Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2023/00546

 

 

 

 

 

2023 02 10

181/ШШ2023/00546

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С.Д -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Р.Т ,

 

Хариуцагч: Т.М  нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

Хариуцагч Р.Т , түүний өмгөөлөгч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

(Хариуцагч Т.М нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа илэрхийлсэн тул талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Р.Т , Т.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...С.Д нь Их гифт финанс ББСБ-д менежерээр ажилладаг байхдаа Р.Т тай танилцсан. Р.Т нь тус ББСБ-тай зээлийн харилцаатай байсан ба зээлийн эргэн төлөлт хийх зорилгоор хувь хүнээс зээл хайсан нь тус ББСБ-ын захирал Д.Э ээр дамжин С.Д д хүрсэн.

Тухайн үед С.Д өөрийн орон сууцаа худалдан борлуулж мөнгөн хөрөнгө бий болгосон байсан бөгөөд Р.Т нь түүнээс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 70,000,000 төгрөгийг өөрийн хүү Т.М ийн Хаан банкны 5013208409 дугаартай дансаар дамжуулан зээлж авсан.

Зээлийн мөнгийг хүүгийнхээ дансаар авах болсон шалтгааныг Р.Т ...хэрэв өөрийн дансаар авбал зээл, хүүгийн төлбөрт татаад авчихна... хэмээн тайлбарласан байдаг.

Талууд зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй, буцааж төлөх хугацаа тогтоогоогүй. Мөнгө зээлдүүлэх үед Р.Т нь ...би нилээд том ажил авсан, ажил урагштай сайн явж байгаа, зээл, хүүгийн төлбөрийн тухайд санаа зоволтгүй, 1 сарын хугацаанд төлнө... гэх зэргээр С.Д д хэлдэг байсан хэдий ч зээлсэн мөнгөө одоог хүртэл төлөөгүй юм.

Анх тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Р.Т тай бичгээр байгуулсан 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 120,900,000 төгрөгийг түүнээс гаргуулахаар шаардлага гаргаж байсан.

Р.Т нь зээлсэн мөнгөө төлөхгүй байсан учир түүний хүсэлтээр сүүлд уг зээлийн гэрээг бичгээр нөхөн байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн бөгөөд ингэхдээ гэрээнд хүү, алданги төлөхөөр тохиролцсон тул зээлийн хэмжээг 65,000,000 төгрөгөөр тогтоосон юм.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хэргийн бодит үнэнг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргах нь зүйтэй гэж үзсэний дагуу ийнхүү шаардлагаа өөрчилсөн.

Иймээс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлдүүлсэн 70,000,000 төгрөгийг Р.Т , түүний хүү Т.М нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжилж байна. гэв.

 

2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

2.1. Хариуцагч Т.М ээс ...миний бие С.Д гэгчийг огт танихгүй, хувийн болон албаны ямар ч харилцаа үүсгэж байгаагүй. Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5013208409 дугаартай дансыг 2019 оноос хойш огт ашиглаагүй. Иймээс тухайн дансаар ямар мөнгөн гүйлгээ хийгдсэнийг би огт мэдэхгүй тул аливаа үүрэг, хариуцлага хүлээх боломжгүй. Уг данс болон данстай холбогдсон картыг миний эцэг Р.Т 2019 оноос хойш одоо хүртэл ашиглаж байгаа. Иймд намайг хамтран хариуцагчаас хасаж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг миний оролцоогүйгээр явуулж өгөхийг хүсье. гэжээ.

2.2. Хариуцагч Р.Т ас ...миний бие 2018-2020 онд Их гифт финанс ББСБ-иас 5-6 удаагийн зээл авч байсан. Энэ харилцааны дагуу С.Д ийг мэдэх болсон. Зээлтэй холбогдсон үйл ажиллагаанд С.Д оролцдог байсан. Тухайлбал, тэрээр өөрийн дансаар дамжуулан зээл олгох, эргэн төлөлтийг татан төвлөрүүлэх тохиолдол гардаг байсан. Би С.Д ээс хувийн харилцаагаар зээл авч байгаагүй. С.Д нь ББСБ-ын гүйлгээг ашиглаж надаас 70,000,000 төгрөг авахаар нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Би хүү Т.М ийн Хаан банк дахь дансыг одоог хүртэл ашигладаг. Уг дансаар 70,000,000 төгрөг орж ирсэнд маргаан байхгүй, мөнгийг бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан. гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Р.Т тай байгуулсан гэх 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн зээлийн гэрээ, уг гэрээг гэрчилсэн нотариатчийн тэмдэглэл, Хаан банкны 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт, тус банкан дахь С.Д ийн эзэмшлийн 5020458018 дугаартай дансны 2021 оны 4 дүгээр сарын 7-ноос 9-ний өдрийг хүртэл хугацааны хуулга, Р.Тулгын оршин суугаа газрын хаягийг олж тогтоосон тухай Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын албан бичиг, Р.Тулгын оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолтын хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02439 дүгээр шийдвэр, Хаан банкны 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /хх 4-13, 70/ зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагч нараас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт үгүй болно.

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,   

ҮНДЭСЛЭХ нь

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлага болох 70,000,000 төгрөгийг хариуцагч Р.Т ас гаргуулан нэхэмжлэгч С.Д д олгож, хариуцагч Т.М т холбогдох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч С.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Р.Т , Т.М нараас зээлийн гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба хариуцагч нар шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг огт танихгүй, мөнгө зээлж байгаагүй хэмээн татгалзжээ.

 

3. Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч С.Д ийн Хаан банкан дахь 5020458018 дугаарын данснаас хариуцагч Т.М ийн Хаан банкан дахь 5013208409 дугаарын данс руу 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 70,000,000 төгрөг шилжсэн үйл баримт тогтоогдож байна.

 

4. Хариуцагч Р.Т нь өөрийн хүү Т.М ийн дээрх дансыг ашигладаг гэх бөгөөд энэ мөнгийг тухайн цаг хугацаанд хүлээн авч, өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсан талаар маргаагүй, гагцхүү энэ мөнгө нь Их гифт финанс ББСБ-иас олгосон зээл байсан, С.Д тус ББСБ-д ажиллаж байхдаа өөрийн дансаар дамжуулан зээл олгох, эргэн төлөлтийг татан төвлөрүүлэх тохиолдол гардаг байсан хэмээн маргадаг.

 

5. Гэвч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу өөрийн дээрх тайлбарыг нотлоогүйн гадна, мөнгө зээлэх болсон шалтгаан нөхцөл, түүний дараах үйл баримтын талаар өгсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Р.Т нь Их гифт финанс ББСБ-тай зээлийн харилцаатай байсан ба зээлийн эргэн төлөлт хийх зорилгоор хувь хүнээс зээл хайсан нь тус ББСБ-ын захирал Д.Э ээр дамжин С.Д д хүрсэн. Улмаар С.Д ээс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 70,000,000 төгрөгийг өөрийн хүү Т.М ийн дансаар дамжуулан зээлж авсан ч зээлсэн мөнгөө төлөхгүй байсан учир түүний хүсэлтээр 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр зээлийн гэрээг бичгээр нөхөн байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн... гэх тайлбарыг үгүйсгэж чадаагүй болно.

 

Шүүх хэргийн оролцогчоос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа нотлох баримтаар нотлохыг шаардах боломжгүй юм.

 

6. Дээрх байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгч С.Д , хариуцагч Р.Т нарын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

 

Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч нэхэмжлэгч С.Д ээс хариуцагч Р.Тулгын заасан дансанд мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх байх ба амаар байгуулагдсан зээлийн гэрээний агуулгыг олгосон мөнгөн дүнгээр тодорхойлно.

 

Түүнчлэн зээлийн эргэн төлөлтийн хугацааг харилцан тохиролцоогүй боловч Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. гэж заасан тул нэхэмжлэгч С.Д нь шилжүүлсэн 70,000,000 төгрөгөө хариуцагч Р.Т ас шаардах эрхтэй.

 

7. Харин зээл хүссэн хүн уг зээлийн мөнгийг шилжүүлэхэд хүлээн авах этгээд /банкан дахь эзэмшлийн дансны дугаар/-ийг заах нь зээлдэгчийг тодорхойлох нөхцөл биш бөгөөд Т.М ийн хувьд зохигчийн хооронд зуучлагчийн, эсхүл зээлдэгчийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

8. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Р.Т ас 70,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Д д олгож, хариуцагч Т.М т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Д ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 762,450 төгрөгийн 254,500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Р.Т ас улсын тэмдэгтийн хураамжид 507,950 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.Э ийг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Т-с 70,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Д-д олгож, хариуцагч Т.М-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Д ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 762,450 төгрөгийн 254,500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Р.Т ас улсын тэмдэгтийн хураамжид 507,950 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН