Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00488

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 06 210/МА2023/00488

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/00023 дугаар шийдвэртэй

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Г.М.Б.Э.Х ТББ-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 37,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Аззаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.М ХХК нь Г.М.Б.Э.Х ТББ-тай 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээгээр Европын өдрүүд арга хэмжээний 10 цуврал видео контентыг нэгж бүрийн үнэ 5,000,000 төгрөг, мөн 1 контентыг урамшуулал болгон үнэгүй хийж өгөхөөр тохиролцсон. М ХХК нь гэрээний дагуу контентуудыг хийж гүйцэтгэснээс гадна нэмэлт буюу гэрээнд тусгаагүй, 3 контенттой дүйцэхүйц 12 төслийн видео төслийн танилцуулгуудыг хийсэн. Нэг контентын стандарт нь 3-4 байрлалд зураг авах эсвэл 3-4 байгууллагын мэдээллийг оруулдаг. Үүнийг Г.М.Б.Э.Х ТББ-д өмнө нь тайлбарлаж хэлсэн, хүлээн зөвшөөрсөн. Бид 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сүүлчийн контентоо хүлээлгэж өгөөд үлдэгдэл 50 хувийн төлбөр болох 22,500,000 төгрөг дээр нэмэлтээр хийсэн 3 контентын төлбөр 15,000,000 төгрөг, мөн жижиг засварын төлбөр 500,000 төгрөг нийт 38,000,000 төгрөгийн нэхэмжлэл явуулсан. Гэвч зөвхөн гэрээний дагуу үлдэгдэл 22,500,000 төгрөгийг төлнө гэсэн хариу өгсөн.

1.2.Г.М.Б.Э.Х ТББ нь дундын зуучлагч буюу Европын холбооны Монгол дах төлөөлөгчийн газрын захиалгат ажлыг орон нутгийн байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээ байгуулахдаа бага ажил юм шиг сэтгэгдэл төрүүлж бага мөнгөөр гэрээ байгуулсны дараа их ажил хийлгэсэн. Тодруулбал, гэрээт ажлын дагуу 1 видео контентын зураг авалт 3-4 объектэд бус 10 орчим объектод явагдсан нь бидний анх төлөвлөсөн төсөв зардал, цаг хугацааны хувьд хэтэрч, сунахад хүргэсэн. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр болсон цахим хурлын үеэр нийт төслийн тоог 14 гэж мэдэгдсэн боловч бид нийт 51 төслийн танилцуулгыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс болж бидний 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дараагийн гэрээт ажлууд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл бүрэн зогсож, манай компанийн үйл ажиллагаа доголдоход хүрсэн.

1.3.Гэрээгээр 10 цуврал өгөхөөс 7 цуврал хүлээлгэж өгсөн нь үнэн. Г.М.Б.Э.Х ТББ-ын зуучилж ажиллах үеэр гаргасан алдааны улмаас бид 7-г хийсэн. Европын холбооны өгсөн жагсаалтаас явцын дунд зарим элчин сайдын яамтай холбоо бариагүй, зарим нь зөвшөөрөөгүй. Францын элчин сайдын яам зөвшөөрөхгүй байхад бид танилын хүрээгээр дамжуулж хүсэлт тавьж хийж өгсөн. Өөрсдийнх нь зуучилсан Элчин сайдын яамд дээр очиж зураг авалт хийж, шаардлагатай материалыг авсан. Зарим элчин сайдын яамных минутдаа хүрээгүй нь бидний зүгээс ийм яриа өгнө, зарим нь оролцохгүй гэж мэдэгдсэнтэй холбоотой. Тийм учраас 30 минутад хүрэхгүй байна, үүнийг яаж шийдвэрлэх вэ гэдэг хүсэлтийг Г.М.Б.Э.Х ТББ-ын гүйцэтгэх захиралд гаргасан, боломжит аргаар минутад хүргэхийг хичээе гэсэн.

Хариуцагч нь жижиг засварын төлбөр 500,000 төгрөгийг төлсөн тул хариуцагчаас 37,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Г.М.Б.Э.Х ТББ нь М ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Монгол Улсад болох Европын өдөр цахим арга хэмжээнд зориулсан виртуал арга хэмжээг зохих стандарт шаардлагын дагуу зохион байгуулахад 10 анги бүхий 30-45 минут үргэлжлэх видео цуврал сурвалжилга хийх, видеог тайлбарлах, кино бичлэг хийх, монтажлах, график хийх, орчуулга хийх, хадмал орчуулга хийх, видеонд байршуулах зэрэг цогц ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Мөн гэрээт ажлын урамшуулал болгон 1 контент үнэ төлбөргүй хийж өгөхөөр тохиролцсон. Гэрээний нийт төлбөр 45,000,000 төгрөг ба үүнд материалын зардал, ажлын хөлс зэрэг гарч болох бүхий л төлбөр, зардал багтсан.

2.2.М ХХК нь хийх ёстой байсан 10 анги бүхий цуврал видеоноос 7 ангийг нийлүүлсэн ба бид шаардлагатай засварыг хийж хүлээж авсан. 7 анги бүхий видеоны үргэлжлэх хугацаа нийт 181 минут 21 секунд байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон дундаж хугацааг тооцож үзэхэд 135 минут байна. Гэрээний хугацаа дуусахад М ХХК нь 4 анги бүхий видеог хүлээн өгсөн, үлдсэн 3 ангийг гэрээний хугацаа хэтрүүлсэн. Манай байгууллагын зүгээс М ХХК-ийн ажилд дэмжлэг үзүүлж элчин сайдын яамд болон бусад газартай холбоо тогтоож и-мэйл бичиж холбогдох мэдээллийг тухай бүр өгч байсан бөгөөд ихэнх тохиолдолд бичлэг хийх явцад камерын багт тусалж орчуулгын ажлуудыг хийж гүйцэтгэх, хийсэн орчуулгыг хянах, мэдээний англи болон монгол орчуулгыг хадмал орчуулгад зориулан бэлтгэх гэх мэт ажлыг гүйцэтгэсэн.

2.3.Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ болон дээрх үүссэн нөхцөл байдлуудаас үзэхэд Г.М.Б.Э.Х ТББ нь гүйцэтгэгч М ХХК-д нэмэлт ажлын хөлс төлөх үүрэг хүлээгээгүй ба энэ талаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байхад бидэнд мэдэгдэлгүй дур мэдэн ажлын хөлс нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд гэрээгээр хүлээлгэн өгсөн 7 ангийн төлбөр 35,000,000 төгрөгөөс 22,500,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 15,500,000 төгрөгийг төлөх боломжтой. М ХХК-ийн үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.М.Б.Э.Х ТББ-аас 16,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, үлдсэн 21,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М.Б.Э.Х ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 240,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. М ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сүүлчийн контентоо хүлээлгэж өгөөд гэрээний үлдэгдэл 50 хувийн төлбөр болох 22,500,000 төгрөг, нэмэлтээр хийсэн 3 контентын төлбөр 15,000,000 төгрөг, мөн жижиг засварын төлбөр 500,000 төгрөг, нийт 38,000,000 төгрөгийн нэхэмжлэхийг хариуцагчид хүргүүлэхэд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр ... гэрээгээр тохиролцсон дээд хэмжээ болох 45,000,000 төгрөгийг ажлын 7 хоногийн дотор багтаан төлөх саналтай, мөн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/15 тоот албан бичгээр ... гэрээнд заасан үлдэгдэл төлбөр болох 22,500,000 төгрөгийг танай компаниас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх боломжтой болохыг мэдэгдэж байна. иймд 22,500,000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэлийг бидэнд илгээнэ үү гэх хариу албан бичиг ирүүлсэн. Дээрх албан бичгээр захиалагч буюу хариуцагч нь нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн 7 контентыг хүлээж авсан бөгөөд энэ нь гэрээг бүхэлдээ биелэгдсэн гэж үзэж, ажлын үр дүнг хүлээн авсан болох нь тогтоогдож байна. Хариуцагч нь гэрээний үлдэгдэл 22,500,000 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн үйлдэл нь бидний гэрээний үүргийн гүйцэтгэл ямар нэгэн доголдолгүй дуусгавар болсныг нотолж байгаа үйл баримт юм.

4.2.Анхан шатны шүүх ... хариуцагч нь дээрх 5 видео контент нь гэрээнд заасан минутад хүрэхгүй буюу доголдолтой болохыг хүлээн авахдаа мэдэх боломжтой байсан байх боловч хүлээн авснаас хойш 6 сарын дотор гомдол гаргаагүй байх тул гомдол гаргах эрхээ алдсан гэж үзнэ" хэмээн дүгнэсэн нь дутагдалтай.

Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сүүлчийн контентыг хүлээлгэн өгснөөс хойш гэрээний үүргийн дагуу төлбөр төлөхийг шаардаж байсан бөгөөд хариуцагч нь видео контент дутуу, мөн гэрээнд заасан минутад хүрээгүй буюу доголдолтой талаар хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, зөвхөн төлбөр төлөх хугацааг тохиролцох саналыг хүргүүлж байсан байхад шүүх үүнийг зөвхөн гэрээнд заасан минутад хүрээгүй талаар шаардах эрхийг тодорхойлсон нь үндэслэлгүй. Иймд хариуцагч Г.М.Б.Э.Х ТББ нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 22,500,000 төгрөгийг бүхэлд нь төлөх үндэслэлтэй.

4.3.Хариуцагчийн хариу тайлбарт ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 22,500,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүхээс зохигчдын маргаангүй үйл баримтад дүгнэлт хийж, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 15,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 12,500,000 төгрөг болгон хангаж шийдвэрлэсэн нь зохигчдын эрхэнд ноцтой халдсан үйлдэл юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Шүүхэд хандахаас өмнө М ХХК-аас ирүүлсэн төлбөр нэхэмжилсэн албан бичигт Г.М.Б.Э.Х ТББ-аас гэрээний дагуу төлбөрөө төлөх боломжтой, гэхдээ гүйцэтгэсэн ажил ийм байсан талаар 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хариу явуулсан. Бид 7 контент хүлээж авсан дээрээ маргаагүй. Нэхэмжлэгч нь хүлээлгэж өгсөн ажил доголдолтой гэж анхан шатны шүүх дүгнэсэн талаар тайлбарлаж байгаа боловч шүүх хэргийг шийдвэрлэхдээ шаардах эрхийн хугацаа дууссан буюу эрхээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан. Шүүх 7 контентын төлбөрийг манай талаас бүтэн гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Г.М.Б.Э.Х ТББ-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 22,500,000 төгрөг, нэмэлт ажлын хөлс 15,000,000 төгрөг, нийт 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 15,500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3.Зохигчдын хооронд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч М ХХК нь Монгол Улсад болох Европын өдөр цахим арга хэмжээнд зориулсан виртуал арга хэмжээг зохион байгуулахад 10 анги бүхий видео цуврал сурвалжилга (видео контент) хийх, видеог тайлбарлах, кино бичлэг хийх, монтажлах, график хийх, орчуулга хийх, (монгол-англи-монгол) хадмал орчуулга хийж видеонд байршуулах цогц ажлыг гүйцэтгэх, захиалагч Г.М.Б.Э.Х ТББ нь нэг цуврал ажлын төлбөрийг 5,000,000 төгрөгөөр тооцон урьдчилгаанд гэрээний нийт төлбөрийн 50 хувийг, ажлын гүйцэтгэлийг хүлээн авсны дараа үлдэх 50 хувийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. Гэрээний хавсралт Видео контентын жагсаалт-д 10 видео бичлэгийн нэр, агуулгыг баталсан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

4.Нэхэмжлэгч нь Европын холбоо (54 минут 46 секунд), Хүний эрхийн шагнал гардуулах ёслол (25 минут 02 секунд), Францын элчин сайдын яам (7 минут 38 секунд), Чехийн элчин сайдын яам (24 минут 30 секунд), Германы элчин сайдын яам (29 минут 57 секунд), Польшийн элчин сайдын яам (8 минут 14 секунд), Xоолны нэвтрүүлэг (39 минут 09 секунд) гэх нийт 7 видео контентыг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагчаас гэрээний урьдчилгаанд 22,500,000 төгрөг, мөн ажлын үр дүнг засварлахад 500,000 төгрөг тус тус төлсөн байна.

5.Хариуцагч нь хүлээн авсан 7 видео контентын нийт үргэлжлэх хугацаа 181 минут 21 секунд байгаа нь гэрээнд заасан хугацаанд хүрээгүй буюу биет байдлын доголдолтой, мөн талууд гэрээнд нэмэлт ажлын талаар нэмэлт өөрчлөлт оруулаагүй учир нэмэлт хөлс төлөх үүрэг хүлээгээгүй гэж маргасан.

5.1.Гэрээний Нэг-ийн 1-д нэг видео контентын үргэлжлэх хугацааг 30-45 минут байхаар тохирсон тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг биет байдлын доголдолтой гэж үзэх ба хариуцагч мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргаагүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Иймд доголдлын асуудлаар зохигч маргаагүй байхад шүүх дүгнэж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.2.Түүнчлэн гэрээний үлдэгдэл төлбөр 22,500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/15 дугаар албан бичгийг үнэлээгүй, 15,500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байхад шүүх 12,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн гэх гомдол мөн үндэслэлгүй.

Учир нь, хариуцагч талын (өмгөөллийн Голомт консалтинг ХХН-ийн) 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн огноотой 2021/15 дугаар албан бичгээр 22,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, төлбөрийн нэхэмжлэх ирүүлэх тухай санал хүргүүлсэн ч нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрсөн хариу өгөөгүй буюу талууд тохиролцоогүй, улмаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

Үүнээс гадна гэрээний үлдэгдэл төлбөр 22,500,000 төгрөг, нэмэлт ажлын хөлс 15,000,000 төгрөг, засварын хөлс 500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нийт шаардлагын хүрээнд хариуцагч нь 15,500,000 төгрөг төлөх тухай тайлбар гаргасан тул үүнийг зөвхөн гэрээний үлдэгдэл төлбөр 22,500,000 төгрөгт хамааралтай гэж дүгнэх үндэслэлгүй.

5.3.Талууд нэмэлт 3 видео контент хийхээр тохиролцсон нь баримтаар тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

6.Анхан шатны шүүх хариуцагч Г.М.Б.Э.Х ТББ-аас 7 видео контентын төлбөр 35,000,000 төгрөгөөс төлөгдөөгүй 12,500,000 төгрөг, Европын холбоо видео контентын ажлын гэрээнд зааснаас хэтэрсэн 24 минут 46 секундын хугацаанд тооцогдох ажлын хөлс 4,000,000 төгрөг, нийт 16,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна. Европын холбоо видео контентын ажилтай холбоотой хөлс нэмж гаргуулсанд хариуцагч гомдол гаргаагүй болно.

Харин Европын холбоо видео контентын ажил нь гэрээний зүйлд хамаарч байхад шүүх бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 492, 493 дугаар зүйлийг баримталсан нь маргаанд хамааралгүй, мөн ажлын хөлс төлөх хугацааг зохицуулсан тус хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулж шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулна.

 

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/00023 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 346 дугаар зүйлийн 346.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЗОЛЗАЯА