| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 133/2018/00565/И/ |
| Дугаар | 09 |
| Огноо | 2019-03-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 09
Д.У нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 133/ШШ2019/00012 дугаар шийдвэртэй,
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Жаргалантын 1-8 тоотод оршин суух Хөхдан овгийн Д У /РД: ДЗ81121107/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д У Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хяналт шинжилгээ, үнэлгээ мониторинг хариуцсан албан тушаалд 2015 оны 11 сарын 04-ний өдрийн сургуулийн захирал А.Пүрэвсүрэнгийн Б/29 тоот тушаалаар томилогдон ажилласан. 2017 оны 10 сарын 31-ний өдөр сургуулийн захирал Г.Гансүхийн Б/37 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөн, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 133/ШШ2018/00037 тоот шийдвэрийн дагуу 2018 оны 03 сарын 12-ны өдрийн сургуулийн захирал Г.Гансүхийн тушаалаар ажилдаа эргэн орсон. Г.Г захирал 2018 оны 03 сарын 01-нд шүүхийн шийдвэр гарсны дараа ажилдаа эргэн орохоор очиж уулзахад чамайг би ажилд авсан ч гэсэн хэдэн сарын дараа эргүүлээд хална, чамайг ер нь авахгүй гэсэн. Ажлын төлөвлөгөө баталж өгдөггүй, өрөөнд нь орох болгонд доромжилсон өнгө аясаар харьцдаг, тайван ажил хийхэд хүндрэлтэй, удирдах албан тушаалтны байнгын дарамтанд ажилладаг байсан. 2018 оны 06 сард Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны Дотоод аудитын газрын 20 орчим ажилтнууд манай сургууль дээр ирж шалгалт хийсэн. Тухайн шалгалт ирсэн байхад Г.Г захирал нягтлан Ж.Б сургуулийн коридорт Д.У ажлаас гаргаад өгье гэсэн шүү гэж ярьж байхыг сонссон. Яамны шалгалт нь Г.Г захирлын эсрэг сургуулийн ажилчдын бичсэн өргөдлийн дагуу ирсэн боловч тухайн захирлын арга залинд орж өргөдөл бичсэн хүмүүсийг шалгаж дарамталж байгаад явсан. 2018 оны 06 сард тухайн шалгалтын хариу бичиг ирсэн нь намайг ажлаас чөлөөлөх зөвлөмж бичсэн байсан. Г.Г захирал ажлын төлөвлөгөө баталж өгдөггүй, 2018 оны 03 сарын 12-нд захирлын тушаал гарснаас хойш хийгдсэн ажлын тайлан, материалуудыг ажил хүлээлцэх комисст хүлээлгэж өгсөн. Үүнд: 1. Сургуулийн захиргаанд иргэд, ажилчдаас ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хийсэн хяналт /2018 оны 1-р улирал/, 2. Сургуулийн захиргаанд иргэд, ажилчдаас ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хийсэн хяналт /2018 оны 2-р улирал/ 3. Сургуулийн захиргаанд иргэд, ажилчдаас ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хийсэн хяналт /2018 оны 3-р улирал/ 4. Захирлын гаргасан тушаал дээр хяналт хийхээр ажлын төлөвлөгөөнд тусгасан боловч захирал зөвшөөрөөгүй. 5. Сар бүрийн цалингийн цагийн гүйцэтгэлд хийсэн хяналт 6. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам-ын үйл ажиллагаанд хийсэн хяналт-6 сар 7. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам-ын үйл ажиллагаанд хийсэн хяналт-9 сар 8. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам-ын үйл ажиллагаанд хийсэн хяналт-10 сар 9. Сургуулийн багш, ажилчдын диплом, багшлах эрхийн үнэмлэхийг шалгасан хяналтын тэмдэглэл 10. Сургуулийн багш ажилчдын ажилласан жилийн тооцоо 11. Сургуулийн өөрийн орлогын үйл ажиллагаанд хяналт хийхээр ажлын төлөвлөгөөнд тусгасан боловч Захиргаа аж ахуйн менежер удирдамж баталж өгөөгүй 12. Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийн судалгаа 13. Дотоод хяналтын баг байгуулахаар журам, тушаалын төсөл боловсруулан сургуулийн захиралд өгсөн 14. 2014, 2015 оны санхүүгийн тайлангийн аудитын актын тооцоо, 2014 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн аудитын актны тооцоо. Ажлын төлөвлөгөө гарган, төлөвлөгөөндөө тусгасан ажлуудыг тухай бүр нь хуулийн хүрээнд хийж гүйцэтгэж байсан. Г.Г захирал нь сургуулийн багш, ажилтнуудыг байнгын дарамт шахалтанд байлгадаг, Яамны шалгалтын хариу нь дутуу дулимаг гэдэг батлагдаж байна. Сургуулийн номын санч Мөнхтуяаг мэргэжлийн үнэмлэх байхгүй гэж бичсэн байна. Мөнхтуяа нь соёлын магистрын дипломтой.Тухайн шалгалтаар миний хийсэн ажлын тайланг авч явсан, ямар нэгэн шалгалт аваагүй. Захирал нягтлан бодогч Ж.Батцэцэгийн хийж чадахгүй аудитын актны тооцоог надаар гаргуулахаар үүрэг даалгавар өгсөн, тухайн үүрэг даалгавар нь өрөөсгөл санхүүгийн программ руу орж шүүхгүй бол тооцоо нь гарахааргүй. Намайг өрөөнд нь орох болгонд Г.Гансүх захирал дайрч доромжлон, нэг удаа мэдрэлийнхээ эмчид очиж үзүүл гэж хашгирсан. Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны ажилтнуудтай хуйвалдан намайг ажлаас гаргах үйл ажиллагааг захирал Г.Гансүх зохион байгуулсан байна. Сургуулийн захирал нь боловсролын салбарт 5-аас дээш жил ажилласан хүн байх ёстой. Гэтэл Г.Гансүх дарга өмнө нь боловсролын салбарт ажиллаж байгаагүй, Татварын хэлтэст ажиллаж байгаад манайд ажилд орсон. Сургуулийн үйл ажиллагааг мэддэггүй. Ажлаас халах өө шалтаг хайгаад ажлаас халсан. Дотоод аудитын газрын дүгнэлтэд сургуулийн санхүүд бүртгэлгүй байсан тракторын чиргүүл алга болсон гэдэг хэл ам гарсан. Гэтэл зам ангид зам засуулахаар сольж өгсөн гэсэн тайлбар өгсөн байгаа нь үндэслэлгүй байна. Санхүүд бүртгэлгүй байгаа хөрөнгийг сургуулийн дансанд дахин үнэлгээ тогтоож бүртгэж авах ёстой байтал сургуулийн дансанд бүртгэж авалгүйгээр өөр байгууллга руу зам засуулахаар шилжүүлээд өгсөн гэдэг дүгнэлт гарсан. Тэгэхээр ийм дүгнэлт гаргаж байгаа байгууллага ямар гэдэг нь харагдаж байна. Дотоод аудитын газрын дүгнэлт дээр дотоод хяналтын ажилтан чинь ийм ийм ажил хийгээгүй, буруу хийсэн байгаа учир ажлаас чөлөөлөхийг санал оруулж байна гэсэн дүгнэлт байгаа. Иймд шударга бус үйл ажиллагаа явуулдаг сургуулийн захирал Г.Гансүхийн 2018 оны 10 сарын 19-ний өдрийн Б/35 тоот тушаалыг дахин хянан үзэж ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
3.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хяналт шинжилгээ мониторинг хариуцсан ахлах мэргэжилтэн У 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар албан тушаалд эгүүлэн томилж ажиллуулсан. Тухайлбал өмнө нь тухайн ажлын байран дээр тавигдах мэдлэг ур чадвар тэнцэхгүй байна гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлөөд анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилсон. Ажиллуулах хугацаандаа тодорхой хэмжээний үүрэг даалгавар өгсөн. Тодорхой үүрэг даалгавар гэдэг нь захирлаас албан ёсоор цохоод өгсөн нэг л үүрэг даалгавар байдаг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудал дээр гүтгэлгийн шинж чанартай асуудлууд байна. Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төв нь онцлог байгууллага. Дагнасан нэг чиглэлийн үүрэг хэрэгжүүлдэггүй. Энэ учраас тэр бүр дотоод хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ажилтан маань орж ажиллах ёстой. Энэ үүднээс тухайн ажилтан нь ажлаа зохих ёсоор хийхгүй байгаа. Ажлаа мэддэггүй байгаа нь байгууллагыг хэвийн үйл ажиллагаа явуулахад нөлөөлж байна гэдэг чиглэлийг яамнаас өгсөн. Харьяа дээд байгууллага буюу миний хувьд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар томилогддог албан тушаалтан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын шууд харьяанд байдаг байгуулага байгаа. Сайдын тушаалаар томилогдсон 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж ажилласан. Ажлын хэсэг нь тодорхой удирдамж батлуулаад ирсэн байдаг. Сайдын тушаалаар батлагдсан удирдамж дээр манай үндсэн үүрэгтэй холбоотой дотоод хяналт шалгалтыг ажлыг үзэж шалгахаар, байгууллагын үйл ажиллагаанд өмнөх онуудад хийгдсэн аудит хяналт шалгалт зөвлөмжийн дагуу ажлын хэсэг ирж ажилласан. Ажлын хэсэг ирж ажиллаад тодорхой хийгдсэн ажлын хүрээнд хяналт шалгалтын тайлан гаргасан. Дотоод аудитын хорооны дарга баталгаажуулсан. Үүгээр 2017 оны төсөв санхүү үйл ажиллагаанд хийгдсэн дотоод аудитын хяналт шалгалтын тайланг баталсан. Уг тайлангаар өгсөн дүгнэлт хэсэг дээр 10 дугаар зүйл дээр хяналт шинжилгээ мониторингийн ахлах ажилтан нь жилийн ажлын төлөвлөгөөг захирлаар батлуулан өргөлдөл гомдлын шийдвэрлэлт өмнөх аудитын зөвлөмжийн хэрэгжилт, актын барагдуулалтад хяналт тавьж ажилласан боловч гүйцэтгэсэн ажлыг тайлагнаагүй, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах тал дээр санал дүгнэлт гаргадаггүй. Төсөв санхүүгийн болон сургалтын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх талаар хууль эрх зүйн мэдлэг дутмаг, ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлага хангахгүй байна. Зөвлөмж хэсэг дээр хяналт шинжилгээ мониторингийн ахлах ажилтаны ажлын байран дээр заагдсан мэдлэг ур чадварыг хангасан ажилтан томилж байгууллагын дотоод хяналтын сайжруулах, дотоод хяналтын талаар тодорхой төлөвлөгөөтэй, үр дүнтэй ажиллах удирдлага зохион байгуулалтаар ханган хяналт шалгалт хийсэн тухай бүр удирдлагад танилцуулан алдаа зөрчилийг хангах гэсэн тайлангийн дагуу зохих ажлыг хийж гүйцэтгэж 09 дүгээр сарын 10-ны дотор ирүүлэх үүрэг дотоод аудитын газраас үүрэг даалгавар өгсөн. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын дотоод хяналт шалгалт хариуцсан албаны даргын албан тоотоор дотоод аудит хяналт шалгалтын зөвлөмжөөр өгсөн зөвлөмж тогтоолоор ажил сайжруулах үүргийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлэх үүрэг даалгавар өгсөн. Дотоод аудитын дүгнэлтийн мөрөөр ажил сайжруулах ажлын удирдамжийг батлан хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж явсан. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны дотор тайлангийн зөвлөмжөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг гаргаж хүргүүлсэн боловч хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дотоод аудитын хорооны тогтоолоор Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн байна гэдэг үндэслэлээр хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дотоод аудитын хороонд таницлуулга хийгдээд, танилцуулгаар хөдөлмөр нийгмийн хамгааллын дэргэдэх дотоод аудитын хорооны тогтоол мөн гарсан. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 21812 дугаартай тогтоолоор аудит хяналт шалгалтын байгууллагуудаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах тухай гээд хангалтгүй өгсөн байгууллагын удирдлагуудад хуулийн хүрээнд хариуцлага тооц гэдэг үндэслэлээр надад хариуцлагатооцуулахаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4/3659 дугаартай албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл ирүүлээд хийгдсэн ажлууд байгаа. Д.У байгуулсан хөдөлмөрийн гэрээнд мэдлэг ур чадвар зохих байгууллагын дүгнэлтээр ажлын байрны шаардлага хангахгүй бол ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслээд ажлаас чөлөөлсөн байгаа гэжээ.
Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хөхдан овгийн Д. У Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хяналт шинжилгээ, мониторинг хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.402.944 /нэг сая дөрвөн зуун хоёр мянга есөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Д. У олгож. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.У нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд даалгаж. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 1.402.944 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 37.397 төгрөг, нийт 107.597 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан улсын орлогод оруулж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/185 дугаар тушаалаар батлагдсан удирдамжаар ажлын хэсэг ирж Говь-Алтай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017 оны төсөв санхүү, үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтэд дотоод аудит хяналт шалгалт хийсэн ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2018/06 дугаартай тогтоолоор батлагдсан Говь-Алтай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017 оны сургалтын болон санхүү, аж ахуйн ажиллагаанд хийсэн дотоод аудит хяналт шалгалтын тайлангийн 5.1-д тус сургуулийн дотоод хяналт хариуцсан ажилтан Д.У нь 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Б/29 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байгаа ба Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын журам боловсруулан батлуулсан боловч жилийн ажлын төлөвлөгөөг сургуулийн захирлаар батлуулаагүй, хийж гүйцэтгэсэн ажлын тайлангүй байна. Дотоод хяналтын ажилтан нь 2017 онд өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, өмнөх аудит хяналт шалгалтын акт төлбөр, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын удирдаж боловсруулан Захиргаа, аж ахуйн даргаар батлуулан ажилласан боловч, удирдамжаар хийх ажил хэт ерөнхий, хамрах хүрээ тодорхойгүй, хяналт шалгалтын ажлын үр дүнг тайлагнаагүй, дүгнэлт, санал, зөвлөмж гаргаж, илэрсэн зөрчлийг арилгах, дахин давтахгүй байх талаар ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаагүй зэргээс үзэхэд хариуцсан ажилтны мэдлэг чадвар дутмаг, сургуулийн үйл ажиллагаанд тавих хяналт “хангалтгүй” байна. Энэ нь Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “ Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын 3.1-т “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-д өөрөөр заагаагүй бол дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгж, ажилтан /цаашид “дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан” гэх/ гүйцэтгэнэ” гэснийг хэрэгжүүлж ажиллаагүй байна. Говь-Алтай аймаг дахь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017 оны сургалтын болон санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, хяналт шалгалтын тайлангийн Зургаа. Дүгнэлт хэсэгт шалгалтын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн дараах дүгнэлтийг хийж байна. Санхүүгийн үйл ажиллагаа: 10. Хяналт-шинжилгээ, мониторингийн ахлах ажилтан нь жилийн ажлын төлөвлөгөөг захирлаар батлуулахгүй, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, өмнөх аудитын зөвлөмжийн хэрэгжилт, актын барагдуулалтад хяналт тавьж ажилласан боловч гүйцэтгэсэн ажлыг тайлагнаагүй, илэрсэн дутагдал, зөрчлийг арилгуулах талаар санал, дүгнэлт гаргадаггүй, төсөв санхүүгийн болон сургалтын үйл ажиллагаанд дүгнэлт, зөвлөмж өгөх талаар хууль эрх зүйн мэдлэг чадвар дутмаг, ажлын байрын тодорхойлолтод заагдсан тавигдах шаардлагыг хангахгүй байна.” Хэмээн дүгнэлт гарсан. Мөн тайлангийн найм Зөвлөмж хэсэгт Аудитын дүгнэлтэд үндэслэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөмж болгож байна. Санхүүгийн үйл ажиллагаа: 21. Хяналт-шинжилгээ, мониторингийн ахлах ажилтан ажлын байрын тодорхойлолтод заагдсан мэдлэг, ур чадвар, тавигдах шаардлагыг хангасан ажилтан томилж, байгууллагын дотоод хяналтыг сайжруулах, дотоод хяналтын талаар тодорхой төлөвлөгөөтэй үр дүнтэй ажиллах удирдлага зохион байгуулалтаар ханган, хяналт шалгалтыг хийсэн тухай бүр удирдлагад танилцуулан алдаа, зөрчлийг залруулах арга хэмжээ авч ажиллах: гэсэн байна.
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2018/06 дугаартай тогтоолоор батлагдсан Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017 оны сургалтын болон санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, хяналт шалгалтын тайлангийн дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн Хяналт-шинжилгээ, мониторинг хариуцсан ахлах мэргэжилтэн Д.У ажлаас чөлөөлсөн ба захирлын 2018 оны А/49 дүгээр тушаалаар батлагдсан “хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.18, 5.18.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүд бий болсон”, 11.2, 11.2.2 “Менежер, багш, ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэх байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй байгааг эрх бүхий комисс холбогдох байгууллагын дүгнэлт буюу эмнэлгийн байгууллагын албан ёсны дүгнэлт магадлагаагаар тогтоогдсон:” гэсэн заалтууд болон Д.У байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.3-ын “б” хэсэг “Хариуцсан ажил үүрэгтэй нь холбоотой зөрчил, дутагдал, доголдол илэрч холбогдох байгууллага албан тушаалтны шийдвэр, дүгнэлт гарсан” гэсэн заалтыг тус тус үндэслэл болгосон болно.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 133/ШШ2019/00012 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.У нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэлх хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5, 42.1 дэх заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч Д.У байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан эрх зүйн акт гаргажээ.
Уг тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2018/06 дугаар тогтоолын тайлан дүгнэлтээр хяналт шинжилгээ, мониторинг хариуцсан ахлах мэргэжилтэн Д.У нь мэдлэг ур чадвар дутмагаас тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй байгаа нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны мэргэжил ур чадварын байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт гаргасан байхыг ойлгоно гэж тайлбарласан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.
Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн А/105 дугаар тушаалаар Говь-Алтай, Завхан аймаг дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагуудын 2017 оны төсөв, санхүү, үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтэд дотоод аудит, хяналт-шалгалт хийх удирдамжийг хавсралтаар баталсан байх бөгөөд уг тушаалын хавсралтад зааснаар Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд дотоод аудит, хяналт-шалгалт хийхээр баталжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2018 оны 06 дугаар сард Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017 оны сургалтын болон санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, хяналт шалгалтын тайланд тус сургуулийн дотоод хяналт хариуцсан ажилтан Д.У нь Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу дотоод хяналт шалгалт зохион байгуулах журам боловсруулан батлуулсан боловч жилийн ажлын төлөвлөгөөг сургуулийн захирлаар батлуулаагүй, хийж гүйцэтгэсэн ажлын тайлангүй байна. 2017 онд өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, өмнөх аудит хяналт шалгалтын актын төлбөр, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын удирдамж боловсруулан Захиргаа аж ахуйн даргаар батлуулан ажилласан боловч удирдамжаар хийх ажил хэт ерөнхий, хамрах хүрээ тодорхойгүй, хяналт шалгалтын ажлын үр дүнг тайлагнаагүй, дүгнэлт, санал, зөвлөмж гаргаж илэрсэн зөрчлийг арилгах дахин давтахгүй байх талаар ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаагүй зэргээс үзэхэд хариуцсан ажилтны мэдлэг чадвар дутмаг, сургуулийн үйл ажиллагаанд тавих хяналт хангалтгүй байна гэжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын шалгалтын уг тайланд Д.У нь мэдлэг ур чадвар дутмаг сургуулийн үйл ажиллагаанд тавих хяналт хангалтгүй байна гэснийг ажилтны мэргэжил ур чадварын байдлын талаарх салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын уг албан тушаалд тэнцэхгүй тухай албан ёсны дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй байна. Д.У Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг баримтлан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй тухай албан ёсны дүгнэлт гарч ажлаас нь зохих ёсоор чөлөөлөөгүй тул Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хяналт шинжилгээ, мониторинг хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 133/ШШ2019/00012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Г.Г давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасны дагуу хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.597 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН
Ш.БАТТОГТОХ