Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2023/00430

 

 

 

        2023 оны өдөр

    01 сар       24  р                184/ШШ2023/00430

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт ******* ******* /РД:*******/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, Москва хороолол, ******* тоот

Хариуцагч: ******* овогт ******* ******* /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, - тоот

Зээлийн гэрээний үүрэгт 3,683,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч З.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 3,496,000 төгрөгийн турк барааг 45 хоногийн хугацаатай зээлээр худалдсан. З.*******тэй 2022 оны 10 дугаар сарын 3-нд ярилцаж тохиролцоод нотариат орж зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд хүү алданги төлөхийг хүлээн зөвшөөрч З.******* гарын үсэг зурсан. аймагт байдаг эгчээрээ уг барааг заруулна нэмэлт орлоготой баймаар байна гэж тухайн үед авсан. Ингээд 45 хоногийн хугацаа өнгөрөхөд надад огт мөнгө шилжүүлээгүй 10 хоног сунгах хүсэлт тавьсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд сунгасан хугацаанд өгөөгүй. 2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр 700,000 төгрөг шилжүүлснээс өөрөөр мөнгө шилжүүлээгүй. З.Номин-Эрдэнийн найз залуу эгчтэйгээ гэрт ирж намайг элдвээр дарамталж сүрдүүлсэн. Би хариуцагчид чанартай барааг боломжийн үнээр нийлүүлсэн өөрөө зөвшөөрч авсан. Хэрэв барааг буцааж өгнө гэсэн бол бидний хооронд гэрээ хийгдэхгүй байх байсан. Гэтэл З.******* намрын хувцас авсан байж өвлийн улиралд буцааж өгнө гэж 4 сарын дараа ярьж байгааг гайхаж байна. Ямар ч дэлгүүрээс бараа материал авахад 3-5 хоногт буцаадаг. Бусдын мөнгийг олон сараар түгжиж хохироож байгааг ойлгохгүй байна. Би барааг орон нутгийн унаанд дур мэдэн өгч явуулаагүй, уулзаж ярилцаад өгч явуулсан. Барааг 3-4 сар гэртээ байлгаж хир толботой болгож, олон хүн өмсөж үзэж элдэв үнэр шингээж буцааж зарах боломжгүй болсон. Би шүүхэд  2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 3,683,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

Шаардлагаа 887,500 төгрөгөөр багасгаж 2,796,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч шүүхэд болон гаргасан тайлбартаа: Миний бие Н.*******тэй “Турк дэлгүүр бүх төрлийн бэлэн хувцас зээлээр олгоно” гэсэн зарын дагуу 8810-6961 дугаарын утсаар холбогдож 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 3,500,000 төгрөгийн бараа бэлэн хувцсыг баримт үйлдэж зээлээр авсан. Миний бие уг барааг хөдөө, орон нутаг руу явахдаа зарж борлуулж өгөх зорилготой зээлээр авч байгаагаа хэлж байсан. Гэрээний хугацаанд зарж борлуулсан барааны үнэ болох 700.000 төгрөгийг Н.*******ийн 5114053301 тоот хаан банкны харилцах дансанд шилжүүлж үлдсэн барааг зарж борлуулж чадаагүй нь үнэн. Гэвч миний бие гэрээний хугацаа дуусах үед Н.*******т “өөрөөс чинь авсан бэлэн хувцас /бараа/-ны чанар хэвийн байгаа тул тоо, ширхгийн дагуу буцаан өгч өөрийг чинь хохиролгүй болгоё” гэсэн боловч Н.******* нь надтай ам хэлээрээ ойлголцох нь битгий хэл элдэв янзаар хэлж, хэл амаар доромжилсон зурвас зогсоо зайгүй бичиж олон нийтийн сүлжээнд хүртэл миний болон гэр бүлийн минь зургийг тавьж гэмт хэрэгтэн мэтээр пост оруулж, миний фэйсбүүк хаяг, утсыг блок хийж холбоо барих боломжгүй болгосон. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.  Миний бие иргэн Н.*******оос “Турк дэлгүүр бүх төрлийн бэлэн хувцас зээлээр олгоно” гэсэн зарын дагуу холбогдож 3,500,000 төгрөгийн үнэ бүхий бараа, бэлэн хувцсыг зээлээр авахдаа баримт үйлдэж нотариатчаар гэрчлүүлсэн болохоос нэхэмжлэгчээс бэлэн мөнгө зээлж аваагүй. Гэрээний хугацаа дуусах үед би Н.*******т барааг зарж борлуулж чадаагүй тухайгаа хэлж барааны тоо, чанар хэвийн тул буцааж өгч зээлийн гэрээг дуусгавар болгох талаар санал болгосон боловч нэхэмжлэгч өөрийгөө надад бэлэн мөнгө зээлсэн мэтээр авирлаж өдийг хүргэсэн нь тухайн хугацааны хүү, алдангийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн би бие давхар эмчийн хяналтад байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан зохисгүй үйлдлүүдэд маш их гомдолтой байна. Иймд иргэн Н.*******оос гар бичвэр үйлдэж хүлээн авсан бараа, бэлэн хувцсыг тоо, ширхгийн дагуу тулгалт хийж хүлээлгэн өгч төлбөр, тооцоогүй болох хүсэлтэй байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 4235 дугаартай зээлийн гэрээ, хариуцагчаас гаргасан баримт нь хариу тайлбар, фото зураг зэрэг баримтуудыг хавсарган өгчээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч З.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 3,683,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч шаардлагаа 887,500 төгрөгөөр багасгаж 2,796,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хүсэлтээр 3,496,000 төгрөгийн бараа зээлээр өгсөн, барааны үнийг бүрэн төлөөгүй тул 2,796,000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч бараа хүлээсэн авсан, мөнгийг бүрэн төлөөгүй тухайд маргахгүй, харин зарагдаагүй барааг буцаан өгч тооцоог дуусгана гэж тайлбарласан.  

Хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож 3,496,000 төгрөгийн бараа, бэлэн хувцсыг худалдан борлуулахаар хүлээн авч, тухайн өдрөө 3,500,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор зээлдүүлсэн гэх агуулгатай зээлийн гэрээ үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх-ийн 6/

Хэдийгээр талууд зээлийн гэрээ үйлдсэн боловч гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зориг нь барааг худалдах, худалдан авах, хариуцагч барааны үнийг 45 хоногийн хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор  төлөхөөр тохиролцсон  болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон. 

Гэрээний хугацаанд хариуцагч нь 700,000 төгрөг төлсөн тухайд нэхэмжлэгч маргаагүй, мөн барааны үнээс төлсөн мөнгийг хасаж 2,796,000 төрөг гаргуулахаар шаардсан болно.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч нь чанарын болон  биет байдлын доголдолгүй барааг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь барааг хүлээн авсан боловч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

Хариуцагч хүлээн авсан барааны чанарын талаар маргаагүй, худалдан борлуулж чадаагүй тул буцаан өгнө гэж тайлбарласан ч хэдэн төгрөгийн үнэтэй бараа хэчнээн тоотой үлдсэн баримтыг гарган өгөөгүй, баримтаар нотлоогүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 2,796,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.*******эс 2,796,000 /хоёр сая долоон зуун ерэн зургаан мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,886 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 59,686 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.БАТСҮХ