Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 143/ШШ2022/00570

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

8 920 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 8 320 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Отгондорж , гэр бүлийн хүн Ууганцэцэг нартай 3 жилийн хугацаатайгаар өөрийн малаа маллуулахаар тохирч гэрээ хийсэн билээ. Гэрээний хугацааны явцад хоорондоо үл ойлголцол гарсны учраас гэрээг цуцлахаар болж 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бүх малаа тоолж хүлээн авсан. Малаа хүлээлцэх үед хонь 11 , ямаа 3 , тугалтай үнээ 1 , азарга 1 нийт 16 толгой мал дутаж хохирлоо барагдуулах гээд ярилцаж үзсэн боловч тохиролцоонд хүрээгүй учир хуулийн байгууллагад хандан асуудлаа шийдэх хүсэлтэй байна.

Дутсан мал , түүнийг зах зээлийн үнэлгээгээр үнэлбэл :

-11 хонь 280 000 төгрөг, нийт 3 080 000 төгрөг /хүлээлгэн өгсөн 227 , үүнээс зарлага 18, хүлээлцэхэд 198 хонь авсан/

-3 ямаа 180 000 төгрөг, нийт 540 000 төгрөг /хүлээлгэн өгсөн 135 , үүнээс зарлага 5, хүлээлцэхэд 127 ямаа авсан/

-1 үнээ /тугалтай/ 1 800 000 төгрөг /хүлээлгэн өгсөн 47, үүнээс зарлага 5, хүлээлцэхэд 41 үхэр, 9 тугал авсан/

-1 азарга 3 500 000 төгрөгөөр тус тус үнэлж нийт 8 920 000 төгрөгийн хохирол болсон.

Иймд нийт 8 920 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Лут овогтой Саранцэцэгийн Ууганцэцэг миний бие хамтран амьдрагч  хамт Эрхэмбаатарын 226 хонь, 134 ямаа, 18 адуу, 47 үхэр тоолон авсан нь үнэн. Бод мал нь хээрээр байдаг усалж байхад болно гэсэн билээ. Гэвч 2021 оны 09 дүгээр сарын 12-ноос 15-ны хооронд Эрхэмбаатарын 11 хонь алга болсон. Би Эрхэмбаатарт хэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Ууганцэцэг миний бие хувийн өмч болох 17 хонь алга болсон цагдаад хэлсэн. Эрхэмбаатарт мөн хэлсэн яагаад ялгаж аваад байна. Гаднаас хулгай хийсэн бол ялгаж авах ёсгүй. Дараа нь 2021 оны 10 дугаар сарын 16-нд мал тоолоход 5 ямаа дутсан. Энэ айлын малыг маллахаас өмнө манай мал алдагдаж байгаагүй. Эрхэмбаатар гэдэг хүн малчин авдаг боловч малчнаа мал дутлаа гэж дээрэлхэж агсан тавьдаг гэж нутаг ойр айл хэлж байсан. 2022 оны 06 дугаар сарын 08-нд мал тоолж өгөхөд хурга 126, ишиг 86, тугал 9, унага 4 төл бойжуулж өгсөн нь үнэн билээ. Эрхэмбаатарын нэхэмжлээд байгаа 11 хонь, 3 ямаа, 1 тугалтай үхэр, шарга зүсний азарга зэргийг төлүүлнэ гэсэн байна. Би хулгай хийгээгүй намайг хулгайч гэж ор үндэсгүй хэлэх нь миний сэтгэлд хар толбо үлдээсэн. Цагдаад хандаж тэмдэглүүлж байсан. Иймд үнэн зөвийг олж иргэн намайг энэ хэрэгт буруугүйг тогтоож өгнө үү. Эрхэмбаатар нь өөрөө хулгайч урьд нь Хандсүрэн гэгч хүний үхэр хулгай хийж цагдаад асуугдаж байсан зэрэг нутгийн улсын хэлснээр үнэн болно. Урьд нь мал маллаж байсан хүмүүсийг архи ууж согтуурсан үедээ дээрэлхдэг мөн Ууганцэцэг намайг ойр дотно баймаар байна гээд биед хүрдэг. Энэ байдлаас болоод манай хамтран амьдрагч хардаж явсан. Одоо би ганцаараа байгаа их айж байна. Тугалтай үхэр нь замын осолд орсон. Шарга азарга нь үл мэдэх шалтгаанаар үхсэн болохыг Эрхэмбаатар үзсэн. Миний буруу байхгүй. Гэрээнд заасан унаа өгөөгүй унаагүй байсан. Мал усалдаг мотор нь /1 500 000/ Ууганцэцэг минийх, одоо эвдэрсэн. Ууганцэцэг би өөрийн эзэмшлийн машинаар 9 сар мал хариулсан нь үнэн билээ. Эрхэмбаатар нь сүүлийн сарын цалин болох 600 000 төгрөг 40л бензин өгөөгүй. Удаан байвал гэр бүлийн маргаан гаргах болоод малаа ав гэж удаа дараа хэлж байсан боловч малаа авахгүй ажлын байрны дарамт учруулж дээрэлхэж дарамталдаг байсан. Одоо би айж байна. Яав мотоцикль эвдэрсэн мөн мал усалдаг мотор эвдэрсэн учир энэ хохирлыг иргэж *******аас гаргуулж эргэж намайг хохролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлдээ: Б. Эрхэмбаатартай мал маллах гэрээгээр нүүж ирсэн. 2021 оны 09 дүгээр сарын 05-нд ирсэн нь үнэн билээ. Мал маллах хугацаанд гэрээнд заасан унаа өгөөгүй. Ууганцэцэг би өөрийн эзэмшлийн унаагаар мал эргүүлдэг байсан. Уг унааны эвдрэлийн үнэ болох 1 000 000 төгрөг Эрхэмбаатарын 324 хонь, 213 ямаа, 22 адуу, 50 үхэр зэргийг өөрийн энэ моторын үнэ болох 1 500 000 төгрөг сүүлийн сарын цалин 600 000 төгрөг мөн 17 хонь, нэгийн үнэ 2 800 000 төгрөг нийт 17 хонины 4 760 000 төгрөг 2 ямаа нэгийн үнэ 180 000 төгрөг нийт ямаа 360 000 төгрөг зэргийг нийт 8 320 000 төгрөгийг иргэн *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ийн сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа. Зарим хэсгийг хүлээн зөвшөөрнө мал хүлээлцэхэд мал дутсан учир сүүлийн сарын цалин бензиний үнийг өгөөгүй. Тооцоо хийж байгаад өгье гэж өөрт нь хэлсэн. Өөрөө мэдэж байгаа. 17 хонь 2 ямаа нь өөрийнх нь манай малд нийлүүлж маллаж байсан мал юм болов уу гэж бодож байна. Ямар мал хэдэн тоо толгойг хэзээ алдсаныг бид мэдэхгүй. Ер нь хэчнээн мал манай малд нийлүүлснийг би мэдэхгүй. Хэчнээн мал нийлүүлсэн бэ гэж асуухад би мэдэхгүй гэж байсан хүн шүү дээ. Иймд мал төлөхийг би зөвшөөрөхгүй. Мотор машин унааны эвдрэл нэхсэн би зөвшөөрөхгүй. Учир нь өөрийнхөө тэдгээр зүйлийг бүрэн бүтэн аваад буцсан. Маллаж байх үед нь сэлбэгийг нь өгдөг байсан. Ер нь бодоход өвөл хаврын саруудыг ус бууцыг асуудалгүйгээр өвөлжөөд буцсан гэжээ

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 06 дугаар сарын 28 эсвэл 29-ний өглөө Улаанбаатараас том машинтай Өмнөговь руу ачаа тээвэрлэж явсан явсан. Замд тугалтай үхэр байсан. 06 дугаар сарын 28, 29-ний үед. Өчигдөр Мобиком дээр очоод утасны жагсаалт авах гэсэн 3 сараас хойших нь арилчихдаг юм байна. Тэгээд үхэр тугал гаргачихсан байна. Манайх мөн үү? биш үү? аваарай гэж хэлэх гээд залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Маргааш өглөө нь буцаад Улаанбаатар хот явах замд нөгөө тугалтай үхэр үхчихсэн байсан. Нялх тугал эхтэйгээ хоёулаа үхчихсэн байсан. Энэ хүмүүс мэдээгүй байж болно. Би хэлэх гэж олон удаа залгасан боловч утас нь холбогдоогүй. Үхсэн хойно нь холбогдсон. Тэгээд би үүнийг төлүүлнэ. Тугалтай үхэр дээр нэг хариуцлагатай. Дараа нь азарганы асуудал байна. Мал өвдөөд үхсэн байхад би төлүүлэхгүй. Анхнаасаа ийм хэлцээр хийсэн. Энэ азарга бол өвдсөн үү? дайруулсан уу? гэдэг нь мэдэгдэхгүй байгаа. Хэдийд адуу алга болсон гэдэг билээ тэрнээс хойш энэ хүн надад азарга олдохгүй байна гэж урт хугацааны дараа хэлсэн. Азарга бол хол байгаагүй. Байсан газраас нь 2 км зайд хонины бэлчээр биш, хурганы бэлчээрт байсан. Эд нарыг би хариуцлагагүй байна гэсэн. Яг тухайн үед хажуу айлынх нь азаргыг 3 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр мөнгөө л гаргуулна гэсэн. Тухайн үед өгсөн, авсан хүмүүс нь байгаа. Тухайн азарганы үнэ хэлсэн хүн нь байгаа. Би тэр азарга авсан үнээрээ өөрийнхөө үхсэн азаргыг үнэлсэн. Энэ хүмүүсээр үхсэн мал төлүүлнэ гээгүй. Гэхдээ амьд сэрүүн хурганы бэлчээрт байх хугацаанд нь харах ёстой байсан. Энэ хүмүүсийн ажил нь учраас. Би тэгж бодож үүн дээр нэхэмжлэл гаргасан. Дараа нь тэр бага малууд бол тодорхой. Бид нар хүлээлцэж өгөөд удаагүй байсан. Би Өвөрхангай явж байсан.Танайхаас 11 хонь 3 ямаа алга болчихлоо гэж энэ хүн өөрөө надад хэлсэн. Би тэрийг мэдээгүй.Эхнэр бид хоёр хамт явж байсан тэгээд яагаад ялгасан юм шиг манайхаас алга болдог байна цагдаа сэргийлэхэд хэлээрэй. Хурдан олоорой гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үхэр дээр тайлбар хэлэхэд 05 сарын 18-нд Номгон суман дээр Үе тэнгийн уулзалт болсон. Би тийшээ явсан байсан.Тэгээд унаагүй би унаагаа унаад явчихсан байсан. Энэ хүн мэдэж байгаа. Энэ хүнийг ирж хонь авахад нь би 2,3 хоногоос уулзалтад явна гэж хэлсэн тэгээд явсан. Тэгээд өглөө нь аймаг дээрээс над руу залгаж байсан. Өмнө нь залгасан гэсэн би мэдээгүй. Дугааруудыг бүгдийг нь мэдэж байгаа. Тэр адууг би зөндөө хайсан. Манай дүү ч бас 2,3 хоногоор явж хайсан. Тэрийг нутгийнхан бүгд мэдэж байгаа. Над шиг тэгж азарга хайж тэнээд явж байсан өөр хүн байхгүй. Эр нөхөр ч байхгүй, азарга ч байхгүй гэж хүмүүсийн доог болоод явж байсан. Эр хүнийг болохоор энэ хүн архи өгч над руу турхирдаг байсан. Одоо ч гэсэн байхгүй байгаа. Тэгээд дараа нь адуу нь үхсэн байна гэсэн. Тэгээд би үхсэн юм чинь төлөхгүй гэдгээ хэлсэн. 11 хонь бол аваад 7 хоноогүй байхад алга болсон. 09 дүгээр сарын 05-нд мал аваад 09 дүгээр сарын 12-нд би тоолсон тэгэхэд ялгаад авчихсан юм шиг 11 хонь алга байсан. Эдний мал өөр будагтай, манай мал өөр будагтай болохоор тоолоод эднийх байхгүй байна гэдгийг энэ хүнд хэлсэн. Эхнэрт нь хэлээгүй энэ хүн эзэн нь учраас гэж бодоод. Дараа нь тоолоход манай 17 хонь алга болсон. Би тэр болгоныг цагдаад хэлж байсан. Цагдаад хэлсэн бичлэг нь байгаа. Дараа нь 5 ямаа алга болсон. Тэгээд ямаа самнахад эдний 3, манай 2 ямаа алга болсон байсан. Төлөхгүйн хувьд төлөхгүй. Айлын малчин гэхээрээ хулгайч байх албагүй биз дээ. *******ын малчин гэхээрээ хулгайч байх албагүй биз дээ. ******* дандаа шүүхээр явдаг гэж сонссон. Би өмнө нь энэ хүний сайн мууг нь мэдээгүй. Хэн хэндээ дэм тустай явах байх гэж бодсон. Тийм зүйл болоогүй. Харин ч би илүү их хохирсон. Байсан өвөлжөө бууцаа зохицуулчихсан байсан орхиод нүүсэн. Нүүхэд их зардал гарсан. Манай хавийнхан бүгд мэднэ. 2,3 гэр бариад тохижуулчихсан байсан энэ айлын малыг маллах гээд орхиод нүүгээд ирсэн. Би хамтрагчтай байсан учраас маллана гэсэн. Надад мал маллах шаардлагагүй. Тийм учраас би 05 дугаар сар гаргаад манай хүн явсан. Түүнээс хойш мал ав гэж хэлсэн боловч аваагүй. Мал эзэнтэй болтол байж бай гээд дарамталдаг байсан. Энэ бол ажлын байрны дарамт. Би ганцаараа чадахгүй шүү дээ. Мотороо ч асааж чадахгүй. Мотор эвдэрчихсэн айлд байгаа. Засуулах мөнгө байхгүй засуулах боломжгүй байж байгаа. Тэрийгээ засуулж авна. Мотоцикл эвдрээд би 1 500 000 төгрөгөөр хүнээс хуучин мотоцикл авч унасан. Шинэ мотоцикл 3 000 000 төгрөг гараад явчихсан үнэтэй байсан. Тийм боломж надад байхгүй. Хэрэв манай 17 хонь байсан бол би зараад мотоцикл авах бүрэн боломжтой байсан. Би *******ыг харддаг. Хардах эрх надад байгаа гэж бодож байна. Энэ хүн намайг авсан гэж шууд гүтгэж, нэр төрд халдаж байна. Би өөрийн нэр төрөө цэвэрлүүлж авна. Би мал маллаж сайн нэртэй явж байсан болохоос айлын малчин хулгайч, худалчаараа дуудуулах явах учиргүй. Энэ хүн намайг тэгж дуудаж байгаа. Тэгээд завсраар нь өөр хүний нэр холбогдож байгаа. Тэр хүнд хэлээд дуудах боломжтой гэж бодож байна. Азарган дээр тодруулж хэлэхэд би 06 дугаар сарын 02-ны өдөр автын үзлэг Цэцийд болсон. Би тэнд очиж оношилгоонд нь орсон. Тэр адуу чинь нэг өнжиж ирж уудаг байсан. Намайг ирэхэд алга байсан тэгээд би явж хайсан. Яваагүй биш явсан. Тэр хавийн бүх айлуудаас асуусан ч болно. Ямар байдалтай хаана хүртэл явсныг, хүнээр мэргэлүүлж үзээд явсан. Холгүй байна гэж хэлсэн холгүй гэж хаана байх билээ гээд явсан. Ийм л зүйл болсон гэв.

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан 8 920 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, ******* нь *******т холбогдуулан 8 320 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч 8 920 000 гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын шаардлагаа 11 хонь 280 000 төгрөг, 3 ямаа 180 000 төгрөг, 1 үнээ /тугалтай/ 1 800 000 төгрөг, 1 азарга 3 500 000 төгрөгөөр тус тус үнэлсэн гэжээ,

Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ... Эрхэмбаатарын нэхэмжлээд байгаа 11 хонь, 3 ямаа, 1 тугалтай үхэр, шарга зүсний азарга зэргийг төлүүлнэ гэсэн байна. Би хулгай хийгээгүй намайг хулгайч гэж ор үндэсгүй хэлэх нь миний сэтгэлд хар толбо үлдээсэн. Цагдаад хандаж тэмдэглүүлж байсан. Иймд үнэн зөвийг олж иргэн намайг энэ хэрэгт буруугүйг тогтоож өгнө үү... гэсэн тайлбар гаргаж маргажээ.

Талуудын тайлбар болон хэрэг авагдсан баримтуудаас үзэхэд ******* нь Отгондорж, ******* нартай 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Малчны гэрээг 3 жилийн хугацаатай байгуулжээ. Энэ гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ******* нь Б.Эрхэмбаярын малыг маллах ажлыг эрхэлж байсан байна.

Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэрээг 2 хүнтэй байгуулсан хэдий ч гэрээний үүргийг зөвхөн *******ээс шаардах агуулга бүхий тайлбар гаргажээ.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба талуудын хооронд дээрх гэрээ байгуулагдсан байна.

Талуудын хооронд Малчны гэрээ нэртэй хөлсөөр ажиллах гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан боловч хоорондын үл ойлголцлын улмаас талууд ярилцаж, гэрээг цуцлахаар тохиролцож 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр малаа хүлээлцэхэд *******ын малаас хонь 11 , ямаа 3 , тугалтай үнээ 1 , азарга 1 нийт 16 толгой мал дутсан нь талуудын тайлбараар нотлогдож дээрх үйл баримтад зохигчид маргаагүй.

Хариуцагч ******* нь дутсан мал нь хулгайд алдагдсан энэ тухай Цагдаагийн байгууллагад тэмдэглүүлж байсныг сумын хэсгийн төлөөлөгчтэй утсаар ярьсан бичлэг нотолно гээд тухай бичлэгийг шүүх хуралдаанд шинжлэн судлуулж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

Зохигчдын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан Малчны гэрээний Гурав.Талуудын хариуцлага хэсэгт Малчин өөрийн буруугаас үүссэн малын хорогдлыг малчин хариуцна. Үүнд: бороо, нохой, шавар шавхай, ус үер, адгуус амьтан, хулгайд алдах, сохор, доголон болгох гэх мэт гэж заасан байх ба *******ын малаас 11 хонь, 3 ямаа хулгайд алдагдсан ба энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, би бодохдоо ******* нь өөрөө энэ малнуудаа авчхаад нэхээд байгаа байх гэсэн хариуцагчийн тайлбараас үзвэл дээрх 14 тооны малыг ******* авсан гэдэг тайлбараа хариуцагч хуульд зааснаар өөрөө нотлох хэрэв энэ тухай нотлох баримт байгаа тохиолдолд шүүхэд өөрөө гаргаж өгөх үүрэгтэй ба хариуцагч дээрх татгалзлаа хуульд зааснаар нотлоогүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар ******* нь гэрээнд зааснаар хулгайд алдагдсан малыг *******ээс шаардах эрхтэй байна. Харин 1 тугалтай үнээ, 1 азарга үхсэн нь *******т хамаарах шалтгаанаар үхсэн тухай нотлох баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх хохирлыг хариуцагч арилгах үүрэггүй байна гэж үзлээ.

Шүүх 14 тооны бог малын үнийг тооцохдоо шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч одоо бол зах зээлийн үнэ хонь 200 000 төгрөг, ямаа 100 000 төгрөгийн ханштай байгаа гэсэн тайлбарыг нэхэмжлэгч няцаасан тайлбар гаргаагүй, зохигчдын хэн аль нь ч эд зүйлийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй тул 1 хонь 200 000 төгрөг, 1 ямаа 100 000 төгрөгөөр тооцож, 11 хонь * 200 000 = 2 200 000 төгрөг, 3 ямаа * 100 000 = 300 000 төгрөг нийт 2 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

8 320 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд

Хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ *******ын малыг маллаад манай мал хамт байх үед манай малаас 17 хонь /1 хонь 280 000 төгрөг/, 2 ямаа / 1 ямаа 180 000 төгрөг/ алга болсон, мотор /1 500 000 төгрөг/ маань мал усалсаар байгаад эвдэрсэн. Эдний малыг хамт усалдаг байсан, мотоцикл /үнэ 1 000 000 төгрөг/ бас мал хариулах хэрэгцээнд явж байгаад эвдэрсэн учир *******аар төлүүлнэ гэж,

Хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч сүүлийн сарын цалин 600 000 төгрөг, шатахууны үнэ 100 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргасан ба шүүх нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зөвшөөрсөн үнийн дүн буюу цалин 600 000 төгрөг, 40 литр шатахууны үнэ 100 000 төгрөг нийт 700 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгов.

Хариуцагч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 17 хонь, 2 ямаа, мотор, мотоцикл зэргийг *******аас шаардах шаардлагын үндэслэлээ нотлоогүй өөрөөр хэлбэл ******* нь гэрээний үүргээ зөрчсөн эсхүл түүний үйлдэл буюу эс үйлдэхүйтэй холбогдон учирсан хохирлын улмаас хариуцагч шаардах эрхтэй гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх нэхэмжлэлийн шарлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан Малчны гэрээ /хх-3-4/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шүүхэд нотлох баримтыг эхээр нь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлагыг хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, харин гэрэл зураг /хх-20-21, 34/, шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хэвтэж байгаа мал бүхий А4 хэмжээтэй зураг нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, CD бичлэгт бичигдсэн дууны бичлэг нь алдагдсан малыг холбогдох байгууллагад бүртгүүлсэн үйл баримтыг нотолсон баримт боловч зохигчдын маргааны зүйлийг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118, 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.      Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх зааснаар хариуцагч *******ээс 2 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т, нэхэмжлэгч *******аас 700 000 төгрөг гаргуулан хариуцагч *******т тус тус олгосугай.

2.      Нэхэмжлэгч *******ын илүү нэхэмжилсэн 6 420 000 төгрөг, хариуцагч *******ийн илүү нэхэмжилсэн 7 620 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 670 төгрөг, хариуцагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 374 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 54 950 төгрөг гаргуулан *******т, нэхэмжлэгч *******аас 21 350 төгрөг гаргуулан ******* нарт тус тус олгосугай

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.УГТАХБАЯР