Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00688

 

 

 

 

 

 

 

 

2023               03            31                                         210/МА2023/00688

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/05140 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 36,446.21 ам.доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Э.М, хариуцагч Н.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: “Зээлдэгч Н.Б нь 2008 оны 05 сарын 08-ны өдөр тус банктай *** дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 21,480 ам долларыг 180 сарын хугацаатай, жилийн 6,5 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар, мөн 2012 оны 03 сарын 07-ны өдөр *** дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 60,150 ам.долларыг 180 сарын хугацаатай, 6,96 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар тус тус зээлдэж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *** тоот орон сууц болон *** тоот орон сууцыг тус тус барьцаалсан. Банк зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг удаа дараа шаардахад төлөлт хийгээгүй. Хариуцагч Н.Б ын мөнгөн төлбөрийн үүрэг ам.доллароор үүсч эргэн төлөлтийн хуваарь ам.доллароор төлөгдөхөөр гэрээ байгуулж, ам.доллар авч ашигласан атлаа одоо зээлээ төлөхдөө 2008 он болон 2012 оны буюу анх зээлийн гэрээ байгуулсан үеийн ам.долларын ханшийг монгол төгрөгт хөрвүүлэн төлнө гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Зээлдэгч Н.Б тай байгуулсан 2 зээлийн гэрээг 2022 оны 02 сарын 11-ний өдөр цуцалж, уг өдрөөр гэрээний үүргээ шаардсан. Зээлдэгч Н.Б нь 2008 оны 05 сарын 08-ны өдрийн *** дугаартай барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 02 сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,479.79 ам.доллар, зээлийн хүү 85,02 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 0,64 цент, 2012 оны 03 сарын 07-ны өдрийн *** дугаартай барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 02 сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 29,479.48 ам.доллар, зээлийн хүү 2,395.64 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 5,64 ам.доллар, нийт 36,446.21 ам.долларыг нэхэмжилж байна. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “2008 оны 05 сарын 08-ны өдөр “Х” ХХК-тай *** дугаартай зээлийн гэрээ байгуулан 21,480 ам.долларыг жилийн 6,5 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан ба *** тоотын 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Мөн 2012 оны 03 сарын 07-ны өдөр *** дугаартай зээлийн гэрээ байгуулан 60,150 ам.долларыг жилийн 6,96 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан ба *** тоотын, 74,65 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Дээрх гэрээний дагуу авсан валютын 2 зээлийг үүрэг үүсэх үеийн ханшаар төлж явах хүсэлтийг 2013 оноос хойш банкинд илэрхийлсэн. 2020 оны 08 сард 20,000,000 төгрөг төлсөн. Би зээлийн төлбөрөө нэг дор төлж болно. Харин сар сард нь төлөхөөр бол тухайн сард анх зээл авсан үеэс хойш ханш өөрчлөгдсөн бол үүрэг үүсэх үеийн буюу 2008, 2012 оны ханшаар төлнө гэсэн үг. Миний тухайд зээлээ үүрэг үүсэх үеийн буюу 2008, 2012 оны ханшаар төлөөд дууссан, 40,000,000 гаруй төгрөгийг илүү төлсөн гэж үзэж байгаа” гэжээ.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Б аас 36,446.21 ам.доллар буюу 104,013,474 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 862,331 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б аас 748,217 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Б гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Н.Б ын өмчлөлийн *** тоотын 74,65 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц, хариуцагч Н.Б , Н.Б.Д нарын өмчлөлийн *** тоотын 44 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 4.а. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр төлөх үед чинь төлөх төлбөрийн чинь ханш анх үүрэг үүсэх үеийнхээс өөрчлөгдсөн байвал үүрэг үүсэх үеийнхээ ханшаар иргэн та төлнө шүү гээд маш тодорхой заасан байгаа. Эндээс харахад гадаад валютын зээлийг зөвхөн тухайн валютаар нь төлөх гэдэг хууль зүйн үндэслэлгүй байна.

 4.б. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр төлөх үед мөрдөх ханшийг, харин 218.2 дахь хэсэгт гэрээний нөхцөх өөрчлөх нэг хэлбэр болох мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөх үед мөрдөх ханшийг зохицуулж өгсөн. Гэтэл “Х” ХХК өөрт ашигтай, хэрэглэгчид хохиролтой байдлаар буюу зээл төлсөн ч, зээлийн нөхцөл өөрчилсөн ч бүх тохиолдолд Иргэний хуулийн 2018 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасныг хэрэглэхээр гэрээнд тусгасан байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн (2003 оны) 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Хэрэглэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай энэ хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон нөхцөлөөс дордуулсан бол хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус. Энэ нь шүүх шийдвэр гаргах үндэслэлээ дээрх гэрээний заалтад суурилсан нь буруу байсныг харуулж байна.

4.в. Миний бие Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу зээлийн төлбөрөө хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан атал нэхэмжлэгч талын худал тайлбар болон хууль зөрчсөн гэрээний заалтын улмаас шүүх буруу шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, банкны хууль бус үйл ажиллагаатай холбоотой үүссэн хохирлыг арилгуулж өгнө үү” гэжээ.

 

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд тал бүрээс нь бодитоор дүгнэж шийдвэр гаргасан. Н.Б нь мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэхдээ анх үүрэг үүссэн үеийн валютаар төлбөрөө гүйцэтгэнэ, өөрөөр хэлбэл, тухайн валютын ижил төрөл, тоо чанар, хэмжээний мөнгө шилжүүлнэ гэдгээ ойлгохгүйгээр маргадаг. Талууд зээлийн гэрээний үүргээ ам.доллар хэмээх валютаар үүсгэсэн, энэ талаар хариуцагч маргадаггүй атлаа зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх болохоороо Монгол Улсын мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр төлнө, үүрэг үүсэх үеийн ханшаар валютаа тооцно гэж байгаа нь үндэслэлгүй. Зээлдэгч нь үүрэг үүсгэсэн мөнгөний нэгж валютын нэрлэсэн үнээр буюу ам.доллароор зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх учиртай. Өөрөөр хэлбэл, анх ямар валютаар зээл авсан, тухайн валютаар зээлээ төлж дуусгах ёстой. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэсэн. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухай шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Н.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 36,446.21 ам.доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах шаардлага гаргасныг хариуцагч “...үүрэг үүсэх өдөр буюу 2008 он, 2012 оны ам.долларын ханшаар тооцож үүргийг гүйцэтгэнэ, энэ ханшаар тооцоход зээлийн эргэн төлөлтийг төлж дууссан...” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ 2008 оны 05 сарын 08-ны өдөр байгуулагдсан *** тоот “Барьцаат зээлийн гэрээ”-ний нэг тал буюу *** тоот хаягт байршилтай 44,0 м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр Н.Б.Д бүртгэлтэй болохыг анхаараагүй байна. /хх 23-25, 29-30/

Өөрөөр хэлбэл, Н.Б.Д нь барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч буюу барьцааны гэрээний талаар маргах эрх бүхий этгээд байтал анхан шатны шүүх энэ талаар тодруулалгүй, хамтран өмчлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

4. Анхан шатны шүүх “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Б д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэж гарах шийдвэр барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч Н.Б.Д ийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх эсэхийг тодруулж, энэ талаар эрх зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр маргааныг хянан шийдвэрлэх ёстой байжээ.

 

5. Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

6. Нэгэнт шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/05140 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Б аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 678,017 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

​​​​​​​4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                     

                                            ШҮҮГЧИД                                      М.БАЯСГАЛАН

 

                                                                                                   Д.НЯМБАЗАР