Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2023/00387

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2023/00387

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Ц/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ЭМЯ-д холбогдох,

 

Б/40 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, орох байсан орлого буюу ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Цогзолмаа миний бие 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүл мэндийн яамтай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, Эрүүл мэндийн яамны ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх төсөлд, төслийн зохицуулагчаар 3 жил ажиллаж байна.

Гэтэл Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 6/40 дүгээр тушаалаар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр Н.******* надтай байгуулсан гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна.

Н.******* миний бие ажиллах хугацаандаа гэрээнд заасан ажил, үүргийг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэж ирсэн бөгөөд ямар нэг алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй, Төрийн нарийн бичгийн даргын тушаалд дурдагдсан ДОХ, Сүрьеэ, Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, төслийн үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангах, биелэлтэд хяналт тавих, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, явц, үр дүнг төслийн захиралд тайлагнах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Н.******* миний Эрүүл мэндийн яамтай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-д ... талуудын аль нэгний санаачлагаар гэрээг цуцлах тохиолдолд 30 хоногийн өмнө албан хүсэлт, мэдэгдэл гарган мэдэгдэнэ гэж заасан, мөн миний бие 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 03 дугаар сарын 12-ны өдрүүдэд өвчний учир эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад надад огт мэдэгдэлгүйгээр дээрх гэрээ цуцалж, төслийн зохицуулагчийг чөлөөлөх тухай 6/40 дүгээр тушаал гарсан.

Н.******* миний бие өөрийгөө үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга холбогдох хууль болон гэрээг илт зөрчиж 6/40 тушаалыг гаргасан гэж үзэж байгаа тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Н.******* миний бие төслийн зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, орох байсан орлого буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 55,842,000/тавин таван сая найман зуун дөчин хоёр мянга/ төгрөгийг хохиролд тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах.

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Аливаа гэрээг хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр л цуцлах учиртай. ЭМЯ-ны ТНБД-ын 2022.03.01-ний өдрийн Төслийн зохицуулагчийг чөлөөлөх тухай Б/40 дүгээр тушаал нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасныг зөрчсөн.

199 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Гэрээний хугацаа нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байна" гэж заасан байна.

МУЗГ-ын 2006 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Журам батлах тухай 176 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам-ын 15.6-д Төсөл хэрэгжүүлэхи нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээг 1 жилээс ихгүй хугацаагаар байгуулах бөгөөд гэрээ нь тухайн хуанлийн жилийн эцсээр дуусгавар байхаар зохион байгуулна гэжээ.

Зохигчдын хооронд байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ-ний хугацаа 2021.12.31-ний өдрөөр дуусгавар болсон ч хөлсөөр ажиллагч ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байсан учир Иргэний хуулийн 366 дугаар зүйлд зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцох эрх зүйн зохицуулалт үйлчилнэ.

Нэхэмжлэгч Н.******* нь ЭМЯ-ны ТНБД-ын 2019.02.12-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар яамны мэргэжилтнээс төслийн зохицуулагчаар шилжин томилогдсоноос хойш Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагчаар 3 жил гаруй хугацаанд тогтвортой ажиллаж байснаас дүгнэн үзэхэд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, 221.3-т Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж тус тус зохицуулсан.

Хөлсөөр ажиллах гэрээнийн 8.1-д Гэрээг дараахь үндэслэлээр дуусгавар болгоно: 8.1.2 Яам гэрээг цуцлах шийдвэр гаргасан: 8.2 Яамны санаачлагаар дараахь тохиолдолд гэрээг цуцална:

8.2.1 Төслийн зохицуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх бодит шалтгаангүй бол;

8.2.2 Төслийн хөрөнгийг шамшигдуулсан;

8.2.3 Төсөл хэрэгжих хугацаа дуусгавар болсон;

8.2.4 Санхүүжүүлэгч талын журам болон Монгол Улсын холбогдох хуульд заасны дагуу тухайн ажил үүргийг гүйцэтгэхтэй холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй нь тогтоогдсон;

Гэвч ЭМЯ-ны ТНБД-ын 2022.03.01-ний өдрийн Б/40 дүгээр тушаалд хөлсөөр ажиллах гэрээг дээрх 4 үндэслэлийн алийг нь баримталж гэрээг цуцалж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

Түүнчлэн МУЗГ-ын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Журам батлах тухай 176 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам-ын 9 дүгээр зүйлийн 9.1,7-д заасан төслийн зохицуулагчийг... гэрээнд заасан үндэслэлээр чөлөөлөх гэжзаасан чиг үүргээ төсөл хэрэгжүүлэгч байгууллага болох ЭМЯамнаас зөрчсөн.

Мөн нэхэмжлэгч нь 2022.01.17-ны өдөр Ковид 19-Коронавирусын халдвараар өвчилж, ковидын дараахь хүндрэлийг эмчлүүлэх зорилгоор 2022.02.22-2022.03.12-ны өдрийг хүртэл Манба дацан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болох нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас/лист/-аар нотлогдож байх бөгөөд Глобаль сангийн дэмжпэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн дотоод журам-ын 1.4 Журмаар зохицуулаагүй харилцаанд ... холбогдох бусад хууль тогтоомжийг баримтална, 5.8.1 Ажилтан ... хүндээр өвчлөх нь чөлөө олгох хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар журамласан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадлагаатай байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах эохицуулалт, Иргэний хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан дээрх журам, хөлсөөр ажиллах гэрээгээ тус тус зөрчсөн шийдвэр болсон байх тул Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

Хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр цуцалсныг тогтоолгох, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Н.******* миний биеийг урьд эрхэлж байсан Глобаль сангийн дэмжлэгэтэй ДОХ, сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төлсийн зохицуулагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох. гэв.

 

Хариуцагч Н.*******гийн өмгөөлөгч Т.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т заасан үндэслэлээр цуцална. Хөлсөөр ажиллах гэрээний 8.1-т гэрээг цуцлах үндэслэлийг заасан. Нэхэмжлэгч нь Ковид 19 халдвараар өвдсөн байсан. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй гэсний дагуу цалин хөлс болох 55,842,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Тушаалд заагаагүй үндэслэлийг нэмэлт тайлбар дээр нэмж хэлж байна. гэв.

 

Хариуцагч Монгол улсын Эрүүл мэндийн яам шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа би тус шүүхэд нэхэмжлэгч Н.*******гийн гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэгч нь Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн зохицуулагчаар ажиллахдаа Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэ, Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслийн үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангах, биелэлтэд хяналт тавих, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, явц, үр дүнг төслийн захиралд тайлагнах үүргээ хангалтгүй биелүүлснээс төслийн үйл ажиллагаанд доголдол үүссэн, төслийн ажилтнуудтай Хөлсөөр ажиллах гэрээ-г байгуулахдаа хууль, журамд нийцүүлээгүй, ажилтнуудын гэрээг буруу дүгнэсэн зэрэг зөрчлийг гаргасан.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Н.*******тай биечлэн уулзаж, хугацаа олгосон боловч зөрчлийг арилгах талаар ямар нэг арга хэмжээ аваагүй болох нь Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дүгнэлт, төслийн ажилтнуудын гаргасан гомдол зэргээр тогтоогдоно.

Нэхэмжлэгч Н.*******г үүрэг ажлаас чөлөөлсөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Төслийн зохицуулагчийг чөлөөлөх тухай Б/40 дүгээр тущаал үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Эрүүл мэндийн сайд Н.*******тай биечлэн уулзаж хугацаа өгсөн боловч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Засгийн газрын 176 дугаар тогтоолын 9.1.7 дахь заалтын дагуу ажлаас чөлөөлсөн. Хөлсөөр ажиллах гэрээний 8.2.1-т заасныг зөрчсөн. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эрүүл мэндийн яамны 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №3/43-ө албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 199 дугаар Хөлсөөр ажиллах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ЭМЯ, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн зохицуулагчийн ажлын байрны тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, №1799749 Хөдөлмөрийн чадвар түр алдасны эмнэлэгийн хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №1798878 Хөдөлмөрийн чадвар түр алдасны эмнэлэгийн хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ/Сүрьеэгийн төслийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №22/17 Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ/Сүрьеэгийн төслийн 2021 оны гүйцэтгэл, үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ДОХ, Сүрьеэ өвчинтэй тэмцэх глобал сангийн үндэсний зохицуулах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын №307/01 Хамтран ажиллах тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 211 тоот Сонсох ажиллагааны тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 11 сарын Дотоод аудитын ажлын тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Ажил хүлээлцсэн актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн ДОХ, Сүрьеэ өвчинтэй тэмцэх глобал сангийн үндэсний зохицуулах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын №307/01 Хамтран ажиллах тухай, Сүрьеэ өвчинтэй тэмцэх глобал сангийн үндэсний зохицуулах зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын №22/10 Тайлбар хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар болон түүний хавсарлтын хуулбар/хх50-91/, Гадаад хэл дээрх баримтын хуулбар/хх1-92-119/, Үндэсний аудитын газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №04/1205 тоот албан бичиг, 181/ШЗ2022/07517 дугаар захирамжийн дагуу ирүүлсэн баримтуудын хуулбар, 2020 оны Санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын хуулбар/хх1-121-141/, Санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын хуулбар/хх1-142-190/, САГ-2020/75СТА-ТХН Санхүүгийн аудитын тайлангийн хуулбар/хх1-191-209/, САГ-2020/48/СТА-ТХН Санхүүгийн аудитын тайлангийн хуулбар/хх1-210-228/, Эрүүл мэндийн яамны 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №2/3000 тоот албан бичгээр 181/ШЗ2022/07517 дугаар захирамжийн дагуу ирүүлсэн баримтуудын хуулбар, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/128 дугаар Төслийн орон тоо, цалин хөлсийг тогтоох тухай тушаал түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ/Сүрьеэгийн төслийн хэрэгжилтэд дотоод аудит хийх ажлын удирдамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ/Сүрьеэгийн төслийн дотоод журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүрьеэ өвчинтэй тэмцэх глобал сангийн үндэсний зохицуулах зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын №22/10 Тайлбар хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар болон түүний хавсарлтын хуулбар/хх2-1-42/, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ/Сүрьеэгийн төслийн 2021 оны 11 сарын Дотоод аудитын ажлын тайлангийн хуулбар/хх2-43-60/, Манба дацан эмнэлгийн Хөдөлмөрийн чадвар түр алдасны эмнэлгийн хуудас олгосон бүртгэлийн тайлан, эмчлүүлэгчийн өвчний түүхийн хуулбар, Дархан детект эмнэлгийн Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгосон бүртгэлийн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Монгол Улсын Эрүүл Мэндийн Яаманд холбогдуулан Хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр цуцалсныг тогтоолгох, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрье, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслийн зохицуулагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, орох байсан орлого буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 55,842,000/тавин таван сая найман зуун дөчин хоёр мянга/ төгрөгийг хохиролд тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам нь Б/40 дугаар тущаал үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрье, Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслийн зохицуулагчийн албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь зохигчийн тайлбар, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 дугаар Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай тушаалын хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн № 199 Хөлсөөр ажиллах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн № 199 Хөлсөөр ажиллах гэрээний 1-ийн 1.1-т зааснаар төслийн зохицуулагч/нэхэмжлэгч/ нь Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьегийн төслийн хэрэгжилтийг хангах, хэрэгжилтийг яамны/хариуцагч/ өмнө хариуцах ажлыг гүйцэтгэх, яам/хариуцагч/ нь ажлыг хүлээн авч, хянах, хөлс олгохтой холбоотой үүргийг тус тус хүлээсэн болох нь 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 199 дугаар Хөлсөөр ажиллах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь тохиролцсон ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 199 дугаар Хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил ... гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг ... хүлээнэ. гэж заасан.

Гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Хариуцагч нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.16 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Журам батлах тухай 176 дугаар тогтоолын хавсралтын 9.1.7 дахь заалт, 2021 оны дотоод аудитн тайлан, ДОХ, Сүрьеэ өвчинтэй тэмцэх глобаль сангийн үндэсний зохицуулах 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 307/01 тоот албан бичгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч нь Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэ, Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслийн үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангах, биелэлтэд хяналт тавих, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, явц, үр дүнг төслийн захиралд тайлагнах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Гэрээг цуцалж, нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дугаар Төслийн зохицуулагчийг чөлөөлөх тухай тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 14.2.10өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх., 25 дугаар зүйлийн 25.11Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнахтай холбогдсон харилцааг Засгийн газрын баталсан журмаар зохицуулна. гэж заасан.

 

Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.11 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн Газар 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 176 дугаар Журам батлах тухай тогтоолын хавсралтаар Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам-ыг баталжээ.

 

Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журмын 3-ын 3.1.8төсөл хэрэгжүүлэгч байгууллага гэж гэрээ, хэлэлцээрт заасан төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий тухайн төсөл шууд харьяалах дээд шатны төсвийн байгууллага ... хуулийн этгээдийг;, 9-ийн 9.1.19төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ ... төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжийн саналыг үндэслэн ... төслийн баримт бичигт тусгах; гэж заасан.

 

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.2.10 дахь хэсэг, Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журмын 3-ын 3.1.8, 9-ийн 9.1.19-д зааснаар төсөл хэрэгжүүлэгч байгууллага буюу хариуцагч Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ хийхээр 2021 онд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ/Сүрьеэгийн төслийн хэрэгжилтэд дотоод аудит хийх ажлын удирдамжийг баталсан болох нь Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ/Сүрьеэгийн төслийн хэрэгжилтэд дотоод аудит хийх ажлын удирдамжийн хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар нь 2021 оны 10 дугаар сард Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ/Сүрьеэгийн төслийн 2020 оны үйл ажиллагаа, төлөвлөгөө, зорилго, зорилтын хэрэгжилт, санхүүгийн үйл ажиллагаа, ил тод байдал, шилэн данс, төсөл хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагаа зэрэг асуудалд дотоод аудит хийжээ.

 

Хариуцагчийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2021 оны 11 дүгээр сарын Дотоод аудитын ажлын тайлангаар нийт 1,9 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байх ба зөрчлийг ангилахад 1,3 тэрбум төгрөг буюу 69.2 хувь нь батлагдсан төсвийг хэтрүүлэн зарцуулсан, 412.0 сая төгрөг буюу 21.5 хувь нь гэрээт ажлын биелэлтийг дүгнээгүй, 81.0 сая төгрөг буюу 4.2 хувь нь гэрээт ажлын тайлан байхгүй, 96.9 сая төгрөг буюу 5.0 хувь нь гэрээгээр гүйцэтгэсэн мэдээлэл сургалт сурталчилгааны материалыг түгээсэн баримт байхгүй зөрчил илэрсэн болох нь 2021 оны 11 дүгээр сарын Дотоод аудитын ажлын тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Глобаль сангийн дэмжлэгтэй дох, сүрьегийн төслийн зохицуулагчийн албан тушаалд ажиллаж байсан болох нь 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн № 199 Хөлсөөр ажиллах гэрээний хуулбар болон Ажлын байрны тодорхойлолтын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2021 оны 11 дүгээр сарын Дотоод аудитын ажлын тайлангаар тогтоогдсон дээрх зөрчлүүдээр нэхэмжлэгч нь төслийн зохицуулагчийн хувьд Гэрээний 2-т заасан төслийн нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах болон төслийн санхүүжилтийн үүргээ буюу батлагдсан төсвийг хэтрүүлэн зарцуулсан зөрчил, төслийн ханган нийлүүлэлт болон төслийн хяналт шинжилгээ буюу гэрээт ажлын тайлангүй, гэрээт ажлын биелэлтийг дүгнэх үүргээ биелүүлэгүй зөрчил, төслийн мэдээлэл, сурталчилгааны буюу гэрээгээр гүйцэтгэсэн мэдээлэл сургалт сурталчилгааны материалыг түгээх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь дээрх зөрчлүүдээр Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаар Журам батлах тухай тогтоолын хавсралтаар батлагдсан Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам-ын 12-ын 12.1.5-д Төслийн зохицуулагч нь ... бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, биелэлтэд нь хяналт тавих, 12.1.9-д төслийн хүрээнд нийлүүлэх бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, ажлын даалгаврын биелэлтийг дүгнэх, 13.1.2-т төслийн хүрээнд хийх санхүүжилт, худалдан авах ажиллагааг хууль тогтоомж, гэрээ, хэлэлцээрт заасны дагуу гүйцэтгэх гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь хариуцагчийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2021 оны 11 дүгээр сарын Дотоод аудитын ажлын тайлангаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчид Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2021 оны 11 дүгээр сарын Дотоод аудитын ажлын тайланг танилцуулсан болох нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн № 22/10 Тайлбар хүргүүлэх тухай албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь хариуцагчийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дугаар тушаалын 1 дэх хэсэгт заасан Гэрээг цуцлах зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.

 

Гэрээний 8-ын 8.3-т ... гэрээг цуцлах тохиолдолд 30 хоногийн өмнө албан хүсэлт, мэдэгдэл гарган мэдэгдэнэ., Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам-ын 9-ийн 9.1Төсөл хэрэгжүүлэгч байгууллага дараах чиг үүрэгтэй:, 9.1.7төслийн зохицуулагчийг ... гэрээнд заасан үндэслэлээр чөлөөлөх; гэж заасан.

 

Хариуцагч нь Гэрээний 8-ын 8.3-т заасан журмын дагуу буюу нэхэмжлэгчид Гэрээг цуцлах талаар 30/гуч/ хоногийн өмнө мэдэгдээгүй болох нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн*******Оролцогчоос санал авах хуудсын болон 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэлийн хуулбар, хариуцагчийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно., 221.2-т ... талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх ... боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Гэрээний 2-т заасан дээр дурдсан үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс Гэрээний 8-ын 8.3-т заасан журмыг харгалзахгүйгээр Гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байна.

 

Гэрээний аль нэг тал гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээг дуусгавар болгох хүсэл зоригтой байдаг ба Иргэний хуулийн үүргийн нийтлэг зохицуулалтад зөвхөн гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан боловч гэрээг цуцлах тохиолдолд уг журмын зарим зохицуулалт хамааралтай болно.

 

Хэрэгт Үндэсний Аудитын Газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай Актын болон Зөрчил арилгах тухай Албан шаардлагын хуулбар баримтаар авагдсан байх боловч Акт тогтоож, Албан шаардлагыг гаргахад нэхэмжлэгч нь өвчтэй байсан болох нь № 1799749 Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсын хуулбараар тогтоогдож байх ба Акт, Албан шаардлагыг нэхэмжлэгчид танилцуулж, гомдол гаргах эрхийг хангаагүй.

 

Дээрх үндэслэлээр Үндэсний Аудитын Газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай Акт болон Зөрчил арилгах тухай Албан шаардлага нь Гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дугаар Төслийн зохицуулагчийг чөлөөлөх тухай тушаал хуульд нийцсэн байна.

 

Шүүх Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******гийн хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрье, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслийн зохицуулагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, орох байсан орлого буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 55,842,000/тавин таван сая найман зуун дөчин хоёр мянга/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Н.*******гийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 437,160 төгрөгийг, нийт 507,360 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Н.*******д буцаан олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******гийн хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрье, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслийн зохицуулагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, орох байсан орлого буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 55,842,000/тавин таван сая найман зуун дөчин хоёр мянга/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Н.*******гийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 437,160 төгрөгийг, нийт 507,360 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Н.*******д буцаан олгосугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ