Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2023/00059

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн .......... дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, ГБ-нытөв байранд байрлах ГБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ........... дугаар хороо, .......... дүгээр байрны ............ тоотод оршин суух, Г овгийн Б-ийн Б холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 26,619,519.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр  сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ц.С

Хариуцагч Б.Б  /онлайнаар/

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ц /онлайнаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Онар оролцов.        

     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ГБХХК нь хариуцагч Б.Б т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 26,619,519 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

           Үүнд: Зээлдэгч Ч овогтой М хамтран зээлдэгч Бовогтой Б нар ГБ 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 4605108273 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 15,200,000.00 төгрөгийг жилийн 16.8 %-ийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээлийг авсан. Улмаар 2018 оны 12 сарын 05-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, ЗГ4605108273-1 тоот “зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ” байгуулан 3,000,000.00 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай нэмэлт цалингийн зээл авсан. 4605108273, ЗГ4605Ю8273-1 тоот зээл болон барьцааны гэрээгээр 4605108177 тоот цалингийн харилцах дансыг барьцаалсан, үндсэн зээлдэгч Ч овогтой Мнь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр автын ослоор нас барсан.

          Гэрээний үүргийн зөрчил: Хамтран зээлдэгч Бовогтой Б нь 4605108273, ЗГ4605108273-1 тоот гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилагаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Б овогтой Б-т холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгчийн 4605108273, ЗГ4605Ю827Э-1 тоот цалингийн зээлийн гэрээний 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 17,227,701.80 төгрөг, хүү 8,597,076.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 245,530.03 төгрөг, /хугацаа хэтэрсэн хоног 1085 хоног/ нийт 26,070,308.42 төгрөгийг  зээлдэгч Б.Б ээс улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Г-нд олгуулж өгнө үү гэжээ.

             Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

             ГБ-нызүгээс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлдэгч Б овогтой Б-ээс 26,070,308.42 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагчийн хүсэлтээр шүүх хурал хойшилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд 4605108273, ЗГ4605108273-1 тоот цалингийн зээлийн гэрээний 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 549,210.68 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 26,619,519.10 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ц.С нар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай талаас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б.Б  нь 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр шүүхэд өгсөн тайлбартаа “намайг Голомт банкнаас дуудаж, манай эхнэрийн хоёр дахь удаагаа зээлсэн 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээн дээр хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан” гэсэн атлаа өнөөдөр шүүх хуралдаанд “олон удаа зээл авч байсан учраас андуурч тухайн үед зөрүүтэй тайлбар өгсөн байна” гэж хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд худлаа тайлбар өгсөн гэж үзэж байна гэв.

 Хариуцагч Б.Б  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: ГБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б  надад холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 26,619,519.10 төгрөг гаргуулах тухай” хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

          Манай эхнэр Ч.М нь тус банкнаас цалингийн зээл авсан нь үнэн.

Эхнэр маань Б.Б-хүү гэгч хүний буруутай үйлдлийн улмаас 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зам тээврийн ослоор нас барсан. Зээлийг би өөрөө гарын үсэг зурж аваагүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай эхнэр цалингаа барьцаалж уг зээлийг авсан юм. Шүүхэд өгсөн тайлбарын хувьд би өөрөө өмнө нь олон удаа зээл авч байсан, талийгаач бас урьд нь цалингийн зээл авсан болохоор тухайн үед алийг нь мэдэхгүй тийм тайлбар гаргасан юмаа. Цаг хугацааны хувьд хэдэн жилийн өмнө болсон зүйлийг хүн мартах, андуурах зүйл гардаг шүү дээ. Эргэлзээд байсан учир шинжээч томилуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

           Нэхэмжлэгч байгууллагын зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18/06-220114 дугаартай итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, ГБ-ны Гүйцэтгэх захирлын тушаалууд, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 4605108273 дугаартай зээл болон барьцааны гэрээ/ цалингийн зээл/, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ4605108273 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /нэмэлт цалингийн зээл/,

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга зэрэг /хх-ийн 4-13, 40-43 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн,

Хариуцагчаас Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолыг нотлох баримтаар  ирүүлсэн,

Хариуцагч талын хүсэлтээр Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2508 дугаар шинжээчийн дүгнэлтийг,  нэхэмжлэгч талын хүсэлтээр 2022.12.27-ны өдрийн 3282 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг шүүхийн зүгээс тус тус бүрдүүлсэн болно.  

ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч ГБ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж үзэв.

 1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Үндсэн зээлдэгч Ч.Мнь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 4605108273 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 15,200,000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт цалингийн зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай тус тус зээлсэн бөгөөд үндсэн зээлдэгч Ч.М нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр авто ослоор нас барсан. Иймд хамтран зээлдэгч  Б.Б ээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 26,619,519.10 төгрөгийг  гаргуулна гэжээ.

  2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байгаа болно. Үүнд: Манай эхнэр Ч.М нь тус банкнаас өөрийн цалинг барьцаалж цалингийн зээл авсан нь үнэн. Эхнэр маань Б.Б-хүү гэгч хүний буруутай үйлдлийн улмаас 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зам тээврийн ослоор нас барсан. Эхний гэрээнд эхнэр ганцаараа гарын үсэг зурсан бөгөөд нэмэлт цалингийн зээлийн гэрээнд зурсан гарын үсэг минийх биш, би өөрөө   гарын үсэг зурж зээл аваагүй болохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

   ГБ Чгийн М нарын хооронд 2018.06.14-ний өдөр 4605108273 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдан Ч.Мнь өөрийн цалингийн орлогыг барьцаалан 15,200,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлжээ.

 

   - Улмаар 2018.12.05-ны өдөр ГБ Ч.М Б.Б  нарын хооронд дээрх 4605108273 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт цалингийн зээлийн гэрээ байгуулагдан нэмж 3,000,000 төгрөгийг 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн байна. Уг гэрээнд үндсэн зээлдэгчээр Ч.М хамтран зээлдэгчээр Б.Б  гэх гарын үсэг зурагдсан байх бөгөөд үндсэн зээлдэгч Ч.Мнь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зам тээврийн ослоор нас барсан болох нь талуудын тайлбар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.11-ний өдрийн 17 тоот шийтгэх тогтоолоор тус тус  тогтоогдож байна.  /хх-ийн 8-11, 21-29  дүгээр хуудас/

  4. 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн  нэмэлт цалингийн зээлийн гэрээнд хамтран хариуцагчаар зурагдсан “Б.Б ” гэх гарын үсэг минийх гэдэгт эргэлзээ төрж байна гэсэн үндэслэлээр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2508 дугаартай шинжээчийн “2018.12.05-ны өдрийн Зээлийн гэрээ гэх 1 хуудас баримтын нүүрэн хэсэг болон арын нүүрний баруун доор хамтран зээлдэгч гэсэн хэсэгт нэр гэсний ард тус тус хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичсэн гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Б ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй” гэх дүгнэлтийг ирүүлсэн байна. /хх-ийн 122-132 дугаар хуудас/

 

  5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж 2022.11.04-ний өдрийн шүүх хуралдаанд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  2022.12.27-ны өдрийн 3282 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “2018.12.05 гэсэн огноотой ЗГ4605108273-1 дугаартай “зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /нэмэлт цалингийн зээл/ гэсэн баримтын “хамтран зээлдэгч гэсний ард зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.Б ийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна” гэсэн дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ. /хх-ийн 152-162 дугаар хуудас/

 

        6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт “дараах үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно”, 196.1.2 дахь хэсэгт “тухайн гэрээг бичгээр байгуулахаар хуульд  заасан буюу тохиролцсон бол талууд нэг баримт үйлдэж гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэрээ байгуулагдсанд тооцохоор заажээ.

            7. Нэхэмжлэгчийн үүргийн биелэлтийг шаардаж буй 2018.06.14-ний өдрийн 4605108273 тоот  цалингийн  гэрээ нь нэхэмжлэгч ГБ Ч.М нарын хооронд байгуулагдсан, 2018.12.05-ны өдрийн нэмэлт цалингийн зээлийн гэрээнд зурагдсан хамтран зээлдэгч Б.Б  гэх гарын үсэг нь хариуцагч Б.Б ийн гарын үсэг биш болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2508 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022.12.27-ны өдрийн 3282 дугаартай бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

            8. 2018.06.14-ний өдөр 4605108273 тоот зээлийн болон барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “энэхүү гэрээнд талуудыг төлөөлөх бүрэн эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд энэхүү журмын дагуу байгуулсан хавсралт гэрээнүүд нь хууль зүйн ижил хүчинтэй”, 2018.12.05-ны өдрийн 4605108273 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “энэхүү гэрээний талуудын бүрэн эрхт төлөөлөгч нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.

            /хх-ийн 8 дугаар хуудасны ар тал, 10 дугаар хуудас/

            9. Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ГБ хариуцагч Б.Б  нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй,  гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болохоор заасан байхад хариуцагч Б.Б  гэрээнд гарын үсэг зураагүй, талууд зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй, нэхэмжлэгч ГБнь хариуцагч Б.Б тэй иргэний эрх зүйн харилцаа үүсгэж түүнтэй зээлийн гэрээ байгуулсан гэдгээ баримтаар нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305.427 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1,  196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар ГБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г овгийн Б-ийн Б-т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 26,619,519.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай .  

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305.427 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                П.ТУЯА