Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/00069

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 26 101/ШШ2023/00069

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: хххххххххххххх тоот, Т ХХК-ийн /РД: ххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххх тоот хаягт оршин суух, Чулуунбаатарын Хт /РД: хххххххххххх/ холбогдох

9,899,271 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Т ХХК-ийн захирал Ж.Адарсүрэн, М.Номин-Эрдэнэ,

Хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн захирал Ж.Адарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т ХХК нь 2018 оны 06 сард Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрлалтай, үйлчилгээ орон сууцны зориулалттай газрыг иргэн н.Төмөрчөдөрөөс худалдан авсан. Тухайн үед уг газар дээр байсан обьектыг иргэн Ч.Х авто угаалгын чиглэлээр түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан.

Манай компани газрыг худалдан авсан ч үйл ажиллагаа эхлэх болоогүй байсан тул Ч.Хын түрээсийн гэрээг 2018 оны 07 сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 сарыг дуустал хугацаагаар сунгасан бөгөөд 2020 оны 06 сарын 30-ны өдөр Ч.Хаас газраа хүлээн авсан.

Гэтэл 2021 оны 06 сард Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хяналт шалгалтын албанаас манай компанийн 5102819 кодтой цахилгааны тоолуурыг шалгаж цахилгааны тоолуурын лацыг хөдөлгөн хүчдэлийг дутуу тоолж, цахилгааны төлбөрөө дутуу төлж байсан зөрчил гаргасан байна гэсэн.

Энэ нь иргэн Ч.Х түрээслэж байх хугацаандаа уг үйлдлийг хийн, үүнийгээ нууцлан бага хэмжээгээр төлбөр төлж байснаас үүдэлтэй болох нь тогтоогдсон.

Манай ажилтан энэ том обьектыг яаж халааж байгаа талаар асуухад Ч.Х обьектыг өвөл халаахад 5,000,000-6,000,000 төгрөг гардаг байсныг цахилгаан түгээх компанийн цахилгаанчинтай тохирч, цахилгааны тоолуурыг янзлуулж төлбөрөө төлж байгаа гэж ярьж байсан тухай Т ХХК-ийн ажилтан Ж.Амартүвшин, О.Ариунболд нарын шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно.

Дээр дурдсан шалгалтаар 9,899,271 төгрөгөөр цахилгааны дутуу тооцогдсон гэх төлбөр ногдуулж акт тавьсан ба манай байгууллага үйл ажиллагаагаа явуулахын тулд дээрх төлбөрийг төлсөн.

Учир нь цахилгаан хязгаарлаж ажил зогсоход хүрсэн. Энэ тухай Ч.Хт удаа дараа мэдэгдэн, утсаар ярьж хэлсэн ба бидэнтэй 1 удаа ирж уулзсан. Үүнээс хойш утсаа авахгүй, холбоо бариагүй. Иймд Ч.Хаас 9,899,271 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ч.Х манай үл хөдлөх хөрөнгийг түрээслэх хугацаандаа 5102819 кодоор 2018 оны 07 сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 сарыэ 31-ний өдрийг дуустал хугацаанд цахилгааны төлбөрт 19,153,537 төгрөг төлсөн байсан.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн шалгалтаар илэрсэн цахилгааны тоолуур 72 хувийн дутуу тоолж байсан зөрчлийг Ч.Хын цахилгааны төлбөр төлж байсан төлбөрийн жагсаалтаар тооцон үзвэл 2018 оны 07 сараас 2021 оны 05 сар дуустал нийт 49,997,592 төгрөгийн цахилгааны төлбөр дутуу төлсөн тооцоо гарч байгаа.

Үүний 49,251,952 төгрөг нь Ч.Хын түрээсийн хугацааны үед буюу 208 оны 07 сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 сарын 31-ний өдрийн хооронд үүссэн.

Манай байгууллага шалгалт хийсэн цахилгаан түгээх сүлжээ компанийн ажилтанд Ч.Хтай байгуулсан гэрээгээ үзүүлэн тооцоололоо танилцуулсан.

Тус компани үл хөдлөх хөрөнгөө буюу барилгын талбайгаа хүлээн авснаас хойш 2020 оны 06 сараас 2021 оны 05 сар дуустал цахилгааны төлбөрийг 72 хувь дутуу тоолж төлсөн гэж үзвэл 745,639 төгрөгийн цахилгааны төлбөр төлөөгүй болж байгаа.

Гэсн хэдий боловч тухайн үе ковид 19 цар тахалтай холбоотой албан байгууллага, иргэдийн цахилгааны төлбөрийн хөнгөлөлтийн үе хамаарч байсан тул тус Т ХХК ямар ч торгууль хүлээх үндэслэлгүй.

Дээрхи байдлуудтай холбоотой манай компанид 9,899,271 төгрөгийн акт тавьсан бөгөөд яаралтай төлөхгүй бол цахилгаан хязгаарлан барилгын үйл ажиллагаа зогсох гээд байсан тул уг мөнгийг төлсөн.

Энэ үйл явцыг Ч.Хт бүгдийг нь хэлсэн. 2021 оны 06 сараас шинэ цахилгааны тоолуур тавьж тухайн тоолуур цахилгааны хэрэглээг бүтэн тоолон барилгын үйл ажиллагаа өглөөнөөс орой хүртэл явагдахад манай байгууллага 2022 оны 05 сар дуустал 1 жилийн хугацаанд цахилгааны төлбөрт 3,163,384 төгрөг төлсөн.

Иймд хариуцагч Ч.Хаас 9,899,271 төгрөгийг гаргуулан Т ХХК-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Аззаяа шүүхэд гаргасан тайлбартаа:

Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ч.Х нь 2018 оны 07 сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Т ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах газар дээрхи обьектыг авто угаалгын чиглэлээр түрээслэн ажиллуулж байсан нь үнэн.

Ч.Х нь түрээсийн гэрээний хугацаанд гэрээний дагуу ус, цахилгааны төлбөрийг сар сард нь төлж байсан. Анх цахилгааны төлбөр төлөх 5102819 код өгсөн бөгөөд тоолуурын заалтыг хүлээлгэж өгөөгүй бөгөөд тоолуурын заатын дагуу гарсан төлбөрийг УБЦТС ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төв 5-д төлбөрийг тушаадаг байсан, энэ хугацаанд цахилгааны төлбөрийн талаар ямар нэгэн маргаан гарч байгаагүй.

Стандарт, хэмжил зүйн газар нь 2019 оны 02 сарын 15-ны өдөр цахилгаан тоолуурыг шалган цахилгаан тоолуурын баталгаажуулалтын 317488 дугаар гэрчилгээ олгож байсан.

2019 оны 04 сарын 09-ний өдөр усны тоолуурыг шалган усны тоолуурын баталгаажуулалтын 109667 дугаар гэрчилгээг олгосон. Нэхэмжлэлд дурдсан шиг тоолуурыг янзлах гэсэн ямар ч ойлголт байхгүй бөгөөд тийм зүйл болоогүй бөгөөд тоолуурын заалтын дагуу гарсан төлбөрийг цаг тухайд нь төлж байсан.

Харин нэхэмжлэлд намайг тус байрыг хүлээлгэж өгснөөс хойш 1 жилийн дараа буюу 2021 оны 06 сард хийсэн шалгалтаар илэрсэн төлөгдөөгүй төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нв хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Т ХХК нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, УБЦТС ТӨХК-ийн 2021 оны 06 сарын 10-ны өдрийн 00018443 дугаар бүхий нөхөн тооцооны баримт,

9,899,271 төгрөг төлсөн төлбөрийн баримтууд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т ХХК-ийн Ч.Хтай байгуулсан 2018 оны 07 сарын 01-ний 01/18 дугаартай түрээсийн гэрээ, 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 04/19 дугаартай түрээсийн гэрээ, Ч.Хын иргэний үнэмлэхний хуулбар,

Цахилгааны тоолуурын гэх гэрэл зургууд, Ч.Хт хүргүүлсэн 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 19/10 тоот мэдэгдэл, 5102819 хэрэглэгчийн кодтой Т ХХК-ийн УБЦТС ТӨХК-тай байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Ч.Х нь Р.Аззаяад олгосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох итгэмжлэл, хариу тайлбар, 2019 оны 04 сарын 09-ний өдөр усны тоолуурыг баталгаажуулсан гэрчилгээ, 2019 оны 02 сарын 15-ны өдөр цахилгааны тоолуурыг баталгаажуулсан гэрчилгээ зэрэг баримтыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

2022 оны 05 сарын 16-ны өдрийн 12177, 2022 оны 06 сарын 06-ны өдрийн 14137, 2022 оны 10 сарын 13-ны өдрийн 23771 дугаар бүхий шүүгчийн захирамжуудаар УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 5102819 хэрэглэгчийн кодтой цахилгаан эрчим хүч хэрэглэгч Т ХХК-ийг 2021 оны 06 сард шалган 2021 оны 06 сарын 10-ны өдөр 00018443 тоот цахилгаан эрчим хүчний нөхөн тооцооны баримт үйлдсэнтэй холбоотой баримтууд,

-5102819 хэрэглэгчийн кодтой цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн 2018 оны 07 сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цахилгаан эрчим хүчний төлбөр төлсөн баримтууд, 5102819 хэрэглэгчийн кодтой цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн гэрээ,

Нэхэмжлэгч Т ХХК-иас тус компанийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлалтай газрыг эзэмшиж байгаатай холбоотой баримтуудыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ч.Хт холбогдуулан 9,899,271 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байршилтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 2,733 м.кв талбай бүхий газрыг иргэн н.Төмөрчөдөрөөс 2018 оны 06 сард худалдан авсан гэжээ.

Ийнхүү худалдан авснаар Баянзүрх дүүргийн засаг даргын 2018 оны 10 сарын 09-ний өдрийн А/957 дугаар захирамжаар уг хаягт байршилтай, нэгж талбарын 1331200325 /18648311202232/ дугаар бүхий дээр дурдсан газрыг Т ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2018 оны 10 сарын 15-ны өдөр 000327074 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон газар эзэмшигч байгууллага харьяа дүүргийн газар зохион байгуулалтын албатай газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 69-72, 100, 183-189, 217-219 дүгээр тал/

 

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байршилтай, нэгж талбарын 1331200325 /18648311202232/ дугаар бүхий, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 2,733 м.кв талбай бүхий газрын эзэмшигч Т ХХК нь тухайн газрыг өмнөх эзэмшигчтэй түрээсийн гэрээ байгуулан түрээслэж байсан иргэн Ч.Хт барилгын ажлыг эхлэх хүртэл хугацаагаар үргэлжлүүлэн авто угаалгын газрын зориулалтаар түрээслэхээр тохиролцсон талаар талууд хэн аль нь тайлбарлалаа.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь өөрийн эзэмшлийн дээр дурдсан газрыг хариуцагч Ч.Хт 2018 оны 07 сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар түрээслэсэн талаар зохигчид маргаагүй бөгөөд энэ үйл баримт талуудын хооронд байгуулсан 2018 оны 07 сарын 01-ний өдрийн 01/18, 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 04/19 тоот түрээсийн гэрээнүүдээр тогтоогдож байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 8-11 дүгээр тал/

 

Газар эзэмшигч Т ХХК нь тухайн газрын цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг өмнөх гэрээт хэрэглэгчээс нь шилжүүлэн өөрийн компанийн нэр дээр бүртгэх тухай хүсэлт гарган 500113 дугаартай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй байгуулан 5102819 хэрэглэгчийн кодыг олгон цахилгаан эрчим хүч ашигласан төлбөрийг төлөх болжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 65-76, 82-97, 169-179, 208-223, 2 дугаар хавтасны 7-18 дугаар тал/

 

Хариуцагч Ч.Х Баянзүрх дүүрэг, 8-р хороонд байршилтай, 2,733 м.кв талбай бүхий газар болон 480 м.кв талбайтай сендвичэн барилгыг 2018 оны 07 сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар түрээслэх хугацаандаа 2018 оны 07 сард 219,910 төгрөг,

2018 оны 08, 09 сард 179,059 төгрөг,

2018 оны 10 сард 163,294 төгрөг,

2018 оны 11 сард 743,900 төгрөг,

2018 оны 12 сард 1,069,165 төгрөг,

2019 оны 01, 02 сард 2,632,234 төгрөг,

2019 оны 03 сард 1,691,745 төгрөг,

2019 оны 04, 05 сард 1,015,338 төгрөг,

2019 оны 06 сард 250,171 төгрөг,

2019 оны 07 сард 410,428 төгрөг,

2019 оны 08 сард 360,000 төгрөг,

2019 оны 09 сард 308,700 төгрөг,

2019 оны 10 сард 531,575 төгрөг,

2019 оны 11 сард 2,050,732 төгрөг,

2019 оны 12 сард 2,007,059 төгрөг,

2020 оны 01 сард 2,546,912 төгрөг,

2020 оны 02 сард 1,743,506 төгрөг,

2020 оны 03 сард 879,152 төгрөг,

2020 оны 04 сард 252,416 төгрөг,

2020 оны 05 сард 97,365 төгрөг, нийт 19,153,537 төгрөг төлсөн болох нь УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс ирүүлсэн цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байх ба талууд энэ талаар мөн маргаагүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 92-97 дугаар тал/

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдангийн баталсан 2021 оны 05 сарын 06-ны өдрийн шалгалтын удирдамжаар ... хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн борлуулалтын, тоолуурын, техник үйлчилгээний, авлага барагдуулах хэсгийн үйл ажиллагаанд мөрдөх журам, тэдгээрийн хэрэгжилт, ... алдагдал их фидерийн хэрэглэгчийн тоолуу, хэмжих хэрэгслийг шалгаж, зүй бус алдагдлыг илрүүлэх үзлэг, шалгалт хийх, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгахтай холбоотой хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналтын инженерүүд, дотоод аудитын албаны нягтлан бодогч нарын бүрэлдэхүүн хяналт шалгалтыг хийхээр шийдвэрлэжээ.

 

Уг удирдамжийн дагуу Хяналт, аюулгүй ажиллагаа, дотоод аудитын хэлтсийн техник хяналтын инженер Б.Цэрэнням, Л.Сайнжаргал, Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн борлуулалтын инженер Б.Цэрэннадмид, хяналтын монтёр н.Цэрэнбалжир нар 5102819 кодтой Т ХХК-ийн DTSD111 маркийн 401207241202 дугаартай тоолуурын ажиллагааг шалгасан бөгөөд тэдний шалгалт хийсэн тухай тайлбарт:

 

Тоолуурын ажиллагааг амперклеш багажаар шалгахад эхний хэмжилтээр 16А, 20А, 33амперын ачаалал авч хугацаа 5,8 сек байсан ба тооцоогоор тоолуур 10 хувь тоолж, 90 хувь дутуу тоолж байсан. Хэмжилтийг 3-4 удаа давтахад мөн ижил тоолуур 70-90 хувь дутуу тоолж байсан ба тоолуурын В, С фазын клемыг суллаж, тоолуурын хэвийн ажиллагааг алдагдуулж, тоолуур дутуу тоолсон зөрчил илэрсэн.

Иймд компанийн баталгаажсан зөөврийн стендээр шалгуулахаар тоолуур хэмжих хэрэгслийн хэлтсийн инженер Д.Баасанхүүд уламжилсан.

2021 оны 06 сарын 10-ны өдөр Т ХХК-ийн захирал н.Амартүвшин ирж нөхөн тооцоотой танилцан гарын үсэг зурж баталгаажуулан төлбөрийг 2021 оны 06-09 саруудад хэсэгчлэн төлж барагдуулсан байна гэжээ.

 

Инженер Д.Баасанхүүгийн 5102819 кодтой Т ХХК-ийн DTSD111 маркийн 401207241202 дугаартай тоолуурт шалгалт хийсэн тухай 2021 оны 06 сарын 07-ны өдрийн тайланд:

Тоолуурын ажиллагааг шалгахад DTSD111 маркийн 401207241202 дугаартай тоолуур 72 хувь дутуу тоолж байсан зөрчилтэй. Шалтгаан нь тоолуурын гүйдлийн клемыг 2 фаз /В, С/ хөндийрүүлсэн.

Тоолуурын санах ойн мэдээллийг уншуулах боломжгүй тоолуурын RS485 холболтын утас нь хөндийрсөн байсан гэсэн байна.

 

Дээрх зөрчилтэй холбоотой УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв 2021 оны 06 сарын 10-ны өдрийн 00018443 дугаар бүхий цахилгаан эрчим хүч нөхөн тооцооны баримт үйлдэн цахилгаан эрчим хүчийг нөхөн тооцон Т ХХК-иар бүгд 8,999,337 төгрөг, НӨАТ 889,334 төгрөг, нийт 9,899,271 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Т ХХК нь 2021 оны 06 сарын 15-ны өдөр 2,400,000 төгрөг, 2021 оны 06 сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 07 сарын 05-ны өдөр 2,500,000 төгрөг, 2021 оны 09 сарын 13-ны өдөр 2,185,029 төгрөг тус тус төлж цахилгаан эрчим хүч нөхөн тооцсон 9,899,271 төгрөгийг төлсөн болох нь төлбөр төлсөн баримтууд болон Хяналт, аюулгүй ажиллагаа, дотоод аудитын хэлтсийн техник хяналтын инженер Б.Цэрэнням, Л.Сайнжаргал нарын шалгалт хийсэн тухай тайлбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 4-6, 48, 142-143, 205-228 дугаар тал/

 

О.Ариунболд 2022 оны 10 сарын 13-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

... 2018 оны 06 сард тухайн газрыг Т ХХК барилга барих зориулалтаар худалдан авсан. ... Ж.Адарсүрэн захирал намайг Ч.Хтай холбогдон газрын асуудлыг хариуцаарай гэсэн. Түүнээс хойш би 2020 оны 06 сар хүртэл Ч.Хтай газартай холбоотой асуудлаар харилцаж байсан.

Обьектыг хүлээн авахад дэд бүтэц нь төвийн шугмаар халдаг гэж байсан боловч цахилгаанаар халдаг болсон. Бид барилга барих зориулалттай газрыг худалдан авсан болохоос биш газар дээрх обьектыг нь сонирхоогүй.

Ч.Х цахилгаанаар халдаг, төлбөр их гардаг гэж байсан ба сүүлд цахилгаан түгээх сүлжээ компаниас шалгалт ирэн төлбөрийн асуудал яригдахад Ч.Х өвлийн улиралд цахилгаанаар халаадаг, төлбөрийн асуудал маш их гардаг, цахилгаан түгээхийн хүнд таван цаас өгөөд янзлуулчихсан гэж надад хэлж байсан.

865 м.кв орчим 380-ын цахилгааны халаагуураар халаанаа гэхээр миний бодлоор сард 4,000,000-5,000,000 төгрөг гарахаар байсан. ... Обьектод 4 том тень байсан.

Ч.Хт шалгалт ирээд тоолуурын асуудал гарсан гэхэд нэг хүнээр янзлуулсан, нэрийг нь хэлж болохгүй байна гэсэн. ... Уулзая гэхэд ирнэ ... завгүй байна, ... наадмаас өмнө бараа татахдаа очьё гэсэн.

Түүнтэй уулзаад цахилгаан янзлуулсан гэдгээ хэлчихгүй гэхэд хэлж болохгүй байна гэсэн бөгөөд Ж.Адарсүрэн захиралтай уулзаарай, 9,000,000 төгрөгийн торгууль гарсан гэхэд юу ч дуугаралгүй гараад явсан. ... Сүүлд уулзахдаа актаа харуулсан.

... Мундаг хүнээр янзуулсан байан. Цахилгаан түгээх компани сар болгон тэр тоолуурын заалтаар цахилгааны мөнгөө авч байсан. Тэгэхэд тэр хүн мэдээгүй байсан. Тэр хүн мэдээгүй байхад бид яаж мэдэх бэ дээ гэжээ.

Ж.Амартүвшин 2022 оны 10 сарын 13-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

2018 оны 06 сард н.Төмөрчөдөр гэж хүнээс Т ХХК газар авсан. Н.Төмөрчөдөр би өөрөө ажиллуулдаггүй, түрээслэдэг залуу байгаа, бараг 2 жил ажиллуулсан. ... Газар дээ машин угаадаг обьект, харуулын байр байгаа гэсэн. Очоод үзэхэд 500 м.кв, 40 метр урттай, 13 метр өргөнтэй машин угаалгын газрын сендвичэн барилга байсан.

... Сендвичэн барилгыг яаж халаадаг бэ, төвийн халаалттай юу гэхэд цахилгаанаар халдаг гэсэн. Цахилгааны мөнгө их гардаг байх даа гээд тухайн үед ярихад Ч.Х сард 4,000,000 төгрөг гардаг. Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс хүн авчирч янзлуулаад гайгүй 1,000,000 гаруй гардаг болсон гэж хэлж байсан.

Цахилгаанаар халаасан усаа эргэлдүүлдэг гэсэн, шөнө нь машин хонуулдаг, гадна тал 2,000 төгрөгөөр, дотор талд нь 5,000 төгрөгөөр хонуулдаг, өдөр нь угаалга хийдэг гээд үзүүлж байсан.

Шалгалт хийж байна гэж онгойлгож үзээд тоолуурын доод талын лацыг тасалсан байна шүү гэхээр нь юун лац, манайх ерөөсөө ойртоогүй гэсэн чинь харж бай гээд нарийн хар тагийг нь авсан чинь 2 утасны 2-ыг нь салгаад 1-ийг нь боогоод орхисон байсан. Лаборатори дуудаад шалгуулна гэсэн.

Маргааш нь ирж тоолуур шалгасан, 2 адилхан тоолуур тавиад зэрэг ажиллуулчихдаг юм билээ. Тэгээд танай цахилгааны тоолуу 27,8 хувиар тоолж байна, 71 хувиар тоолохгүй байна гэсэн. ... гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 148-161 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Т ХХК нь цахилгааны тоолуур нь 72 хувь дутуу тоолж байсантай холбоотой 2018 оны 07 сараас 2020 оны 05 сарыг дуустал хугацааны тооцоололыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг тооцоолол болон УБЦТС ТӨХК-ийн цахилгаан эрчим хүчний нөхөн тооцоолол үйлдсэн болон шалгалт хийсэн баримтуудтай хариуцагч тал нарийвчлан танилцах хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж байсан болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 204 дүгээр тал/

 

Хариуцагч тал дээр дурдсан үйл баримтыг эсэргүүцэж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасны дагуу үүнтэй холбоотой баримтаа ирүүлээгүй, хариуцагчийн татгалзал баримтаар нотлогдоогүй бөгөөд цахилгааны тоолуурын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хариуцагч Ч.Хын үйлдэл нөлөөлсөн нь хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.

Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлэх ба үүрэг үүсээгүй гэдэг нь тэдний хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлнэ.

 

Хариуцагч Ч.Хын цахилгааны тоолуурын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсанаас нэхэмжлэгч Т ХХК цахилгаан эрчим хүч дутуу тооцогдсон нөхөн төлбөр 9,899,271 төгрөгийг төлсөн тул уг мөнгөө хариуцагч Ч.Хаас шаардах эрхтэй.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ч.Хаас 9,899,271 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно,

100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн хариуцагч Ч.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Аззаяа нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ч.Хаас 9,899,271 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173,339 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Хаас 173,338.34 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН