Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2023/00023

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2023/00023

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ГМБЭХ ТББ/РД: /-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 38,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Аззаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг, хариуцагчийн өмгөөлөгч З.Буяндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь Герман Монголын Бизнес эрхлэгчдийн холбоо төрийн бус байгууллагатай (ГМБЭХ ТББ) 2021 оны 07 сарын 07-нд 02 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний үндсэн зориого нь Европын өдрүүд арга хэмжээний 10 цуврал видео контентийг нэгж бүрийн үнэ нь 5,000,000/таван сая/ төгрөг мөн 1 контентийг урамшуулал болгон үнэгүй хийж өгөхөөр гэрээ байгуулсан.

******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу контентуудыг хийж гүйцэтгэснээс гадна нэмэлт буюу гэрээнд тусгаагүй төслийн танилцуулгуудыг хийсэн. Нэмэлт ажлыг хийх цаг зав мөн гэрээнд тусгагдаагүйг удаа дараа сануулсан ч ГМБЭХ ТББ-ын гүйцэтгэх захирал, ажилтнуудын шахалт, шаардлагаар 3 контенттай дүйцэхүйц буюу 12 төслийн видео танилцуулга хийж өгсөн. Жич: 1 контентийн стандарт нь 3-4 байрлалд зураг авах эсвэл 3-4 байгууллагийн мэдээллийг оруулдаг.

Үүнийг ГМБЭХ ТББ-д өмнө тайлбарлаж хэлсэн, хүлээн зөвшөөрсөн. Бид 2021 оны 10 сарын 07 өдөр сүүлчийн контентоо хүлээлгэж өгөөд үлдэгдэл 50%-ийн төлбөр болох 22,500,000 төгрөг дээр нэмэлтээр хийсэн 3 контентийн төлбөр 15,000,000 төгрөг мөн жижиг засварын төлбөр 500,000 төгрөг нийт 38,000,000 төгрөгний нэмэмжлэл явуулсан. Гэвч ГМБЭХ ТББ зүгээс зөвхөн гэрээний дагуу үлдэгдэл 22,500,000 төгөргийг төлнө гэсэн хариу өгсөн.

ГМБЭХ ТББ нь дундын зуучлагч буюу Европын холбооны Монгол дах төлөөлөгчийн газрын захиалгат актыг орон нутгийн байгууллагаар (******* ХХК) гүйцэтгүүлж байж гэрээ байгуулахдаа бага ажил юм шиг сэтгэгдэл төрүүлж бага мөнгөөр гэрээ байгуулсны дараа их ажил хийлгэж байгаа нь дараах хэд хэдэн баримтаас харагдаж байна. Үүнд:

1. Гэрээний Хавсралт 1 дэхь контентийн жагсаалтанд хийж гүйцэтгэх нийт төслийн тоог үнэн зөвөөр дурьдаагүй. Хариуцсан ажилтан Э.Тайвансайханаас уг 10 видео контентийн эхнийх нь болох Европын дугаар-т хичнээн төслийг нэгтгэж оруурах талаар удаа дараа лавлаж тодруулсан боловч тоймтой хариу өгөлгүй биднийг зураг авалт, эвлүүлэг хийлгэсээр байсан. Иймд энэ тал дээр найруулагч А.******* миний бие шийдэл хүсч, Герман-Монголын Бизнес эрхлэгчдийн холбоо ТББ-ын оффист өөрийн биеэр очин Гэрээлсэн ажлын дагуу 1 видео контентийн зураг авалт 3-4 объектэд зураг авагдах ёстой байтал 1 контент нэрийн дор 10 орчим объектод зураг авалт явагдаж байгаа нь бидний анх төлөвлөсөн төсөв зардал, цаг хугацааны хугацааны хувьд хэтэрч, сунахад хүргэж байна. Иймд энэ асуудлыг анхаарч, уг дугаарт орох төслүүдийнхээ тоог бидэнд эцэслэн мэдэгдэж, зураг авалтын зохион байгуулалтыг сайжруулан түргэвчлүүлж, оновчтой удирдлагаар хангаж өгнө үү? гэж хүссэн боловч асуудал шийдэгдээгүй.

2. 2021 оны 07 сарын 20-нд болсон цахим хурлын үеэр нийт төслийн тоог 14 гэж мэдэгдсэн хурлын тэмдэглэл бидэнд бий. Гэвч бид нийт 51 төслийн танилцуулгыг хийж гүйцэтгэсэн нь их ажлаа бага гэж ойлгуулан гэрээлсэн залилангийн шинжтнэй үлдэл байсан гэж бид үзэж байна. Үүнээс болж бидний 2021 оны 9 сарын 10-наас эхлэн дараагийн гэрээт ажлууд 2021 оны 10 сарын 07 хүртэл бүрэн зогсож, манай компаний үйл ажиллагаа бүрэн доголдоход хүрсэн.

3. Гэрээний 4.4 заалт буюу энэхүү ажлыг хийхтэй холбоотой бүх л мэдээ, мэдээлэл зааварчилгаа өгөх мөн элчин сайдын яам, бусад газруудтай холбоо тогтоох нэвтрүүлэгт шаардлагатай бүх мэдээллээр ГМБЭХ ТББ хангах үүрэгтэй болвч үүргээ биелүүлээгүй. ******* ХХК нь өөрсдөө элчин сайдын яамд болон бусад төслүүдтэй шууд холбогдож, биечлэн уулзаж, ГХЯ-ны архиваас шаардлагатай зураг мэдээллийг өөрсдөө очиж авч байсан.

Дээрх бичсэн бүх зүйлс баримттай, бид нэмэлт ажлыг хийж чадахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн боловч ГМБЭХ ТББ гүйцэтгэх захирал Ребекка Шмүйкин манай байгууллагад ирж нэмэлт 12 төслийн танилцуулга хийхийг шаардаж байсныг гэрчлэх 3 хүн байгаа. 2021 оны 10 сарын 20-нд явуулсан цахим шуудангаас харахад үлдэгдэл мөнгөө авбал ав гэсэн доромжилсон хандлага, нэмэлт хийсэн ажлын төлбөрийг төлөх ёсгүй учир нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж батлуулаагүй гэсэн шалтгаан нь хуулийн өмнө хүний хөдөлмөрийг шулах үндэслэл болохгүй гэж найдаж байна.

Арван цуврал өгөхөөс долоон цуврал хүлээлгэж өгсөн гэдэг нь үнэн. Гэхдээ яагаад долоон цуврал хүлээлгэж өгсөн гэдгийг харгалзаж үзэх ёстой. Европын холбооноос ийм ийм элчин сайдын яамдууд оролцоно гэдэг жагсаалтыг Монголын бизнес эрхлэгчдийн холбоо ТББ-д хүлээлгэж өгсөн. Энэ байгууллагатай Монголын бизнес эрхлэгчдийн холбоо ТББ холбогдоод бүгд зөвшөөрсөн гэдэг үндэслэлээр энэ ажил эхэлсэн. Гэтэл явцын дунд зарим элчин сайдын яамдуудтай холбоо бариагүй. Холбоо барьсан нь зөвшөөрөөгүй. Өөрсдийнх нь зуучилж өгсөн элчин сайдын яамдууд дээр очиж зураг авалт хийж шаардлагатай материалууд авсан. Зарим элчин сайдын яамдууд яагаад минутдаа хүрээгүй вэ гэвэл бидний зүгээс ийм яриа өгнө, зарим нь оролцохгүй гэж мэдэгдсэн. Тийм учраас 30 минутад хүрэхгүй байна үүнийг яаж шийдвэрлэх вэ гэдэг хүсэлтийг Монголын бизнес эрхлэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захиралд гаргасан. Гэвч боломжит аргаар минутад хүргэхийг хичээе гэсэн. Зуучилж ажиллах үеэр гаргасан алдааны улмаас 16-аас 7-г бид хийж гүйцэтгэсэн. Тухайлбал Францын элчин сайдын яам зөвшөөрөхгүй байсан учир би танилын хүрээгээр дамжуулж хүсэлт тавьж хийж өгсөн. Бид материалын хүрээнд видео ажлууд хийж гүйцэтгэсэн.

Тиймээс Монгол улсын хуулийн дагуу энэхүү асуудлыг үнэн зөвөөр шийдэж бидний ажлын хөлс болох 38,000,000 төгөргийг ГМБЭХ ТББ-аас гаргуулж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмгөөлөгч О.Аззаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Герман Монголын бизнес эрхлэгчдийн холбоо ТББ өөрөө ерөнхий гүйцэтгэгч, ******* ХХК туслан гүйцэтгэгч байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан материалаас харагдаж байгаа. Европын холбоо болон Герман Монголын бизнес эрхлэгчдийн холбоо ТББ-д ажлаа флаш, мэйлээр явуулж байсан. Европын холбооноос манай ажилтай холбоотой ямар нэгэн зүйл тавьж байгаагүй. Мөн Герман Монголын бизнес эрхлэгчдийн холбоо ТББ-аас энэ талаарх зүйл хэрэгт гаргаж өгөөгүй. Доголдолтой холбоотой асуудлыг тайлбартаа хэлж байна. Герман Монголын бизнес эрхлэгчдийн холбоо ТББ нь энэ талаар ******* ХХК-д нэг ч удаа хэлж байгаагүй. Хариуцагч байгууллага өгнө гэж хүлээн зөвшөөрч байсан учраас 22,500,000 төгрөгийг хууль ёсоор авах эрхтэй гэж үзэж байгаа. Нэмэлт гэрээ байгуулаагүй нь буруутсан. Эвлэрлийн санал тавьж байсан. Хариуцагч тал нэмэлтээр хийсэн ажлын хөлсийг өгөхгүй, гэрээгээр тохиролцоогүй гэдэг зүйлийг ярьдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш энэ талаар ярьж байгаа. Энэ бүхнийг шүүх харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэр гаргаж өгнө үү. Засвар хийсэн ажлын хөлс 500,000 төгрөг гэж байгаа. 500,000 төгрөгийг хариуцагч байгууллага төлсөн учраас хасаад 37,500,000 төгрөгийг хангаж өгөөч ээ гэсэн байр суурьтай байна. гэв.

 

Хариуцагч Герман Монголын бизнес эрхлэгчдийн холбоо ТББ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо ТББ-д холбогдуулан 2021 оны 10 сарын 21-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээний үүрэгт 38,000,000/гучин найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэг. Талуудын үндсэн тохиролцооны талаар:

Манай Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо ТББ нь ******* ХХК-тай 2021 оны 07 сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай 02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Монгол улсад болох Европын өдөр цахим арга хэмжээнд зориулсан виртуал арга хэмжээг зохих стандарт шаардалгын дагуу зохион байгуулахад 10 анги бүхий 30-45 минут үргэлжлэх видео цуврал сурвалжлага хийх, видеог тайлбарлах, кино бичлэг хийх, монтажлах, график хийх, орчуулга хийх, хадмал орчуулага хийх, хадмал орчуулга хийх видеонд байршуулах зэрэг цогц ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр тохирлцсон.

Мөн ******* ХХК нь гэрээт ажлын урамшуулал болгон 1 контент үнэ төлбөргүй хийж өгөхөөр тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь Монгол Улсын иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг 2 талт үүрэг бүхий гэрээ юм.

Гэрээний нийт төлбөр 45,000,000/дөчин таван сая/ төгрөг байсан бөгөөд энэ төлбөрт ажлын гүйцэтгэлд холбогдох материалын болон бусад зардал, ажлын хөлс зэрэг гарч болох бүхий л төлбөр, зардалууд багтсан болно.

Манай Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо ТББ нь гэрээний төлбөрт гэрээ байгуулсаны дараа буюу 2021 оны 07-р сарын 19-ны өдөр гэрээний урьдчилгаа 22,000,000/хорин хоёр сая/ төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсний дараагаар, ажлын гүйцэтгэлийг хүлээн авсны дараагаар төлөхөөр тохиролцсон билээ. Хоёр: ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын талаар:

******* ХХК нь хийж гүйцэтгэх ёстой байсан 10 анги бүхий цуврал видеоноос дараах 7 анги бүхий видеог нийлүүлэн өгсөн ба бид шаардлагатай засварыг хийж хүлээж авсан байна. Үүнд:

- Европын холбооны тухай 54 минут 46 секунд

- Францын элчин сайдын яамны тухай 7 минут 38 секунд

- Чехийн элчин сайдын яамны тухай 24 минут 30 секунд

- Хүний эрхийн шагнал гардуулах ёслолын тухай 25 минут 02 секунд

- Германы элчин сайдын яамны тухай 29 минут 57 секунд

- Польшийн элчин сайдын яамны тухай 8 минут 14 секунд

- Хоолны нэвтрүүлэг 39 минут 09 секунд байна.

Гүйцэтгэгч ******* ХХК-ийн хийцж гүйцэтгэсэн 7 анги бүхий видеоны үргэлжлэх хугацаа нь нийт 181 минут 21 секунд байна. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохиолдсон дундаж хугацааг тооцож үзэхэд 135 минут байна.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохиолдсон дундаж хугацаа дуусахад ******* ХХК нь Европын холбооны тухай, Францын элчин сайдын яамны тухай, Хүний эрхийн шагнал гардуулах ёслолын тухай, Чехийн элчин сайдын яамны тухай гэсэн 4 анги бүхий видеог хүлээн өгсөн байдаг. Үлдсэн нэр бүхий 3 ангийн Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэтрүүлэн хүлээлгэн өгсөн.

Монгол Улсын Иргэний хуулийн 350 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх мөн захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй байдаг. *******ХХК нь нэр бүхий 3 видеог гэрээний хугацаа хожимдуулж захиалагчид шилжүүлсэн нь Монгол Улсын Иргэний хуулийн болон талуудын хооронд байгуулсан гэрээний 3.7-д заасан алданги төлөх нөхцөл бүрдсэн байна.

Мөн Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2.-т Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ хэмээн заажээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр ажлын үр дүнг тоон байдлаар тогтоосон бөгөөд гүйцэтгэгчийн гэрээгээр тохиролцсон тоо үзүүлэлтийн дагуу хийж гүйцэтгээгүй байдлыг биет байдлын доголдол гэж үзэхээр заасан.

******* ХХК-иар гүйцэтгүүлсэн ажил болох видео контентыг 2021 оны 07-р сарын 01-ны өдрөөс 2021 оны 08 сарын 31-ны хооронд Монгол улсад болох Европын өдөр цахим арга хэмжээнд зориулсан виртуал арга хэмжээг зохих стандарт шаардалгын дагуу зохион байгуулахад тухайн видеонууд нэн шаардлагатай байсан тул бид хүлээж авахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.

Манай Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо ТББ-н зүгээс ******* ХХК-ийн ажилд дэмжлэг үзүүлж тухайн цуврал видеонуудыг хийж гүйцэтгэх ажилд элчин сайдын яамнууд болон бусад газруудтай холбоо тогтоож и-мэйл бичиж, холбогдох мэдээллийг тухай бүрт нь өгч байсан бөгөөд ихэнх тохиолдолд бичлэг хийх явцад камерийн багт туслаж орчуулгын ажлуудыг хийж гүйцэтгэх, хийсэн орчуулагыг хянах, мэдээний англи болон монгол орчуулгыг хадмал орчуулгад зориулан бэлтгэх гэх мэт ажлуудыг гүйцэтгэж байсан. Үүнийг гүйцэтгэгч компанийн ажилтнууд мэдэж байгаа бөгөөд нотлох баримтууд байгаа.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ болон дээрх үүссэн нөхцөл байдлуудаас үзэхэд Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо ТББ-ийн зүгээс гүйцэтгэгч ******* ХХК-д нэмэлт ажлын хөлс төлөх үүрэг хүлээгээгүй ба энэ талаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан заалт байхгүй байхад бидэнд мэдэгдэлгүй дур мэдэн ажлын хөлсийг нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн Монгол Улсын Иргэний хуулийн холбогпох заалтуудаас үзэхэд төсвийн хэмжээ нэмэгдсэн тохиолдолд илүү гарсан гарсан хэсгийг захиалагч төлөх ёсгүй бөгөөд нэмэгдсэн төсвийг хоёр тал гэрээ байгуулах үед тохиролцсон байх Пшаардлгатай бөгөөд ажил гүйцэтгэгч нь төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Ийнхүү мэдэгдээгүй зардлыг захиалагч төлөх ёсгүй билээ.

Гэтэл ******* ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй хэрнээ гэрээгээр тохиролцоогүй төлбөрийн нэхэмжлэхийг удаа дараа явуулж бизнесийн ёс зүйгүй үйлдэл гаргасан. Хэдийгээр ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиролцон ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй ч гэсэн манай байгууллагын зүгээс гэрээгээр тохиролцон төлбөрийг бүрэн төлөхөө илэрхийлсэн албан бичиг явуулсан.

Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардалгыг зарим хэмгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд гэрээгээр хүлээлгэн өгсөн 7 ангийн төлбөр болох 35,000,000/гучин таван сая/ төгрөгөөс 22,000,000/хорин хоёр сая/ төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 15,500,000/арван таван сая таван зуу/ төгрөгийг өгөх боломжтой болно.

Үлдэгдэл нэхэмжлэлийн шаардалгыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч Герман Монголын бизнес эрхлэгчдийн холбоо ТББ-ын өмгөөлөгч З.Буяндаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 02 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгаа. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч захиалагчийн болон өөрийнхөө хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээж авч хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээг харахаар 10 байгууллагын бичлэгийг хийх юм байна. 3-4 зураг авалт хийх талаар талууд тохиролцоогүй. Тохиролцсон зүйл 10 контент байна. 1 контент 30-45 минут гэж үзэхээр 375 минут болно. Хэдэн минутыг хүлээж авах ажлын үр дүнг бид харах ёстой. 375 минутаас 181 минут болсон юм байна. 10 контентоос 7-н контент хийсэн. 375 минут хүрсэн юм уу гэдгийг онцолж харж байгаа. 181 минутыг 30 минутаар бодохоор 6 контент болж байгаа. Хариуцагчийн зүгээс үүнийг 7 контентоор тооцъё. 22,500,000 төгрөгийг өгсөн. Зарчмын хувьд гүйцэтгэсэн үүргийн хэмжээгээр үнийн дүнгээ авах бүрэн боломжтой. Хариуцагчтай нэгэнт гэрээ байгуулсан, ажил удсан учир гэрээний төлбөрийг бүхэлд нь төлье гэх зүйлийг ярьсан. Нэхэмжлэгч тал илүү ажил хийсэн гэж тайлбарлаж байна. Үр дүн Ажил гүйцэтгэх гэрээний зүйл байдаг. Зардалтай холбоотой нэмэлт ажлыг гэрээнд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой. Нэхэмжлэлийн үнийн дүнгээ өсгөж шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй. гэв. 

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан ******* ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №10/08 Гэрээний төлбөрийн талаарх албан бичгийг Англи хэлнээс Монгол хэлрүү орчуулсан орчуулга, ******* ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №09/21 Гэрээний шинэчилсэн төлбөрийн Англи хэлнээс Монгол хэлрүү орчуулсан орчуулга, Герман Монголын бизнес эрхлэгчдийн холбоо ТББ-ын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Албан ёсны хариу хүргүүлэх тухай албан бичгийн Англи хэлнээс Монгол хэлрүү орчуулсан орчуулга, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №2021/15 албан бичиг, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №02 дугаар Ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хавсралт 1-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хийсэн Үзлэгийн тэмдэглэлийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Герман Монголын бизнес эрхлэгчдийн холбоо ТББ-д холбогдуулан контентийн үлдэгдэл төлбөр 22,500,000/хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг, нэмэлтээр хийсэн 3/гурав/ контентийн төлбөр 15,000,000/арван таван сая/ төгрөгийг, жижиг засварын төлбөр 500,000/таван зуун мянга/ төгрөгийг, гэрээний үүрэгт нийт 38,000,000/гучин найман сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Герман Монголын бизнес эрхлэгчдийн холбоо ТББ нь гэрээгээр хүлээлгэн өгсөн 7-н ангийн төлбөр болох 35,000,000/гучин таван сая/ төгрөгөөс 22,000,000/хорин хоёр сая/ төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 15,500,000/арван таван сая таван зуу/ төгрөгийг өгөх боломжтой гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хариуцагч жижиг засварын төлбөр 500,000/таван зуун мянга/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг 500,000/таван зуун мянга/ төгрөгөөр багасгасан болно.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дугаар № 02 Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь № 02 Ажил гүйцэтгэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 1-ийн 1.1, 3-ын 3.1, 3.4, 3.5, 4-ийн 4.3-т зааснаар нэхэмжлэгч нь Монгол Улсад болох Европын өдөр цахим арга хэмжээнд зориулсан виртуал арга хэмжээг зохион байгуулахад 10/арав/ анги бүхий, нэг цувралыг 5,000,000/таван сая/ төгрөгөөр, тус бүр нь 30-45 минут үргэлжлэх видео цуврал сурвалжлага/видео контент/ хийх, видеог тайлбарлах, кино бичлэг хийх, монтажлах, график хийх, орчуулга хийх, Монгол-Англи-Монгол хадмал орчуулга хийж, видеонд байршуулах цогц ажлыг хийж гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч нь урьдчилгаа төлбөрт 50/тавь/ хувийг, ажлын гүйцэтгэлийг хүлээн авсны дараагаар үлдэгдэл 50/тавь/ хувийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн дугаар № 02 Ажил гүйцэтгэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Гэрээний 1-ийн 1, 1.1, 2-ын 2.1, 4-ийн 4.1 болон Хавсралт 1-т зааснаар нэхэмжлэгч нь Нээлтийн буюу танилцуулга видео контент, Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын видео контент, Бүгд Найрамдах Чех Улсын видео контент, Бүгд Найрамдах Франц Улсын видео контент, Бүгд Найрамдах Герман Улсын видео контент, Бүгд Найрамдах Унгар Улсын видео контент, Бүгд Найрамдах Итали Улсын видео контент, Бүгд Найрамдах Польш Улсын видео контент, Хүний Эрхийн Шагнал гардуулах ёслол, Хөгжмийн Концерт гэсэн тус бүр нь 30-45 минут үргэлжлэх 10/арав/ видео контентийн эхний ажлыг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр бэлтгэж хариуцагчид хүлээлгэн өгөх, үлдсэн контентийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хариуцагчтай тухай бүрт нь харилцан тохиролцож хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 3-ын 3.1, 3.2, 3.4, 3.6-д зааснаар нэхэмжлэгч нь 10/арав/-н видео контентийн 1/нэг/ контентийг үнэгүй хийж өгөхөөр, үлдсэн 9/ес/ видео контентийг нийт 45,000,000/9х5,000,000=45,000,000/ /дөчин таван сая/ төгрөгөөр гүйцэтгэхээр, хариуцагч нь урьдчилгаа төлбөрт нийт хөлсний буюу төлбөрийн 50/тавь/ хувийг шилжүүлэх, үлдэгдэл хөлс буюу төлбөрийн 50/тавь/ хувийг ажлын гүйцэтгэлийг хүлээн авсны дараа төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээнд зааснаар хариуцагч нь 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид ажлын хөлсний урьдчилгаа төлбөр болох 22,500,000/хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Албан ёсны тайлбар хүргүүлэх нь тайлбарын Англи хэлнээс Монгол Хэлрүү орчуулсан орчуулгад тусгаснаар нэхэмжлэгч нь хариуцагчид Европын холбоо, Хүний эрхийн шагнал гардуулах ёслол, Францын элчин сайдын яам, Чехийн элчин сайдын яам, Германы элчин сайдын яам, Хоолны нэвтрүүлэг, Польшийн элчин сайдын яам гэсэн нийт 7/долоо/-н видео контент хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагчийн хүлээн авсан дээрх 7/долоо/-н видео контентийн 5/тав/ нь буюу Хүний эрхийн шагнал гардуулах ёслол видео контент 25 минут 02 секунд, Францын элчин сайдын яам видео контент 7 минут 38 секунд, Чехийн элчин сайдын яам видео контент 24 минут 30 секунд, Германы элчин сайдын яам видео контент 29 минут 57 секунд, Польшийн элчин сайдын яам видео контент 8 минут 14 секунд болох нь хариуцагчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Албан ёсны тайлбар хүргүүлэх нь тайлбарын Англи хэлнээс Монгол Хэлрүү орчуулсан орчуулгаар тогтоогдож байна.

 

Гэрээний 1-ийн 1-т нэг видео контентийн үргэлжлэх хугацааг 30-45 минут гэж тогтоосон болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1Ажил гүйцэтгэгч гэрээний ... гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг ... ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор ... гаргаж болно., 353 дугаар зүйлийн 353.2Гэрээнд заасан тоо, хэмжээ ... тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. гэж заасан.

 

Зохигчид Гэрээнд 1/нэг/ видео контентийн үргэлжлэх хугацааг 30-45 минут гэж тогтоосон байх тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнгийн тоо, хэмжээг тогтоосон гэж үзнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан 7/долоо/-н видео контентийн 5/тав/ нь буюу Хүний эрхийн шагнал гардуулах ёслол видео контент, Францын элчин сайдын яам видео контент, Чехийн элчин сайдын яам видео контент, Германы элчин сайдын яам видео контент, Польшийн элчин сайдын яам видео контент Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар доголдолтой гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь дээрх 5/тав/ видео контент нь Гэрээнд заасан минутад хүрэхгүй буюу доголдолтой болохыг хүлээн авахдаа мэдэх боломжтой байсан байх боловч хүлээн авснаас хойш 6/зургаа/ сарын дотор гомдол гаргаагүй байх тул гомдол гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1Талууд ... ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид Европын холбоо, Хүний эрхийн шагнал гардуулах ёслол, Францын элчин сайдын яам, Чехийн элчин сайдын яам, Германы элчин сайдын яам, Хоолны нэвтрүүлэг, Польшийн элчин сайдын яам гэсэн нийт 7/долоо/-н видео контент хүлээлгэн өгсөн байх тул Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь тус 7/долоо/-н видео контентуудыг доголдолгүй гэж үзэн нэхэмжлэгчид ажлын хөлс төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар Гэрээнд заасан тус бүр 30/гуч/ минут 7/долоо/ видео контент бэлтгэсэн ажлын хөлс нийт 35,000,000/7х5,000,000=35,000,000/ /гучин таван сая/ төгрөг болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч нь ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгчид 22,500,000/хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг төлсөн байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажлын хөлсөд 12,500,000/35,000,000-22,500,000=12,500,000/ /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэлтээр хийсэн гэх 3/гурав/ видео контентийн төлбөрт 15,000,000/арван таван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Гэрээний 1-ийн 1-т зааснаар зохигчид тус бүр 30-45 минут 10/арав/ видео контент хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан 10/арав/ видео контент нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гүйцэтгэгдээгүй гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тус тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Зохигчид нэмэлт 3/гурав/ видео контент хийх тухай гэрээ байгуулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгсөн 7/долоо/ видео контентийн Европын холбоо видео контент Гэрээний 1-ийн 1-т зааснаас 24 минут 46 секунд/54.46-30=24.46/-р илүү болох нь хариуцагчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Албан ёсны тайлбар хүргүүлэх нь тайлбарын Англи хэлнээс Монгол Хэлрүү орчуулсан орчуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг ... буцаан шаардах эрхтэй:, 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд ... үүрэг нь хожим дуусгавар болсон ..., 493 дугаар зүйлийн 493.6Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр ... олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс ... эхлэн уг хөрөнгөөс олсон ... орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх ... үүрэг хүлээнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 7/долоо/ видео контент хүлээлгэн өгснөөр үүрэг дуусгавар болсон байх боловч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр Европын холбоо нэмэлт видео контент хийж өгөх үүрэгтэй гэж ойлгон Гэрээний 1-ийн 1-т зааснаас 24 минут 46 секундээр илүү видео контент хийж хүлээлгэн өгсөн байх тул хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 24 минут 46 секундын видео контентийн ажлын хөлс 4,000,000/24x5,000,000=120,000,000, 120,000,000:30=4,000,000/ /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 11,000,000/15,000,000-4,000,000=11,000,000/ /арван нэгэн сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас нийт 16,500,000/12,500,000+4,000,000=16,500,000/ /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдсэн 21,000,000/37,500,000-16,500,000=21,000,000/ /хорин нэгэн сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Герман Монголын бизнес эрхлэгчдийн холбоо ТББ-аас нийт 16,500,000/арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдсэн 21,000,000/хорин нэгэн сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 347,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 240,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.           Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Герман Монголын бизнес эрхлэгчдийн холбоо ТББ-аас нийт 16,500,000/арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдсэн 21,000,000/хорин нэгэн сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 347,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Герман Монголын бизнес эрхлэгчдийн холбоо ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 240,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ