Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 215/МА2023/00010

 

 

“ТБ”ХХК-ийн ГА салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Ш.Баттогтох, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2023/00096 дугаар шийдвэртэй,

“ТБ”ХХК-ийн ГА салбарын нэхэмжлэлтэй

Х овгийн О.Б, Л овгийн Д.С нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 20,892,424.51 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагч нарын өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага : Зээл 18,660,264.06 төгрөг, хүү 2,159,948.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,212.02 төгрөг, нийт 20,892,424.51 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйл болох эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-................ дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ............. сумын ............. багийн ............. хороолол, ... гудамж, .... тоотод хаягт байршилтай, 60.4 метр квадрат талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гал тогоо, ханын стек, 2 хаалгатай хөргөгч, 40 инчийн зурагт, хөлдөөгч зэрэг эд хөрөнгөөр хангуулах тухай.

2. Нэхэмжлэлийн үндэслэл: О.Б, Д.С нар нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ............. тооцооны төвөөс 30,000,000.00 төгрөгийн бизнесийн зээлийг 40 сарын хугацаатай, жилийн 18,0 хувийн хүүтэйгээр авсан.

Зээлийн барьцаанд Говь-Алтай аймгийн ............. сумын ............. багийн ............. гудамжны ... - ... тоот, Ү-................ дугаартай хувийн сууцыг 23,485,000 төгрөгөөр, бараа материалыг 5,295,000 төгрөгөөр, гал тогооны тавилга болон ханын стекийг 1,080,000 төгрөгөөр, 2 хаалгатай хөлдөөгч, 40 инчийн зурагт зэргийг 1,080,000 төгрөгөөр тус тус үнэлж, барьцаалсан.

 

Зээлдэгч нар нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлээс 11,339,735.94 төгрөг, хүүгээс 7,467,143.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,160.71 төгрөгийг тус тус төлж, одоогийн байдлаар зээл 18,660,264.06 төгрөг, хүү 2,159,948.43 төгрөг нэмэгдүүлсэн хүү 72,212.02 төгрөг, нийт 20,892,424.51 төгрөг төлөөгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Зээл 18,660,264.06 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хүү 2,159,948.43 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 72,212.02 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах гэжээ.

 

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: “ТБ”ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй учраас хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

“ТБ”ХХК-ийн ажилтан манай гэрт нэг удаа ирж, уулзахдаа болон нэг удаа бичгээр тус тус зээл төлөх талаар мэдэгдсэн. Зээлдүүлэгчийн санаачилгаар зээлийн гэрээг дуусгавар болгох үндэслэл бүрдээгүй гэжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х овгийн О.Б, Л овгийн Д.С нараас зээл 18,660,264.06 төгрөг, хүү 2,159,948.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,212.02 төгрөг, нийт 20,892,424 /хорин сая найман зуун ерөн хоёр мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөг 51 /тавин нэг/ мөнгийг гаргуулан нэхэмжлэгч “ТБ”ХХК-ийн Говь-Алтай салбарт олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан барьцааны зүйл болох Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-................ дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ............. сумын ............. багийн ............. хороолол, ... гудамж, ... тоотод хаягт байршилтай, 60.4 метр квадрат талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гал тогоо, ханын стек, 2 хаалгатай хөргөгч, 40 инчийн зурагт, хөлдөөгч зэрэг эд хөрөнгийг худалдан борлуулж, зээл 18,660,264.06 төгрөг, хүү 2,159,948.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,212.02 төгрөг, нийт 20,892,424.51 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ТБ”ХХК-ийн Говь-Алтай салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,412 /хоёр зуун жаран хоёр мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б, Д.С нараас 262,412 /хоёр зуун жаран хоёр мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “ТБ”ХХК-ийн Говь-Алтай салбарт олгож ..... шийдвэрлэжээ.

 

Хариуцагч О.Б, Д.С нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2023/00096 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх үндсэн зээлийн үлдэгдэл 18,660,264,06 төгрөг, хүү 2,159,948,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,212,02 төгрөг нийт 20,892,424,51 төгрөгийг нэхэмжлэгч “ТБ”ХХК-ийн Говь-Алтай аймгийн салбарт олгуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дуусах байсан. Гэтэл сайн дураараа ТБ өөрсдөө зээлийн гэрээгээ дуусгавар болгосон өдрөөсөө эхлэн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ тооцож нэхэмжилж байгаа нь хариуцагчийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2023/00096 дугаартай шийдвэрийг дахин магадлаж, хүү 2,159,948,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,212,02 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хариуцагч үндсэн төлбөрөө төлье. Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, хугацаа хэтрүүлсэн гэж байгаа нь 2022 оны 07 дугаар сараас эхэлж О.Б руу залгасан байдаг. Зээлийн гэрээний мэдэгдэх хуудас ирснээс хойш нэхэмжлэгч тал гэрээг цуцлах шаардлагыг бий болсон гэж байгаа. Энэ үеэс эхлээд хүү алданги тооцож болдоггүй юм уу яагаад шүүхэд өгсөн буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр тооцсон юм бэ? хүү алданги хасаж тооцож өгнө үү гэсэн хүсэлтийг тавьдаг. Энэ гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүх бүрэлдэхүүн дотоод итгэлээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүмүүст гэрээгээ үргэлжлүүлээд төлөх боломж байсан. Удаа дараа мэдэгдэж байсан. Зээл аваад төлөх бодолгүй. 2022 оны 03 дугаар сард төлөх байсан зээлийг 04 дүгээр сард төлөөд тэрнээс хойш төлөөгүй байдаг. Удаа дараа мэдэгдэхэд төлнө гэж хэлдэг. Эхнэртэй нь уулзахаар наад хүний чинь зээл надад хамаагүй гэж хэлдэг. Шүүх хурал дээр орж ирэхээрээ гэрээний хугацаа дуусаагүй гэдэг зүйл яриад байдаг. Гомдлоо зөв гаргасан буруу гаргасан талаар мэдэхгүй байна. 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөр зээлийн хүүг төлнө. Үүнээс хойш зээлийн хүүг төлөхгүй гэж байгаа нь боломжгүй асуудал байна. Өөрсдийн гэрээгээр хүлээсэн үүрэгт байгаа. Өөрсдөө гэрээг хүлээн зөвшөөрөөд байгуулсан байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

 

1.Нэхэмжлэгч “ТБ”ХХК-ийн Говь-Алтай салбар нь хариуцагч О.Б, Д.С нарт холбогдуулан “Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгч ноцтой зөрчсөн тул зээлийн гэрээ цуцлагдсан” гэх үндэслэлээр

1.а. Зээл 18,660,264.06 төгрөг,

1.б. Зээлийн хүү 2,159,948.43 төгрөг,

1.в. Нэмэгдүүлсэн хүү 72,212.02 төгрөг, нийт 20,892,424.51 төгрөгийг гаргуулах,

1.г. Барьцаа хөрөнгөөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  барьцааны зүйл болох эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-................ дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ............. сумын ............. багийн ............. хороолол, ... гудамж, ... тоотод хаягт байршилтай, 60.4 метр квадрат талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гал тогоо, ханын стек, 2 хаалгатай хөргөгч, 40 инчийн зурагт, хөлдөөгч зэрэг эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хэргийн үйл баримтын талаар

2.а Зохигч 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 240500137929 тоот зээлийн гэрээ байгуулж , 30 000 000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдүүлжээ.

Зээлдэгч нар нь гэрээний хугацаанд зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй бол хүүг үргэлжлүүлэн төлөх, хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байна.

2.б Мөн дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 240500137929 тоот барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын Ү-................ дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймаг, ............. сум, ............. баг ............. гудамж ... - ... тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. /хх-ийн 10/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээ болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт нийцсэн. Талууд зээл, барьцааны гэрээг бичгээр байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан хүчин төгөлдөр гэрээ байна.

2.в Талууд нь зээлийн гэрээ байгуулсан, зээл 30 000 000 төгрөг зээлдэгчийн өмчлөлд шилжсэн үйл баримттай  маргахгүй байна.

2.г. Хариуцагч О.Б, Д.С нар нь нэхэмжлэлээс зээл 18,660,264.06 төгрөг гаргуулах тухай шаардлагатай маргахгүй байна.

3. Хариуцагч нар нь “Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй, зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцласан өдрөөс хойшхи хугацааны хүү” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “хүү 2,159,948.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,212.02 төгрөг”-ийг гаргуулах тухай үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3.а. Иргэний  хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэжээ. Мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нар зээлээс 11,339,735,94 мөнгө, хүүнд 7,467,143,45 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 12,160,71 төгрөг төлсөн байна.

 

4.а Давж заалдах гомдлын тухайд

4.б Хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалсан, цуцалсан өдрөөс хүү 2,153,948,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,212,02 төгрөгийг нэхэмжилж байгаад гомдолтой байна гэжээ.

4.в. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэжээ.

4.г Иймд Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлт хийгээгүй үйл баримт тогтоогдож, Зээлийн гэрээний 2.2.1-т заасан ноцтой зөрчлийг гаргасан байх тул /хх-78/, зээлийн гэрээ цуцлагдаж, зээлийн үлдэгдэл 18,660,264,06 төгрөг, хүүгийн үлдэгдэл 2,159,948,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,212,02 төгрөг төлөх нь зүйтэй.

 

4.д Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэжээ.

 

Нэмэгдүүлсэн хүү зээлийн гэрээний 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж “Зээлийн гэрээ”-ний 2.1.5-т заажээ.

 

Зээлдэгч О.Б, Д.С нар нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул зээлдүүлэгч “ТБ”ХХК-ийн Говь-Алтай салбар нь хууль, гэрээний дээрх заалтын дагуу нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардах эрхтэй.

 

5.а Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох үйл баримтыг бодитой тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг зөрчөөгүй, зохигчдын тайлбар, хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2023/00096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.Б, Д.С нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.412 төгрөгийг улсын төсвийн орлогод  үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ЭНХТӨР

                         ШҮҮГЧИД                            Ш.БАТТОГТОХ

                                                                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ