Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 140/ШШ2023/00034

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын ******* оршин суух М******* овгийн ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ******* хаягт оршин суух А*******д холбогдох

8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* /онлайнаар/, хариуцагч Б.*******, нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.*******гаас 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би 2022 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр Эрдэнэхайрхан сумын ******* гэдэг айлд хүүхдийн даахинд сууж байтал хариуцагч 100 төлөг авмаар байна, хөгшиндөө зарчхаач гэсэн. Тэрнээс хойш 2 хоногийн дараа Б.******* ярьсан. Тэгээд 400 толгой мал авъя гэхээр нь тэг, тэг мөнгө чинь бэлэн юм уу гэхэд мөнгө бэлэн мөнгөнөөс айлт байхгүй гэсэн. Тэгээд 200 төлөг 200 эм хонь авъя гээд малаа ялгахад 176 эр төлөг байсан. Тэгэхээр нь үлдсэн 224 толгойд нь эм хонь ялгаад, нийт 400 толгой мал ялгаж өгөөд мөнгөө авъя гэхэд мобайлаар шилжүүлнэ гэсэн. Тэгэхээр нь мобайл энүүхэнд ордог, км хүрэхгүй газарт орно гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр г дуудаад бэлнээр 1.000.000 гаран төгрөг өгсөн байсан. Тэгээд мөнгөө авъя гэхэд яарч яваад утсаа машиндаа орхисон байна, аймаг оронгуутаа шилжүүлье гэсэн. Тэгээд тэгэх юм байх гэж бодоод хонио ачаад ирж явахдаа та нараар араар явж чадахгүй байх ирсэн замаараа миний араас дагаад яваарай гэж хэлээд явж байгаад эргээд харахад алга болсон байсан. Тэгээд нэлээд орой болсон мөнгөө орж ирэхгүй болохоор нь миний мөнгийг шилжүүлээрэй гэхэд гэртээ очоогүй байна гэсэн. Тэгээд дахиад залгахад гэртээ ороод аяга унд уугаад мобайлдаж болохгүй юу гээд уурласан. Тэгэхээр нь би ...чи хүний малыг авч явчхаад мобайлдах тийм хэцүү байдаг юм уу, явж байх замдаа мобайлдчихна биз дээ гэж хэлсэн. Би малаа авъя гэсэн. Тэгээд маргааш өглөө нь 7 цаг болоогүй байхад ******* утсаар ярьсан. Нэгэнт аваад ирсэн юм чинь аваад гаръя гэсэн. Тэгэхээр нь би тийм юм байхгүй, чи мобайлдана гэсэн мобайлдсангүй, миний малыг буцаагаад авчраад өгчих гэж хэлсэн. Тэгээд 9 цаг болж байхад ******* өөрөө нотариат дээр баталгаа гаргуулсан байсан. Тэгээд өгч явуулсан, өдий хүрчхээд байж байна, би 176 төлөг, 224 эм хонь өгсөн, тухайн үеийн манай орон нутгийн ханшаар 176 төлгийг 80.000 мянган төгрөгөөр тооцоод 14,080,000 төгрөг, 224 эм хонийг 90.000 мянгаар тооцоод 20.160.000 төгрөг, нийт 34.240.000 төгрөг болсон, хонь авсан өдрөө 1.240.000 төгрөг өгөөд 33.000.000 сая төгрөг үлдсэн. Тэгээд 10 сард 10.000.000 сая төгрөг өгсөн. Дараагийн 15.000.000 сая төгрөгийг 13.000.000 саяар нэг хийгээд маргааш нь 2.000.000 саяар хийгээд, нийт 25.000.000 сая төгрөгийг өгсөн. Одоо 8.000.000 сая төгрөг дутуу байгаа гэв.

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би найзаасаа наймаа хийгээд 400 толгой мал авсан. Тухайн үед мал авах компани хаах гэж байна та нарыг цагтаа багтаад гарвал мөнгөө хийнэ гэж хэлсэн байсан. Энэ талаар би д тухайн үед хэлсэн. Тэгээд малаа ачаад иртэл компани мөнгөө хийгээгүй байхаар нь мөнгөө яагаад хийгээгүй юм бэ? малаа ачаад гармаар байна гээд шөнийн 12 цаг болж байхад ярихад яг наашаа хөдөллөө гэхэд чинь мөнгөө хийнэ гэж хэлсэн. Тэгээд би хоёр жолоочтойгоо шөнийн 3 цаг 30 минутаас 4 цагийн хооронд гарвал бид 17-нд багтаад очих юм байна гаръя гэхэд жолооч нар нөгөө ах мөнгөө хийгээгүй байна, мөнгөө өгч байж гар гэж байна гэсэн. Тэгээд бид нар тэр шөнөдөө гарч чадаагүй учраас 17-ны оочирт амжихааргүй болсон. Тэр үед компани мөнгөө хийгээгүй учраас би д мөнгө хийж чадаагүй. Манай нөхөр хонь туранхай байна болъё гэхэд нь 2 том машинд бензин хийсэн байсан учраас аргагүй ачсан. Тухайн үед хонийг чинь буулгая, буцаагаад өгье гэдэг саналыг би д тавьсан. Би тухайн үед хонийг нь тушаагаад 28.000.000 сая төгрөгийг нь 10.000.000 саяар нэг өгөөд 18.000.000 сая төгрөгийг одоо компани өгөх юм шүү гээд утсыг нь өгсөн. Тэр хооронд намайг чи миний хонийг тушаачхаад гээд аймар доромжилсон. Би тэр хониноос 5 төгрөгийн ашиг харах гэж явсан. Монголд байхгүй ханшаар 400 толгой хонийг би 70.149 төгрөгөөр өгсөн. Би хонио тушаагаад тушаасан өдрөө руу яриад 28.000.000 сая төгрөг боллоо, би чадах ядахаараа хариуллаа, өрд орлоо, хоёулаа энэ мөнгөөр тохиръё гэхэд за чи миний мөнгийг өгчих гэсэн мөртлөө мөнгөө аваад намайг шүүхэд өгсөн. 28.000.000 сая төгрөг авчхаад дахиад 8.000.000 сая төгрөг нэхсэн. Тэр хонийг тушаагаад ашиг гараагүй учраас тээвэрлэсэн тээврийн хөлс, бензин тос, хашсан хашааны зардал, хоол ундны зардал бүгд над дээр гарсан. Би 9.700.000 сая төгрөгийн өртэй болсон. Тэгэхэд өнөөдөр надаас 8.000.000 сая төгрөг нэхэмжилж байна. Би энэ хонины төлөө 17.000.000 сая төгрөг хаанаас олж өгөх вэ. Би хонийг нь толгой тоогоор нь тушаагаад 28.000.000 сая төгрөг өгсөн. Бүх зардлаа би өөрөөсөө гаргасан. 2 жолооч хүртэл үлдэгдэл мөнгөө та хоёрыг ийм байдалтай байхад яаж нэхэх вэ гэсэн. Тэгээд би гоос ийм болж байна, хонины дундаж ийм гарч байна, 28.000.000 сая төгрөг болж байна зохицъё гэхэд тэгье гэсэн. Тэгээд мөнгөө авсан, шүүхэд өгсөн. Би д 28.000.000 сая төгрөгийг өгсөн. Одоо би 7.000.000, 8.000.000 төгрөгийн өртэй, дээр нь нэхэмжилж байгаа 8.000.000 төгрөгийг өгч чадахгүй гэж хэлмээр байна гэв.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Завхан аймгийн тойргийн нотариатчид баталгаа гаргах нь гэсэн баримт, гэрэл зургийн хуулбар зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Хариуцагч талаас нотлох баримтаар: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хариу тайлбар, мал хүлээн авах актын хуулбар, -ийн тодорхойлолт зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.*******гаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 8.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Б.******* нар нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 176 төлөг, 224 эм хонь нийт 400 тоо толгой мал худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заажээ.

Хэдийгээр нэхэмжлэгч С.*******, хариуцагч Б.******* нар нь гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулаагүй боловч гэрээний нөхцөлийг тохирч, хүсэл зоригоо илэрхийлэн, талууд 400 тоо толгой мал худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, амаар гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч С.******* нь 400 тоо толгой малыг хариуцагч Б.*******д хүлээлгэн өгөх, хариуцагч Б.******* нь хэлэлцэн тохирсон малын үнийг нэхэмжлэгч С.*******од төлөх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч С.******* нь 400 тоо толгой малыг хариуцагч Б.*******д шилжүүлэн өгсөн, хариуцагч Б.******* нь 400 тоо толгой малыг хүлээн авсан талаар маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч С.******* нь 176 төлөг-нэг бүрийг нь 80.000 төгрөгөөр тооцож 14.080.000 төгрөг, 224 эм хонь-нэг бүрийг нь 90.000 төгрөгөөр тооцож 20.160.000 төгрөг болж нийт 34.240.000 төгрөгөөр худалдахаар тохирсон, үүнээс тухайн өдрөө бэлнээр 1.240.000 төгрөгийг авсан, дараа нь 10.000.000 төгрөг авсан, 13.000.000 төгрөг авсан, мөн 2.000.000 төгрөг авсан нийтдээ 26.240.000 төгрөгийг авсан, одоо 8.000.000 төгрөг үлдэж байгаа гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Б.******* нь 176 төлөг-нэг бүрийг нь 70.000 төгрөгөөр тооцож авсан, 224 эм хонь-нэг бүрийг нь 80.000 төгрөгөөр тооцож авсан. Бэлнээр 1.280.000 төгрөг өгсөн, бас 10.000.00 сая төгрөгийг 10 сарын дундуур өгсөн, дараа нь 15.000.000 төгрөг өгсөн, нийт 26.280.000 төгрөг төлсөн, одоо төлөх төлбөргүй, нэхэмжилж байгаа 8.000.000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

Мөн хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... тухайн жил зуд турхантай байсан, тээврийн хөлс өндөр гарсан, тухайн үед би д тээврийн хөлс ийм гарна, малаа ийм өндөр ханшаар авсан гэхэд бодолцоно гэж хэлсэн, би хонийг нь тоо ёсоор аваачаад тушаасан 100 төгрөгийн ашиг гараагүй ... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Б.******* нь 400 тоо толгой малыг 34.240.000 төгрөгөөр авахаар тохироогүй, 176 төлөг-нэг бүрийг нь 70.000 төгрөг, 224 эм хонь-нэг бүрийг нь 80.000 төгрөгөөр авахаар харилцан тохирсон гэж маргаж байгаа боловч 176 төлгийг 70.000 төгрөгөөр, 224 эм хонийг 80.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон бол хэд, хэдэн төгрөг болсон 400 тоо толгой мал нийт хэдэн төгрөг болсон талаараа шүүхийн хэлэлцүүлэгт Би шууд бодож чадахгүй байна гэж тайлбарлан өөрийн татгалзлаа нотолж чадахгүй байна.

Хариуцагч Б.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн тойргийн нотариатчид хандаж төлбөр барагдуулах тухай ... гэдэг хүнээс 400 толгой мал авч төлөг ширхэг 80.000 мянга, эм хонь 90.000 мянгад авч нийт 33.000.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр барагдуулахаар тохирлоо гэж баталгаа бичиж, нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх-ийн 5/

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.******* нь С.*******оос 400 тоо толгой мал худалдаж авсан, 33.000.000 төгрөгийг төлж барагдуулах талаараа баталгаа гаргаж, нотариатчаар гэрчлүүлсэн байна.

Хариуцагч Б.******* нь С.*******оос 400 тоо толгой малыг 34.240.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, 1.240.000 төгрөгийг бэлнээр төлсөн, үлдсэн 33.000.000 төгрөгөөс 25.000.000 төгрөгийг төлж 8.000.000 төгрөгийг төлөөгүй болох нь хариуцагч Б.*******гийн үлдэгдэл төлбөр болох 33.000.000 төгрөгийг төлж барагдуулах талаараа баталгаа гаргаж Завхан аймгийн тойргийн нотариатчаар гэрчлүүлсэн баримт, нэхэмжлэгч С.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Харин хариуцагч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймд хариуцагч Б.*******гаас 8.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******од олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг нэхэмжлэгч С.*******од 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, хариуцагч Б.*******д 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус тус шүүхээс тайлбарлан, танилцуулсан болно. /хх-ийн 13-14/

Хариуцагч Б.*******гийн ... тээврийн хөлс өндөр гарсан, хонио компанид өгөх хугацаандаа амжиж очоогүй учраас орох боломжгүй болж хугацаа нь дууссан ... тээврийн хөлс бодолцоно гэж хэлсэн учраас бодолцох байлгүй гэж бодож байна ... гэж, нэхэмжлэгч С.******* ... би эд нарыг миний хонийг зараад ир, миний малыг борлуулаад ир гэж гуйгаагүй ... тээврийн зардлыг чинь мал авсан хүмүүс хариуцдаг биз дээ ... гэж тус тус тайлбарлаж байгаа боловч тээврийн хөлсөнд хэдэн төгрөг зарцуулсан, талууд тээврийн хөлсийг хэрхэн хариуцах талаараа тохирсон болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Мөн хариуцагч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... би нотариат дээр баталгаа гаргахдаа 33.000.000 төгрөг гэж буруу бичсэн байх аа, 30.000.000 төгрөг нь зөв ... гэж, мөн .... 33.000.000 төгрөгөөс бэлэн өгсөн 1.280.000 төгрөгийг хасна ... гэж зөрүүтэй тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 142.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******од олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч А*******гаас 8.000.000 /найман сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М******* овгийн С *******од олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 142.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                         

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ