Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 133/ШШ2023/00085

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХБ ХХК ГА салбар нэхэмжлэлтэй

Хариуцагч: ГАА ШШГГ холбогдох

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Д.Н/цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Д.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У тэмдэглэл хөтлөв.

Тодорхойлох нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:“Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518001067 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Төв номын сангийн баруун тал, Капитал баарны 2 давхарт байршилтай, гал тогооны хамт 4 өрөө, 70.29 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө”,

“Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000537 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Төв номын сангийн баруун талд байршилтай, 2 өрөө, 120 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө”,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 13 дугаар байрны 1-А тоот хаягт байрлах, нэгж талбарын 060710050 дугаартай, 000477149 дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй, 140.1 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай газар” зэрэг эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: ГАА ШШГГ нь төлбөр авагч “Хаан банк” ХХК болон төлбөр төлөгч Ц.Т, С.С нарт холбоотой Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00417 дугаартай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа билээ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өр төлбөрийг барагдуулахаар “Ашид билгүүн” ХХК-иар үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгож, дүгнэлт гаргуулсан байна.

ГАА ШШГГ 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн “Үнэлгээ танилцуулах тухай” албан бичигт “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг Төв номын сангийн баруун Капитал баарны 2 давхарт байрлах, Ү-0518001067 тоот улсын бүртгэлийн дугаартай, 70.29мкв талбайтай, гал тогооны хамт 4 өрөө, орон сууц, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг Төв номын сангийн баруун талд байрлах, Ү- 0518000537 тоот улсын бүртгэлийн дугаартай, 120мкв талбайтай, 2 өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг 13 дугаар байрны 1-А тоот хаягт байрлах, нэгж талбарын 060710050 дугаартай, 140 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг 314,339,875 төгрөгөөр үнэлэгдсэн” гэснийг “ХБ” ХХК хүлээн зөвшөөрөх бодит боломжгүй.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд нь хуулийн этгээд бус, тусгай зөвшөөрөл бүхий хувь хүн байхаар заасан.

Энэ ч агуулгаараа үнэлгээчин хувь хүн өөрийн гаргасан үнэлгээндээ ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагыг хүлээхээр холбогдох хууль тогтоомжид зохицуулсан байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг тус тус баримтлах учиртай.

Гэвч төлбөрт хураагдсан, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор ажилласан шинжээчийн дүгнэлт агуулгын хувьд дээрх хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “үнэлгээчин үнэлгээ хийх бэлтгэл ажлын хүрээнд хөрөнгийн үнэлгээ хийхэд ашиглаж байгаа мэдээллийн сан болон үйлчлүүлэгчээс ирүүлсэн тоо, мэдээг дахин хянаж магадлан шинжилсэн байх үүрэгтэй” гэж, 9 дүгээр зүйлийн 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагатай” талаар тус тус заасан байна.

Олон Улсын Үнэлгээний Стандартад 10.1-д “Үнэлгээний үндсэн хандлагууд нь а/ Зах зээлийн хандлага, б/ Орлогын хандлага, в/ Өртгийн хандлага байх бөгөөд Үнэлгээчин үнэлгээний хамааралтай ба тохиромжтой хандлагуудад анхаарал хандуулах ёстой.

Уг эд хөрөнгөд шинжээч үнэлгээ гаргахдаа ямар аргыг хэрэглэсэн нь тодорхойгүй байгаа нь шинжээчийн үнэлгээ нь бодит үнээс хамаагүй өндөр, бодит байдалд нийцээгүй гарсан гэж үзэхээр болжээ.

Бодит байдалд нийцээгүй үнэ тогтоосны улмаас газар дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах боломжгүй болж, улмаар төлбөр авагчид илтэд хохиролтой үнэлгээ хийгдсэн гэж үзэж байна.

3. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- “ХБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

- “ХБ” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/12242, 29/12303 дугаар итгэмжлэлийн хуулбар

- “ХБ” ХХК-ийн Говь-Алтай салбарын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар итгэмжлэл

- Барьцааны гэрээ/2018.05.30 №БГҮ201843633883/

- Барьцаа хөрөнгийг газар дээр нь шалгасан акт

- Үл хөдлөх хөрөнгийн үнэ, ханшийн судалгаа

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/986 дугаар албан бичиг, “Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг”-ийн материал/№22050153/

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 278-ны өдрийн 1/80 дугаар албан бичиг, “Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг”-ийн материал/№22050153/

5. Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

6. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00417 дугаар шүүхийн шийдвэрээр Ц.Төмөрхуягаас 98.417.148,69 төгрөгийг  гаргуулж, “Хаан банк” ХХК-ийн Говь-Алтай салбарт олгосон.

Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Ц.Т, С.С нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тус аймгийн Есөнбулаг сумын Харзат баг Төв номын сангийн баруун Капитал баарны 2 давхарт байрлах Ү-0518001067 улсын бүртгэлийн дугаартай 70,29 мкв гал тогооны хамт 4 өрөө орон сууц, Есөнбулаг сумын Харзат баг 13 дугаар байрны 01 тоот А тоот хаягт байрлах Г-0607100500 гэрчилгээний дугаартай 140,1 мкв эзэмших эрхтэй газар, Есөнбулаг сумын Харзат баг Төв номын сангийн баруун талд байрлах Ү-0518000537 улсын бүртгэлийн дугаартай 120 мкв 2 өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураах ажиллагааг явуулсан.

Талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч Ц.Т, С.С нар нь дээрх үл хөдлөх хөрөнгийг нийт 520,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг саналыг төлбөр авагчид танилцуулахад талууд харилцан тохиролцож, хөрөнгийн үнийг тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/01 дүгээр “Шинжээч томилох тухай тогтоол”-оор “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээч Ч.Жамьянг томилж, эрх, үүргийг тайлбарлан өгч, үнэлгээг тогтоолгоход 314,339,875 төгрөгөөр хөрөнгийн үнийг тогтоосон.

Дээрх үнэлгээ, тайланг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, төлбөр төлөгч Ц.Т-т 2022 оны 11 дүгээр 07-ний өдрийн 1/850 тоот албан бичгээр, өмчлөгч С.С-ад 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/852 тоот албан бичгээр, төлбөр авагч тал “ХБ” ХХК-ийн Говь-Алтай салбарт 2022 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 1/851 тоот албан бичгээр тус тус хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шүүхэд гомдол гаргах, тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах эрхтэй болохыг мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн.

7. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй.

8. Хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

10. Гуравдагч этгээдийн татгалзлын үндэслэл: Шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйлдэл буюу процессын зөрчилтэй холбоотой асуудлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гэх мэт дарааллаар гомдлоо гаргах эрх нь төлбөр авагчид байсан. Энэ ажиллагаа хийгдсэн үү гэхээр огт гомдол гаргаагүй учраас хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

Тусгай зөвшөөрөл бүхий хувь хүн хийх ёстой байтал хуулийн этгээд хийсэн гэж байна. Тухайн үнэлгээг “Ашид Билгүүн” ХХК-ийн Ч.Ж гэх Сангийн яамнаас зөвшөөрөл авсан эрх бүхий хүн хийсэн байгаа. Хэргийн материалд энэ талаарх баримтыг хавсаргаж өгсөн.

Үнэлгээг гаргахдаа ямар хандлага, аргаар гаргаж байгаа нь тодорхойгүй байна гэж дурдсан. ҮнэлгээгОлон улсын үнэлгээний стандарт”-ын 3 хандлагын аль боломжтойгоор гаргасан. Заавал харьцуулсан дүгнэлт гаргах гэсэн стандарт байхгүй. Харьцуулж гаргах боломжтой. Гэхдээ “Ашид билгүүн ХХК үнэлгээг өртгийн хандлагаар хийсэн гэдгээ тодорхой бичсэн. Зах зээлийн үнээс өндөр гэж нэхэмжлэлд дурдсан байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс үнийн санал авсан байгаа. Төлбөр авагчийн зүгээс 2018 онд анх зээлийн гэрээ байгуулах үеийн ханшаар буюу нийт хөрөнгийг 101,000,000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах саналыг оруулсан. Харин төлбөр төлөгчийн хувьд 2022 оны зах зээлийн ханшаар буюу 520,000,000  төгрөгөөр үнэлгээний санал гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т шинжээчээр ямар тохиолдолд үнэлгээ гаргуулах талаар заасан. Талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй бол хөндлөнгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийг томилж, дүгнэлт гаргуулна гэсэн хуульд заасан журмын дагуу үнэлгээг гаргуулсан.

Тэгэхээр үнэлгээг хэт өндөр үнэлсэн гэж байгаа боловч энэ талаарХаан банк” ХХК-ийн Говь-Алтай салбараас ямар ч нотлох баримт гарган өгөөгүй. Өөр шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ ийм байхад “Ашид билгүүн” ХХК ингэж үнэлсэн байна гэж нотлох баримт гарган өгөх боломжтой байсан.

Ажиллагааны тухайд анх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэнээс хойш шийдвэр гүйцэтгэгчийн процессын ажиллагаатай холбоотой гомдол, мэдээллийг шүүхийн шийдэх асуудал биш. Үнэлгээ бодит гарсан эсэх, зах зээлийн үнэлгээ мөн үү биш үү гэдэг асуудлын хүрээнд шийдэх байх.

11. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй.

12. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.

Үндэслэх нь:

1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн Говь-Алтай салбар нь хариуцагч Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Төлбөр авагчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх, үүргийг тайлбарлаагүй, шинжээч дүгнэлт гаргах хугацааг хэтрүүлсэн, үнэлгээ бодит байдалд нийцээгүй” гэх үндэслэлээр эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ./Хавтаст хэргийн 1-3 хуудас, 166 хуудас/

Хариуцагч ГАА ШШГГ нь “Төлбөр төлөгчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх, үүргийг тайлбарлаагүй гэх гомдлын тухайд урьдчилан шийдвэрлэх журмыг нэхэмжлэгч зөрчсөн, хураах ажиллагаа явуулснаас хойш хуулиар тогтоосон хугацаанд талуудын харилцан тохиролцоогүй эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ./Хавтаст хэргийн 28-29, 168-169 хуудас/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь “Эд хөрөнгийн үнэлгээ бодит байдалд нийцээгүй гэх үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй, төлбөр төлөгчид эрх, үүрэг тайлбарлаагүй гэх гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлыг дэмжсэн тайлбар гаргажээ./Хавтаст хэргийн 170 хуудас/

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт “Гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заасан бол уг шаардлагыг хангасан нөхцөлд шүүх түүнийг хүлээн авч хэлэлцэнэ”, 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтад дурдсан “Гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэх үндэслэл иргэний хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэг “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэжээ.

Харин иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болохоор мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлоо урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргахгүйгээр шууд шүүхэд гаргах боломжтой байна.

Нэхэмжлэгч ““ХБ” ХХК-ийн Говь-Алтай салбарын хариуцагч ГАА ШШГГ холбогдох эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.

Иймд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу “ХБ” ХХК-ийн ГАА ШШГГ холбогдох эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.

3. ГАА ШШГГ 2022 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 1/851 дүгээр албан бичгээр “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ҮХХ822/4908 дугаар эд хөрөнгийн үнэлгээг “Хаан банк” ХХК-ийн Говь-Алтай салбарт танилцуулжээ./Хавтаст хэргийн 108 хуудас/

“ХБ” ХХК-ийн Говь-Алтай салбарын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 756 дугаар албан бичгээр “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ҮХХ822/4908 дугаар эд хөрөнгийн үнэлгээтэй танилцсан тухай ГАА ШШГГ мэдэгджээ./Хавтаст хэргийн 114 хуудас/

Улмаар нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн Говь-Алтай салбар нь хариуцагч ГАА ШШГГ холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар 2022 оны 11 дүгээр зүйлийн 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 55.7, 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2-т заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй” гэжээ.

Говь-Алтай аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00417 дугаар шийдвэр/Хавтаст хэргийн 207 хуудас/-ийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хариуцагч Ц.Т, Д.С нараас үндсэн зээлийн үлдэгдэл 86.558.270,98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11.538.179,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 320.697,77 төгрөг, нийт зээлийн төлбөрт 98.417.148,69 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгчХаан банк” ХХК-д олгож, 2 дахь заалтаар хариуцагч Ц.Т, С.С нар нь үүргийг мөнгөн хэлбэрээр барагдуулахад хүрэлцэхгүй тохиолдолд барьцааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Төв номын сангийн баруун талд байршилтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000537 дугаарт бүртгэлтэй 120 м.кв 2 өрөө үл хөдлөх хөрөнгө, 060710050 нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг, Төв номын сангийн баруун талд Капитал баарны 2 давхарт байршилтай орон сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0518001067 дугаарт бүртгэлтэй 70.29 м.кв гал тогооны хамт 4 өрөө үл хөдлөх хөрөнгө, 060710050 нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, ноолуур/агуулахын үлдэгдлээр/ 1 тонн  зэргийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг ГАА ШШГГ даалгажээ.

Уг шийдвэрийн үндсэн дээр Говь-Алтай аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 133/ГХ2022/00004, мөн өдрийн 133/ГХ2022/00005 дугаартай гүйцэтгэх хуудас тус тус бичигджээ./Хавтаст хэргийн 190-193 хуудас/

Дээрх гүйцэтгэх баримт бичгийн үндсэн дээр Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 22050153 дугаар тогтоол/хавтаст хэргийн 189 хуудас/-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, албадан гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

Иймд нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн Говь-Алтай салбарын хариуцагч Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх хүрээг тухайн гомдол гаргасан үндэслэлээр хязгаарласан болно.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй” гэжээ.

“Иргэний  хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг”-ийн материал/№22050153/-д авагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх, үүрэг тайлбарласан тухай баримт”-ын эрх, үүрэг танилцуулсан хэсэгт шийдвэр гүйцэтгэгч Д.А, танилцсан хэсэгт төлбөр төлөгч С.С гарын үсэг зурж, харин төлбөр авагч “ХБ” ХХК-ийн Говь-Алтай салбарын төлөөлөгч, төлбөр төлөгч Ц.Т тус тус гарын үсэг зураагүй байна./Хавтаст хэргийн 56 хуудас/

Зохигчийн хооронд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 22080153/55 дугаар “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ”/Хавтаст хэргийн 206-207 хуудас/ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаар урьдчилан төлүүлж, хожим төлбөр төлөгчөөр нөхөн төлүүлж, төлбөр авагчид олгох агуулгатай байхаас бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх, үүрэг тайлбарласан агуулга тусгагдаагүй байна.

Энэ тохиолдолд шүүхэд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх, үүрэг тайлбарласан тухай баримт” болон “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ” зэрэг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн Говь-Алтай салбар нь мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны салбарын мэргэжлийн оролцогч боловч уг эрх зүйн байдал нь шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр авагчийн хувьд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлах үүргээс чөлөөлөхгүй.

Иймд шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчид иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага хангагдаагүй байх бөгөөд уг алдааг шүүх зөвтгөх боломжгүй.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдах дээрх нийтлэг шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ тус бүрд хамааралтай бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын эрх, үүргийг мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь хэсэгт заажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9 дахь хэсэгт “хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд үнэлгээчнийг оролцуулах”-ыг иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээнд хамааруулжээ.

Хэдийгээр төлбөр авагч нь шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон үйл ажиллагаанд гомдол гаргаагүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан нийтлэг шаардлага хангагдаагүй тул уг ажиллагааны үр дүнд гарсан “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ҮХХ822/4908 дугаар эд хөрөнгийн үнэлгээ/тайлан/шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага хангагдсан гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдах дээрх нийтлэг шаардлагыг хангаагүй шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн үйл ажиллагааг хууль бус гэж үзэх уг ажиллагааны үндсэн дээр гарсан эд хөрөнгийн үнэлгээг хууль бус гэж үзнэ.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно” гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгч нь тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шинжээчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд татан оролцуулдаг байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль/2001 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.4.9 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх”-ийг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөлд хамааруулжээ.

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 18 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.А-н 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/01 дүгээр “Шинжээч томилох тухайтогтоол/хавтаст хэргийн 81-82 хуудас/-оор хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл/хавтаст хэргийн 88 хуудас/ бүхий “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчин Ч.Жамьянг эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох зорилгоор шинжээчээр томилжээ.

Шинжээч Ч.Ж-д 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эдлэх эрх, хүлээх үүрэг, үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол хүлээлгэх хариуцлагыг тайлбарлаж, гарын үсэг зуруулжээ./Хавтаст хэргийн 83-84 хуудас/

Тусгай мэдлэг бүхий, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад эдлэх эрх, хүлээх үүргээ тайлбарлуулж, зориуд худал дүгнэлт гаргасан бол хүлээлгэх хариуцлагыг ухамсарлан,  үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасан шинжээчийн дүгнэлт/хөрөнгө үнэлсэн тайлан/-г ноцтой, илэрхий алдаатай гэж үзэхээс бусад тохиолдолд шүүхээс бодит байдалд нийцээгүй хэмээн буруутгах боломжгүй.

Шинжээчийн дүгнэлтийн ноцтой, илэрхий гэж үзэхэд тусгай мэдлэг шаардахгүй бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхэд уг алдаа нь шинжээчийн дүгнэлтээс тодорхой байдаг.

Энэхүү иргэний хэргийн тухайд “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ҮХХ822/4908 дугаар эд хөрөнгийн үнэлгээ/тайлан/-г ноцтой, илэрхий гэж үзэх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Энэ тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв, бодит байх шаардлагад нийцээгүй гэх асуудлыг мөнхүү тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тодорхойлох нь зохимжтой.

8. Харин нэхэмжлэгчээс иргэний хэрэгт гарган өгсөн “Хаан банк” ХХК-ийн Говь-Алтай салбарын ажилтан Г.Н, С.О нарын гарын үсэг бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэ, ханшийн судалгааг тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэх эрх зүйн үндэслэлгүй.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлт/эд хөрөнгө үнэлсэн тайлан/-ийг үнэн зөв, бодит байдалд нийцээгүй гэх байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд баримтаар нотолсонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нь шинжээч томилуулахаар хүсэлт гаргах эрхтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шинжилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг.

Гэвч нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлт/эд хөрөнгө үнэлсэн тайлан/-ийг бодит байдалд нийцээгүй гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй тул шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжгүй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэжээ.

Нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн Говь-Алтай салбар нь нэхэмжлэлдээ хариуцагчаар ГАА ШШГГ тодорхойлж, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчин Ч.Ж хариуцагчаар тодорхойлоогүй тул шинжээчийн дүгнэлт/эд хөрөнгө үнэлсэн тайлан/-ийг үнэн зөв, бодит байдалд нийцээгүй” гэх нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн тайлбарыг авах боломжгүй.

Хариуцагч ГАА ШШГГ нь тусгай мэдлэг бүхий, тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчинг шинжээчээр томилж, хураасан эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон тул шинжээчийн дүгнэлт/эд хөрөнгө үнэлсэн тайлан/-ийн үнэн зөв, бодит байдалд нийцсэн эсэх талаар тайлбар хийх боломжгүй.

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ҮХХ822/4908 дугаар эд хөрөнгийн үнэлгээ/тайлан/-гийн “Үнэлгээний хандлага, арга зүй” хэсэгт “Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн байршлын бүсэд жиших хөрөнгийн арилжааны мэдээлэл хангалттай хүрэлцээтэй бус байсан тул барилгыг өртгийн хандлагыг үндэслэн үнэлгээг хийх нь зүйтэй гэж үзлээ” гэжээ./Хавтаст хэргийн 95 хуудас/

Нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн Говь-Алтай салбар нь нэхэмжлэлдээ хариуцагчаар “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчин Ч.Ж тодорхойлсон тохиолдолд Шүүхийн шинжилгээний тухай хууль/2009 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасны дагуу шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй.

Энэ тохиолдолд шүүхээс “Үнэлгээг өртгийн хандлагын аргаар тодорхойлсон үндэслэл, зах зээлийн болон орлогын хандлагаар үнэлгээг тогтоох боломжгүй үндэслэл, үнэлгээ нь бодит байдалд нийцсэн эсэх, үнэн зөв байх хуулийн шаардлагыг хангаж буй эсэх” асуудлыг үнэлгээчнээс тодруулах боломжтой.

Гэвч шүүх хөндлөнгийн байгууллагын хувьд хариуцагчийг тодорхойлж, нэхэмжлэлд тусгах нь нэхэмжлэгчийн эрхэд халдах, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчих, хариуцагчийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьдчилсан байр суурь илэрхийлэх боломжгүй.

10. Шүүхээс нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн Говь-Алтай салбарын хариуцагч ГАА ШШГГ холбогдох эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн үндэслэл нь зөвхөн шийдвэр гүйцэтгэгчээс хураасан эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон ажиллагаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага/төлбөр төлөгчид эрх, үүрэг тайлбарлах/ биелэгдээгүйтэй холбоотой болно.

Иймд хариуцагчаас нэхэмжлэгчид төлбөр авагчийн эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарласны үндсэн дээр хураасан эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГАА ШШГГ 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн Говь-Алтай салбарт олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн Говь-Алтай салбарын хариуцагч ГАА ШШГГ холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,

“Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518001067 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Төв номын сангийн баруун тал, Капитал баарны 2 давхарт байршилтай, гал тогооны хамт 4 өрөө, 70.29 метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө”,

“Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000537 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг Төв номын сангийн баруун талд байршилтай, 2 өрөө, 120 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө”,  

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 13 дугаар байрны 1-А тоот хаягт байрлах, нэгж талбарын 060710050 дугаартай, 000477149 дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй, 140.1 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай газар” зэрэг эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.        

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГАА ШШГГ 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн Говь-Алтай салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАТ