Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00345

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 10 210/МА2023/00345

 

 

Д.Лийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/03670 дугаар шийдвэртэй

Д.Лийн нэхэмжлэлтэй

Т.О.С.К ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 90,142,500 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунтогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номун-Эрдэнэ, Г.Уянгаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Д.Л нь Т.О.С.К ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1... дугаар Зоорийн давхар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 90,142,500 төгрөгийг төлсөн. Т.О.С.К ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/441 дугаар Тодорхойлолт хүргүүлж, гэрчилгээ гаргуулах тухай албан бичгийг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн ба 1... дугаар байрны зоорийн давхар нь зураг төсөлдөө 8 автомашины зогсоолоор төлөвлөгдсөн, тус бүр 15 м.к гэж дурдсанаар 8 автомашины нийт 120 м.кв зогсоолыг бүртгүүлэн гэрчилгээг хүлээн авсан.

1.2.Зоорийн давхраас зүүн тийш орц, гарц гаргах ажил гүйцэтгэх гэтэл 1001, 1002, 1... дугаар байрны оршин суугчдын зүгээс нийтийн эзэмшлийн талбай болох зоорийн давхрыг зарсан, орон сууцны аюулгүй байдалд нөлөөлнө, цутгамал ханыг нураах гэж байна гэх зэргээр эсэргүүцэл үзүүлсэн. Уг нөхцөл байдлыг Т.О.С.К ХХК-д танилцуулж, боломжгүй бол гэрээнээс татгалзахаас өөр аргагүй байдалд орж буй бодит нөхцөл байдлыг удаа дараа танилцуулсан боловч албан ёсоор хариу өгөөгүй. Иймд Хан-Уул дүүргийн ... дүгээр хороонд байрлах Буянт-Ухаа 2 хорооллын .... дугаар байрны ... м.кв талбай бүхий зоорийн давхрыг анхны зураг төслийн дагуу ашиглах бололцоогүй байх тул буцаан шилжүүлж, гэрээний төлбөрт төлсөн 90,142,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Талуудын хооронд байгуулсан гэрээнд эд хөрөнгийн чанар байдлыг нарийвчлан тусгаагүй. Д.Л нь зоорийн давхрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Т.О.С.К ХХК биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь тухайн зоорийн давхрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан төдийгүй авто зогсоолын зориулалтын дагуу ашиглах бүрэн боломжтой тухай эрх бүхий байгууллагуудаас албан бичиг, зөвшөөрлийг авсан. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн өмчийг автозогсоолын хувьд ашиглахад хуульд үл нийцсэн асуудал болон аливаа саад үүсээгүй байна.

2.2.Зоорийн давхар нь нийтийн эзэмшлийн талбай бус бие даасан байдлаар бусдад өмчлүүлэх боломжтой объект бөгөөд энэ ч учраас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэсэн. Үүнээс үзвэл нэхэмжлэгч болон оршин суугчдын хооронд үүссэн асуудал нь хариуцагчид хамааралгүй, нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн хувьд өөрийн эд хөрөнгийг хариуцаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу өмчлөх эрхээ хамгаалах эрхтэй.

2.3.Дээрх үндэслэл болон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаас дүгнэвэл, Зоорийн давхар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.О.С.К ХХК-аас 90,142,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Лид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 608,663 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О.С.К ХХК-аас 608,663 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Лид олгож шийдвэрлэсэн.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх нотлох баримтыг зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай байдлаар үнэлсэн, ач холбогдолтой талаас нь огт үнэлээгүй. Нэхэмжлэгч нь зоорийн давхрыг анх хүлээн авахдаа орц, гарц гаргаж болохыг мэдэж байсан бөгөөд энэхүү ажлыг өөрийн зардлаар хариуцан гүйцэтгэхээ ч ухамсарласан байсан. Энэхүү нөхцөл байдал нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогддог.

4.2.Мөн талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэн, гэрээний зүйл буюу зоорийн давхрыг биет байдлын доголдолтой, уг шалтгаанаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзсэн. Шүүх ийнхүү үзэж байгаа тохиолдолд нэхэмжлэгч зоорийн давхрыг хүлээн авахдаа биет байдалтай нь бүрэн танилцсан талаар нөхцөл байдлыг зайлшгүй тогтоож, үнэлэх ёстой. Гэтэл шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалтай танилцаж, шалган хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх энэ үйл баримтыг огт дурдаагүй, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч нь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн байх тул уг заалтын дагуу нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан.

4.3.Дээрхээс дүгнэхэд шүүгч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу өөр хуулийг хэрэглэсэн, нотлох баримтыг бодитой, шударгаар үнэлээгүй байх бөгөөд үүнээс шалтгаалан хариуцагч талын эрх, ашиг сонирхлыг илтэд хохироож байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т зааснаар дундын өмчлөлд байна. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1, 142.2 дахь хэсэгт заасны дагуу дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй. Мөн хариуцагчийн зүгээс хөрөнгө хүлээж авсан гэж байгаа нь улсын бүртгэлд бүрдүүлбэр хийхийн тулд заавал акт байх ёстой гэж хэлсэн. Тухайн нөхцөл байдалд анхаарлаа хандуулах шаардлагатай гэх байр суурьтай байна. Өнөөдрийн байдлаар Т.О.С.К ХХК-ийг хохироосон зүйл байхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч Т.О.С.К ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авх гэрээнээс татгалзсан үндэслэлээр уг гэрээний дагуу төлсөн 90,142,500 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч Д.Л, хариуцагч Т.О.С.К ХХК нар 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1... дугаар Зоорийн давхар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Т.О.С.К ХХК нь Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын .... дугаар байрны ... м.кв талбайтай зоорийн давхрыг шилжүүлэх, Д.Л нь эд хөрөнгийн үнэд 90,142,500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.Гэрээний дагуу нэхэмжлэгч 90,142,500 төгрөг төлсөн, мөн түүний өмчлөлд 8 автозогсоол 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэн гэрчилгээ олгогдсон байна. Энэ талаар зохигчид маргаагүй.

 

5.Анхан шатны шүүх гэрээнд заасан 1... дугаар байрны зоорийн давхарт автомашины орц, гарцгүй, тухайн байрны оршин суугчид эсэргүүцсэний улмаас орц, гарц гаргах нөхцөл бүрдээгүй, гэрээний зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу биет байдлын доголдолтой гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Хариуцагч нь зоорийн давхарт хаалгагүй учраас агуулахын зориулалтаар ашиглах боломжтой гэж тайлбарласан ба зоорийн давхрын технологийн байгуулалт-д дулаан гарааш (7 автомашин) төлөвлөгдсөн, үүний дагуу автозогсоолын зориулалтаар ашиглах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон тул уг тайлбар үндэслэлгүй.

 

6.Мөн дээрх доголдлыг арилгуулах, боломжгүй бол гэрээг цуцлах талаар хариуцагчид удаа дараа мэдэгдсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд үгүйсгээгүй, хариуцагчийн зүгээс доголдол арилгахтай холбоотой арга хэмжээ авсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Зоорийн давхарт автомашины орц, гарц гаргах боломжгүй нөхцөл байдал эд хөрөнгийг хүлээн авсны дараа бий болсон байх тул нэхэмжлэгч эд хөрөнгийг хүлээж авах үедээ доголдлын талаар мэдсэн, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардах эрхээ алдсан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7.Нэхэмжлэгч Д.Л нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу төлсөн 90,142,500 төгрөгийг хариуцагч Т.О.С.К ХХК-аас буцаан шаардах эрхтэй.

 

8.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шаардах эрхийн зохицуулалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

 

9.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/03670 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 243 дугаар зүйлийн 243.1 гэсний дараа 205 дугаар зүйлийн 205.1 гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.О.С.К ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608,662.50 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЗОЛЗАЯА