Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 10

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: С.Ц-н нэхэмжлэлтэй,
хариуцагч: Х.Б, Б.Б нарт холбогдох 
хоёр дээлний үнэ 1.800.000 төгрөг болон булган малгай гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, гэрч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Ц миний бие 1997 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Х.Б-тэй гэр бүл болж байсан юм. Бид хоёрын дундаас 1998 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.Ө төрсөн. Миний хүү Б.Ө нь Их засаг дээд сургуульд хууль эрх зүйн ангид оюутан болсон. Манай нөхөр Х.Б нь Б.Б-тай 2014 оноос хойш явалдаж байгаад хүүг минь оюутан болдог жил Б.Б нь нөхрөөсөө салж Х.Б-тэй нэг гэрт орж амьдарсан. Х.Б-тэй 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хамтран амьдарсан. Х.Б нь салаад явснаас хойш нэг удаа хүүгээ гэж байгаагүй. Нэг ч удаа утсаар яриагүй, залгахаар утсаа ч авдаггүй юм. Би шинэ дээлээ 2014 онд хийсэн байсан. Үзүүрсгэн дээл хуучин байсан. Хурган дотортой дээл хоёр ширхэг, хөх ягаан торгон өнгөтэй дээлээ нэг дээлийг нь 1.000.000 төгрөг, нэг нь үзүүрсгэн дотортой дээлээ 800.000 төгрөгөөр үнэлж байна. Булган малгайгаа 2015 онд 160.000 төгрөгөөр авч байсан.  Эвлэрүүлэн зуучлал дээр булган малгай байгаа, 2 дээл нь байхгүй гэж тайлбар бичиж өгсөн байна. Миний бие 2017 оны намар хоёр дээлээ, малгайгаа авах гэж очиход байхгүй сумын төвд оруулсан гээд өгөөгүй юм. Миний бие хавааржааны чулуун амбаарт нь байгаа дээл болон малгайгаа авах хүсэлттэй байна. Хэрэв дээл байхгүй гэвэл хоёр дээлний үнэ болох 1.800.000 төгрөг, булган малгайг Х.Б, одоо хамт амьдарч байгаа Б.Б нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. С.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Ц нь надаас салж өөр хүнтэй суухдаа бүх эд хогшил, эд хөрөнгө, өмсдөг хувцсаа аваад наад тогооны таг ч үлдээлгүй бүх эд зүйлсээ аваад явсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Б нь С.Ц-ийн нэхэмжлээд байгаа малгай, дээлийг огт аваагүй, хараагүй бөгөөд би хүний хувцас өмсдөггүй, надад таарах ч үгүй тул зөвшөөрөхгүй байна. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өөрөө өмсөж байгаа хувцсаа, өөрийн юмаа хүнээс нэхэж гүтгэж буйд нь маш их гайхаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч С.Ц нь Х.Б, Б.Б нарт холбогдуулан хоёр дээлний үнэ болох 1.800.000 төгрөг, булган малгай гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “...Ягаан цэцгэн торгоор өнгөлсөн, улаан түвд хоргойгоор эмжсэн үзүүрсгэн буюу сэгсүүргэн дээл 1 ширхэг, цэнхэр торгон өнгөтэй, цагаан саарал имжээртэй, сампин зангидсан хурган дээл 1 ширхэг, урд талдаа ховилтай дугуй булган малгай гаргуулна, хэрэв дээл байхгүй гэвэл хурган дотортой дээлээ 1.000.000 төгрөг, үзүүрсгэн дотортой дээлээ 800.000 төгрөгөөр үнэлж, 2 дээлийн үнэд 1.800.000 төгрөг гаргуулна...” хэмээн тайлбарлаж байна. 
Хариуцагч Х.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...С.Ц нь надаас салж өөр хүнтэй суухдаа бүх эд хогшил, эд хөрөнгө, өмсдөг хувцсаа аваад наад тогооны таг ч үлдээлгүй бүх эд зүйлсээ аваад явсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Миний бие нь С.Ц-н нэхэмжлээд байгаа малгай, дээлийг огт аваагүй, хараагүй бөгөөд би хүний хувцас өмсдөггүй, надад таарах ч үгүй тул зөвшөөрөхгүй байна. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өөрөө өмсөж байгаа хувцсаа, өөрийн юмаа хүнээс нэхэж гүтгэж буйд нь маш их гайхаж байна...” гэжээ. 
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, 106.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна...” гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэл гаргахын тулд нэхэмжлэгч өөрөө тухайн эд зүйлийн өмчлөгч байх ёстой. Мөн хариуцагч этгээд уг зүйлийг эзэмшилдээ авсан, гэхдээ хууль буюу гэрээгээр ийнхүү эзэмших эрхгүй гэдгийг нотолсноор дээрх шаардах эрх үүснэ. 
Нэхэмжлэгч С.Ц нь шүүх хуралдаанд “...2017 оны намар хоёр дээлээ, малгайгаа авах гэж очиход байхгүй сумын төвд оруулсан гээд өгөөгүй юм. Миний бие хавааржааны чулуун амбаарт нь байгаа дээл болон малгайгаа авах хүсэлттэй байна...” гэж тайлбарлаж дээл болон малгай нь Х.Б-н Алтай сумын Хармагтайн  чулуун амбаарт байгаа гэжээ. 
Гэрч Н.Г шүүх хуралдаанд “...2017 оны 10 дугаар сард Ц нь Б-с очиж дээл авмаар байна яваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд дээл авах гээд очиход Б дээл малгай нь сумын төвд байгаа учир сүүлд өгнө гэж хэлсэн. Тэгэхэд Б-ийнх Хармагтайн амбаарт байсан. Б гэртээ ганцаараа байсан. Тэгэхэд нэлээд оройтсон байсан учир бид хоёр гэр рүүгээ явсан. Хоёр дээл,  малгай байгаа гэж Ц хэлсэн. Өмсөж явж байхыг нь хараагүй. Ямар дээл байсан талаар мэдэхгүй...” гэж мэдүүлж байна. 
Өөрөөр хэлбэл гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч С.Ц-ийн шаардаж буй хоёр дээл малгайг гэрч Н.Г нь өмнө нь харж байгаагүй, ямар дээл байсныг мэдэхгүй, мөн хариуцагч Х.Б-ийн гэрт очихдоо ч дээл малгайг чулуун амбаар болон өөр бусад газарт байхыг үзээгүй байна. 
Иймд нэхэмжлэгч С.Ц-ийн дээл, малгай Х.Б-ийн Алтай сумын Хармагтайн  чулуун амбаарт байгаа гэж тайлбарлаж байгаа нь баримтаар тогтоогдохгүй байна. 
Мөн гэрч Н.Г нь “...Б дээл малгай нь сумын төвд байгаа учир сүүлд өгнө гэж хэлсэн...” гэж тайлбарлаж байх боловч хариуцагч Х.Б нь хариу тайлбартаа “...С.Ц нь надаас салж өөр хүнтэй суухдаа бүх эд хогшил, эд хөрөнгө, өмсдөг хувцсаа аваад наад тогооны таг ч үлдээлгүй бүх эд зүйлсээ аваад явсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж, хариуцагч Б.Б нь “...С.Ц-ийн нэхэмжлээд байгаа малгай, дээлийг огт аваагүй, хараагүй бөгөөд би хүний хувцас өмсдөггүй, надад таарах ч үгүй тул зөвшөөрөхгүй байна...” гэжээ. 
Иймд хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч Х.Б, Б.Б нарт С.Ц-ийн үзүүрсгэн болон хурган дотортой хоёр дээл, булган малгай байгаа болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар үзүүрсгэн болон хурган дотортой хоёр дээл, булган малгайгаа гаргуулахаар шаардах эрхгүй байна. 
Хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Говь-Алтай аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид тайлбар гаргах нь: Миний бие Б.Б, Х.Б нар нь дээрх нэхэмжилж буй зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй тул эвлэрэх боломжгүй болно. Булган малгай байгаа, буцаж ирэхдээ авчирч өгнө гэх гар бичмэлийн хуулбарыг ирүүлжээ. Хариуцагчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд “...Б нь булган байгаа гэж хэлсэн гэдэг боловч очиж үзэхэд миний 4 талт булган малгай байсан. Зураг дээр байгаа С.Ц-ийн дугуй булган малгай байхгүй байсан гэж хэлдэг...” гэж тайлбарлаж байх тул дээрх гар бичмэлийг нотлох баримтаар үнэлээгүй болно. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хоёр дээл болон булган малгай хавааржааны чулуун амбаарт нь байгаа гэж маргаж байх боловч энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар С.Ц-ийн нэхэмжлэлтэй, Х.Б, Б.Б нарт холбогдох үзүүрсгэн болон хурган дотортой хоёр дээл, булган малгай гаргуулах, хэрэв дээл байхгүй гэвэл 2 дээлийн үнэд 1.800.000 төгрөг болон булган малгай гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч Х.Б, Б.Б нар нь өөрсдийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан, нэхэмжлэгч шүүх хуралдааныг үргэлжүүлэх хүсэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэлээ. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар С.Ц-ийн нэхэмжлэлтэй, Х.Б, Б.Б нарт холбогдох үзүүрсгэн болон хурган дотортой хоёр дээл, булган малгай гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        

                         
ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ