Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00787

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00787

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/00531 дугаар шийдвэртэй,

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй, З- ХХК-д холбогдох,

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0001 тоотод байх 1 давхрын 70 м.кв талбай бүхий худалдааны талбайг өмчлөлд шилжүүлэхийг даалгах, 33,152,460 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний үүргийг нэхэмжлэгч зөрчиж гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар, Б.Цолмон, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ганзориг, Б.Батбаяр, Ц.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

а. Ч.Б- би 1935 онд ашиглалтад орсон, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 0002тоот, 30 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч. Тус байр нь цаашид хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан учир оршин суугчид ярилцаад барилгыг дахин төлөвлөлтөд оруулж шинээр орон сууцжуулахаар болж З- ХХК-тай 2014 оны 10 сарын 02-ны өдөр Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу тухайн орон сууцны барилгыг өмчлөгч нараас шилжүүлэн авч, шинээр орон сууц баригдсаны дараа өмчлөгч тус бүрт ногдох талбайн хэмжээг 20 м.кв-аар нэмэгдүүлэн өгөхөөр тохиролцсоны дагуу надад 1 дүгээр давхрын 70 м.кв хэмжээтэй худалдааны талбайг өгөхөөр болсон.

Бид 2014 оны 12 сараас гэр бүлийн хамт өнөөдрийг хүртэл гадаад улсад амьдарч байна. 2018 онд бид Монголд түр ирэх үедээ болон хүү Б-ыг 2019 онд хариуцагчтай уулзахад ажилтан  Ц- нь уг барилгад 1-р давхар гэж байхгүй, 1-р давхар нь энэ гэж подвал үзүүлж, подвалд талбай тасалж ав, эсвэл 3 өрөө байр аваад зөрүү мөнгийг манай компанид төл гэж тулгасныг хүлээн зөвшөөрөөгүй ба энэ тухайгаа хариуцагчид цахимаар илгээж байсан.

Гэтэл 2021 оны 6 сарын 21-ний өдөр намайг орон сууц хүлээн авахгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй гэж хариуцагч нь гэрээнээс татгалзах, учирсан хохирлоо нэхэмжилнэ гэж цахим шуудан илгээсэн учир бид асуудлыг шийдвэрлэхээр ирсэн. Гэтэл барилга ашиглалтад орж миний өмчлөлд шилжүүлэх ёстой 70 м.кв худалдааны талбайг CU сүлжээ дэлгүүрт түрээслүүлсэн байх тул Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0001 тоотод байх 1-р давхрын 70 м.кв худалдааны талбайг миний өмчлөлд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргаж байна.

Миний хүү өвчний улмаас Канад улсруу эмчлүүлэх шаардлага гарч тэнд эмчийн хяналт байх ёстой учир бид өнөөдрийг хүртэл Канад улсад амьдарч байна. Гэтэл З- ХХК нь гэрээнээс татгалзаж хохирлоо нэхэмжилнэ гэсэн тул Канадаас 2021 оны 6 сарын 29-өдөр ирсэн. Канадаас Монголд ирэх нислэгийн тийз, зочид буудал, PCR шинжилгээ зэрэг бүх зардлаа гаргаж ирсэн. Үүнд: Канадаас Ванкувер хүртэл машин түрээсэлсэн зардал 687 доллар буюу 1,559,500 төгрөг, Ванкуверт 1 хоногийн буудлын төлбөр 372,280 төгрөг, Цар тахлын шинжилгээ 1 хүний 150 доллар гээд 600 доллар буюу 1,362,000 төгрөг, Инчон хүртэл онгоцны зардал 4 хүн 11,050,400 төгрөг, Инчон буудал 4 хүн 417,680 төгрөг, Улаанбаатар хүртэл 4 хүн 4,160,600 төгрөг, Тусгаарлалтын зардал 4 хүн 1,080,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 13,000,000 төгрөг, орчуулгын зардал 150,000 төгрөг, нийт 33,152,460 төгрөг болсныг хариуцагч З- ХХК-иас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар нэхэмжилж байна.

б. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ч.Б- нь өөрийн өмчлөлийн орон сууцыг гэрээний дагуу хариуцагч З- ХХК-д ижил 1 дүгээр давхарт байрлалтай, 70 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай авахаар тохиролцож шилжүүлсэн нь тухайн гэрээний хавсралт зургаар нотлогдоно. Гэтэл хариуцагч нь хэд хэдэн удаа барилгын архитектур төлөвлөлтийг өөрчилж, нэхэмжлэгчийг зөвшөөрөөгүй байхад гэрээг шинэчлэх нэрээр 01-02 тоот гэх хаягт байх зоорийн давхрын талбайг санал болгосон тул зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн агуулга:

а. Нэхэмжлэл нь хуулийн болон бодит үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

б. 2014 оны 10 сарын 02-нд манай компани иргэн Ч.Б-тэй дээрх гэрээг байгуулан Ч.Б-т худалдаа үйлчилгээний 70 м.кв талбайг ашиглалтад оруулж өгөхөөр харилцан тохиролцож, улмаар барилгыг ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд бид үйлчилгээний талбайг ашиглалтад оруулахад захиалагчаас шаардагдах эрх, үүргээ хэрэгжүүлэх талаар удаа дараа шаардлага тавьсан хэдий ч Ч.Б- нь гэрээний үүргийн талаар хариу өгөхгүй байсан. Гэрээгээр тохироогүй үйлчилгээний 01-01 тоот талбайг авна гэснээр маргаан үүссэн. Бидний байгуулсан гэрээнд 01-01 хаягтай талбайг өгөхөөр тохирсон зүйлгүй, харин гэрээгээр үйлчилгээний 70 м.кв талбайг олгоно гэж тохирсноор 01-02 гэх хаягжилт олгогдсон. Гэрээнд 01-01 гэж тусгагдаагүй атал нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хандаж маргаан үүсгэн гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй. Иймд Ч.Б- бидний хооронд байгуулсан 2014 оны 10 сарын 02-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 10.1-д зааснаар үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч З- ХХК-д холбогдох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0001 тоот хаягт байх, 1 дүгээр давхрын 70 м.кв талбайтай, үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, хохирол 33,152,460 төгрөг гаргуулах тухай Ч.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч З- ХХК нь 2014 оны 10 сарын 02-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээний нэхэмжлэгч Ч.Б-т холбогдох хэсгээс татгалзсаныг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн 1,362,095 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Түүнчлэн хуулийн 5 дугаар зүйл 5.2-т зааснаар шүүгч хараат бус байж хуульд захирагдах заалтыг зөрчиж нэг талд үйлчилж, хууль зөрчин тэгш хангаагүйд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийг хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг эсэргүүцэж маргаагүй мэтээр бичсэн нь үндэслэлгүй. Ч.Б- нь шүүх хуралдаанд талбайг 1 дүгээр давхарт гэдгийг анх амаар тохиролцсон, гэрээнд 1 давхарт худалдааны 70 м.кв талбайг авах тухай тохирч тусгасныг, гэрээ хийснээс хойшхи хугацаанд харилцсан цахим шууданг шүүхийн үзлэгээр хийсэн тэмдэглэл хэрэг байгааг тайлбарласан. Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гэрээнд заасан талбайг хүлээн аваагүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч хагас подвалд байх 159.55 м.кв талбайгаас тасалж 70 м.кв-ыг бидэнд өгөхөөр тохирсон мэтээр шүүхэд худал мэдүүлж байгааг шүүгч нотлохгүй, мэтгэлцэх зарчмыг хангахгүйгээр, мөн хариуцагчийн гэрээнээс татгалзсаныг тогтоолгох үндэслэлийг шүүгч нэхэмжлэгчээс асууж мэтгэлцүүлэхгүй, хэргийн баримтад үндэслэхгүйгээр шийдвэр гаргасан.

Шүүх шийдвэртээ гэрээний 70 м.кв талбай олгохоор тохиролцсон гэснийг 70 м.кв талбайг хаана ч авч болохоор гэж тайлбарлан бичсэн нь гэрээнд тохиролцсон нэхэмжлэгчийн нөхцөлийг дордуулан бодит байдлыг үгүйсгэж, хариуцагчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн ба үүнийг үгүйсгэх баримт нь хэргийн1 хавтас 14 талд байгаа. Шүүхийн шийдвэрт хариуцагч нь Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 04 сарын 12-ны өдрийн дүгнэлтэд дурдсан хаяавчийн давхарт байх 70 м.кв үйлчилгээний талбай эсхүл орон сууц олгохыг зөвшөөрч байна гэсэн нь шинжээчийн дүгнэлтийг гуйвуулсан байна. Учир нь хариуцагч нь хагас подвал буюу хаяавч давхарт байх хоосон талбайг нэг давхрын 70 м.кв байгаа мэтээр мэдүүлсэн тул нэхэмжлэгчээс шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтээр хариуцагчийн надад өгөх гэсэн талбай нь хагас подвал буюу хаяавчийн давхарт байгааг тогтоосон юм. Мөн Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 1/242 тоот дүгнэлт хууль бус бөгөөд шинжээч нь баталгаажсан зураг болох "О" ХХК-ийн боловсруулсан 2019 оны ЕД- 0227/2019 тоот зураг дээр ажиллах байтал "П-" ХХК-ын зураг дээр дүгнэлт гаргасан.

Хариуцагч нь анх хэлэлцсэн гэрээний үүргээ биелүүлэхгүй, биднийг удаа дараа хууран мэхэлж, бид гэрээгээ цуцална гэж дарамтлан Канадаас Монгол руу олон удаа явуулж хүндрэл учруулж байна. Шүүгч бодит үнэнг тогтоож, хэргийг шийдвэрлээгүйд гомдолтой бөгөөд шүүхийн шийдвэрт дээр дурдсан үндэслэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.2, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйл, 110 дугаар зүйлийн 110.1, 111 дүгээр зүйлийн 111.1, 111.3-т заасныг зөрчиж хууль бус шүүхийн шийдвэр гаргасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Шүүх хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин шийдвэрлүүлэх шаардлагагүй. Хэрвээ үнэлээгүй баримт байгаа бол давж заалдах шатны шүүхээс тус баримтад дүгнэлт өгөх боломжтой. Маргааны зүйл нь нэхэмжлэгч 2014 онд байгуулсан гэрээний дагуу 70 м.кв талбайтай 1 давхарт байх байрыг авъя гэсэн байгаа. Гэтэл тус гэрээнд 1 давхарт гэх болон 1 давхрын байрыг Ш.Батчимэгт шилжүүлэх тухай заалт байхгүй. Мөн CU сүлжээний дэлгүүрийн талбайг авъя гэх нь гэрээнд хамаарахгүй ба уг талбай 81,11 м.кв бөгөөд талуудын анх тохиролцсон байршил биш.

2020 оны 02 сарын 28-ны өдөр Ч.Б бид анхны байршил дээр байгаа талбайгаа авъя гэж тайлбарлаж, тухайн 81.11 м.кв талбай нь гарааш байсныг нэхэмжлэгч мэдэж байгаа, тухайн үед хүлээн зөвшөөрсөн. Харин нэхэмжлэгч Канад улсруу явахад нь уг зурагт өөрчлөлт орсон нь анх орон сууцыг шилжүүлж өгөх ёстой 1,142 м.кв талбайг багасаад 992 м.кв талбай болгон өөрчилж, нэхэмжлэгчийн авна гэж маргасан гараашийн талбайг CU сүлжээний дэлгүүрийн талбай болгож өөрчилсөн. Мөн уг CU сүлжээний дэлгүүрийн талбайг 1 давхарт байрлах тухай хэрэгт баримт байхгүй. Нэхэмжлэгч тал өөрийн татгалзлаа нотолж чадаагүй, түүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Иймээс нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

Хэрэгт авагдсан зургаар CU сүлжээ дэлгүүрийн талбайгаас коридороор явахад 70 м.кв талбай байгаа. Хуучин байршлын талбай нь одоо нэхэмжилж байгаа талбайгаас нэлээд зайтай, нэг нь урд, нөгөө нь хойд талд байгаа учир хуучин байршилд авна гэдэг нь үндэслэлгүй бөгөөд хэмжээний хувьд ч зөрүүтэй. Мөн 1 давхраас доошоо цахилгаан шатаар бууна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Харин 01-02 тоот нь зэргэлдээ буюу нэг шат доошоо буусан талбайд шүүх үзлэг хийж бэхжүүлсэн.

Шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг эрх хэмжээний хүрээнд үнэлж үндэслэлтэй шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шүүгчийн нотлох баримт үнэлэх эрхэнд халдах эрхгүй. Мөн талуудын хоорондын харилцсан е-мэйлд хийсэн үзлэгийг үнэлээгүй гэж байна. Шүүх хуульд заасан журмыг баримтлан үзлэг хийж, үнэлэлт дүгнэлт өгсөн. Хэрвээ дүгнээгүй гэж давж заалдах шатны шүүхээс үнэлж дүгнэх боломжтой. Маргааны гол зүйл болох 01-01 тоот талбайг өгөх ёстой гэж маргаж байгаа. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд 01-01 тоот талбайг өгнө гэсэн өгөгдөл байдаггүй. Түүнийг нотолж тогтоосон баримт байхгүй. Харин 01-02 тоот талбайны талаар талууд татгалзаад байгаа тухай е-мэйл хаягийн үзлэгт тусгагдсан байгаа.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан, хэрэгт нотлох баримтууд бүрэн дүрэн цугларсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч З- ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0001 тоот хаягт байх 1 давхрын 70 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохиролд 33,152,460 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээнээс татгалзсаныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. З- ХХК нь 2014 оны 10 сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 60 дугаар байрны 12 оршин суугчидтай Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ байгуулж, тус гэрээгээр 60 дугаар байрыг дахин төлөвлөлтөд оруулахаар тохиролцжээ. Гэрээний дагуу Ч.Б- нь өөрийн өмчлөлийн 6 тоот 30 м.кв талбайтай /дахин хэмжилтээр 50.31 м.кв/ үл хөдлөх эд хөрөнгийг З- ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, тус компани нь шинээр баригдах барилгаас 70 м.кв, худалдааны талбайг Ч.Б-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогджээ. /1хх 7-38/

3.1 З- ХХК нь дээрх гэрээнд заасны дагуу 60 дугаар байр байрлах газарт шинээр зоорьтой, 14 давхар бүхий орон сууц, үйлчилгээ, автомашины дулаан зогсоолтой барилга барьж ашиглалтад оруулсан, тус барилгыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 07 сарын 16-ны өдрийн 2019/247 дугаар дүгнэлтээр байнгын ашиглалтад хүлээн авсан байна. /2хх 71-77/

3.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 1 хавтас хэргийн 51 талд авагдсан барилга байгууламжийн зургийг үндэслэн 1 давхрын 70 м.кв үйлчилгээний зориулалттай талбай гэж тодорхойлсон байх ба уг нотолсон баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна. /1хх 51/

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 3153 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 8в хаягт байх Резидэнс 60 байранд хариуцагчийн нэхэмжлэгчид санал болгосон гэх талбай нь 1 дүгээр давхрын эсхүл зоорийн давхрын аль хэсэгт хамаарч байгааг тогтоохоор шинжээчээр Барилгын хөгжлийн төвийг томилсон байна. /2хх 167-168/

4.1. Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 04 сарын 12-ны өдрийн дүгнэлтээр, шүүгчийн захирамжид дурдсан талбайг 0001 тоот гэж тодорхойлон хаяавчийн давхар-т байрлах 70 м.кв үйлчилгээний талбай гэжээ. /2хх 189-190/

4.2. Мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 06 сарын 29-ны өдрийн 16288 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0001 тоотод байх үл хөдлөх эд хөрөнгө нь тус барилгын зоорийн, завсрын, хаяавчийн, нэгдүгээр давхрын алинд байршилтай, мөн ямар талбайтай болохыг тогтоохоор Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон байна. /3хх 35-38/

4.3. Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 10 сарын 07-ны өдрийн дүгнэлтээр, Резидэнс 60 орон сууцны 1-р давхарт байрлах 6 номерийн үйлчилгээний талбайд CU сүлжээ дэлгүүр байрлаж байна ... талбайн хэмжилтээр 78.1 м.кв байна гэжээ. /3хх 44-53/

 

5. Талуудын гэрээгээр тохиролцсон 70 м.кв талбай бүхий худалдааны талбай-г Резидэнс 60 барилгын хэддүгээр давхарт байх талаар зохигч маргаж, нэхэмжлэгч нь тус барилгын нэгдүгээр давхарт гэж, хариуцагч нь хаяавчийн гэх давхарт байршилтай талбайг санал болгож, дээрх хоёр шинжээчийн дүгнэлтээр байршил, хэмжээг тодорхойлжээ.

5.1. Хэрэгт Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-д тус барилга нь зоорьтой 14 давхар бөгөөд 79 айлтай, 1-4 давхарт автомашины зогсоол бүхий орон сууц, үйлчилгээ, автомашины дулаан зогсоолтой барилга байгууламж гэж тодорхойлсон нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан барилгын зургаас үзэхэд зоорийн давхар болон нэгдүгээр давхар-ын хэсэгт үйлчилгээний талбайтай байхаар зураг боловсруулсан ч барилгын бусад хэсэг болох 2-14 давхруудад үйлчилгээний талбайтай эсэх нь тодорхой биш, энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй байна. /2хх 71-77, 132, 135, 142, 147/

5.2. Талууд анх байгуулсан гэрээндээ 70 м.кв худалдааны талбайг барилгын хэддүгээр давхарт болон байршлыг тодорхой заагаагүйгээс маргаан үүссэн нөхцөлд Резидэнс 60 барилга дахь бүх үйлчилгээний талбайн зураг, түүний байршлыг тодорхойлсны дараа зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх шаардлагатай гэж үзнэ.

5.3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй байхад хэргийн шийдвэрлэсэн байх тул тухайн барилгын зоорийн болон нэгдүгээр давхраас бусад хэсгийн барилгын төлөвлөгдсөн зураг, түүнчлэн барилга баригдаж дууссаны дараах байдлаар тус барилгын 2-14 давхарт үйлчилгээний талбай байгаа эсэхийг зохигч, бусад этгээдээс шүүх тодруулж, зохих нотлох баримтыг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

 

6. Дээрх харилцан зөрүүтэй үйл баримтыг үндэслэн талуудын маргааны зүйлийг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд нөхөн гүйцэтгэх замаар хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/00531 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,362,095 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ