Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00803

 

 

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00803

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/00546 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-, В- нарт холбогдох,

70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б- болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү, хариуцагч Б-, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А- нь И ББСБ ХХК-д менежерээр ажилладаг байхдаа Б-тай танилцсан. Б- нь тус компанитай зээлийн харилцаатай байсан ба зээлийн эргэн төлөлт хийх зорилгоор хувь хүнээс зээл хайж байхдаа А-ээс мөнгө зээлсэн. Тухайн үед А- өөрийн орон сууцаа худалдан борлуулж мөнгөн хөрөнгө бий болгосон байсан.

Б- нь А-ээс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 70,000,000 төгрөгийг өөрийн хүү В-ийн дансаар дамжуулан зээлж авсан. Тэрээр хүүгийнхээ дансаар авах болсон шалтгааныг ...өөрийн дансаар авбал зээл, хүүгийн төлбөрт татаад авна... гэж тайлбарласан.

Талууд зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй, буцааж төлөх хугацаа тогтоогоогүй. Иймд хариуцагч нараас 70,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч В-ийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие А-ийг танихгүй, хувийн болон албаны ямар ч харилцаа үүсгэж байгаагүй. Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5013208*** дугаартай дансыг 2019 оноос хойш огт ашиглаагүй. Тухайн дансаар ямар мөнгөн гүйлгээ хийгдсэнийг би мэдэхгүй. Уг данс болон картыг миний эцэг Б- 2019 оноос хойш одоо хүртэл ашиглаж байгаа. Иймд намайг хамтран хариуцагчаас хасаж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүйгээр шийдвэрлэж өгнө үү.

 

3. Хариуцагч Р.Тулгын татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 2018-2020 онд И ББСБ ХХК-аас удаа дараа зээл авч байсан. Энэ харилцааны дагуу А-ийг мэдэх болсон.

Зээлтэй холбогдсон үйл ажиллагаанд А- нь өөрийн дансаар дамжуулан зээл олгох, эргэн төлөлтийг татан төвлөрүүлэх тохиолдол гардаг байсан. Би А-ээс хувийн харилцаагаар зээл авч байгаагүй. А- нь банк бус санхүүгийн байгууллагын гүйлгээг ашиглаж надаас 70,000,000 төгрөг авахаар нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.

Би хүү В-ийн Хаан банк дахь дансыг одоог хүртэл ашигладаг. Уг дансаар 70,000,000 төгрөг хүлээн авсанд маргаан байхгүй, мөнгийг бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-ас 70,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, хариуцагч В-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 762,450 төгрөгийн 254,500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б-ас улсын тэмдэгтийн хураамжид 507,950 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Б- болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч А- нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б-тай зээлийн гэрээг амаар байгуулж 70,000,000 төгрөгийг Р.Тулгын хүү В-ийн данс руу шилжүүлсэн гэж тайлбарладаг. Гэтэл Б- нь А-тэй тухайн өдөр амаар зээлийн гэрээ байгуулсан асуудал байхгүй. Зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэх цаг хугацаанд А-ийн ажиллаж байсан "И ББСБ ХХК-аас Б- нь зээл авч байсан байдаг бөгөөд энэ талаар зохигч маргадаггүй.

Нэхэмжлэгч нь өөрийн орон сууцаа худалдан борлуулж мөнгөн хөрөнгө бий болгосон, үүнийгээ Т.Тулгад шилжүүлсэн гэдэг ч нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Мөн нэхэмжлэгч А-ийн дансны хуулгаар 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдер И ББСБ ХХК-аас 2,700,000 төгрөгийн орлого орсон байгаагаар А-ийн дансаар банк санхүүгийн байгууллагад холбогдох гүйлгээ хийгддэг байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болох нь нотлогддог.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн данснаас В-ийн дансанд шилжүүлсэн 70,000,000 төгрөг нь Б-д олгосон зээл мөн эсэх, А-ийн өөрийнх нь мөнгө мөн эсэх, байраа борлуулсны орлого болохыг нь нотолж тогтоосон баримт огт байхгүй байхад нэхэмжлэгч А-, хариуцагч Б- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэсэн үндэслэлгүй дүгнэлт, шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүрэг нь дан ганц хариуцагч талын хүлээх үүрэг огтоос биш байхад шүүх хариуцагч нь нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж чадаагүй гэх байдлаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч нь 70,000,000 төгрөгийг өөрийн мөнгө болохыг эргэлзээгүйгээр нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Нөгөө талаар тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч нь "И ББСБ ХХК-д ажиллаж байсан, уг байгууллага нь иргэн Б-тай зээлийн харилцаатай байсан үйл баримт тогтоогддог.

4.2. Нэхэмжлэгч А- нь Б-, В- нарыг хариуцагчаар тодорхойлж 70,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү хариуцагч нараас хувь тэнцүүлэн төлбөр гаргуулах шаардлагаа өөрчлөөгүй, хариуцагч хэн нэгнээс татгалзсан асуудал байхгүй атал шүүх хариуцагч Б-ас 70,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, хариуцагч В-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх В-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж байгаа бол хариуцагч Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага 35,000,000 төгрөгийн хэмжээнд л дүгнэлт хийх ёстой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Б- нь 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан. Нэхэмжлэгч А-ийн мөнгө биш, И ББСБ ХХК-ийн мөнгө байх боломжтой гэж хариуцагч тайлбарлаж, татгалзлаа илэрхийлдэг боловч үүнийг баталсан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэгч 70,000,000 төгрөгийн эх үүсвэрийг нотлох шаардлагагүй. Энэ мөнгийг нэхэмжлэгч зээлдүүлсэн тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх зөв дүгнэсэн.

Иргэний хуульд зааснаар хүү тохиролцоогүй зээлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардахгүй. Мөн мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцдог хуулийн зохицуулалт бий. Зээлийн гэрээгээр зээлийг буцаан төлөх хугацааг тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар мөнгийг буцаан төлөхөөр Иргэний хуульд заасан.

Б- авч өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа ашигласан, хүүхдийнхээ дансыг ашигладаг талаар хүлээн зөвшөөрсөн учраас мөнгийг ашигласан этгээд буюу Б-ас мөнгийг бүхэлд нь гаргуулсан нь хууль зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-, В- нарт холбогдуулан 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх А-ийн Хаан банк дахь 5020458018 дугаарын данснаас В-ийн Хаан банк дахь 5013208*** дугаарын данс руу 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 70,000,000 төгрөгийг Б--д гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн, Б- нь дээрх 70,000,000 төгрөгийг хүлээн авч захиран зарцуулсан үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

3.1. Хариуцагч Б- нь 70,000,000 төгрөгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн боловч энэхүү мөнгөн хөрөнгийг И ББСБ ХХК-аас олгосон зээлийн хүрээнд хүлээн авсан тул нэхэмжлэгчид төлөх ёсгүй гэж маргасан боловч уг тайлбараа Б- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд энэ талаар гаргасан хариуцагч Б-, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

4. Нэхэмжлэгчээс хариуцагч Б-д 70,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон боловч талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь алдаатай болсныг залруулна.

Учир нь Иргэний хуулийн 39, 40 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар А- болон Б- нар нь зээлийн гэрээ байгуулахаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж, уг илэрхийллийг хүлээн авсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

4.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Б-д мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээгээгүй, Б- нь 70,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул анхан шатны шүүх хариуцагч Б-ас дээрх 70,000,000 төгрөгийг гаргуулан А-д олгож, хариуцагч В-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

4.2. Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээд уг хөрөнгийг бүхэлд нь буцаан шилжүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 70,000,000 төгрөгийг хариуцагч Б-д хариуцуулж гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцэж байна.

Энэ үндэслэлээр Б-, түүний өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэгч нь хариуцагч нараас хувь тэнцүүлэн 70,000,000 төгрөгийг шаардсан тул 35,000,000 төгрөгийг Б- хариуцах эсэхэд шүүх дүгнэлт өгөх ёстой байсан гэх гомдлыг хангахгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б- болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/00546 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Т.БАДРАХ