Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/00661

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/00661

 

Г-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 103/ШШ2023/00059 дугаар шийдвэртэй,

Г-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 26,619,519 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтулга, Г.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цэцгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ч.М, Б.Б- нар Г-ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж 15,200,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Улмаар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 3,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай нэмж зээлсэн. Дээрх зээл олон барьцааны гэрээнүүдийн үндсэн зээлдэгч Ч.М нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр авто ослоор нас барсан.

Хамтран зээлдэгч Б.Б- нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Б.Б-ээс 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 17,227,701 төгрөг, зээлийн хүү 8,597,076 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 245,530 төгрөг, /хугацаа хэтэрсэн хоног 1085 хоног/ нийт 26,070,308 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн хүсэлтээр шүүх хурал хойшилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлж байна. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 549,210 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 26,619,519.10 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Манай эхнэр Ч.М нь тус банкнаас цалингийн зээл авсан нь үнэн. Эхнэр маань Б.Б гэгч хүний буруутай үйлдлийн улмаас 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зам тээврийн ослоор нас барсан. Зээлийг би өөрөө гарын үсэг зурж аваагүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай эхнэр цалингаа барьцаалж уг зээлийг авсан. Анх шүүхэд өгсөн Намайг Г-ХХК-аас дуудаж, манай эхнэрийн хоёр дахь удаагаа зээлсэн 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан гэх тайлбарын хувьд би өөрөө өмнө нь олон удаа зээл авч байсан, талийгаач бас урьд нь цалингийн зээл авсан болохоор тухайн үед алийг нь ийм тайлбар гаргасан юм.

Цаг хугацааны хувьд хэдэн жилийн өмнө болсон зүйлийг хүн мартах, андуурах зүйл гардаг. Эргэлзээд байсан учир шинжээч томилуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Г-ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гэрэлт овгийн Батсуурийн Батдэлгэрт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 26,619,519 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,427 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Г-ХХК болон Ч.М нар 2018 оны 06 дугаар сарын 14- ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Ч.М 15,200,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, сарын 16.1 хувийн хүүтэй зээлсэн.

Улмаар 2018 оны 12 дугаар сарын 05-ний өдөр Г-ХХК, Ч.М, Б.Б- нарын хооронд дээрх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт цалингийн зээлийн гэрээ байгуулагдан, зээлдэгч нар нэмж 3,000,000 төгрөгийг 16,8 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлсэн байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь хэргийн бодит байдалд нийцүүлэн дүгнээгүй гэж үзэж байна. Зээлдэгч Ч.Мтай зээлийн гэрээ байгуулж нэмэлт зээлийг олгохдоо хамтран зээлдэгч Б.Б-ийн орлогыг судалдаг бөгөөд тухайн хамтран зээлдэгч Б.Б-тэй дээрх зээлийн гэрээг байгуулахдаа зээлдэгчийн хүсэлтийн дагуу тэгш эрхийн үндсэн дээр байгуулсан.

Банк зээлдэгчийн зээлийн дансруу гэрээгээр тохирсон төлбөрийг олгосон нь хэрэгт авагдсан хуулга болон хүү тооцооллын хүснэгтээс харагдах тул зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Иймд талуудын хооронд Иргэний хээлийн 451 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүсээгүйтэй холбоотой гэрээг хүчинтэй, хүчингүй, хүчин төгөлдөр эсэх зэрэг холбогдох дүгнэлтийг хийгээгүй.

Гэрээ хүчингүй, хүчин төгөлдөр болсон тохиолдолд үр дагаврыг хэрхэх нь тодорхойгүй буюу банкны олгосон мөнгөн хөрөнгийг ашигласан этгээд тодорхой байхад иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байгаа нь буруу гэж үзэж байна.

Мөн шүүх Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Иймд анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Эхний зээлийг Ч.М дангаараа аваад гарын үсэг зурсан. 12 дугаар сард 3,000,000 төгрөгийн зээл нэмж аван гэрээнд өөрчлөлт оруулахад Б.Б-ийн гарын үсэг зурагдсан байсан. Үүнд маргаан үүсэж Б.Б-ийг хариуцагчаар татсан. Б.Б- миний гарын үсэг биш гэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2 удаа шинжээч томилуулсан. Тус дүгнэлтээр Б.Б-ийн гарын үсэг биш гэж гарсан. Үүнийг үндэслэж анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан буюу Б.Б-ийг зээлийн гэрээний оролцогч тал биш гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Г-ХХК хариуцагч Б.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 26,619,519 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Г-ХХК, Ч.М нар 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч Ч.М нь өөрийн цалингийн орлогыг барьцаалан 15,200,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, улмаар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Г-ХХК болон Ч.М, Б.Б- нар дээрх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлдэгч Ч.М, Б.Б- нар 3,000,000 төгрөгийг 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн үйл баримт байна. /хх8-10/

3.1. Дээрх зээлийн гэрээний зээлдэгч Ч.М 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зам тээврийн ослоор нас барсан болох нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 тоот шийтгэх тогтоолоор тогтоогджээ. / хх 21-29/

 

3.2. Хариуцагч Б.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгч гэж зурагдсан Б.Б- гэх гарын үсэг минийх биш гэж маргасан.

3.3. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2508 дугаар шинжээчийн дүгнэлт, мөн хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3282 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тус тус 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ гэх баримтад зурагдсан гарын үсэг Б.Б-ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэсэн дүгнэлтийг ирүүлсэн /хх122-132, 152-162/ байх ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасныг үндэслэн Г-ХХК болон Б.Б- нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлийн гэрээнд Б.Б- гэрээнд гарын үсэг зураагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

3.4. Учир нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэлийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Түүнчлэн, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг ба зээлийн гэрээний оролцогч гэх хариуцагч Б.Б- дээрх зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй тул түүний хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй, талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй байна гэж дүгнэлээ. Иймд Г-ХХК зээлийн гэрээний үүргийг шаардах үндэслэлгүй гэх агуулгаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгахгүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээж авах боломжгүй.

4. Иймд нэхэмжлэгч Г-ХХК нь хариуцагч Б.Б-тэй иргэний эрх зүйн харилцаа үүсгэж түүнтэй зээлийн гэрээ байгуулсан, зээлдэгч Б.Б-ийн орлогыг судалсан гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боложгүй. Учир нь нэхэмжлэгч энэ талаарх тайлбараа анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 103/ШШ2023/00059 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,048 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Э.ЭНЭБИШ