Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 05

 

С. нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Ш.Баттогтох, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 133/ШШ2019/00010 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багт оршин суух Харнууд овгийн С Ц /РД: ДМ70111503/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багт оршиин суух Хамар дайчин овгийн Х Б /РД: ДА72010915/, Харнууд овгийн Б Б /РД: ДН80102601/ холбогдох хоёр дээлний үнэ 1.800.000 төгрөг болон булган малгай  гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Ц миний бие 1997 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Х.Б гэр бүл болж байсан юм. Бид хоёрын дундаас 1998 оны 02 дугаар сарын 5-ны өдөр хүү Б.Ө төрсөн. Миний хүү Б.Ө нь Их засаг дээд сургуульд хууль эрх зүйн ангид оюутан болсон. Манай нөхөр Х.Б нь Б.Б 2014 оноос хойш явалдаж байгаад хүүг минь оюутан болдог жил Б.Б нь нөхрөөсөө салж Х.Б нэг гэрт орж амьдарсан. Х.Б 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хамтран амьдарсан. Х.Б нь салаад явснаас хойш нэг удаа хүүгээ гэж байгаагүй. Нэг ч удаа утсаар яриагүй, залгахаар утсаа ч авдаггүй юм. Би шинэ дээлээ 2014 онд хийсэн байсан. Үзүүрсгэн дээл хуучин байсан. Хурган дотортой дээл хоёр ширхэг, хөх ягаан торгон өнгөтэй дээлээ нэг дээлийг нь 1.000.000 төгрөг, нэг нь үзүүрсгэн дотортой дээлээ 800.000 төгрөгөөр үнэлж байна. Булган малгайгаа 2015 онд 160.000 төгрөгөөр авч байсан. Эвлэрүүлэн зуучлал дээр булган малгай байгаа, 2 дээл нь байхгүй гэж тайлбар бичиж өгсөн байна. Миний бие 2017 оны намар хоёр дээлээ, малгайгаа авах гэж очиход байхгүй сумын төвд оруулсан гээд өгөөгүй юм. Миний бие хавааржааны чулуун амбаарт нь байгаа дээл болон малгайгаа авах хүсэлттэй байна. Хэрэв дээл байхгүй гэвэл хоёр дээлний үнэ болох 1.800.000 төгрөг, булган малгайг Х.Б, одоо хамт амьдарч байгаа Б.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х.Б би нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. С.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Ц нь надаас салж өөр хүнтэй суухдаа бүх эд хогшил, эд хөрөнгө, өмсдөг хувцсаа аваад над ад тогооны таг ч үлдээлгүй бүх эд зүйлсээ аваад явсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Б нь С.Ц нэхэмжлээд байгаа малгай, дээлийг огт аваагүй, хараагүй бөгөөд би хүний хувцас өмсдөггүй, надад таарах ч үгүй тул зөвшөөрөхгүй байна. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өөрөө өмсөж байгаа хувцсаа, өөрийн юмаа хүнээс нэхэж гүтгэж буйд нь маш их гайхаж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар С.Ц нэхэмжлэлтэй, Х.Б, Б.Б нарт холбогдох үзүүрсгэн болон хурган дотортой хоёр дээл, булган малгай гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч С.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 1997 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Х.Б гэр бүл болж байсан. Манай нөхөр Х.Б нь Б.Б 2014 оноос хойш явалдаж байгаад 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш надаас салж Б.Б нэг гэрт орж амьдарсан. Миний бие салаад явахдаа хаваржааны амбаарт байсан хурган дотортой дээл, үзүүрсгэн дээл, булган малгайгаа авч чадаагүй юм. Ингээд миний бие 2017 оны 10 дугаар сард Н.Г дээл малгайгаа авах гэж Х.Б очиход суманд оруулаад тавьсан байгаа дараа болъё гээд өгөөгүй юм. Үүнээс хойш авах гээд өгөхгүй байхаар нь эвлэрүүлэн зуучлалд хандахад малгай чинь байгаа авч ирж өгнө гэж бичиж өгөөд явсан байсан. Эвлэрүүлэн зуучлалаас тэр бичгийг нь аваад шүүхэд өгсөн. Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 133/ШШ2019/00010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Х.Б, Б.Б нарт холбогдуулан хурган болон үзүүрсгэн дотортой 2 дээлний үнэ 1.800.000 төгрөг, булган малгайны  үнэ 160.000 төгрөг зэргийг гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

 

Хариуцагч Х.Б Б.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа үндэслэлээ: “...С.Ц надаас салж өөр хүнтэй суухдаа бүх эд хөрөнгө, өмсдөг хувцсаа аваад надад тогооны таг ч үлдээлгүй аваад явсан...”, “...Б.Б миний бие С.Ц нэхэмжлээд байгаа малгай, дээлийг огт аваагүй. Би хүний хувцас өмсдөггүй. Надад таарах ч үгүй тул зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...2017 оны намар дээл болон малгайгаа авах гэж очиход Х.Б энд байхгүй сумын төвд оруулсан гээд өгөөгүй юм. Миний бие хаваржааны чулуун амбаарт байсан дээл болон малгайгаа авах хүсэлтэй байна...” гэж тайлбарлажээ.

 

Мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч Н.Ганбаатар “...2017 оны 10 дугаар сард С.Цэцгээ Х.Баянмөнхөөс очиж дээл авмаар байна. Яваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд дээл авах гээд очиход Х.Баянмөнх дээл, малгай нь сумын төвд байгаа учир сүүлд өгнө гэж хэлсэн. Тэгэхэд Х.Б Х байсан. Оройтсон байсан учир бид хоёр гэр рүүгээ явсан...” гэж тайлбарлажээ.

 

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Ц дээл, малгай Х.Б байгаа гэж тайлбарлаж байгаа нь баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар үзүүрсгэн болон хурган дотортой 2 дээл, булган малгайгаа гаргуулахаар шаардах эрхгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, үнийг бодитой тогтоогоогүй байна. Нэхэмжлэгч анх хурган дээлээ 1.000.000 төгрөг, үзүүрсгэн дээлээ 800.000 төгрөгөөр үнэлж нэхэмжлээд, анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хурган дээлээ 1.200.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн байхад энэ талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн буруу болжээ.

 

Маргааны зүйл болж байгаа шинэ болон хуучин дээл, малгай нь биетээр байхгүй гэж үзсэн тохиолдолд шинэ болон хуучин дээлний үнэлгээг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

 

 

4.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хэргийн оролцогчийн дээрх хүсэлтийг шийдвэрлэлгүй, татгалзсан нь талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарлах, тэгш байдлыг алдагдуулах үндэслэл болох бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5- д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 133/ШШ2019/00010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн,  хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ЭНХТӨР

 

                                                    ШҮҮГЧИД                             Ш.БАТТОГТОХ

                                                                

                                                                                                  Т.ЖАРГАЛСАЙХАН