Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2023/00320

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 11 101/ШШ2023/00320

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ххххххххххххххххххххр, Д ХХК-ийн /РД: хххххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххх тоот хаягт оршин суух, Ч.Б-т /РД: ххххххххх/ холбогдох

3,334,613.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Гэрэлчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Ачитмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Гэрэлчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон 00457, Эрчим хүчний зохицуулах хорооны дулаанаар зохицуулалттай хангах 10/2020 тоот, дулаан түгээх 09/2020 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй орон сууцны барилга, байгууламжийн гадна, дотно инженерийн шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төв, түүний тоног төхөөрөмжийн ашиглалт, завсар үйлчилгээг хариуцаж ажиллан оршин суугч, хэрэглэгчдийг 24 цагийн турш ус, дулаанаар тасралтгүй ханган, бохир усыг татан зайлуулах үйлчилгээ хийдэг.

Харин оршин суугчид, хэрэглэгчид хэрэглэсэн ус, дулааны төлбөрөө дараа сарын 25-ны дотор банкаар дамжуулан төлснийг хураан авч төвлөрүүлэн харилцагч байгууллага болох Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК зэрэг байгууллагуудад шилжүүлдэг.

Манай компани ххххххххххххххххххххххххххххххххххххххх байруудын инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс Г ХХК-иас шилжүүлэн авч ажил үйлчилгээг үргэлжлүүлж байна.

Тухайн үед Г ХХК нь Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-д 112,740,602 төгрөгийн, Ус сувгийн удирдах газарт 24,672,199 төгрөгийн өр төлбөртэй, оршин суугч, хэрэглэгчидээс 30,066,260 төгрөгийн авлагатай байсан.

Манай компани уг өр төлбөрийг болон авлагыг инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хамт балансаас балансад шилжүүлэн хүлээн авсан.

2020 оны 01 сарын 01-ний өдрийн байрдлаар 29-р байрны 44 тоотын айл өрх нь 2018 оны 03 сараас 2019 оны 12 сар дуустал хугацааны ус, дулааны төлбөрт 1,864,084.61 төгрөгийн өглөгтэй байсан.

Манай компанийн харьяалалд ирснээс хойш 2020 оны 01 сараас 2022 оны 08 сар дуустал саруудад хэрэглэсэн ус, дулааны төлбөрт 1,470,529.31 төгрөгийн төлбөр үүссэн бөгөөд нийт 3,334,613.92 төгрөгийн өр төлбөртэй байна.

Иймд дээрх айл өрхийн ус, дулааны төлбөр нийт 3,334,613.92 төгрөгийг 44 тоотын оршин суугч Бээс гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Д ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гүйцэтгэх захирал Н.Гэрэлчимэгийн иргэний үнэмлэхний хуулбар,

дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, дулаан түгээх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарууд,

Д ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс Д ХХК-д олгосон 00457 дугаартай тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцаж буй орон сууцны барилга, байгууламжийн бүртгэл,

Баянзүрх дүүргийн 29-р байрны 44 тоот орон сууцны өр төлбөрийн жагсаалтууд, нэхэмжлэлийн бичвэрт хийсэн залруулга,

Ган манлай ХХК болон Д ХХК-ийн 2019 оны 12 сарын 31-ний өдөр байгуулсан 01 тоот хамтран ажиллах гэрээ, 2020 оны 01 сарын 01-ний өдрийн 01 дугаартай Ган манлай ХХК нь Д ХХК-д хөрөнгө шилжүүлсэн гэрээ, шилжүүлсэн хөрөнгийн жагсаалтууд, тооцооны үлдэгдлийн баталгаанууд зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Б нь 2022 оны 10 сарын 11, 2022 оны 12 сарын 15-ны өдрүүдэд нэхэмжлэлийн хувийг гардан авсан ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлтэй холбоотой хариу тайлбар ирүүлээгүй ба Д.Отгонбаярын Хаан банк дахь 000000000 тоот дансны 2022 оны 08 сарын 29, 2022 оны 09 сарын 21-ний өдрүүдийн хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Бт холбогдуулан ус, дулааны төлбөрт 3,334,613.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

/2018 оны 03-12 сар 761,675.09 төгрөг,

2019 оны 01-12 сар 1,102,409.52 төгрөг,

2020 оны 01-11 сар 819,078.61 төгрөг,

2022 оны 01-08 сар 651,450.70 төгрөг, нийт 3,334,613.92 төгрөг/

 

Ган манлай ХХК болон Д ХХК нар 2019 оны 12 сарын 31-ний өдөр 01 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулан Ган манлай ХХК нь УДДТ-ийн тоног төхөөрөмж, байруудын узел, шугам сүлжээ холбогдох эд анги тоног төхөөрөмжүүд болох үндсэн хөрөнгийг хавсралт жагсаалтын дагуу ашиглалт хариуцах Д ХХК-д хүлээлгэн өгөх, мөн айл өрхийн мэдээллийг өгөх, усны тоолуурын заалт, холбогдох өрх гэрийн карт зэргийг хүлээлгэн өгөхтэй холбоотой асуудлын талаар харилцан тохиролцсон байна.

 

Дээрх гэрээний талууд буюу хөрөнгө шилжүүлэгч Ган манлай ХХК, хөрөнгө шилжүүлэн авагч Д ХХК нар 2020 оны 01 сарын 01-ний өдөр 01 тоот хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулан Д ХХК нь дараах хөрөнгүүдийг жагсаалтын дагуу хүлээн авчээ. Үүнд:

-Баянгол дүүргийн 11-р хорооны 41-р байрны 36 айлын орон сууц, Чингэлтэй дүүргийн 6-р хорооны 66-р байрны 59 айлын, 67-р байрны 56 айлын, 68-р байрны 47 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн 5-р хорооны 80-р байрны 42 айлын, Баянзүрх дүүргийн 6-р хорооны М1 байрны 30 айлын, М2 байрны 27 айлын, 31-р байрны 20 айлын, 29-р байрны 48 айлын, 59-р байрны 59 айлын, 60-р байрны 52 айлын, Эко 66-р байрны 36 айлын, 42-р байрны 66 айлын орон сууцны байшингийн инженерийн шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төвийн халаалт, халуун усны ялтаст тоног төхөөрөмж, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэн авагчийн өмчлөлд шилжүүлэн авч, өөрийн балансад бүртгэхээр тохирч 58 нэр төрлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж, эд анги хүлээн авсан бөгөөд нийт 599,227,048 төгрөгийн үндсэн хөрөнгийг шилжүүлэн, баримтыг үйлдсэн байна.

/ХХ-ийн 36-45 дугаар тал/

 

Эрчим хүчний тухай хуудийн 16 дугаар зүйлд Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл, 16.1Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд тухайн тодорхой нутаг дэвсгэрт цахилгаан, дулаан түгээх үйл ажиллагаа явуулах эрх олгоно, 16.2Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн бүх хэрэглэгчийг түгээх сүлжээнд холбох үүрэгтэй,

17 дугаар зүйлд Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл, 17.1-т Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс цахилгаан, дулаан худалдан авах, цахилгаан импортлох, цахилгаан, дулааныг хэрэглэгчид худалдах эрхийг олгоно,

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах хорооноос олгосон тусгай  зөвшөөрөл  бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ,

12.2Энэ хуулийн 12.1-д заасан дараах үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгоно, 12.2.4-т Цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, 12.2.5-д Орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, 12.2.6-т Ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ, 12.2.7-д Бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, 12.2.8-д Бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ гэж тус тус заасан байна.

Д ХХК нь дээр дурдсан үйл ажиллагааг явуулах эрхтэй болох нь 10/2020, 09/2020, 00457 дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байх ба тусгай зөвшөөрөл эзэмшигч Д ХХК-ийн хариуцаж буй орон сууцны барилгад Баянзүрх дүүргийн 6-р хорооны 29-р байр багтаж байгаа болох нь дээрхи баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 7-11, 33-45 дугаар тал тал/

Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлд эрчим хүчний төлбөр хийх, торгууль ногдуулах талаар заасан ба 31.1-т Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хүчний хэрэглээний тооцоог эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үнийн дагуу тооцно,

31.3Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна,

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1Хэрэглэгчийн хэрэглэсэн цэвэр усны хэмжээг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан гэрээ, эрх бүхий байгууллагаар баталгаажсан усны тоолуурын заалтыг үндэслэн тооцно, 20.2Усны тоолуургүй хэрэглэгчийн хэрэглэсэн унд, ахуйн ус, хэрэглээнээс гарсан бохир усны хэмжээг байгаль орчин, хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэрэглээний жишиг, нормыг үндэслэн тодорхойлно гэж тус тус заажээ.

Д ХХК нь Г ХХК-иас хөрөнгө шилжүүлэн авах үед буюу 2020 оны 01 сарын 01-ний өдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, 29-р байрны 44 тоот орон сууцны айл өрхийн ус, дулааны төлбөр 2018 оны 03-12 сар 761,675.09 төгрөг, 2019 оны 01-12 сар 1,102,409.52 төгрөг, нийт 1,864,084.61 төгрөг байсан болох нь төлбөрийн тооцооны баримтаар тогтоогдож байна.

2018 оны 03-12 сарын төлбөр:

-Халаалтын төлбөр 190,824 төгрөг,

-Цэвэр усны төлбөр 97,200 төгрөг,

-Бохир усны төлбөр 70,200 төгрөг,

-Ус халаасан төлбөр 30,600 төгрөг,

-Дулааны суурь үнэ 45,000 төгрөг,

-Усны суурь үнэ 22,500 төгрөг,

-Бусад төлбөрт үйлчилгээ 169,404 төгрөг,

-Баримт 1,800 төгрөг,

-НӨАТ 64,903.90 төгрөг,

-Нийт төлбөр 692,431.90 төгрөг, алданги 69,243.19 төгрөг, БҮГД 761,675.09 төгрөг.

 

2019 оны 01-12 сарын төлбөр:

-Халаалтын төлбөр 302,474.97 төгрөг,

-Цэвэр усны төлбөр 141,312 төгрөг,

-Бохир усны төлбөр 102,528 төгрөг,

-Ус халаасан төлбөр 51,200 төгрөг,

-Дулааны суурь үнэ 63,000 төгрөг,

-Усны суурь үнэ 35,200 төгрөг,

-Бусад төлбөрт үйлчилгээ 214,706 төгрөг,

-Баримт 2,400 төгрөг,

-НӨАТ 89,369.50 төгрөг,

-Нийт төлбөр 1,002,190.47 төгрөг, алданги 100,219.05 төгрөг, БҮГД 1,102,409.52 төгрөг.

/ХХ-ийн 12 дугаар тал/

 

Тусгай зөвшөөрөл эзэмшигч Д ХХК нь үйл ажиллагаа явуулах болсноос хойш Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол, 29-р байрны 44 тоот орон сууцны айл өрхийн ус, дулааны төлбөр 2020 оны 01-12 сар 819,078.61 төгрөг, 2022 оны 01-08 сар дуустал 651,450.70 төгрөг байсан нь төлбөрийн тооцоо хийсэн баримтаар тогтоогдлоо.

 

2020 оны 01-12 сарын төлбөр:

-Халаалтын төлбөр 265,154.46 төгрөг,

-Цэвэр усны төлбөр 142,272 төгрөг,

-Бохир усны төлбөр 103,968 төгрөг,

-Ус халаасан төлбөр 52,538 төгрөг,

-Дулааны суурь үнэ 60,500 өгрөг,

-Усны суурь үнэ 33,000 төгрөг,

-Бусад төлбөрт үйлчилгээ 7,292 төгрөг,

-Баримт 2,300 төгрөг,

-НӨАТ 67,592.46 төгрөг,

-Нийт төлбөр 744,616.92 төгрөг, алданги 74,461.69 төгрөг, БҮГД 819,078.61 төгрөг.

 

2020 оны 01-08 сарын төлбөр:

-Халаалтын төлбөр 199,643.10 төгрөг,

-Цэвэр усны төлбөр 135,408 төгрөг,

-Бохир усны төлбөр 98,952 төгрөг,

-Ус халаасан төлбөр 35,385 төгрөг,

-Дулааны суурь үнэ 44,000 өгрөг,

-Усны суурь үнэ 21,000 төгрөг,

-Баримт 4,000 төгрөг,

-НӨАТ 53,839.81 төгрөг,

-Нийт төлбөр 592,227.91 төгрөг, алданги 59,222.791 төгрөг, БҮГД 651,450.70 төгрөг.

/ХХ-ийн 13 дугаар тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч Д ХХК нь үзүүлсэн үйлчилгээнийхээ төлбөрийг үйлчилгээ авсан орон сууцны айл өрхөөс буюу Бээс нэхэмжлэх эрхтэй байна.

Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасны дагуу үйлчилгээний төлбөрийг тогтоосон хугацаандаа төлөөгүй хариуцагч Б алданги төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Бийн гүйцэтгэх үүрэг:

2018 оны 03-12 сар 761,675.09 төгрөг,

2019 оны 01-12 сар 1,102,409.52 төгрөг,

2020 оны 01-11 сар 819,078.61 төгрөг,

2022 оны 01-08 сар 651,450.70 төгрөг, нийт 3,334,613.92 төгрөг.

 

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Бээс 3,334,613.92 төгрөг гаргуулан Д ХХК-д олгох үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Бийн мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан бөгөөд 2023 оны 01 сарын 11-ний өдрийн 09 цагт шүүх хуралдаан болохыг хуралдаан болохоос 26 хоногийн өмнө хариуцагч Бт мэдэгдсэн ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

/ХХ-ийн 57 дугаар зүйл/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч Бийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Бээс 3,334,613.92 төгрөг гаргуулан Д ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,304 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бээс 68,304 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН