Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 133/ШШ2023/00070

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Н.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч: М.Б холбогдох

Зөрчлийн улмаас учирсан гэм хорын хохирол 5,702,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагч М.Б/цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч М.Э нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зөрчлийн улмаас учирсан гэм хорын хохирол автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 4,285,000 төгрөг, үнэлгээний хөлс 262,000 төгрөг, зочид буудлын хөлс 105,000 төгрөг, хот хооронд зорчсон зардал 420,000 төгрөг, автомашин ачилтын хөлс 350,000 төгрөг,  гэр бүлийн гишүүн 4 хүний хот хооронд зорчсон зардал 280,000 төгрөг, нийт 5,702,000 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: А.Б би гэр бүлийн хамт Toyota Prius-20 маркийн автомашинтай 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд Говь-Алтай аймгийн Бууцагаан сумаас Говь-Алтай аймгийн Дэлгэр сумруу явах замд мотоциклтой хүн өөдөөс ирээд мөргөсөн.

Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас 2216000302 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгаж, эрх бүхий албан тушаалтны магадлагаа гарч, зам тээврийн осол нь М.Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас болсон талаар дүгнэлт гарсан.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ЗШ/329 дугаар шийтгэврээр М.Билэгтийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, хохирогч нь буруутай этгээдээс гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн.

Миний хувьд Ховд аймагруу өөрийн эзэмшлийн Toyota Prius-20 маркийн 17-49 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явж байсан бөгөөд ослын улмаас миний автомашинд 4,285,000 төгрөгийн хохирол, мөн гэр бүлийн гишүүд болох 4 хүн Улаанбаатар хотруу явсан тээврийн зардал 280,000 төгрөг, автомашин ачуулсны хөлс 350,000 төгрөг, Говь-алтай аймагт таних айл байхгүй 3 хоног буудалд хоносон зардал 105,000 төгрөг, автомашины үнэлгээ гаргуулсан төлбөр 262,000 төгрөг, Говь-Алтай аймаг Улаанбаатар хотын хооронд явсан унааны зардал 420,000 төгрөг, нийт гэм хорын хохиролд 5,702,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгуулах тухай

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Нэхэмжлэлээс “Ашид билгүүн” ХХК-ийн Toyota Prius-20 маркийн 17-49 ХОҮ улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон 4,285,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Би сард 280,000 төгрөгийн тахир дутуугийн тэтгэврийн орлоготой, эхтэйгээ хамт амьдардаг тул А.Б-н бусад нэхэмжилсэн зардлыг төлөх боломжгүй.

5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга нь: Хариуцагч М.Б нь одоогийн 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай байгаа учир автомашины хохирлын үнэлгээ 4,285,000 төгрөгийг төлүүлэх саналтай.

6. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ЗШ/329 дугаар шийтгэврийн хуулбар

- Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2216000302 дугаар “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолын хуулбар

- “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 927 дугаар “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-гийн хуулбар

- “Хаан банк” ХХК дахь А.Б-н депозит дансны дэлгэрэнгүй хуулгын хуулбар

- “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн албан бичиг

7. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 458556 дугаар шийдвэрийн хуулбар

8. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Говь-Алтай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 390 дүгээр албан бичиг, Зөрчлийн 2216000302 дугаартай хэргийн материал

- “Хаан банк” ХХК-ийн Говь-Алтай салбарын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаар албан бичиг, А.Б-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга

9. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч М.Б-д холбогдуулан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэн” гэх үндэслэлээр автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 4,285,000 төгрөг, үнэлгээний хөлс 262,000 төгрөг, зочид буудлын хөлс 105,000 төгрөг, хот хооронд зорчсон зардал 420,000 төгрөг, автомашин ачилтын хөлс 350,000 төгрөг,  гэр бүлийн гишүүн 4 хүний хот хооронд зорчсон зардал 280,000 төгрөг, нийт 5,702,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл/1 хавтаст хэргийн 1-2 хуудас/ гаргажээ.

Хариуцагч М.Б нь нэхэмжлэлээс автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 4,285,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хүлээн зөвшөөрч, “тахир дутуугийн тэтгэвэртэй” гэх үндэслэлээр үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ./2 хавтаст хэргийн 31 хуудас/

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг гаргуулахаа шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эд хөрөнгөд халдсан гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/, учирсан хохирол, тэдгээрийн шалтгаант холбоогоор тодорхойлогдох юм.

3. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Батсайхан/цаашид эрх бүхий албан тушаалтан гэх/-ны 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тогтоол/1 хавтаст хэргийн 94 хуудас/-оор “Говь-Алтай аймгаас Баянхонгор аймаг чиглэлийн А-0303 дугаартай хатуу хучилттай замын 113 км-т 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн орчимд улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл нь 07-19 ХОҮ улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн” үйл баримтад 2216000302 дугаартай зөрчлийн хэрэг нээжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнгээр холбогдогч М.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн А-0303 дугаартай замын 113 км-т Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг зөрчсөний улмаас хохирогч А.Б-н жолоодон явсан 07-19 ХОҮ улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан нь тогтоогджээ./1 хавтаст хэргийн 87-89 хуудас/

Улмаар эрх бүхий албан тушаалтны 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Шийтгэл ногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах тухай санал”/1 хавтаст хэргийн 179 хуудас/-аар холбогдогч М.Б-д холбогдох зөрчлийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ЗШ/329 дугаар шийтгэвэр/1 хавтаст хэргийн 195-195 хуудас/-ээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар холбогдогч М.Б-г 10 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулжээ.

Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ДШМЗ/21 дүгээр магадлал/1 хавтаст хэргийн 223-227 хуудас/-аар хэрэгсэхгүй болгож, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ЗШ/329 дугаар шийтгэврийг хэвээр үлдээж, холбогдогч М.Б давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна” гэжээ.

Хуулийн хүчин төгөлдөр дээрх шийтгэврийн тодорхойлох, магадлалын хянавал хэсэгт “Холбогдогч М.Б-н Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэм буруутай үйлдлээс тухайн зам тээврийн осол гарсан нь тогтоогдсон, хохирогч А.Б нь учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс гаргуулах иргэний хэргийн шүүхэд хандах эрхтэй” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийжээ./1 хавтаст хэргийн 198, 225 хуудас/   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу дээрх шийтгэвэр, магадалалаар тогтоогдсон хариуцагч М.Б-н Монгол Улсын “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч А.Б-йн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан үйл баримтыг дахин нотлохгүй.

Иймд хариуцагч М.Б нь нэхэмжлэгч А.Б-н өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Уг гэм хорын хохирлыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

5. Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч А.Б-н өмчлөлийн 07-19 ХОҮ улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнийн дүнг “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 927 дугаар “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”/1 хавтаст хэргийн 84-85 хуудас/-гаар 4,285,000 төгрөг/шууд зардал 3,965,000 төгрөг, шууд бус зардал 320,000 төгрөг болохыг тогтоожээ.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэжээ.

Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах, мөнгөөр учирсан хохирлыг нөхөн төлөх зэрэг аргаар арилгана. Эд хөрөнгөд учирсан хохирлын мөнгөн дүн нь гэм хор учруулахаас өмнө байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн мөнгөн дүнгээр тодорхойлогдоно.

Энэхүү үндэслэлээр хариуцагч М.Б-с тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирол 4,285,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгох эрх зүйн үндэслэлтэй.

Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирол 4,285,000 төгрөгийг хариуцагч М.Б нь нэхэмжлэгч А.Б-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

6. “Хаан банк” ХХК дахь нэхэмжлэгч А.Баяндалайн 5845500030 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/2 хавтаст хэргийн 24-26 хуудас/-д “огноо: 2022.07.19, гүйлгээний утга: 1749 ХОҮ үнэлгээ, зарлагын дүн: 262,000 төгрөг” гэжээ.

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн албан бичиг/2 хавтаст хэргийн 10 хуудас/-т “17-49 ХОҮ улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохилын үнэлгээг хийхдээ үнэлгээний төлбөр 262,000 төгрөг тооцож авсан”-ыг тодорхойлжээ.

Дээрх бичмэл нотлох баримтаас үзэхэд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий “Ашид билгүүн” ХХК-ийн 07-19 ХОҮ улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын хэмжээг үнэлсэн хөлс 262,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Б төлжээ.

7. “Хаан банк” ХХК дахь нэхэмжлэгч А.Б-н 5845500030 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/2 хавтаст хэргийн 24-26 хуудас/-д “огноо: 2022.07.18, гүйлгээний утга: 1749 ХОҮ машин ачуулсан хөлс, зарлагын дүн: 350,000 төгрөг” гэжээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч А.Б нь 17-49 ХОҮ улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг зам тээврийн ослын газраас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумруу ачуулахад 350,000 төгрөгийн зардал гаргажээ.

Хэдийгээр зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгслийг зам тээврийн ослын газраас 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тээвэрлэсэн байдлыг шууд гэрчилсэн баримтгүй ч 17-49 ХОҮ улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд “Ашид билгүүн” ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хохирлын үнэлгээ тогтоожээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч А.Б-н “Хаан банк” ХХК дахь 5845500030 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан зэрэг бичмэл нотлох баримт нь харилцан бие биенээ дэмжин нотолж, зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгслийг ачуулж, зардал гаргасан үйл баримтыг батална.

8. “Зөрчлийн 2216000302 дугаартай хэргийн материал”-аас үзэхэд хохирогч А.Б нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “Зөрчлийн талаар гомдол гаргах, 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр эрх бүхий албан тушаалтын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл”-тэй танилцах, 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр эрх бүхий албан тушаалтанд мэдүүлэг өгөх, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Эрх бүхий албан тушаалтны шинжээч томилсон тогтоол”-той танилцах, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээ, Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, “Эрх бүхий албан тушаалтны магадлагаа”-тай тус тус танилцаж, хариу мэдэгдэх хуудсыг гардан авах, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хэргийн материал танилцах зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ./1 хавтаст хэргийн 36, 47-49, 61, 70-71, 77, 80, 82, 86, 89, 93, 176-177 хуудас/

Хаан банк” ХХК дахь нэхэмжлэгч А.Б-н 5845500030 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/1 хавтаст хэргийн 15-17 хуудас, 2 хавтаст хэргийн 24-26 хуудас/-аас үзэхэд “огноо: 2022.07.13, гүйлгээний утга: 4 hun hot ruu, зарлагын дүн: 280,000 төгрөг”, “огноо: 2022.07.15, гүйлгээний утга: qpay 2000000140307737 202207150956 SKHD SKHD, зарлагын дүн: 78,000 төгрөг”, “огноо: 2022.07.19, гүйлгээний утга: neg hunii uruu 95665454, зарлагын дүн: 35,000 төгрөг”, “огноо: 2022.07.19, гүйлгээний утга: 203 toot 95665454, зарлагын дүн: 35,000 төгрөг”, “огноо: 2022.07.20, гүйлгээний утга: 203 toot buudliin mungu 95665454, зарлагын дүн: 35,000 төгрөг”, “огноо: 2022.07.21, гүйлгээний утга: 203 toot 95665454, зарлагын дүн: 35,000 төгрөг”, “огноо: 2022.07.22, гүйлгээний утга: qpay 2000000142635340 202207220864 SKHD SKHD, зарлагын дүн: 78,000 төгрөг”, “огноо: 2022.08.06, гүйлгээний утга: qpay 2000000147516774 202208060162 SKHD SKHD, зарлагын дүн: 78,000 төгрөг”, “огноо: 2022.08.09, гүйлгээний утга: altaigaas abtobusand suuw, зарлагын дүн: 70,000 төгрөг” гэсэн бэлэг бус гүйлгээ тус тус хийгджээ.

Дээрх бичмэл нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхэд нэхэмжлэгч А.Б нь хариуцагч М.Б-д холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох зайлшгүй шаардлагын улмаас Нийслэлээс Говь-Алтай аймагруу, Говь-Алтай аймгаас Нийслэлрүү тус тус зорчих, тус аймгийн Есөнбулаг суманд байх хугацаандаа зочид буудалд өрөө хөлсөлж, хоноглох зэргээр зардал гаргасан үйл баримт тогтоогдож байна.

Хэдийгээр хот хооронд нийтийн тээврийн унаагаар зорчсон, зочид буудалд өрөө хөлсөлсөн үйл баримтыг шууд гэрчлэх тасалбар, нэмэгдсэн өртгийн албан татварын е-баримт зэргийг нэхэмжлэгч тал иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгөөгүй боловч уг үйл баримт нь хэрэгт авагдсан бусад нотолгооны хэрэгслээр тогтоогдсон байна.

Учир нь зөрчлийн хэрэгт авагдсан “зөрчлийн талаарх гомдол хүлээн авсан баримт, хохирогчийн мэдүүлэг, шинжилгээ хийлгэх тогтоол, шинжээчийн дүгнэлт, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл” болон “Хаан банк” ХХК дахь депозит дансны хуулга зэрэг нотолгооны хэрэгсэл нь огноо, агуулгын хувьд харилцан бие биенээ дэмжиж, улмаар хохирогч А.Б нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохын тулд хот хооронд зорчих, зочид буудал хөлслөх зэргээр зардал гаргасан үйл баримтыг нотолж байна.

9. Энэхүү иргэний хэргийн тухайд нэхэмжлэгч нь хариуцагчийн зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/-ийн улмаас учирсан хохирлыг баримтаар нотлох үүрэгтэй боловч энэ нь хариуцагчийг нотолгооны үүргээс чөлөөлөхгүй.

Гэвч хариуцагч М.Б нь нэхэмжлэгч А.Б нь 17-49 ХОҮ улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг зам тээврийн ослын газраас Говь-Алтай аймгийн төврүү ачуулж, эрх бүхий этгээдээр эвдрэл, хохирлыг үнэлүүлсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохын тулд хот хооронд зорчих, зочид буудал хөлслөх зэргээр зардал гаргасан үйл баримтыг няцаан үгүйсгээгүй.

Харин тахир дутуугийн тэтгэвэр/хөдөлмөрийн чадвар алдсан/-тэй тул зам тээврийн ослын улмаас учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.

“Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заажээ.

Иймд гэм хор учруулагчийн хувийн байдал/хөдөлмөрийн чадвар алдсан, тахир дутуугийн тэтгэвэртэй, орлогын хэмжээ харьцангуй бага гэх мэт/ нь гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Энэхүү үндэслэлээр “Хариуцагч М.Б нь одоогийн 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай байгаа учир зөвхөн автомашины хохирлын үнэлгээ 4,285,000 төгрөгийг төлүүлэх саналтай” гэсэн агуулга бүхий иргэдийн төлөөлөгч Ж.Б-н дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй.

10.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “эд мөрийн баримтыг хадгалах, шилжүүлэх, устгахад гарах зардал”, 1.3 дахь хэсэгт “тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал”, 1.4 дэх хэсэгт “хохирол, хор уршгийн үнэлгээ, шинжилгээ хийлгэхтэй холбоотой зардал” нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарна гэжээ.

 “Зөрчлийн 2216000302 дугаартай хэргийн материал”-аас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дүнгээр зардлыг холбогдогчоос гаргуулж, хохирогчид олгох эсэхийг шийдвэрлээгүй байна.

Зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгслийг өөр газар тээвэрлэсэн зардал, учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор хийгдсэн үнэлгээний хөлс, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох шаардлагаар хот хооронд зорчиж, зочид буудал хөлсөлсөн зардал зэрэг нь гэм хор учруулсан үйлдэлтэй шалтгаантай холбоотой.

Иймд “Ашид билгүүн” ХХК-ийн 07-19 ХОҮ улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын хэмжээг үнэлсэн хөлс 262,000 төгрөг, хохирогчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох зайлшгүй шаардлагаар Нийслэлээс Говь-Алтай аймагруу, Говь-Алтай аймгаас Нийслэлрүү тус тус зорчсон зардал 420,000 төгрөг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд түр оршин байх хугацаандаа зочид буудалд өрөө хөлсөлсөн зардал 105,000 төгрөгийг тус ус хариуцагч М.Б-эс гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгох эрх зүйн үндэслэлтэй.

Шүүхээс зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотолж буй байдалд эрх зүйн дүгнэлт хийж, энэхүү шийдвэрийг гаргасан болно.

11. Харин нэхэмжлэгч А.Б-н нэхэмжлэлээс үлдэх гэр бүлийн гишүүн 4 хүний хот хооронд зорчсон зардал 280,000 төгрөгийг хариуцагч М.Билэгтээс гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”.

Хуулийн дээрх заалтын дагуу 07-19 ХОҮ улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан явсан нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүд нь зам тээврийн ослын улмаас хот хооронд зорчих шаардлага үүссэн байдлыг шүүх үгүйсгэхгүй.

Гэвч эдгээр хүмүүсийн тээврийн зардлыг хариуцагч М.Б-н гаргасан зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч А.Б-д зайлшгүй шаардлагаар учирсан хохирол гэж үзэх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Харин нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүд нь зам тээврийн ослын улмаас Говь-Алтай аймгаас Нийслэлрүү зорчиж, зардал гаргасан гэж үзвэл учирсан гэх хохирлоо хариуцагч М.Б-с гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй.

Нийслэлийн тойргийн нотариатч С.Т-н гэрчилсэн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 0506 дугаар итгэмжлэл/1 хавтаст хэргийн 5 хуудас/-ээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь нэхэмжлэгч А.Б-г төлөөлж, хариуцагч М.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Харин гэр бүлийн гишүүд гэх хүмүүсээс нэхэмжлэгч А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нарт хариуцагч М.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргах итгэмжлэн олгосон гэх баримтыг нэхэмжлэгч тал иргэний хэрэгт гарган өгөөгүйг дурдах нь зүйтэй.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 101,702 төгрөгийг хариуцагч М.Б-с нэхэмжлэгч А.Б-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч М.Б-с автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 4,285,000 төгрөг, үнэлгээний хөлс 262,000 төгрөг, зочид буудлын хөлс 105,000 төгрөг, хот хооронд зорчсон зардал 420,000 төгрөг, автомашины ачилтын хөлс 350,000 төгрөг, нийт 5,422,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх гэр бүлийн гишүүн гэх 4 хүний хот хооронд зорчсон зардал 280,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 101,702 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАТ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.ҮЙТҮМЭН

 

ШҮҮГЧ                                                Н.ОЮУНБИЛЭГ