Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2023/00096

 

 монгол улсын нэрийн өмнөөс

                                     

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ТБ ХХК ГА С нэхэмжлэлтэй

Хариуцагч: О.Б, Д.С нарт холбогдох зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагч О.Б, хариуцагчийн М.Э нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б тэмдэглэл хөтлөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэжээ.

Хариуцагч Д.С нь өөрийнхөө эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагч О.Б, хариуцагчийн М.Энар нь хүлээн зөвшөөрч, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Тодорхойлох нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээл 18,660,264.06 төгрөг, хүү 2,159,948.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,212.02 төгрөг, нийт 20,892,424.51 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйл болох эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0506000085 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан багийн Тайгам хороолол, 1 гудамж, 7 тоотод хаягт байршилтай, 60.4 метр квадрат талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гал тогоо, ханын стек, 2 хаалгатай хөргөгч, 40 инчийн зурагт, хөлдөөгч зэрэг эд хөрөнгөөр хангуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл:  О.Б Д.С нар нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дэлгэр тооцооны төвөөс 30,000,000.00 төгрөгийн бизнесийн зээлийг 40 сарын хугацаатай, жилийн 18,0 хувийн хүүтэйгээр авсан.

Зээлийн барьцаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан багийн Тайгам гудамжны 1-7 тоот, Ү-0506000085 дугаартай хувийн сууцыг 23,485,000 төгрөгөөр, бараа материалыг 5,295,000 төгрөгөөр, гал тогооны тавилга болон ханын стекийг 1,080,000 төгрөгөөр, 2 хаалгатай хөлдөөгч, 40 инчийн зурагт зэргийг 1,080,000 төгрөгөөр тус тус үнэлж, барьцаалсан.

Зээлдэгч нар нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлээс 11,339,735.94 төгрөг, хүүгээс 7,467,143.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,160.71 төгрөгийг тус тус төлж, одоогоор байдлаар зээл 18,660,264.06 төгрөг, хүү 2,159,948.43 төгрөг нэмэгдүүлсэн хүү 72,212.02 төгрөг, нийт 20,892,424.51 төгрөг байна.

3. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь/2020.09.04 №240500137929/

- Барьцааны гэрээ/2020.09.04 №240500137929/

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/”ТБ” ХХК/

- Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл/2022.10.28 №15/,

- Харилцах дансны хуулга/О.Б/, Зээлийн дансны хуулга/О.Б/

- Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ/Ү-0506000085, №000158165/

5. Хариуцагчийн тайлбарын агуулга: Зээл 18,660,264.06 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хүү 2,159,948.43 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 72,212.02 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах

6. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: /”ТБ” ХХК/-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй учраас хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.

“Төрийн банк” ХХК-ийн ажилтан манай гэрт нэг удаа ирж, уулзахдаа болон нэг удаа бичгээр тус тус зээл төлөх талаар мэдэгдсэн. Зээлдүүлэгчийн санаачилгаар зээлийн гэрээг дуусгавар болгох үндэслэл бүрдээгүй.

7. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй.

8. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.

Үндэслэх нь:

1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Нэхэмжлэгч /”ТБ” ХХК/-ийн Говь-Алтай салбар нь хариуцагч О.Б Д.С нарт холбогдуулан “Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгч ноцтой зөрчсөн тул зээлийн гэрээ цуцлагдсан” гэх үндэслэлээр зээл 18,660,264.06 төгрөг, хүү 2,159,948.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,212.02 төгрөг, нийт 20,892,424.51 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйл болох эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0506000085 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан багийн Тайгам хороолол, 1 гудамж, 7 тоотод хаягт байршилтай, 60.4 метр квадрат талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гал тогоо, ханын стек, 2 хаалгатай хөргөгч, 40 инчийн зурагт, хөлдөөгч зэрэг эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ./Хавтаст хэргийн 1-2 хуудас/

Хариуцагч О.Б Д.С нар нь нэхэмжлэлээс зээл 18,660,264.06 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, “Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй, зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй” гэх үндэслэлээр үлдэх “хүү 2,159,948.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,212.02 төгрөг”-ийг гаргуулах тухай үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргажээ./Хавтаст хэргийн 68, 91 хуудас/

3. Нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн Говь-Алтай салбарын Дэлгэр тооцооны төв болон хариуцагч О.Б Д.С нар нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 240500137929 дүгээр “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулж, харилцан гарын үсэг зурж, албажуулжээ.

Уг гэрээнд зээлдүүлэгч “ТБ” ХХК-ийн Говь-Алтай салбарын Дэлгэр тооцооны төв нь 30,000,000 төгрөгийг сарын 1.5, жилийн 18 хувийн хүүтэйгээр 40 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч О.Б Д.С нар нь зээлийг хүүгийн хамт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээхээр зааснаар үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 541.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулжээ./Хавтаст хэргийн 4-9 хуудас/

Учир нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Иймд зээлдэгч “ТБ” ХХК-ийн Говь-Алтай салбар нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхийг зээлдэгч О.Б Д.С нараас шаардах эрхтэй.

Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээл 30,000,000 төгрөг зээлдэгчийн өмчлөлд шилжсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй тул дээрх шаардах эрх хүчин төгөлдөр байна.

3. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 225.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэжээ.

“Зээлийн гэрээ”-ний 6.2-т “Дараах нөхцөл байдал үүссэн, үүсэж болзошгүй нь нотлогдсон тохиолдолд банк энэхүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно”,

6.2.1-т “Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол” гэжээ.

“Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийг зээлдэгч 3-аас дээш удаа зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэхээр мөнхүү гэрээний 2.2.1-т заажээ.

Хариуцагч О.Б Д.С нарын 240500137929 тоот зээлийн дансны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацааны хуулга/хавтаст хэргийн 85-56 хуудас/, 240500023588 тоот харилцах дансны 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацааны хуулга/хавтаст хэргийн 81-84 хуудас/ зэрэг нотлох баримтыг нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн Говь-Алтай салбараас иргэний хэрэгт нотлох баримтаар гарган  өгчээ.

Уг бичмэл нотлох баримтаас зэргээс үзэхэд зээлдэгч нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүү, нэмэгдүүлсэн хүүд 300,000 төгрөгийг төлснөөс хойш зээлдүүлэгчээс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд буюу 6 сарын хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгээгүй үйл баримт тогтоогдож байна. Уг үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Энэхүү үйл баримт нь “Зээлийн гэрээ”-ний 2.2.1-т заасан ноцтой зөрчил байх бөгөөд энэ тохиолдолд зээлдүүлэгч мөнхүү гэрээний 6.2.1-т заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, зөрчлөө арилгах боломж, нөхцөлийг хангах үүрэгтэй байна.

Зээлдүүлэгч “ТБ” ХХК-ийн Говь-Алтай салбарын Дэлгэр сумын тооцооны төвөөс зээлдүүлэгч О.Б-д 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 207 хоногийн хугацаа хэтэрсэн байгааг сануулж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, мөн өдрийн огноотой 15 дугаар мэдэгдэл хүргүүлжээ./Хавтаст хэргийн 78 хуудас/

Уг мэдэгдэлд зээлдэгч О.Б гарын үсэг зурж, хүлээн авсан байх бөгөөд “Төрийн банк” ХХК-ийн Говь-Алтай салбарын Дэлгэр сумын тооцооны төвөөс гэрт нэг удаа ирж, уулзаад зээлээ төлөхийг мэдэгдэж байсныг хариуцагч О.Б шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан болно.

Гэвч хариуцагч О.Б Д.С нар нь “Зээлийн гэрээ”-ний 2.2.1-т заасан ноцтой зөрчлийг арилгаагүй тул нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн Говь-Алтай салбар нь гэрээг цуцалж, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээл, хүүг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, “Зээлийн гэрээ”-ний 6.2.1 дэх заалтад тус тус нийцжээ.

Иймд хариуцагчийн “Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, хугацаанаас өмнө гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй” гэх татгалзлыг шүүх хүлээн авах эрх зүйн үндэслэлгүй.

4.  Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэжээ.

Нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн Говь-Алтай салбар нь хариуцагч О.Б Д.С нарт холбогдуулан “Зээлийн гэрээ”-г цуцлах шаардлагыг гаргаагүй.

Харин “Зээлийн гэрээ”-г хугацаанаас өмнө цуцалсны эрх зүйн үр дагавар буюу зээл, хүүгийн үлдэгдлийг нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардсан байх тул энэ тохиолдолд гэрээнээс цуцлахыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасны дагуу “нэхэмжлэлийн үндэслэл” гэж үзлээ.

5. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэжээ.

“Нэмэгдүүлсэн хүү зээлийн гэрээний 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно” гэж “Зээлийн гэрээ”-ний 2.1.5-т заажээ.

Зээлдэгч О.Б Д.С нар нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул зээлдүүлэгч “Төрийн банк” ХХК-ийн Говь-Алтай салбар нь хууль, гэрээний дээрх заалтын дагуу нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардах эрхтэй.

6. Энэхүү иргэний хэргийн тухайд зохигч нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар эргэн зээлээс 11,339,735.94 төгрөг, хүүгээс 7,467,143.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,160.71 төгрөг тус тус төлөгдөж, зээлийн үлдэгдэл 18,660,264.06 төгрөг, хүүгийн үлдэгдэл 2,159,948.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,212.02 төгрөг тус тус байгаа зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үнийн дүнгийн хувьд маргаагүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагч О.Б, Д.С нараас зээл 18,660,264.06 төгрөг, хүү 2,159,948.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,212.02 төгрөг, нийт 20,892,424.51 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн Говь-Алтай салбарт олгов.

7. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэжээ.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн Говь-Алтай салбар болон хариуцагч О.Б Д.С нар нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 240500137929 дүгээр “Барьцааны гэрээ”-г байгуулжээ./Хавтаст хэргийн 10-13 хуудас/

Уг гэрээнд барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг зааж, талууд бичгээр үйлдэн гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

Тодруулбал “Барьцааны гэрээ”-ний 2.2-т “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0506000085 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан багийн Тайгам хороолол, 1 гудамж, 7 тоотод хаягт байршилтай, 60.4 метр квадрат талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гал тогоо, ханын стек, 2 хаалгатай хөргөгч, 40 инчийн зурагт, хөлдөөгч” зэрэг эд хөрөнгийг барьцааны зүйл байхаар заажээ.

Иймд нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн Говь-Алтай салбар нь хариуцагч болон хариуцагч О.Б Д.С нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан дээрх эд хөрөнгөөр хангуулах шаардах эрхтэй.

Барьцаалуулагчийн энэхүү шаардах эрхийг үгүйсгэх, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй. 

Дээр дурдсан эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хуягбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно./Хавтаст хэргийн 57 хуудас/

“Төрийн банк” ХХК-ийн Говь-Алтай салбарын захирлын гарын үсэг бүхий 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 41/736 дугаар албан бичиг/хавтаст хэргийн 17 хуудас/-ээр итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 25 дугаар зүйлд тус тус заасан эвлэрэхээс бусад эрх, үүргийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-т олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах эрхтэй.

8. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана”, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу барьцааны зүйл болох “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0506000085 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан багийн Тайгам хороолол, 1 гудамж, 7 тоотод хаягт байршилтай, 60.4 метр квадрат талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гал тогоо, ханын стек, 2 хаалгатай хөргөгч, 40 инчийн зурагт, хөлдөөгч” зэрэг эд хөрөнгийг эд хөрөнгийг худалдан борлуулж, зээл 18,660,264.06 төгрөг, хүү 2,159,948.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,212.02 төгрөг, нийт 20,892,424.51 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх зүйн үндэслэлтэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 262,412 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ““ТБ” ХХК-ийн Говь-Алтай салбарт олгов.

Барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэснээс хамаарах эрх зүйн үр дагавар болно.

Дээрх үндэслэлээр барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулахгүй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Б, Д.С нараас зээл 18,660,264.06 төгрөг, хүү 2,159,948.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,212.02 төгрөг, нийт 20,892,424/хорин сая найман зуун ерөн хоёр мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөг 51/тавин нэг/ мөнгийг гаргуулан  нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн Говь-Алтай салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан барьцааны зүйл болох “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0506000085 дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан багийн Тайгам хороолол, 1 гудамж, 7 тоотод хаягт байршилтай, 60.4 метр квадрат талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гал тогоо, ханын стек, 2 хаалгатай хөргөгч, 40 инчийн зурагт, хөлдөөгч” зэрэг эд хөрөнгийг худалдан борлуулж, зээл 18,660,264.06 төгрөг, хүү 2,159,948.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,212.02 төгрөг, нийт 20,892,424.51 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн Говь-Алтай салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,412/хоёр зуун жаран хоёр мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б Д.С нараас 262,412/хоёр зуун жаран хоёр мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн Говь-Алтай салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

5Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАТ