Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2023/00253

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2023/00253

Улаанбаатар хот

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Д.Батхуяг, шүүгч А.Цэлмэг, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: В.Н/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А ТӨҮГ/РД: /,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Жи Би центр, 303 тоотод байрлах, Дэлгэрэх индустриал ХХК/РД: 2015595, гүйцэтгэх захирал Г.Лхагвадорж/ нарт холбогдох,

 

Хохиролд нийт 13,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, хариуцагч Дэлгэрэх индустриал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох, хариуцагч Дэлгэрэх индустриал ХХК-ийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч В.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан шүүх хуралдаанд тайлбартаа: Авто тээврийн Үндэсний төвийн Баянзүрх зорчигч тээврийн төвийн тээвэр зохицуулагч Э.Цолмон 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр зорчигч тээврийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй жолооч Ж.Бат-Эрдэнээр 99-88 УНЗ улсын дугаартай Дэлгэрэх Хүнс ХХК-ийн автобусаар Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу тээвэрлэлт гүйцэтгүүлсний улмаас 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр уг автобусыг жолоодон явсан жолооч Ж.Бат-Эрдэнэ нь Замын-Үүд сумын нутагт Замын хөдөлгөөний дүрийн 1.3, 12.2, 12.3, 12.4, 12.5 дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, уг автобусанд зорчиж явсан зорчигч буюу аав Шарын Ванчин биедээ хүнд гэмтэл авч, Замын-Үүд сумаас тээвэрлэгдэн ирж Гэмтэл согог судлалын үндэсний төвд cap гаруй хугацаанд эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болно.

Иймд уг зам тээврийн ослын улмаас талийгаач Ш.Ванчингийн 2 сарын хугацаанд хийгдсэн эмчилгээ, Говь-Алтай аймгийн Цогт сум руу тээвэрлэн гэрт нь хүргэсэн зардал, оршуулгын зан үйлийн зардал зэрэг 13 сая төгрөгийг хариуцагч Авто тээврийн үндэсний төв, Дэлгэрэх Хүнс ХХКомпаниас хувь тэнцүү буюу 6,500,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: В.*******ын нэхэмжлэлтэй*******ТӨҮГ, Дэлгэрэх хунс ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 13.000.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Ариунсайхан би оролцож байна.

Нэхэмжлэгч Г.******* нь талийгаач Ш.Ванчингийн хууль ёсны өв залгамжлагч болох нь Говь-Алтай аймгийн тойргийн нотариатч С.Сайнбаярын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №26 дугаар албан тоотоор тогтоогдож байх түл ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байна.

2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна.

Хариуцагч 1:*******ТӨҮГ

Хариуцагч 2: Дэлгэрэх хүнс ХХК-г татан оролцуулах.

Дээрх хариуцагч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 13,000,000 төгрөгийг гаргуулах гэж тодруулж байна.

Ш.Ванчингийн нас барах хүртэл хийгдсэн эмчилгээний зардал болон оршуулгын зардал, зээл гээд нийт 13,000,000 төгрөг болж байгаа. 13,000,000 төгрөгийг*******болон Дэлгэрэх индустриал ХХК нараас хувь тэнцүүлэн нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

 

Хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ шүүхэд ирүүлсэн хариу болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн В.*******аас*******ТӨҮГ-т холбогдуулан Зам тээврийн ослын улмаас талийгаач н.Ванчингийн 2 сарын хугацаанд хийгдсэн эмчилгээ, Говь-Алтай аймгийн Цогт сум руу тээвэрлэн гэрт нь хүргэсэн зардал, оршуулгын зан үйлийн зардал зэрэг 6,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч В.******* нь*******ТӨҮГ-ын Баянзүрх зорчигч тээврийн тээвэр зохицуулагч н.Цолмон 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зорчигч тээврийн мэдээллийн санд бүртгэлгүй жолооч Ж.Бат-Эрдэнээс 9988 УНЗ улсын дугаартай Дэлгэрэх индустриал ХХК-ийн автобусаар Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу тээвэрлэлт гүйцэтгүүлсний улмаас 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр уг автобусыг жолоодож явсан жолооч Ж.Бат-Эрдэнэ Замын-Үүд сумын нутаг Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.2, 12.4, 12.5 дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан гэжээ.

Гэвч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 854 дугаар шийтгэвэрээр тээвэр зохицуулагч н.Цолмонг буруугүй гэж тогтоосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Эрүүгийн хэргээс нотлох баримтууд ирсэн. Эрүүгийн хэргийн баримт иргэний хэрэгт шууд ашиглагдах боломжгүй.*******болон Дэлгэрэх индустриал ХХК нарын хооронд байгуулсан гэрээнд тээвэрлэгчийн эрх, үүргийг заасан. Иргэний хэрэг маргаан Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд явах ёстой. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах гэж байгаа. 499.1-т зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. 499.4-т тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Авто тээврийн үндэсний төв хариуцагч биш юм байна. гэв.

 

Хариуцагч Дэлгэрэх индустриал ХХК-ийн өмгөөлөгч М.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтаа өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй гэж үзэж байна. Тээврийн прокуророос хуулбар үнэн даруулж ирүүлсэн баримт дотор нотлох баримтын шаардлага хангасан баримт байхгүй. Үнэлэх боломжгүй баримт байгаа. Гараар бичсэн баримтыг хэзээ ч үйлдэх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Баримт дутуу учраас нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Зарлагын баримт, и-баримт баримтын шаардлага хангахгүй. Зээлийн төлбөр хаасан мөнгө нэхэмжлээд байгаа. Зээлийн төлбөр 3 сая төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй. Өвлөх эрхийн гэрчилгээ 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гарсан. Энэ үеэс хойш шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байсан юм байна. Тэгэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Тээврийн прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар №245 Прокурорын тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Замын-Үүд дэх салбар техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдриййн дугаар №2020/21 Шинжээчийн дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Автотээврийн үндэсний төвийн Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №1/3637 Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Иргэний хариуцагчаар татах тухай Мөрдөгчийн тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Нотлох баримт гаргах тухай, эмчилгээний зардал, Мөрдөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоолын хуулбар, Мөрдөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоолын хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн В.*******ын мэдүүлэгийн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаар №1895 Шинжээчийн дүгнэлтийн хуулбар, Ш.Ванчингийн иргэний үнэмлэхний хуулбар, №0000224839 нас барсны гэрчилгээний хуулбар, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлийн хуулбар, Зарлагын баримтуудын хуулбар/хх149-151/, НӨАТ-ын баримтуудын хуулбар/хх152-157/, Зарлагын баримтуудын хуулбар/хх158-161/, НӨАТ-ын баримтуудын хуулбар/хх162-166/, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн бүртгэлийн дугаар №36 Өвлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн Автотээврийн үндэсний төвийн 2022 оны 03 дугаар сарын 3/346 тоот баримт хүргүүлэх тухай албан бичиг, түүний хавсралт, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/466 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг,

Төрийн банкны 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Харилцах дансны харилцагчийн хуулга, Мөрдөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоолын хуулбар, Мөрдөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоолын хуулбар, Ш.Ванчингийн Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Ш.Ванчингийн Нас барсны зардлын хуулбар, Утасны төлбөрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ш.Ванчингийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр осолд орж, эмнэлэгт эмчлүүлсэн эмчилгээний зардлын хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Зарлагын баримтуудын хуулбар, Хаан банкны Зарлагын мэдүүлэгийн хуулбар, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Зарлагын баримтын хуулбар, НӨАТ-ын баримтуудын хуулбарууд, Тээврийн прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар №245 Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоолын хуулбар, Автотээврийн үндэсний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №27 Хариу хүргүүлэх тухай Тээврийн хэрэгслийн лавлагаа, Дэлгэрэх индустриал ХХК-ийн жолооч нарын мэдээлэл,

Хариуцагчийн баримтаар гаргасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар №2019/3Ш/854 дугаар Шийтгэлийг хүчингүй болгох тухай шийтгэврийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 12 дугаар сарын 10 өдрийн дугаар №339 Монгол улсын Зам тээврийн сайдын тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зам тээврийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 339 дугаар тушаал, түүний хавсралтыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ХХНТ/0522/2017 дугаар Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ, түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын Зөвлөмж батлах тухай тушаал түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн Дэлгэрэх хүнс ХХК-ийн Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дэлгэрэх хүнс ХХК-ийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №04 Ажилд томилох тухай тушаалыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч В.******* хариуцагч*******ТӨҮГ, хариуцагч Дэлгэрэх Индустриал ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 13,000,000/арван гурван сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

ХариуцагчАвто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь Авто тээврийн үндэсний төв хариуцагч биш, нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Хариуцагч Дэлгэрэх индустриал ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

99-88 УНЗ улсын дугаартай, Хьюндай юниверс маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Бат-Эрдэнэ агсан нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1-ийн 1.3, 12-ын 12.2, 12.3, 12.4, 12.5-д заасныг зөрчин 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06 цаг 10 минутын орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дахь Тэмээтэй хөшөө-г мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас Ш.Ванчин агсны эрүүл мэндэд хохирол учирч, Ш.Ванчин агсан нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад зам тээврийн ослын улмаас авсан гэмтлээс шалтгаалан нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 498/000112 дугаар Нас барсны бүртгэлийн лавлагааны хуулбар, Тээврийн прокурорын газрын Прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 245 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Ш.Ванчин агсны төрсөн хүү болох нь нэхэмжлэгчийн Монгол Улсын Иргэний үнэмлэхийн болон Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас Ш.Ванчин агсны эмчилгээний болон оршуулгын зардал, бензин шатахууны зардалд нийт 13,000,000/арван гурван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч эмчилгээ, оршуулга, бензин шатахууны зардалд тус бүр хэдэн төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг тодруулахгүй байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ш.Ванчин агсны Төрийн банк ХХК-иас авсан зээлийн төлбөрийг төлж барагдуулсан зардал нь тус 13,000,000/арван гурван сая/ төгрөгийн гэм хорд орж тооцогдсон гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ., 499 дүгээр зүйлийн 499.1Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас ... хохирол учирсан ... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй., 508 дугаар зүйлийн 508.1Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй. гэж заасан.

 

Хариуцагч Дэлгэрэх индустриал ХХК нь хариуцагч*******ТӨҮГ-тай 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ХХНТ/052-2017 дугаар Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь ХХНТ/052-2017 дугаар Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ХХНТ/052-2017 дугаар Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ-ий 1-ийн 1.1, 4-ийн 4.2.2-т зааснаар Дэлгэрэх индустриал ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум-Улаанбаатар-Дорноговь аймгийн Замын-Үүд сум чиглэлд хот хоорондын нийтийн тээвэрлэлт хийх үүрэг хүлээсэн болох нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ХХНТ/052-2017 дугаар Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ХХНТ/052-2017 дугаар Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ-д зааснаар*******ТӨҮГ нь Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10-т заасан үүрэг хүлээсэн болох нь ХХНТ/052-2017 дугаар Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Дэлгэрэх индустриал ХХК болон*******ТӨҮГ нарын байгуулсан ХХНТ/052-2017 дугаар Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар гэрээний үндсэн шинж, хэлбэрийг агуулсан нэрлэгдээгүй гэрээний шинжтэй байна.

 

Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10-т ... нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажлыг зохион байгуулах; гэж заасан.

Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалтад зааснаар*******ТӨҮГ нь нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах үүрэг хүлээжээ.

 

Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалтад заасан үүрэгтэй холбоотой Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас боловсруулан баталсан Улаанбаатар хот дахь зорчигч тээврийн төв/Баянзүрх, Сонгинохайрхан/-д ажиллах Тээвэр зохицуулагчийн Ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолт-ын 1.8-д Жолоочийн ажил, амралтын дэглэм баримталж тээвэрлэлт гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих гэж заасан болох нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээвэр зохицуулагч нь жолоочийн ажил, амралтын дэглэм баримталж тээвэрлэлт гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй болох нь Тээврийн прокурорын газрын Прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 245 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтад зааснаар Зам, тээврийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 339 дугаар тушаалын хавсралтаар Жолоочийн хөдөлмөр, амралтын горим, түүнийг мөрдөх тухай зөвлөмжийг баталсан болох нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 339 дугаар тушаалын болон Жолоочийн хөдөлмөр, амралтын горим, түүнийг мөрдөх тухай зөвлөмжийн хуулбараар тогтоогдож байна.

 

2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Жолоочийн хөдөлмөр, амралтын горим, түүнийг мөрдөх тухай зөвлөмжийн 3-ын 3.6-д Жолоочийг хоёр ээлжинд дараалан ажиллуулахгүй байх нь зүйтэй. гэжээ.

 

Жолооч Б.Бат-Эрдэнэ агсантай тээвэрлэлт хийсэн ээлжийн жолооч Б.Мөнх-Эрдэнэ өмнөх өдөр нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цаг 00 минутаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж, Улаанбаатар хотод 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 цаг 06 минутад ирсэн болох нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Жолооч Б.Бат-Эрдэнэ агсантай тээвэрлэлт хийсэн ээлжийн жолооч Б.Мөнх-Эрдэнэ нь хоёр ээлжинд дараалан ажиллаж байсан байх ба 2 өдрийн дундах амралт нь 12 цагаас багагүй байх боловч энэ нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Жолоочийн хөдөлмөр, амралтын горим, түүнийг мөрдөх тухай зөвлөмжийн 3-ын 3.6-д заасан жолоочийг хоёр ээлжинд дараалан ажиллуулахгүй байх зөвлөмжийг зөрчсөн байна.

 

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын тээвэр зохицуулагч Э.Цолмон нь Хөдөлгөөний цагийн хуваарь-т ээлжийн жолооч Б.Батдэлгэр гэж төлөвлөсөн ч зорчигч тээврийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй жолооч Б.Бат-Эрдэнэ агсан 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тээвэрлэлт гүйцэтгэсэн болох нь Тээврийн прокурорын газрын Прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 245 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Б.Бат-Эрдэнэ агсан нь Дэлгэрэх индустриал ХХК-ийн ажилтан бус болох нь Дэлгэрэх индустриал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбар, Дэлгэрэх индустриал ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн № 04 Ажилд томилох тухай тушаалын хуулбар,*******ТӨҮГ-с гаргасан Зорчигч тээврийн бүртгэлийн системд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар бүртгэлтэй байсан Дэлгэрэх индустриал ХХК-ийн жолооч нарын мэдээллээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ажилтан тээвэр зохицуулагч Э.Цолмон нь Ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолт-ын 1.8-д заасан жолоочийн ажил, амралтын дэглэм баримталж тээвэрлэлт гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас ээлжийн жолооч Б.Мөнх-Эрдэнэ нь хоёр ээлжинд дараалан гарч, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Жолоочийн хөдөлмөр, амралтын горим, түүнийг мөрдөх тухай зөвлөмжийн 3-ын 3.6-д заасан жолоочийг хоёр ээлжинд дараалан ажиллуулахгүй байх зөвлөмж зөрчигдсөн байна.

 

2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Жолоочийн хөдөлмөр, амралтын горим, түүнийг мөрдөх тухай зөвлөмжийн 3-ын 3.6-д заасан жолоочийг хоёр ээлжинд дараалан ажиллуулахгүй байх зөвлөмжийг зөрчин жолооч Б.Мөнх-Эрдэнийг хоёр ээлж дараалан хот хоорондын зорчигч тээвэрт тээвэрлэлт гүйцэтгүүлж, ХХНТ/052-2017 дугаар Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ-ний 1-ийн 1.3, 4-ийн 4.2.12-т зааснаар зорчигч тээврийн үйлчилгээний бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй жолооч тээвэрлэлт гүйцэтгээгүй буюу жолооч Б.Бат-Эрдэнэ тээвэрлэлт гүйцэтгэсэн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06 цаг 10 минутад зам тээврийн осол гарсан нь хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын тээвэр зохицуулагч нь Ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолт-ын 1.8-д заасан жолоочийн ажил, амралтын дэглэм баримталж тээвэрлэлт гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих үүргээ зөрчиж, жолооч Б.Мөнх-Эрдэнээр хоёр ээлж дараалан тээвэрлэлт гүйцэтгүүлсэн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь тээвэр зохицуулагч албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад дээрх буруутай үйлдлээрээ нэхэмжлэгчид учруулсан гэм хорын хариуцлагыг хүлээх үүрэгтэй байна.

 

2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06 цаг 10 минутын орчим зам тээврийн осол гаргасан жолооч Б.Бат-Эрдэнэ агсан нь хариуцагч Дэлгэрэх индустриал ХХК-ийн ажилтан биш байх боловч 99-88 УНЗ улсын дугаартай, Хьюндай юниверс маркийн тээврийн хэрэгсэл нь Дэлгэрэх индустриал ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан болох нь*******ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Дэлгэрэх индустриал ХХК-ийн өмчлөгч буюу эзэмшигчээр бүртгэгдсэн байсан 99-88 УНЗ улсын дугаартай, Хьюндай юниверс маркийн зорчигч тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад Ш.Ванчингийн амь нас хохирсон байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дэлгэрэх индустриал ХХК нь нэхэмжлэгчид учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Дэлгэрэх индустриал ХХК-ийн өмгөөлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гарсан, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд ... өвлөх эрхтэй., 520.1.1нас барагчийн ... төрүүлсэн болон үрчилж авсан ... төрсөн хүүхэд ... гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Ш.Ванчин агсны төрсөн хүү байх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх заалтад зааснаар Ш.Ванчин агсны хууль ёсны өвлөгч гэнэ.

 

[D1]  Нэхэмжлэгч нь Ш.Ванчин агсны хууль ёсны өвлөгч байх тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ш.Ванчинг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ш.Ванчинг оршуулахтай холбогдсон болон эмчилгээний зардалд, бензин шатахууны зардалд нийт 5,171,056/235,250+945,000+385,100+1,375,000+8,100+200,000+30,594+49,546+1,375,000+45,000+22,800+12,000+3,600+8,200+6,610+60,000+6,350+40,000+54,000+5,000+4,000+56,750+24,000+219,156=5,171,056/ /таван сая нэг зуун далан нэгэн мянга тавин зургаа/ төгрөгийг гаргуулах үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Ш.Ванчин агсны Төрийн банк ХХК-ийн зээлийн төлбөрт төлсөн гэх төлбөрийг гэм хорд нэхэмжилсэн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан нэхэмжлэл шүүхэд гаргаагүй тул хариуцагч нараас зээлийн төлбөрт төлсөн гэм хорыг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас Ш.Ванчинг оршуулахтай холбогдсон болон эмчилгээний зардал, бензин шатахууны зардлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжилсэн байх тул зардлыг хоёр тэнцүү хувааж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******ТӨҮГ-аас 2,585,528/хоёр сая таван зуун наян таван мянга таван зуун хорин найм/ төгрөгийг, хариуцагч Дэлгэрэх индустриал ХХК-иас 2,585,528/хоёр сая таван зуун наян таван мянга таван зуун хорин найм/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч В.*******т олгож, үлдсэн 7,828,944/13,000,000-5,171,056=7,828,944/ /долоон сая найман зуун хорин найман мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******ТӨҮГ-аас 2,585,528/хоёр сая таван зуун наян таван мянга таван зуун хорин найм/ төгрөгийг, хариуцагч Дэлгэрэх индустриал ХХК-иас 2,585,528/хоёр сая таван зуун наян таван мянга таван зуун хорин найм/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч В.*******т олгож, үлдсэн 7,828,944/долоон сая найман зуун хорин найман мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч В.*******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч*******ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 56,318 төгрөгийг, хариуцагч Дэлгэрэх индустриал ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 56,318 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.           Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******ТӨҮГ-аас 2,585,528/хоёр сая таван зуун наян таван мянга таван зуун хорин найм/ төгрөгийг, хариуцагч Дэлгэрэх индустриал ХХК-иас 2,585,528/хоёр сая таван зуун наян таван мянга таван зуун хорин найм/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч В.*******т олгож, үлдсэн 7,828,944/долоон сая найман зуун хорин найман мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч В.*******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч*******ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 56,318 төгрөгийг, хариуцагч Дэлгэрэх индустриал ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 56,318 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ

 

 

ШҮҮГЧ Д.БАТХУЯГ

 

 

А.ЦЭЛМЭГ

 

       

 

 


 [D1]