Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00390

 

2023 02 15 210/МА2023/00390

 

 

Ц.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/05369 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ц.А

Хариуцагч: Д.бд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 29,760,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухайн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ц.А нь Д.бтай 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 16,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, зээлээ эргэн төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу 16,000,000 төгрөгийг Д.бд бэлнээр өгч, зээлийн гэрээн дээр өгсөн, авсан тухай баримт үйлдэж, гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч Д.б нь өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй.

Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөрт 16,000,000 төгрөг, 3 сарын хүүнд 5,760,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг, нийт 29,760,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Д.б нь 2018 онд н.Сүхээ гэх Ц.Агийн нөхөртэй хувиараа алт олборлох ажилд хамтран н.Сүхээгийн зүгээс уг ажилд 45,000,000 орчим төгрөгийн хөрөнгө гарган хамтран ажилласан. Гэвч тэдний олборлолт хийсэн уг газраас алт олдоогүй бөгөөд Д.б нь ихээхэн хэмжээний алдагдалд орж, одоо ч уг асуудалтай холбоотойгоор санхүүгийн хүндрэлээс гарч чадаагүй.

2.2 Гэвч түүний хуучин эхнэр болох Ц.А н.Сүхээгийн гаргасан мөнгийг Д.баар төлүүлнэ гэж өөрийн ах дүү нарын хамт Д.баар хүчээр зээлийн гэрээг байгуулж бодит байдал дээр зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээлгэн өгөөгүй боловч 16,000,000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн хэмээн талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд тусгасан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Бодит байдал дээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Ц.А нь өөрт хамааралгүй мөнгөний асуудалд ах дүү нарын хамт Д.бг заналхийлж, хүчээр гэрээг байгуулсан байх тул уг зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус.

Иймд талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Зээлийн гэрээг бичгээр байгуулж, бэлнээр 16,000,000 төгрөг өгсөн. Би алт олборлох хамтран ажиллаагүй, гэрээг хүчээр байгуулаагүй. Миний нөхрийг Р. гэдэг бид хоёр ханилаад 23 жил амьдарч байна.

Иймд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ хуулийн дагуу байгуулагдсан байх тул хүчин төгөлдөр зээлийн гэрээ тул сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг тус тус баримтлан хариуцагч Д.баас 29,760,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ад олгож, нэхэмжлэгч Ц.Ад холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Д.бы сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 306,750 төгрөг, хариуцагчаас төлсөн 306,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.баас улсын тэмдэгтийн хураамжид 306,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ад олгож шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Талуудын хооронд бодит байдал дээр зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Д.б нь 2018 онд өөрийн танилаар дамжуулан танилцсан Р. гэх Ц.Агийн нөхөртэй хувиараа алт олборлох ажилд хамтран н.Сүхээгийн зүгээс уг ажилд 45,000,000 орчим төгрөгийн хөрөнгө гарган хамтран ажилласан. Гэвч тэдний олборлолт хийсэн уг газраас алт олдоогүй бөгөөд Д.б нь ихээхэн хэмжээний алдагдалд орсон. Харин Р. ын хуучин эхнэр болох Ц.А Д.баар төлүүлнэ хэмээн өөрийн ах дүү нарын хамт Д.баар хүчээр зээлийн гэрээг байгуулж бодит байдал дээр зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээлгэн өгөөгүй боловч 16,000,000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн хэмээн талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээ-д тусгасан.

6.2 Маргаан бүхий 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг баталсан нотариатч Б.А хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн. Уг маргаан бүхий зээлийн гэрээг байгуулах үед талуудын дэргэд байсан нотариатч мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн бус зөвхөн хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэж талууд гарын үсэг зурсан болохыг гэрчийн мэдүүлгээрээ баталсан. Мөн хариуцагчийн зүгээс Д.б, Р. нар хамтран алт олборлох үйл ажиллагаа явуулсан болохыг нотлох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, дүрэм, газар нөхөн сэргээлтийн гэрээ, газар нөхөн сэргээлтийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, хөрөнгө оруулалтын тайлан зэрийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс үнэлээгүй.

6.3 Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үндсэн мөнгө болох 16,000,000 төгрөгийг гэрээг байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 28-ний өдрөөс хэдхэн өдрийн өмнө байраа зарсан байсан тул миний гар дээр бэлэн мөнгө байсан хэмээн тайлбарладаг. Гэвч шүүхийн журмаар бүрдүүлэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдсан авах гэрээнд уг байрыг 2017 онд худалдсан болох нь харагддаг. Энэ мэтээр нэхэмжлэгчийн тайлбар мэдүүлэг хоорондоо ихээхэн зөрүүтэй байдаг бөгөөд дээрхээс дүгнэхэд тухайн гэрээг байгуулах үед нэхэмжлэгчид 16,000,000 төгрөг бэлэн байгаагүй болох нь тогтоогддог.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Бодит байдал дээр Ц.А нь байраа зарж, 16,000,000 төгрөгийг хариуцагчид зээлсэн. Ц.А хүч хэрэглээгүй, хүч хэрэглэхээр заналхийлж, гарын үсэг зуруулсан баримт хэрэгт байхгүй. Р. , Ц.Агийн нөхөр хоёр гэрчийн мэдүүлэг өгсөн ба 16,000,000 төгрөгийг нотариат дээр бэлнээр хүлээлгэн өгсөн гэж мэдүүлдэг.

Иймд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Д.бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 16,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 5,760,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг, нийт 29,760,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.1 Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх буюу нэхэмжлэгч нь хариуцагчид 16,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

2.2 Талууд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нь гэрээгээр 16,000,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, нэг сарын 12 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдүүлэгч нь заасан хугацаанд мөнгийг эргүүлэх төлөх үүрэг хүлээж, тохирсон хугацаанд зээлийг төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцож, гэрээнд харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан үйл баримт тогтоогдсон байна. /хх 4/

Мөн гэрч Р. нь хариуцагч Д.бтай хамтарч 2017 онд алт олборлох талаар ярилцан тохиролцож, хамтран үйл ажиллагаа явуулаагүй талаар мэдүүлжээ. /хх 98-99/

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд 16,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээнд нэхэмжлэгчээс гэрээний зүйлийг хариуцагчид бэлнээр хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар талууд харилцан гарын үсэг зурж баримтжуулсан байх тул хариуцагчийн ...мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч бодитоор хариуцагчид өгөөгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

3. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

3.1 Хариуцагч нь гэрээний дагуу үндсэн зээл 16,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна.

3.2 Түүнчлэн, талууд гэрээний 1-д зээлийн хүүгийн хэмжээний талаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацааны хүүгийн төлбөрт 5,760,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх үзсэн нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцсэн байна.

3.3 Гэрээний 3-т талууд алдангийг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул анхан шатны шүүх мөн зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн алданги 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь мөн зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

4. Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулаагүй, хүч хэрэглэж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй буюу гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Гэрчийн мэдүүлэг нь бусад нотолгооны хэрэгслээр буюу нотлох баримтаар тогтоогдсон байхыг шаардана. Гэрч А.Аийн ...зээлийн гэрээний 4 дэх заалтад мөнгийг хүлээлгэн өгсөн, хүлээж авсан гэж гарын үсэг зурсан байгаа гэх мэдүүлэг нь нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

5.1 Түүнчлэн, хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, дүрэм, газар нөхөн сэргээлтийн гэрээ, газар нөхөн сэргээлтийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, хөрөнгө оруулалтын тайлан зэрэг баримтаар зээлийн гэрээнд заасан 16,000,000 төгрөг нь хариуцагч болон Д.б нарын хоорондын хамтран ажиллах гэрээтэй холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/05369 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

М.БАЯСГАЛАН