Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2022/03670

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Л-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТОК ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний төлбөрт төлсөн 90,142,500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Д.Л нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлсөн 90,142,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:  

Нэхэмжлэгч би хариуцагчтай 2022.02.10-ны өдөр 1003 дугаарт “Зоорийн давхар худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, гэрээний үүргийн дагуу төлбөр болох 90,142,500 төгрөгийг даруй бүрэн төлсөн. Хариуцагчийн 2022.05.31-ний өдрийн 1/441 дугаарт “Тодорхойлолт хүргүүлж, гэрчилгээ гаргуулах тухай” албан бичгийг тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. Тус албан бичигт “Тус хорооллын 1003 дугаар байрны зоорийн давхар нь зураг төсөлдөө 8 авто машины зогсоолоор төлөвлөгдсөн ба тус бүр 15 м.кв байдаг болно.” хэмээн дурдсанчлан 8 авто машины нийт 120 м.кв зогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлэн, улсын бүртгэлийн гэрчилгээг хүлээн авсан.

Батлагдсан зураг төслийн дагуу зоорийн хананд орц, гарц гаргахын тулд хариуцагчид хандан 2022.04.04 өдрийн 1/254 дугаарт "...таны өмчлөлд бүрэн шилжсэн, зураг төсөл зохиогч байгууллага болон холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсан тохиолдолд манай зүгээс татгалзах зүйлгүй...” агуулга бүхий албан бичгийг, “А булаг” СӨХ-д хандан 2022.05.11 өдрийн “Татгалзах үгүй” агуулга бүхий апбан бичгийг, Барилгын зураг төсөл зохиогч байгууллага болох “Каркас зураг ХХК-д хандан 2022.05.12 өдрийн 2022/65 дугаарт “Зөвшөөрөл олгох тухай” албан бичгийг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандан 2022.05.30 өдрийн “... хяналт шалгалт хийлээ ... батлагдсан анхны зураг төслийн дагуу ажлыг гүйцэтгэх нь зүйтэй.” агуулга бүхий 02-02/2264 дугаарт албан бичгийг тус тус авч ажил гүйцэтгэх зөвшөөрлийг бүрэн бүрдүүлсэн.

Зоорийн давхраас зүүн тийш орц, гарц гарц гаргах ажил гүйцэтгэх гэтэл 1001, 1002, 1003 дугаарт байрны оршин суугчдын зүгээс “...орон сууцны нийтийн эзэмшлийн талбай болох зоорийн давхрыг заржээ..., ...орон сууцны аюулгүй байдалд нөлөөлнө, цутгамал ханыг нураах гэж байна...” гэх зэргээр эсэргүүцэл тэмцэл хийсэн бөгөөд сүүлдээ бидний дунд хувийн шинж чанартай мөргөлдөөн гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул хариуцагчид байдлыг танилцуулан, боломжгүй тохиолдолд гэрээнээс татгалзахаас өөр аргагүй байдалд орж буй бодит нөхцөл байдлыг удаа дараа танилцуулсан боловч албан ёсоор хариуг өгсөнгүй.

Зоорийн давхарт дурын хүн орох боломжтой ил задгай, хог ба ялгадас бүхий орчин байсныг хувийн зардлаар хаалга хийж битүүмжлэн, цэвэрлэн, өөрийн зүгээс тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн болохоо хариуцагчид удаа дараа танилцуулсан бөгөөд чанар байдлын хувьд огтхон ч дордуулаагүй төдийгүй, дээрдүүлсэн болно. Зоорийн давхар дахь авто машины 8 зогсоол нь орц, гарц гаргах бодит бололцоогүйн улмаас үндсэн зориулалт, төлөвлөгдсөн зураг төслийн дагуу ашиглах боломжгүй нь тодорхой болсон тул хариуцагчид зоорийн давхрыг буцаан шилжүүлж, төлбөрөө буцаан авах шаардлага гарсан.

Иймд Хан-Уул дүүргийн 21-р хороонд байрлах Буянт-Ухаа 2 хорооллын 1003 дугаар байрны 280 м.кв талбай бүхий зоорийн давхрыг анхны зураг төслийн дагуу хэрэглэх бололцоогүй тул буцаан шилжүүлж, гэрээний төлбөрт төлсөн 90,142,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

            2.Хариуцагч тал хариу тайлбартаа:

Худалдан авагч нь зоорийн давхар буюу гэрээний зүйлийг биет байдлын доголдолтой шалтгаанаар зориулалтын дагуу ашиглах боломжгүй тухай утгыг илэрхийлсэн байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ" гэж заажээ. Харин талуудын хооронд байгуулсан гэрээнд эд хөрөнгийн чанар байдлыг нарийвчлан тусгаагүй бөгөөд зоорийн давхрыг эрхийн болон биет байдлын доголдолгүй худалдан авагчид шилжүүлэх тухай дурдсан байгаа нь эд хөрөнгийн чанар байдлыг Иргэний хуульд заасан утгаар талууд ойлгохыг илэрхийлж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан үйл баримтуудаас үзвэл худалдан авагч өөрийн өмчлөлийн зоорийн давхрыг зориулалтын дагуу буюу зоорийн давхрын хувьд ашиглах боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд худалдагч биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг авто зогсоолын хувьд ашиглах сонирхолтой талаар илэрхийлсэн бөгөөд хариуцагчийн хувьд нэхэмжлэгч зоорийн давхрыг ийнхүү ашиглахад хууль зүйн хувьд асуудал үүсээгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нь тухайн зоорийн давхрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар бүртгүүлж, өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан төдийгүй авто зогсоолын зориулалтын дагуу ашиглах бүрэн боломжтой тухай эрх бүхий байгууллагуудаас албан бичиг, зөвшөөрлийг авсан байгаа нь үүнийг нотолж байгаа юм. Энэ учраас нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах...эрхтэй’’ гэж заасны дагуу өөрийн өмчийг авто зогсоолын хувьд ашиглахад хуульд үл нийцсэн асуудал болон аливаа саад үүсээгүй байна.

Зоорийн давхар нь нийтийн эзэмшлийн талбай бус бие даасан байдлаар бусдад өмчлүүлэх боломжтой обьект бөгөөд энэ ч учраас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас тус үл хөдлөх хөрөнгийг нэхэмжпэгчийн өмчлөлд бүртгэсэн байна. Мөн дээр дурдсаны дагуу нэхэмжлэгч нь тухайн зоорийн давхрыг авто зогсоолын хувьд ашиглах бүрэн боломжтой тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгч болон оршин суугч нарын хооронд үүссэн асуудал нь хариуцагчид хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн хувьд өөрийн эд хөрөнгийг хариуцаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасны дагуу хамгаалах эрхтэй байна.

Дээрх үндэслэл болон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч буюу худалдан авагч нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 1003 дугаар “Зоорийн давхар худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.03-ны өдрийн 182/ШЗ2022/16309 дугаар захирамж, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.02.10-ны 1003 дугаар Зоорийн давхар худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа, ТОК ХХК-ийн 2022.04.04-ний өдрийн 1/254 тоот албан бичиг, А булаг СӨХ-ийн 2022.05.11-ний өдрийн албан бичиг, Каркас зураг ХХК-ийн 2022.05.12-ны өдрийн 2022/85 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын 2022.05.30-ны 02-02/2264 тоот албан бичиг, зоорийн давхрын технологийн байгуулалт, орон сууцны зураг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтыг,

Хариуцагч талаас: Итгэмжлэл, хариу тайлбарыг тус тус гарган өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч нь худалдан, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 90,142,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3.Нэхэмжлэгч Д.Л нь худалдан авсан хөрөнгийг зориулалтын дагуу буюу автомашины зогсоолын зориулалтаар ашиглах боломжгүй тул гэрээний төлбөрт төлсөн 90,142,500 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлов.

4.Хариуцагч ТОК ХХК нь хариуцагчийн зүгээс ямар нэг доголдолгүй хөрөнгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч нь хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд өөрийн үзэмжээр эзэмших, ашиглах эрхтэй тул хөрөнгийг ямар ч байдлаар ашиглах боломжтой, орц гарц гаргах асуудал нь хариуцагчид хамааралгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэв.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022.02.10-ны 1003 дугаар Зоорийн давхар худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа, ТОК ХХК-ийн 2022.04.04-ний өдрийн 1/254 тоот албан бичиг, А булаг СӨХ-ийн 2022.05.11-ний өдрийн албан бичиг, Каркас зураг ХХК-ийн 2022.05.12-ны өдрийн 2022/85 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын 2022.05.30-ны 02-02/2264 тоот албан бичиг, зоорийн давхрын технологийн байгуулалт, орон сууцны зураг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.Нэхэмжлэгч Д.Л нь ТОК ХХК-тай 2022.02.10-ны 1003 дугаар Зоорийн давхар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 21-р хороонд байрлах Буянт-Ухаа 2 хорооллын 1003 дугаар байрны 280 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 90,142,500 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бүрэн төлсөн байна. Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.  

7.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Талууд тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдсэн бөгөөд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

8.Тухайн зоорийн давхар нь тус бүрдээ 15 м.кв талбай бүхий 8 автомашины зогсоол буюу гаражийн зориулалтаар зураг төсөл нь хийгдсэн, үүний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл хийгдэж автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна. Гэвч орон сууцыг барихдаа тухайн зоорийн давхрыг автомашины орц, гарцгүй байдлаар барьж, ашиглалтад оруулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

9.Нэхэмжлэгч нь орон сууцны гадна хананд орц, гарц гаргах ажлыг хийхээр холбогдох газруудаас зөвшөөрөл авсан боловч оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч орц, гарц гаргаж хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн худалдан авсан хөрөнгө нь автозогсоолын зориулалттай боловч автомашин орох, гарах хаалга байхгүй, түүнийг бий болгох нөхцөл бүрдэхгүй байгаа нь гэрээний зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй бөгөөд биет байдлын доголдолтой гэж үзэхээр байна.

10.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

11.Гэрээний зүйлийн зориулалт нь талуудын хэн алинд тодорхой байх ба, нэхэмжлэгч нь автомашины гаражийн зориулалтаар ашиглах хүсэл зорилгоор хөрөнгийг худалдан авсан болох нь түүний холбогдох газруудад хандан орц, гарц гаргах зөвшөөрөл хүссэний дагуу өгсөн хариу бичгүүдээр тогтоогдож байх бөгөөд ийнхүү орц, гарц гаргах ажлыг эхлүүлэх үед гэрээний зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй бодит нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлтэй байна.

12.Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.”, 251.2.-д “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.”, 253.1.-д “Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй.” гэж тус тус заасан. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзэв.

13.Дээрх үндэслэлээр хариуцагчаас 90,142,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

14.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608,663 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 608,663 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ТОК ХХК-иас 90,142,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Лид олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 608,663 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТОК ХХК-иас 608,663 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Лид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ                               У.САЙНБИЛЭГ