Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2022/03682/И

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: МК ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Б-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 412,391,393 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Хариуцагч Ц.Б, түүний өмгөөлөгч Н.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч МК ХХКнь хариуцагч Ц.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 412,391,393 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:   

Хариуцагч Ц.Б нь МК ХХК-аас 2018 оны 03 сарын 06-нд ЗГ18\0051 тоот Зээлийн гэрээ байгуулж 12 сарын хугацаатай нэг сарын 4%-ийн хүүтэй 80,000,000 төгрөгийн зээл авсан. 2018 оны 03 сарын 06-ны өдөр МК ХХК-ын Хаан банкны 5178023870 тоот данснаас зээлдэгч Ц.Бын Хаан банкны 5020504688 тоот данс руу 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ18\0051 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг 5 хороо 15 хороолол Энхтайваны өргөн чөлөө /Ү-2204024779/ 110.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. 

2018 оны 04 сарын 04-нд ЗГ18\0053 тоот Зээлийн гэрээ байгуулж 12 сарын хугацаатай нэг сарын 4%-ийн хүүтэй 80,000,000 төгрөгийн зээл авсан. 2018 оны 04 сарын 04-ны өдөр МК ХХК-ын Хаан банкны 5178023870 тоот данснаас зээлдэгч Ц.Бын Хаан банкны 5020504688 тоот данс руу 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ18\0053 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг 13 хороо 14 хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 127\7 байр зоорийн 0 тоот 522 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

2018 оны 09 сарын 12-ны өдөр ЗГ18\0071 тоот Зээлийн гэрээ байгуулж 12 сарын хугацаатай нэг сарын 4%-ийн хүүтэй 65,000,000 төгрөгийн зээл авсан. 2018 оны 09 сарын 12-ны өдөр МК ХХК-ын Хаан банкны 5178023870 тоот данснаас зээлдэгч Ц.Бын Хаан банкны 5020504688 тоот данс руу 65,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ18\0071 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг 13 хороо 14 хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 127\7 байр зоорийн 0 тоот 522 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.           

Ц.Б нь авсан зээлээ хугацаандаа төлөлт хийхгүй гэрээнүүдийн хугацаа дууссан ба гэрээний хугацаа дууссанаас хойш удаа дараа утсаар болон албан бичгээр зээлээ төлөхийг шаардсан боловч төлөлт хийхгуй явсаар 2020 оны 8 сард БГ18\0053, БГ18\0071 тоот барьцааны гэрээнд барьцаалсан Баянзүрх дүүрэг 13 хороо 14 хороолол \13331\ Энхтайваны өргөн чөлөө гудамж 127\7 байр зоорийн 0 тоот хаягт байрлах \Ү-2204072960\, Гэрчилгээний дугаар: 000413492\522 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулан тодорхой хэмжээний эргэн төлөлтийг хийхээр тохиролцсон. Харилцан тохиролцсоны үндсэн дээр Ү-2204072960 дугаартай барьцаа хөрөнгийг иргэн Б.Д банкны зээлээр худалдан авсан. Ц.Б нь Б.Д-с үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 240,000,000 төгрөгийг авч "МК ХХК-тай байгуулсан ЗГ18\0053 дугаартай Зээлийн гэрээг хааж, ЗГ18\0071 дугаартай зээлийн гэрээний зарим төлбөрийг төлсөн. 2018 оны 04 сарын 04-ны өдрийн ЗГ18\0053 тоот Зээлийн гэрээний үүрэг 185,493,041 төгрөгийг 2020 оны 09 сарын 04-ны өдөр бүрэн төлж зээлийг хаасан.

Иймд 2018 оны 03 сарын 06-ны өдрийн ЗГ18\0051 тоот Зээлийн гэрээний үүрэг Үндсэн зээлийн төлбөр 80,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 177,691,366 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,986,184 төгрөг болсон. Үүнээс зээлийн хүүнд 2018 оны 09 сарын 12-нд 19,778,630 төгрөг, мөн өдөр нэмэгдүүлсэн хүүнд 81,534 төгрөг төлсөн. ЗГ18\0051 дугаартай Зээлийн гэрээний үндсэн зээл 80,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 157,912,736 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,904,650 төгрөг нийт 267,817,386 төгрөгийг Ц.Баас гаргуулж, Зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 5 хороо 15 хороолол Энхтайваны өргөн чөлөө \Ү-2204024779\ 110 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Ц.Бийн 2018.09.12-ны өдрийн ЗГ18/0071 тоот Зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 65,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 128,133,021 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,087,781 төгрөг болсон. Үүнээс зээлийн хүүд 2020.09.04-ний өдөр 69,645,795 төгрөг төлсөн. ЗГ18/0071 дугаартай Зээлийн гэрээний үндсэн зээл 65,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 58,486,226 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,087,781 төгрөг, нийт 144,574,007 төгрөг, нийт 412,391,393 төгрөгийг Ц.Баас гаргуулж өгнө үү гэв.

            2.Хариуцагч Ц.Б хариу тайлбартаа:

Уг шаардлагуудыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, болсон үйл явдлын талаар илт худал ташаа бичсэн тул үүнийг зөвтгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Болсон үйл баримтын тухайд: “ИОИ” ХХК-ийн захирал Т.А нь миний найз бөгөөд тэрээр Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа Сити Вью /Сйу У1е\у/ хотхоны дотор заслын ажлыг гүйцэтгэх гэрээг “АБ” ХХК-тай 2018 онд байгуулсан. Тус хотхоны барилгын дотор заслын ажлыг гүйцэтгэхэд ойролцоогоор 150,000,000 төгрөг Т.А-ын компанид шаардлагатай байсан бөгөөд түүний компанид зээл олдохгүй байсан. Тиймээс Т.А компанид нь шаардлагатай байгаа санхүүжилтийг олж өгөхийг надаас гуйсан, мөн уг ажлыг хийхэд хамтран ажиллах санал тавьсан. Ингээд бид хоёр зээл олгох зарын дагуу МК ХХК-тай холбогдсон. Т.Анарын компанийн байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ажил гүйцэтгэхэд шаардлагатай барилгын материал болон бусад зардлыг санхүүжүүлэх зорилгоор бид МК ХХК-аас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ЗГ18/0051 дугаартай зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөгийг, мөн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ18/0053 дугаартай зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөг, нийт 160,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаагаар зээлж авсан болно. Зээлийн барьцаанд би 522 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон Баянзүрх дүүргийн 5-р хорооны 87-55 тоотын 110,1 м.кв талбайтай орон сууцыг тавьсан. “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ажлаа гүйцэтгэсэн ч “АБ” ХХК-аас ажлын хөлсөө авч чадаагүй тул дээрх зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэрхшээл учирч эхэлсэн. Энэ талаар зээлдүүлэгч байгууллагын захирал ЛХЖ болон эдийн засагч Б.Л нарт тухай бүр Т.А бид хоёр тайлбарлан учирлаж байсан. Зээлдүүлэгчийн зүгээс надад хандаж “та зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй бараг 5 сар боллоо, энэ тохиолдолд маиай байгууллагын үзүүлэлт муудахын зэрэгцээ та муу зээлдэгчийн ангилалд орох гээд байна. Тиймээс энэ асуудлаа шийд гэж удаа дараа шаардах болсон.

Ингээд банк бус санхүүгийн байгууллагын зүгээс үүссэн энэ асуудлыг талуудын аль алинд ашигтай шийдэх арга байна гэж хэлээд 65,000,000 төгрөгийн зээл нэмж олгоё, үүнээс 35,000,000 төгрөгийг зээл, хүүгийн төлбөртөө суутгуулаад, үлдсэн 30,000,000 төгрөгийг нь ажилдаа зарцуулж болно гэж хэлсэн. Ингээд тэдний зааварчилгын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ18/0071 тоот Зээлийн гэрээ байгуулж, 65,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлж авах гэрээнд гарын үсэг зурсан. Банк бус санхүүгийн байгууллага 65,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлээд, төд удалгүй (26 минутын дотор) 35,000,000 төгрөгийг нь буцаан авсан буюу өмнөх зээл, хүүгийн төлбөрт суутган авсан юм. Миний бие дээрх 3 удаагийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгчээс нийтдээ 225,000,000 төгрөг авахаар тохиролцсон боловч бодитоор надад зээлийн 1 хувийн шимтгэлийг тухай бүр хасч тооцон 188,100,000 төгрөг олгосон ба үүнийг нь бид барилгын ажилд зарцуулсан. Гэвч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо зээлийн нийт дүнгээс тооцоолол хийж байсан нь хуульд нийцэхгүй байсан.

Ажил гүйцэтгүүлэгч “АБ’’ ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсөө төлөөгүйн улмаас зээлийн эргэн төлөлт зогсонги байдалд орсон. Үүнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагаас утсаар болон албан бичгээр зээлээ төлөхийг удаа дараа шаардах болсны зэрэгцээ “чамаас болж бид үзүүлэлт муудаж хүнд байдалд орж байна”, “чиний хөрөнгийг хураана, хуулийн байгууллагад өгнө” гэх болсон. 2019 оны 09 дүгээр сарын эхээр банк бус санхүүгийн байгууллагын эдийн засагч Б.Л “үүссэн хүнд нөхцөл байдлаас гарахын тулд зээлээ хаах нь зүйтэй шүү” гэж хэлсэн. Би хариуд нь “үнэхээр боломжгүй байна, ийм хэмжээний мөнгөөр туслах хүн надад байхгүй байна. Тиймээс ажлын хөлсөө авсан даруйд зээлээ төлж барагдуулах болно” гэдгээ хэлсэн. Би зээлээ төлөх чадамжгүй болсноо удаа дараа тайлбарлахад уг банк бус санхүүгийн байгууллага нь гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлэхгүй, эсрэгээр нь намайг нэмж зээл авахыг шаардан, зээлийг зээлээр төлүүлэн үндсэн зээлийн дүнгээ нэмэгдүүлэхийг шаардаж байсан.

Үүнээс хэд хоногийн дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас утасдаж “чиний зээлийг шийдвэрлэх боломжтой боллоо яаралтай хүрээд ирээч” гэсэн. Яваад очиход “чиний зээл хүүгийн хамт 352,000,000 төгрөг болж байгаа. Энэ зээлийг өдрийн нэг хувьтай зээл олгодог н.Батцэрэн гэж хүнээр төлүүлчихье, чи манай банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн гэрээг шинээр байгуулчих, тэгээд бүх асуудал шийдэгдэнэ” гэж хэлсэн. Би яагаад ингэж огт танихгүй хүнээс зээл авахыг шаардаж байгааг асуухад, ингэхгүй бол Монголбанкнаас манай ББСБ- ыг зээлийг зээлээр төлүүлж байгааг мэдчихнэ гэж хэлээд, уг нэг өдрийн зээлийг иргэн Н.Б-ээс авахыг шаардсан. Ингээд миний бие банк бус санхүүгийн байгууллагаас тавьсан саналыг аргагүй эрхэнд хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2019-09-26-ны өдрийн байдлаар миний нийт зээлийн үлдэгдэл 352,543,013 төгрөг байсныг Ш.Б-гээр дамжуулж МК ХХК-д төлж барагдуулснаар 2018-03-06-ны өдрийн ЗГ18/0051 тоот зээлийн гэрээ, 2018-04-04-ны өдрийн ЗГ18/0053 тоот зээлийн гэрээ, 2018-09-12-ны өдрийн ЗГ18/0071 тоот зээлийн гэрээний уүрэг тус тус дуусгавар болсон. Энэхүү зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон болох нь зээлийн мэдээллийн сангаас авсан баримтаар эргэлзээгүйгээр нотлогддог.

Улмаар миний бие “МК ХХК”-тай 2019-09-25-ны өдөр ЗГ19/100 дугаартай зээлийн гэрээг байгуулж 360,000,000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд уг гэрээний дагуу авсан мөнгөө Ш.Батцэрэнд буцаан өгсөн. Мөн би 2020 онд МК ХХК-ын барьцаанд байсан улсын бүртгэлийн Ү-2204072960 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 13-р хороо, 127/7 дугаар байрны зоорийн давхрын 0 тоот хаягт байрлах 522 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөө 240,000,000 төгрөгөөр худалдаж, үйлдвэрийн байраа худалдсан даруйд 360,000,000 төгрөгийн зээлээс 240,000,000 төгрөгөө МК ХХК-д төлсөн.

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч нь өмнө нь авсан зээл, зээлийн хүүн дээр давхар зээлийн хүү тооцож байсан тул 2019-09-25-ны өдөр ЗГ19/100 дугаар зээлийн гэрээг байгуулсан тул миний бие энэхүү гэрээг болон энэ гэрээнд үндэслэж хийсэн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл байхыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг МК ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-05-04- ны өдрийн 1340 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59.1.9, 56.5 дахь заалтуудыг үндэслэн талуудын хооронд байгуулсан 2019-09-25-ны өдрийн зээлийн гэрээ болон бусад барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг МК ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрт МК ХХК-ын зүгээс гаргасан давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж 2022-08-05-ны өдрийн 1457 дугаар магадлалаар гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Уг магадлалд талууд хяналтын гомдол гаргаагүй тул шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

МК ХХК нь дээрх хэргийг хянан хэлэлцэж байхад шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа Ц.Б надтай байгуулсан 2018-03-06-ны өдрийн ЗГ18/0051 тоот зээлийн гэрээ, 2018-09-12-ны өдрийн ЗГ18/0071 тоот зээлийн гэрээг хаасан талаар дурдсан, мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх зээлүүдийг төлж барагдуулсан болохыг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс МК ХХК нь нэгэнт дуусгавар болсон гэрээний үүргийг надаас шаардаж буй нь үндэслэлгүй тул 2018-03-06-ны өдрийн ЗГ18/0051 тоот зээлийн гэрээ болон 2018-09-12-ны өдрийн ЗГ18/0071 тоот зээлийн гэрээний дагуу миний бие тус компанид төлбөр төлөх үүрэггүй юм.

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын тухайд: Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2018-03-06-ны өдрийн БГ18/0051 тоот барьцааны гэрээний үндэслэл нь 2018- 03-06-ны өдрийн ЗГ18/0051 дугаар зээлийн гэрээ юм. Барьцаа нь үүргийн гүйцэтгэлийн хангах аргуудын нэг болохыг хувьд дангаараа бие даасан шаардлага гаргах эрхийг үүсгэддүй нэмэгдэл үүрэг байдаг. Үндсэн үүрэг дуусгавар болсноор нэмэгдэл үүрэг мөн адил дуусгавар болдог. Тиймээс талуудын байгуулсан 2018-03-06-ны өдрийн ЗГ18/0051 дугаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор барьцааны гэрээний харилцаа дуусгавар болсон тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь мөн адил үндэслэлгүй байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-05-04- ны өдрийн 1340 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022-08-05-ны өдрийн 1457 дугаар магадлалаар тус тус Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол, 87 дугаар байрны 55 тоотод байрлах 110,1 м.кв талбайтай орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг МК ХХК-д даалгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул дээрх шаардлага нь хангагдах хуулийн ямар ч боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, компанийн дүрэм, зээлийн өргөдөл, анкет, 2018.03.06-ны өдрийн ЗГ18/0051 дугаар Зээлийн гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, 2018.03.06-ны өдрийн БГ18/0051 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, дансны хуулга, 2018.04.04-ний өдрийн ЗГ18/0053 дугаар Зээлийн гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, 2018.04.04-ний өдрийн БГ18/0053 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, дансны хуулга, итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, зээлийн өргөдөл, анкет, 2018.09.12-ний өдрийн ЗГ18/0071 дугаар Зээлийн гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, 2018.09.12-ний өдрийн БГ18/0071 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, дансны хуулга, зээл төлөлтийн дансны хуулга зэрэг баримтыг,

Хариуцагч талаас: хариу тайлбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.04-ний өдрийн 182/ШШ2022/01340 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.05-ны өдрийн 210/МА2022/01457 дугаар магадлал, стандарт лавлагаа зэрэг баримтыг тус тус гарган өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч МК ХХКнь хариуцагч Ц.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 412,391,393 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелээгүй тул ЗГ18/0051 болон ЗГ18/0071 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 412,391,393 төгрөгийг гаргуулна, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тодорхойлов.

4.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, үндсэн үүрэг дуусгавар болсноор нэмэгдэл үүрэг мөн адил дуусгавар болсон гэж тайлбарлав.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн өргөдөл, анкет, 2018.03.06-ны өдрийн ЗГ18/0051 дугаар Зээлийн гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, 2018.03.06-ны өдрийн БГ18/0051 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, дансны хуулга, 2018.04.04-ний өдрийн ЗГ18/0053 дугаар Зээлийн гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, 2018.04.04-ний өдрийн БГ18/0053 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, дансны хуулга, итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, зээлийн өргөдөл, анкет, 2018.09.12-ний өдрийн ЗГ18/0071 дугаар Зээлийн гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, 2018.09.12-ний өдрийн БГ18/0071 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, дансны хуулга, зээл төлөлтийн дансны хуулга, хариу тайлбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.04-ний өдрийн 182/ШШ2022/01340 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.05-ны өдрийн 210/МА2022/01457 дугаар магадлал, стандарт лавлагаа зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.Ц.Б, Т.А нар нь МК ХХК ХХК-тай 2018 оны 03 сарын 06-ны өдөр ЗГ18\0051 дугаар Зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 48 хувийн хүүтэй авсан байна. Мөн өдөр БГ18\0051 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Ц.Бийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 15 хороолол Энхтайваны өргөн чөлөө 87-р байр 55 тоот хаягт байршилтай 110.1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг /Ү-2204024779/ барьцаалсан байна.

7.Ц.Б нь МК ХХК ХХК-тай 2018 оны 04 сарын 04-ний өдөр ЗГ18\0053 дугаар Зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 48 хувийн хүүтэй авсан байна. Мөн өдөр БГ18\0053 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Н.Ц өмчлөлийн Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо 14-р хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 127\7 байр зоорийн давхрын 0 тоот хаягт байршилтай 522 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг /Ү-2204072960/ барьцаалсан байна.

8.Ц.Б нь МК ХХК ХХК-тай 2018 оны 09 сарын 12-ны өдөр ЗГ18\0071 дугаар Зээлийн гэрээ байгуулж, 65,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай жилийн 48 хувийн хүүтэй авсан байна. Мөн өдөр БГ18\0071 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Н.Ц өмчлөлийн Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо 14-р хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 127\7 байр зоорийн давхрын 0 тоот хаягт байршилтай 522 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг /Ү-2204072960/ барьцаалсан байна.

9.Дээрх гэрээнүүдийг байгуулсан болон зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч нь хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

10.Талууд ЗГ18/0051, ЗГ18/0053, ЗГ18/0071 дугаар зээлийн гэрээнүүдийн төлбөрийг төлж, зээлийг хаахаар тохиролцон 2019 оны 09 сарын 25-ны өдөр ЗГ19/0100 дугаартай 360,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.04-ний өдрийн 182/ШШ2022/01340 дугаар шийдвэрээр зохигчдын хооронд байгуулсан тухайн ЗГ19/0100 дугаар Зээлийн гэрээ болон мөн өдрийн БГ19/0100 дугаар барьцааны гэрээ, 2020 оны 09 сарын 04-ний өдөр БГ19/0100-1 дугаар барьцааны гэрээ, 2020 оны 09 сарын 04-ний өдөр болон 2020 оны 09 сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.05-ны өдрийн 210/МА2022/01457 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

11.Ц.Б нь 2020 оны 8 сард зээлийн барьцаанд байсан Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо 14-р хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 127\7 байр зоорийн давхрын 0 тоот хаягт байршилтай 522 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж 240,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн байна. Нэхэмжлэгч МК ХХК нь дээрх 240,000,000 төгрөгөөс ЗГ18/0053 дугаар зээлийн гэрээний үүрэг 185,493,041 төгрөгийг бүрэн төлж зээлийн гэрээг хааж, ЗГ18/0071 дугаар зээлийн гэрээний зарим төлбөрийг төлсөн гэж тайлбарласан.

12.Хариуцагч нь 2019 оны 09 сарын 26-ны өдрийн байдлаар миний нийт зээлийн үлдэгдэл 352,543,013 төгрөг байсныг Ш.Батцэрэнгээр дамжуулж МК ХХК-д төлж барагдуулснаар ЗГ18/0051, ЗГ18/0071 дугаар зээлийн гэрээний үүрэг тус тус дуусгавар болсон гэж маргаж байна.

13.Талуудын хооронд байгуулагдсан ЗГ18/0051, ЗГ18/0053, ЗГ18/0071 зээлийн гэрээ, БГ18/0051, БГ18/0053, БГ18/0071 барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

14.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

15.Хариуцагч нь гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг зохих ёсоор, хугацаанд нь төлөөгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар нэхэмжлэгч зээлийн төлбөр буюу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй.

16.Зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 09 сарын 25-ны өдрийн ЗГ19/0100 дугаар Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус тул хариуцагч нь ЗГ18/0051, ЗГ18/0053, ЗГ18/0071 дугаар зээлийн гэрээний дагуу төлөх төлбөргүй, эдгээр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх боломжгүй байна. Талууд 2019 оны 09 сарын 25-ны өдөр ЗГ18/0051, ЗГ18/0053, ЗГ18/0071 дугаар зээлийн гэрээнүүдийн үүргийг дуусгавар болгож, зээлийг хаахаар тохирч ЗГ19/0100 дугаар зээлийн гэрээг байгуулсан байх бөгөөд хариуцагч нь нийт 352,243,013 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байсан болох нь талуудын тайлбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.04-ний өдрийн 182/ШШ2022/01340 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.05-ны өдрийн 210/МА2022/01457 дугаар магадлалд дурдсанаар тогтоогдож байна. Иймд дээрх гэрээнүүдийн төлбөрт 352,243,013 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй гэж үзэв. Харин нэхэмжлэгч нь тус хугацаанаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхгүй байна.

17.Хариуцагч нь 2020 онд барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж 240,000,000 төгрөгийг ЗГ19/0100 дугаар зээлийн гэрээний төлбөрт төлснийг нэхэмжлэгч нь ЗГ18/0053 дугаар зээлийн гэрээний төлбөрт болон ЗГ18/0071 дугаар зээлийн гэрээний зарим төлбөрийг суутган авснаар тооцож хассан байгаа нь үндэслэлгүй. Иймд хариуцагчийн төлсөн 240,000,000 төгрөгийг дээрх 352,243,013 төгрөгийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй бөгөөд хариуцагч нь 112,243,013 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэв.

18.Хариуцагч нь үндсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.  

19.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Ц.Баас 112,243,013 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МК ХХК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,148,380 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

20.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,290,106.97 /2,219,906.97+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 789,365 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д  заасныг баримтлан хариуцагч Ц.Баас 112,243,013 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МК ХХК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,148,380 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нь дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ц.Бийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 15 хороолол Энхтайваны өргөн чөлөө 87-р байр 55 тоот хаягт байршилтай 110.1 м.кв талбайтай 3 өрөө /Ү-2204024779/ орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,290,106.97 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 789,365 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ                               У.С