| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 188/2018/0309/Э |
| Дугаар | 415 |
| Огноо | 2018-09-28 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 415
С.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, Б.Булгантамир, Б.Тэнгис, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б, хохирогчийн өмгөөлөгч Н.Жамъяндорж, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 333 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 562 дугаар магадлалтай, С.Б-д холбогдох 1708023680378 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, Б.Булгантамир, Б.Тэнгис, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт С-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-ийг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 15 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Булгантамир, Ч.Хүрэлбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б гаргасан гомдолдоо “...Би 2006 оноос хойш 12 жил өөрийн эцэг Г.Г-ын хамт амьдарч ирсэн. 2013 онд би толгойдоо гэмтэл авсны улмаас тархины хаван, зүрх судасны өвчтэй болж хөдөлмөрийн чадвараа алдсан. Энэ хугацаанд аав минь хувиараа ажил эрхэлж ар гэрээ тэжээн тэтгэхийн хажуугаар эмчилгээний үнэ төлбөрийг олдог байсан. Өдий олон жил хамт амьдарч байсан аавыгаа бусдын гарт алдсандаа маш их харамсаж байна. Гэтэл С.Б гэгч “би алаагүй, талийгаач манай гэрт нас барсан байсан болохоор сэтгэл гаргаж оршуулгын зардал төлсөн” гэж тавлаж байгаад гомдолтой байна. Шүүх эмнэлэгт очиж цогцос таниулах ажиллагаа хийхэд аав минь танихын аргагүй болсон байсан, ийм байдалтай болсныг хараад сэтгэл санаагаар маш их унасан, одоо ч их хямарч байна. Манай аавыг алсан С.Б, түүний ар гэрийнхэн оршуулгын зардлыг данс руу шилжүүлчихээд нэг ч удаа бид нараас уучлалт гуйгаагүй, оршуулгын зардлыг төлснөөрөө хор уршиг арилахгүй ба хохирогч миний болон хамаатан садан дүүгийн маань сэтгэл санааны хохирол арилаагүй болно. Иймд С.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн арга, гэм буруугаа хүлээгээгүй байдал, бидний сэтгэл санааны хохирлыг төлөөгүй байдлыг харгалзан үзэж хорих ялын дээд хэмжээгээр ялыг оногдуулж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Н.Жамъяндорж хэлсэн саналдаа “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу шүүх хэргийг шийдвэрлэсэн. Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Шүүгдэгч эхлээд талийгаачийг зодсон. Мөн амь насыг нь хохироосон үйлдэл нь тохиолдлын шинжтэй биш юм. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуульд нийцсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээхгүй байгаа тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Г.Г-ын амь насаа алдахын өмнөх үеийн нөхцөл байдлууд тогтоогддог бөгөөд түүний амь насанд аюултай, шууд үхэлд хүргэх олон тооны гэмтлүүдийг хэн, ямар аргаар учруулсныг тогтоож чадаагүй, С.Б хохирогчийг онц харгис хэрцгийгээр алсан гэдэг нь эргэлзээтэй байхад шүүх хэт яллах талыг барьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 1.15 дугаар зүйлд заасан зарчмуудыг зөрчсөн. Мөн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийн явцад “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр” нотлогдоогүй байхад шүүх нотлогдсон гэж дүгнэсэн нь ойлгомжгүй төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасантай нийцээгүй. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-ийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасныг зөрчиж, “бусдыг онц харгис хэрцгийгээр алсан” гэж зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх зөвтгөлгүй хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хуульд нийцэхгүй байна. Шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн аль хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнийг тогтоогоогүй байдаг. Гэм буруугийн хэлбэрийг тодорхойлох нь гэмт хэргийн ангиллын нэг гол шалгуур болохын зэрэгцээ ял оногдуулах, хорих ял эдлэх дэглэмийн төрөл тодорхойлох, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөө үзүүлдэг. Хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлгүүд, бусад бичгийн баримтууд хохирогч Г.Г-ын биед үхэлд хүргэх гэмтэл, түүний биед илэрсэн олон тооны гэмтлийг шүүгдэгч С.Б хэрхэн яаж учруулсныг тогтоож чадахгүй бөгөөд хохирогч хэрхэн амиа алдсан тухайн цаг үе, нөхцөл байдлыг нотолж чадаагүй байхад тэдгээрийг үндэслэн “С.Б-ийг хаалттай хорих байгууллагад 15 жил хорих ялаар шийтгэсэн” анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх дээрх байдлыг анхаарч үзэлгүй, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн тайлбарт “онц харгис хэрцгийгээр алсан гэдгийг тодорхой тайлбарласан ба олон тооны гэмтэл учирснаар бус харин хохирогчийг тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон үүнийгээ гэмт этгээд санаатайгаар үйлдсэн байх”-ыг ойлгохоор байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч С.Б хохирогчийн биед олон тооны гэмтэл учруулсан нь тогтоогдоогүй эргэлзээтэй, хохирогчид өвдөлт зовиур, шаналал бий болгох, тамлаж тарчилгах субьектив санаа зорилгоор дээрх олон тооны гэмтэл шархыг үүсгэсэн гэдэг эргэлзээтэй, нөгөөтэйгүүр болсон үйл явдлыг санадаггүй, тамлан зовоох аргын харгис хэрцгий шинжийг ухамсарласан эсэх нь эргэлзээтэй, шинжээч эмч Ц.Г-ын мэдүүлэгт “гавал суурь яс хугарснаас амьсгалаар цус сорогдож амьсгал бүтэх тохиолдолд эмнэлгийн анхны тусламж авч амьд үлдэх боломжгүй” гэсэн нь хохирогч өвдөлт зовиурыг мэдэрч амжилгүй ухаан алдаж, шууд нас барсан байна. Олон тооны гэмтэл учирсан гэх шинжээчийн дүгнэлт онц харгис хэрцгий аргаар гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл болохгүй. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч бусдыг онц харгис хэрцгий аргаар алсан гэдэг нь эргэлзээтэй, тогтоогдоогүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Б-ийг цагаатгаж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Булгантамир гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий гэрч Ш.Б-ын мэдүүлэг, шинжээч эмч Ц.Г-ын цогцост хийсэн дүгнэлт, түүний мэдүүлэг зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнээгүй ба шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг үгүйсгэсэн үндэслэл, ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаагаа шийдвэртээ дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасантай нийцэхгүй байна. Мөн шинжээч эмч Ц.Г-оос 2224 дүгээр дүгнэлттэй холбоотой ямар гэмтлүүдийг гэмтлийн ямар зэрэгт тогтоосон талаар байцаалт авахад “хүнд, хүндэвтэр” гэж мэдүүлсэн байна. Ийнхүү мөрдөгч, прокурорын зүгээс шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлаар тайлбар, мэдүүлэг авах замаар гэмтлийн зэргийг тодорхойлж байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн тухайн шинжээч нь “хүний үхлийн шалтгаан, гэмтлийн зэргийг тогтоодог” шүүх эмнэлгийн шинжээч эмч атлаа химийн шинжилгээний талаар дүгнэлт хийж амь хохирогчийг гал гарахаас өмнө үхсэн гэж мэдүүлсэн. Химийн тусгай мэдлэггүй шинжээч эмчийн мэдүүлгийг яагаад шүүх үндэслэж байгаагаа тайлбарлаагүй. Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд амь хохирогчийн үхсэн шалтгаан, цагийг нарийвчлан тогтоох талаар хүсэлт гаргасныг хангасан боловч тодорхой ажиллагаа хийгдээгүй. Мөн шинжээч эмч Ц.Г шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “талийгаачийн гэмтлүүд нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэж урьд гаргасан 2224 дүгээр дүгнэлтээ үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг зөрчсөн. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.4-т заасны дагуу хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийлгүй шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хүнийг санаатай онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шинжээч эмч “амь хохирогч тухайн гэмтлийг авснаар шууд үхэлд хүрч, өвдөлт шаналлыг мэдрэх боломжгүй” талаар мэдүүлдэг ба шүүх уг мэдүүлгийг хэрхэн няцаасан талаар дурдаагүй байна. Эрүүгийн хуулийн тайлбарт онц харгис хэрцгийгээр алсан гэдгийг олон тооны гэмтэл учруулсныг бус, харин хүнийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, үүнийгээ санаатай үйлдсэн байхыг ойлгохоор тодорхой тайлбарласан байна. Шүүх С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүдээр гал цахилгааны утаснаас богино холболт үүсэж гарсан болох нь тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоол, магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Онц харгис хэрцгийгээр гэдэгт субьект өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг ойлгодог. Хэргийн үйл баримтын талаарх гэрч Ш.Б, П.Б нарын мэдүүлэг болон шүүгдэгч С.Б-ийн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч талийгаачид учирсан олон тооны гэмтлүүдийг онц харгис хэрцгийгээр учруулья гэж ухамсарлаж, үр дагаврыг урьдчилан харж, санаатайгаар үйлдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэтэл шүүх олон тооны гэмтэл учирсан гэх үндэслэлээр онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзэн ял оногдуулсныг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хэргийн газрын үзлэг, гэрэл зургаас үзэхэд байшингийн дээврийн дам нуруу доош унаж шатсан байх ба талийгаачийн цогцос байсан гэх газрын хажууд дээврийн дам нуруунууд унаж шатсан байдаг. Үүнтэй холбоотой гал унтраах ажиллагаанд оролцсон гал сөнөөгч нараас хэргийн газар ямар байсан талаар, талийгаачийн бие дээр ямар нэгэн байдлаар байшингийн дээврийн мод, эсхүл өөр эд зүйл унасан байсан эсэхийг асууж тодруулаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг зөв тогтоон хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Хэргийн үйл баримтыг харахад зүйлчлэл тохирсон. Хэргийн газрын үзлэгээр амь хохирогчийг амьд байхаас нь шилээр цохьсон гэдэг нь нотлогдож, тогтоогдсон. Амь хохирогчийн толгойн орой хэсгээс суурь хэсэг хүртэл олон тооны гэмтэл үүссэн байсан. Шүүх эмнэлгийн зааврын дагуу гэмтлийг тогтоосон гэдгээ тайлбарласан. Гал гарсантай амь хохирогчийн гэмтэл шууд холбоогүй, амьд байх үедээ дээрх гэмтлүүдийг авсан гэдэг нь тогтоогдсон тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01-02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овооны 39 дүгээр гудамжны 70а тоот өөрийн гэртээ согтуугаар Г.Г-ыг зодож, олон тооны шарх, гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр алсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Шүүх С.Б-ийн дээрх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцоод хуульд заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хорих ялын дээд хэмжээг оногдуулж өгөх талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “С.Б нь Г.Г-ыг онц харгис хэрцгийгээр алсан болох нь тогтоогдохгүй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, эсхүл цагаатгуулах” талаар гомдол гаргасан байна.
С.Б нь хэрэг гарсан тухайн өдөр гэрч Ш.Б, П.Б нарын хажууд болон тэднийг байхгүйд Г.Г-ыг цаг хугацааны завсарлагатайгаар зодож олон тооны гэмтлийг учруулсан, уг гэмтлүүдийг талийгаач амьд байхдаа авсан нь тогтоогдсон бөгөөд амь хохирогч Г.Г уг гэмтлүүдийн улмаас зовж шаналсан, уг гэмтлүүдийг С.Б санаатайгаар олон удаагийн үйлдлээр учруулсан нь түүний хүнийг онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэмт хэргийн санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн үйлдлээр нотлогдсон, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 333 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 562 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, Б.Булгантамир, Б.Тэнгис, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН