Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2022/04289

 

 

 

 

 

 

 

 

2022 10 17 101/ШШ2022/04289

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Нарт хотхон, 95-4-25 тоот, Бат-Эрдэнийн Бийн /РД: РЖ86050307/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Энх тайваны өргөн чөлөө 13330, Шинжлэх ухааны академийн 4-р байр, Шд /РД: 9096116/ холбогдох

Шгийн захирлын 2022 оны 01 сарын 28-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтаны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажлаас үндэслэлгүйгээр халагдсан өдрөөс хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч Шгээс гаргуулах, ажилгүй байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч Шгээр нөхөн бичилт хийлгүүлж, баталгаажуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

Хариуцагч Шгийн захирал Л.Жаргалсайхан,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

Гэрч Г.Оюун-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б миний бие 2011 оны 09 сарын 15-ны өдрөөс Шд эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтанаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Тус байгууллагад 10 жил, 4 сар ажилласан.

Гэтэл тус хүрээлэнгийн захирлын 2022 оны 01 сарын 28-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар Б.Б намайг ажил мэргэжилдээ тэнцэхгүй, мөн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлан ажлаас чөлөөлсөн.

Миний бие ажиллах хугацаандаа ямар нэг алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй бөгөөд захирал хуучин Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 , 40.1.4-ийг баримталж мэдэгдэл өгсөн бөгөөд ажлаас халах тушаал 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4 дэх заалтыг баримталж гарсан байдаг.

Уг тушаалд дурдагдсан үндэслэлээр намайг халах үндэслэл огт байхгүй ба би өөрийгөө ажил олгогч талын дээрэнгүй үйлдлийн золиос болж үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа. Байгууллагын удирдлага намайг ажлаас халах элдэв шахалт гаргахдаа сайн дураараа өргөдөл өгвөл харж үзээд өөр үндэслэлээр халж болно гэж байсан.

Иймд Б.Б намайг ажлаас үндэслэлгүй халсан Шгийн захирлын 2022 оны 01 сарын 28-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Б намайг урьд эрхэлж байсан эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажлаас үндэслэлгүйгээр халагдсан өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Шгээс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч Шгээр нөхөн бичилт хийлгүүлж, баталгаажуулж өгнө үү.

2022 оны 01 сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллах 198 хоног, 1 өдрийн цалин 60,060 төгрөг, 7 хоногийн цалин 424,200 төгрөг, ажилгүй байсан 8 сар, 7 хоногийн цалин 10,024,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч Шгийн захирал Л.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус хүрээлэнгийн Материал судлал, технологийн лабораторид эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтанаар ажиллаж байсан Бат-Эрдэнийн Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг доорхи үндэслэлээр дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Үүнд:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хими, химийн технологийн хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.2г, Б.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т тус тус заасан ноцтой зөрчил гаргасан.

Тус хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.2г-д хүндэтгэх шалтгаангүйгээр сард нийлбэрээр ажлын 35 цаг /ажлаас хоцорсон, ажил тарах цагаас өмнө явсан, ажлын цагийн дундуур зөвшөөрөлгүй ажлын байрыг орхиж явсан зэрэг орно/ болон дараалан 5 өдөр ажил тасалсан /чөлөөтэй, өвчтэй, амралт дууссанаас хойш захиргаанд албан ёсоор мэдэгдээгүй бол энэ хугацаанд тооцно/ гэж заасан.

Б.Б нь 2021 онд ажиллавал зохих 260 хоногоос бүх нийтийн хөл хориотой байсан 32 хоног, ээлжийн амралтын 23 хоногийг хасаад 193 хоногийн 57 өдөр ажлын байранд ажиллаж, 136 өдөр ажилд ирээгүй.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэсэн үндэслэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2021 оны А/243 тоот тушаалаар батлагдсан Эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журам-ын дагуу 2021 оны 07 сарын 19-20-ны өдрүүдэд явагдсан эрдэм шинжилгээний ажилтаны аттестатчиллаар Б.Б нь 60,7 хувь буюу дунд дүн авч зэрэг дэвийг нэг шатлал бууруулах арга хэмжээ авахаар дүгнэгдсэн.

Б.Б нь 10 гаруй жил тус хүрээлэнд ажиллахдаа зэрэг дэв ахиж байгаагүй, эрдэм шинжилгээний байгууллагад анхлан орж байгаа, бакалаврын зэрэгтэй ажилтныг эрдэм шинжилгээний дадлагжигч ажилтан гэсэн зэрэг дэвтэй ажилд авдаг, хамгийн доод зэрэг юм.

Хэдийгээр журмын дагуу шатлал бууруулж ажлаас халах шийдвэр гарах байсан боловч Б.Бийн бичгээр гаргасан хүсэлтийг харгалзан үзэж, аттестатчиллын комиссоос дадлагажигч ажилтан-аар хэвээр үлдээх шийдвэр гаргаж, өөрт нь танилцуулсан.

Гэвч Б.Б нь ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа өгсөөр байтал хариуцсан ажилдаа хайнга хандаж, ажилдаа ирдэггүй, лабораторийн эрхлэгчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын тайлангаа өгөхгүй байсаар 2021 оны жилийн эцсийн тайлан хэлэлцэх хугацааг хүргэсэн.

Хуваарийн дагуу Б.Бийн харьяалагдаж байсан Материал судлал, технологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтанууд 2021 оны жилийн эцсийн тайлангаа хэлэлцүүлсэн 2021 оны 12 сарын 15-ны өдөр Б.Б ирээгүй бөгөөд лабораторийн эрхлэгч Г.Оюун-Эрдэнээр дуудуулж байж дараагийн өдөр ирсэн.

Танилцуулсан тайланд хөл хорионы үеэр хүрээлэнгээс зохион байгуулсан сургалтуудад сууснаас өөр түүний хийсэн ажил гэж байгаагүй тул үр дүнгийн гэрээний биелэлт 42 буюу хангалтгүй гэж дүгнэгдсэн. Б.Б ажлын ирцийн тайланг харуулж, олон хоног ажил тасалсан шалтгааныг асуухад ковид туссан гэснээс өөр тайлбар хэлээгүй.

Тус хүрээлэнгийн захирлын зөвлөлийн 2021 оны 12 сарын 20-ны өдрийн хурлаар ажилтнуудын үр дүнгийн гэрээний дүнгийн талаар болон Б.Бт арга хэмжээ авах талаар хэлэлцэж, хөдөлмөрийн гэрээ цуцлахыг бүх гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн.

3. 2021 оны 12 сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөхийн өмнө лабораторийн эрхлэгч Г.Оюун-Эрдэнийн хамт захирлын өрөөнд дуудаж уулзан ажлаас чөлөөлөх болсон талаар хэлж өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгч болно, ажлаас халах үндэслэл ноцтой зөрчил гаргасан болон ажил мэргэжилдээ тэнцэхгүй үндэслэлээр ажлаас халах болохыг хэлсэн.

Ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөхөд гарын үсэг зурахгүй гээд зураагүй бөгөөд тушаал гарсны дараа ирж тушаалаа авч 2022 оны 02 сарын 17-ны өдөр өөрөө явж тойрох хуудсаа холбогдох албан тушаалтнуудаар зуруулж тооцоо дуусгасан. Иймд Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэв.

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Хими, химийн технологийн хүрээлэнгийн Материал судлал технологийн лабораторийн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан 2021 оны 12 сарын 28-ны өдөр Б.Бт гардуулсан мэдэгдэл, Б.Бийг ажлаас чөлөөлсөн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирлын 2022 оны 01 сарын 28-ны өдрийн Б/02 тоот тушаалын хуулбар,

Жирэмсэн, нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийн дэвтэр, 2016 оны 10 сарын 27-ны өдөр төрсөн охин Амирлангийн төрсний гэрчилгээний хуулбар,

Б.Б нь ковидын улмаас гэрээр эмчлэгдэж байсан гэх өрхийн эмчийн тодорхойлолт 2022 онд үйлдэгдсэн, сар өдөр тусгагдаагүй, Б.Бийн ковид 19 шинжилгээний хариу 2021 оны 10 сарын 06-ны өдрийн,

Хэт авиан оношлогооны зураг, Чимэг Оюу эмэгтэйчүүдийн эмнэлгийн 2021 оны 11 сарын 05-ны өдрийн тодорхойлолт,

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Д.Болормаагийн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас,

ЭМЖЖ эмнэлгийн эмчийн Б.Бийг 2021 оны 10 сарын 18-ны өдрөөс 2021 оны 10 сарын 25-ны өдрийн хооронд өвчний учир ажлаас чөлөөлсөн гэх магадлагаа,

Ханбатгүн ХХК-ийн Б.Бийг 2021 оны 12 сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 сарын 16-ны өдрийг хүртэл өвчний учир ажлаас чөлөөлсөн гэх магадлагаа,

ЭМЖЖ эмнэлэгт Б.Б нь 2021 оны 10 сарын 15, 2021 оны 10 сарын 18, 2021 онб 10 сарын 26, 2021 оны 11 сарын 02, 2021 оны 12 сарын 24, 2021 оны 12 сарын 27-ны өдөр хамар, дайвар хөндийн шинжилгээ болон эмчилгээ хийлгэсэн хуудас, зургууд,

2021 оны 10 сарын 02-ны өдөр иммунологийн шинжилгээ өгсөн баримт,

Биохимийн шинжилгээ өгсөн баримт, /огноо тусгагдаагүй/,

2022 оны 03 сарын 15-ны өдөр Гялс лабораторид шинжилгээ өгсөн баримт зэрэг баримтуудыг ирүүлжээ.

Хариуцагч Ш нь хөдөлмөрийн дотоод журам, 2019 оны 01 сарын 02-ны өдөр Б.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт, ажилтан Б.Бт танилцуулсан баримт бичгүүд, Б.Бийн хувийн нууцтай холбоотой мэдээлэл,

Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайханы 2021 оны 07 сарын 09-ний өдрийн А/20 дугаар бүхий Эрдэм шинжилгээний ажилтны аттестатчилал, зохион байгуулах тухай тушаал, эрдэм шинжилгээний аттестатчилах ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн,аттеттатчилал явуулах удирдамж, аттестатчилалд хамрагдах эрдэм шинжилгээний ажилтнуудын хуваарь,

Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудыг аттестатчилах комиссын 2021 оны 07 сарын 19, 2021 оны 07 сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлүүд,

Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын аттестатчилалын тайлан 2021 оны 07 сарын 28-ны өдрийн, аттестатчилаллын тайлангийн хавсралтууд,

Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Б.Бийн аттестатчилалын дүнгийн хуудас, Б.Бийн 2021 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэлийн биелэлт дүгнэсэн баримт,

Хими, химийн технологийн хүрээлэнгийн захиргааны зөвлөлийн хурлын 2021 оны 12 сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл, Б.Бийн тойрох хуудас,

Б.Б нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 2022 оны 01 сарын 17-ны өдрөөс хойш 2022 оны 04 сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсэн бүртгэлгүй, эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн цахим бүртгэлд бүртгэгдээгүй гэх Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмонгийн 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 33/22 тоот тодорхойлолт, мөн эмнэлгийн эмч Д.Болормаагийн Б.Бт олгосон гэх эмнэлгийн магадлагаа зэрэг баримтыг ирүүлсэн байна.

Шүүхийн журмаар:

2022 оны 05 сарын 04-ний өдрийн 11006-р захирамжаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 06 сарын 23-ны өдрийн А243 тоот тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журам-ыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу уг баримтыг ирүүлсэн байна.

2022 оны 06 сарын 27-ны өдрийн 16082-р захирамжаар хариуцагч талын хүсэлтээр Б.Бийн 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 сарын 28-ны өдрийг дуусталх ажилд ирсэн, явсан цагийн бүртгэлийн цахим систем,

Б.Бийн 2021 оны 07 сарын 23-ны өдөр аттестатчиллын комиссын нарийн бичгийн даргад цахимаар /фейсбүүк/ хандан гаргасан өргөдөлд тус тус үзлэг хийхээр шийдвэрлэсэн.

Б.Бийн 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 сарын 28-ны өдрийг дуусталх ажилд ирсэн, явсан цагийн бүртгэлийн цахим системд 2022 оны 09 сарын 27-ны өдөр,

Б.Бийн аттестатчиллын комиссын нарийн бичгийн даргад 2021 оны 07 сарын 23-ны өдөр цахимаар /фейсбүүк/ гаргасан өргөдөлд 2022 оны 10 сарын 17-ны өдөр тус тус үзлэг хийсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь Шд холбогдуулан Шгийн захирлын 2022 оны 01 сарын 28-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгох,

урьд эрхэлж байсан эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтаны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

ажлаас үндэслэлгүйгээр халагдсан өдрөөс хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч Шгээс гаргуулах,

ажилгүй байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч Шгээр нөхөн бичилт хийлгүүлж, баталгаажуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь 2011 оны 10 сараас 2022 оны 01 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Шгийн Материал судлал, технологийн лабораторид эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтанаар ажилласан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 3-5, 33-39 дүгээр тал/

 

Хими, химийн технологийн хүрээлэнгийн Материал судлал, технологийн лабораторийн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Б.Бийг 2022 оны 01 сарын 28-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Хими, химийн технологийн хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1в дэх заалтын дагуу ажлаас чөлөөлөх болсон тухай 2021 оны 12 сарын 28-ны өдрийн мэдэгдлийг гардуулах гэтэл тэрээр мэдэгдэлд гарын үсэг зураагүй ба ийнхүү ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдсэн талаар Б.Б эсэргүүцээгүй.

/ХХ-ийн 6 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.1.2-т Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон,

Хими, химийн технологийн хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1в-д Үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас жил, жилийн эцсээр дүгнэхэд хангалтгүй үнэлгээг сүүлийн 2 жилд 2 удаа авсан гэж тус тус заажээ.

/ХХ-ийн 20-32, 186-198 дугаар тал/

 

Шгийн захирлын 2022 оны 01 сарын 28-ны өдрийн Б/02 тоот Б.Бийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4, Хими, химийн технологийн хүрээлэнгийн дүрмийн 6.4.3, хөдөлмөрийн дотоод журмын 4.2б, 4.2.2г дэх заалтыг тус тус үндэслэн:

-Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар ажиллаж байсан Б.Бийг 2022 оны 01 сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Бийн хариуцаж байсан баримт бичиг, лабораторийн журнал, файл болон бусад холбогдох материалуудыг хүлээн авахыг лабораторийн эрхлэгч Г.Оюун-Эрдэнэд даалгажээ.

/ХХ-ийн 7 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 80 дугаар зүйлийн 80.1.2-т Ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино,

80.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан,

Хими, химийн технологийн хүрээлэнгийн дүрмийн 6 дугаар зүйлд захирлын эдлэх эрхийн талаар заасан ба 6.4.3-т хүрээлэнгийн салбар, нэгжийн дарга, албан тушаалтан, ажиллагсдыг ажилд томилох, чөлөөлөх, шагнаж урамшуулах,

Хөдөлмөрийн дотоод журмын 4.2б-д аттестатчиллаар хангалтгүй дүн авч мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болох нь тогтоогдсон,

4.2.2-д Дараах үйлдлийг ноцтой зөрчил гэж үзэж, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцална,

4.2.2г-д хүндэтгэх шалтгаангүйгээр сард нийлбэрээр ажлын 35 цаг /ажлаас хоцорсон, ажил тарах цагаас өмнө явсан, ажлын цагийн дундуур зөвшөөрөлгүй ажлын байрыг орхиж явсан зэрэг орно/ болон дараалан 5 өдөр ажил тасалсан /чөлөөтэй, өвчтэй, амралт дууссанаас хойш захиргаанд албан ёсоор мэдэгдээгүй бол энэ хугацаанд тооцно/ гэж тус тус заажээ.

/ХХ-ийн 20-32, 181-198 дугаар тал/

 

Хариуцагч Хими, химийн технологийн хүрээлэн нь нэхэмжлэгч Б.Бийг хжилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон,

хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан буюу 2021 онд ажиллавал зохих 260 хоногоос бүх нийтийн хөл хориотой байсан 32 хоног, ээлжийн амралтын 23 хоногийг хасч 193 хоногийн 57 өдөр ажиллаж, 136 өдөр ажилд ирээгүй ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн хэмээн тайлбарлалаа.

 

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40.1.2-т 40.1.2-т Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон,

Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 80 дугаар зүйлийн 80.1.2-т Ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино,

80.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлана гэсэн байна.

 

Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны шийдвэр, дүгнэлт гарсан байхыг ойлгоно.

Дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар энэ тухайгаа ажилтанд 1 сарын өмнө, Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ гэж тус тус заасан байна.

 

Ажил олгогч Хими, химийн технологийн хүрээлэн нь ажилтан Б.Бийг дээр дурдсан үндэслэлээр 2022 оны 01 сарын 28-ны өдрөөс ажлаас нь чөлөөлөх болсон тухай түүнд 2021 оны 12 сарын 28-ны өдөр мэдэгджээ.

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 06 сарын 23-ны өдрийн А/243 дугаартай Журам, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт шинэчлэн батлах тухай ... тушаалын гуравдугаар хавсралтаар эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журмыг баталжээ.

Эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журмын 1.2-т Эрдэм шинжилгээний ажилтны судалгаа, шинжилгээний ажлын арга барил эзэмшсэн байдал, ажлын үр дүнг үнэлж, зэрэг дэв олгох, ахиулах, хадгалах, болон бууруулах үндэслэлийг бодитой тогтоох зорилгоор ажилтныг аттестатчилна,

1.4-т Эрдэм шинжилгээний ажилтан нь Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 19.4-т заасны дагуу аттестатчилалд 4 жил тутамд заавал хамрагдана,

1.6-д Жирэмсэн болон 2-оос доош насны хүүхэдтэй эмэгтэй эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилалаас чөлөөлнө,

3.4-т Аттестатчилалын дүн буюу шалгуур үзүүлэлтээр авсан үнэлгээг дор дурдсан байдлаар тооцож, холбогдох арга хэмжээг авна,

3.4.1-т /85-100/ маш сайн гэж дүгнэгдвэл зэрэг дэвийг ахиулах,

3.4.2-т /70-84/ сайн гэж дүгнэгдвэл зэрэг дэвийг хэвээр хадгалах,

3.4.3-т /60-69/ дунд гэж дүгнэгдвэл зэрэг дэвийг нэг шатлал бууруулна,

3.5-д 59-с доош/ хангалтгүй буюу ажлын гүйцэтгэл нь шаардлагын түвшинд хүрээгүй, маш хангалтгүй ажилласан гэж үзэж шатлал бууруулна гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Б.Б нь 2016 оны 10 сарын 27-ны өдөр болон 2012 оны 08 сарын 06-ны өдөр хүүхэд төрүүлсэн хэмээн тайлбарласан болно.

/ХХ-ийн 94-97, 114 дүгээр тал/

 

Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирлын 2021 оны 07 сарын 09-ний өдрийн А/20 дугаар бүхий тушаалаар эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг 1 дүгээр,

Эрдэм шинжилгээний ажилтны аттестатчилал явуулах удирдамжийг 2 дугаар,

Аттестатчилалд хамрагдах эрдэм шинжилгээний ажилтнуудын нэрсийг 3 дугаар,

Аттестатчилалд хамрагдахгүй эрдэм шинжилгээний ажилтнуудын нэрсийг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсан байна.

Эрдэм шинжилгээний ажилтны аттестатчилал явуулах удирдамж ёсоор 2021 оны 07 сарын 19, 20-ны өдрүүдэд хүрээлэнгийн 306 тоот танхимд аттестатчиллыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн ба аттестатчилалд хамрагдах эрдэм шинжилгээний ажилтнуудын нэрсийн жагсаалтын 47-д Бат-Эрдэнийн Б, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, ажилласан хугацаа 12 жил, 8 сар гэж тусгагджээ.

/ХХ-ийн 40-46 дугаар тал/

 

2021 оны 07 сарын 19, 20-ны өдрүүдэд аттестатчилал явагдан Материал судлал, технологийн лабораторын эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Б.Б аттестатчилалд цахимаар оролцсон ба тэрээр эрдэм шинжилгээний дэд ажилтанд нэр дэвшин шалгагдан 60,9 буюу дунд гэж дүгнэгдсэн байна.

Тэрээр Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудыг аттестатчилах комиссын 2021 оны 07 сарын 21-ний өдөр хуралдаанд цахимаар оролцон бага дүгнэгдсэн шалтгааны талаар тодруулга хүсчээ.

Комиссын гишүүн Т.Аззаяа түүний тодруулгад хариулт өгсөн бөгөөд Б.Б нь эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтанаар үлдэх боломжтой эсэхээ лавлахад уг өдрийн комиссын хурлаар түүний хүсэлтийг хүлээн авчээ.

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 06 сарын 23-ны өдрийн А/243 дугаартай Журам, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт шинэчлэн батлах тухай тушаалын гуравдугаар хавсралтаар эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журмын 3.8-д Эрдэм шинжилгээний ажилтан аттестатчилалын дүнг зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлоо бичгээр аттестатчилалын комисст гаргаж болно. ... гэж заасан байна.

 

Ажилтан Б.Б нь аттестатчилалын дүнтэй танилцсаны дараагаар Бат-Эрдэнэ Б хаягаас 2021 оны 07 сарын 23-ны өдөр аттестатчилалын комисст цахимаар өргөдөл гаргасан ба 2022 оны 10 сарын 17-ны өдөр өргөдөлд үзлэг хийхэд:

 

Миний бие Б.Б ШУА ХХТХ-ийн Материал судлал, технологийн лабораторид ЭШДаА-аас ЭШДэ-а-д зэрэг дэв ахихаар эрдэм шинжилгээний ажилтны бүрдүүлэх материалуудыг 9 үзүүлэлтийн дагуу бүрдүүлэн оролцсон. Энэ удаагийн аттестатчилалаар 60,9 хувь үнэлгээтэй шалгагдсан байна.

2019-2020 оны хооронд хийж гүйцэтгэсэн судалгааны ажлаараа аттестатчилалын материал бүрдүүлж оролцсон бөгөөд эрдэм шинжилгээний өгүүлэл, хэлэлцүүлсэн илтгэлийн тоо зэрэг нь нийтлэг шалгуурт тавигдсан тоонд хараахан хүрээгүй байх, мөн хүрэхгүй байх, эхний зохиогчоор бичигдээгүй гэх мэт дутагдалтай талууд байгаа нь миний хувьд сүүлийн 4 жил судалгааны чиглэлээр тасралтгүй ажиллаагүй, 2017-2018 онуудад хүүхэд асрах чөлөөтэй байсныг үндэслэн өмнөх зэрэг дэвийг хэвээр хадгалах үнэлгээгээр үнэлж өгнө үү гэжээ.

 

Дээрхи өргөдлийн огноо 2021.07.22 гэсэн байх ба тэрээр уг өргөдлөө Даваасамбуу Бямбасүрэн гэсэн нэр бүхий фэйсбүүк хаягт 2021 оны 07 сарын 23-ны өдрийн 12:11 минутанд илгээсэн нь 2022 оны 10 сарын 17-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан байна.

 

2021 оны 07 сарын 28-ны өдөр Хими, химийн технологийн хүрээлэнгийн аттестатчилалын комисс тайлангаа гаргасан ба тайланд аттестатчилалын дүнг хүлээн зөвшөөрөөгүй болон тодруулж асуусан эрдэм шинжилгээний ажилтан нийт 3 хүн байсан ба үүнд эрдэм шинжилгээний ахлах ажилтанд дэвшсэн 1 хүн, дэд ажилтанд дэвшсэн 2 ажилтаны гомдлыг хүлээн авч тухайн ажилтнуудын бүтээлийн чанар, үзүүлэлтийг дахин хянаж, ажилтнуудад танилцуулснаар гомдлыг хянасан гэжээ.

/ХХ-ийн 47-61, 176-180 дугаар тал/

 

Хими, химийн технологийн хүрээлэнгийн Материал судлал, технологийн лабораторийн эрхлэгч Г.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

Тус лаборатор эрдэст түүхий эд, үйлдвэрлэлийн хог хаягдлыг судлах, шинэ материал гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба 9 хүний бүрэлдэхүүнтэй. Би тус хүрээлэнд 1999 оноос хойш ажиллаж байгаа. 2021 оны 06 сараас тус лабораторийн эрхлэгчээр ажиллаж байна.

2021 оны 06 сарын 15-ны өдөр хагас жилийн тайланг цахимаар авсан ба Б.Б тайлан болон үр дүнгийн гэрээний биелэлтээ бөглөж өгөөгүй. Мөн өдөр лабораторийн ажилчдын хурал болж бүх ажилчдынхаа ажлыг дүгнэхэд Б.Б ирээгүй. Цахимаар ч оролцоогүй.

Аттестатчилалаар бүтэн 4 жилийн ажлаа тайлагнадаг ба уг тайлангаа бичгээр өгөөгүй. 2021 оны 07 сарын 19, 20-ны өдөр аттестатчилал явагдахад Хөвсгөлд байна гээд цахимаар оролцсон ба өрөөнийхөө н.Дархижавт мэйлээр явуулсан гэсэн.

2021 оны 11 сарын 20-ны орчим бүх хүнээс тайлан бичгээр авахад Б.Б мөн л тайлангаа өгөөгүй. Хүн нэг бүрээр тайланг нь авч хэлэлцдэг. 2021 оны 12 сарын эхээр тайлангийн хурал болоход Б.Б ирээгүй ба өөр лабораторын хурлын үеэр тайлангаа дүгнүүлэх боломжтой ч мөн л дүгнүүлээгүй.

Б.Бийн тухайд цахимаар ажиллах боломжийг нь дээд зэргээр хангаж байсан. Б.Б ядраад харшил өгдөг гээд туршилт судалгаанд оролцдоггүй... гэжээ.

 

Хими, химийн технологийн хүрээлэнгийн ажилтануудын 2021 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд тус хүрээлэнгийн Материал судлал, технологийн лабораторийн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Б.Бийн 2021 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэлийг биелэлт 42 хувьтай дүгнэгдсэн ба 2021 оны 12 сарын 20-ны өдөр хүрээлэнгийн захиргааны зөвлөл хуралдан, уг хуралдаанд Б.Бийг оролцуулахаар дуудсан хэдий ч тэрээр ирээгүй ажээ.

2021 оны 06 сарын 12-ны өдөр бүх ажилчдын цахим үед ажилласан болон ажлын байранд ажилласан 2021 оны эхний хагас жилийн тайланг цаасан болон цахимаар авч нэгтгэхэд Б.Б ямар ч байдлаар тайлан ирүүлээгүй гэх ба 2021 оны 06 сарын 17-ны өдөр тайлан хэлэлцэхэд pdf хэлбэрээр ажлаа тайлагнасан. 2021 оны жилийн эцсийн тайланг 11 сарын 30-ны байдлаар хүлээн авахад тайлан ирүүлээгүй талаар хэлэлцэн түүнийг ажил шалтгаангүй олон хоног тасалсан, аттестатчилал болон үр дүнгийн гэрээ хангалтгүй дүгнэгдсэн үндэслэлээр Б.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн байна.

/ХХ-ийн 66-70 дугаар тал/

 

Хими, химийн технологийн хүрээлэнгийн Материал судлал, технологийн лабораторийн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Б.Бийг хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан буюу 2021 онд ажиллавал зохих 260 хоногоос бүх нийтийн хөл хориотой байсан 32 хоног, ээлжийн амралтын 23 хоногийг хасч 193 хоногийн 57 өдөр ажиллаж, 136 өдөр ажилд ирээгүй ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн гэж хариуцагч тал маргаж байна.

 

Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгох ба гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг нэрлэн заасан байхыг шаарддаг.

 

Тус хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.2-д Дараах үйлдлийг ноцтой зөрчил гэж үзэж, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцална,

4.2.2г-д хүндэтгэх шалтгаангүйгээр сард нийлбэрээр ажлын 35 цаг /ажлаас хоцорсон, ажил тарах цагаас өмнө явсан, ажлын цагийн дундуур зөвшөөрөлгүй ажлын байрыг орхиж явсан зэрэг орно/ болон дараалан 5 өдөр ажил тасалсан /чөлөөтэй, өвчтэй, амралт дууссанаас хойш захиргаанд албан ёсоор мэдэгдээгүй бол энэ хугацаанд тооцно/ гэжээ.

 

Б.Бийн 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 сарын 28-ны өдрийг дуусталх ажилд ирсэн, явсан цагийн бүртгэлийн цахим системд 2022 оны 09 сарын 27-ны өдөр Хими, химийн технологийн хүрээлэнгийн 201 тоот танхимд хөндлөнгийн гэрчээр Т.Сундуйжав, Б.Идэрмөнх нарыг, тус хүрээлэнгийн референт Г.Уянга, мэдээлэл технологийн ажилтан Л.Энх-Амгалан нарыг байлцуулан үзлэг хийсэн ба үзлэгийн явц бүрийг гэрэл зургаар баталгаажуулан үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан байна.

Уг цагийн бүртгэлийн цахим системд тухайн ажилтан хурууны хээгээ уншуулж бүртгүүлдэг гэх ба тухай цахим системд Б.Б нь 2021.01.21-ний өдөр 09:57-16:43, 2021.01.26-ны өдөр 09:43-17:05,

2021.02.02-ны өдөр 10:25-16:54, 2021.02.04-ний өдөр 09:34-19:44, 2021.02.09-ний өдөр 10:12-17:36,

2021.03.01-ний өдөр 09:45-17:57, 2021.03.02-ны өдөр 10:00-16:49,

2021.05.28-ны өдөр 09:30-20:14, 2021.05.31-ний өдөр 10:09-19:21,

2021.06.02-ны өдөр 09:40-17:00, 2021.06.03-ны өдөр 09:18-17:18, 2021.06.04-ний өдөр 09:52-17:05, 2021.06.07-ны өдөр 09:18-18:36, 2021.06.08-ны өдөр 09:17-16:40, 2021.06.11-ний өдөр 09:49-18:30,

2021.07.06-ны өдөр 11:04-16:56,

2021.08.23-ны өдөр 08.41-18.10, 2021.08.24-ний өдөр 09:30-18:34, 2021.08.25-ны өдөр 09:08-16:30, 2021.08.26-ны өдөр 07:49-17:51, 2021.08.27-ны өдөр 08:59-18:56, 2021.08.30-ны өдөр 07:50-21:15, 2021.08.31-ний өдөр 09:00-18:22,

2021.09-01-ний өдөр 09:00-16:47, 2021.09.02-ны өдөр 07:41-16:39, 2021.09.06-ны өдөр 09:04-16:42, 2021.09.07-ны өдөр 09:29-16:51, 2021.09.08-ны өдөр 09:28-19:51, 2021.09.09-ний өдөр 08:49-17:25, 2021.09.13-ны өдөр 07:48-16:42, 2021.09.14-ний өдөр 09:13-18:10, 2021.09.15-ны өдөр 09:11-20:01, 2021.09.16-ны өдөр 08:59-16:54, 2021.09.17-ны өдөр 09:14-19:28, 2021.09.21-ний өдөр 10:03-16:34, 2021.09.22-ны өдөр 10:00-16:39, 2021.09.27-ны өдөр 09:22-19:57, 2021.09.28-ны өдөр 10:07-16:35, 2021.09.29-ний өдөр 10:00-16:30, 2021.09.30-ны өдөр 09:11-16:38,

2021.10.01-ний өдөр 09:03-19:18, 2021.10.25-ны өдөр 10:30-15:10, 2021.10.28-ны өдөр 10:11-19:58, 2021.10.29-ний өдөр 09:50-15:04,

2021.11.01-ний өдөр 09:58-17:03, 2021.11.03-ны өдөр 10:03-17:17, 2021.11.04-ний өдөр 09:42-16:33, 2021.11.08-ны өдөр 11:03-16:40, 2021.11.09-ний өдөр 11:18-16:40, 2021.11.10-ны өдөр 11:02-16:43,

2021.12.16-ны өдөр 09:46-19:02, 2021.12.17-ны өдөр 09:54-17:09, 2021.12.20-ны өдөр 09:55-17:12, 2021.12.21-ний өдөр 09:25-17:23, 2021.12.22-ны өдөр 08:51-16:48, 2021.12.23-ны өдөр 08:50-14:02, 2021.12.27-ны өдөр 09:54-17:09, 2021.12.28-ны өдөр 09:27-18:54, 2021.12.31-ний өдөр 09:51-12:34,

2022.01.03-ны өдөр 10:19-17:44, 2022.01.04-ний өдөр 09:57-18:10, 2022.01.05-ны өдөр 08:56-18:14, 2022.01.06-ны өдөр 10:33-17:20, 2022.01.10-ны өдөр 09:30-19:45, 2022.01.13-ны өдөр 10:08-17:18 тус тус ажилдаа ирсэн гэж бүртгэгдсэн байна.

/ХХ-ийн 163-175 дугаар тал/

 

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 178 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2020 оны 11 сарын 15-ны өдрийн 181 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах тухай тогтоол,

2020 оны 11 сарын 29-ний өдрийн 194 дугаартай Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол, 2020 оны 12 сарын 09-ний өдрийн 209 дугаартай Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол,

2020 оны 12 сарын 21-ний өдрийн 226 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 01 сарын 04-ний өдрийн 1 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, түүний хавсралт,

2021 оны 02 сарын 10-ны өдрийн 27 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай тогтоол, түүний хавсралт, 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 91 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол,

2021 оны 04 сарын 23-ны өдрийн 104 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолуудаар 2020, 2021 онуудад нийслэл хот нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд энэ тухай эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfо.mn, Монгол улсын Засгийн газрын www.mongolia.gov.mn сайтуудад тус тус байршиж байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.

2021 оны 04 сарын 23-ны өдрийн 104 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолоор коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 05 сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгажээ.

Нэхэмжлэгч Б.Б нь 2021 оны 07 сарын 12-ны өдрөөс 2021 оны 08 сарын 21-ний өдрийн хооронд ээлжийн амралтаа эдэлсэн хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлалаа.

 

Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байсан, мөн Б.Б дээр дурдсан хугацаанд ээлжийн амралтаа эдэлсэн гэх тул түүнийг ажилдаа шалтгаангүй ирээгүй гэх хугацааг 2021 оны 09 сараас хойш дүгнэх нь зүйтэй гэж үзэв.

Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 100-75 тоот хаягт оршин Б.Б 2021 оны 10 сарын 05-ны өдөр ковид -19 шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарч гэрээр эмчлэгдсэн хэмээн Баянзүрх дүүргийн 25-р хорооны Энх-агшин өрхийн эмнэлгийн эмч тодорхойлсон гэжээ.

/ХХ-ийн 115-116 дугаар тал/

ЭМЖЖ ХХК-ийн чих, хамар хоолойн эмнэлгийн эмч нь Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 95-4-25 тоот хаягт оршин суух Ганзоригийн Бийг РД: РЖ86050307, 2021.10.18-2021.10.25-ны өдөр хүртэл өвчтэй байсан тул ажлаас чөлөөлсөн,

Бат-Эрдэнийн Б нь 2021 оны 11 сарын 05-ны өдөр Чимэг Оюу эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн, 2021 оны 11 сарын 24-ний өдрөөс Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчилгээ хийлгэсэн,

Мөн Ханбат гүн ХХК-ийн эмч нь Б.Б нь 2021 оны 12 сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 сарын 16-ны өдөр хүртэл эмчилгээ хийлгэсэн тул ажлаас чөлөөлсөн магадлагаа тус тус олгосон гэжээ.

/ХХ-ийн 117-121 дүгээр тал/

Б.Б нь 2021 оны 10 сарын 02-ны иммунологийн шинжилгээ өгсөн гэх ба энэ нь түүнийг өвчний улмаас ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохгүй, мөн тэрээр 2022 оны 03 сарын 15-ны өдөр Гялс төвд шинжилгээ өгсөн баримт ирүүлсэн ба энэ нь түүнийг ажлаас чөлөөлсөн хугацаанаас хойшхи баримт байгаагаас гадна шинжилгээ өгсөн нь тухайн иргэнийг өвчний улмаас ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

/ХХ-ийн 133-135 дугаар тал/

Б.Б нь 2021 оны 11 сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 сарын 03-ны өдрийг дуустал ажлын 5 хоног ажлаа эрхлээгүй бөгөөд тэрээр үүнийг гэр бүлийн нэг гишүүн ковид-19 халдвар авч хөл хорионд орсон гэж боловч тухайн үед ажил олгогчид энэ тухайгаа албан ёсоор мэдэгдээгүй, үүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байна.

 

Мөн Б.Б нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч П.Болормаагийн магадлагаагаар 2022 оны 01 сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 сарын 28-ны өдөр хүртэл өвчтэй байсан гэжээ.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмонгийн 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 33/22 тоот албан бичигт Б.Б нь 2022 оны 01 сарын 17-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ЭХЭМҮТ-ийн Статистик мэдээлэл зүйн албанд хэвтэн эмчлүүлсэн бүртгэлгүй, Эх барих эмэгтэйчүүдийн цахим бүртгэлд бүртгэгдээгүй байна.

Эмнэлгийн магадлагааны эмнэлгийн нэр хэсэгт НҮЗП-ийн тамгагүй тул ЭХ барих эмэгтэйчүүдийн эмнэлгээс олгодог хүчин төгөлдөр баримт биш болно гэжээ.

/ХХ-ийн 144-145 дугаар тал/

 

Дээрхээс дүгнэхэд Б.Б нь хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.2, 4.2.2г-д заасан ... дараалан 5 өдөр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй.

 

Хими, химийн технологийн хүрээлэнгийн Материал судлал, технологийн лабораторийн ажилтан Б.Б мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон бөгөөд энэ тухай ажилтан Б.Бт анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Б.Бт ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас жил, жилийн эцсээр дүгнэхэд хангалтгүй үнэлгээ авсан үндэслэлээр 2022 оны 01 сарын 28-ны өдрөөс ажлаас чөлөөлөх болсон тухай 2021 оны 12 сарын 28-ны өдөр мэдэгдэх үед 1999 оны 05 сарын 14-ний өдөр батлан 1999 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж байжээ.

 

Ажилтан Б.Бийг 2022 оны 01 сарын 28-ны өдөр мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, хөдөлмөрийн дотоод журмын 4.2.2г-д хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хүрээлэнгийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлөх үед 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлан 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж эхэлсэн тул уг хуулийг баримтлан ажилтаныг ажлаас чөлөөлөх тушаалыг үйлдсэн нь үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана,

Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 154 дүгээр зүйлийн 154.2.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ... тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандана гэжээ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 08 сарын 17-ны өдрийн 12 тоот тогтоолоор Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулсан ба энэ тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны www.mlsp.gov.mn сайтад байршиж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй бөгөөд Б.Бийг ажлаас чөлөөлөх үед уг хороо байгуулагдаагүй байсан тул тэрээр шүүхэд хандсан нь үндэслэлтэй.

Тэрээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргасан эсэх нь тодорхойгүй, ийнхүү гаргаагүй нь ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдсонгүй.

Б.Б 2022 оны 02 сарын 17-ны өдөр тойрох хуудсыг эрх бүхий албан тушаалтнуудаар бөглүүлсэн нь уг өдөр тушаалыг гардан авсан гэсэн ойлголт биш юм.

/ХХ-ийн 69 дүгээр тал/

Б.Б нь түүнийг ажлаас нь чөлөөлсөн тухай хүрээлэнгийн захирлын 2022 оны 01 сарын 28-ны өдрийн Б/02 тоот тушаалыг 2022 оны 02 сарын 15-ны өдөр референт Г.Уянгаас гардан авч нийгмийн даатгалын байгууллагад өгснөөр нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжид 1,400,000 орчим төгрөг авсан гэж тайлбарлаж байх боловч энэ байдлаа баримтаар нотлоогүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад дээрхи тушаалыг ннийгмийн даатгалын байгууллагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу гаргуулах шаардлагатай гэх тайлбарыг гаргасан ба шүүх нэхэмжлэлийг 2022 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч 2022 оны 03 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба талуудад хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломж олгох үүднээс шүүх хуралдааныг нийт 5 удаа хойшлуулсан,

Мөн уг баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй болох нь тогтоогдохгүйгээс гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх нийтлэг эрхийн хүрээнд холбогдох баримтуудыг зохих газраас нь гаргуулан авах эрхээ хэрэгжүүлээгүй нь уг баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Ажилтан Б.Б Хими, химийн технологийн хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.2, 4.2.2г-д заасан ... дараалан 5 өдөр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан нь, мөн тэрээр мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдон энэ тухай ажилтан Б.Бт анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон хэдий ч үр дүн гараагүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй.

 

Иймд мэдэгдэх хуудсыг хэвлэмэл хуудсаар өгөөгүй, хуучин хуулиар мэдэгдэл өгсөн атлаа шинэ хуулийг журамлан ажлаас чөлөөлсөн гэх нэхэмжлэгч талын тайлбарт дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд гагцхүү ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцэх шаардлагатай.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 158 дугаар зүйлийн 158.2.2-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж заасан байна.

Дээр дурдсан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Шд холбогдох Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирлын 2022 оны 01 сарын 28-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтаны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажлаас үндэслэлгүйгээр халагдсан өдрөөс хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч Хими, химийн технологийн хүрээлэнгээс гаргуулах, ажилгүй байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч Хими, химийн технологийн хүрээлэнгээр нөхөн бичилт хийлгүүлж, баталгаажуулах тухай Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Шд холбогдох Шгийн захирлын 2022 оны 01 сарын 28-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтаны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажлаас үндэслэлгүйгээр халагдсан өдрөөс хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч Шгээс гаргуулах, ажилгүй байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч Шгээр нөхөн бичилт хийлгүүлж, баталгаажуулах тухай Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамж төлөөгүЙ болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН