Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 18

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Б-н нэхэмжлэлтэй,
хариуцагч: Б.С-д холбогдох,
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Б /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М /онлайнаар/, хариуцагч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь нөхөр болох Б овогтой С-тай 2009 онд танилцаж 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хуримаа хийж байсан. 10 хоногийн дараа манай хадам ээж өнчин ишиггүй ирсэн гэж дайрч давшилж байсан. Тэрнээс хойш манай хадам ээж нөхөр хоёр өнчин ишиггүй ирсэн гэж байнга дарамтлах болсон. Би өөрийн охин болох С.У 6 настай охинтойгоо очиж байсан. 2011 оны 09 дүгээр сарын 12-нд бага охин минь гарсан. С.С гэдэг. 2011 онд охиноо гаргаад 14 хоногтой байхад өнчин ишиггүй ирсэн чинь үнэн биздээ, чи хүүхдийнхээ даавууг өөрөө угаа гэж зодож байсан. Үүнээс болоод тархи толгой өвдөг болсон. 2014 онд ийм асуудал болоод муудалцаж байсан. Р аймгаас ирээд тавилга ачиж явсан. Тэгэхэд бага хүүхдээ булаацалдаад намайг зодсон. Хүүхэд авч зугтаахаар нь би хүүхдээ авч байж явна гэж хэлээд цагдаа дээр очиход эх үр хоёрыг салгадаггүй юм, та нар шүүхээр яв гэж хэлсэн. Тэгээд хүүхдээ авах гээд очсон боловч манай хадам ээж хүүхдийг маань гэртээ оруулаад цоожилсон байсан. Эвлэрүүлэн зуучлал дээр хэрэг байхад би ирж тайлбар өгчихөөд явж байгаад гудманд ухаан алдаж унасан байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд жирэмсэн байсан. Тэр үед нөхөртэй хэлээд эмнэлэгт ирж үзүүлээд хоёр ихэр хүүхэд гэдгийг мэдсэн боловч хөдөө очоод намайг хүүхдээ авахуул гэж уурлаад би хоёр ихэр хүүхдээ авахуулсан. Эвлэрүүлэн зуулчлалаар ороод эвлэрээд хоёр жил хамт амьдарсан боловч эргээд хэцүү байдалд байсан. Аав ээж хоёрын тасдаж өгсөн мал өсөөд 160 гаруй болсон. Малжуулах төсөлд ороод 5 сая төгрөгийн буюу 92 тооны мал авсан. Нийт 300 гаруй бог, 9 адуу байгаа. Энэ хоёр жилийн хугацаанд мал дуусахгүй. Тэгэхээр худалдсан байх. С энэ зун надад хэлэхдээ “би чамд юу ч өгөхгүй” гэж хэлж байсан. 7 сая төгрөгөөр машин худалдаж авсан, хүний нэр дээр шилжүүлсэн гэж хэлсэн. Тэр хүн нь Р-н эхнэр Э-н нэр дээр шилжүүлсэн байсан. Эргээд нийлээд хамт амьдрах боломж байхгүй. Намайг ирэхийн өмнө манай хадам ээж, нөхөр хоёр намайг нийлээд хэл амаар доромжилж байсан. Би энд ирээд хоёр жил ажил хийж өөрийн гэсэн гэр оронтой болоод хоёр хүүхдээ өсгөөд явж байгаа. Би С-тай суухдаа 6 настай охинтой очиж байсан. Би хүүхдээ сургуульд сууж байхад нь хүүхдээ харж байхад чи хороон дээр жаргалаа гэж хэлсэн. Тэгээд том охиноо Улаанбаатар хотод сургуульд суулгаж байгаад аймагт авч ирсэн. Охиноо харах нөхцөл боломж байгаагүй. Бага охиноо гарсны дараа эх орны хишиг өгдөг байсан. Тэгэхэд надад хүүхдийн мөнгө төгрөг өгч байгаагүй. Би тогооч мэргэжилтэй учир хувиараа ойр зуурын ажил хийгээд энэ айлд хувь нэмэр оруулж байсан. Намайг 2016 онд явахад бид хоёрын дундын өмч 2 гэр 1 машин, 1 мотоцикл, 300 гаруй бог, 9 адуу байсан. Бид 2 тусдаа амьдраад 2 жил гаруй болж байна. Одоо энэ хүнтэй хамт амьдрах боломж байхгүй. Иймд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, Гэр их таван ханатай-1.000.000 төгрөг, бод 9-5, 1 азарга-800.000 төгрөг, 2 гүү-800.000 төгрөг, 2 адуу 800.000 төгрөг, бог 300-180, эм ямаа 60, 1 эм ямаа 30.000 төгрөг, 1.800.000 төгрөг, эр ямаа 10, 1 эр ямаа 50.000 төгрөг, 500.000 төгрөг, ишиг 40, 1 ишиг 5.000 төгрөг, 200.000 төгрөг, эр хонь 20, 1 эр хонь 80.000 төгрөг, 1.600.000 төгрөг, эм хонь 30, 1 эм хонь 70.000 төгрөг, 2.100.000 төгрөг, хурга 20, 1 хурга 10.000 төгрөг, 2.000.000 төгрөгөөр үнэлж нийт 9.800.000 төгрөг гаргуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсон. Тэгээд намар 9 сард хүүхэд сургуульд суухад хүргэн ахынхтай хамт ээлжээр сум орж хүүхдээ хардаг байсан. Сүүлд өөрийн гэрээ сумд оруулж хүүхдээ харж байсан. Цагаан сар өнгөрөөгөөд хавар мал төллөхөөр гэрээ хөдөө авч ирсэн. Манай охиныг хадам эгч аймаг руу шилжүүлнэ гэж хэлээд шилжүүлсэн. Дараа намар нь буцаад сумд сурсан. Б өмнөх нөхөртэйгөө утсаар яриад тэрнээс болоод бид хоёр муудалцаж байсан. 10 хоногийн дараа нүүрсэнд явсан байхад сум дээр хүүхдээ орхиод ширээн дээр захиа бичиж үлдээгээд явсан байсан. Тэгээд сураггүй болсон. Сүүлд хот орсон сурагтай байсан. Иймээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар төлнө. Эд хөрөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрийг гэрлэхээс өмнө аав ээж хоёр бэлдэж өгч байсан учир аавын гал голомтыг өгмөөргүй байна. Манай аав ээж хоёр 50 мал тасдаж өгсөн. Өссөн зүйл байхгүй. 3 жилийн хугацаанд 40 болж байсан. 2015 онд малжуулах төслөөр мал аваад 2016 онд Ц.Б явсан. Тэгээд би 2016 онд малжуулах төслийн зээлээ дарсан. Өссөн зүйл байхгүй хорогдсоор байгаад 30 малтай болсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б.С-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулах, их таван ханатай гэр-1.000.000 төгрөг, бод 5, 1 азрага-800.000 төгрөг, 2 гүү-800.000 төгрөг, 2 адуу 800.000 төгрөг, бог 180, эм ямаа 60, 1 эм ямаа 30.000 төгрөг, 1.800.000 төгрөг, эр ямаа 10, 1 эр ямаа 50.000 төгрөг, 500.000 төгрөг, ишиг 40, 1 ишиг 5.000 төгрөг, 200.000 төгрөг, эр хонь 20, 1 эр хонь 80.000 төгрөг, 1.600.000 төгрөг, эм хонь 30, 1 эм хонь 70.000 төгрөг, 2.100.000 төгрөг, хурга 20, 1 хурга 10.000 төгрөг, 2.000.000 төгрөгөөр үнэлж, нийт 9.800.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 
Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Б.С нар нь 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4 дэх хэсэгт зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ...” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна.
 Гэрлэгчид нь 2016 оноос хойш тусдаа амьдарсан, хоорондын таарамжгүй байдал, мөн нэхэмжлэгч хариуцагч нар нь гэрлэлт цуцлахыг харилцан хүлээн зөвшөөрч байх тул шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүх гэрлэлтээ цуцлуулах зохигчдын хүсэл зориг, гэр бүлийн харилцааны нөхцөл байдал зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2004 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин С.У, 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин С.С нар нь гэрлэгчдийг тусдаа амьдарсан үеэс хойш эхийн асрамжид өсч торниж байгаа нөхцөл байдал, хүүхдийн насны онцлог болон хүүхдийн санал зэргийг үндэслэн охин С.У, С.С нарыг эх Ч.Б-н асрамжид үлдээх нь үндэслэлтэй байна. 
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээнэ гэж тус тус заасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Б нь охин С.У нь Б.С-н хүүхэд биш, 6 настай байхдаа намайг  дагаж очсон тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэжээ.
Хэрэгт авагдсан 0000685736/Г-53 дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээнд С.У нь 2004 оны 12 сарын 19-ний өдөр төрсөн, эцгийн овог нэр Б.С, эхийн овог нэр Ч.Б гэж бүртгэгдсэн байх бөгөөд өөрөөр хэлбэл охин У нь хариуцагч Б.С-р овоглодог байна.
Эцэг эх нь гэр бүлийн баталгаатай, хүүхдийг эцгээр нь овоглон олгосон иргэний бүртгэл хүчин төгөлдөр байхад шүүх биологийн эцэг биш гэдэг үндэслэлээр эцгийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэлгүй юм. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт “Дагавар хүүхэд, хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно” гэж тус тус заажээ.
Иймд 2004 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин С.У, 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин С.С нарт хуульд заасан хэмжээгээр хүүхэд тус бүрт тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.С-р тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.  
Нэхэмжлэгч Ч.Б нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс их таван ханатай гэр-1.000.000 төгрөг, бод 5, 1 азарга-800.000 төгрөг, 2 гүү-800.000 төгрөг, 2 адуу 800.000 төгрөг, бог 180, эм ямаа 60, 1 эм ямаа 30.000 төгрөг, 1.800.000 төгрөг, эр ямаа 10, 1 эр ямаа 50.000 төгрөг, 500.000 төгрөг, ишиг 40, 1 ишиг 5.000 төгрөг, 200.000 төгрөг, эр хонь 20, 1 эр хонь 80.000 төгрөг, 1.600.000 төгрөг, эм хонь 30, 1 эм хонь 70.000 төгрөг, 2.100.000 төгрөг, хурга 20, 1 хурга 10.000 төгрөг, 2.000.000 төгрөгөөр үнэлж, нийт 9.800.000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. 
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1., 3.1.2.-т зааснаар "гэрлэлт" гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, "гэр бүл" гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлдэг учир Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлд тусгагдсан гэр бүлийн хөрөнгийн эрхийн харилцаа нь гэрлэлттэй шууд  холбоотой, гэрлэлтээс үүссэн байдаг.
Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.-д зааснаар гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрддэг бөгөөд мөн хуулийн 126.1.-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болдог.
Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ “...Намайг 2016 онд явахад бид хоёрын дундын өмч 2 гэр 1 машин, 1 мотоцикл, 300 гаруй бог, 9 адуу байсан. Энэ хөрөнгөөс их таван ханатай гэр, 5 адуу /1 азарга, 2 гүү, 2 адуу/, 110 ямаа /60 эм ямаа, 10 эр ямаа, 40 ишиг/, 70 хонийг /20 эр хонь, 30 эм хонь, 20 хурга/ нийт 9.800.000 төгрөгөөр үнэлж гаргуулна гэж шаарджээ.
Хариуцагч Б.С нь шүүх хуралдаанд “...Эд хөрөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрийг гэрлэхээс өмнө аав ээж хоёр бэлдэж өгч байсан учир аавын гал голомтыг өгмөөргүй байна. Манай аав ээж хоёр 50 мал тасдаж өгсөн. Өссөн зүйл байхгүй. 3 жилийн хугацаанд 40 болж байсан. 2015 онд малжуулах төслөөр мал аваад 2016 онд Ц.Баярцэцэг явсан. Тэгээд би 2016 онд малжуулах төслийн зээлээ дарсан. Өссөн зүйл байхгүй хорогдсоор байгаад 30 малтай болсон...” гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад үзлэгийн тэмдэглэлээр “...гэр нь хаваржааны амбаарт хураалгаатай байгаа, гэрийн гадна байх 51-16 дугаартай машин нь Р гэдэг хүнийх, 12 тооны адуу байхгүй, хүний өөрийн нийлсэн 300-гаад тооны мал бэлчээрт байгаа гэх бөгөөд 2018 оны О.Б-н мал тооллогын цоохор гэх баримтын ар талд гар бичмэлээр Б.С хонь 10, ямаа 20 гэх бичилт хийгдсэн болон машины бичиг баримтыг үзүүлснийг гэрэл зургийг авч хэрэгт хавсаргасан  байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д нь шүүх хуралдаанд “...монголын ёс заншлаар насанд хүрсэн эр хүнд гэрийг бэлдэж аав ээж нь хүүдээ гэр бүл болоход нь бэлэглэж ирсэн. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэр бүлийн гишүүний дараахь хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна гэж заасан. Нэхэмжлэгч Ц.Б-тэй гэрийг хамтын өмчлөлд оруулах талаар тохиролцсон зүйл байхгүй. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан бэлэглэлийн журмаар өгсөн хөрөнгө хуваарьт хөрөнгө байхаар хуулийн зохицуулалт байгаа. Гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн хуваарьт хөрөнгөд хамаарна гэж заасан байдаг. Тэгэхээр гэр бол гэр бүл болсоноос хойших хамтын өмчид хамаарахгүй...” гэж маргажээ.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасны дагуу “анх гэр бүл болоход зориулагдсан” буюу Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж, гэр бүл болсонтой холбоотойгоор, тухайн гэр бүлийн хамтын амьдрал, ахуйн хэрэгцээг хангах зорилгоор өмчлөгдсөн, гэрлэгчдийн аль нэгний, эсхүл тэдгээрийн төрөл, садангийн хөрөнгөөр бий болсон эд хөрөнгийг тухайн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож болохоор заажээ.
Хариуцагч Б.Снь шүүх хуралдаанд “.... Гэрийг гэрлэхээс өмнө аав ээж хоёр бэлдэж өгч байсан учир аавын гал голомтыг өгмөөргүй байна. Манай аав ээж хоёр 50 мал тасдаж өгсөн...” гэж тайлбарлаж байх бөгөөд өөрөөр хэлбэл маргаан бүхий гэрийг хариуцагч Б.С-г анх гэр бүл болоход нь зориулж эцэг эх нь бэлдэж өгсөн байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар их таван ханатай гэр нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байх тул нэхэмжлэгч Ч.Б нь өөрт ногдох хэсгээ гаргуулахаар шаардах эрхтэй байна. 
Хариуцагч Б.С нь “.... Гэрийг гэрлэхээс өмнө аав ээж хоёр бэлдэж өгч байсан учир аавын гал голомтыг өгмөөргүй байна...” гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч Ч.Баярцэцэг нь гэр гаргуулахаар шаардаагүй, харин гэрийн үнэ 1.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч нь үнийн дүн дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. 
Харин 185 тооны мал гаргуулах шаардлагын хувьд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 106 дугаартай архивын лавлагаанд “...Тус аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн малчин өрхийн тэргүүн Б.С-н мал маллаж байсан хугацаа 2010-2017 он, Тухайн онуудын жилийн эцсийн малын А дансанд бүртгэгдсэн малын тоо 2010 онд хонь 5, ямаа 45 бүгд 50, 2011 онд адуу 1, хонь 3, ямаа 62 бүгд 66, 2012 онд адуу 3, хонь 8, ямаа 70 бүгд 81, 2013 онд адуу 1, хонь 10, ямаа 51 бүгд 62, 2014 онд адуу 1, хонь 5, ямаа 52 бүгд 58, 2015 онд адуу 5, хонь 61, ямаа 149 бүгд 215, 2016 онд ямаа 70, хонь 110 бүгд 180, 2017 онд хонь 20, ямаа 30 бүгд 50, тус архивын сан хөмрөгт Дэлгэр сумын 2018 оны мал тооллогын баримт шилжиж ирээгүй болно” гэжээ.
ХХҮГ-ын Дэлгэр сум хариуцсан мэргэжилтэн Г.П шүүхэд ирүүлсэн тодорхойлолтдоо “...Баянбуурал багийн иргэн Б.С нь 2015 онд Хөдөлмөр халамж үйлчилгээний Малжуулах хөтөлбөрт хамрагдаж 5.000.000 төгрөгийн малаар малжуулагдсан. 2017 оны 06 сард малжуулах зээлийг 2.375.000 төгрөг төлж барагдуулсан” гэжээ. 
Нэхэмжлэгч Ч.Б нь шүүх хуралдаанд “...Малжуулах төсөлд ороод 5 сая төгрөгийн буюу 92 тооны мал авсан...” гэж, хариуцагч Б.С нь шүүх хуралдаанд “...2015 онд малжуулах төслөөр 40 мал, төлтэй нийлээд нийт 90 мал аваад 2016 онд Ц.Б явсан. 2017 онд өгөх ёстой байсан. 2016 онд зуд болж малаа үхүүлээд зээлээ дарахын тулд 50 мал үлдээгээд бусдыг нь зарсан. Тухайн үед малын ханш муу байсан учир нэг ямааг 40.000-50.000 төгрөгөөр, хонийг 60000-70000 төгрөгөөр зарсан...” гэж тайлбарлаж, малжуулах төслөөс мал авсан талаар маргадаггүй байна. 
Өөрөөр хэлбэл гэрлэгчид нь 2015 онд малжуулах төсөлд хамрагдаж, улмаар 2016 онд тодорхой тооны малаа зарж уг зээлээ хаасан болох нь ХХҮГ-ын Дэлгэр сум хариуцсан мэргэжилтэн Г.П-н шүүхэд ирүүлсэн “...Баянбуурал багийн иргэн Б.С 5.000.000 төгрөгийн малаар малжуулагдсан. 2017 оны 06 сард малжуулах зээлийг 2.375.000 төгрөг төлж барагдуулсан” гэх тодорхойлолт болон Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 106 дугаартай архивын лавлагаанд бичигдсэн малын тоо болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018  оны тооллого гэх 2018 оны 12 сарын 10-ны өдрийн баримтад Б.С-н нэр дээр хонь 10, ямаа 20 гэж тоологдсон байх бөгөөд үүнээс эр хонь 2, эм хонь 8, ямаа 20, эр ямаа 5, эм ямаа 15 гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ “...2016 онд явахад бид хоёрын дундын өмч 2 гэр 1 машин, 1 мотоцикл, 300 гаруй бог, 9 адуу байсан...” гэж тайлбарлаж байх боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй. 
Иймд шүүх баримтаар тогтоогдож байгаа буюу хариуцагч Б.С-н 2018 оны мал тооллогын баримтыг үндэслэн тооцоход эм ямаа 30.000*15=450.000 төгрөг, эр ямаа 50.000*5=250.000 төгрөг, эр хонь 80.000*2=160.000 төгрөг, эм хонь 70.000*8=560.000 төгрөг, нийт 1.420.000 төгрөгийн малтай, их таван ханатай гэрийн 1.000.000 төгрөг, нийт 2.420.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгөтэй байна гэж дүгнэлээ. 
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д нь малын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад малын үнэлгээ тогтоолгоогүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан үнэлгээгээр малын үнийг тооцох нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно” гэж заасан байна.
Харин гэрлэлтээ цуцлуулж буй гэрлэгчдийн хүүхэд эцэг эхийнхээ хөрөнгөөс тэдгээрийн адил тэнцүү хувааж авах эрхгүй бөгөөд шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ хүүхдийн эрх ашгийг харгалзан үзэх л үүрэгтэй. 
Гэрлэлтээ цуцлуулж буй гэрлэгчдийн эд хөрөнгийн маргаанд тэдгээрийн бусдад төлөх өр төлбөрийн асуудал мөн хамаарагддаг. Гэрлэгчдэд дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хувийг тодорхойлохдоо хүүхдийг оролцуулах нь өрийг хуваах тооцоонд хүүхдийг оруулах шаардлага үүсгэдэг бөгөөд хүүхэд гэрлэлтээ цуцлуулж буй эцэг эхийнхээ эд хөрөнгийг адил тэнцүү хуваах эрхтэй этгээд бишээс гадна тэдний бусдад төлөх өрийг хуваан хариуцах үүрэггүй болно. 
Дээрх үндэслэлээр шүүх гэрлэгчдийн дундын эд хөрөнгө болох нийт 2.420.000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр, малын үнийн дүнг хоёр тэнцүү хувааж, 1.210.000 төгрөгийг хариуцагч Б.С-с гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.590.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна. 
Нэхэмжлэгч Ч.Б нь машины үнийг гаргуулахаар шаардлага гаргаагүй боловч машинд үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасан, мөн  малаа зарж машин авсан гэж тайлбарлаж байх бөгөөд шүүх хуралдаанд “...Хамтын амьдралтай байх хугацаанд машин авсан зүйл байхгүй. С энэ зун надад хэлэхдээ “би чамд юу ч өгөхгүй” гэж хэлж байсан. 7 сая төгрөгөөр машин худалдаж авсан, хүний нэр дээр шилжүүлсэн гэж хэлсэн. Тэр хүн нь Р-н эхнэр Э-н нэр дээр шилжүүлсэн байсан” гэж тайлбарлаж байх боловч Авто тээврийн үндэсний төвийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолтод “...Б.С нэр дээр сүүлийн 3 жил тээврийн хэрэгсэл бүртгэлгүй болно...” гэж, тус төвийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51-16 ГАА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн өмнөх өмчлөгчдийн судалгаанд “2017.05.11-2017.06.28 хүртэл Хэнтий аймгийн иргэн М.Х, 2017.06.28-2018.09.05 хүртэл Говь-Алтай аймгийн иргэн Д.Б, 2018 оны 09 сарын 05-ны өдрөөс одоог хүртэл Б.Э-н өмчлөлд байна” гэжээ.
51-16 ГАА гэх цагаан өнгийн портер машины өмчлөгч нь Б.Э болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар мөн тогтоогдож байна.
 Өөрөөр хэлбэл хариуцагч Б.С-н өмчлөлд ямар нэгэн тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, мал зарж машин авсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна. 
Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин С.У, С.С нарыг эх Ч.Б-н асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр охин С.У, С.С нарт тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.С-р тэжээн тэтгүүлж, хариуцагч Б.С-с гэр болон малын үнэ 1.210.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.590.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342.332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-с гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг, 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 3.574.800 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 72.147 төгрөг, гэр малын үнэ 1.210.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 33.590, нийт 245.737 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.С, Ч.Б нарын гэрлэлтийг цуцалсугай. 
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2004 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин С.У, 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин С.С нарыг эх Ч.Б-н асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2004 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин С.У, 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин С.С нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.С-р тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ч.Б-т даалгасугай.
5. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Б.С нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б.С-г эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгасугай.
7. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3, 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.С-с гэр, малын үнэ 1.210.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гэр малын үнэ 8.590.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү  шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Энхчимэгт даалгасугай.  
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342.332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-с гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг, 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 3.574.800 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 72.147 төгрөг, гэр малын үнэ 11.210.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 33.590, нийт 245.737 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б-т олгосугай. 
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ