Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 04

 

Ч. нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 133/ШШ2019/00018 дугаар шийдвэртэй,

 

Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хорооны Зээлийн 24 гудамжны 35А тоотод оршин суух Их мянган овгийн Ч Б /РД: ДЭ83041903/ нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багт оршин суух Арцоохор овгийн Б С /РД: ДЕ85010711/ холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Чу Б нь нөхөр болох Баярмагнай овогтой Сүхжаргалтай 2009 онд танилцаж 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хуримаа хийсэн. 10 хоногийн дараа манай хадам ээж, нөхөр хоёр өнчин ишиггүй ирсэн гэж байнга дарамтлах болсон. Би өөрийн охин болох С.У 6 настай охинтойгоо очиж байсан. 2011 оны 09 дүгээр сарын 12-нд бага охин С.С төрсөн. 2011 онд охиноо гаргаад 14 хоногтой байхад өнчин ишиггүй ирсэн чинь үнэн биздээ, чи хүүхдийнхээ даавууг өөрөө угаа гэж зодож байсан. Үүнээс болоод тархи толгой өвдөг болсон. 2014 онд ийм асуудал болоод муудалцаж байсан. Тэгэхэд бага хүүхдээ булаацалдаад намайг зодсон. Хүүхэд авч зугтаахаар нь би хүүхдээ авч байж явна гэж хэлээд цагдаа дээр очиход эх үр хоёрыг салгадаггүй юм, та нар шүүхээр яв гэж хэлсэн. Тэгээд хүүхдээ авах гээд очсон боловч манай хадам ээж хүүхдийг маань гэртээ оруулаад цоожилсон байсан. Эвлэрүүлэн зуучлал дээр хэрэг байхад би ирж тайлбар өгчихөөд явж байгаад гудманд ухаан алдаж унасан байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд жирэмсэн байсан. Тэр үед нөхөртэй хэлээд эмнэлэгт ирж үзүүлээд хоёр ихэр хүүхэд гэдгийг мэдсэн боловч хөдөө очоод намайг хүүхдээ авахуул гэж уурлаад би хоёр ихэр хүүхдээ авахуулсан. Эвлэрүүлэн зуулчлалаар ороод эвлэрээд хоёр жил хамт амьдарсан боловч эргээд хэцүү байдалд байсан. Аав ээж хоёрын тасдаж өгсөн мал өсөөд 160 гаруй болсон. Малжуулах төсөлд ороод 5 сая төгрөгийн буюу 92 тооны мал авсан. Нийт 300 гаруй бог, 9 адуу байгаа. Энэ хоёр жилийн хугацаанд мал дуусахгүй. Тэгэхээр худалдсан байх. Сүхжаргал энэ зун надад хэлэхдээ би чамд юу ч өгөхгүй гэж хэлж байсан. 7 сая төгрөгөөр машин худалдаж авсан, хүний нэр дээр шилжүүлсэн гэж хэлсэн. Тэр хүн нь Рэнцэнгийн эхнэр Энхчимэгийн нэр дээр шилжүүлсэн байсан. Эргээд нийлээд хамт амьдрах боломж байхгүй. Намайг ирэхийн өмнө манай хадам ээж, нөхөр хоёр намайг нийлээд хэл амаар доромжилж байсан. Би энд ирээд хоёр жил ажил хийж өөрийн гэсэн гэр оронтой болоод хоёр хүүхдээ өсгөөд явж байгаа. Би С суухдаа 6 настай охинтой очиж байсан. Би хүүхдээ сургуульд сууж байхад нь хүүхдээ харж байхад чи хороон дээр жаргалаа гэж хэлсэн. Тэгээд том охиноо Улаанбаатар хотод сургуульд суулгаж байгаад аймагт авч ирсэн. Охиноо харах нөхцөл боломж байгаагүй. Бага охиноо гарсны дараа эх орны хишиг өгдөг байсан. Тэгэхэд надад хүүхдийн мөнгө төгрөг өгч байгаагүй. Би тогооч мэргэжилтэй учир хувиараа ойр зуурын ажил хийгээд энэ айлд хувь нэмэр оруулж байсан. Намайг 2016 онд явахад бид хоёрын дундын өмч 2 гэр 1 машин, 1 мотоцикл, 300 гаруй бог, 9 адуу байсан. Бид 2 тусдаа амьдраад 2 жил гаруй болж байна. Одоо энэ хүнтэй хамт амьдрах боломж байхгүй. Иймд гэрлэлт цуцлуулж, 1 охинд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, Гэр их таван ханатай-1.000.000 төгрөг, бод 9-5, 1 азарга-800.000 төгрөг, 2 гүү-800.000 төгрөг, 2 адуу 800.000 төгрөг, бог 300-180, эм ямаа 60, 1 эм ямаа 30.000 төгрөг, 1.800.000 төгрөг, эр ямаа 10, 1 эр ямаа 50.000 төгрөг, 500.000 төгрөг, ишиг 40, 1 ишиг 5.000 төгрөг, 200.000 төгрөг, эр хонь 20, 1 эр хонь 80.000 төгрөг, 1.600.000 төгрөг, эм хонь 30, 1 эм хонь 70.000 төгрөг, 2.100.000 төгрөг, хурга 20, 1 хурга 10.000 төгрөг, 2.000.000 төгрөгөөр үнэлж нийт 9.800.000 төгрөг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Хариуцагч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсон. Тэгээд намар 9 сард хүүхэд сургуульд суухад хүргэн ахынхтай хамт ээлжээр сум орж хүүхдээ хардаг байсан. Сүүлд өөрийн гэрээ сумд оруулж хүүхдээ харж байсан. Цагаан сар өнгөрөөгөөд хавар мал төллөхөөр гэрээ хөдөө авч ирсэн. Манай охиныг хадам эгч аймаг руу шилжүүлнэ гэж хэлээд шилжүүлсэн. Дараа намар нь буцаад сумд сурсан. Б өмнөх нөхөртэйгөө утсаар яриад тэрнээс болоод бид хоёр муудалцаж байсан. 10 хоногийн дараа нүүрсэнд явсан байхад сум дээр хүүхдээ орхиод ширээн дээр захиа бичиж үлдээгээд явсан байсан. Тэгээд сураггүй болсон. Сүүлд хот орсон сурагтай байсан. Иймээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар төлнө. Эд хөрөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрийг гэрлэхээс өмнө аав ээж хоёр бэлдэж өгч байсан учир аавын гал голомтыг өгмөөргүй байна. Манай аав ээж хоёр 50 мал тасдаж өгсөн. Өссөн зүйл байхгүй. 3 жилийн хугацаанд 40 болж байсан. 2015 онд малжуулах төслөөр мал аваад 2016 онд Ц.Б явсан. Тэгээд би 2016 онд малжуулах төслийн зээлээ дарсан. Өссөн зүйл байхгүй хорогдсоор байгаад 30 малтай болсон гэжээ.

 

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Арцоохор овгийн Б С, Их мянган овгийн Ч Б нарын /2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бүртгүүлсэн 04 дугаартай гэрлэлтийн бүртгэлтэй/ гэрлэлтийг цуцалж. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2004 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин С У, 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин С С нарыг эх Ч.Б асрамжид үлдээж. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2004 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин С У, 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин С С нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.С тэжээн тэтгүүлж. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ч.Баярцэцэгт даалгаж. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Б.Сүхжаргал нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж.

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б.С эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгаж. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3, 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.С гэр, малын үнэ 1.210.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гэр малын үнэ 8.590.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Энхчимэгт даалгаж. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342.332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг, 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 3.574.800 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 72.147 төгрөг, гэр малын үнэ 11.210.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 33.590, нийт 245.737 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Ч.Б олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.Б нь Б.С гэр бүл болсоноос хойш төрсөн өөрийн охин С.С асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардага гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй дагавар охин Урангоод тэтгэлэг тогтоож Б.С төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль нийцээгүй. Нэхэмжлэгч Ч.Б хувьд ч шүүх хуралдаан дээр охин У тэтгэлэг тогтоолгохгүй гэдэг. Хариуцагч Б.С шүүх хуралдаанд тайлбарласнаар Ч.Б нь одоо том охин У төрсөн эцэгтэй цуг амьдардаг, биологийн эцэг нь амьд сэрүүн цуг амьдарч байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 21.1 дүгээр зүйлд зааснаар хүүхэд төрснөөр эцэг эх хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ. С.У тэжээн тэтгэх үүрэг нь түүний төрсөн эцэгт ногдох үүрэг байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Б.С охин У тэтгэлэг тогтоосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б.С холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, их таван ханатай гэр-1.000.000 төгрөг, бод 5, 1 азрага-800.000 төгрөг, 2 гүү-800.000 төгрөг, 2 адуу 800.000 төгрөг, бог 180, эм ямаа 60, 1 эм ямаа 30.000 төгрөг, 1.800.000 төгрөг, эр ямаа 10, 1 эр ямаа 50.000 төгрөг, 500.000 төгрөг, ишиг 40, 1 ишиг 5.000 төгрөг, 200.000 төгрөг, эр хонь 20, 1 эр хонь 80.000 төгрөг, 1.600.000 төгрөг, эм хонь 30, 1 эм хонь 70.000 төгрөг, 2.100.000 төгрөг, хурга 20, 1 хурга 10.000 төгрөг, 2.000.000 төгрөгөөр үнэлж, нийт 9.800.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Арцоохор овгийн Б С, Их мянган овгийн Ч Б нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6

4.

дахь хэсэгт зааснаар 2004 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин С У, 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин С С нарыг эх Ч.Б асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2004 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин С У, 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин С С нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.С тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.С өмгөөлөгч Ж.Дорждэрэм нь давж заалдах гомдолдоо:  С.У нь Б.С хүүхэд биш, 6 настай байхдаа Ц.Б дагаж очсон энэ талаар талууд маргадаггүй тул Урангоог Б.С тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Энэ үүргийг түүний биологийн эцэг хүлээх ёстой хэмээн маргажээ.

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2004 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин С У, 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин С С нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.С тэжээн тэтгүүлж шийдвэрлэсэн  нь үндэслэл бүхий байна.

Хэрэгт авагдсан 0000685736/Г-53 дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээнд Ар цоохор овгийн Сүхжаргалын У нь 2004 оны 12 сарын 19-ний өдөр төрсөн, эцгийн овог нэр Ар цоохор овгийн Б С, эхийн овог нэр Их мянган овгийн Ч Б гэж бүртгэгдсэн байх бөгөөд гэрлэгчид эхнэр, нөхөр болон амьдрах явцад Гэр бүлийн тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр үр хүүхдийн харилцаа үүсч, охин Урангоогийн эцэг нь захиргааны журмаар тогтоогдож, хариуцагч Б.С овоглогдсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Шүүхийн шийдвэрээр эхнэр, нөхрийн харилцааг дуусгавар болгож гэрлэлтийг цуцалсан хэдий ч, хүүхдийг эцгээр нь овоглон олгосон иргэний бүртгэл хүчин төгөлдөр байхад шүүх биологийн эцэг биш гэх үндэслэлээр эцгийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэлгүй ба чөлөөлсөн тохиолдолд хүүхдийн эрх ашиг зөрчигдөхөөр байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт дагавар хүүхэд, хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн хүрээнд С.У, С.С нарын асрамж, тэтгэлгийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хүүхдийн эрх ашигт нийцсэн  байна.

Иймд 2004 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин С У хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.С тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 133/ШШ2019/00018 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Б.С өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасны дагуу хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.081 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.ЭНХТӨР

                     

                              ШҮҮГЧИД                              Т.ЖАРГАЛСАЙХАН                        

 

                                                                      Ш.БАТТОГТОХ