Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2023/00418

 

 

 

 

 

 

 

 

2023 02 27 210/МА2023/00418

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/03682 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Ц.Б т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 412,391,393 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Ц.Б , түүний өмгөөлөгч Н.Э, М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Ц.Б нь М ХХК-аас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр * дугаартай зээлийн гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй 80,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ18\0051 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, * дүүрэг, *-р хороо , * хороолол , Энхтайваны өргөн чөлөө /Ү-2204024779/ * м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ18\0053 дугаартай зээлийн гэрээ байгуулж 12 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй 80,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ18\0053 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, * дүүрэг, 13-р хороо, 14-р хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 127\7 байр зоорийн 0 тоот * м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ18\0071 дугаартай зээлийн гэрээ байгуулж 12 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй 65,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ18\0071 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, * дүүрэг, 13-р хороо, 14-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 127\7 байр зоорийн 0 тоот * м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Ц.Б нь авсан зээлээ хугацаандаа төлөлт хийхгүй гэрээнүүдийн хугацаа дууссан ба гэрээний хугацаа дууссанаас хойш удаа дараа утсаар болон албан бичгээр зээл төлөхийг шаардсан боловч төлөлт хийхгүй явсаар 2020 оны 08 дугаар сард БГ18\0053, БГ18\0071 дугаартай барьцааны гэрээнд барьцаалсан * дүүрэг, 13-р хороо, 14-р хороолол \13331\ Энхтайваны өргөн чөлөө гудамж 127\7 байр зоорийн 0 тоот хаягт байрлах * м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж тодорхой хэмжээний эргэн төлөлтийг хийхээр тохиролцсон. Ү-2204072960 дугаартай барьцаа хөрөнгийг иргэн Б.Д банкны зээлээр худалдан авсан. Ц.Б нь Б.Д гаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 240,000,000 төгрөгийг авч "М ХХК-тай байгуулсан ЗГ18\0053 дугаартай зээлийн гэрээг хааж, ЗГ18\0071 дугаартай зээлийн гэрээний зарим төлбөрийг төлсөн. 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ18\0053 дугаартай зээлийн гэрээний үүрэг 185,493,041 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр бүрэн төлж зээлийг хаасан.

Иймд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн * дугаартай зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 80,000,000 төгрөг, хүү 177,691,366 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,986,184 төгрөг болсон. Үүнээс зээлийн хүүд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 19,778,630 төгрөг, мөн өдөр нэмэгдүүлсэн хүүд 81,534 төгрөг төлсөн. * дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 80,000,000 төгрөг, хүү 157,912,736 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,904,650 төгрөг, нийт 267,817,386 төгрөгийг Ц.Б аас гаргуулах,

мөн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ18/0071 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 65,000,000 төгрөг, хүү 128,133,021 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,087,781 төгрөг болсон. Үүнээс зээлийн хүүд 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 69,645,795 төгрөг төлсөн. ЗГ18/0071 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 65,000,000 төгрөг, хүү 58,486,226 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,087,781 төгрөг, нийт 144,574,007 төгрөг, нийт 412,391,393 төгрөгийг хариуцагч Ц.Б аас гаргуулж, зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох * дүүрэг, *-р хороо , 1*-р хороо лол, Энхтайваны өргөн чөлөө \Ү-2204024779\ 110 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: М ХХК-аас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ЗГ18/0051 дугаартай зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөгийг, мөн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ18/0053 дугаартай зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөг, нийт 160,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаагаар зээлж авсан. Зээлийн барьцаанд * м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон * дүүрэг, *-р хороо , 87-55 тоотын 110,1 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн боловч Актив Бриж ХХК-аас ажлын хөлсөө авч чадаагүй тул дээрх зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ талаар зээлдүүлэгчид мэдэгдсэн. Банк бус санхүүгийн байгууллагын зүгээс үүссэн энэ асуудлыг талуудын аль алинд нь ашигтай шийдэх арга байна гэж хэлээд 65,000,000 төгрөгийн зээл нэмж олгоё, үүнээс 35,000,000 төгрөгийг зээл, хүүгийн төлбөртөө суутгуулаад, үлдсэн 30,000,000 төгрөгийг нь ажилдаа зарцуулж болно гэсний дагуу зээл авсан. Дээрх 3 удаагийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгчээс нийт 225,000,000 төгрөг авахаар тохиролцсон боловч зээлийн 1 хувийн шимтгэлийг тухай бүр хасч тооцон 188,100,000 төгрөг олгосныг барилгын ажилд зарцуулсан. Гэвч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо зээлийн нийт дүнгээс тооцоолол хийж байсан нь хуульд нийцэхгүй.

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зээл, хүүгийн хамт 352,000,000 төгрөг болж байгаа. Энэ зээлийг өдрийн нэг хувьтай зээл олгодог Ш.Б гээр төлүүлчихье, банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн гэрээг шинээр байгуулчих, тэгээд бүх асуудал шийдэгдэнэ гэж хэлсэн. Иймээс банк бус санхүүгийн байгууллагаас тавьсан саналыг аргагүй эрхэнд хүлээн зөвшөөрсөн бөгөөд нийт зээлийн үлдэгдэл 352,543,013 төгрөг байсныг Ш.Б гээр дамжуулж М ХХК-д төлж барагдуулснаар дээрх гэрээний үүрэг тус тус дуусгавар болсон. Улмаар миний бие М ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ19/100 дугаартай зээлийн гэрээг байгуулж 360,000,000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд уг гэрээний дагуу авсан мөнгөө Ш.Б д буцаан өгсөн. Мөн 2020 онд М ХХК-ийн барьцаанд байсан улсын бүртгэлийн Ү-2204072960 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 13-р хороо, 127/7 дугаар байрны зоорийн давхрын 0 тоот хаягт байрлах * м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөө 240,000,000 төгрөгөөр худалдаж, үйлдвэрийн байраа худалдсан даруйд 360,000,000 төгрөгийн зээлээс 240,000,000 төгрөгийг ББСБ-д төлсөн.

Нэхэмжлэгч нь өмнө нь авсан зээл, зээлийн хүү дээр давхар зээлийн хүү тооцож байсан тул 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ19/100 дугаар зээлийн гэрээг байгуулсан тул миний бие энэхүү гэрээг болон энэ гэрээнд үндэслэж хийсэн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл байхыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг М ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1340 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59.1.9, 56.5 дахь заалтуудыг үндэслэн талуудын хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ болон бусад барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг М ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрт М ХХК-ийн зүгээс гаргасан давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1457 дугаар магадлалаар гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Уг магадлалд талууд хяналтын гомдол гаргаагүй тул шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн БГ18/0051 тоот барьцааны гэрээний үндэслэл нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ18/0051 дугаар зээлийн гэрээ юм. Барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг болохын хувьд дангаараа бие даасан шаардлага гаргах эрхийг үүсгээгүй нэмэгдэл үүрэг байдаг. Үндсэн үүрэг дуусгавар болсноор нэмэгдэл үүрэг мөн адил дуусгавар болдог. Иймээс талуудын байгуулсан 2018-03-06-ны өдрийн ЗГ18/0051 дугаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор барьцааны гэрээний харилцаа дуусгавар болсон тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь мөн адил үндэслэлгүй. Түүнчлэн, нэгэнт тогтоогдсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул дээрх шаардлага нь хангагдах хуулийн ямар ч боломжгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б аас 112,243,013 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,148,380 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ц.Б ийн өмчлөлийн * дүүрэг *-р хороо 1*-р хороо лол Энхтайваны өргөн чөлөө * байр * тоот хаягт байршилтай * м.кв талбайтай 3 өрөө /Ү-2204024779/ орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,290,106.97 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 789,365 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 300,148,380 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-д талуудын хооронд байгуулагдсан ЗГ18/0051, ЗГ18/0053, ЗГ18/0071 зээлийн гэрээ БГ18/0051, БГ18/0053, БГ18/0071 барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна гэж талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд байгуулсныг хуулийн хүчин төгөлдөр гэрээнүүд болох талаар хуулийн үндэслэлтэй дүгнэсэн. Мөн шүүхийн шийдвэрийн 16-д зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ19/0100 дугаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус тул хариуцагч нь ЗГ18/0051, ЗГ18/0053, ЗГ18/0071 дугаар зээлийн гэрээний дагуу төлөх төлбөргүй, эдгээр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх боломжгүй байна. Талууд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ18/0051, ЗГ18/0053, ЗГ18/0071 дугаар зээлийн гэрээнүүдийн үүргийг дуусгавар болгож, зээлийг хаахаар тохирч ЗГ19/0100 дугаар зээлийн гэрээг байгуулсан байх бөгөөд хариуцагч нь нийт 352,243,013 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байсан болох нь талуудын тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/01340 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2022/01457 дугаар магадлалд дурдсанаар тогтоогдож байна. Иймд дээрх гэрээнүүдийн төлбөрт 352,243,013 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй гэж үзэв. Харин нэхэмжлэгч нь тус хугацаанаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхгүй байна. Шүүх хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй болохыг заасан нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-д хариуцагч нь 2020 онд барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж 240,000,000 төгрөгийг ЗГ19/0100 дугаар зээлийн гэрээний төлбөрт төлснийг нэхэмжлэгч нь ЗГ18/0053 дугаар зээлийн гэрээний төлбөрт болон ЗГ18/0071 дугаар зээлийн гэрээний зарим төлбөрийг суутган авснаар тооцож хассан байгаа нь үндэслэлгүй. Иймд хариуцагчийн төлсөн 240,000,000 төгрөгийг дээрх 352,243,013 төгрөгийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй бөгөөд хариуцагч нь 112,243,013 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэв гэж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Хариуцагч Ц.Б нь М ХХК-аас нийт 3 удаа зээлийн ЗГ18/0051, ЗГ18/0053, ЗГ18/0071 дугаар гэрээ байгуулж зээл авсан. Хариуцагчийн төлсөн 240,000,000 төгрөгийг ЗГ18/0053 дугаар зээлийг бүрэн хааж ЗГ18/0071 дугаар зээлийн зарим төлбөрийг хаасныг нэхэмжлэгч тал хасаж тооцсон. Шүүх нэхэмжлэгч тал хариуцагчийн төлсөн 240,000,000 төгрөгийг ЗГ18/0053, ЗГ18/0071 дугаар зээлийн гэрээний төлбөрөөс хасч тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Талуудын хооронд 3 удаагийн зээлийн гэрээ байгуулагдаж зээл олгосон. 3 удаагийн зээлийн гэрээг хаах зорилгоор мөнгө хүүлэгч иргэнээс зээл авахыг банк бус санхүүгийн байгууллага шаардаж, энэхүү ажлыг зохион байгуулж, 2019 оны ЗГ19/0100 дугаар зээлийн гэрээ байгуулагдсан. ЗГ19/0100 дугаартай зээлийн гэрээний дагуу олгох зээлээр өмнөх 3 зээлийг хаах ажиллагааг зохион байгуулсан. Тус 3 зээлийг мөнгө хүүлэгч иргэний мөнгөөр төлж хаасан. Зээлийн үүрэг гүйцэд биелж, дуусгавар болсон. 2019 оны ЗГ19/0100 дугаартай зээлийн гэрээ хууль зөрчсөн буюу Иргэний хуулийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдсон. Нэхэмжлэгч талд хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдсон хэлцлийн үр дагаврыг шаардах эрх үлдсэн. Өмнөх 3 удаагийн зээл зээлийн мэдээллийн санд хаагдсан гэх мэдээлэл байна. ЗГ19/0100 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохдоо барьцаануудыг давхар хүчин төгөлдөр бусд тооцож, чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгүүд улсын бүртгэлд барьцаанаас чөлөөлөгдсөн гэх бүртгэл хийгдэж, нэхэмжлэгч талын үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай байр нь хариуцагч зээлийн барьцаанд тавих зорилгоор эгчээсээ түр өөрийн нэр дээр шилжүүлж авсан байр байсан. Барьцаанаас чөлөөлөгдсөн учраас эгчдээ буцаан шилжүүлж өгсөн байр юм. Анхан шатны шүүх зээлийн барьцаанд байгаа гэх байрны зээлийн барьцааны бүртгэл хүчин төгөлдөр байгаа эсэхийг шалгаагүй. Барьцаанд байгаа гэх 3 өрөө байр барьцаанд байхгүй. Улсын бүртгэлээр барьцааны бүртгэл хүчингүй болж, дараагийн өмчлөгчдөө буюу анхны өмчлөгчдөө шилжсэн. Анхан шатны шүүх өмнө хаагдсан зээлүүдэд тооцоолол хийсэн нь буруу болсон. Нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдсон гэрээний дагуу олгосон 350,000,000 төгрөгтэй холбоотой шаардах эрх үлдсэн, өөр шаардах эрх байхгүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй тул тус шүүхийн 3682 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 112,243,013 төгрөгийг хангаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн буюу нэгэнт дуусгавар болсон зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас гаргуулахаар, мөн дуусгавар болсон барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь буруу тул хариуцагчийн зүгээс гомдолтой байна. Тодруулбал, найз Т.Анарын эзэмшлийн компанийн хэрэгжүүлж буй барилгын ажлын санхүүжилтэд зориулж 80,000,000 төгрөгийн зээлийг М ХХК-аас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ18/0051 дугаар зээлийн гэрээгээр авсан. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ1 8/0053 дугаар зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ18/0071 тоот гэрээгээр 65,000,000 төгрөгийг тус тус зээлж авсан. Дээрх гурван зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 352,543,013 төгрөг байсныг Ш.Б гээр дамжуулж М ХХК-д төлж барагдуулснаар дээрх зээлийн гэрээний үүрэг тус тус дуусгавар болсон. Энэхүү зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон болох нь зээлийн мэдээллийн сангаас авсан баримт болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/01340 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2Ю/МА2022/01457 дугаар магадлалаар давхар нотлогддог.

Нэгэнт ЗГ18/0051 болон ЗГ18/0071 гэрээний харилцаа дуусгавар болсон байхад дуусгавар болсон гэрээний төлбөрийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн адил үндэслэлгүй. Барьцааны гэрээ нь дангаараа бие даасан шаардлага гаргах эрхийг үүсгэдэггүй, нэмэгдэл үүргийн шинжийг агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээ нь зээлийн гэрээний үүргийн хүчин төгөлдөр байдалтай шууд холбоотой ба үндсэн үүрэг дуусгавар болсноор нэмэгдэл үүрэг мөн адил дуусгавар болдог. Тиймээс ЗГ18/0051 дугаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор БГ18/0018 дугаар барьцааны гэрээний үүрэг мөн адил дуусгавар болсон. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/01340 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2022/01457 дугаар магадлалаар М ХХК-ийн барьцаанд байсан улсын бүртгэлийн Ү-2204024779 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн *-р хороо , 1*-р хороо лол, /13342/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, * байрны * тоот хаягт байрлах 110.1 кв талбайтай 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж шийдвэрлэснээр тухайн хөрөнгө нь барьцаанаас бүрэн чөлөөлөгдсөн. Анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэл гаргахдаа нөхөж байгуулсан ЗГ19/0100, ЗГ18/0051, ЗГ18/0071 дугаар зээлийн гэрээнүүд болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаж 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, зарим шаардлагыг тодруулах нэхэмжлэлийн шаардлага дахин гаргахдаа ЗГ18/0071, ЗГ18/0053, ЗГ18/0051 дүгээр зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нөхөн байгуулсан ЗГ19/0100 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ЗГ19/0100 дугаар зээлийн гэрээг нөхөж байгуулсан байна гэж үзсэн. ЗГ19/0100 дугаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байсан. Өөрөөр хэлбэл, Ц.Б , М ХХК-тай байгуулсан ЗГ18/0051, ЗГ18/0053, ЗГ18/0071 дүгээр зээлийн гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Тус зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй. Ц.Б , М ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, үүргийн гүйцэтгэлийг хангаагүй гэж шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.  Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчдын гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ц.Б т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 412,391,393 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. М ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ18/0051 дугаар зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ18/0053 дугаар зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ18/0071 дугаар зээлийн гэрээгээр 65,000,000 төгрөгийг тус тус жилийн 48 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай Ц.Б т зээлдүүлж, зээлдэгч нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг буцаан төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024779 дугаарт бүртгэлтэй * дүүргийн *-р хороо , 1*-р хороо лол /13342/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, * байр * тоот хаягт байршилтай 110,1 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204072960 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 13-р хороо, 14-р хороолол /13331/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 127/7 байр зоорийн 0 тоот хаягт байршилтай * м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ. /хх20-21, 22-24, 28-29, 30-31, 34, 36-37, 38-40/

3.1. Дээрхээс дүгнэвэл, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

4. Зээлдүүлэгч М ХХК нь зээлийн гэрээний дагуу 225,000,000 төгрөгийг зээлдэгч Ц.Б ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

5. Хэрэгт авагдсан баримтаар М ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ18/0071 дугаар зээлийн гэрээний дагуу 65,000,000 төгрөгийг Ц.Б ийн банкны харилцах дансанд шилжүүлсэн, улмаар зээлдэгч Ц.Б нь 35,000,000 төгрөгийг буцаан зээлдүүлэгчийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон тул хариуцагч талын гаргасан 35,000,000 төгрөгийг бодитоор ашиглаагүй... гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь зээлдэгч Ц.Б нь өөрийн өмчлөлдөө шилжин ирсэн мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулах нь түүний өөрийнх нь хүсэл зориг юм. Түүнчлэн, зээлдэгч Ц.Б нь 35,000,000 төгрөгийг шилжүүлснээр өмнөх зээлийн гэрээний үүргээс тэр хэмжээгээр чөлөөлөгдсөн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх холбогдох зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч 65,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн гэж тооцсон нь зөв.

6. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/01340 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2022/01457 дугаар магадлалаар М ХХК, Ц.Б нарын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ19/0100 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн БГ19/0100-1 дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Баянзүрх дүүргийн *-р хороо , 1*-р хороо лол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 87-р байр, зоорийн 55 тоотод баярлах * м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Чингэлтэй дүүргийн 2-р хороо, СЯ 20 байр, 10 тоотод байрлах 34 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч М ХХК-д даалгаж шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

7. Талууд ЗГ18/0051, ЗГ18/0053, ЗГ18/0071 дугаар зээлийн гэрээнүүдийн төлбөрийг төлж, зээлийг хаахаар тохиролцон 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ19/0100 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дүнг 360,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна. Хэдийгээр шүүхийн шийдвэрээр дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон байх боловч энэ гэрээнд дурдагдсан үнийн дүнгээр талууд өмнөх гурван зээлийн гэрээний үүргийг тооцож, хариуцагчийн хүлээх үүргийн үнийн дүнг тодорхойлсон байна гэж үзэх үндэслэлтэй.

7.1. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/01340 дугаар шийдвэрээр өмнөх гурван зээлийн гэрээний дагуу хариуцагч Ц.Б ийн хүлээх үүргийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар нийт 352,543,013 төгрөг гэж дүгнэсэн нь хүчин төгөлдөр байна. /хх 69/

8. Иймд 2019 оны ЗГ19/0100 дугаар зээлийн гэрээгээр өмнөх гурван зээлийн гэрээ болох 2018 оны ЗГ18/0051, ЗГ18/0053, ЗГ18/0071 дугаар зээлийн гэрээний дагуу хариуцагчийн хүлээх үүргийг тодорхойлсон гэж үзэж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/01340 дугаар шийдвэрт дурдагдсан үнийн дүн болох 352,543,013 төгрөгөөр зээлдэгч Ц.Б ийн хүлээх үүргийг тодорхойлсныг буруутгах боломжгүй.

8.1. Зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй байх тул зээлдүүлэгч дээрх гэрээнүүдийн төлбөр гаргуулахаар шаардах эрхтэй.

8.2. Иймд анхан шатны шүүх хариуцагч Ц.Б ийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн үлдэгдэл 352,243,013 төгрөгөөс түүний төлсөн 240,000,000 төгрөгийг хасч үлдэх 112,243,013 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

9. ...Хариуцагчийн төлсөн 240,000,000 төгрөгийг ЗГ18/0053, ЗГ18/0071 дугаар зээлийн гэрээний төлбөрөөс хасч тооцсон нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир нь, нэхэмжлэгчийн хасч тооцсон дүнгээс шүүх дахин хассан үйл баримт тогтоогдохгүй байна.

10. Хариуцагч Ц.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш тухайн барьцааны зүйл болох Ц.Б ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204072960 дугаартай бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 13-р хороо, 14-р хороолол /13331/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 127/7 байр зоорийн 0 тоот хаягт байршилтай * м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 240,000,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулж, уг мөнгөн хөрөнгөө М ХХК-д төлөх зээлийн төлбөрт 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

11. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/01340 дугаар шийдвэрээр талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн ч 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн барьцааны гэрээний зүйл болох 110 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул ...барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

12. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/03682 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,658,691 төгрөг, хариуцагчаас төлсөн 789,365 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН