Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2022/05369

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 20

101/ШШ2022/05369

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хххххххххххххххх тоотод оршин суух, Хар сүрэгтэн овогт Ц.Х /рд:хххххххххх/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн .................. тоотод оршин суух, Мянган буу овогт Д.Б /рд:хххх/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 29,760,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие өөрийн танил Д.Б-тай 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 16,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, зээлээ эргэн төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу Ц.Х миний бие 16,000,000 төгрөгийг Д.Б-д бэлнээр өгч, зээлийн гэрээн дээр өгсөн, авсан тухай баримт үйлдэж гарын үсэг зурсан болно. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуус ч шаардах эрх үүссэн цагаас өнөөдрийг хүртэл Д.Б-аас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн эргэн төлөлтийг огт хийхгүй байна. Иймд Зээлийн үндсэн төлбөрт 16,000,000 төгрөг, 3 сарын хүүнд 5,760,000 төгрөг, алданги 8,000,000 /алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй/ нийт зээлийн гэрээний үүрэгт Д.Б-аас 29,760,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Би Д.Б-ыг урд нь танидаггүй байсан бөгөөд зээлийн гэрээ байгуулсан өдөр л анх дүүгээрээ дамжуулж уулзаж мөнгө зээлсэн. Манай нөхөр Д.Б-тай хамтарч уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаагүй, огт танихгүй. Би 2019 оны 03 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулахаас өмнөхөн байраа 40,000,000 төгрөгөөр зарсан байсан. Уг байрны мөнгөө гэртээ бэлнээр хадгалж байсан ба уг мөнгөнөөсөө бэлнээр Д.Б-д мөнгө зээлдүүлсэн. Зээлийн гэрээ байгуулахад хүч хэрэглэж гарын үсэг зуруулаагүй гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.Бнь 2018 онд өөрийн танилаар дамжуулан танилцсан н.С гэх Ц.Х-гийн нөхөртэй хувиараа алт олборлох ажилд хамтран н.С-гийн зүгээс уг ажилд 45,000,000 орчим төгрөгийн хөрөнгө гарган хамтран ажилласан болно. Гэвч тэдний олборлолт хийсэн уг газраас алт олдоогүй бөгөөд Д.Бнь ихээхэн хэмжээний алдагдалд орж одоо ч уг асуудалтай холбоотойгоор санхүүгийн хүндрэлээс гарч чадаагүй болно. Харин н.С-гийн зүгээс өөрийн оруулсан хөрөнгөөс тодорхой хувийг алт олборлон нөхөж зарлагаа бүрэн нөхөж чадаагүй болно. Гэвч түүний хуучин эхнэр болох Ц.Х-гийн зүгээс уг асуудалд хөндлөнгөөс оролцох болж н.С-гийн гаргасан мөнгийг Д.Б-аар төлүүлнэ хэмээн өөрийн ах дүү нарын хамт Д.Б-аар хүчээр зээлийн гэрээг байгуулж бодит байдал дээр зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээлгэн өгөөгүй боловч 16.000.000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн хэмээн талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд тусгасан болно. Бодит байдал дээр талуудын хооронд огт зээлийн гэрээний харилцаа үүссээгүй бөгөөд Ц.Х нь өөрт огт хамааралгүй мөнгөний асуудалд ах дүү нарын хамт Д.Б-г элдвээр заналхийлж, хүчээр гэрээг байгуулсан байх тул уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлттэй байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан зээлийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны дансны хуулга, ам бүлийн тодорхойлолт, оршин суух хаягийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

3.2 хариуцагчаас гаргасан төрсний бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хуулийн этгээдийг үүсгэн байгуулах шийдвэр, дүрэм, газар нөхөн сэргээлтийн гэрээ, газар нөхөн сэргээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, хөрөнгө оруулалтын тайлан,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн гэрч Б.А, Р.С нарын мэдүүлэг, Хаан банк ХХК-ийн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаа, худалдах-худалдан авах гэрээ зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,760,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан

 

1.1 Нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...16,000,000 төгрөгийг бэлнээр бүрдүүлээд зээлийн гэрээг бичгээр байгуулж, бэлнээр хүлээлгэн өгч зээлдүүлсэн гэж,

 

1.2 Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хүч хэрэглэж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. 16,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэж тус тус тайлбарласан.

2. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2.1 Зохигчдын хооронд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ц.Х нь 16,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлэх, Д.Бнь сарын 12 хувийн хүү төлөх, тохирсон хугацаанд зээлийг төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 4 дүгээр тал/

 

2.2 Дээрх зээлийн гэрээгээр зээлдүүлэгчээс 16,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг нотариатын байранд бэлнээр хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар тусгасан байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

 

2.3 Хариуцагч Д.Бнь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн боловч уг гэрээний дагуу 16,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Ц.Хгаас бодитоор хүлээн аваагүй тул төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж маргасан нь хэрэгт авагдсан дараах нотолгооны хэрэгслээр няцаагдаж байна. Үүнд,

2.3.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон нотариатч Б.А-сс ...Зээлийн гэрээний 4 дэх заалтад мөнгийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэж гарын үсэг зурсан. Уг гэрээний дагуу мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болохыг баталсан. 16,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэж Ц.Х, Д.Бнар гарын үсэг зурсан. Уг гэрээг хийхэд Ц.Х нь Д.Б-д хүч хэрэглэсэн зүйл байхгүй гэж,

Гэрч Р.С-аас ...Д.Бнь манай эхнэрээс 16,000,000 төгрөгийг зээлсэн. Ажил бүтвэл мөнгө орж ирнэ гэхээр нь нотариатороод зээлсэн гэж тус тус мэдүүлсэн.

 

2.4 Уг гэрч нарын мэдүүлгээр зээлдэгч Д.Бнь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч Ц.Хгаас бэлнээр хүлээн авсан болох нь тогтоогдож байх ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд тусгагдсан 16,000,000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж тус тус заасан.

 

3.1 Нэхэмжлэгч Ц.Х нь зээлийн үндсэн төлбөр 16,000,000 төгрөг, 3 сарын хүү 5,760,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг, нийт 29,760,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцэж байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагч Д.Б-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

4. Хариуцагч Д.Б-аас Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг заналхийлэх замаар хүчээр байгуулсан хэлцэл гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар уг сөрөг нэхэмжлэлээ баримтаар нотлоогүй.

 

4.1 Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн үйл баримт тогтоогдсон. Уг зээлийн гэрээнд 16,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн Ц.Х, хүлээн авсан Д.Бгэж зохигчид хэн аль нь гараар бичиж, гарын үсгээ зурсан байна.

 

4.2 Хариуцагч нь ...Ц.Х-гийн нөхөр Р.С-тай хамтарч алт олборлох үйл ажиллагаа явуулсан. Уг үйл ажиллагаанаас ашиг олоогүй ба тухайн үед оруулсан хөрөнгөө надаас буцааж авахын тулд хүчээр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаж, хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хуулийн этгээдийг үүсгэн байгуулах шийдвэр, дүрэм, газар нөхөн сэргээлтийн гэрээ, газар нөхөн сэргээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, хөрөнгө оруулалтын тайлан зэрэг баримтуудыг цуглуулж өгсөн.

 

4.2.1 Уг баримтуудаас үзэхэд Р.С, Д.Б нарын хооронд алт олборлох зорилгоор хамтран ажилласан гэх үйл баримтыг агуулсан баримтад мэдээлэл байхгүй байна. Нэхэмжлэгч Ц.Х нь манай нөхөр Р.С-тай алт олборлохоор хамтран ажилласан зүйл байхгүй гэж тайлбарлаж үгүйсгэж маргасан.

4.3 Иймд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй ба нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх журамтай. Иймд хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 306,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 306,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Б-аас 29,760,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Х олгож, нэхэмжлэгч Ц.Х-д холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Д.Б-ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 306,750 төгрөг, хариуцагчаас төлсөн 306,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 306,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Х-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ