Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 133/ШШ2023/00032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч С.М, С.Б нэхэмжлэлтэй хариуцагч Д.Г-д холбогдох хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай

Хариуцагч Д.Г-н сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэгч С.М, С.Б нарт холбогдох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгч С.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил/10 дугаар/ багийн Ган-Өргөө 21 дүгээр байрны 9 тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийг чөлөөлүүлэх тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: С.М, С.Б  бид Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн Анагаах ухааны коллежийн дотуур байрны чанх ард байршилтай, орон сууцны зориулалттай, 85 мкв талбайтай, хоёр байрыг 2005 онд Б.Т-с худалдаж авсан.

Энэ байранд засвар хийгээд амьдарч байгаад бэр байсан Д.Н  Япон улсаас бага хүүхдээ төрүүлэхээр ирэхэд нь оруулж байсан. 2015 онд Д.Н байрнаас гарч, түүний ах Д.Г  орсон. Үүнээс хойш 2-3 удаа шаардсан боловч өдий хүртэл чөлөөлж өгөөгүй.

Одоо Д.Г-н  амьдарч байгаа С.М, С.Б  бидний өмчлөлийн орон сууцны талбайн хэмжээ нь 36 мкв, шинэчилсэн хаяг нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Ган-Өргөө 21 дүгээр байрны 9 тоот болсон.

3. Хариуцагчийн татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: С.М нь 2011 онд тухайн орон сууцыг худалдана, танайх худалдан авах уу гэж санал тавьж, манай гэр бүлийнхэн зээл авч, 15,000,000 төгрөгөөр худалдан авч байсан.

Тухайн үед С.М нь орон сууц нь хуучны барилга учраас үл хөдлөх хөрөнгийн өмчлөх гэрчилгээ байхгүй гэж хэлсэн. С.М, С.Б  нартай худ ургийн холбоотой байсан учир тэр үед тэдний үгэнд итгэн худалдаж авсан.

Манайх 2011 оноос хойш тухайн орон сууцыг бусдад түрээслүүлж байгаад 2015 оноос би хурим хийж, гэр бүлээрээ амьдрах болсон. Манайх тус орон сууцанд амьдрахдаа нэг өрөө шинээр нэмж барьсан, бүхэлд нь засвар хийж, өдийг хүртэл амьдарсаар ирсэн. Орон сууцыг суллаж, өгөхийг шаардсан гэж гүжирдэж байна.

Эдгээр хүмүүстэй 2016 онд худ ургийн харилцаа тасарснаас хойш тухайн байрыг бичиг баримтжуулахыг шаардахад танай дүү Д.Н хүүхдүүдээ уулзуулж, бидний өгч буй тэтгэлгийг авч байх юм бол бичиг баримтыг чинь шилжүүлж өгнө гэж дарамталсан.

5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил/10 дугаар/ багийн Ган-Өргөө 21 дүгээр байрны 9 тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийн өмчлөгчөөр тогтоолгох тухай

6. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл: С.М, С.Б  нарын орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд заасан хаягт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг миний бие 2011 онд С.М-с 15,000,000 төгрөгөөр худалдан авсан, өөрийн өмчийг бусдад хөлслөн эзэмшүүлсэн талаарх нотлох гэрч шүүхэд мэдүүлэг өгсөн.

Харин нэхэмжлэгч нар нь орон сууц худалдах худалдан авах үед хэлцлийн зүйлийн хууль ёсны өмчлөгч болоогүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримт буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2018 оны 03 дугаар 26-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус тус бүртгэгдсэн баримтаас харж болно.

Иймд С.М, С.Б  нар нь 2011 онд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах хэлцлийг хуульд заасан хэлбэрээр хийх боломжгүй байсан гэж үзэж байна.

Тодруулбал Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэхийн тулд нэхэмжлэгч нар тухайн эд хөрөнгийн өмчлөгч байх шаардлага тавигдах байсан.

Хэрвээ нэхэмжлэгч нар тухайн үед орон сууцны өмчлөгч байсан бол хэлэлцэн тохиролцсон үнэ болох 15 сая төгрөгийг төлж, эзэмшилдээ авснаас хойш бусдад хөлслөх, өөрөө бодитойгоор эзэмшсэн 11 жилийн хугацаанд орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдэх, шаардах эрхтэй, Маргааны зүйл болсон орон сууц тухайн үед тэдний өмчлөлд бүртгэгдээгүй гэдгийг мэдэж байсан учир Иргэний хуулийн 56.1.8-д заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцэл хийж, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 д зааснаар хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй гэж үзэж байна.

Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т 6 жил гэж заасан бөгөөд энэ хугацаа өнгөрсөн байна.

Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж шүүхэд хандаагүй, хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй юм.

Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй, тэр талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ заагаагүй хугацааг хэтэрсний үр дагавар нь маргааны зүйлийн талаар гаргасан нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл байна.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар маргааны зүйл болж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн гэрчилгээ гарснаас хойш гэрчилгээнд нэрлэн заасан орон сууцыг надаас шаардсан байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч шаардахын тулд маргааны зүйл болж байгаа орон сууцыг би хууль бусаар буюу гэрээнд заасан үндэслэлгүйгээр эзэмшилдээ авсан байх учиртай.

Хариуцагч миний хувьд нэхэмжлэлд заасан орон сууцыг гэрээний дагуу үнийг төлж, өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан хууль ёсны эзэмшигч бөгөөд нэхэмжлэгч нь хуулийн дээрх заалтаар шаардлага гаргах үндэслэлгүй юм.

Тухайн үед хийгдсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний дагуу үнэ эд хөрөнгө харилцан шилжиж, түүнээс хойш 11 жилийн хугацаа өнгөрсөн.

Гэрээний дагуу үнийг нь төлсөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар маргаан гарч байгаа нь хариуцагч миний эд хөрөнгийн эрхийг зөрчиж байх тул өмчлөх эрхээ шүүхээр хамгаалуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

7. Нэхэмжлэгчийн татгалзлын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

8. Нэхэмжлэгчийн татгалзлын үндэслэл: С.М, С.Б  бид Д.Г-тай орон сууц худалдах, худалдан авах талаар хэлцэл хийгээгүй учраас түүнээс орон сууцны үнэ 15,000,000 төгрөг аваагүй.

Харин Д.Г-н  ах Д.Н нь надаас 8 тонны даацтай ачааны Hyundai Truck маркийн автомашин худалдан авсан. Уг автомашины үнэ 10,000,000 төгрөгийг эцэг Н.Д нь манай гэрт авч ирээд надад бэлнээр өгснийг Д.Г  нь одоо амьдарч байгаа орон сууцны үнэд өгсөн гэж тайлбарладаг.

Д.Г-н  одоо амьдарч буй орон сууцны өмчлөгчөөр С.М, С.Б  бид бүртгэлтэй байдаг. Уг байрны талаар маргаан үүсэх болсон шалтгаан нь 2012 онд эцэг Н.Д гуай надад “Д.Г-г  гэрлүүлэх гэж байгаа, манайх саяхан Д.Н-г гэрлүүлсэн, эгч Д.Ц, дүү Д.Н нарыг бас гэрлүүллээ, ойрын 2-3 жилийн хугацаанд хүүхдүүд гэр бүл болоод Д.Г-т байр авч өгч чадахгүй байх тул танай саарал байранд түүнийг гэрлүүлье гэдэг санал тавьсан.

Би Н.Д гуайтай худ ургийн холбоотой, өмнө нь ч сайн таньдаг ойр дотно харьцаатай байсан, манай хүү М.Т нь Н.Д-н хүргэн болсон зэрэг шалтгааныг бодолцоод хүсэлтийг зөвшөөрсөн. Д.Г-г боломжтой болсон үедээ манай байрыг чөлөөлж өгөх байх гэж бодож байсан. Гэтэл надаас худалдан авсан мэтээр маргаж байна.

Айлын хуучин орон сууцанд хуримаа хийж байгаа хэн ч уг байраа засаж өнгө будгийг нь шинэчлээд хурим найраа хийдэг. Манай байрны дотор ханыг будаж бага зэрэг засварласан.

Өргөтгөл хийсэн гэх нөгөө байрны ханийг босгохдоо уг байрны зүүн хана, гражийн урд хана хоёрыг холбож босгосон хоёр хана байгаа. Өргөтгөлийг хийхэд Д.Г-с хөрөнгө, мөнгө гараагүй, миний барилга барьж байсан материалын үлдэгдэл болон уурын зуухны үнсээр барьсан.

Нэхэмжлэлд дурдсан одоогийн хаягаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Ган-Өргөө хорооллын 21 дүгээр байрны 9 тоот 36 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь Б.Т-с 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр С.М, С.Б  нарт бэлэглэлийн гэрээгээр шилжин ирснээс хойш өдийг хүртэл бидний өмчлөлд бүртгэлтэй байгаа.

Тус орон сууцыг 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны 100,000,000 төгрөгийг ипотекийн зээлийн нэмэлт барьцаанд тавьж, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр барьцааны гэрээ дуусгавар болгож, чөлөөлсөн.

Энэ хугацаанд дээрх орон сууц нь 85 мкв талбай бүхий гэрчилгээтэй байсныг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж, 49 мкв болон 36 мкв талбай бүхий тусдаа эд хөрөнгөөр бүртгүүлсэн. Дараа нь дээрх 36 мкв талбай бүхий орон сууцыг одоогийн хаягийн өөрчлөлтийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн.

С.М, С.Б  бид одоо амьдарч байгаа 324 мкв талбайтай орон сууцны барилгын ажлыг 2020 оны 04 дүгээр сард эхэлж, 2021 оны 07 дугаар сард дуусгаж, ашиглалтад оруулсан. Энэ үед Д.Г  болон түүний эцэг Н.Д нартай маргаан бүхий 36 мкв талбайтай орон сууцны талаар ямар нэг хэлцэл хийгдээгүй байсан.    

9. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ/2018.03.26 №000553366/

- Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ/2005.12.18 №000121458/

- Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 70 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол

- Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа/74-63 ГАА/

- Татварын тодорхойлолт/”Эс Эм Би Ти” ХХК/

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/”Эс Эм Би Ти” ХХК/

- Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг/Б.Т/, Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын тодорхойлолт,

- Говь-Алтай аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 120 дугаар “Өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургууль байгуулах тухай” тогтоол

- “Илч гэрлийн бурхад” нэртэй 267 хуудастай ном-1 ширхэг, Эрчим хүчний үйлдвэрийн эд хөрөнгийн тооллогын бүртгэл

- Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/25 дугаар “Эзэмшил газрын байршил, хэмжээ өөрчлөх тухай” захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ/С.М/, газар эзэмшүүлэх гэрээ/С.М/, кадастрын зураг/С.М/

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 485 дугаар албан бичиг

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/516 дугаар албан бичиг

- Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ/2022.10.25 №00099148/

- Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг/С.М/, бэлэглэлийн гэрээ/С.М, С.Б /

10. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 70 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол

- Гэрч Д.Г, Н.Д, Д.Ц нарын мэдүүлэг авсан мөрдөгчийн тэмдэглэл

- “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хэрэглэгч дансны дэлгэрэнгүй тайлбар/Д.Г/

- “Хаан банк” ХХК-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга/Н.Д, Д.Г, Д.Ц/

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 482 дугаар албан бичиг

- “Хаан банк” ХХК-ийн Говь-Алтай салбарын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 111-113 дугаар албан бичиг

- “Мандал Голомт” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 134 дүгээр албан бичиг

- Зарлагын баримт/”Аз-Ивээх” ХХК, “Босоо Шарга” ХХК, Б.Г/

- “Хаан банк” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр/Б.П, Д.Н/

- “Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулга/Б.Э, Б.П/

- CD/сиди/-2 ширхэг

- “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга/Д.Ц, Н.Д, Д.Г/

11. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2022.05.10/

- Үзлэгийн тэмдэглэл, Нэгж талбарын 060711022 дугаартай хувийн хэрэг, байршлын тойм зураг, кадастрын зураг, гэрэл зургийн үзүүлэлт/2022.10.11/

- Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/21 дүгээр албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг/18050065/

 12. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 35/988 дугаар албан бичиг, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Д.Г-н  өргөдөл

- Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1/526 дугаар албан бичиг, гэрч Д.Н-с мэдүүлэг авсан мөрдөгчийн тэмдэглэл

- Гэрч Н.Д, Д.Н, Г.Б, Д.Д, Д.О, Д.Н, Д.Ц нарын мэдүүлэг,

- “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ҮХХ-822/3370 дугаар үнэлгээний тайлан

- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 841 дүгээр албан бичиг, Эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0518000342 дугаар бүртгэлтэй хувийн хэрэг

- Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 308 дугаар албан бичиг, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 386 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны 413 дугаар тогтоол

- “Хаан банк” ХХК-ийн Говь-Алтай салбарын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 755 дугаар албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга/“Эс Эм Би Ти” ХХК, С.М, С.Б /

- “Хас банк” ХХК-ийн Говь-Алтай салбарын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 20/785 дугаар албан бичиг, дансны хуулга/С.М/

- “Төрийн банк” ХХК-ийн Говь-Алтай салбарын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 41/704 дүгээр албан бичиг

- Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа, хувийн хэрэг/74-63 ГАА, 17-31 УБК, 12-69 УБК/

- Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1176 дугаар албан бичиг, Хэрэг бүртгэлтийн 191600105 дугаартай хэргийн материал

- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1012 дугаар албан бичиг, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа/С.М, “Эс Эм Би Ти” ХХК/, Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг/Ү-0518000870/

- “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ТАХ822/5109 дүгээр үнэлгээний тайлан

13. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 133/ШЗ2022/01960 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Д.Г  нь нэхэмжлэгч С.М, С.Б  нарт холбогдох “худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хэлцлийн дагуу шилжүүлсэн 15,000,000 төгрөг, хохирол 24,394,378 төгрөг, нийт 39,394,378 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь нэхэмжлэл/сөрөг/-ийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотолж буй байдалд эрх зүйн дүгнэлт хийж, энэхүү шийдвэрийг гаргасан болно.

2.Нэхэмжлэгч С.М, С.Б  нар нь хариуцагч Д.Г-т холбогдуулан “хууль бусаар эзэмшиж байгаа” гэх үндэслэлээр “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил/10 дугаар/ багийн Ган-Өргөө 21 дүгээр байрны 9 тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Г  нь “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг бүрэн төлсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.М, С.Б  нарт холбогдуулан “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил/10 дугаар/ багийн Ган-Өргөө 21 дүгээр байрны 9 тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийн өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч С.М, С.Б  нар нь “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, орон сууцны үнийг аваагүй” гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Үүнээс үзэхэд “Үл хөдлөх эд хөрөнгө, худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ төлөгдсөн эсэх, тухайн эд хөрөнгийн эзэмшил нь хууль ёсны эсэх” зэрэг үйл баримт нь зохигчийн маргааны зүйл болжээ.

3. Маргааны үйл баримтын талаар хариуцагч Д.Г  нь “Маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг 2011 онд нэхэмжлэгч С.М, С.Б  нараас 15,000,000 төгрөгөөр худалдан авч үнийг нь бүрэн төлж, хууль ёсоор эзэмшиж байгаа” гэж,

Нэхэмжлэгч С.М, С.Б  нар нь “Маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Г  худалдаагүй, үнэ 15,000,000 төгрөгийг аваагүй” гэж харилцан зөрүүтэй тайлбар гарган мэтгэлцжээ.

Хэргийн үйл баримтын талаар харилцан эсрэг агуулга бүхий зохигчийн дээрх тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл мөн боловч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал няцаан үгүйсгэж буй тохиолдолд  нэхэмжлэл/сөрөг/-ийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Эсрэг талын тайлбарыг үгүйсгэж, өөрийн тайлбарыг нотлохоор зохигч цуглуулж, гарган өгсөн, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлж, иргэний хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтад шүүх эрх зүйн дүгнэлт хийж, маргаантай эрх зүйн харилцаа, үйл баримтыг тогтооно.

4. Энэхүү иргэний хэргийн тухайд нотолгооны хуваарийн дагуу хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх үйл баримтыг тэргүүн ээлжид нотлох үүрэгтэй боловч энэ нь нэхэмжлэгчийг гэрээ байгуулагдсан гэх үйл баримтыг үгүйсгэсэн татгалзлаа нотлох үүргээс чөлөөлөхгүй.

Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гарган өгсөн, тэдгээрийн хүсэлтээр шүүх бүрдүүлж, иргэний хэрэг авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж, зохигчийн тайлбарыг баталж, үгүйсгэж байгаад эрх зүйн дүгнэлт хийж, тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно. Үүнд:

4.1. Гэрч Н.Д-н мэдүүлэг, дансны хуулга, зээлийн лавлагаа:

Гэрч Н.Д-н мэдүүлэг/1 хавтаст хэргийн 221-224 хуудас/-т ”Би Д.Г-н  амьдарч буй 36 мкв талбай бүхий орон сууцыг 2011 онд С.М, С.Б  нараас 15,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед Д.Г, Д.Ц бид гурав зээл аваад 15,000,000 төгрөгийг би бэлнээр С.М-д өгч байсан. Уг байрыг 1-2 жил бусдад хөлсөлж байгаад 2015 онд Д.Г-г гэрлүүлсэн. Миний анх С.М-с худалдан авсан орон сууц нь 36 мкв талбайтай байсан. Тухайн орон сууцанд засвар, өргөтгөл хийгээд талбайн хэмжээ нь 45 мкв болж, нэмэгдсэн. Үүнээс хойш Д.Н нь худалдан авсан тээврийн хэрэгслийн үнэ 10,000,000 төгрөгийг С.М-д бэлнээр өгсөн гэсэн. Миний анх худалдан авсан...” гэжээ.

Уг мэдүүлгийн эх сурвалж нь “Хаан банк ХХК”-ийн Говь-Алтай салбарын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 112 дугаар албан бичиг/1 хавтаст хэргийн 195 хуудас/-т “Н.Д нь 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр авсан 5,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хааж дууссан” тухай тодорхойлолт,

Мөн түүнчлэн гэрч Н.Д-н “Хаан банк ХХК” дахь 5315237392 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/2 хавтаст хэргийн 132 хуудас/-д  2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн өдөр “гэрээг үндэслэн зээл олгов” гэсэн гүйлгээний утгатайгаар 5,000,000 төгрөг орлого орж, мөн өдөр “зарлага” гэсэн гүйлгээний утгатайгаар бэлэн 5,172,000 төгрөгийн зарлага гарснаар тус тус нотлогдож байна.

4.2. Гэрч Д.Цэвэлмаагийн мэдүүлэг, дансны хуулга, зээлийн лавлагаа:

Гэрч Д.Ц-н мэдүүлэг/3 хавтаст хэргийн 220-221 хуудас/-т “Миний төрсөн дүү Д.Г-н  одоо амьдарч буй Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Анагаахын сургуулийн дотуур байрны ард байрлах 2 өрөө орон сууцыг 2011 оны 01 дүгээр сард эцэг Н.Д, эгч Д.Ц бидний хамт С.М, С.Б  нараас 15,000,000 төгрөгөөр худалдан авсан.

Би 2011 оны 01 дүгээр сард Хаан банкнаас цалингийн зээл 7,000,000 төгрөгийн зээл аваад бэлнээр гаргуулан авч, эцэг Н.Д-д өгсөн. Байрны үнэ 15,000,000 төгрөгийг эцэг Н.Д, дүү Д.Г  нар нь С.М-д бэлнээр өгсөн. Тухайн үед эцэг Н.Д нь С.М-д 15,000,000 төгрөгийн бэлнээр нь өгчихлөө гээд ирсэн.

Миний дүү Д.Г  нь хуримаа хийснээс одоог хүртэл уг орон сууцандаа амьдарч байсан. Үүнээс өмнө Завханы 4 оюутан, н.Э, Г.Б гэдэг хүмүүст хөлсөлж байсныг мэднэ” гэжээ.

Уг мэдүүлгийн эх сурвалж нь “Хаан банк ХХК”-ийн Говь-Алтай салбарын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 113 дугаар албан бичиг/1 хавтаст хэргийн 194 хуудас/-т “Д.Ц нь 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр авсан 7,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хааж дуусан” тухай тодорхойлолт,

Мөн түүнчлэн Д.Ц-н “Хаан банк ХХК” дахь 5315079864 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/2 хавтаст хэргийн 131 хуудас/-д  2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн өдөр “зээл олгов” гэсэн гүйлгээний утгатайгаар 7,000,000 төгрөг орлого орж, мөн өдөр “зарлага” гэсэн гүйлгээний утгатайгаар бэлэн 7,000,000 төгрөгийн зарлага гарснаар тус тус нотлогдож байна.

4.3. Гэрч Д.Н-н мэдүүлэг, хариуцагч Д.Г-н  дансны хуулга, зээлийн лавлагаа:

Гэрч Д.Н-н мэдүүлэг/3 хавтаст хэргийн 218-219 хуудас/-т “Миний төрсөн ах Д.Г-н  одоо амьдарч буй Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Анагаахын сургуулийн дотуур байрны ард байрлах 2 өрөө орон сууцыг анх 2011 онд миний төрсөн эцэг Н.Д, эх Б.Д нар нь хадам эцэг С.М, С.Б  нараас 15,000,000 төгрөгөөр худалдан авсан.

Уг 15,000,000 төгрөгийг эцэг Н.Д, төрсөн эгч Д.Ц, төрсөн ах Д.Г  нар нь цалингийн зээл авч, эцэг Н.Д нь хадам эцэг С.М-д бэлнээр өгсөн.

Үүнийг миний бие эцэг, эх, ах, эгч нараасаа сонсож мэдсэн. Тухайн орон сууцыг ах Д.Г-г гэр бүл болгон, өрх тусгаарлахын тулд худалдан авч байсныг мэднэ.

Би хоёр хүүхдийн хамт тухайн орон сууцанд 2014 оны үед байх нэг сарын хугацаанд л амьдарсан. Тухайн орон сууцыг 2015 оноос өмнө эцэг Н.Д, ах Д.Г  нар нь бусдад түрээслүүлдэг байсныг мэднэ” гэжээ.

Уг мэдүүлгийг эх сурвалж нь “Хаан банк ХХК”-ийн Говь-Алтай салбарын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 111 дүгээр албан бичиг/1 хавтаст хэргийн 196 хуудас/-т “Д.Г нь 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр авсан 4,500,000 төгрөгийн, 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэмэлтээр авсан 1,178,000 төгрөгийн цалингийн зээлийг 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хааж дуусан нь үнэн” тухай тодорхойлолт,

Мөн түүнчлэн хариуцагч Д.Г-н  “Хаан банк ХХК” дахь 5315339075 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/2 хавтаст хэргийн 133 хуудас/-д  2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “гэрээг үндэслэн зээл олгов” гэсэн гүйлгээний утгатайгаар 4,500,000 төгрөг орлого орж, мөн өдөр “зээл олгов” гэсэн гүйлгээний утгатайгаар бэлнээр 4,500,000 төгрөгийн зарлага гарснаар тус тус нотлогдож байна.

4.4. Нэхэмжлэгч С.М-н дансны хуулга:

Нэхэмжлэгч С.М-н “Хаан банк” дахь 5315056542 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/4 хавтаст хэргийн 57 хуудас/-д 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “орлого” гэсэн гүйлгээний утгатайгаар бэлэн 10,000,000 төгрөгийн орлого оржээ.

Уг 10,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг нэхэмжлэгч С.М нь бодитой, үндэслэлтэйгээр тайлбарлаагүй, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнэ биш болохыг баримтаар баталж, мэтгэлцээгүй болно.

4.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүн:

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 133/ШЗ2022/01969 дүгээр шүүгчийн захирамж/4 хавтаст хэргийн 4-9 хуудас/-аар хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр “Хэрэг бүртгэлтийн 1916001025 дугаартай материал”-ыг Говь-Алтай аймгийн Прокурорын газраас гаргуулсан.

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1176 дугаар албан бичиг/4 хавтаст хэргийн 136 хуудас/-ээр “Хэрэг бүртгэлтийн 1916001025 дугаартай материал”-ыг бүхэлд нь зохих журмын дагуу хуулбарлан ирүүлсэн.

Уг хэрэг бүртгэлтийн материалд авагдсан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 70 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” хяналтын прокурорын тогтоолын “ОЛСОН” нь хэсэгт “Д.Г  нь 2011 оны 02 дугаар сарын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Ган-Өргөө 21 дүгээр байрны 7 тоот 45 мкв орон сууцны зориулалттай байрыг С.М-с 15,000,000 төгрөгөөр худалдан авсан боловч С.М нь байрны өмчлөх эрхийг шилжүүлээгүй нь ...нотлох баримтаар тогтоогдож байна...” гэжээ.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагч Д.Г-н  гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан доод шатны прокурорын шийдвэрийг үлдээсэн шийдвэрийг Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор болон Улсын ерөнхий прокурорын орлогчоос тус тус гаргасан нь хэрэг бүртгэлтийн материалд авагджээ./4 хавтаст хэргийн 247-248, 5 хавтаст хэргийн 7-8 хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнгээр тогтоогдсон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримтыг нэхэмжлэгч С.М, С.Б  нар нь эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргаагүй байна.

Харин нэхэмжлэгч С.М, С.Б  нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-р дамжуулан хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан хяналтын прокурорын шийдвэрийг хуулбарлан авч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх хүсэлтдээ хавсаргажээ./4 хавтаст хэргийн 238 хуудас, 1 хавтаст хэргийн 45, 52-53 хуудас/

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч тал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнг хүлээн зөвшөөрч, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тухай дүгнэлт хийсэн прокурорын шийдвэрийг баримтаар үгүйсгээгүй гэж дүгнэх боломжтой.

“Хэрэг бүртгэлтийн 1916001025 дугаартай материал”/4 хавтаст хэргийн 137-5 хавтаст хэргийн 9 хуудас/-ыг бүхэлд нь шинжлэн судалж, үнэлэхэд мөрдөгчөөс зөвхөн нэг талыг баримтлахгүйгээр харилцан эсрэг бүхий байр суурь бүхий талууд болон хөндлөнгийн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч, холбогдох цаасан суурьтай бичмэл нотлох баримтыг холбогдох этгээдээс гаргуулан авсны үндсэн дээрх эрх зүйн дүгнэлт хийж, үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан учраас залилах гэмт хэргийн шинжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

4.5. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг:

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 133/ШЗ2022/01672 дугаар шүүгчийн захирамж/3 хавтаст хэргийн 40 хуудас/-аар хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаартай бүртгэлтэй эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэргийг Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан.

Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 841 дүгээр албан бичиг/3 хавтаст хэргийн 43 хуудас/-ээр Ү-0518000432 дугаартай бүртгэлтэй эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэргийг бүхэлд нь зохих журмын дагуу хуулбарлан ирүүлсэн.

Ү-0518000432 дугаартай бүртгэлтэй эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн хувийн хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэгч С.М, С.Б  нар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн Анагаах ухааны коллежийн дотуур байрны чанх ард байршилтай, 85 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх өмчлөгчөөр 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бүртгэгджээ.

Улмаар нэхэмжлэгч С.М, С.Б  нар нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг 36 мкв болон 49 мкв болгон хувааж, тус бүрт нь эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан нь эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн хувийн хэргийн материалд авагджээ.

4.6. Шүүхийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт:

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 133/ШЗ2022/01775 дугаар шүүгчийн захирамж/3 хавтаст хэргийн 120 хуудас/-аар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр маргааны зүйл болж буй эд хөрөнгөнд үзлэг хийсэн.

Үзлэгээр зохигчийн маргааны зүйл болж буй, хариуцагч Д.Г-н  эзэмшиж, ашиглаж буй үл хөдлөх хөрөнгө нь орон сууцны зориулалттай, 2 өрөөтэй, 36 мкв талбайтай, уг орон сууцны өргөтгөл нь эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, орон сууцны талбайн хэмжээ болон өргөтгөлийн хэсэг дээр зохигч маргаагүй тул хэмжилт хийгээгүй талаар тэмдэглэлд тусгагджээ./3 хавтаст хэргийн 124-125 хуудас/

4.7. Хаягийн лавлагаа, бүртгэл:

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/516 дугаар албан бичиг/3 хавтаст хэргийн 234 хуудас/-т “Тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолын хүрээнд үл хөдлөх хөрөнгийн хаягжуулах ажлыг Чингисийн дуулга ХХК нь гүйцэтгэж байна. Энэхүү хаягжуулах ажил бүрэн дуусаагүй, хүлээн аваагүй тул хуучин хаяг ашиглагдаж байгаа болно” гэжээ.

Зохигчийн маргаж буй хариуцагч Д.Г-н  бодитоор эзэмшиж, ашиглаж буй нэхэмжлэгч С.М, С.Б  нарын өмчлөлд бүртгэлтэй орон сууц нь эцсийн байдлаар эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаартай бүртгэлтэй, одоогийн хаяг нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил/10 дугаар/ багийн Ган-Өргөө 21 дүгээр байрны 9 тоот, талбай нь 36 мкв гэсэн мэдээлэлтэйгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн нь Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 000991484 дүгээр гэрчилгээнд тусгагджээ./3 хавтаст хэргийн 235 хуудас/

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчмыг тусгасан нь эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд нэг адил хамаарна.

Шүүхийн шийдвэр нь тодорхой, биелэгдэх боломжтой байх шаардлагыг хангахын үүднээс зохигчийн маргаж буй үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг улсын бүртгэлийн үнэн зөв байх зарчимд нийцүүлэн Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 000991484 дүгээр гэрчилгээнд тулгуурлан тогтоосон болно.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ТХ2021/01137 дугаар тогтоолын хянавал хэсэгт “Улмаар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн хариу тайлбар, холбогдуулан гаргасан нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна” гэсэн байгааг дурдах нь зүйтэй./2 хавтаст хэргийн 102 хуудас/

5. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Д.Г-н  эцэг Н.Доржсүрэн болон нэхэмжлэгч С.М, С.Б  нарын хооронд 2011 оны 01 дүгээр сард тухайн үеийн байршил, хаягаар “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат/4 дүгээр/ баг, Анагаах ухааны коллежийн дотуур байрны чанх ард байрлах, 36 мкв талбайтай, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-05180000432 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийг 15,000,000 төгрөгөөр худалдах, худалдах авах гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдож байна.

Хэдийгээр гэрч Н.Д, Д.Ц, Д.Н нар нь хариуцагч Д.Г-тай гэр бүлийн гишүүн, гэрч Н.Д нь нэхэмжлэгч С.М-тай худ ургийн холбоотой байсан, гэрч Д.Н нь нэхэмжлэгч С.М-н хүү М.Т эхнэр байсан, худ ургийн харилцаатай зэргээр хоорондоо хамааралтай байх хэдий ч эдгээр гэрч нарын мэдүүлгийг субъектив гэх шалгуураар үнэлэхгүй байх эрх зүйн үндэслэлгүй.

Учир нь гэрч нарт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлан өгч, мэдүүлэг өгөхийг зөвшөөрсний дараагаар зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж, зохих баримтад гарын үсэг зуруулсан болно./1 хавтаст хэргийн 213-214 хуудас, 3 хавтаст хэргийн 216 хуудас/

Ийм байхад гэрч зөвхөн субъектив хандлагаар мэдүүлсэн өгсөн байж болзошгүй гэх таамгаар мэдүүлгийг үнэлэхгүй байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно” гэснийг зөрчих юм.

Харин гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нь цаасан суурьтай нотлох баримтаар нотлогдож байгаа эсэх, өөр баримтаар дэмжигдэн батлагдаж байгаа эсэх, зохигчийн тайлбартай агуулгын хувьд давхцаж байгаа эсэх зэргээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд шүүхэд анхаарал хандуулсан болно.

Энэхүү иргэний тухайд 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Д.Г-н  эцэг Н.Д нь “Хаан банк” ХХК-ийн Говь-Алтай салбараас зээлийн эх үүсвэртэй 15,000,000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгч С.М, С.Б  нарт хүлээлгэн өгсөн гэдгийг шууд гэрчилсэн харилцан гарын үсэг зурж, хүлээлгэн өгсөн баримтгүй. Харин  уг үйл баримтыг гэрч мэдүүлдэг.

Гэвч нэг талаас хариуцагч Д.Г  нь зээлийн эх үүсвэртэй 4,500,000 төгрөгийг 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, гэрч Н.Д нь зээлийн эх үүсвэртэй  5,172,000 төгрөгийг 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн өдөр, гэрч Д.Ц нь зээлийн эх үүсвэртэй 7,000,000 төгрөгийг 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус тус “Хаан банк” ХХК-ийн Говь-Алтай салбараас бэлнээр гаргуулан авсан, нөгөө талаас нэхэмжлэгч С.М нь бэлэн 10,000,000 төгрөгийг 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Хаан банк” ХХК дахь дансандаа орлого хийсэн зэрэг үйл баримт нь худалдах, худалдах авах гэрээ байгуулагдсан тухай гэрчийн мэдүүлэг нь бодитой байгааг харуулна.

Нэхэмжлэгч С.М нь 2011 оны 01 дүгээр сард гэрч Н.Д-с 10,000,000 төгрөг бэлнээр авснаа хүлээн зөвшөөрдөг, гэрч Н.Д нь 2011 оны 01 дүгээр сард 15,000,000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгч С.М-д өгсөн гэж мэдүүлдэг.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч С.М болон гэрч Н.Д нарын хооронд 2011 оны 01 дүгээр сард тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө бэлнээр шилжүүлсэн үйл баримт баримт тогтоогдоно.

Гэвч мөнгөн хөрөнгийн зориулалтыг нэхэмжлэгч С.М нь “Д.Н-т худалдсан 8 тонны даацтай ачааны Hyundai Truck маркийн автомашин үнийг эцэг Н.Д-с авсан” гэж, гэрч Н.Доржсүрэн нь “хариуцагч Д.Г  нь одоо амьдарч байгаа орон сууцны үнэд өгсөн” гэж зөрүүтэй тайлбарлажээ.

Уг нөхцөл байдлын талаар гэрч Д.Нямжав нь “2011 оны хавар 05 дугаар сарын  орчимд С.М-с Hyundai Truck маркийн ачааны автомашиныг 10,000,000 төгрөгөөр худалдан авсан. Уг 10,000,000 төгрөгийг эхнэр Б.Пүрэвдуламын цалингийн зээл, хүр дүү Б.Эрдэнэчимэгийн хадгаламж барьцаалсан зээл гэсэн эх үүсвэрээр бүрдүүлж, өөрөө бэлнээр нэхэмжлэгч С.М, С.Б  нарт өгсөн” гэсэн агуулгаар мэдүүлжээ./1 хавтаст хэргийн 225-230 хуудас/

Уг зөрүүтэй байдалд эрх зүйн дүгнэлт хийж, мухарлахын тулд нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нь өөр бусад баримтаар нотлогдож, үгүйсгэгдэж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай болно.

Гэрч Д.Н-н эхнэр Б.П нь “Хаан банк” ХХК-ийн Говь-Алтай салбартай 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 6,417,220 төгрөгийн үнийн дүн бүхий барьцаат зээлийн гэрээ байгуулжээ./2 хавтаст хэргийн 201-203 хуудас/

Уг зээлийн дагуу Б.П-н “Хаан банк” дахь 5323031888 тоот дансанд 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “хадгаламж барьцаалсан зээл” гэсэн гүйлгээний утгатайгаар 1,975,000 төгрөг, 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “цалингийн зээл олгов” гэсэн гүйлгээний утгатайгаар 6,417,220 төгрөгийн орлого тус тус орж, 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бэлэн 8,700,000 төгрөгийн зарлага гарсан нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгад тусгагджээ./1 хавтаст хэргийн 210 хуудас/

“Хаан банк” ХХК дахь Б.Э-н 5863022106 тоот  депозит дансны дэлгэрэнгүй хуулга/1 хавтаст хэргийн 209 хуудас/-д 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “зээл олгов” гэсэн гүйлгээний утгатайгаар 1,300,000 төгрөгийн орлого орж, мөн өдөр бэлнээр 1,300,000 төгрөгийн зарлага гарчээ.

Гэрч Д.Н нь дээрх 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.М, С.Б  нарт хүлээлгэн өгсөн гэдгийг шууд гэрчлэх харилцан гарын үсэг зурж, хүлээлгэн өгсөн баримтгүй боловч  дээрх зээлийн эх үүсвэр бүхий мөнгөн хөрөнгийн дүн нь нэхэмжлэгч С.М-н гэрч Н.Д-с бэлнээр авсан гэж тайлбарласан мөнгөн хөрөнгийн дүнтэй тохирч байна.

Нэхэмжлэгч С.М болон гэрч Д.Н нарын хооронд Hyundai Truck маркийн ачааны автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, үнийг төлсөн үйл баримт нь 2011 оны 04 дүгээр сард болсон.

Үүнийг нэхэмжлэгч С.М баталж, 2011 оны хавар дулаарсан байхад тээврийн хэрэгслийн үнэ 10,000,000 төгрөгийг авсан гэж тайлбарласнаас үзэхэд “орон сууц худалдаж, худалдан авсан”, “автомашин худалдаж, худалдан авсан” үйл баримт нь гэрээний тал, байгуулагдан хэрэгжсэн цаг хугацаа, гэрээний зүйлийн  хувьд тус бүрдээ ялгамжтай байна.

Иймд нэхэмжлэгч С.М-н татгалзал “Д.Н-т худалдсан 8 тонны даацтай ачааны Hyundai Truck маркийн автомашин үнэ 10,000,000 төгрөгийг эцэг Н.Д-с авсныг Д.Г  нь орон сууцны үнэд өгсөн гэж тайлбарладаг” гэсэн тайлбар нь бодит байдалд нийцсэнгүй.

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Худалдах, худалдан авах гэрээ нь үүргийн буюу суурь хэлцэл юм. Уг хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгийн өмчлөх эрх шууд үүсэхгүй, харин эд хөрөнгийг харилцан солилцох үүрэг үүсдэг.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаны дараа худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь мөнгөн хөрөнгийн өмчлөх эрхийг худалдагчид шилжүүлэх үйлдлийг тус тус гүйцэтгэх ёстой үүнийг Иргэний хуулийн 109-111 дүгээр зүйлд тус тус заажээ.

Тодруулбал хөдлөх эд хөрөнгийн тухайд эзэмшил шилжсэнээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог бол үл хөдлөх хөрөнгийн тухайд өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог.

Энэ талаар Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасан байх бөгөөд эдгээрийг өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл гэдэг.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд зөвхөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд хэлцэлд бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлага тавигджээ.

Харин үүрэг үүсгэх хэлцэлд хамаарах худалдах, худалдан авах гэрээ болон хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэлд хуулиар тусгайлсан хэлбэрийн шаардлага тавиагүй байна.

Зохигчийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед буюу 2011 оны 01 дүгээр сард хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт “Бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан тул Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасны дагуу буцаан хэрэглэхгүй.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл хийгдсэн эсэхэд гэрчээр нотлох эрхээ алдах боловч харин худалдах, худалдан авах гэрээ/үүргийн хэлцэл/ болон хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн/өмчийн хэлцэл/ хийгдсэн эсэхэд гэрчээр нотлох эрхээ алдахгүй.

Дээрх үндэслэлээр шүүх зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан буюу үүргийн хэлцэл хийгдсэн үйл баримтыг гэрчийн мэдүүлэг болон түүнийг дэмжин баталж, эх сурвалж нь болж буй бусад нотолгооны хэрэгсэлд үндэслэн тогтоосон болно.

7. Үүрэг, өмчийн хэлцлийг тус тусдаа бие даасан хэлцэл хэмээн тооцож, хүчин төгөлдөр эсэхийг шийдвэрлэхэд нэг нь нөгөөдөө шууд нөлөөлөхгүй гэж үзэх нь хийсвэрлэх зарчим юм. /Б.Буянхишиг,Иргэний эрх зүйн удиртгал,дөрөвдүгээр хэвлэл,(2021),х112/

Хууль тогтоогч хийсвэрлэх зарчмыг тогтоох болсон үндэслэл нь эрх зүйн харилцааны баталгаат байдлыг хангах зорилготой./Б.Тэмүүлэн, Д.Энхзул, Б.Буянхишиг,Иргэний эрх зүйн ерөнхий анги, анхны хэвлэл,(2010),х47/

Энэхүү иргэний хэргийн тухайд хариуцагч Д.Г-н  эцэг Н.Д болон нэхэмжлэгч С.М, С.Б  нарын хооронд одоогийн байршил, хаягаар “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил/10 дугаар/ багийн Ган-Өргөө 21 дүгээр байрны 9 тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл бичгээр хийгдээгүй боловч эзэмшил нь бодитоор шилжсэн байна.

Энэхүү нөхцөл байдал  нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийн хэлцэл буюу худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл болохгүй.

Иймд нэг талаас нэхэмжлэгч С.М, С.Б  нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Д.Г-т шилжүүлэх үүрэгтэй, нөгөө талаас хариуцагч нь нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй.

8. Хэдийгээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрч Н.Доржсүрэн нь нэхэмжлэгч С.М, С.Б  нартай амаар байгуулж,  үнэ 15,000,000 төгрөгийг төлсөн хэдий ч уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.Г  шаардах эрхтэй.  

Учир нь Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, гуравдагч этгээдийн аль нь ч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч Д.Г  нь өөрт ашигтай гэрээ болох гэрч Н.Доржсүрэн болон нэхэмжлэгч С.М, С.Б  нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой.

Тодруулбал эцэг Н.Д нь хүү Д.Г-н  гэрлүүлэх зорилгоор нэхэмжлэгч С.М, С.Б  нарын дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан, 2015 оноос хойш хариуцагч Д.Г  нь эзэмшиж, ашиглаж байгаа нь гэрч Д.Ц, Д.Н, Д.Н, Н.Д нарын мэдүүлгээр нотлогддог. Энэхүү нөхцөл байдлыг нэхэмжлэгч нар үгүйсгэдэггүй.

Мөн түүнчлэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 482 дугаар албан бичиг/1 хавтаст хэргийн 144 хуудас/-т “Д.Г нь ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Ган-Өргөө хороолол, 21 байрны 7 тоотод 2015 оноос хойш оршин сууж байгаа нь үнэн” болохыг тодорхойлжээ.

Иргэний эрх зүйн харилцааны оролцогч нь гуравдагч этгээдэд ашигтай гэрээ байгуулж болдог. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчээс гадна гуравдагч этгээд бие даан шаардах боломжтой.

9. Зохигчийн тухайд хоорондоо худ ургийн хамаарал бүхий хүмүүс байх бөгөөд нэхэмжлэгч нарын хүү М.Т болон хариуцагч Д.Г-н  дүү Д.Н нарын гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай маргааныг шүүх хянан шийдвэрлэснээс хойш дээрх эд хөрөнгийн өмчлөлийн маргаан үүссэн байна.

Тодруулбал Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 386 дугаар шийдвэрээр М.Т, Ц.Н нарын гэрлэлтийг цуцалж, охин Т.М-г эцэг М.Т, хүү Т.Б-г эх Д.Н-н асрамжид үлдээжээ./3 хавтаст хэргийн 200-204 хуудас/

Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар магадлал/3 хавтаст хэргийн 205-209 хуудас/-аар анхан шатны шүүхийн шийдвэрт охин Т.М, хүү Т.Б нарыг эх Д.Н-н асрамжид үлдээж, эцэг М.Т тэтгэлэг гаргуулсан өөрчлөлтийг оруулжээ.

Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны 413 дугаар тогтоолоор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээснээр уг маргаан эцэслэн шийдвэрлэгджээ./3 хавтаст хэргийн 210-215 хуудас/

Хуулийн хүчин төгөлдөр дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгч С.М нь төлбөр төлөгч М.Т итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байхдаа “ач хүү, охин нарыг өвөг эцэг, эмэг эхтэй нь уулзуулж байх нөхцөл тавьж, маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хүүхдийн тэтгэлэгт тооцон шилжүүлэх тухай” саналыг гаргаж байсан, хариуцагч Д.Г, гэрч Д.Н нар нь “урьд худалдан авсан орон сууцыг хүүхдийн тэтгэлэгт тооцон өмчлөх эрхийг нь шилжүүлэхийг эс зөвшөөрсөн” үйл баримт хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч С.М нь хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Л.А 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Миний 2 ачийг аавтай нь болон авга талын ах дүүстэй нь чөлөөтэй уулзуулж, ах дүүсийг нь мэддэг болгох, 2 хүүхдийн тэтгэлгийг төлүүлэхэд ямар нэгэн болзол тавьж, хориг тавихгүй, 2 хүүхэдтэй чөлөөтэй уулзуулж байсан нөхцөлд байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2 ачийн нэр дээр шилжүүлж, гэрчилгээг чамд өгч болно гэж Д.Г-т 2018 оны 10 дугаар сард хэлсэн. Тэгтэл 2018 оны 11 дүгээр сард манай хүү Япон улсаас ирээд 2 хүүхэдтэйгээ уулзах гэтэл 2 хүүхдийг нь аавтай уулзуулаагүй учраас байрыг чөлөөлж өг гэж хэлсэн” гэжээ./3 хавтаст хэрийн 149-151 хуудас/

Уг мэдүүлэгт дурдсан эд хөрөнгийн өмчлөх эрхийн маргаан үүсэх болсон нөхцөл байдлыг нэхэмжлэгч С.М нь шүүх хуралдаанд мөнхүү агуулгаар тайлбарласан болно.

Улмаар нэхэмжлэгч С.М, С.Б  нар нь хариуцагч Д.Г-т холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл, хариуцагч Д.Г  нь нэхэмжлэгч С.М, С.Б  нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл тус тус гаргаж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн талаар харилцан маргажээ.

10. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна”, 9.3 дахь хэсэгт “Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ”, 9.4 дэх хэсэгт “Иргэний эрхийг дараах аргаар хамгаална”, 9.4.1 дэх хэсэгт “эрхийг хүлээн зөвшөөрөх” гэж тус тус заажээ.

“Эрхийг хүлээн зөвшөөрөх” хамгаалалтын арга хэрэгслээр эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд бий болсон тодорхой бус байдлыг арилгах, тэдгээрийн эрх, үүргийг хэвийн үргэлжлүүлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлыг бий болгох, үүнд саад болж байгаа этгээдийн үйлдлийг таслах зогсооход чиглэгддэг.

Тухайлбал орон сууц өмчлөгч этгээд өөрийн өмчлөх эрхийг гэрчилсэн баримтгүй болон бусад нотолгоогүй орон сууцаа бусдад худалдах, арилжих, бэлэглэх байдлаар захиран зарцуулах, тухайн орон сууцны хувьд иргэний гүйлгээнд чөлөөтэй оролцох боломжгүй юм. Иймд орон сууц өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр шүүхэд хандах шаардлагатай болдог. /Ё.Кают нар, Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар, (2010), х19/

Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч Д.Г  нь 2011 оны 01 дүгээр сард эцэг Н.Д хүүгээ гэрлүүлэх зорилгоор нэхэмжлэгч С.М, С.Б  нараас худалдан авч, 2015 оноос хойш өдрийг хүртэл амьдарч буй Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил/10 дугаар/ багийн Ган-Өргөө 21 дүгээр байрны 9 тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Маргааны зүйл болж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан хэлбэрээр хийгдээгүй нь нэхэмжлэгчээс хамааралтай байна.

Учир нь худалдах, худалдах авах гэрээний дагуу эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбогдох баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх нь худалдагчийн үүрэг байдаг.

Гэвч нэхэмжлэгч С.М, С.Б  нар нь хариуцагч Д.Г-н  эцэг Н.Дмаргааны зүйл болж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй, улмаар бодитоор эзэмшиж ашиглаж буй хариуцагч Д.Г-сорон сууцыг чөлөөлүүлэхээр маргажээ.

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, сум, нийслэл, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч Д.Г-н  нэхэмжлэгч С.М, С.Б  нарт холбогдох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил/10 дугаар/ багийн Ган-Өргөө 21 дүгээр байрны 9 тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийн өмчлөгчөөр тогтоох эрх зүйн үндэслэлтэй.

Өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэсний үр дүнд хууль ёсоор хийгдсэн улсын бүртгэлийг өөрчлөх, хүчингүй болгох асуудал иргэний хэрэг хянан шийдвэрлэх ерөнхий харьяаллын шүүхийн ажиллагаанд хамаарна. Энэ тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага иргэний хэрэгт хариуцагчаар оролцохгүй./УДШ,Иргэний зарим хэргийн харьяаллыг Захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухай,2007,тогтоол,№32, х7/

Гэвч хариуцагч Д.Г  нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил/10 дугаар/ багийн Ган-Өргөө 21 дүгээр байрны 9 тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэхийг даалгах шаардлага гаргаагүй болно.

Харин энэхүү шүүхийн шийдвэрээр дээрх орон сууцны өмчлөх эрх бүхий этгээд өөрчлөгдсөн тул Улсын бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтойг дурдах нь зүйтэй.

11. Хариуцагч Д.Г-н  нэхэмжлэгч С.М, С.Б  нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрх нь хэрэгжүүлэх боломжгүй гэх үндэслэл иргэний хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдсонгүй.

Тодруулбал Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэжээ.

Иргэний хэргийн 5 хавтаст материалаас үзэхэд нэхэмжлэгч С.М, С.Б  нар нь хариуцагч Д.Г-т холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг анх 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан/1 хавтаст хэргийн 2 нүүр/-аас хойш зохигч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, тухайн эд хөрөнгийн хууль бусаар эзэмшиж байгаа эсэх, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн эсэх, уг хэлцлийн үр дагаврыг арилгуулах эсэх зэрэг иргэний эрх зүйн маргаантай асуудлаар мэтгэлцэж, өөр өөрсдийн зүгээс зохих нэхэмжлэл/сөрөг/ нэхэмжлэлийн шаардлагыг гаргасаар иржээ.

Хэдийгээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрч Н.Д нь нэхэмжлэгч С.М, С.Б  нартай 2011 оны 01 дүгээр сард амаар байгуулж,  үнэ 15,000,000 төгрөгийг төлсөн боловч үүнээс хойш 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зохигчийн хооронд орон сууцны өмчлөлийн талаар ямар нэг маргаж, аль нэг талыг эрх зөрчигдсөн гэх байдал үүссэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Энэ тохиолдолд хариуцагч Д.Г  нь нэхэмжлэгч С.М, С.Б  нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргаснаас үзэхэд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг хэтрүүлээгүй байна.

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ”, 75.2.2 дахь хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил”-ийн хугацаа өнгөрсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

12. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтад дурдсан шаардах эрх нь “уг шаардлагыг гаргах бүхий этгээд нь өмчлөгч байх”, “шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь эзэмшигч байх”, “хариуцагч этгээд нь уг эд хөрөнгийг эзэмших эрхгүй байх” гэсэн урьдчилсан нөхцөлтэй.

Үүнээс “шаардлагыг гаргах бүхий этгээд нь өмчлөгч байх”, “хариуцагч этгээд нь уг эд хөрөнгийг эзэмших эрхгүй байх” гэсэн урьдчилсан нөхцөл  нэхэмжлэгч С.М, С.Б  нарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Г-т холбогдох “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил/10 дугаар/ багийн Ган-Өргөө 21 дүгээр байрны 9 тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийг чөлөөлүүлэх нэхэмжлэлд хангагдсангүй.

Хэдийгээр нэхэмжлэгч нар нь дээрх орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа хэдий ч энэхүү шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасан хамгаалалтыг хэрэгжүүлж, тухайн орон сууцны өмчлөгчөөр хариуцагчийг тогтоосон тул нэхэмжлэгч нарыг эд хөрөнгийг гаргуулахаар шаардлагыг гаргах бүхий өмчлөгч гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэжээ.

Хариуцагч Д.Г  нь тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй, тодруулбал худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээрх өөрийн мэдэлдээ авсан хууль ёсны эзэмшигч болно.

Нэхэмжлэгч нарын тухайд хариуцагчийг тухайн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэх байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасныг шүүхэд баримтаар нотолсонгүй.

Иймд нэхэмжлэгч С.М, С.Б  нарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Г-т холбогдох “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил/10 дугаар/ багийн Ган-Өргөө 21 дүгээр байрны 9 тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

13. Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас орон сууц чөлөөлүүлэх шаардах эрх үүсээгүй учир уг шаардах эрхийг хүчин төгөлдөр эсэх, дуусгавар болсон эсэх, хэрэгжүүлэх боломжтой эсэх зэрэг шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Иймд шаардах хэрэгжүүлэхэд боломжгүй чиглэсэн эсэргүүцэл буюу Иргэний хуулийн 75.2.2 дахь хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил”-ийн хугацаа өнгөрсөн гэх нэхэмжлэгч талын үндэслэлд шүүх эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

14. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШЗ2022/00599 дүгээр шүүгчийн захирамж/2 хавтаст хэргийн 139-141 хуудас/-аар хариуцагч Д.Г-н  шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ҮХХ-822/3370 дугаар үнэлгээний тайлан/2 хавтаст хэргийн 144-162 хуудас/-гаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Ган-Өргөө 21-7 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг 2022 оны 04 дүгээр сарын байдлаар 39,394,378 төгрөгөөр үнэлсэн.

Дээрх эд хөрөнгийг үнэлсэн шинжилгээний зардал 150,000 төгрөгийг хариуцагч Д.Г  төлсөн нь  “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 00098/1 дүгээр бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байна./2 хавтаст хэргийн 144 хуудас/

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 133/ШЗ2022/01961 дүгээр шүүгчийн захирамж/4 хавтас хэргийн 1-3 хуудас/-аар хариуцагч Д.Г-н  өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ТАХ-822/5109 дүгээр үнэлгээний тайлан/5 хавтаст хэргийн 57-69 хуудас/-гаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Ган-Өргөө 21-9 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг 2021 оны байдлаар 21,661,247 төгрөгөөр үнэлсэн.

Дээрх эд хөрөнгийг үнэлсэн шинжилгээний зардал 100,000 төгрөгийг хариуцагч Д.Г  төлсөн нь  “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0001157 дугаар бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байна./5 хавтаст хэргийн 70 хуудас/

Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн үйлчилгээний хөлс 250,000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардал гэж үзэхгүй.

Учир нь хариуцагч Д.Г  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.М, С.Б  нарт холбогдох “худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, хэлцлийн дагуу шилжүүлсэн 15,000,000 төгрөг, хохирол 24,394,378 төгрөг, нийт 39,394,378 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Уг сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох зорилгоор хариуцагчийн хүсэлтээр эд хөрөнгөнд үнэлгээ хийсэн шинжээчийн зардлыг шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй зардалд тооцохгүй, уг зардлыг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ТАХ-822/5109 дүгээр үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлээгүй, уг нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй учир шинжээчийн зардлыг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх эрх зүйн үндэслэлгүй.

Хариуцагчийн хүсэлтээр “Ашид билгүүн” ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн үнэлгээний хөлсийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй учраас шүүхийн нөхөн төлүүлэх зардлыг зохигчид хуваарилан хариуцуулах талаар тогтоох хэсэгт тусгах шаардлагагүй гэж үзсэн болно.  

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэгт “эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр”, 63.1.6 дахь хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр” тус тус нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно гэжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч С.М, С.Б  нар нь хариуцагч Д.Г-т холбогдох нэхэмжлэлээ орон сууц чөлөөлүүлэх гэж тодорхойлсон хэдий ч угтаа үл хөдлөх гаргуулах тухай шаардлага болно.

Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ”-нд эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил/10 дугаар/ багийн Ган-Өргөө 21 дүгээр байрны 9 тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны үнийн дүн тусгагдаагүй байна.

Энэ тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах тухай дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамааруулж, эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж, зохих улсын тэмдэгтийн хураамжийг төлнө.

“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлангаар дээрх орон сууц нь 2011 оны байдлаар 21,661,247 төгрөгөөр үнэлэгдсэн хэдий ч зохигчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн 15,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”.

Хуулийн дээрх заалтын дагуу худалдах, худалдан авах гэрээний талууд нь харилцан хүсэл зоригоо илэрхийлж, тэгш эрхийн үндсэн дээр үнийн хэмжээг тодорхойлж, гэрээ байгуулдаг болно.

Энэхүү иргэний хэргийн тухайд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнг 15,000,000 төгрөгөөр тодорхойлж, ногдох улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөгийг тус тус төлөх байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч зохигчид улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан хариуцуулах тухай дээрх зохицуулалт нь сөрөг нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч зохигчид улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан хариуцуулахад нэг адил хамаарна.

Иймд нэхэмжлэгч С.М, С.Б  нар нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг/1 хавтаст хэргийн 2 хуудас/-ийг, хариуцагч Д.Г  нь 232,950 төгрөг/3 хавтаст хэргийн 246 хуудас/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 162,750 төгрөгийг нэхэмжлэгч С.М, С.Б  нараас гаргуулан улсын орлогод оруулав.

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч С.М, С.Б  нараас 232,950 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Г-т олгов.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШЗ2019/01159 дүгээр “Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж/1 хавтаст хэргийн 75-77 хуудас/-аар сөрөг нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг/1 хавтаст хэргийн 66 хуудас/-ийг хариуцагч Д.Г-т буцаан олгожээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШЗ2019/01159 дүгээр “Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж/1 хавтаст хэргийн 75-77 хуудас/-аар сөрөг нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг/1 хавтаст хэргийн 66 хуудас/-ийг хариуцагч Д.Г-т буцаан олгожээ.

Хариуцагч Д.Г-н  сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 307,950 төгрөг/1 хавтаст хэргийн 111 хуудас/, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 70,200 төгрөг/1 хавтаст хэргийн 112 хуудас/, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 162,750 төгрөг/1 хавтаст хэргийн 151 хуудас/, нийт 540,900 төгрөгийг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШЗ2019/01460 дугаар  “Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж/2 хавтаст хэргийн 25-28 хуудас/-аар буцаан олгохоор шийдвэрлэсэн.

Харин хариуцагч Д.Г-н  сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 185,950 төгрөг/2 хавтаст хэргийн 167 хуудас/ төлжээ.

Уг улсын тэмдэгтийн хураамжийг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 133/ШЗ2022/01960 дугаар  “Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 79,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Г  олгосныг дурдах нь зүйтэй.

Хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн улсын тэмдэгтийн хураамжийг энэхүү шийдвэрээр зохигчид хуваарилан хариуцуулах эрх зүйн үндэслэлгүй.

Учир нь дээрх шүүгчийн захирамж тус бүрээр 2019 онд сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын 4 ширхэг баримтаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 848,850 төгрөг, 2022 онд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ 1 ширхэг баримтаар төлсөн улсын тэмдэгтийн хураамж 185,950 төгрөгийн тал хувь 79,475 төгрөгийг буцаан авах эсэх нь хариуцагч Д.Г-н  эрхийн асуудал болно.

Шүүхийн шийдвэр нь биелүүлэхэд ойлгомжтой, эргэлзээгүй байх шаардлагыг хангах үүднээс зохигчийн нэхэмжлэл/сөрөг/ гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгөн хөрөнгийг хэрхэн шийдвэрлэгдсэн байдлын талаар дээрх тайлбарыг тусгайлан дурдах нь зүйтэй шүүх үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.М, С.Б нарын хариуцагч Д.Г холбогдох “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил/10 дугаар/ багийн Ган-Өргөө 21 дүгээр байрны 9 тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Д.Г “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000432 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил/10 дугаар/ багийн Ган-Өргөө 21 дүгээр байрны 9 тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийн өмчлөгчөөр тогтоосугай.               

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.М, С.Б  нарын  нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Д.Г-н  сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.М, С.Б  нараас 232,950 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Г-т олгож, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 162,750 төгрөгийг нэхэмжлэгч С.М, С.Б  нараас гаргуулан улсын орлогод оруулсугай.

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАТ