Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2023/00137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С даргалж, шүүгч Ц.Н, Б.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БД-д

Хариуцагч: Ө.М нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Авах байсан өндөр насны тэтгэвэрт 11,031,266 төгрөг, сэтгэл санааны болон бусад хохиролд нийт 7,498,990 төгрөг гаргуулах, нотлох баримт хууль бус аргаар бүрдүүлсэн болохыг тогтоолгож, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг сэргээлгэж, уучлалт гуйлгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Ч, түүний өмгөөлөгч М.Ц,

Хариуцагч БД-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х,

Хариуцагч Ө.М,

Иргэдийн төлөөлөгч Ч.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч БД, Ө.М нарт холбогдуулан авах байсан өндөр насны тэтгэвэрт 11,031,266 төгрөг, сэтгэл санааны болон бусад хохиролд нийт 7,498,990 төгрөг гаргуулах, нотлох баримт хууль бус аргаар бүрдүүлсэн болохыг тогтоолгож, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг сэргээлгэж, уучлалт гуйлгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

Миний бие нь 2012 оны 1 дүгээр сарын 2-нд хүнд нөхцлөөр тэтгэвэрт гарах эрх маань нээгдэж 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдөр БД хэлтсийн албаны дарга Ө.М уулзаж баримтаа үзүүлэхэд таны хүнд нөхцлөөр тэтгэвэрт гарах хугацаа болоогүй байна гэж явуулсан. Дараа нь би 2015 оны 10 сард тэтгэвэрт гарах дөхсөн учраас Нийгмийн даатгалын хэлтсийн албаны дарга Б-тэй уулзаж зөвлөгөө авахаар хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хадгалсан 1991 оны 2 дугаар сарын 23-ны Б/25 тоот тушаал зэргийг шалгуулахад “та холбооны залгагчаар 8 жил 8 сар, шавар будагчнаар 3 жил нийт 11 жил 8 сар ажилласан тул 2012 онд хүнд нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох боломжтой байжээ” гэж надад хэлэхэд нь баримтаа бүрдүүлж 2015 оны 10-р сарын 27-нд тэтгэвэрээ тогтоолгосон юм. Хэрвээ 2012 оны 3-р сарын 6-нд албаны дарга Ө.Мнь миний ажилласан жилийг зөв тооцоолж зөвлөсөн бол тухайн үед би хүнд нөхцлөөр тэтгэвэрээ тогтоолгох боломжтой байсан байх ба эрх бүхий ажилтан Мягмаржавын буруугаас надад 3-н жилийн хугацаанд авах 11,031,266 төгрөгийн хохирол учирсан байсан.

Би энэ хохирлоо БДгаргуулахаар 2016 оны 01 сард Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд 2016.04.15-ны өдрийн 161 дугаар шүүхийн шийдвэрээр миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Үүний дагуу БД хэлтсийн дарга Т уучлалт гуйсан. Гэтэл БД анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа хууль бус арга хэрэглэн Багануур дүүрэг дэх Холбооны газрын 2016.05.09-ний өдрийн огноотой 34 тоот нотлох баримтыг гаргуулан авч энэхүү нотлох баримтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм.

Шүүхийн шийдвэрүүдийн үндэслэл болсон тус 34 тоот нотлох баримтыг Багануур дүүргийн цагдаа, прокурорын байгууллага шалгахад гэрчүүдийн мэдүүлгээр Багануур дүүрэг дэх Холбооны газрын маркетинг үйлчилгээний мэргэжилтэн Л нь бусадтай үгсэн хуйвалдаж 2016.05.09-ний өдрийн “БД” гэж хаягласан №34 тоот албан бичгийг үйлдсэн нь нотлогдсон. Харин хохирогч Г.Чнь 2012 оны 03-р сарын 06-ны өдөр тэтгэвэрт гарах боломжтой эсэх талаар лавлахаар Багануур дүүргийн Ниймийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн даргаар ажиллаж байсан Ө.М уулзсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.Ч мэдүүлэг, гэрч Р.Б мэдлүүлэг, гэрч Д.Д, Б.На тодорхойлолт зэргээр тогтоогдож байна гэж Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А тогтоолдоо дүгнэсэн...

Хариуцагч тал болох БД, мөн Ө.Мнар нь Багануур дүүргийн Холбооны газрын маркетинг үйлчилгээний мэргэжилтэн Л-тай үгсэн хуйвалдаж 2016.05.09-ний өдөр 34 тоот албан бичгийг хууль бусаар үйлдэж, шүүхийн нотлох баримтад оруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг будлиантуулж, шүүхээр Г.Ч миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна. Прокурорын дүгнэлтэд Б.Л-ын дээрх үйлдэл нь ЭХТА-д.... заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн байх боловч энэ нь учир дутагдалтай гэж би үздэг. Гэвч Л-ыг Монголын цахилгаан холбоо хувьцаат компаний гүйцэтгэх захирлын 2013 оны А/87-р тушаалаар батлагдсан “Түр орлон ажиллах болон сэлгэн ажиллуулах журмын 3.1-д заасан ...байгууллагын дотоод журмыг зөрчсөн үйлдэл байна гэж дүгнэсэн нь түүнийг БД ажилтан болон надад хууль бус зөвлөгөө өгсөн Ө.Мнартай далдуур үгсэн хуйвалдаж холбооны даргын эзгүйд, мөн түүнийг түр орлож байсан А-д мэдэгдэлгүйгээр дур мэдэн бичиг баримт үйлдэж байгууллагын дотоод журмаа зөрчсөн буруутай болох нь, мөн хариуцагч БД болон Ө.Мнар нь Л-р 34 тоот албан бичгийг хууль бус аргаар гаргуулан авч хавтас хэрэгт авагдсаныг Багануур дүүргийн Цагдаа, прокурорын байгууллагад гэрчээр мэдүүлэг өгсөн дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шалгалтаар тус тус тогтоогдсон болно. Г.Ч миний бие 2016 оноос эхлэн уг асуудлын талаар цагдаа, шүүх дээр маргаан үүсгэж сэтгэл санаа болон эд хөрөнгөөрөө маш их хохирол амссан.

Иймд БД болон Ө.Мнар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монголын цахилгаан холбоо ХК-ийн Багануур дүүргийн Холбооны газрын маркетинг, үйлчилгээний ажилтан Б.Л-тай үгсэн хуйвалдан хэрэгт ач холбогдол бүхий шүүхийн нотлох баримт болох Багануур дүүргийн Холбооны газрын 2016.05.09-ний өдрийн 34 тоот албан бичгийг хууль бус аргаар бүрдүүлсэн болохыг тогтоолгох, энэ хууль бус үйлдлийн улмаас Г.Ч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг сэргээлгэж, уучлалт гуйлгах,

Ө.Мнь 2012.03.06-ны өдөр БД т үйлчилгээний албаны даргаар ажиллаж ажил үүргээ гүйцэтгэж байхдаа иргэн Г.Ч надад буруу зөвлөгөө өгснөөс Г.Ч-ийн 2012.04.01-ний өдрөөс 2015.10.27-ны өдрийн хооронд авах ёстой байсан өндөр насны тэтгэврийн 11,031,266 төгрөгийг, Г.Ч би 2016 оноос 2019 оны хооронд шүүх, цагдаагаар явахад миний эрүүл мэнд, сэтгэл санаа хохирсон гэж үзэж байгаа тул энэ хохиролд 5,000,000 төгрөгийг, хариуцагч нарын хууль зөрчсөн үйлдлийн улмаас шүүх цагдаагийн байгууллагаар явахад өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1,800,000 төгрөг, шүүхийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хөрөнгө үнэлгээний төвд төлсөн 100,000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардалд төлсөн 10,000 төгрөг, шүүхийн архиваас нотлох баримт гаргуулахад гарсан зардалд 216,990 төгрөг, эрүүгийн хэргийн архиваас нотлох баримт гаргуулахад гарсан зардал 42,100 төгрөг, Улаанбаатар хот, Багануур дүүрэг хооронд шүүх, цагдаагаар явахад зорчсон тээврийн болон шатахууны зардалд төлсөн 189,500 төгрөг, нийт 18,530,256 төгрөгийн хохирлыг БД хэлтсээс гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

            2.Хариуцагч БД хариу тайлбартаа:

Иргэн Г.Чимгээгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан үйл баримтуудыг шат шатны шүүхээр өмнө хэлэлцэн шийдвэрлэж байжээ.

Тус хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Тнь иргэн Г.Ч 2016 онд болсон Гомдлын шаардлагын зөвлөлийн хурлын үеэр харилцааны асуудалд эмзэг хандаж, гомдсон бол гэсэн утгаар уучлал гуйсан, энэ тухай Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 161 дүгээр шийдвэр бүхий шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсан байна. Энэхүү уучлал гуйсан явдал нь иргэнд буруу зөвлөгөө өгсөн эсэх гомдол маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй юм.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч хууль бус аргаар нотлох баримт бүрдүүлсэн хэмээх гомдлыг Багануур дүүргийн Прокурорын газрын зөвшөөрлөөр Цагдаагийн байгууллага үзлэг хийж, шалгасанаар нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн үйл баримт тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй болох тухай тогтоосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн байна.

Иргэн Г.Чөмнө нь шат шатны шүүх, хууль хяналтын байгууллагад удаа дараа гомдол гарган шалгуулж, уг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа асуудалтай адил агуулгатай нэхэмжлэл дахин гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна гэв.

3.Хариуцагч Ө.Мхариу тайлбартаа:

Миний бие нь Г.Ч-гийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг өгч байна. Багануур дүүргийн холбооны газрын ажилтан Л-ыг огт танихгүй, өмнөх шүүх хурлуудын үеэр анх барааг нь харж байсан. Үгсэн хуйвалдаагүй, шүүхийн нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлээгүй гэдгийг цагдаа, прокурорын байгууллага шалгаад гэмт хэргийн шинжгүй гэдгийг тогтоосон. Мөн шат шатны шүүхийн шийдвэрүүд гарсан болно. Миний бие нь Г.Ч гэгчтэй уулзаж учирч байгаагүй, өмнөх шүүх хурлуудын үеэс мэддэг болсон бөгөөд энэ хүнд буруу зөвлөгөө огт өгч байгаагүй. Мөн энэ талаар шат шатны шүүхийн шийдвэрүүд гарсан. Дээрх тайлбаруудын улмаас миний бие нь Г.Ч гэгчээс уучлал гуйх үндэс байхгүй гэж үзэж байна гэв.

4.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.15-ны өдрийн 161 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.05.30-ны өдрийн 1073 дугаар магадлал, Монголын цахилгаан холбоо ХК-ийн Багануур дүүргийн Холбооны газрын 2016.05.09-ний өдрийн 34 тоот албан бичиг, БД хэлсийн 2016.05.11-ний өдрийн 167 тоот, 2016.10.25-ны өдрийн 339 тоот, 2017.02.09-ний өдрийн 81 тоот, 2018.02.12-ны өдрийн 48 тоот албан бичгүүд, Холбооны яамны харъяа Багануурын холбооны газрын даргын Б/25 дугаар тушаал, Ө.Мягмаржавын тайлбар, Багануур дүүргийн Холбооны газрын даргын А-85 дугаар тушаал, мөрдөгчийн тэмдэглэл, Багануур дүүргийн Прокурорын газрын 2019.06.28-ны өдрийн 57 дугаар тогтоол, 2019.04.10-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ц.А, Б.Л, Д.Б, О.О, Р.Ө нараас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл, Д.Н, Р.Б нарын бичсэн тодорхойлолт, мөрдөгчийн тэмдэглэл, илтгэх хуудас, Г.Чимгээгийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлт, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.08-ны өдрийн 205 дугаар тогтоол, Багануур дүүргийн шүүхийн тамгын газрын 2022.07.22-ны өдрийн 185 тоот албан бичиг, нотариатын болон эрүүгийн хэргийн төв архивын мөнгөний тасалбар, шатахуун авсан баримтууд, шуудан илгээсэн төлбөрийн баримтууд, Хаан банкны орлогын мэдүүлгүүд, хот хоорондын зорчих тасалбар, өмгөөллийн хөлс төлсөн тасалбар, Улсын Ерөнхий прокурорын газрын 2021.05.07-ны өдрийн 4/1065 тоот Гомдолд хариу өгөх тухай, 2021.09.17-ны өдрийн 4/2058 тоот Хариу мэдэгдэх хуудас албан бичгүүд, Д.Д бичсэн тодорхойлолт, Өрхийн эмчийн тодорхойлолт, Амбулаториор эмчлүүлэгчийн карт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016.12.20-ны өдрийн хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлт, Хаан банкны дансны хуулга, Багануур дүүргийн Холбооны газрын 2019.06.12-ны өдрийн 31 тоот албан бичиг зэрэг баримтыг,

Хариуцагч талаас: Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.12-ны өдрийн 14 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.03.06-ны өдрийн 658 дугаар магадлал зэрэг баримтыг тус тус шүүхэд гарган өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр: хэрэг бүртгэлтийн 180400057 дугаартай хэргээс Р.Б, Ө.Мнарыг гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч БД, Ө.М нарт холбогдуулан:

“ -Ө.Мнь БДт албаны даргаар ажиллаж байхдаа буруу зөвлөгөө өгснөөс 2012.03.06-наас 2015.03.06 хүртэл хугацааны тэтгэвэр тогтоолгоогүй хохирсон тул энэ хугацаанд авах ёстой байсан тэтгэвэр 11,031,266 төгрөг,

-БД, Ө.Мнарын хууль зөрчсөн үйлдлийн улмаас удаа дараа шүүх, цагдаагийн байгууллагаар явсан сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1,800,000 төгрөг,  шүүхийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хөрөнгө үнэлгээний төвд төлсөн 100,000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардалд төлсөн 10,000 төгрөг, шүүхийн архиваас нотлох баримт гаргуулахад төлсөн 216,990 төгрөг, эрүүгийн хэргийн архиваас нотлох баримт гаргуулахад төлсөн 42,100 төгрөг, Улаанбаатар хот, Багануур дүүрэг хооронд шүүх, цагдаагаар явахад зорчсон тээврийн болон шатахууны зардалд төлсөн 189,500 төгрөгийг тус тус БД хэлтсээс гаргуулах,

- Шүүхийн нотлох баримт болох Багануур дүүргийн Холбооны газрын 2016.05.09-ний өдрийн 34 тоот албан бичгийг хууль бус аргаар бүрдүүлсэн болохыг тогтоолгох, энэ хууль бус үйлдлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг сэргээлгэж, уучлалт гуйлгах” гэх агуулгатай шаардлага гаргасан.

Хариуцагч БД нь “Г.Ч-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан үйл баримтуудыг шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон... адил агуулгатай нэхэмжлэл гаргасан тул хүлээн зөвшөөрөхгүй... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэж,

Хариуцагч Ө.Мнь “Багануур дүүргийн холбооны газрын ажилтан Лхагвадуламыг танихгүй, түүнтэй үгсэн хуйвалдаагүй, шүүхийн нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлээгүй гэдгийг цагдаа, прокурорын байгууллага шалгаад тогтоосон. Г.Чгэх хүнд буруу зөвлөгөө өгч байгаагүй, энэ талаар шүүх шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж тус тус маргаж байна.

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байгаа ба нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

2.1.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.12-ны өдрийн 14 дугаар шийдвэрээр БД, Ө.Мнарт холбогдох тэтгэвэр нөхөн тогтоолгох, 2012.04.01-ний өдрөөс 2015.10.27-ны өдрийг хүртэл хугацаанд өндөр насны тэтгэвэрт авах байсан 11,031,266 төгрөг гаргуулах, хууль бус зөвлөгөө өгсөн болохыг тогтоолгох, нэр төр, алдар хүнд сэргээлгэх, уучлалт гуйлгахыг даалгах тухай Г.Чимгээгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан  Ө.Мнь БДт албаны даргаар ажиллаж байхдаа буруу зөвлөгөө өгснөөс 2012.03.06-наас 2015.03.06 хүртэл хугацааны тэтгэвэр тогтоолгоогүй хохирсон тул энэ хугацаанд авах ёстой байсан тэтгэвэр 11,031,266 төгрөг гаргуулах” тухай шаардлагыг дээрх шийдвэрээр шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэхээр байна.

Иймд энэхүү шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.   

2.2.Хохирол шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаардана.

Хэрэгт авагдсан баримтаар болон дээр дурдсан Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.12-ны өдрийн 14 дугаар шийдвэрээр хариуцагч нарын гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй, тус шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул хариуцагч нарын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг, бусад учирсан хохирол зардалд 2,498,990 төгрөгийг хариуцагч БД хэлтсээс гаргуулах үндэслэлгүй байна.

2.3.Монголын цахилгаан холбоо ХК-ийн Багануур дүүргийн Холбооны газрын 2016.05.09-ний өдрийн 34 тоот албан бичгийг тус газрын маркетинг үйлчилгээний мэргэжилтэн Б.Л хуурамчаар үйлдсэн гэх Г.Ч гомдолд Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс 2018.03.05-ны өдөр 180400057 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгажээ. Багануур дүүргийн Прокурорын газрын 2019.06.28-ны өдрийн 57 дугаар тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

Тухайн 2016.05.09-ний өдрийн 34 тоот албан бичгийг хуурамчаар үйлдсэн эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хаасан, дээрх албан бичгийг үйлдэхэд хариуцагч нар хууль бусаар оролцсон буюу шүүхийн нотлох баримтыг хууль бус аргаар бүрдүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

2.4.Иймд, Багануур дүүргийн Холбооны газрын 2016.05.09-ний өдрийн 34 тоот албан бичгийг хууль бус аргаар бүрдүүлсэн болохыг тогтоолгох, энэ хууль бус үйлдлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг сэргээлгэж, уучлалт гуйлгах, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг, бусад учирсан хохирол зардалд 2,498,990 төгрөгийг гаргуулах тухай Г.Ч-н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг хангах үндэслэлтэй” гэх дүгнэлтийг гаргасан. Нэхэмжлэгч нь шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар дахин нэхэмжлэл гаргасан, нөгөө талаар хариуцагч нарын гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй тул дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

4.Нэхэмжлэгчийн тэтгэвэрт 11,031,266 төгрөгийг гаргуулах шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Бусад шаардлагад тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нотлох баримт хууль бус аргаар бүрдүүлсэн болохыг тогтоолгож, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг сэргээлгэж, уучлалт гуйлгах шаардлагад төлөх 70,200 төгрөг, сэтгэл санааны болон бусад хохиролд нийт 7,498,990 төгрөг гаргуулах шаардлагад төлөх 134,934 төгрөг, нийт 205,134 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэлгүй тул БД болон Ө.М-т холбогдох шүүхийн нотлох баримт Багануур дүүргийн Холбооны газрын 2016.05.09-ний өдрийн 34 тоот албан бичгийг хууль бус аргаар бүрдүүлсэн болохыг тогтоолгох, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг сэргээлгэж, уучлалт гуйлгах, сэтгэл санааны болон бусад хохиролд нийт 7,498,990 төгрөг гаргуулах тухай Г.Ч-н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Г.Ч-н нэхэмжлэлтэй БДт холбогдох 2012.04.01-ний өдрөөс 2015.10.27-ны өдрийн хооронд авах ёстой байсан өндөр насны тэтгэвэрт 11,031,266 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар өндөр насны тэтгэвэрт авах ёстой 11,031,266 төгрөг гаргуулах шаардлага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Г.Ч-с улсын тэмдэгтийн хураамжид 205,134 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  У.С

                                          ШҮҮГЧИД                                  Ц.Н

                                                                                                Б.Ц