Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01014

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01014

 

 

Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/00069 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т- ХХК-ийн, хариуцагч Ч.Х-т холбогдуулан 9,899,271 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК манай компанийн цахилгааны тоолуурыг шалгаж нөхөн тооцооны акт тавьсан. Уг актаар манай цахилгааны тоолуур 72 хувь дутуу тоолж байсан тул өмнөх төлбөрийг мөн дутуу төлсөн гэж үзсэн. Нэхэмжлэгч нь тус газрыг 2018 оны 07 сард худалдаж авсан тул энэ өдрөөс 2021 оны 05 сарын хугацаанд төлсөн цахилгааны төлбөрийн 72 хувиар акт үйлдсэн нь 49,997,592 төгрөг болсон. Тухайн газрыг худалдан авахад Ч.Х- нь уг газар дээрх обьектод авто угаалга ажиллуулж байсан тул үргэлжлүүлэн түрээслүүлж байгаад 2020 оны 05 сард хүлээн авч, манаах 2021 оны 06 сар хүртэл зөвхөн харуул ажилласан.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь нэхэмжлэгчийг талбайгаа хүлээн авахдаа цахилгааны тоолуурыг шалгуулах ёстой байсан гэснийг нэхэмжлэгч тухайн үед мэдээгүй ба нөхөн тооцооны актад хамаарах хугацаа нь Ч.Х-ын түрээсэлж байсан хугацаанд хамаарч байгаа. Хариуцагч цахилгааны тоолуурыг шалгуулж Стандарчилал, хэмжил зүйн газраар баталгаажуулсан байдаг ч тоолуурыг салган авч очиж баталгаажуулаад буцаан холбуулдаг. Ингэхдээ холболтыг хөндийрүүлсэн тул дутуу тоолсон ч ажиллагаа нь хэвийн байсан. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн актад тухайн хөрөнгийн эзэмшигч иргэн, хуулийн этгээд хариуцна гэж заасны дагуу Т- ХХК нь торгуулийг төлсөн ч Ч.Х-ын түрээсэлж байсан үеийн цахилгааны төлбөртэй хамааралтай тул нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. Ч.Х- нь 2018 оны 7 сарын 01-нээс 2020 оны 5 дугаар сар хүртэл Т- ХХК-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт байх газар дээрх объектыг авто угаалгын чиглэлээр түрээслэн ажиллуулж байсан нь үнэн. Түрээсийн гэрээний хугацаанд ус, цахилгааны төлбөрийг сар бүр төлж байсан. Анх цахилгааны төлбөр төлөх 5102819 код өгсөн бөгөөд тоолуурын заалтыг хүлээлгэж өгөөгүй. Тоолуурын заалтын дагуу гарсан төлбөрийг УБЦТС ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төв 5-д тушаадаг байсан хугацаанд цахилгааны төлбөрийн асуудлаар маргаан гарч байгаагүй.

Стандартчилал, хэмжил зүйн газар 2019 оны 02 сарын 15-ны өдөр цахилгааны тоолуурыг баталгаажуулан 317488 тоот гэрчилгээ олгосон. Нэхэмжлэлд дурдсанаар тоолуурыг янзлах ямар ч ойлголт байхгүй ба ийм зүйл болоогүй. Тоолуурын заалтаар гарсан төлбөрийг цаг тухайд нь төлсөн. Харин нэхэмжлэлд тус байрыг хүлээлгэн өгснөөс хойш 1 жилийн дараа хийсэн шалгалтаар илэрсэн төлөгдөөгүй төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлий бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ч.Х-аас 9,899,271 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,339 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Х-аас 173,339 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьсан, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж гомдол гаргаж байна. Хэргийн материалд цугларсан баримтуудад Ч.Х-ыг цахилгааны тоолуурыг өөрчилсөн, хөдөлгөсөн, хэвийн ажиллагааг алдагдуулсан талаарх нотлох баримт байхгүй. Ч.Х- нь 2018 оны 7 сарын 01-нээс 2020 оны 5 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Т- ХХК-ийн эзэмшлийн газар болон 480 м.кв талбайтай сендвичэн барилгыг түрээслэн ажиллуулж ус, цахилгааны төлбөрийг цаг тухайд нь төлж байсан ба маргаан гарч байгаагүй.

УБЦТС ТӨХК-ийн БХҮТөвийн 2021 оны 06 сарын 07-ны өдрийн тоолуурт хийсэн шалгалтын тайланд БЗД-ийн Улаанхуаранд байрлах 16 давхар үйлчилгээний орон сууцны барилгын цахилгааны тэжээлийн DTSD111 маркийн тоолуурт холболт болон тоолуурын хэвийн ажиллагааг шалгасан гэжээ.

УБЦТС ТӨХК-ийн техник хяналтын инженер Б.Ц-, Л.С- нар 2022 оны 11 сарын 17-ны өдрийн шүүхэд гаргасан тайлбартаа, цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 6.9, 6.12-т тооцооны хэмжих хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг уг хэмжих хэрэгслийг эзэмшигч иргэн, хуулийн этгээд хариуцна гэснийг зөрчсөн, тоолуур хэмжүүрийн хэвийн ажиллагааг алдагдуулсан байсан тул Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 4.3-т зааснаар дутуу тооцогдсон эрчим хүчийг нөхөж тооцсон гэсэн ба төлбөрийн тооцоолол нь Ч.Х-ын ашиглаж байсан хугацаанд үүссэн өр болохыг нотолсон баримтгүй, мөн хариуцагч нь тус тоолуурын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх дүгнэлт, акт тогтоогдоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэмэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч Ч.Х- болон төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулснаас бүтэн 1 жил өнгөрөөсөн, шүүхийн шийдвэр гарч давж заалдах хугацаа өнгөрсөн байхад хууль зөрчин гомдол гаргасан байна. Иймд хариуцагчийг давж заалдах гомдол гаргах эрхгүй гэж үзэж байна.

Хэргийн гол нотлох баримт бол УБЦТС ТӨХК-ийн хяналт шалгалтаар 5102819 кодтой DTSD111 маркийн тоолуурт шалгалт хийхэд 72 хувь дутуу тоолж байсан дүгнэлт гарсан ба уг дүгнэлтээр 28 хувийг бид төлж байсан гэсэн үг юм. Нөхөн тооцооны акт ч 72 хувь дутуу төлж байсан гэдгээр тавигдсан. Тоолуур 72 хувь дутуу тоолсноор 9,899,271 төгрөгийн нөхөн тооцооны төлбөр хэрхэн үүсэж нэхэмжлэгч хэрхэн төлсөн талаар анхан шатны шүүхэд 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 22/09 тоот нэхэмжлэлийн тооцооллыг хүргүүлж байсан ба уг тооцооллоос тодорхой харагдана.

Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/00069 дугаартай шийдвэрийг хүчин төгөлдөр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч Ч.Х-т холбогдуулан цахилгааны нөхөн төлбөрийн актаар тогтоогдсон төлбөр 9,899,271 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Зохигч 2018 оны 07 сарын 01-ний өдөр 01/18 тоот Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд орших үйлчилгээний зориулалттай 2,733 м.кв талбай бүхий газрыг, 480 м.кв талбайтай авто угаалгын зориулалтаар ашиглагдах сэндвичин барилгыг гэрээ байгуулсан өдрөөс 2019 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл 9 сарын хугацаагаар түрээслүүлэх, түрээслэгч нь нэг сарын 4,500,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцжээ. Талууд гэрээг 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан бөгөөд хариуцагч түрээсийн зүйлийг 2020 оны 05 сарыг дуустал ашиглаж нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн талаар зохигч маргаагүй. /1хх 8-11/

 

4. Талууд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2021 оны 06 сарын 10-ны өдрийн 00018443 дугаартай Цахилгаан эрчим хүчний нөхөн тооцооны баримт актаар нэхэмжлэгчид ногдуулсан 9,899,271 төгрөгийн цахилгааны төлбөр нь талуудын байгуулсан түрээсийн гэрээний хугацаанд хариуцагчийн зөрчлөөс үүссэн эсэх, мөн хариуцагчаар нөхөн төлүүлэх эсэх асуудлаар маргажээ.

4.1. Нэхэмжлэгч Т- ХХК нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй 500113 дугаартай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ-тэй байх бөгөөд 2021 оны 06 сарын 07-ны өдөр тус төвөөс нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд орших газарт байх цахилгааны тэжээлийн DTSD111 маркийн тоолуурын хэвийн ажиллагааг шалгаж, шалгалтаар -72 хувийн дутуу тоололттой, тоолуурын гүйдлийн клеммийг 2 фаз /B, C/ хөндийрүүлсэн зөрчилд 9,899,271 төгрөгийн цахилгааны нөхөн төлбөрийн актыг 00018443 дугаартай Цахилгаан эрчим хүчний нөхөн тооцооны баримт-аар тогтоож, нэхэмжлэгч Т- ХХК-аар төлүүлэхээр шийдвэрлэжээ. /1хх 48, 170/

4.2. Нэхэмжлэгч нь хариуцагч 2018 оны 07 сараас 2020 оны 05 сарын хугацаанд нэхэмжлэгчийн эзэмшлийн газар, газар дээрх сэндвичин барилгыг түрээсээр ашиглах хугацаандаа цахилгааны төлбөрийг багаар төлөхийн тулд цахилгааны тоолуурын холболтыг салгаж, цахилгааны төлбөрийг багаар төлдөг байсан гэх агуулгаар О.Ариунболд, Ж.Амартүвшин нарыг гэрчээр асуулгасан нь хэргийн үйл баримтыг бодитой тогтоосон гэж үзэхгүй, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдоогүй байна. /1хх 143, 153-159/

4.3. Түүнчлэн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Цахилгаан эрчим хүчний нөхөн тооцооны баримт үйлдэхдээ цахилгааны төлбөрийг нөхөн тооцох хугацааг Т- ХХК-ийн тайлбарт үндэслэн хариуцагч Ч.Х-ын түрээсийн гэрээний хугацаагаар тогтоосон нь хариуцагч уг цахилгааны төлбөрийг нөхөн төлөх үүрэгтэй гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй. Хэргийн 48, 170 дахь талд авагдсан тус 00018443 дугаартай баримт, шалгалтын тайлангаар 2021 оны 06 сарын 07-ны өдрийн шалгалтаар зөрчил илрүүлсэн ба 2018 оны 07 сараас 2020 оны 05 сарын хугацаанд буюу хариуцагчид хамааралтай болохыг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.

4.4. Мөн Стандартчилал, хэмжил зүйн газрын 2019 оны 02 сарын 18-ны өдрийн 317488 тоот Цахилгааны тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээ-ээр хариуцагч ашиглаж байсан цахилгааны тоолуураа баталгаажуулж байсан нь дурдсан хугацаанд цахилгааны тоолуурын заалтыг өөрчилж цахилгааны үнийг багаар тооцон төлж байсан гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

4.5. Хариуцагч Ч.Х- нь түрээсийн гэрээний хугацаанд 19,153,537 төгрөгийн цахилгааны төлбөр төлсөн байх бөгөөд уг хугацаанд цахилгааны төлбөрөө дутуу төлсөн, цахилгааны тоолуурыг өөрчилсөн, тоолуурын заалтыг буруу тооцсон гэх үйл баримт тогтоогдоогүй. Гэрээний хугацаа дуусахад талууд тус цахилгааны тоолуурын заалттай холбоотой, цахилгааны тоолуурын холболт хөндөгдсөн эсэх талаар акт үйлдэж хүлээлцээгүй, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна.

4.6. Дээрх баримтуудаар Цахилгаан эрчим хүчний нөхөн тооцооны баримт-д дурдсан -72 хувийн дутуу тоололттой, тоолуурын гүйдлийн клеммийг 2 фаз /B, C/ хөндийрүүлсэн зөрчлийг хариуцагч Ч.Х- гаргасан гэж дүгнэх үндэслэл хөдөлбөргүй байдлаар тогтоогдоогүй ба хариуцагч цахилгааны тоолуурын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтыг бүх талаас нь харьцуулж үзэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

5. Иймээс хариуцагчаас цахилгааны нөхөн тооцооны төлбөр болох 9,899,271 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ, 288 дугаар зүйлийн 288.2.2-т хөлслүүлэгч нь хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж зааснаар хангах үндэслэлгүй байна.

 

6. Шүүх хэргийг 2022 оны 12 сарын 26-ны өдөр хянан шийдвэрлэжээ. Хариуцагч тал шийдвэрийг 2023 оны 03 сарын 20-ны өдөр гардан авч 31-ний өдөр давж заалдах гомдол гаргасан байх тул хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн, гомдол гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч Ч.Х-аас 9,899,271 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/00069 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Ч.Х-аас 9,899,271 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,539 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ