Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00829

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00829

 

Н.Ц- нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/00387 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч МУЭМЯ-д холбогдуулан гаргасан

Б/40 дугаар тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ц-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хулан, Э.Цэрэнчунт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2019 оны 04 сарын 01-ний өдөр Эрүүл мэндийн яамтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, Эрүүл мэндийн яамны ДОХ, Сүрьеэ өвчинтэй тэмцэх төслийн зохицуулагчаар 3 жил ажиллаж байна. Гэтэл Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 сарын 01-ний өдрийн 6/40 дугаар тушаалаар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Би ажиллах хугацаандаа гэрээнд заасан ажил, үүргийг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэж ирсэн. Ямар нэг алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. Тус тушаалд ДОХ, Сүрьеэ, Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, төслийн үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангах, биелэлтэд хяналт тавих, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, явц, үр дүнг төслийн захиралд тайлагнах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн нь үндэслэлгүй.

Хөлсөөр ажиллах гэрээний 8.3-д ... талуудын аль нэгний санаачилгаар гэрээг цуцлах тохиолдолд 30 хоногийн өмнө албан хүсэлт, мэдэгдэл гарган мэдэгдэнэ гэж заасан, би 2022 оны 02 сарын 22-ны өдрөөс 03 сарын 12-ны өдрүүдэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад надад мэдэгдэлгүйгээр гэрээг цуцалсан. Иймд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 сарын 01-ний өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 55,842,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн зохицуулагчаар ажиллахдаа төслийн үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангах, биелэлтэд хяналт тавих, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, явц, үр дүнг төслийн захиралд тайлагнах үүргээ хангалтгүй биелүүлснээс төслийн үйл ажиллагаанд доголдол үүссэн, төслийн ажилтнуудтай хөлсөөр ажиллах гэрээг байгуулахдаа хууль, журамд нийцүүлээгүй, ажилтнуудын гэрээг буруу дүгнэсэн зөрчил гаргасан. Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайдаас Н.Ц-тай биечлэн уулзаж, хугацаа олгосон ч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бөгөөд гэрээний 8.2.1-т заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч Н.Ц-г үүрэгт ажлаас чөлөөлсөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 сарын 01-ний өдрийн Төслийн зохицуулагчийг чөлөөлөх тухай Б/40 дугаар тушаал үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн  221.1, 221.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Ц-гийн хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 сарын 01-ний өдрийн  Б/40  дугаар тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслийн зохицуулагчийн  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 55,842,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн 2022 оны 03 сарын 24-ний өдөр төлсөн 70,200 төгрөг, 2022 оны 11 сарын 18-ны өдөр төлсөн 437,160 төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулж Н.Ц-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг 2021 оны 06 сарын 08-ны өдрийн №199 дугаартай хөлсөөр ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан нь Эрүүл мэндийн яамны дотоод аудитын газрын 2021 оны 11 сард хийгдсэн тайлангаар 1,9 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн нь нотлогдсон тул түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн. Үндэсний Аудитын газраас хийсэн Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслийн 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 07/519 тоот албан бичгээр "Зөрчилгүй санал дүгнэлт" гаргасан байтал 2021 оны 11 сард хийгдсэн Дотоод аудитын газраас манай төслийн 2020 оны үйл ажиллагаа, төлөвлөгөө, зорилго, зорилтын хэрэгжилт санхүүгийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн дотоод аудит хийж Зөрчилтэй санал, дүгнэлт гарсан болно.

2. Гэвч шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж эргэлзээгүй, үнэн зөв байх талаас нь үнэлэлгүй зөвхөн Эрүүл мэндийн яамны Дотоод аудитын газрын 2021 оны 11 сард хийгдсэн тайланг үнэлсэн нь нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс ийм хоёр өөр, зөрүүтэй аудитын тайлан гараад байгааг шинжээч томилуулж аль аудитын тайлан нь үнэн зөв болохыг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан ч шүүхээс хүсэлтийг хангаагүй атлаа Эрүүл мэндийн яамны Дотоод аудитын газрын тайланг хөдөлбөргүй үнэн зөв гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчсөн хууль зүйн ноцтой алдаатай дүгнэлт болсон гэж үзэж байна.

3. Мөн анхан шатны шүүхээс Үндэсний аудитын газрын 2022 оны 02 сарын 25-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай акт болон Зөрчил арилгах тухай албан шаардлагын хуулбараар акт тогтоож, албан шаардлага гаргах үед нэхэмжлэгч өвчтэй байсан нь тогтоогдсон ба тухайн акт, албан шаардлагыг нэхэмжлэгчид танилцуулж, гомдол гаргах эрхийг хангаагүй. Гэтэл шүүх энэ нь гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй гэж логикгүй, ЭМЯ-ны ТНБД-ын тушаалын үндэслэл огт болоогүй, гомдол гаргах шаардлагагүй акт, албан шаардлагын талаар алдаатай дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Учир нь миний өвчтэй байсныг нотлох эмнэлгийн магадлагаа нь ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг нотлох баримт болохоос уг акт, албан шаардлага гаргасан Үндэсний аудитын газрын дүгнэлтэд хамааралгүй, уг тайлан болон 2022 оны төлбөр барагдуулах акт, Зөрчил арилгах тухай албан шаардлага нь намайг ажлаас чөлөөлөхөөс өмнө гарчихсан байсан ба үүнийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга мэдээгүй байх боломжгүй билээ.

4. Хөлсөөр ажиллах гэрээний 8.1-д гэрээг дуусгавар болгох үндэслэлүүдийг заасан. Гэвч хариуцагч нь 2022 оны 5/40 дугаар тушаалд хөлсөөр ажиллах гэрээнд заасан 4 үндэслэлийн алийг баримталсныг заагаагүй, ойлгомжгүй, тодорхойгүй байхад анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 221 дугаар зүйлийн 221.1, 221.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж тушаал хууль зүйн үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т заасан нь урт хугацаатай гэрээг хугацаанаас нь өмнө татгалзах /цуцлах/ талаар хуульд заасан ерөнхий зохицуулалт бөгөөд хөлсөөр ажиллах гэрээнд өөрөөр заасан буюу Засгийн газрын 2016 оны 3 сарын 28-ны өдрийн "Журам батлах тухай" 176 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам"-ын 9.1.7-д заасан "төслийн зохицуулагчийг ... гэрээнд заасан үндэслэлээр чөлөөлөх" гэж заасныг шүүхээс Иргэний хуулийн дээрх заалтыг баримтлан зөвтгөсөн нь хуульд нийцэхгүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Төрийн аудитын тухай хуулиар Үндэсний аудитын газар нь санхүүгийн тайлангийн аудит, гүйцэтгэлийн аудит, нийцлийн аудит хийдэг. Тухайн үед санхүүгийн аудит хийсэн. Санхүүгийн аудит нь гадаад аудит буюу Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгэл, орлого, зарлага зөв хийсэн эсэхийг нягталдаг. Харин гүйцэтгэлийн аудит, нийцлийн аудитыг хийгээгүй. Тус аудит нь дотоод үйл ажиллагааг хянадаг. Гадаад болон дотоод аудит буюу зорилго өөр учраас гарсан дүгнэлтүүд өөр байна. Хяналт-шинжилгээ дотоод аудитын газраас хийсэн дотоод аудитаар 1,900,000,000 төгрөгийн зөрчил илэрсэн. Энэ тухай тайланг 2022 оны 12 сард Н.Ц-д мэдэгдэж, хуулийн дагуу ажиллах албан бичгийг ирүүлсэн нь хэрэгт авагдсан. Глобал сангийн ажилтнуудаас мөн гомдол гаргасан. Үндэсний зохицуулах зөвлөлөөс 2022 оны 02 сарын 09-ний өдөр манай яамтай хамтран ажиллах тухай албан бичгийг ирүүлсэн. Глобал сангаас Монгол Улсыг хариуцсан бүсийн менежер манай дотоод хяналтын дүнтэй танилцсан. Бид өөрсдөө танай төсөлд аудит хийх болно. Монгол Улсын нийт сүрьеэ болон ДОХ-той хүмүүст зориулах буцалтгүй тусламжийг зориулалтын бусаар ашигласан тохиолдол гарсан учраас 20 жил үргэлжилсэн төслийг зогсооно, Монгол Улсын Засгийн газраас мөнгийг нэхэмжилнэ, цаашид энэхүү үйл ажиллагааг явуулахгүй тул яаралтай арга хэмжээ авах тухай албан бичгийг Үндэсний зохицуулах зөвлөлөөс 2022 оны 02 сарын 09-ний өдөр ирүүлсэн. Ажилтнуудаас дотоод үйл ажиллагаа болохгүй байгаа гэх бичгийг 2022 оны 01 сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн яаманд ирүүлсэн. Үүний дагуу 2022 оны 02 сарын 21-ний өдөр зөрчил илэрсэн тул таны хөлсөөр ажиллах гэрээг цуцлах шаардлагатай болсон талаар сонсох ажиллагаа хийхэд Н.Ц- хүлээн зөвшөөрөөгүй. Захиргааны яагаад хүлээн зөвшөөрөөгүйд анализ хийж байхад Монгол Улсыг хариуцсан Глобал сангаас 02 сарын 28-ны өдөр аудит хийсэн. Англи хэл дээр хүний нөөцийн асуудалд аудит хийсэн зөвлөмж хэрэгт авагдсан. Яаралтай арга хэмжээ авч, Глобал сангийн үйл ажиллагааг жигдрүүлэхгүй бол Монгол Улсын Засгийн газраас 21 жил олгосон төслийн мөнгийг буцаан нэхэмжилнэ, цаашид хамтран ажиллахгүй тухай албан бичиг болон олон газруудаас гомдол ирсэн тул 9 хоногийн өмнө сонсох ажиллагааг хийж, 2022 оны 03 сарын 01-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Н.Ц- нь хариуцагч МУЭМЯ-д холбогдуулан Б/40 тоот тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. МУЭМЯ- нь Н.Ц-тай 2021 оны 06 сарын 08-ны өдөр 199 тоот гэрээ байгуулж, улмаар Н.Ц-г Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрье, Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслийн зохицуулагч-ийн албан тушаалд томилсон байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байнгын ажлын байранд ажиллаж байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг боловч зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1.1-д Н.Ц- Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хэрэгжилтийг хангах, хэрэгжилтийг яамны өмнө хариуцах ажлыг гүйцэтгэх, Эрүүл мэндийн яам нь ажлыг хүлээн авч, хянах, хөлс олгох-оор харилцан тохиролцсоноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /1хх 7/

 

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 сарын 01-ний өдрийн Б/40 тоот тушаалаар Н.Ц- Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэ, Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслийн зохицуулагч-ийн ажил албан тушаалаас чөлөөлсөн байна.

 

Дээрх тушаалд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.16 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 сарын 28-ны өдрийн Журам батлах тухай 176 дугаар тогтоолын хавсралтын 9.1.7 дахь заалт, 2021 оны Дотоод аудитын тайлан, ДОХ, Сүрьеэ өвчинтэй тэмцэх Глобаль сангийн үндэсний зохицуулах зөвлөлийн 2022 оны 02 сарын 09-ний өдрийн 307/01 тоот албан бичгийг тус тус баримтлан, Н.Ц-г Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэ, Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслийн үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангах, биелэлтэд хяналт тавих, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, явц, үр дүнг төслийн захиралд тайлагнах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл заан гэрээг цуцалжээ./1хх 4, 24/

 

4. Хариуцагч Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын 2021 оны Дотоод аудитын ажлын тайлан-гаар тус төслийн үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалтаар 1,9 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, үүнээс 1,3 тэрбум нь батлагдсан төсвийг хэтрүүлэн зарцуулсан, 412.0 сая төгрөг нь гэрээт ажлын биелэлтийг дүгнээгүй, 81.0 сая төгрөгийн гэрээт ажлын тайлангүй, 96.9 сая төгрөгийг гэрээгээр гүйцэтгэсэн материалыг түгээсэн баримтгүй зөрчлүүд илэрсэн нь Төсвийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Шилэн дансны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 5.1.4-т болон Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолоор баталсан журмын 11.1.4, 12.1.5, 12.1.9, 13.1.2-т заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байна.

 

4.1. Анхан шатны шүүх Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын 2021 оны Дотоод аудитын ажлын тайлан-г хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч Н.Ц-г зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

5. Нэхэмжлэгч Н.Ц- гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн төслийн үйл ажиллагааг зохих ёсоор удирдан явуулж чадаагүй, их хэмжээний санхүүгийн зөрчил гаргасан нь гэрээний 8.2.1-д төслийн зохицуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлд хамаарч байх тул хариуцагч Эрүүл мэндийн яам хөлсөөр ажиллах гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй зөрчил гаргасны улмаас хариуцагч хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, гэрээний харилцааг дуусгавар болсон гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

5.2. Нэхэмжлэгчээс, анхан шатны шүүх хоёр өөр аудитын дүгнэлтийг харьцуулан дүгнээгүй, дотоод аудитын дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

5.3. Хэрэгт Үндэсний аудитын газрын болон Дотоодын аудитын газрын дүгнэлтүүд авагдсан байна. Үндэсний аудитын газрын дүгнэлт нь тус төслийн 2019, 2020, 2021 оны санхүүгийн тайлангийн аудитыг хийж зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Хариуцагч байгууллагын Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дүгнэлт нь тус төслийн 2021 оны үйл ажиллагаанд аудит хийж төслийн үйл ажиллагаа, төлөвлөгөө, зорилго, зорилтын хэрэгжилт, мөн төслийн санхүүгийн үйл ажиллагаа, ил тод байдал, шилэн данс, хамтран төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын хамтын үйл ажиллагаа зэрэг дотоод үйл ажиллагааг хамруулж зөрчил илэрсэн гэж дүгнэжээ.

Дээрх хоёр аудитын тайлан нь өөр өөр асуудлаар гаргасан байх тул харьцуулан дүгнэх шаардлагагүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй .

6. Нэхэмжлэгч нь Үндэсний аудитын газрын 2022 оны 02 сарын 25-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай акт болон Зөрчил арилгах тухай албан шаардлага нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үед өвчтэй байсныг нотлох, ажлын байрыг хэвээр хадгалах үндэслэлийг нотлох ач холбогдолтой байхад шүүх буруу дүгнэлт хийсэн гэж гомдол гаргажээ. Дурдсан баримтууд нь гэрээг цуцлах үндэслэл болоогүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар зохицуулагдах учир ажилтан-ажил олгогчийн хоорондын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт нь зохигчийн хооронд үүссэн энэхүү эрх зүйн харилцаанд хамаарахгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэлээ нотлохоор шинжээч томилуулахаар гаргасан хүсэлтийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь Үндэсний аудитын газрын болон хариуцагч байгууллагын дотоод аудитын газрын дүгнэлт нь нэг нь төслийн санхүүгийн талаар нөгөө нь төслийн дотоод үйл ажиллагааны талаар хоёр өөр асуудлаар дүгнэлт гаргасан тул шинжээч томилох нь хэрэгт ач холбогдолгүй байна.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/00387 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгч Н.Ц- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ