгой, үхэр 2, хонь 82, ямаа 33 толгой байгааг 2022 оны 04 дүгээр сарын зах зээлийн ханшаар үнэлж, өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг 12,300,000 төгрөгийг М.Б-ээс нэхэмжилж байна гэжээ.

 

3. Хариуцагчийн татгалзлын агуулга, үндэслэл: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 17 дугаар байрны 1- ... тоотод байрлах 16.9 мкв талбайтай орон сууц нь М.Б миний хуваарьт хөрөнгө учир Н.Б-д хамааралгүй.

Учир нь М.Б миний бие 2013 онд өөрийн нэр дээр байсан хашаагаа худалдаж, орон сууцны зээлийн урьдчилгаа 9,000,000 төгрөгийг өгч, улмаар өөрөө 21,000,000 төгрөгийн цалингийн зээлээр тухайн орон сууцыг худалдан авсан. Н.Б-аар орон сууцны зээлийг нэг ч удаа төлүүлээгүй.

Гэрлэлт цуцлуулах шүүх хуралд Н.Б нь эд хөрөнгийн маргаан байхгүй гэхээр нь би бусдаас 8,600,000 төгрөгийг зээлж, өөрийн өмчлөлийн орон сууцны зээлийн үлдэгдлийг хааж, улмаар Р.А-д худалдсан.

Н.Б бид хоёр 2019 онд хүүхдүүдийн хамт амьдарч байгаад 2020 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа нь үнэн. 2020 оны зуданд их мал үрэгдсэн болохыг Н.Б сайн мэдэж байгаа.

 

4. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Р.А миний бие 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр М.Б-ээс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 17 дугаар байрны 1- ... тоотод байрлах 16.9 мкв талбайтай орон сууцыг 15,000,000 төгрөгөөр худалдан авсан.

Бэлэн бусаар 8,400,000 төгрөгийг, бэлнээр 6,600,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өгч үнийг нь төлж дуусгасан. Байгуулсан гэрээгээ нотариатаар гэрчлүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг надад шилжүүлсэн.

Би 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Н.Б руу залгаж, М.Б та хоёрын байрыг худалдаж авсан, хэзээ суллаж өгөх вэ? гэж холбогдсон. Би 2020 оноос 2021 оны 02 дугаар сарыг дуустал Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байсан тул гэрлэлтээ цуцлуулсныг мэдээгүй. Тийм учраас орон сууцаа зарна гэхээр нь худалдаж авсан. Одоо миний өмч болсон.

 

5. Бие даасан шаардлага, түүний үндэслэл: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 17 дугаар байрны 1- ... тоотод байрлах 16.9 мкв талбайтай орон сууцыг Иргэний хуульд заасан журмаар М.Бгээс худалдан авч, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлд бүртгүүлсэн шударга өмчлөгч тул эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000150 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат /4 дүгээр/ багийн 17 дугаар байрны 1 дүгээр орцны 07 тоот хаягт байршилтай, 16.9 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Н.Б хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

6. Бие даасан шаардлагын хариуд нэхэмжлэгчээс хийсэн тайлбарын агуулга: М.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 17 дугаар байрны 1- ... тоотод байрлах 16.9 мкв талбайтай орон сууцыг зах зээлийн бус үнээр, тус байранд амьдардаг надад хэлэлгүйгээр өөрийн садан, төрлийн хүндээ худалдсан тул бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг бүрэн авсны дараа уг байрыг суллаж өгөх боломжтой гэжээ.

 

7. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б овогт М.Б-ээс “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000150 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат /4 дүгээр/ багийн 17 дугаар байрны 1 дүгээр орцын ... тоот хаягт байршилтай, 16.9 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-өөс гэр бүлийн гишүүн 3 хүнд ногдох хэсэг 20,000,000 /хорин сая/ төгрөг, “2021 оны жилийн эцсээр тоологдсон адуу 3 толгой, ямаа 21 толгой, нийт 24 толгой мал”-аас гэр бүлийн гишүүн 3 хүнд ногдох хэсэг 3,825,000 /гурван сая найман зуун хорин таван мянга/ төгрөг, нийт 23,825,000 /хорин гурван сая найман зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О овогт Н.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,475,000 /найман сая дөрвөн зуун далан таван мянга/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Б овгийн Р.А-ийн бие даасан шаардлагыг хангаж, “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000150 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат /4 дүгээр/ багийн 17 дугаар байрны 1 дүгээр орцын ... тоот хаягт байршилтай, 16.9 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийг нэхэмжлэгч О овогт Н.Б-ын эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Б нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөг, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,562 /жаран нэгэн мянга таван зуун жаран хоёр/ төгрөг, нийт 319,512 /гурван зуун арван есөн мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг, гуравдагч этгээд Р.А бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 175,296 /нэг зуун далан таван мянга хоёр зуун ерөн зургаа/ төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д, хариуцагч М.Б-ээс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д, нэхэмжлэгч Н.Б-аас 232,950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан гуравдагч этгээд Р.А-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2023/00006 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын хангаж хариуцагч М.Бгээс эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000150 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат 4 дүгээр багийн 17 дугаар байрны 1 дүгээр орцны ... тоот хаягт байршилтай 16,9 метр квадрат талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөнөөс гэр бүлийн гишүүн 3 хүнд ногдох хэсэг 20,000,000 /хорин сая/ төгрөг, 2021 оны жилийн эцсээр тоологдсон адуу 3 толгой, ямаа 21 толгой, нийт 24 толгой малаас гэр бүлийн 3 хүнд оногдох хэсэг 3,825,000 /гурван сая найман зуун хорин таван мянган/ төгрөг нийт 23,825,000 /хорин гурван сая найман зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгож, шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дугаар талд маргаан бүхий орон сууцыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүний хувиарт хөрөнгө гэж үзэх эрх зүйн үндэслэл баримтаар тогтоогдсонгүй гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Учир нь М.Б нь 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 236 дугаар “Газар өмчлүүлэх захирамжийн хавсралтын 28 дахь заалтаар Баянхайрхан багийн 10-16 тоот хаягт байршилтай 629.3 мкв талбайтай газар нь түүний хуваарьт хөрөнгө бөгөөд энэ өмчлөлийн газраа зарж борлуулж орон сууцны урьдчилгаа 9,000,000 /есөн сая/ төгрөг эх үүсвэр бүрдүүлж 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №173 /47/ дугаартай Орон сууцны зээлийн гэрээг цалингийн зээлээр худалдах худалдан авах гэрээ хийж, 2014 оноос 2022 оны 5 дугаар сар хүртэл 66 удаагийн цалингийн зээлийн суутгалаар өөрийн бие даасан хөдөлмөрийн үр шимээрээ маргаан бүхий орон сууцны үнийг төлж барагдуулсан баримт бүхий нотолгоо хэргийн материалд байгаа болно.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 127 дугаар зүйлд дурьдагдсан “Гэр бүлийн хуваарьт хөрөнгө” болох хуулийн заалтыг зөрчиж хэргийг хэт нэг талыг барьж нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

М.Бгийн орон сууц зээлийн гэрээгээр буюу эд хөрөнгө олж авах арга, хэлбэр зэргийг хууль зүйн талаас нь харгалзан үзээгүй, гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж дүгнэлт хийсэн ч дундын эд хөрөнгө олж авах нь гэр бүлийн гишүүдийн хамтын хөдөлмөр, эдийн баялаг бий болгох хөдөлмөр дээр үндэслэх зохицуулалтаар нэг гишүүний хөдөлмөр дээр бий болж буй эд хөрөнгийн баялаг гэр бүлийн дундын өмчид хамаарахгүй байтал анхан шатны шүүх уг хууль хэрэглээг өөрөөр ойлгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл М.Б нь өөрийн хөдөлмөрөөр цалингийн зээлээр орон сууцныхаа зээлийг бүрэн төлж барагдуулсан нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.6 дахь заалтанд заасан хувиарт хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч хариуцагч хоёр 2020 оны 10 дугаар сараас хамтран амьдраагүй салаад тусдаа амьдарч байгаад 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 133 дугаартай иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэр бүл цуцалсан хугацааг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэсэн нь М.Бгийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Н.Б нь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 7-нд болсон шүүх хурал дээр эд хөрөнгийн маргаан байхгүй нэхэмжлэхгүй гэж байсан. Ингээд банкны зээлээ төлөөд дуусахад нь байраа нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 1000 төгрөг байрны зээлд төлж байгаагүй нь хэрэгт авагдсан материалд баримтаар тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх орон сууцны зээл төлөгдсөн худалдах худалдан авах гэрээгээр худалдагдсан байран дээр дахин үнэлгээ гаргаж, хууль зүйн үндэслэлгүйгээр үнэлж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч Н.Б нь 2021 оны 10 дугаар сарын сүүлээр малаа туугаад явсан одоо мал байхгүй гэдэг дээр шүүх хурал дээр маргаагүй байхад үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн хэлсэн үгэнд хөтлөгдөж 2019 оны 1 дүгээр сард тусдаа амьдарч салсан гэсэн худал үгээр нь анхан шатны шүүх байхгүй малын тоо толгойг байгаа мэт ойлгож адуу 3 толгой, ямаа 21 толгой нийт 24 толгой малаас гэр бүлийн 3 хүнд оногдох хэсэг 3,825,000 /гурван сая найман зуун хорин таван мянган/ төгрөг орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөнөөс гэр бүлийн гишүүн 3 хүнд ногдох хэсэг 20,000,000 /хорин сая/ төгрөг нийт 23,825,000 /хорин гурван сая найман зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгож, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2023/00006 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч М.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол тайлбартаа: М овогтой Б би шийдвэрийн үндэслэлийг зөвшөөрөхгүй байна. Гэр бүлийн маргаан гарч тусдаа амьдрах хугацаа буруу тооцсон 2020 оны 10 дугаар сард салсан байхад шүүх 2019 онд салсан гэж дүгнэхэд гомдолтой байна. Өмчийн үнэлгээ тоог үндэслэлгүй цаг хугацааны зөрүүтэй байхад тогтоосон нотлох баримтыг хэтэрхий нэг талаас нь үнэлсэн нь шүүх бүрэлдэхүүн хэтэрхий нэг талыг баримтлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх бүрэлдэхүүн нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчсөн. Урьдчилгааг би хувиарт хөрөнгөөрөө төлсөн, төлж бий болгосон байхад тооцоогүй. Цалингаараа төлсөн байхад хувиарт хөрөнгөнд тооцоогүй. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа эд хөрөнгийн маргаангүй гэдгээ хэлээд байхад үүнийг үнэлээгүй. Малаа авчихаад малын үнэ тооцсоныг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Н.Б нь ердөө ганц удаа ч орон сууцны үнэ төлөөгүй. Н.Б нь өмчиндөө 15 ямаа, 1 үхэртэй л ирсэн. Үүнийг нь би өгсөн. Өгөхдөө би өсгөөд 22 бог мал, 3 адуу болгож өгсөн. Бас машин авч өгсөн. Эдгээрийг хасаагүй. Орон сууцны ханш үнийг буруу тогтоосон. Нэхэмжлэгч шүүхэд анх хэлэхдээ би зээлтэй орон сууц авахгүй гэчихээд би зээлээ төлөөд орон сууцныхаа зээлийг хаагаад дуусахаар орон сууц авах гэж маргаан гаргасанд гомдолтой байна. Н.Б нь зээлтэй орон сууц авахгүй гэр авна авч очсон малаа л авна гэчихээд одоо өөрчлөгдөж худалдсан орон сууцтай маргалдаж байгаа нь үндэслэлгүй юм. Би орон сууцаа 15.000.000 төгрөгөөр зарсанаа нотолсоор байтал үндэслэлгүй тогтоосонд гомдолтой байна. 2014 онд манайх хуучин байр засвартай байсныг Ц-аас 30.000.000 төгрөгөөр авч байсан. 2023 он хүртэл манайх амьдарсан хуучин эдэлгээтэй орон байрыг 30.000.000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй тул гомдолтой байна гэжээ.   

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд  хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч М.Б-д холбогдуулан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууцны үнэнээс гэр бүлийн гишүүн 3 хүнд ногтох хэсэгт 20,000,000 төгрөг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 14 адуу, 2 үхэр, 82 хонь, 33 ямааны үнэнээс гэр бүлийн гишүүн 3 хүнд ногдох хэсэг 12,300,000 төгрөг нийт 32,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

3.Хариуцагч нь уг орон сууц нь миний хуваарьт хөрөнгө учир Н.Б-д хамааралгүй, бид 2020 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд 2020 оны зуданд их мал үрэгдсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 133/ШШ2022/00202 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Н.Б болон хариуцагч М.Б нарын гэрлэлтийг цуцалж, 2006 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.М, 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.А нарыг эх Н.Б асрамжид үлдээжээ.

 

Уг шийдвэрийг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 215/МА2022/00023 дугаар магадлалаар хэвээр үлдээж, хариуцагч М.Б-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

 

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/00864 дүгээр Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч М.Б-ийн хяналтын гомдлыг хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.

 

4. Зохигч нь гэрлэлтээ цуцлуулах үедээ эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн байр суурийг илэрхийлж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах талаар бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлээгүй байна.

5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийн 129.1.1. хэсэг зааснаар гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарах тохиолдолд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлохоор тусгасан байна.

Хуулийн дээрх заалтад дурдсан гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарах гэдэгт гэрлэлт цуцлах тохиолдол хамаарна. Тиймээс Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлж, гэр бүлийн гишүүдэд хуваарилах үндэслэл бий болсон байна.

6. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат /4 дүгээр/ багийн 17 дугаар байрны 1 дүгээр орцны ... тоот хаягт байршилтай, 16.9 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг М.Б нь Р.Ц, Ц.Н нараас 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөгөөр худалдан авсан болох нь Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000150 дугаарт бүртгэлтэй хувийн хэргийн материалаар тогтоогдсон бөгөөд уг гэрээг үндэслэн Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 000241675 дугаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг М.Б-д олгожээ.

 

 7. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 228201002417 дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаанаас үзэхэд нэхэмжлэгч Н.Б болон хариуцагч М.Б нар нь 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, уг гэрлэлтийг Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 133/ШШ2022/00202 дугаар шийдвэрээр цуцлуулсан.

8. Тиймээс зохигчийн маргаж буй уг орон сууц нь тэднийг гэрлэснээс хойш хамтран амьдарч байх хугацаанд бий болсон хөрөнгө байна.

 

9. Хариуцагчийн зүгээс “Уг байрны урьдчилгааг өөрийн хуваарьт хөрөнгө болох газрыг зарж бий болгосон, банкны зээлийг төлөхөд Н.Б нь нэг ч төгрөг төлж байгаагүй учир орон сууц миний хуваарьт хөрөнгө.” гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болно гэж заасан.

 

10. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт “гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ” гэж заасан тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, уг орон сууцыг хариуцагчийн хуваарьт хөрөнгө болох нь тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

11. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлэх бөгөөд маргаан бүхий эд хөрөнгө нь гэрлэгчид 2005 оноос 2022 оны хооронд хамтран амьдарч байх хугацаанд бий болсон, энэ хөрөнгийг бий болгоход гэрлэгчдийн хэн аль нь оролцоотой байсан гэж үзэх нь хуульд нийцнэ.

 

12. Тиймээс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 17 дугаар байрны 1- ... тоотод байрлах 16.9 мкв талбайтай 30,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 өрөө орон сууц, 14 адуу, 2 үхэр, 82 хонь, 33 ямаа  зэрэг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй болсон, энэ хугацаанд хүү Б.М, охин Б.А нар төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх зохигчийн дээр дурдсан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэмжээг тогтоохдоо гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох хүү Б.М, охин Б.А нарыг оролцуулан, гэр бүлийн гишүүн 4 хүнд адил тэнцүү хэмжээгээр хуваахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

13. Анхан шатны шүүх орон сууцны болон малын үнэ, уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох үйл баримтыг тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг зөрчөөгүй, зохигчдын тайлбар, хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дах хэсэгт заасан үндэслэлээр гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсгийг хуваарилж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

14. Тиймээс хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 133/ШШ2023/00006 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.Б

                        ШҮҮГЧИД                            Ц.О

                                                         Ч.Э