Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 215/МА2023/00007

 

 

А.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2023/00070 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Нийслэлийн ............. дүүргийн ... -р хороо, ... -р хороолол ......... дүгээр байрны ..... тоотод оршин суух, Ө овогт А.Б-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймаг ..... сумын ............ багт оршин суух, С овогт М.Б-д холбогдох

Зөрчлийн улмаас учирсан гэм хорын хохирол 5,702,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зөрчлийн улмаас учирсан гэм хорын хохирол автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 4,285,000 төгрөг, үнэлгээний хөлс 262,000 төгрөг, зочид буудлын хөлс 105,000 төгрөг, хот хооронд зорчсон зардал 420,000 төгрөг, автомашин ачилтын хөлс 350,000 төгрөг, гэр бүлийн гишүүн 4 хүний хот хооронд зорчсон зардал 280,000 төгрөг, нийт 5,702,000 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: А.Б би гэр бүлийн хамт Toyota Prius-20 маркийн автомашинтай 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд Говь-Алтай аймгийн Бууцагаан сумаас Говь-Алтай аймгийн Дэлгэр сум руу явах замд мотоциклтой хүн өөдөөс ирээд мөргөсөн.

Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас 2216000302 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгаж, эрх бүхий албан тушаалтны магадлагаа гарч, зам тээврийн осол нь М.Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас болсон талаар дүгнэлт гарсан.

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ЗШ/329 дугаар шийтгэврээр М.Б-ийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, хохирогч нь буруутай этгээдээс гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн.

 

Миний хувьд Ховд аймаг руу өөрийн эзэмшлийн Toyota Prius маркийн ... - ..... ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явж байсан бөгөөд ослын улмаас миний автомашинд 4,285,000 төгрөгийн хохирол, мөн гэр бүлийн гишүүд болох 4 хүн Улаанбаатар хот руу явсан тээврийн зардал 280,000 төгрөг, автомашин ачуулсны хөлс 350,000 төгрөг, Говь-Алтай аймагт таних айл байхгүй 3 хоног буудалд хоносон зардал 105,000 төгрөг, автомашины үнэлгээ гаргуулсан төлбөр 262,000 төгрөг, Говь-Алтай аймаг Улаанбаатар хотын хооронд явсан унааны зардал 420,000 төгрөг, нийт гэм хорын хохиролд 5,702,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгуулах тухай

 

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Нэхэмжлэлээс “АБ” ХХК-ийн “Toyota Prius” маркийн ... ... ХОҮ улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон 4,285,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

 

Би сард 280,000 төгрөгийн тахир дутуугийн тэтгэврийн орлоготой, эхтэйгээ хамт амьдардаг тул А.Б-гийн бусад нэхэмжилсэн зардлыг төлөх боломжгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч М.Б-ээс автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 4,285,000 төгрөг, үнэлгээний хөлс 262,000 төгрөг, зочид буудлын хөлс 105,000 төгрөг, хот хооронд зорчсон зардал 420,000 төгрөг, автомашины ачилтын хөлс 350,000 төгрөг, нийт 5,422,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх гэр бүлийн гишүүн гэх 4 хүний хот хооронд зорчсон зардал 280,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 101,702 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгож ..... шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч М.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2023/00070 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх надаас нэхэмжлэгч А.Б-д автомашины хохирлын үнэлгээ 4,285,000 төгрөг, үнэлгээний хөлс 262,000 төгрөг, зочид буудлын хөлс 105,000 төгрөг, хот хооронд зорчсон зардал 420,000 төгрөг, автомашины ачилтын хөлс 350,000 төгрөг нийт 5,422,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анх А.Б нь 4,000,000 төгрөг нэхэмжилж байсан гэтэл 5 сая гаруй төгрөг нэхэмжилж байгаа нь миний амьдралд хүнд тусч байна.

Миний биеийн эрүүл мэндийн байдал хүндэвтэр ажил хийдэггүй, “хөдөлмөрийн чадвар алдалтын групп”-д байдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрээс гаргасан хохирлын мөнгөнөөс бодит бус зардлыг хасч тооцож нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч М.Б-д холбогдуулан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэн гэх үндэслэлээр автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 4,285,000 төгрөг, үнэлгээний хөлс 262,000 төгрөг, зочид буудлын хөлс 105,000 төгрөг, хот хооронд зорчсон зардал 420,000 төгрөг, автомашин ачилтын хөлс 350,000 төгрөг, гэр бүлийн гишүүн 4 хүний хот хооронд зорчсон зардал 280,000 төгрөг, нийт 5,702,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч М.Б нь нэхэмжлэлээс автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 4,285,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хүлээн зөвшөөрч, “тахир дутуугийн тэтгэвэртэй” гэх үндэслэлээр үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

         4. Хариуцагч М.Б нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн а-0303 дугаартай замын 113 км-т “Мустанг 5” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ “Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийг зөрчсөний улмаас хохирогч А.Б-гийн жолоодон явсан ... - ... ХОҮ улсын дугаартай “Тоуота Приус” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан байна. /1 хх-ийн 87-89/

          5. Хариуцагч М.Б-ийг 10 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ногдуулжээ.

          6. Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч А.Б өмчлөлийн ... - ... ХОҮ улсын дугаартай “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнийн дүнг “АБ” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 927 дугаар “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-гаар 4,285,000 төгрөг (шууд зардал 3,965,000 төгрөг, шууд бус зардал 320,000 төгрөг) болохыг тогтоож, гэм буруу болон үнэлгээний талаар талууд гомдол гаргаж байгаагүй байна.

  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх (адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр) буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаас үзэхэд гэм хорын шууд болон шууд бус бодит хохирлыг зөрчил гаргасан буруутай этгээд болох М.Б нь арилгах үүрэгтэй.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох үйл баримтыг бодитой тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг зөрчөөгүй, зохигчдын тайлбар, хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 133/ШШ2023/00070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.702 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.БАТТОГТОХ

           ШҮҮГЧИД                            Ч.ЭНХТӨР

                                                                     Ц.ОЮУН-ЭРДЭНЭ