Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/05140

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 07 101/ШШ2022/05140

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххххххххххх, Х ХХК-ийн /РД: хххххххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххххххххххх тоотод оршин суух, Нэргүйн Бд /РД: ххххххххх/ холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 36,446.21 ам доллар гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, Ц.Туул,

Хариуцагч Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн тусгай активын газрын захирал Д.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, Ц.Туул нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Э.Б нь 2008 оны 05 сарын 08-ны өдөр тус банктай 93000168 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 21,480 ам долларын зээлийг 180 сарын хугацаатай, жилийн 6.5 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар, мөн 2012 оны 03 сарын 07-ны өдөр 1000001295 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 60,150 ам долларыг 180 сарын хугацаатай, 6,96 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар тус тус зээлсэн.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р хороолол, 7-31 тоот, УБ-200300034, Г-0005843Да, 44 м.кв талбайтай, 3 өрөө байр, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/, Нарны Зам, 99Б байр, 1404 тоотын орон сууцыг барьцаалсан.

93000168 данстай зээлийн хугацаа хэтэрсэн хоног 443, зээлийн үлдэгдэл 4,942.62 ам доллар, хүү 766.92 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 33 ам доллар, 1000001295 данстай зээлийн хугацаа хэтэрсэн хоног 413, зээлийн үлдэгдэл 32,934.45 ам доллар, хүү 5,675.28 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 91 ам доллар, тухайн 2 зээлийн төлбөрийн нийт дүн 44,443.27 ам доллар байна.

Банк зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг удаа дараа шаардахад төлөлт хийхгүй 433 хоног болсон учраас 2022 оны 02 сарын 11-ний өдрөөр зээлийн гэрээг цуцлан 2022 оны 03 сарын 15-ны дотор зээлийн гэрээний үүрэгт 44,443.27 ам доллар төлөх хугацаа өгөхөд үүргээ биелүүлээгүй тул Н.Баас зээлийн гэрээний үүрэгт 44,443.27 ам доллар буюу гэрээ цуцалсан өдрийн Монгол банкны ам долларын албан ханш 2,853.89 төгрөгөөр тооцон нийт 126,836,203.82 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулан багасгасан.

Х 93000168 дугаартай зээлийн гэрээний төлбөрт нийт 5,742.84 ам доллар, 1000001295 тоот зээлийн гэрээний төлбөрт 38,700.73 ам доллар буюу нийт 44,443.27 ам доллар төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан.

Хариуцагч Н.Б нь 2018 оны 08 сарын 07-ны өдөр ажлаас гарснаас хойш тус зээлийн гэрээнүүдийн хүүгийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулах байсан боловч банкнаас бэлдэн өгсөн 2019 оны 07 сарын 04-ний өдрийн барьцаат зээлийн гэрээнүүд болон барьцаалбарт гарын үсэг зураагүй тул зээлийн хүүг 13,5 хувийн хүүтэйгээр бус анх барьцаат зээлийн гэрээ байгуулахдаа тооцсон 6,5 хувиар тооцон зөрүү 7,462.27 ам доллараар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Хариуцагч Н.Б нь банкинд төлсөн төлбөр, төлөгдсөн дүнгийн хувьд маргадаггүй бөгөөд гагцхүү маргааны гол агуулга нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасныг үндэслэн зээлийн гэрээ байгуулагдах үеийн ам долларыг Монгол төгрөгт арилжих ханшаар тооцож тухайн долларын зээлүүдийг төлөгдсөн гэж үздэг.

Талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451 дүгээр зүйлийн 451.3-т тус тус заасан үндэслэлээр байгуулагдсан гэрээ. Зээлийн харилцааг хамгийн ерөнхий байдлаар тодорхойлоход уг харилцаанд юуг өмчлөлдөө шилжүүлэн авсан, түүнтэйгээ ижил төрлийн тоо, чанар, хэмжээтэй төрлийн шинжээр тодорхойлогдох зүйлийг буцаан өгөх үүрэгтэй харилцаа.

Банкны хувьд тусгайлсан зохицуулалттай бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээж гэрээг байгуулсан.

Хариуцагч Н.Бын мөнгөн төлбөрийн үүрэг АНУ-ын ам доллараар үүсч эргэн төлөлтийн хуваарь ам доллараар төлөгдөхөөр гэрээ байгуулж ам доллар авч ашиглачихаад одоо зээлээ төлөхдөө 2008 оны болон 2012 оны буюу анх зээлийн гэрээ байгуулсан үеийн ам долларын ханшийг монгол төгрөгт хөрвүүлэн төлнө гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлд заасан төлбөр гүйцэтгэх хугацааг дараах байдлаар утгачлан тайлбарлаж байна. Талууд гэрээндээ зааж харилцан тохиролцож зөвшөөрсөн бол тухайн гэрээгээр хүлээх үүргийг хэсэгчлэнг гүйцэтгэх боломжтой. Энэ хүрээнд зээлийн гэрээний хувьд үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нь зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргийг хэсэгчлэн гүйцэтгэхээр хуваарь тогтоож, талууд харилцан тохиролцох ба үүнийг зээлийн эргэн төлөлтийн хувиараар тогтооно.

Банкны хувьд ч гэсэн хуваарьт өдөр тохиролцсон хугацаа болмогц зээлийн төлбөрийг төлж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрх үүсдэг.

Зээлийн харилцааны хувьд зээл олгомогц буюу зээлийн гэрээ байгуулсан өдөр зээлдэгчид зээлийн төлбөрийг бүхэлд нь буцаан төлөх үүрэг үүсдэггүй бөгөөд зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлийн нийт төлбөрийг буцаан төлөх үүргийг хэсэгчилсэн байдлаар гүйцэтгэх хугацааг тогтоож өгдөг.

Өөрөөр хэлбэл үүрэг үүсэх гэдэгт зээлийг эргэн төлөхөөр хэсэгчлэн тогтоосон мөнгөн дүн бүрийн хувьд банк зээлийн төлбөрөө эргэн төлөхийг шаардах эрх үүсгэж байгаа үеийг ойлгоно.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасан мөнгөний ханш гэдэг ойлголт гадаад валюттай харьцах төгрөгийн ханш гэдэг ойлголтоос ялгаатай ба өөрөөр хэлбэл төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид хамааралгүй, харин төгрөгийн өөрийнх нь худалдан авах чадварын өсөлт, бууралттай холбоотой харилцаанд хэрэглэгдэх зохицуулалт гэж үзэхээр байна.

Валют зээлдэх ажиллагаа нь валютын гүйлгээнд хамаарах ба банк нь гадаад валютын гүйлгээг хийж байгаа бол түүнтэй тэнцэх хэмжээний үндэсний валютын гүйлгээг нэгэн зэрэг гүйцэтгэхийг Валютын зохицуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаас үзэхэд гүйлгээг хийх үед үндэсний валют болон гадаад валютын ханш харьцуулагдаж байдаг, ийнхүү тооцохдоо тухайн үеийн Монгол банкны зарласан ханшаар тооцох үндэслэл бий болдог байна. Монгол банк нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтоож нийтэд зарлах үүрэгтэй гэжээ.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2-т заасан мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдсөн бол мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцох журмыг хэрэглэнэ гэж заасан нь дээрх зохицуулалтын агуулгатай нийцсэн байна. Өөрөөр хэлбэл гэрээний зүйл болох гадаад валютыг төгрөгт шилжүүлэхэд шилжүүлэх үеийн ханшийн дагуу тодорхойлохыг зохицуулсан.

Зээлдэгч Н.Бтай байгуулсан 2 зээлийн гэрээг 2022 оны 02 сарын 11-ний өдөр цуцалж уг өдрөөр гэрээний үүргээ шаардсан.

Зээлдэгч Э.Б нь 2008 оны 05 сарын 08-ны өдрийн 93000168 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 02 сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,479.79 ам доллар, зээлийн хүү 85,02 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 0,64 цент, 2012 оны 03 сарын 07-ны өдрийн 1000001295 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 02 сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 29,479.48 ам доллар, зээлийн хүү 2,395.64 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 5,64 ам доллар, нийт 36,446.21 ам долларыг нэхэмжилж байна.

Мөн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/, Нарны зам, 99/Б байрны 1404 тоотын 74,65 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204040817 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг болон Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р хороолол, 7-р байр, 31 тоотын 44 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн 200300034 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууц зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Н.Б М банкинд ажилладаг ба зээлийн төлбөрийг ажлын хөлсөөр төлөх санал тавьсан. Өөрөө арилжааны банкинд ажилладаг, манай банкны тухайд өрсөлдөгч арилжааны банкны ажилтанаас үйлчилгээ авах шаардлага байхгүй гэв.

 

Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2002 оны 07 сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 сарын 07-ны өдөр хүртэл Хинд ажилласан. 2008 оны 05 сарын 08-ны өдөр Хтай 93000168 дугаартай зээлийн гэрээ байгуулан 21,480 ам долларыг жилийн 6,5 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн ба Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р хороолол, 7-р байр, 31 тоотын 44 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Мөн 2012 оны 03 сарын 07-ны өдөр 1000001295 дугаартай зээлийн гэрээ байгуулан 60,150 ам долларыг жилийн 6,96 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн ба Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, 13374, Нарны Зам, 99б байр, 1404 тоотын, 74,65 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

Би Хтай байгуулсан гэрээний дагуу авсан валютын 2 зээлийг үүрэг үүсэх үеийн ханшаар төлж явах хүсэлтийг 2013 оноос хойш банкинд илэрхийлсэн. 2020 оны 08 сард 20,000,000 төгрөг төлсөн.

Би зээлийн төлбөрөө нэг мөсөн төлж болно. Сар сард нь төлөхөөр бол тухайн сард анх зээл авсан үеэс хойш ханш өөрчлөгдсөн бол үүрэг үүсэх үеийн буюу 2008, 2012 оны ханшаар сар бүр төлнө гэсэн үг.

2008 оны 05 сарын 08-ны өдөр 21,480 ам долларыг, 2012 оны 03 сарын 07-ны өдөр 60,150 ам долларыг тус тус зээлэн авсан ба зээлээ төлөхдөө энэ ханшаар буюу үүрэг үүсэх үеийн ханшаар төлнө.

Төлбөр төлөх үед чинь төлөх төлбөрийн ханш анх үүрэг үүсэх үеийнхээс өөрчлөгдсөн байвал үүрэг үүсэх үеийнхээ ханшаар төлнө гэж Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т маш тодорхой заасан тул би 2008, 2012 оны ханшаар зээлээ төлөх ба банк өөрөө эрсдэлээ үүрэх ёстой.

Банкны тухайд хуулиа судлалгүйгээр энэ бүтээгдэхүүнийг гаргасан. Би Хинд эвлэрэх санал тавихад хүлээж аваагүй.

Би М банкинд ажилладаг, мөн хувьдаа компанитай, Хинд зөвлөх үйлчилгээ, программ хангамжийн үйлчилгээ, нарийвчилсан технологийн үйлчилгээ үзүүлэх санал тавьсан бөгөөд үнэ тохиролцоогүй. Үнийг банкны хэрэгцээн дээр тулгуурлаад тогтоох санал компаниараа үзүүлж болно гэхэд Х зөвшөөрөөгүй.

Миний тухайд гэвэл зээлээ үүрэг үүсэх үеийн буюу 2008, 2012 оны ханшаар тооцоход төлөөд дууссан ба 40,000,000 гаруй сая төгрөг илүү төлсөн гэж үзэж байгаа гэв.

 

Талуудын ирүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Х нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, банкны зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралт, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа,

Н.Бын орон сууцны зээлийн хүсэлтүүд, ажилтаны орон сууцны зээлийн өргөдлүүд, удирдах ажилтаны тодорхойлолт, өрхийн мөнгөн урсгалын төлөвлөлт, Н.Б, Н.Батдэлгэр нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Бын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Н.Бын 2008 оны 05 сарын 07-ны өдөр банкинд гаргасан хүсэлт, 20000649 тоот дансны 2007 оны 09 сарын 06, 2007 оны 09 сарын 07-ны өдрийн хуулга, Н.Бын Шинэ дөл констракшн ХХК-тай байгуулсан 2012 оны 01 сарын 18-ны өдрийн 112/12 дугаар бүхий барилгын ажил гүйцэтгэх гэрээ,

Хны 2008 оны 05 сарын 08-ны өдрийн 20 тоот зээлийн хорооны шийдвэр-Н.Бд 25,000,000 төгрөгтэй тэнцэх ам долларын зээлийг 180 сарын хугацаатай, жилйин 6,5 хувийн хүүтэй олгох шийдвэр, зээлийн хорооны хурлын 20-р тогтоолын 1-р хавсралт-эргэн төлөлтийн хуваарь,

Хны 2012 оны 02 сарын 02-ны өдрийн 08 тоот зээлийн хорооны шийдвэр-Н.Бд 80,000,000 төгрөгтэй тэнцэх ам долларын зээлийг 180 сарын хугацаатай, жилйин 6,96 хувийн хүүтэй олгох шийдвэр, зээлийн хорооны хурлын 20-р тогтоолын 1-р хавсралт-эргэн төлөлтийн хуваарь,

2008 оны 05 сарын 08-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 1000001914 тоот зээлийн дансны хуулгууд,

Зээлдэгч Н.Бын 1000001295 тоот зээлийн дансны хуулга, 2012 оны 03 сарын 07-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2013 оны 05 сарын 01-ний өдрийн 1000001295 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

Н.Б Хтай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож байгаа үндэслэлээр түүний банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу тооцох зээлийн хүүг 13,5 хувь болгосон тухай 2018 оны 08 сарын 14-ний өдрийн 165, 166 дугаартай зээл шилжүүлэх шийдвэрүүд,

Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/ Нарны зам, 99/Б байр, 1404 тоотын 74,65 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р хороолол, 7-р байрны 31 тоотын 44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ,

Хны Н.Бд хүргүүлсэн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн гэрээ цуцлах мэдэгдлүүд, Зээл, зээлийн хүүгийн тооцоололууд,

Хны гүйцэтгэх захирлын 2013 оны 04 сарын 12-ны өдрийн А/425 дугаартай Ажиллагсдад АНУ-ын доллараар олгох орон сууцны зээлийн хүүгийн хувь хэмжээг өөрчлөн тогтоох тухай тушаал зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Хариуцагч Н.Б нь Хинд гаргаж байсан гэх өргөдлүүд, 2019 оны 07 сарын 04-ний өдрийн 1000001295 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

2019 оны 07 сарын 04-ний өдрийн 93000168 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцаалбар,

Н.Бын 2012 оны 03 сарын 15, 2008 оны 06 сарын 23-ны өдрийн зээлийн төлбөрийн тооцоололууд зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Н.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44,443.27 ам доллар буюу 126,836,203.82 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

/2022 оны 02 сарын 11-ний өдрийн байдлаар:

2008.05.08-ны өдрийн 93000168 дугаартай гэрээний үүрэгт:

-Үндсэн зээл 4,942.62 ам доллар,

-Зээлийн хүү 766,92 ам доллар,

-Нэмэгдүүлсэн хүү 33 ам доллар,

 

2012.03.07-ны өдрийн 1000001295 дугаартай гэрээний үүрэгт:

-Үндсэн зээл 32,934.45 ам доллар,

-Зээлийн хүүгийн төлбөр 5,675.28 ам доллар,

-Нэмэгдүүлсэн хүү 91 ам доллар,

Нийт 44,443.27 ам доллар/

 

Хны Мэдээлэл технологийн газар, тоон мэдээлэл боловсруулах албаны менежер Н.Б нь орон сууц худалдан авах зориулалтаар ажллагсдын орон сууцны зээлийн хүсэлт гаргасны дагуу Хны зээлийн хорооны 2008 оны 05 сарын 08-ны өдрийн 20 тоот тогтоолоор Н.Бд 25,000,000 төгрөгтэй тэнцэх ам долларын зээлийг 180 сарын хугацаатай, жилийн 6,5 хувийн хүүтэй олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрээс үүдэн Н.Б нь Хтай 2008 оны 05 сарын 08-ны өдөр 93000168 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан орон сууц худалдан авах зориулалтаар 21,480 ам долларыг 180 сарын хугацаатай, жилийн 6.5 хувийн хүүтэй зээлэн, уг гэрээний үүрэгт Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р хороолол, 7-31 тоотын 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2008 оны 05 сарын 08-ны өдрийн 93000168 тоот барьцаат зээлийн гэрээнд зээлдүүлэгч Х, түүний төлөөлөгч, зээлдэгч Н.Б нар хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамга даран баталгаажуулсан, 2008 оны 05 сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэнээр гэрээ хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 19-26, 103-120 дугаар тал/

 

Ажилтан Н.Б нь орон сууцны нөхцөл сайжруулах зорилгоор орон сууцны зээлийн хүсэлт гаргасны дагуу Хны ажиллагсдын зээлийн хорооны 2012 оны 02 сарын 02-ны өдрийн 08 тоот тогтоолоор Н.Бд 80,000,000 төгрөгтэй тэнцэх ам долларын зээлийг 180 сарын хугацаатай, жилийн 6,96 хувийн хүүтэй олгохоор шийдвэрлэжээ.

Уг шийдвэртэй холбоотой Н.Б нь Хтай 2012 оны 03 сарын 07-ны өдөр 1000001295 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан орон сууц худалдан авах зориулалтаар 60,150 ам долларыг 180 сарын хугацаатай, жилийн 6.96 хувийн хүүтэй зээлэн, уг гэрээний үүрэгт Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/, Нарны зам, 99/Б байр, 1404 тоотын 74,65 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2012 оны 03 сарын 07-ны өдрийн 1000001295 тоот барьцаат зээлийн гэрээнд зээлдүүлэгч Х, түүний төлөөлөгч, зээлдэгч Н.Б нар хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамга даран баталгаажуулсан, 2012 оны 03 сарын 14-ний өдөр улсын бүтгэлд бүртгүүлсэнээр гэрээ хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 12-17, 121-131, 132-135 дугаар тал/

 

Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/, Нарны зам, 99/Б байрны 1404 тоотын 74,65 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204040817 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц хариуцагч Н.Бын, Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р хороолол, 7-р байр, 31 тоотын 44 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн 200300034 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууц нь Н.Батдэлгэр, хариуцагч Н.Б нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 18, 29-31, 113, 119-120, 131 дүгээр тал/

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж,

2021 оны 07 сарын 01-ний өдрөөс даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заажээ.

Зээлдүүлэгч Х дээр дурдсан гэрээг үндэслэн зээлдэгч Н.Бын нэр дээр зээлийн данс нээн 21,480 ам доллар болон 60,150 ам долларыг шилжүүлсэн бөгөөд зээлдэгч Н.Б нь уг зээлүүдийг зээлэн авсан талаараа маргахгүй байгаа болно.

/ХХ-ийн 9-11, 27-28, 46-50, 136-138, 142-144, 204-208 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Х болон хариуцагч буюу зээлдэгч Н.Б нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч Хны зээлдэгч Н.Бтай байгуулсан дээр дурьдсан орон сууц худалдан авах, орон сууцны нөхцөл сайжруулах гэрээнүүдийн дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

 

2012 оны 03 сарын 07-ны өдөр байгуулагдсан 1000001295 дугаар бүхий барьцаат зээлийн гэрээний 1.1-т заасан хүүгийн хувь хэмжээг жилийн хувьсах 6,96 хувь гэснийг 2013 оны 05 сарын 01-ний өдрөөс жилийн тогтмол 6,5 хувь гэж өөрчлөн тогтоон, хүүгийн хувь хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой зээлийн дансны дугаарыг 1000002066 болгон өөрчилсөн ба энэхүү нэмэлт өөрчлөлтөөс бусад асуудал 1000001295 дугаартай гэрээнд заасны дагуу хүчин төгөлдөр хэрэгжихээр харилцан тохиролцон гэрээ байгуулсан ба энэ талаар хэн аль нь маргаагүй.

/ХХ-ийн 16-17 дугаар тал/

 

Н.Бын Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож байгаа үндэслэлээр түүнтэй байгуулсан 2008 оны 05 сарын 08-ны өдрийн болон 2012 оны 03 сарын 07-ны өдрийн гэрээний дагуу тооцох зээлийн хүүг 13,5 хувь болгон тооцохоор шийдвэрлэсэн нь Хны 2018 оны 08 сарын 14-ний өдрийн 165, 166 дугаар бүхий зээл шилжүүлэх шийдвэрүүдээр шийдвэрлэсэн гэжээ.

/ХХ-ийн 145-146 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Х нь 2019 оны 07 сарын 04-ний өдрөөс зээлдэгч Н.Бтай байгуулсан дээрх 2 гэрээний дагуу тооцох зээлийн хүүг 13,5 хувиар тооцон дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна. Үүнд:

/2022.02.11-ний өдрийн байдлаар:

2008.05.08-ны өдрийн 93000168 дугаартай гэрээний үүрэгт үндсэн зээл 4,942.62 ам доллар, зээлийн хүү 766,92 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 33 ам доллар,

2012.03.07-ны өдрийн 1000001295 дугаартай гэрээний үүрэгт үндсэн зээл 32,934.45 ам доллар, зээлийн хүүгийн төлбөр 5,675.28 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 91 ам доллар, нийт 44,443.27 ам доллар нэхэмжилсэн байна.

 

Хариуцагч Н.Б нь 2018 оны 08 сарын 07-ны өдөр ажлаас гарснаас хойш тус зээлийн гэрээнүүдийн хүүгийн хувь хэмжээнд 13,5 хувь гэж өөрчлөлт оруулах байсан ч 1000001295 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 93000168 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт болон барьцаалбарыг Н.Бд танилцуулахаар өгөхөд тэрээр уг гэрээг өөрт авч үлдэн гарын үсэг зураагүй талаар өмнө нь талууд шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан болно.

Зээлдүүлэгч Х зээлдэгчийг 2019 оны 07 сарын 04-ний өдрийн гэрээнд гарын үсэг зураагүй тул зээлийн хүүг 13,5 хувийн хүүтэй бус анх барьцаат зээлийн гэрээ байгуулахдаа тооцсон 6,5 хувиар тооцон зөрүү 7,997.06 ам доллараар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж 2008 оны 05 сарын 08, 2012 оны 03 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг доорхи байдлаар шаардан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

/ХХ-ийн 90-96 дугаар тал/

 

2022.02.11-ний байдлаар:

2008.05.08-ны өдрийн 93000168 дугаартай гэрээний үүрэгт:

-Үндсэн зээл 4,479.79 ам доллар, зээлийн хүү 85,02 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 0,64 цент,

2012.03.07-ны өдрийн 1000001295 дугаартай гэрээний үүрэгт:

-Үндсэн зээл 29,479.48 ам доллар, зээлийн хүү 2,395.64 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 5,64 ам доллар,

Нийт 36,446.21 ам долларыг нэхэмжилжээ.

 

Зээлдэгч Н.Б нь 2008 оны 05 сарын 08-ны өдөр 93000168 тоот барьцаат зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 16,537.38 ам доллар, зээлийн хүү 12,488.58 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 3,81 ам доллар,

2012 оны 03 сарын 07-ны өдөр 1000001295 тоот барьцаат зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27,215.55 ам доллар, зээлийн хүү 30,983.73 доллар, нэмэгдүүлсэн хүү 15,33 доллар тус тус төлсөн талаар болон зээлийн гэрээний хүүг 6.5 хувиар тооцсон зөрүү-багасгасан шаардлага 7,997.06 доллартай холбоотой буюу зээлийн гэрээний дагуу төлсөн төлбөр болон зээлийн тооцоололтой холбоотой зээлдэгч Н.Б маргаагүй болно.

/ХХ-ийн 9-11, 27-28, 46-51, 61-65, 67-71, 136-144, 147-156, 190-195, 204-219 дүгээр тал/

 

Хариуцагч Н.Б нь 2020 оны 08 сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөгийг зээлийн дансандаа байршуулсанаар түүний зээлийн хэсэгчилсэн зөрчил арилсан бөгөөд үүнээс хойш 2022 оны 04 сарын 19-ний өдрийн байдлаар дээрх 2 гэрээний үүрэг 413, 433 хоног тус тус зөрчигдсөн тул нэхэмжлэл гаргасан гэж зээлдүүлэгч Х тайлбарласан ба зээлдэгч Н.Б уг тайлбарыг эсэргүүцээгүй бөгөөд тэрээр уг хугацаанаас хойш зээлийн төлөлт хийгээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах гээд байсан тул зээл хэвийн болгоход шаардлагатай 20,000,000 төгрөг байршуулсан гэж тайлбарласан.

/ХХ-ийн 73-81 дүгээр тал/

 

Зээлдүүлэгч Х нь зээлдэгч Н.Бд гэрээний үүрэг гүйцэтгээгүйгээс гэрээ цуцлах тухай 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 2б/711, 2б/710 дугаар бүхий гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлж байсан талаар зээлдэгч эсэргүүцээгүй.

/ХХ-ийн 32,60, 66,169 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулсан 2012 оны 03 сарын 07-ны өдрийн гэрээний 1.7-д Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, үндсэн хүүг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хугацаанд эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүрэг хүлээнэ,

2.2.3-т Энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу зээлийг эргэн төлөх, төлбөр хийсэн тухай холбогдох ажилтанд мэдэгдэх үүрэгтэй,

3.1-т Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүүг хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүргээ энэхүү гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийг биелүүлж дуустал нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлага хүлээнэ. Нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь төлөгдөөгүй байгаа зээлийн нийт төлбөрт ногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна,

2008 оны 05 сарын 08-ны өдрийн гэрээний 1.5-д Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, үндсэн хүүг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хугацаанд эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүрэг хүлээнэ,

2.2.3-т Энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу зээлийг эргэн төлөх, төлбөр хийсэн тухай холбогдох ажилтанд мэдэгдэх үүрэгтэй,

3.1-т Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүүг хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүргээ энэхүү гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийг биелүүлж дуустал нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлага хүлээнэ. Нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь төлөгдөөгүй байгаа зээлийн нийт төлбөрт ногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус заасан байна.

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заажээ.

2021 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.

 

Дээр дурдсаны дагуу зээлдүүлэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

 

Хариуцагч Н.Б нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасны дагуу үүрэг үүсэх үеийн буюу 2008, 2012 оны ханшаар төлнө, уг үеийн ханшаар тооцоход зээлийн төлбөрийг төлж дууссан гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасны дагуу зээлээр авсан мөнгөний ханш түүнийг эргүүлэн төлөхөөс өмнө өөрчлөгдсөн, өссөн ба буурсан явдал зээлийг буцаан төлөх мөнгөний дүнд хамаарахгүй юм.

 

Зээлийн гэрээний талууд ханшны өөрчлөлтийг харилцан тооцохоор тохиролцсон бол гэрээний нөхцлийн дагуу үүрэг биелүүлэх үед ханшны өөрчлөлтийг харгалзан тооцох болох бөгөөд талууд дээрх гэрээнүүдэд ханшны өөрчлөлтийг харгалзан зээлийг төлөх талаар тохиролцоогүй, талуудын хооронд байгуулсан 2012 оны 03 сарын 07-ны өдрийн гэрээний 1.4-т Зээлийг АНУ-ын доллараар олгох, АНУ-ын доллараар олгосон зээлийг төгрөгөөр тооцож төлөх, эсхүл төгрөгийн зээлд хөрвүүлэх бол ханшийг банкны тухайн өдрийн АНУ-ын доллар худалдах ханшаар тооцно,

2008 оны 05 сарыг 08-ны өдрийн гэрээний 1.3-т Зээлийг АНУ-ын доллараар олгох, АНУ-ын доллараар олгосон зээлийг төгрөгөөр тооцож төлөх, эсхүл төгрөгийн зээлд хөрвүүлэх бол ханшийг банкны тухайн өдрийн АНУ-ын доллар худалдах ханшаар тооцно гэж зээлийг төлөхөөр харилцан тохирч гэрээг байгуулжээ.

 

Гадаад валютын зээлийн үүргийг тухайн валютаар нь гүйцэтгэх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасан гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэж заасан ба зээлийн гэрээ цуцлах үеийн буюу 2022 оны 02 сарын 11-ний өдөр Монгол банкнаас зарласан ам долларын ханш 2853,89 төгрөг байсан нь Монгол банкны ам долларын ханшийн лавлагаар тогтоогдлоо.

 

Нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022 оны 04 сарын 22-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам долларын ханш 3,065.97 төгрөг байсан бөгөөд уг мэдээлэл нь Монгол банкны www.mongolbank.mn мэдээллийн санд байршиж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу ханшийн лавлагааг нотлох шаардлагагүй гэж үзсэн болно.

/ХХ-ийн 8 дугаар тал/

 

Хариуцагч Н.Бын гүйцэтгэх үүрэг 2008.05.08-ны өдрийн 93000168 дугаартай гэрээний үүрэгт үндсэн зээл 4,479.79 ам доллар, зээлийн хүү 85,02 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 0,64 цент, 2012.03.07-ны өдрийн 1000001295 дугаартай гэрээний үүрэгт үндсэн зээл 29,479.48 ам доллар, зээлийн хүү 2,395.64 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 5,64 ам доллар, нийт 36,446.21 ам доллар байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Н.Баас 36,446.21 ам доллар буюу 104,013,474 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Б гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд уг зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Н.Бын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/, Нарны зам, 99/Б байрны 1404 тоотын 74,65 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204040817 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг болон хариуцагч Н.Б, Н.Батдэлгэр нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р хороолол, 7-р байр, 31 тоотын 44 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн 200300034 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Н.Баас 36,446.21 ам доллар буюу 104,013,474 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 862,331 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баас 748,217 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Б гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд уг зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Н.Бын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/, Нарны зам, 99/Б байрны 1404 тоотын 74,65 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204040817 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг болон хариуцагч Н.Б, Н.Батдэлгэр нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р хороолол, 7-р байр, 31 тоотын 44 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн 200300034 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН