Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00652

 

Ч.И-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2023/00137 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.И-ийн хариуцагч А- дүүргийн ИДын хэлтэс болон М.Я- нарт холбогдуулан гаргасан авах байсан өндөр насны тэтгэвэрт 11,031,266 төгрөг, сэтгэл санааны болон бусад хохиролд нийт 7,498,990 төгрөг, бүгд 18,530,256 төгрөг гаргуулах, нотлох баримт хууль бус аргаар бүрдүүлсэн болохыг тогтоолгож, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг сэргээлгэж, уучлалт гуйлгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.И, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагч А- дүүргийн ИДын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, хариуцагч М.Я-, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Ч.И 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарах эрх нээгдэж 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр А- дүүргийн ИДын хэлтсийн албаны дарга М.Я-тай уулзаж баримтаа үзүүлэхэд ...таны хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарах хугацаа болоогүй байна... гэж хэлсэн. 2015 оны 10 дугаар сард ИДын хэлтсийн албаны даргатай уулзаж хөдөлмөрийн дэвтэр, ИДын дэвтэр, 1991 оны 02 дугаар сарын 23-ны Б/25 тоот тушаал зэргийг шалгуулахад ...холбооны залгагчаар 8 жил 8 сар, шавар будагчнаар 3 жил, нийт 11 жил 8 сар ажилласан тул 2012 онд хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжтой байсан... гэж хэлэхэд нь баримтаа бүрдүүлж 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тэтгэврээ тогтоолгосон. М.Я- 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажилласан жилийг зөв тооцсон бол хүнд нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгох боломжтой байсан ба гурван жилийн хугацаанд 11,031,266 төгрөгийн тэтгэвэр авах байсан.

Ч.И 2016 оны 01 дүгээр сард А- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 161 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн. Гэтэл А- дүүргийн ИДын хэлтэс анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа хууль бус арга хэрэглэн А- дүүрэг дэх Холбооны газрын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 34 тоот бичгийг гаргуулан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. А- дүүрэг дэх Холбооны газрын маркетинг үйлчилгээний мэргэжилтэн н.Лхагвабадам бусадтай хуйвалдаж 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 34 тоот албан бичгийг үйлдсэн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Уг 34 тоот бичгийг хууль бусаар үйлдсэнээс болж Ч.И-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Прокурорын дүгнэлтэд Б.Лхагвабадамын дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Гэвч Б.Лхагвабадамыг Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2013 оны А/87 дугаар тушаалаар батлагдсан түр орлон ажиллах болон сэлгэн ажиллуулах журмын 3.1-д заасан байгууллагын дотоод журмыг зөрчсөн үйлдэл байна гэж дүгнэсэн нь түүнийг А- дүүргийн ИДын ажилтан болон Ч.Ид хууль бус зөвлөгөө өгсөн М.Я-тай хуйвалдаж албан бичиг үйлдсэн.

Иймд А- дүүргийн ИДын хэлтэс болон М.Я- нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монголын цахилгаан холбоо ХК-ийн А- дүүргийн Холбооны газрын маркетинг, үйлчилгээний ажилтан Б.Лхагвабадамтай үгсэн хуйвалдан хэрэгт ач холбогдол бүхий шүүхийн нотлох баримт болох А- дүүргийн Холбооны газрын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 34 тоот албан бичгийг хууль бус аргаар бүрдүүлсэн болохыг тогтоолгох, энэ хууль бус үйлдлийн улмаас Ч.И миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг сэргээлгэж, уучлалт гуйлгаж, 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд авах ёстой байсан тэтгэвэр 11,031,266 төгрөгийг, 2016 оноос 2019 оны хооронд шүүх, цагдаагаар явж сэтгэл санаагаар хохирсон тул хохирол 5,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,800,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг, үнэлгээний хөлс 100,000 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, бичиг баримт бүрдүүлэхэд төлсөн 259,090 төгрөг, унааны зардал 189,500 төгрөг, нийт 18,530,256 төгрөгийн хохирлыг А- дүүргийн ИДын хэлтсээс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч А- дүүргийн ИДын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Тус хэлтсийн дарга асан Ж.Төмөрчулуун зөвлөлийн хурлын үеэр Ч.И-ээс харилцааны асуудалд эмзэг хандаж, гомдсон гэх утгаар уучлал гуйсан, энэ тухай А- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Энэ нь иргэнд буруу зөвлөгөө өгсөн эсэх маргаанд хамааралгүй. Ч.И-ийн хууль бус аргаар нотлох баримт бүрдүүлсэн гэх үндэслэлээр А- дүүргийн Прокурорын газрын зөвшөөрлөөр Цагдаагийн байгууллага үзлэг хийхэд нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байдал тогтоогдоогүй. Ч.И өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүх уг маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад дахин нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуцагч М.Я-ын тайлбар, татгалзлын агуулга:

А- дүүргийн Холбооны газрын ажилтан Б.Лхагвадуламыг танихгүй. Түүнтэй хуйвалдаж нотлох баримт хуурамчаар үйлдээгүйг хуулийн байгууллага тогтоосон. Ч.Итэй уулзаж түүнд буруу зөвлөгөө өгч байгаагүй. Ч.И-ийн нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шийдвэрлэсэн гэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

М.Я- Ч.Ид хууль бус зөвлөгөө өгсөн байна. Ч.И 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зөвлөгөө авахад М.Я- 2013 оны 01 дүгээр сард тэтгэвэртээ гарсан гэж ойлголоо. Тэтгэвэрт гарах нас нь болсон. М.Я- өмнөх зүйлээ санахгүй байна гэдэг нь буруу бөгөөд хууль бус байна. А- дүүргийн ИДын хэлтэс 18,530,256 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх ёстой. А- дүүргийн ИДын хэлтсийн буруу гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул А- дүүргийн ИДын хэлтэс болон М.Я-т холбогдох шүүхийн нотлох баримт А- дүүргийн Холбооны газрын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 34 тоот албан бичгийг хууль бус аргаар бүрдүүлсэн болохыг тогтоолгох, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг сэргээлгэж, уучлалт гуйлгах, сэтгэл санааны болон бусад хохиролд нийт 7,498,990 төгрөг гаргуулах тухай Ч.И-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Ч.И-ийн нэхэмжлэлтэй А- дүүргийн ИДын хэлтэст холбогдох 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд авах ёстой байсан өндөр насны тэтгэвэрт 11,031,266 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар өндөр насны тэтгэвэрт авах ёстой 11,031,266 төгрөг гаргуулах шаардлага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Ч.И-ээс улсын тэмдэгтийн хураамжид 205,134 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ч.И 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр А- дүүргийн ИДын хэлтэс очиж тус хэлтсийн албаны дарга М.Я-аас тэтгэвэр тогтоолгох талаар зөвлөгөө авахад тэрээр буруу зөвлөгөө өгсний улмаас 3 жилийн тэтгэвэр 11,031,266 төгрөг авч чадалгүй хохирсон. А- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 161 дугаар шийдвэрээр 11,031,266 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хэрэгт байгаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 34 тоот албан бичгийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үнэлж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсны дараа мэдсэн. Анхан шатны шүүхийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 34 тоот албан бичгийг нотлох баримтаар үнэлэхгүй талаар хүсэлт гаргасан боловч 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Дээрх нотлох баримтыг Б.Лхагвадулам хуурамчаар үйлдсэн байхад Прокурорын газраас гэмт хэргийн шинжгүй гэж 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Шүүх Ч.И-ийн гаргасан нэхэмжлэл нь урьд шүүхээр шийдвэрлэгдсэн байх ба зохигчийн гэм буруугийн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, мөн хохирол шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаардана, мөн прокурор Ч.И-ийн гомдлыг шйалгаад гэмт хэргийн шинжгүй гэж хааж шийдвэрлэсэн тул Ч.И-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь: А- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 34 тоот албан бичгийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шийдвэрлэсэн талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, мөн гэрч Б.Лхагвабадам өөрийнхөө хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрсөн байхад заавал түүний үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн байхыг шаардсан нь буруу. Ч.И нэхэмжлэгч 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 34 тоот албан бичгийг мэдээгүй тул давж заалдах шатны шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлыг улмаас хэргийг дахин хянуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан. Улсын Дээд шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 263 тогтоолд заасан Тухайн хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа, /үйлдэл,эс үйлдэхүй/ хууль бус байсны улмаас хууль бус үндэслэлгүй шийдвэр гаргасан нь тогтоогдсон, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, өршөөл үзүүлсэн зэргээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон бол тэдний гэм буруутай үйлдлийг мөрдөн байцаалтаар тогтоосноор шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэхээр тайлбарласан.

Гэрч Б.Лхагвабадамын мэдүүлгээр А- дүүргийн ИДын хэлтэс болон хэлтсийн тушаалтан М.Я- нар буруутай нь нотлогдож байхад шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж чадаагүй. Мөн нэхэмжлэгч хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шаардлагуудыг хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч А- дүүргийн ИДын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

А- дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 34 тоот албан бичгийг хууль бус аргаар үйлдсэн гэх гомдлыг шалгасан боловч Прокурорын газраас гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн. Ч.И прокурорын уг тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч хууль зөрчөөгүй гэх хариу өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч М.Я-ын тайлбарын агуулга:

А- дүүргийн ИДын хэлтсийн үйлчилгээний албаны даргаар ажиллаж байх хугацаандаа Ч.Итэй уулзаж зөвлөгөө өгч байгаагүй. Ч.И-ийн хувийн хэргийг хөтөлж байгаад тушаалын хуулбар засвартайг мэдсэн. Тэтгэвэр тогтоолгохдоо ИДын байцаагчийн лавлагаа хэрэгтэй гэж хэлсэн. М.Я- 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэвэрт гарсан. А- дүүргийн Холбооны газраас 2014 оны 04 дүгээр сард лавлагаа авсан. Нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх гомдлыг хуулийн байгууллага шалгаж гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

1. Нэхэмжлэгч Ч.И хариуцагч А- дүүргийн ИДын хэлтэс болон М.Я- нарт холбогдуулан авах байсан өндөр насны тэтгэвэр 11,031,266 төгрөг, сэтгэл санааны болон бусад хохиролд нийт 7,498,990 төгрөг, бүгд 18,530,256 төгрөг гаргуулах, нотлох баримт хууль бус аргаар бүрдүүлсэн болохыг тогтоолгож, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг сэргээлгэж, уучлалт гуйлгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2. Өмнө нь нэхэмжлэгч Ч.И нь 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд авах байсан тэтгэвэр 11,031,266 төгрөг гаргуулах болон хууль бус зөвлөгөө өгсөн болон нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон болохыг тогтоолгож нэр төр, алдар хүнд сэргээлгэх, уучлалт гуйлгах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг А- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 658 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснээр хуулийн хүчин төгөлдөр болжээ. (1хх-ийн 66-88)

Шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин маргахыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар хориглосон.

Тийм учраас анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.И-ийн нэхэмжлэлтэй А- дүүргийн ИДын хэлтэст холбогдох 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд авах ёстой байсан өндөр насны тэтгэвэрт 11,031,266 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

3. Хариуцагч нар А- дүүргийн Холбооны газрын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 34 тоот албан бичгийг хууль бус аргаар бүрдүүлсэн болохыг тогтоолгохоор шаардлага гаргасан нь үйл баримт тогтоолгох агуулгатай бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагад бус үндэслэлд хамаарна.

 

Нэхэмжлэгч Ч.И А- дүүргийн Холбооны газрын маркетинг үйлчилгээний мэргэжилтэн Б.Лхагвабадам 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 34 тоот албан бичгийг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр А- дүүргийн Цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж тус дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Б.Лхагвабадамын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, байгууллагын дотоод журам зөрчсөн үйлдэл гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн гэмт хэргээс учирсан хохирлыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээд арилгах үүрэгтэй тул түүний гэм буруугийн асуудал эрүүгийн журмаар тогтоогдоогүй байхад түүнээс хохирлыг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй бөгөөд иргэний журмаар нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг гарсан эсэхийг шийдвэрлэхгүй.

 

Тийм учраас хариуцагч нар А- дүүргийн Холбооны газрын маркетинг үйлчилгээний мэргэжилтэн Б.Лхагвабадамтай хуйвалдаж 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 34 тоот албан бичгийг хуурамчаар үйлдсэн гэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ч.И нь хууль бус үйлдлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг сэргээлгэж, уучлалт гуйлгах, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг, бусад зардал 2,498,990 төгрөгийг гаргуулахаар хариуцагч М.Я-аас шаардах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байх учиртай.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгчийн Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд хохирол учирсан гэх дүгнэлт нь хэргийн бодит нөхцөл байдал, нотлох баримтад үндэслэгдээгүй тул анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт буруу биш байна.

 

Өмнө нь А- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 658 дугаар магадлалаар Ч.И-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ А- дүүргийн Холбооны газрын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 34 тоот албан бичгээс гадна гэрч П.Цэцгээгийн мэдүүлэг, зохигчийн тайлбар зэрэг бусад нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан дүгнэсэн байх тул шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж чадаагүй гэсэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2023/00137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 205,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ