Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2023/00531

 

 

 

 

 

 

 

 

                             2023        01          20

            101/ШШ2023/00531

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Б /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  “З” ХХК /рд:/-д холбогдох

 

Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, , Энхтайваны өргөн чөлөө гудамж, байр, тоотод байрлах давхрын м.кв талбай бүхий худалдааны талбайг өмчлөлд шилжүүлэхийг даалгах, 33,152,460 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний үүргийг нэхэмжлэгч зөрчиж гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Д.Р, өмгөөлөгч Д.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Б миний бие анх 1935 онд ашиглалтад орсон, Баянзүрх дүүргийн дүгээр хороо,  дугаар хороолол,  дугаар байрны тоотод байршилтай,  м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, Ү улсын бүртгэлийн дугаар бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг байсан. Гэвч тус байр нь цаашид хүн амьдрах боломжгүй гэсэн тул тухайн байрны оршин суугчид бид ярилцаж тохиролцоод дээрх орон сууцны барилгыг дахин төлөвлөлтөд оруулж шинээр орон сууцжуулахаар болж “З” ХХКомпанитай 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний дагуу тухайн орон сууцны өмчлөгч нарын орон сууцны талбайн хэмжээг дахин хэмжиж тогтоон, шинэ орон сууц баригдаж дуусах үед өмчлөгч тус бүрийн талбайн хэмжээг 20 м.кв-аар нэмэгдүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу иргэн Ч.Б миний  дүгээр давхарт  м.кв хэмжээтэй худалдааны талбайг өгөхөөр болсон. Ингээд гэрээ байгуулсны дараа миний бие өөрийн өмчилж байсан 6 тоот дахь үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгөө хариуцагч талд хүлээлгэн өгсөн бөгөөд 2014 оны 12 сараас манай гэр бүл хүндэтгэх шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл гадаад улсад амьдарч байна. Энэ хооронд буюу 2018 онд манай гэр бүл 3 сарын хугацаатай Монголд ирсэн ба биднийг байх хугацаанд хариуцагч компаниас оршин суугчидтай уулзахаар товлосон хуралд миний нөхөр М оролцохыг хүссэн боловч тус компанийн ажилтан Ц гэгч нь хурал болох өдрийн цагийг буруу хэлсний улмаас тухайн хуралд оролцож чадаагүй. Ийнхүү хурлаас хоцорсон бидэнд барилгын тухай ямар ч мэдээлэл байхгүй байсан тул бид барилга дээр тохирч уулзахад Ц нь уг барилга дээр 1-р давхар гэж байхгүй, энэ барилгын 1-р давхар бол энэ гэж подвалаа үзүүлэн худал мэдээлэл бидэнд өгч байсан. 2018 онд хуралд оролцуулаагүй, 2019 онд үнэн зөв мэдээлэл өгөхгүй байсан учраас миний хүү М.Б барилга дээр очиход тус компанийн ажилтан Ц мөн л дагуулан явж манай барилга 1-р давхар байхгүй, энэ барилгын 1-р давхар бол энэ гэж дахин подвалаа үзүүлж, подвалд талбай тасалж ав, эсвэл 3 өрөө байр аваад зөрүү мөнгийг манай компанид төл гэж тулгасан байдаг. Гэрээгээр тохиролцсон, хүлээж байсан р давхрын  м.кв үйлчилгээний талбай байхгүй гэхэд нь бид их цочирдсон бөгөөд подвалд талбай тасалж авах, эсвэл зөрүү мөнгө төлж 3 өрөө байр авах тулгалтыг нь бид хүлээн зөвшөөрөөгүй тул энэ тухайгаа хариуцагч компанид цахим шуудангаар захидал илгээж байсан. Өөрөөр хэлбэл, бид гэрээгээр тохиролцсоны дагуу м.кв “Худалдааны талбай”-г л хүлээн авах ёстой, хариуцагч ч мөн 70 м.кв “Худалдааны тллбай -г хүлээлгэн өгөх ёстой. Гэтэл 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэн намайг орон сууц хүлээн авахгүй /гэрээний дагуу миний бие орон сууц биш худалдааны талбай өмчлөх эрхтэй/ гэрээний үүргээ биелүүлэхгүй байна хэмээн үзэж хариуцагч компани нь гэрээнээс татгалзах, учирсан гэх хохирлоо нэхэмжилнэ гэдэг албан бичиг цахим шуудангаар илгээсэн байх тул бид энэ асуудлаа шийдвэрлүүлэхээр Монгол Улсад ирлээ. Ирсэн даруйдаа бид тухайн барилга дээр очиж үзэхэд, барилга ашиглалтад орсон төдийгүй миний өмчлөлд шилжүүлэх ёстой  м.кв талбай бүхий худалдааны талбайг  сүлжээ дэлгүүрт түрээслүүлэн ашиглаж байна. Уг худалдааны талбайг иргэн Ч.Б надад өгөхгүй гэж байна. Иймд миний бие дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “З” ХХК-ийн иргэн Ч.Б миний өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлж, Баянзүрх дүүрэг,  хороо,  хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж,  байрны  тоотод байрлах р давхрын  м.кв талбай бүхий худалдааны талбайг иргэн миний өмчлөлд шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Ч.Бийн нэхэмжлэлтэй, “З” ХХК- д холбогдох иргэний хэрэгт миний бие нэхэмжлэгчээр оролцож байгаа билээ. Миний бие өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй ” гэж заасны дагуу доорх байдлаар ихэсгэж байна.

Нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж буй үндэслэл:

Миний бие тус шүүхэд 2021 оны 7 дугаар сарын 9-ны өдөр “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “З” ХХК-ийн иргэн Ч.Б миний өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлж, Баянзүрх дүүрэг, хороо  хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж,  байрны  тоотод байрлах  давхрын  м.кв талбай бүхий худалдааны талбайг Ч.Б миний өмчлөлд шилжүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан билээ. Дээрх нэхэмжлэлийн агуулга хэсэгт бид “ ....гэрээ байгуулсны дараа буюу 2014 оны 12 дугаар сараас манай гэр бүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гадаад улс руу явахаар болсон тухай дурдаж байсан. Учир нь миний хүү өвчний улмаас Канад улс руу явж эмчлүүлэх шаардлага гарсан бөгөөд тэнд заавал эмчийн хяналт дор байх ёстой гэсэн учраас бид өнөөдрийг хүртэл Канад улсад амьдарч байна. Гэтэл “З” ХХК-аас 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “...гэрээний үүргээ биелүүлэхгүй байна , гэрээнээс татгалзах, учирсан гэх хохирлоо нэхэмжилнэ гэсэн утга бүхий албан бичиг цахим шуудангаар илгээсэн байсан бөгөөд энэхүү асуудлаа шийдвэрлүүлэхээр бид Монголд ирсэн. Бид уг асуудлаар өмнө буюу 2018 онд 3 сарын хугацаатай Монголд ирсэн ч уг асуудлаа шийдвэрлүүлж чадалгүй буцаж байсан.

Ингээд дээрх 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгийг хүлээж аваад Канадаас Монголд 2021 оны 6 дугаар сарын 29-өдөр ирсэн бөгөөд Канадаас Монголд ирэх нислэгийн тийзийн төлбөрүүд, байрласан зочид буудлын төлбөр, PCR шинжилгээ гэх мэт бүх зардлыг өөрсдөөсөө гаргасан. Үүнд:

Машины түрээс Calgary хотоос Vancouver- 687$*2270=1,559,500 төгрөг;

Vancouver зочид буудлын төлбөр- 164*2270=372,280 төгрөг;

PCR шинжилгээний төлбөр- 4*150=600$  600*2270=1,362,000 төгрөг;

Incheon зочид буудлын төлбөр- 184$*2270=417,680 төгрөг;

Vancouver хотоос Incheon нисэх онгоцны зардал- 11,050,400 төгрөг;

Incheon нисэх буудлаас Улаанбаатар руу ниссэн зардал- 4,160,600 төгрөг;

Онцгой байдлын зардал- 4 хүн 1,080,000 төгрөг;

Өмгөөлөгчийн хөлс- 13,000,000 төгрөг;

Орчуулгын зардал- 150,000 төгрөг.

Эдгээр зардал нийт 33,152,460 төгрөг болсон бөгөөд хариуцагч “З” ХХК нь уг төлбөрүүдийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т заасны дагуу хариуцан төлж, учирсан хохирлыг арилгах үүрэгтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлж буй шаардлага:

Иймд нэхэмжлэгч Ч.Б миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа доорх байдлаар нэмэгдүүлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэж өгнө үү.

-              Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “З” ХХК-ийн иргэн Ч.Б миний өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлж, Баянзүрх дүүрэг,  хороо  хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж,  байрны  тоотод байрлах  давхрын  м.кв талбай бүхий худалдааны талбайг Ч.Б миний өмчлөлд шилжүүлэхийг даалгах;

-               Хариуцагч “З” ХХК-ийн үүргээ биелүүлээгүйн улмаас бидэнд учирсан хохирол /зардал/-д нийт 33,152,460 төгрөгийг гаргуулах.

Тус шүүхэд хянан шийдвэрлэж буй Ч.Бийн нэхэмжлэлтэй “З” ХХКомпанид холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад, уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

Ч.Б нь өөрийн өмчлөлийн, орон сууцны 1 дүгээр давхарт байрлаж байсан, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч “З” ХХКомпанид “мөн ижил 1 дүгээр давхарт байрлалтай, 70 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай” авахаар харилцан тохиролцож, өмчлөлд нь шилжүүлсэн байдаг. Энэ нь тухайн гэрээний хавсралт зургаар хангалттай нотлогдоно. Нэхэмжлэгч нь гарцаагүй шаардлагын улмаас Канад улс руу явсан бөгөөд хариуцагчтай цахим шуудангаар байнга харилцаж байсан. Гэтэл хариуцагч нь хэд хэдэн удаа барилгын архитектур төлөвлөлтийг өөрчилж, нэхэмжлэгчийг зөвшөөрөөгүй байхад гэрээг шинэчлэх нэрээр,  тоот гэх хаягт байрлах, зоорийн давхрын талбайг санал болгосон тул түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. Хариуцагч нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээнээс татгалзахаа илэрхийлсэн тул нэхэмжлэгч нь арга буюу Монгол Улсад ирж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болно. Нэгэнт хариуцагч талын барьсан барилгын  дүгээр давхарт  тоот хаягт байрлах талбай л үйлчилгээний талбай байсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа уг хаягаар тодорхойлсон нь хууль зөрчөөгүй юм. Иймд нэхэмжлэгч Ч.Бийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийг дахин төлөвлөлтөд оруулж талбайгаа шилжүүлж өгсөн. Үйлчилгээний талбай хүлээлгэж өгсөн тул үйлчилгээний талбай хүлээж авна гэсэн. Гэтэл хариуцагч өгөхгүй гэсэн. Иргэний хуулийн 9-д зааснаар үйлчилгээний талбай хүлээлгэж өгөхийг даалгана. Мөн 9.4.3-т зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 33 152 460 гаргуулна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд барилга нь хуучин нэг л үйлчилгээний талбайтай байсан. Шинэ барилгад бас л ганц л үйлчилгээний талбай байгаа юм. Иймд бид энэ талбайг л авна гэдэг бөгөөд энэ нь 01-01 гэж хаягласан байгаа тул бид үүнийг л нэхэж байгаа юм. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Анхны гэрээний 2.6-д одоогийн орон сууцны талбай дээр 20 м.кв нэмж тооцно гэсэн нь өмнөх байршлыг илэрхийлж байна. 3.3-д бидний өмнөх талбайг баталгаажуулж байна. Бид анх хэлцэл хийхдээ өмнө байсан байршил дээр худалдааны талбай авна гэж тохиролцсон. Нэхэмжлэгчийн нөхөртэй 40 жил нөхөрлөж байгаа тул амьдралыг нь сайн мэднэ. Хүүхдүүд нь саажилттай. Тухайн үед цар тахлын үе байсан тул гэр бүл салах боломжгүй юм. Иймд гэр бүлээрээ цуг ирэх болсон.

Нэхэмжлэгч нь гэрээ байгуулаад гадаад улсад амьдрах шаардлагатай болсон. 2021 оны 6 сар хүртэл байнга хариуцагчтай цахимаар харьцаж байсан. Ингэхэд хариуцагч нь шинэчилсэн зураг явуулснаар маргаан үүссэн. 2021.6.21-нд хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцална гэсэн. Ингээд монголд ирж нэхэмжлэл гаргасан. Учирсан хохирол нь монголд ирэх болон буудал, тусгаарлалт, өмгөөлөгч орчуулгын зардал Иргэний хуулийн 227.4-р гаргуулна. Мэйлээр 1 давхар гээд палан зураг ирүүлдэг. Анхны гэрээний 1 давхрын палан зураг 1 дүгээр хавтаст хэргийн 51, харилцсан мэйлийн 79 хуудсанд Маас Ц уруу явуулсан, Цаас эхэлж ирсэн мэйлд 1-р давхрын зургийг хавсаргаж явууллаа гэсэн байгаа. 78-д Цаас ирүүлсэн 1-р давхрын байгуулалтын зураг байна. 86-д Цаас М уруу мэйл явуулахдаа таны хуучин байрлал зүүн хойд байсан бөгөөд бидний санал болгож байгаа баруун хойд буюу илүү нар үзэх байрлал санал болгож байна гэсэн байдаг. Хохирлын 33 152 460 төгрөг нь дараах байдлаар  тайлбарлана. Нэмэгдүүлсэн шаардлагын тодруулгыг дэмжинэ.

  • Канадаас Ванкувер хүртэл машин түрээсэлсэн зардал 687 доллар буюу 1 559 500 төгрөг
  • Ванкуверт 1 хоносон буудлын төлбөр 372 280 төгрөг
  • Цар тахлын шинжилгээ 1 хүний 150 доллар гээд 600 доллар буюу 1 362 000 төгрөг
  • Инчон хүртэл онгоцны зардал 4 хүн 11 050 400 төгрөг
  • Инчон дээр буудал 4 хүн 417 680 төгрөг
  • Улаанбаатар хүртэл 4 хүн 4 160 600 төгрөг
  • Тусгаарлалтын зардал 4 хүн 1 080 000 төгрөг
  • Өмгөөлөгчийн хөлс 13 000 000 төгрөг,баримт нь 1 дүгээр хавтас хэргийн 226
  • Орчуулгын зардалд 150 000 төгрөг

Зайшгүй 4 хүн монголд ирэх шаардлагатай гэсэн баримтыг хэрэгт өгөөгүй байна. 2014.10.2-нд гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу үйлчилгээний зориулалттай байрыг хүлээлгэж өгсөн. Ингэхдээ талбайн хэмжээг ихэсгэж худалдааны талбай өгөхөөр тохиролцсон. Иргэний хуулийн 274-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан байна. дүгээр талбайд ганц л байгаа талбай юм. Гэтэл хариуцагч нь зоорийн давхрын талбай өгөх гээд байдаг юм. Үзлэгээр шатыг тоолоход доошоо гэдэг нь тогтоогдож байгаа юм. Хариуцагч нь талбайг шилжүүлж өгөх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Цахим шуудангаар харилцаж байсан баримтаар хангалттай нотлогдоно. Аргагүй байдлын улмаас нэлээд хэмжээний зардал гаргаж ирсэн. Иймд Иргэний хуулийн 227 зааснаар хохирлыг арилгахаар хуульчилж өгсөн. Сөргийн хувьд хариуцагч нь үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзах эрхгүй. Зохигчдын хооронд арилжааны гэрээ үүссэн.  тоот нь хариуцагчийн өмч болох тухай гэрчилгээ байгаа бөгөөд -н өмч гэдэг нь нотлогдоогүй. Улмаар захирамжаар худалдахыг хориглосон байдаг. Үзлэгээр гарсан зардлыг тооцсон бөгөөд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон юм. Гэр бүлийн гишүүн нь тул хамааралгүй гэдэг нь үндэслэлгүй. Хариуцагчийн төлөөлөгч нь нөхөртэй нь харилцдаг байсан нь тогтоогдож байгаа юм. Хэрэгт байгаа гэрээний төслүүд нь хариуцагчаас ирүүлсэн төсөл юм. Хариуцагч нь гэрээнээс татгалзах санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй юм гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Г нь шүүхэд гаргасан тайлбар, төлөөлөгч Г.Ц нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, өмгөөлөгч Ц.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд иргэн Ч.Бийн нэхэмжлэлтэй, “З” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэргийн материалтай танилцахад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хуулийн болон бодит үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай компани нь иргэн Ч.Бтэй “хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон билээ. Бид нэг гэрээний 2 тал болж хамтран ажиллахаар болж гэрээгээр манай компани нь иргэн Ч.Бт худалдаа үйлчилгээний  м.кв талбайг ашиглалтад оруулж өгөхөөр харилцан тохиролцож улмаар гэрээг холбогдох хуулийн дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан юм. Ингээд бидний хооронд байгуулсан гэрээний дагуу манай компани өөрийн үйл ажиллагааны хүрээнд гэрээнд тохирсон ёсоор худалдаа үйлчилгээний талбайг барьж ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг. Энэ хугацаанд бид үйлчилгээний талбайг ашиглалтад оруулахад захиалагч талаас шаардагдах эрх, үүргээ хэрэгжүүлэх талаар удаа дараа шаардлага тавьсан хэдий ч иргэн Ч.Б нь гэрээний үүргийн талаар хариу өгөхгүй байсаар байгаад гэрээгээр тохирсон худалдаа үйлчилгээний талбайг  хаягт байрлах талбайг авна гэж гэрээнд тохироогүй, гэрээнд заагаагүй хаягт байршлыг сонгосноор талуудын хооронд маргаан үүсэж эхэлсэн. Бид иргэн Ч.Бтэй өнөөдрийн байдлаар цаасан дээр хараар бичсэн гэрээнд худалдаа үйлчилгээний 01-01 хаягт байрлах талбайг өгнө гэж харилцан тохирсон зүйл байхгүй өөрөөр хэлбэл бид гэрээгээр худалдаа үйлчилгээний 70 м.кв талбайг олгоно гэж тохирсны дагуу бид уг талбайг барьж ашиглалтад оруулж өгсөн  гэх хаягжилт олгогдсон байдаг. Гэтэл гэрээнд  гэж хаягжилт тусгагдаагүй атал иргэн Ч.Б нь өөрийн үзэмжээр асуудалд хандаж маргаан үүсгэн гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүйгээс гадна манай компанийг гэрээний үүрэг зөрчсөн мэтээр шүүхэд хариуцагчаар татан оролцуулж байгаа билээ. Бид ийнхүү хуулиар олгогдсон сөрөг нэхэмжлэл гаргах эрх эдлэх үндсэн эрхийн дагуу шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа юм. Иймийн учир хариуцагч иргэн Ч.Б нь бидний хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай компани нь иргэн Бтэй “хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний 10.1 дэх заасны дагуу үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа билээ.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай компани нь иргэн Ч.Бтэй “хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний үүргийг хариуцагч иргэн Ч.Б зөрчиж гэрээнээс татгалзсан болохыг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгчийн хэлээд байгаа  биш эхний үзлэгт дурдсан талбай, эсхүл дээшээ аль нэг талбайг тохиролцъё гэж хэлдэг. Нэхэмжлэгчийн хуучин байрлал нь одоо бол бүр өөр газар болоод байдаг юм. Эхний дүгнэлтийн талбайг өгөхийг зөвшөөрнө. Мөн өөр талбай дээр тохиролцоо хийхэд бэлэн байгаа юм. Иргэний хуулийн 274-д заасан арилжааны гэрээ үүссэн. Нэхэмжлэгч нь үүргээ биелүүлсэн гэж байна. Гэтэл арилжааны гэрээний харилцаа үүсээгүй. Гэтэл талууд нэг нь ашиглах боломжгүй талбайг шилжүүлж өгч нөгөө нь барих үүрэгтэй тул Иргэний хуулийн 243 болон 343-н шинжтэй гэрээ байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь нийт захиалагч нартай байгуулсан тул зөвхөн нэхэмжлэгчид зориулсан гэрээ биш юм. Нэхэмжлэгчийн судлуулсан зураг нь хариуцагчийн өгье гээд байгаа хаяавчийн давхар байна. Гэрээн дээр 1 давхрын гэсэн зүйл байхгүй байна. Гэрээ нь хуульд нийцсэн байх ёстой. Олон өмчлөгчтэй байгуулсан гэрээ бөгөөд нэхэмжлэгч нь талбайн зориулалт байршлын талаар маргаж эхэлсэн. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хуучин байршилд авъя гэж байна. Тэнд талбай байхгүй. CU нь өөр тийшээ харсан байгаа юм. Хариуцагч нь дахин төлөвлөлт хийсэн. Нэхэмжлэгч нь  м.кв талбайтай байна. Улмаар дахин хэмжээд 50 м.кв болсон боловч 70 м.кв өгье гэсэн. Талууд талбайн хэмжээн дээр маргаагүй. 01-01 тоотыг хэн тодорхойлж байна вэ. Мөн CU нь 80 гаран м.кв талбайтай байдаг. Дүгнэлтээр хаяавчийн давхар гэснээс биш хаяг тодорхойлоогүй юм. Хуучин байршил нь авто зогсоол болсон байдаг. Бид нар талбайгаа өгнө гэхдээ 01-01 гэж тохиролцоогүй. Мөн өөр талбай өгч болно гэдэг боловч тохиролцдоггүй. Хохирлын хувьд Иргэний хуулийн 227 ярьж байна. Хохирол учирсан бол хохирол шаардах эрхтэй. Гэвч үндэслэлтэй байх ёстой. Маш их доллар нэхдэг ба яаж тооцсон нь тодорхойгүй. Мөн хэргийн оролцогч биш этгээдийн зардал байна. Мөн гэрээ зөрчсөн хохирол мөн эсэх. Бид гэрээг дүгнэх ёстой. Гэрээний 2.6-д зааснаар адил угаалгатай гэх боловч ингэж дүгнэх боломжгүй. Мөн гэрээг хэн аль нь зөрчөөд байна. Захиалагч өөрөө талбайг авахгүй гэрээнээс татгалзаад байна. CU-н талбайг авна гэдэг боловч энэ талбайг тухайн компанид худалдчихсан. Тусдаа гэрчилгээтэй байгаа юм. 2 удаагийн дүгнэлтээр маргаанд гүйцэд дүгнэлт өгөөгүй. Зөвхөн  нь хаяавч л гэдэг. Цахим шуудангаар харилцсан асуудал ярьж байна. Хэргийн оролцогчоос өөр этгээдээр дамжсан байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэл нь Иргэний хуулийн 204 зааснаар хариуцагч нь гэрээнээс татгалзаад байгаа юм. Учир нь нэхэмжлэгч нь тохиролцсон талбайгаа авахгүй байна гэж үзэж байгаа юм. Тодруулбал, нэхэмжлэгч нь талбайгаа авахгүй байна. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй тул  гэрээнээс татгалзсан байна. Гэхдээ бид гэрээнээс татгалзсан хохирлын асуудлыг яриагүй гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хүсэлтийн хуулбар /1-р хх4/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн  дугаар гэрчилгээний хуулбар /1-р хх4/, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээний хуулбар /1-р хх7-41/, 2014 оны орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх гэрээний хуулбар /1-р хх42-48/, өөрийн гадаад паспортын хуулбар /1-р хх103-104/, кассын орлогын ордер /1-р хх143/, орлогын ордер /1-р хх226/, “А” СӨХ-ны 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3 дугаар албан тоот /1-р хх227/, “П” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 201/21 дугаар албан тоот, түүний хавсралт /2-р хх23-25/, орон сууц өмчлөх эрх шилжүүлэх гэрээний хуулбар /2-р хх26-32/, 4 ширхэг гэрэл зураг /2-р хх58-61/, Голомт банк дахь өөрийн дансны хуулга /2-р хх62/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт 3 ширхэг /2-р хх185-187/, 4 ширхэг гэрэл зураг /3-р хх65-68/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн архитектор төлөвлөлтийн даалгаврын хуулбар /1-р хх230/, барилгажих талбайн схем зургийн хуулбар /1-р хх231/, 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн архитектор төлөвлөлтийн даалгаврын хуулбар /1-р хх232/, палан зургийн хуулбар /1-р хх233/, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн архитектор төлөвлөлтийн даалгаврын хуулбар /1-р хх234-235/, барилгажих талбайн схем зургийн хуулбар /1-р хх236/, барилгын палан зургийн хуулбар /1-р хх237, 238/, “З” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн албан тоот /1-р хх239/, 26-ны өдрийн албан тоот /1-р хх241/, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн албан тоот /1-р хх243/, 06 дугаар сарын 10-ны өдрийн албан тоот /1-р хх245/, 21-ны өдрийн албан тоот /1-р хх247/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /1-р хх249-250/, кадастрын зургийн хуулбар /2-р хх1, 3/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000806780 дугаар гэрчилгээний хуулбар /2-р хх2/, “Американ дэнж” СӨХ-ны 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаар албан тоотын хуулбар /2-р хх4/, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000017257 дугаар гэрчилгээний хуулбар /2-р хх5/, 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын хуудасны хуулбар /2-р хх63-65/, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019/247 дугаар дүгнэлтийн хуулбар /2-р хх71-77/, барилгын ажлын зураг /2-р хх131-156/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримт: 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хийсэн үзлэгийн тэмдэглэл, хавсралтууд /2-р хх39-40, 42-43/, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралтууд /2-р хх45-56/, 07-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралтууд /2-р хх91-108/, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2-р хх189-190/, 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, хавсралтууд /2-р хх221-227/, Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 1/242 дугаар албан тоот, хавсралт /2-р хх229-230/, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2-р хх45-47/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр  дүгээр давхарт байрлалтай, . м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, хохиролд нийт 33,152,460 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагч нь 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээний нэхэмжлэгч Ч.Бт холбогдох хэсгээс татгалзсан болохыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Б нь Баянзүрх дүүрэг, дүгээр хороо,  дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж,  байр,  тоот хаягт байрлах  давхрын  м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 33,152,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч “З” ХХК нь гэрээнд 1 дүгээр давхар гэж тохиролцоогүй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд заасан үйлчилгээний талбайг хүлээн аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, улмаар гэрээнээс татгалзсаныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нь 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол,  дугаар байрны  оршин суугчтай хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. /1-р хх7-38/

Гэрээний талууд дээрх  дугаар байрыг дахин төлөвлөлтөд оруулахаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн хувьд өөрийн өмчлөлийн  тоот,  м.кв талбайг дахин хэмжилт хийх замаар  м.кв болохыг харилцан тохиролцсон. /1-р хх4, 12/

Нэхэмжлэгч нь  тоот хаягт байрлах  м.кв гэж бүртгэгдсэн талбайн өмчлөх эрхийг 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. /2-р хх26-32/

Улмаар хариуцагч нь шинээр баригдах барилгаас  м.кв талбай олгохоор тохиролцсон байна. /1-р хх14/

Хариуцагч нь гэрээнд заасны дагуу  дугаар байрны байрлаж байсан газарт шинээр зоорьтой, 14 давхар, орон сууц, үйлчилгээ, автомашины дулаан зогсоолтой барилга барьж ашиглалтад оруулсан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2019/247 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна. /2-р хх71-77/

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Эдгээр үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь шинээр баригдах барилгад үйлчилгээний талбай захиалан бариулах, төлбөрт дээрх өөрийн өмчлөлийн  тоот үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон. Үүнийг дүгнэвэл иргэний эрх зүйн харилцааны зорилго нь хариуцагч нь  дугаар байр байрлах газарт шинээр барилга барих, нэхэмжлэгч нь уг барилгаас тохиролцсон хэмжээгээр үйлчилгээний талбай захиалж, өмчлөхөөр тохиролцсон байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь өөрийн болон захиалагчийн материалаар ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэг хүлээдэг.

Зохигчид нэхэмжлэгчийг ажлын хөлсөнд өөрийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, хариуцагч нь барилыг барьж буюу ажлыг гүйцэтгэсэн үйл баримтын талаар маргаагүй.

 

Харин маргааны зүйл нь нэхэмжлэгчийн газрын 0.00 тэнхлэгээс дээш буюу 1 дүгээр давхарт байрлах  гэж дугаарласан талбайг хүлээн авна гэж тайлбарласан бол хариуцагч нь үйлчилгээний талбай олгохыг зөвшөөрсөн боловч уг талбай нь 1 дүгээр давхарт байхаар тохиролцоогүй гэж маргаж байна.

Улмаар хариуцагч нь Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлтэд дурдсан хаяавчийн давхарт байрлах  м.кв үйлчилгээний талбай, эсхүл орон сууцны зориулалттай талбай олгохыг зөвшөөрч байна. /2-р хх189-190/

Энэхүү дүгнэлтээр хаяавчийн давхарт байрлах талбайг  гэж дугаарласан байх бөгөөд Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 1/242 дугаар тоотод дээрх дүгнэлтийг зоорийн давхрын байгуулалтын       м-т байрлах технологийн байгуулалтын зурагт 14 гэж дугаарласан талбайд үзлэг хийх замаар гаргасан тайлбарласан. /2-р хх229-230/

Гэвч нэхэмжлэлд дурдсанаар  тоот талбайг шаардсан боловч энэ талбай нь хаяавчийн гэх давхарт хамаарч байгаа тул нэхэмжлэгч нь хүлээн авахаас татгалзаж байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээнд зааснаар хариуцагч нь 70 м.кв худалдааны буюу үйлчилгээний гэж ойлгогдохоор талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна. /1-р хх14/

Өөрөөр хэлбэл, үйлчилгээний талбайг 1 дүгээр давхарт олгохоор тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь цахим шуудангаар 1 дүгээр давхрын палан зураг ирүүлсэн, мөн цахим шуудангаар 1 дүгээр давхарт талбай өгнө гэж мэдэгдсэн, цахим шуудангаар ирүүлсэн баримтаар 1 давхрын талбай байсан гэж тайлбарласан.

Зохигчид хэн аль нь хууль зүйн туслалцаа авч байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогчид өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

Хэргийн оролцогчийн хүсэлтээр 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хийсэн 2 удаагийн үзлэгээр бэхжүүлсэн гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болох боломжгүй. /2-р хх39-43/

Учир нь эдгээр үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримттай тохирч байна гэсэн бөгөөд харин үзлэгээр баримт бэхжүүлээгүй байна. Тодруулбал, үзлэг хийх замаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа нь тухайн объектод үзлэг хийж, улмаар бэхжүүлж буй нотлох баримтыг тэмдэглэлд тусгасан байх учиртай юм.

Түүнчлэн хэргийн оролцогч биш этгээд болох З.Мтай цахим шуудангаар харилцсан нь зохигчдын хоорондын тохиролцоог нотлохгүй. Учир нь хэдийгээр нэхэмжлэгч Ч.Б болон З.М нар нь гэр бүлийн гишүүд гэх боловч эрх зүйн хувьд тусдаа субъект юм.

Үүнээс гадна зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц өмчлөх эрх шилжүүлэх гэрээнд шинээр баригдах барилгаас нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх талбайн талаар зохицуулаагүй. Цаашлаад, уг гэрээний удиртгал хэсгийн Монгол үсгээр В гэж дугаарласан хэсэгт талууд хамтын ажиллагааны гэрээний нөхцөл, болзлын дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх шинэ орон сууцны өмчлөх эрх байхыг харилцан зөвшөөрсөн бөгөөд дээр дурдсан хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээнд үйлчилгээний талбай олгохоор тохиролцсон боловч давхрын тодорхойлоогүй. /2-р хх26-32, 1-р хх14/

Харин нэхэмжлэгчид олгох талбайн талаар зохицуулсан гэх орон сууц захиалгын гэрээ нь гарын үсэг зурагдаж хүчин төгөлдөр болоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Түүнчлэн уг гэрээнд мөн адил нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх талбайг 70.31 м.кв, үнийг нийт 351,550,000, 01-02 тоот гэсэн боловч давхрын байршлыг тодорхойгүй бөгөөд хариуцагч нь 01-02 гэж дугаарласан талбайг хүлээлгэн өгөхийг зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй.

 

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээний 2.3, 3.3-т зааснаар 1 дүгээр давхарт үйлчилгээний талбайг олгохоор тохиролцсон гэж маргасан.

Гэвч энэхүү гэрээ нь хуучин байсан 60 дугаар байрны нийт өмчлөгч нартай байгуулсан гэрээ бөгөөд нэхэмжлэгчийн хувьд олгох талбайн хэмжээ, зориулалтыг зохицуулсан боловч давхрын байршлыг тодорхойлоогүй.

 

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч тал 1 дүгээр давхарт үйлчилгээний талбай олгохоор тохиролцсон гэх тайлбараа нотлоогүй, өөрөөр хэлбэл, зохигчид энэ талаар тохиролцоогүй байна.

 

Иймд 1 дүгээр давхарт байрлах,  м.кв үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

Нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирлын хувьд:

Нэхэмжлэгч нь хохирлыг Vancouver хот хүртэлх машин түрээсэлсэн зардал 687 доллар буюу 1,559,500 төгрөг, тус хотод 1 хоносон зочид буудлын төлбөр 372,280 төгрөг, цар тахлын шинжилгээ 1 хүний 150 доллар, 4 хүний 600 доллар буюу 1,362,000 төгрөг, Incheon онгоцны буудал хүртэлх зардал 4 хүний 11,050,400 төгрөг, Incheon онгоцны буудал дээрх зочид буудал 4 хүний 417,680 төгрөг, Улаанбаатар хот хүртэл 4 хүний онгоцны зардал 4,160,600 төгрөг, тусгаарлалтын зардал 4 хүний 1,080,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 13,000,000 төгрөг, орчуулгын зардалд 150,000 төгрөг, нийт 33,152,460 төгрөг гэж тодорхойлсон.

 

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар хохирол шаардаж байгаа гэж хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж байна.

Гэвч Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан нь үүрэг гүйцэтгүүлэгч мөн хуулийн 225 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэрээнээс татгалзсанаар үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэхтэй холбоотой зохицуулалт юм. Цаашлаад мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т заасан нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө, эсхүл бусдаар үүргийг гүйцэтгүүлж, учирсан хохирлоо шаардах эрхийн талаарх зохицуулалт юм.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаагүй, харин гэрээний үүрэг шаардаж байна.

Улмаар хариуцагч нь гэрээгээр тохиролцсоны дагуу 70 м.кв үйлчилгээний талбай олгохыг зөвшөөрсөн боловч нэхэмжлэгч нь талбайн давхрын байршлын талаар маргаж, Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлтэд дурдсан хаяавчийн давхарт байрлах, 01-01 тоот, 70 м.кв үйлчилгээний талбайг хүлээн авахаас татгалзсан.

 

Энэхүү үндэслэлээр хариуцагч нь гэрээнд зааснаар 70 м.кв талбайг хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн, харин нэхэмжлэгч нь хүлээн авахаас татгалзсан тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хохирол шаардах эрхгүй.

 

Энд хэргийн оролцогч биш этгээд Монгол улсад ирэхтэй холбогдох зардал болон өмгөөлөгчийн хөлс нь хохиролд хамаарахгүйг дурдах нь зүйтэй. Учир нь иргэний эрх зүйн маргаанд хууль зүйн туслалцаа авах нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос шууд хамаарна. Тодруулбал, үүнд хариуцагч хамааралгүй юм.

Мөн орчуулгын баримтуудын эх хувь нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Иймд хохиролд холбогдох нийт 33,152,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн тул хариуцагчийн санаачилгаар гэрээнээс татгалзсаныг тогтоолгох гэж шаардлагыг тодорхойлж, шүүх хүлээн авсан байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авах болон хөлс төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц өмчлөх эрх шилжүүлэх гэрээнд заасны дагуу дээр дурдсан өөрийн өмчлөлийн 6 тоот хаягт байрлах үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул нэхэмжлэгчийг хөлс төлөх үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагчийн олгосон үйлчилгээний зориулалттай 70 м.кв талбайг хүлээн авахаас татгалзаж, маргасан тул нэхэмжлэгчийг ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагчид хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээний нэхэмжлэгчид холбогдох хэсгээс татгалзах эрх үүссэн байна.

 

Улмаар хариуцагч нь гэрээнээс татгалзсан тул зохигч хэн аль нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хохирол учирсан гэж үзвэл энэ талаар жич нэхэмжлэл гаргах эрх нээлттэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                  ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч “З” ХХК-д холбогдох Баянзүрх дүүрэг, дүгээр хороо,  дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж,  байр,  тоот хаягт байрлах,  дүгээр давхрын  м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 33,152,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч “З” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээний нэхэмжлэгч Ч.Бт холбогдох хэсгээс татгалзсаныг тогтоосугай.

 

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 1,362,095 төгрөг, хариуцагчийн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж, хариуцагчид олгосугай.

 

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ГАНБОЛД