Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00182

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00182

 

 

 

 

 

 

2023 01 20 210/МА2023/00182

 

 

********ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/04289 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ********ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: **********д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: **********гийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажлаас үндэслэлгүй халагдсан өдрөөс хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ********, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жаргалсайхан, өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хариуцагч байгууллагад эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан, 10 жил, 4 сар ажилласан. Гэтэл тус хүрээлэнгийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар ажил мэргэжилдээ тэнцэхгүй, ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Би ажиллах хугацаандаа ямар нэг алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. Захирал хуучин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-д заасныг баримталж мэдэгдэл өгсөн бөгөөд ажлаас халах тушаал 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-д заасныг баримталсан байдаг. Дээрх үндэслэлээр ажлаас халах үндэслэлгүй. Харин ажил олгогч талын дээрэнгүй үйлдлийн золиос болж үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна. Иймд уг тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажлаас үндэслэлгүйгээр халагдсан өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллах 198 хоног, 1 өдрийн цалин 60,060 төгрөг, 7 хоногийн цалин 424,200 төгрөг, ажилгүй байсан 8 сар, 7 хоногийн цалин 10,024,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Тус хүрээлэнгийн Материал судлал, технологийн лабораторид эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар ажиллаж байсан ********тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Х**********гийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.2г, ********тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т тус тус заасан ноцтой зөрчил гаргасан. Тус хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.2г-д хүндэтгэх шалтгаангүйгээр сард нийлбэрээр ажлын 35 цаг /ажлаас хоцорсон, ажил тарах цагаас өмнө явсан, ажлын цагийн дундуур зөвшөөрөлгүй ажлын байрыг орхиж явсан зэрэг орно/ болон дараалан 5 өдөр ажил тасалсан /чөлөөтэй, өвчтэй, амралт дууссанаас хойш захиргаанд албан ёсоор мэдэгдээгүй бол энэ хугацаанд тооцно/ гэж заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн. ******** нь 2021 онд ажиллавал зохих 260 хоногоос бүх нийтийн хөл хориотой байсан 32 хоног, ээлжийн амралтын 23 хоногийг хасаад 193 хоногийн 57 өдөр ажлын байранд ажиллаж, 136 өдөр ажилд ирээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2021 оны А/243 тоот тушаалаар батлагдсан Эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журам-ын дагуу 2021 оны 07 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд явагдсан эрдэм шинжилгээний ажилтны аттестатчиллаар ******** нь 60,7 хувь буюу дунд дүн авч зэрэг дэвийг нэг шатлал бууруулах арга хэмжээ авахаар дүгнэгдсэн. Хэдийгээр журмын дагуу шатлал бууруулж ажлаас халах шийдвэр гарах байсан боловч ********ийн бичгээр гаргасан хүсэлтийг харгалзан үзэж, аттестатчиллын комиссоос дадлагажигч ажилтнаар хэвээр үлдээх шийдвэр гаргаж, өөрт нь танилцуулсан. Ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөхөд гарын үсэг зурахгүй гээд зураагүй бөгөөд тушаал гарсны дараа ирж тушаалаа авч 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өөрөө явж тойрох хуудсаа холбогдох албан тушаалтнуудаар зуруулж тооцоо дуусгасан. Иймд ********ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч **********д холбогдох **********гийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажлаас үндэслэлгүйгээр халагдсан өдрөөс хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч **********гээс гаргуулах, ажилгүй байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч **********гээр нөхөн бичилт хийлгүүлж, баталгаажуулах тухай ********ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч ******** улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Ажил олгогчийн зүгээс ажлаас халсан тушаал гаргахдаа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжих ёстой байсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж ажлаас халсанд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх ажил олгогчоос өгсөн мэдэгдэлд заагдсан үндэслэлээр ажил олгогч халаагүй байгааг анхаар ч үзэлгүйгээр хэрэгт хэт нэг талыг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хариуцагчийн ажлаас халах тушаалын үндэслэл нь 2021 онд болсон буюу 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж байсан цаг үеэр тодорхойлсон атлаа шинээр батлагдсан буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т заасныг үндэслэн ажлаас халсан нь үндэслэлгүй болох нь 2017 онд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, шинэ хуулиас өмнө батлагдсан байгууллагын дотоод журмууд болон ажил олгогчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан ажлаас халах тухай мэдэгдэл зэргээр хангалттай нотлогдож байна.

Мөн шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/04289 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т бичихдээ "..нэхэмжлэгч ******** улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай" гэж гүтгэж бичсэнд миний бие гомдолтой байх ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ хайнга хандсан бас нэгэн тохиолдол гэж үзэж байна. Учир нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргаж өгсөн ба тэрхүү баримт нь хавтаст хэрэгт авагдаагүй болно. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх нь өөрийн итгэл үнэмшил, зөв үнэлж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гомдолдоо ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй гэж дурдсан боловч үгүйсгэсэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасныг анхан шатны шүүх үнэн зөв дүгнэсэн. Хууль хэрэглээ болон хуулийн харилцаатай холбоотой асуудлаар ********ийн гаргасан ноцтой зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй. ********ийг ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлснөөс гадна ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэх үндэслэлээр чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь ямар шалтгааны улмаас ажил, мэргэжлийн ур чадвараа хангана гэж үзсэн талаарх нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч **********д холбогдуулан тус хүрээлэнгийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажлаас үндэслэлгүй халагдсан өдрөөс хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.а. **********гийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар ********ийг Х**********гийн Материал судлал, технологийн лабораторийн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтны үүрэгт ажлаас 2022 оны 01 сарын 28-ны өдрөөр тасалбар болгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4, Х**********гийн дүрмийн 6.4.3, хөдөлмөрийн дотоод журмын 4.2б, 4.2.2г дэх заалтыг удирдлага болгон ажлаас нь чөлөөлжээ. /хх.7/

4. Ажил олгогч нь ********ийг ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж, мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх хоёр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

Дээрх 2 зөрчлийн нэг нь тогтоогдож байхад ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэх бөгөөд заавал 2 зөрчил нэгэн зэрэг нотлогдсон байхыг шаардахгүй.

4.1.а. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэхэд ******** нь 2021 оны 07 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд явагдсан Эрдэм шинжилгээний ажилтны аттестатчилалд эрдэм шинжилгээний дэд ажилтанд нэр дэвшин шалгагдан 60,9 буюу Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/243 дугаартай Журам, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлт шинэчлэн батлах тухай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан Эрдэм шинжилгээний ажилтныг аттестатчилах журам-ын 3.4.3-т зааснаар дунд гэж дүгнэгдсэн байх бөгөөд уг журмын дагуу зэрэг дэвийг нэг шатлал бууруулах зохицуулалттай.

4.1.б. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Х**********гийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1в дэх заалтын дагуу ажлаас чөлөөлөх болсныг ажилтан болох нэхэмжлэгч ********т 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн болох баримтаар тогтоогдож байна. /хх.6/

4.1.в. **********гийн Х**********гийн Материал судлал, технологийн лабораторийн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтны албан тушаал нь албан тушаалын зэрэглэлийн хувьд буруулах боломжгүй гэж ажлаас чөлөөлсөн бөгөөд ажил олгогч байгууллага нь 2021 оны 7 дугаар сарын 19-20-ны өдрийн хооронд явагдсан аттестатчиллыг үр дүнг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр арга хэмжээ авч байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэхгүй байна.

4.2. Ажил олгогч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлжээ.

4.2.а . Анхан шатны шүүхээс 2022 оны 09 сарын 27-ны өдөр ********ийн 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 сарын 28-ны өдрийг дуусталх ажилд ирсэн, явсан цагийн бүртгэлийн цахим системд үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд ******** нь хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.2, 4.2.2г-д заасан ... дараалан 5 өдөр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй.

4.2.б. Нэхэмжлэгч нь 5-аас дээш хоног ажил тасалсан үйлдэл нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжилсэн болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

4.2.в. Нэхэмжлэгч нь ажил таслаагүй гэж шүүхэд баримт ирүүлсэн боловч уг баримт нь нийт ажилд ирээгүй хугацааг бүрэн нотолж чадахгүйн зэрэгцээ 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 5-аас дээш хоног ажил тасалсан тул анхан шатны шүүх ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

5. Анхан шатны шүүх  Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлын агуулгаар шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/04289 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгч ******** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХБАЯР