Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 203/МА2023/00011  

 

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2022/00570 дугаар шийдвэртэй,

Б.*******ын нэхэмжлэлтэй,

О.*******т хариуцагдах,

“8920000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “8320000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч О.*******ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч О.*******,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр *******, гэр бүлийн хүн ******* нартай 3 жилийн хугацаатайгаар өөрийн амины малаа маллуулахаар тохирч гэрээ хийсэн билээ. Гэрээний хугацааны явцад хоорондоо үл ойлголцол гарсан учраас гэрээг цуцлахаар болж 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бүх малаа тоолж хүлээн авсан.

Малаа хүлээлцэх үед хонь-11 , ямаа-3 , тугалтай үнээ-1, азарга-1, нийт 16 толгой мал дутаж хохирлоо барагдуулах гээд ярилцаж үзсэн боловч тохиролцоонд хүрээгүй учир хуулийн байгууллагад хандан асуудлаа шийдэх хүсэлтэй байна.                                                     

Дутсан малыг зах зээлийн үнэлгээгээр үнэлбэл:

-11 хонь 280000 төгрөг, нийт 3 080 000, 3 ямаа 180000 төгрөг, нийт 540000 төгрөг, 1 үнээ /тугалтай/ 1800000 төгрөг, 1 азарга 3500000 төгрөгөөр тус тус үнэлж нийт 8920000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мал хүлээлцэхэд мал дутсан учир сүүлийн сарын цалин, бензиний үнийг өгөөгүй. Тооцоо хийж байгаад өгье гэж өөрт нь хэлсэн. 17 хонь, 2 ямаа нь өөрийнх нь манай малд нийлүүлж маллаж байсан мал юм болов уу гэж бодож байна.

Малаа алдсан гэж ярьж байсан. Ямар мал хэдэн тоо толгойг хэзээ алдсаныг бид мэдэхгүй. Ер нь хичнээн мал манай малд нийлүүлснийг би мэдэхгүй.

Иймд мал төлөхийг би зөвшөөрөхгүй. Мотор, мотоцикль, машин унааны эвдрэл нэхсэнийг нь би зөвшөөрөхгүй.  Учир нь өөрийнхөө тэдгээр зүйлийг бүрэн бүтэн аваад буцсан.  Мал маллаж байх үед сэлбэгийг нь өгдөг байсан. Өвөл хаврын саруудад ус бууцны асуудалгүй өвөлжөөд буцсан гэжээ.

Хариуцагч О.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: О.******* миний бие хамтран амьдрагч Т.*******ын хамт *******ын 226 хонь, 134 ямаа, 18 адуу, 47 үхэр тоолон авсан нь үнэн.

 Бод мал нь хээрээр байдаг усалж байхад болно гэсэн билээ. Гэвч 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Б.*******ын 11 хонь алга болсон. Би Б.*******т хэлсэн “танай мал нэг нэгнийгээ иддэггүй биз дээ.” Танай мал дангаараа алга гэж хэлсэн. Би төлж чадахгүй.

 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө О.******* миний хувийн өмч болох 17 хонь алга болж цагдаад мэдэгдсэн. Б.*******т мөн хэлсэн. Яагаад энэ малыг ялгаж аваад байна. Гаднаас хулгай хийсэн бол ялгаж авах ёсгүй.

Дараа нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мал тоолоход 5 ямаа дутсан. 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мал тоолж өгөхөд хурга 126, ишиг 86, тугал 9, унага 4 төл бойжуулж өгсөн нь үнэн билээ. Дутагдсан малын үнийг төлөхгүй.

 Би хулгай хийгээгүй. Намайг хулгайч гэж ор үндэсгүй хэлж миний сэтгэлд хар толбо үлдээсэн. Цагдаад хандаж тэмдэглүүлж байсан. Иймд үнэн зөвийг олж өгнө үү.

Манай алдагдсан 17 хонины үнэ 4760000 төгрөг , 2 ямааны үнэ 360000 төгрөг, нийт 8320000 төгрөгийг иргэн Б.*******аас гаргуулж өгнө үү.

Гэрээнд заасан унаа өгөөгүй учир өөрийн эзэмшлийн машин, мотоциклоор мал эргүүлдэг байсан боловч уг унаа эвдэрсэн. Үүний үнэ, элэгдэл 1000000 төгрөг, гүний усны мотор эвдэрсний үнэ 1500000 төгрөг, сүүлийн сарын цалин, бензин нийт 700000 төгрөг зэргийг Б.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.*******ээс 2500000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т, нэхэмжлэгч Б.*******аас 700000 төгрөг гаргуулан хариуцагч О.*******т тус тус олгож,

Нэхэмжлэгч Б.*******ын илүү нэхэмжилсэн 6420000 төгрөг, хариуцагч О.*******ийн илүү нэхэмжилсэн 7620000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157670 төгрөг, хариуцагч О.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150374 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******ээс 54950 төгрөг гаргуулан Б.*******т, нэхэмжлэгч Б.*******аас 21350 төгрөг гаргуулан О.*******т тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч О.******* давж заалдах гомдолдоо: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэг, 227 дугаар зүйлийн 227.1 хэсэгт зааснаар Б.*******ыг надаас 2500000 төгрөг шаардах эрхтэй байна хэмээн үзэж 2500000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Одоо цаг муу, мал муу байхад ямар ч хөндлөнгийн үнэлгээ гаргахгүйгээр шууд хохирогчийн хэлсэн дүнгээр 1 хонь 200000 төгрөг, ямаа 100000 төгрөг гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Ялангуяа малын үнийг тогтоохдоо тарган туранхай байдал, нас, хүйс зэргийг харгалзан үзэж байж үнэлгээ тогтоох ёстой. Гэтэл ямар насны ямар ямар мал байсан, 200000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт баримтгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэнд гомдолтой байна.

Иймд миний гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алдсан малаа нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүнээс өөрийнхөө авчирч хэрэглэж байсан зүйлүүдээ гаргуулж авах л хүсэлтэй байна. Мотор нь мотор засдаг айлд засуулна гээд тавьсан. Би өөрийнхөө юмийг эвдээгүй болохоор өөрөө гаргах ёсгүй гэж үзээд хүлээж байна гэв.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Б.*******ын нэхэмжлэлтэй, О.*******т холбогдох иргэний хэргийг хариуцагч О.*******ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.******* нь *******, ******* нараас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт /хонь-11 , ямаа-3 , тугалтай үнээ-1, азарга-1 нийт 16 толгой мал дутагдуулсны үнэ/ 8920000 төгрөгийг гаргуулан авна  гэж нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч мотоциклийн үнэ, элэгдэл 1000000 төгрөг, гүний усны моторын үнэ 1500000 төгрөг, сүүлийн сарын цалин, бензин нийт 700000 төгрөг, 17 хонины үнэ 4760000 төгрөг, 2 ямааны үнэ 360000 төгрөг нийт 8320000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 Анхан шатны шүүх нь “14 тооны бог малын үнийг тооцохдоо шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч одоо бол зах зээлийн үнэ хонь 200000 төгрөг, ямаа 100000 төгрөгийн ханштай байгаа гэсэн тайлбарыг нэхэмжлэгч няцаасан тайлбар гаргаагүй, зохигчдын хэн  аль нь ч эд зүйлийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй тул 1 хонь 200000 төгрөг, 1 ямаа 100000 төгрөгөөр тооцож, ...11 хонь, 3 ямааны үнэ 2500000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг хариуцагч С.******* эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна. /хх-55, 58/

Шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэлээс үзэхэд /хх-49/ даргалагчаас ...талууд хонь 280000 төгрөг, ямаа 120000 төгрөг гэж үнэлсэн байна, энэ зах зээлийн ханш уу гэж асуухад хариуцагч ...Би бол Б.*******ын мал ийм үнэтэй байгаа бол манай мал адилхан үнэтэй гэж үзсэн. Одоо бол зах зээлийн үнэ хонь 100000 төгрөг гаруй, ямаа бол 100000 төгрөг хүрэхгүй байгаа” гэж хариулснаас үзэхэд малын үнэлгээний талаар шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч *******, ******* нарт холбогдуулан /хх-1/ хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт дутагдуулсан малын үнэ 8920000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор нэхэмжилж буй үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ид нэхэмжлэлийг гардуулах ажиллагааг шүүх хийгээгүй, шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авах эсэх асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлээгүй зэрэг зөрчлүүдийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, дутсан малын тарган туранхай, нас, хүйс, тухайн үеийн зах зээлийн үнэлгээ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн гэсэн агуулга бүхий хариуцагч С.*******ийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2022/00570 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч С.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ГЭРЭЛМАА

                                         ШҮҮГЧИД                                    Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                           М.МӨНХДАВАА