Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00783

 

В.Н-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/00253 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч В.Н-ын хариуцагч А- ТӨҮГ, Д- ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд нийт 13,000,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагч А- ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: А-ийн Баянзүрх зорчигч тээврийн төвийн тээвэр зохицуулагч Э.Цолмон 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зорчигч тээврийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй жолооч Ж.Б-ээр 99-88 УНЗ улсын дугаартай автобусаар Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу тээвэрлэлт гүйцэтгүүлсний улмаас 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр уг автобусыг жолоодон явсан жолооч Ж.Б-э нь Замын-Үүд сумын нутагт Замын хөдөлгөөний дүрийн 1.3, 12.2, 12.3, 12.4, 12.5 дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, уг автобусанд зорчиж явсан зорчигч буюу аав Шарын В- биедээ хүнд гэмтэл авч, Замын-Үүд сумаас тээвэрлэгдэн ирж Гэмтэл согог судлалын үндэсний төвд cap гаруй хугацаанд эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болно. Иймд уг зам тээврийн ослын улмаас талийгаач Ш.В-гийн 2 сарын хугацаанд хийгдсэн эмчилгээ, Говь-Алтай аймгийн Цогт сум руу тээвэрлэн гэрт нь хүргэсэн зардал, оршуулгын зан үйлийн зардал зэрэг 13,000,000 төгрөгийг хариуцагч А-, Д-" ХХК-аас хувь тэнцүү буюу 6,500,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2.Хариуцагч А- ТӨҮГ-ын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 854 дугаар шийтгэвэрээр тээвэр зохицуулагч н.Цолмонг буруугүй гэж тогтоосон. Эрүүгийн хэргийн баримт иргэний хэрэгт шууд ашиглагдах боломжгүй. А- болон Д- ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд тээвэрлэгчийн эрх, үүргийг заасан. Иргэний хэрэг маргаан Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд явах ёстой. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. А- хариуцагч биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.Хариуцагч Д- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй гэж үзэж байна. Тээврийн прокуророос хуулбар үнэн даруулж ирүүлсэн баримт дотор нотлох баримтын шаардлага хангасан баримт байхгүй. Үнэлэх боломжгүй баримт байгаа. Гараар бичсэн баримтыг хэзээ ч үйлдэх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна. Баримт дутуу учраас нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Зарлагын баримт, и-баримт баримтын шаардлага хангахгүй. Зээлийн төлбөр хаасан мөнгө нэхэмжлээд байгаа. Өвлөх эрхийн гэрчилгээ 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гарсан. Энэ үеэс хойш шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байсан. Тэгэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А- ТӨҮГ-аас 2,585,528/хоёр сая таван зуун наян таван мянга таван зуун хорин найм/ төгрөгийг, хариуцагч Д- ХХК-аас 2,585,528 /хоёр сая таван зуун наян таван мянга таван зуун хорин найм/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч В.Н-т олгож, үлдсэн 7,828,944 /долоон сая найман зуун хорин найман мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч В.Н-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А- ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 56,318 төгрөгийг, хариуцагч Д- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 56,318 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч А- ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, бодитой талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар А- нь тус тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч биш. Хуулиар тусгайлан тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас үүссэн гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч арилгахаар заасан байхад Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас гэм хорыг арилгуулахаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу гэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: А- ТӨҮГ-ын тээвэр зохицуулагчийн албан тушаалтан нь ажил үүрэгтээ хайнга хандаж тухайн өдрийн тээвэрт явах жолоочоос өөр жолоочийг буюу өмнөх өдөр тээвэрт явсан жолоочийг явуулсан. Үүний улмаас тухайн авто осол гарсан. Авто тээврийн зохицуулагч албан тушаалтай тээвэр зохицуулагч нь А- ТӨҮГ-т хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэм хорын хохирлыг А- ТӨҮГ-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч В.Н- хариуцагч А- ТӨҮГ, Д- ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 13,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

 

4.Хариуцагч Д- ХХК нь 99-88 УНЗ улсын дугаартай, том оврын автобусны өмчлөгч байх бөгөөд тус автобусны жолооч Б.Бат-Эрдэнэ нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06 цаг 10 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт зорчиж байхдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.2, 12.3, 12.4, 12.5-д заасныг зөрчин тэмээтэй хөшөөг мөргөж, зам тээврийн осол гаргажээ. /1хх-ийн 2-12-р тал/

 

4.а.Дээрх ослын улмаас 3 хүний амь нас хохирч, 7 хүний эрүүл мэндэд хүнд, 17 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсны дотор нэхэмжлэгч В.Н-ын аав Ш.В- байсан байна. Ш.В- нь осолд орсонтой холбоотойгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нас барсны бүртгэлийн гэрчилгээ, Тээврийн прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 245 дугаар тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /1хх-ийн 2-5, 142-р тал/

 

4.б.Нэхэмжлэгч В.Н- нь Ш.В-гийн төрсөн хүү байх бөгөөд түүнд 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгогджээ. /2хх-ийн 9-р тал/. Нэхэмжлэгч нь өөрийн төрсөн аав Ш.В-гийн эмчилгээ болон оршуулгын зардалд нийт 13,000,000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулахаар нэхэмжилсэн.

 

4.в.Хариуцагч Д- ХХК нь хариуцагч А- ТӨҮГ-тай 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нийтийн тээвэрлэлтийн хөдөлгөөний цагийн хуваарь, жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг баримтлан, нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай, соёлтой, аюулгүй, шуурхай, үйлчлүүлэх, эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн үйлчилгээг гүйцэтгэх, зохион байгуулахаар тохиролцсон буюу хариуцагч А- ТӨҮГ нь дээрх гэрээнийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар байна. /1хх-ийн 60-63-р тал/

 

4.г.Хариуцагч А- ТӨҮГ-ын тээвэр зохицуулагч нь хөдөлгөөний цагийн хуваарьт төлөвлөснөөс өөр жолоочоор тээвэр гүйцэтгүүлсэн, мөн Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 339 дугаар тушаалаар батлагдсан Жолоочийн хөдөлмөр, амралтын горим, түүнийг дагаж мөрдөх тухай зөвлөмжийн 3.6-д заасан жолоочийг хоёр ээлжинд дараалан ажиллуулахгүй байх заалтыг зөрчиж, Б.Бат-Эрдэнэ, ээлжийн жолооч Б.Мөнх-Эрдэнэ нараар тээвэр гүйцэтгүүлсэн үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.д.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч Д- ХХК, А- ТӨҮГ нь ослын улмаас хүнийн амь нас хохирсонтой холбоотойгоор учирсан хохирлыг хариуцах учиртай.

 

4.е.Өөрөөр хэлбэл, дээрх хууль бус үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон буюу гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл болон түүнээс учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй. Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, зөвхөн тээрийн хэрэгслийн эзэмшигч хохирлыг хариуцах ёстой гэх хариуцагч А- ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

4.ё.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан эмчилгээ болон оршуулгын зардлын баримтуудыг үндэслэн хариуцагч тус бүрээс 2,585,528 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Н-т олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. Нэхэмжлэлээс 7,828,944 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэсэгт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхгүй болно.

 

5.Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу баримталсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой, мөн анхан шатны шүүх зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дах хэсгийг зөрчөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч А- ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/00253 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 498 дугаар зүйлийн 498.1 ... гэснийг 497 дугаар зүйлийн 497.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ